Ч.Сосормаа
/Төрийн захиргааны удирдлагын магистр/
Шинэ толь №61, 2008
Түлхүүр үг: Төрийн бодлого, Засгийн газар, Олон нийтийн оролцоо, Эргэх холбоо, Мэдээллээр хангах, Иргэний хөдөлгөөнүүд
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Нэг. Оршил
Засгийн газрын байгууллагууд төрийн бодлогыг хэрэгжүүлж, үйлчилгээ үзүүлж байдгийн хувьд олон нийттэй хамгийн ойр ажилладаг институц юм.
УИХ-д өргөн баригдаж байгаа хуулийн төслийн 80 орчим хувь нь Засгийн газрын санаачлагаар өргөн баригддаг байна. Хууль батлан гарсантай холбогдуулан нийгэмд дагаж мөрдөх эрх зүйн акт, хөтөлбөрүүдийг Засгийн газрын дээд шатны байгууллагууд боловсруулж гаргадаг. Нийтээр даган мөрдөх дүрэм, журмууд нь нийгмийн харилцааг илүү нарийн зохицуулж өгдөг.
Эндээс үзэхэд Монголын Засгийн газар гүйцэтгэх засаглалын зэрэгцээ бодлого боловсруулах үйл ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэж байна. Засгийн газрын бодлого, шийдвэр олон нийтэд нээлттэй, тэдний оролцоотой боловсруулагдаж байж амьдралд бодитой хэрэгжиж чадна.
Гэвч олон нийтийн оролцоог хангах эрхзүйн орчин болон хэрэгжүүлэх механизм боловсронгуй бус байгаа нь бодлогын үр дүнд муугаар нөлөөлсөөр байна. Засгийн газар, яамдын эрх зүйн байдал, бодлого боловсруулах, шийдвэр гаргах бүтцийг үзэхэд иргэд, иргэний нийгмийн байгууллагатай зөвлөлдөх, оролцоог хангахад чиглэсэн ямар нэгэн зохицуулалт одоогоор алга байна[1].
Энэхүү судалгааны хүрээнд олон нийтийн оролцоог хангаж байгаа яамдын өнөөгийн арга хэлбэр, санал санаачлага, туршлагыг судлан гаргахыг зорилоо. Олон улсын туршлага, жишгийг ашиглахын зэрэгцээ өөрсдийн туршлага, давуу тал дээрээ тулгуурлан олон нийтийн оролцоог хангах бодлогын ба хэрэгжилтийн механизмыг хөгжүүлэх боломжийг эрэлхийлэв. Тиймээс судалгаанд оролцсон хүн бүрээс олон нийтийн оролцоог цаашид сайжруулах арга замыг асууж санал бодлыг нь сонсож байлаа. Мөн олон нийтийн оролцооны талаарх ойлголт, үзэл хандлагыг давхар тандан судлаж байв. Өөр нэг шинэлэг тал бол төрийн захиргааны шинэтгэл болон е-засаглалтай олон нийтийн оролцоо хэрхэн уялдаж байгааг олж харахыг оролдсон юм. Мэдээж, энгийн ярилцлагын аргаар уг асуудлыг бүрэн тодорхойлж чадахгүй ч цаашдын судалгаанд ашиглаж болох санаануудыг дэвшүүллээ.
Хоёр. Онолын үндэслэл
Төрийн бодлогын эцсийн үр дүн бол нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж бүх нийтийн амьдралыг сайжруулах явдал юм. Төрийн бодлогыг хэдхэн эрх мэдэлтний хүрээнд шийдвэрлэдэг. Үүнийг бодлогын монопольчлол гэж нэрлэдэг.[2] Бодлогын монопольчлолын үед олон нийтийн эрх ашгийг тэр бүр олж хардаггүй, тусгахгүй байх аюултай. Учир нь олон тохиолдолд улс төрчид асуудалд өөрийн хязгаарлагдмал мэдлэгийн хүрээнд хандаж шийдвэрлэдэг. Эсхүл цаг хугацаанд хавчигдаж, хүн хүчний нөөц дутсанаас дутуу судлан гоомой бодлого боловсруулдгийг олон судлаач дурджээ.[3]
Тиймээс бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явц дан ганц УИХ эсхүл Засгийн газрын ажил биш юм. Тиймээс бодлого боловсруулах үйл явцад эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл, хувийн хэвшил болон бусад ашиг сонирхол нь хөндөгдөж буй төлөөллийг өргөн оролцуулах шаардлага зүй ёсоор тулгарч байна.
Олон нийтийн оролцоог хангах нь дараах ач холбогдолтой.
- Бодлого боловсруулах үйл явцыг төрийн түшээдийн явцуу хүрээнээс тэлж ашиг сонирхол нь хөндөгдөж буй төлөөллийг өргөн оролцуулснаар нийгмийн хэрэгцээг тусгасан, үр дүн сайтай болно.
- Бодлого боловсруулах үйл явцад оролцож эхэлснээр иргэд нийгмийн асуудлыг шийдвэрлэх чадварт суралцаж улмаар хэрэгжүүлэхэд ухамсартай оролцож бусдадаа нөлөөлж чадна. Ингэснээр хуулийг хүлээн зөвшөөрөх орчин хурдан үүснэ.
- Төрийн байгууллага бодлого боловсруулахдаа олон нийтийг татан оролцуулснаар хязгаарлагдмал нөөцийг өргөтгөж, төрийн байгууллагыг цомхон, чадварлаг, авилгаас ангид, нээлттэй байлгах төрийн шинэтгэлийн утга агуулга хэрэгжинэ.
Олон нийтийн оролцоотой бодлого боловсруулах нь төрийн байгууллагын хувьд ч олон нийтийн хувьд ч шинэ зүйл юм. Аливаа шинэчлэлийг эхлэхэд үзэл баримтлалаа тодорхойлох нэн чухал байдаг. Үзэл баримтлал тодорхой байж юунд, ямар учраас зориод байгаагаа оролцогч талууд илүү ухамсарлана. Олон нийтийн оролцоог хангахдаа дараах үзэл баримтлалыг тусгахыг судлаачид санал болгожээ.[4] Үүнд:
- Тэгш эрхтэй түншлэл
Бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явц бол төр ба төрийн бус байгууллагын хамтын үйл ажиллагааны гол хэлбэр юм. Энэхүү хамтын үйл ажиллагаа нь тэгш эрхтэй түншлэлээр хөгжих ёстой. Тэгш эрхтэй байх гэдэг нь хэн нэг нь давуу эрхийг эдлэхгүй харилцан нэгнээсээ суралцах, нэгнээ сонсох, зөвшилцөх арга замуудыг агуулна гэсэн үг юм. Орчин үеийн түншлэл оролцогч талуудын хамтран ажиллах сүлжээгээр хэрэгжиж эхэллээ. Нийгмийн асуудлыг нэг болон нэг хэсэг байгууллага шийдвэрлэх боломжгүй тул нийгмийн өргөн төлөөллийг оролцуулах шаардлагатай болдог. Үүнд: төрийн байгууллага, эрдэмтэд, судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл, ашиг сонирхлын бүлэг, хувийн хэвшлийнхэн, үйлчлүүлэгчид оролцож байж асуудалд олон талаас хандаж чадна. Эдгээр төлөөллийг оролцуулснаар төрийн байгууллагын бодлого боловсруулах монополь эрх задарч харин олон ургалч санаа бодлыг уялдуулах, зохицуулах үүрэг гүйцэтгэдэг байна. Өөрөөр хэлбэл, хамтын үйл ажиллагааны менежментэд төр суралцаж эхэлдэг.
2.Хамтын хариуцлага, сэтгэл зүтгэл
Оролцооны үйл явц нь хамтын хариуцлагыг хөгжүүлдэг. Хууль боловсруулах бүхий л үе шатанд эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдүүдтэй зөвлөлдөж байхыг Засгийн газар хангах ёстой. Нөгөө талаар, олон нийт хариуцлагатай оролцож, хуулийн төсөл хэлэлцэх, батлагдах, хэрэгжих, үнэлэх үе шат бүхэнд идэвхтэй оролцох шаардлагатай. Оролцооны амжилт оролцогч талуудын сэтгэл зүтгэлээс хамаардаг. Нийгмээ өөрчлөхөд оруулж байгаа “миний” хувь нэмэр гэсэн сэтгэлээр хандаж хүн бүр санал санаачлагатай оролцож байж үр дүнд хүрнэ.
3.Цогц байх
Бодлого боловсруулах шийдвэр гаргахад олон нийтийн оролцоог засаглалын шат бүхэнд хангах нь нэн чухал. Баг сум, хороо дүүргээс эхлээд яам, УИХ-ын түвшинд олон нийтийн оролцоо ба хяналтын механизмыг дэс дараатай сайжруулж байж үр дүн гарна.
4.Эргэх холбоотой байх
Бодлого боловсруулах үе шатыг дараах хэсгүүдэд хуваан үздэг. Үүнд:
- Бодлогын санаа төрөх
- Бодлого төлөвлөх
- Бодлого боловсруулах
- Хэрэгжүүлэх
- Үнэлгээ хийх,хянах
Дээрх үе шат бүхэнд олон нийтийн оролцоог хангаж байж бодлого чанартай болно. Түүнчлэн олон нийт бодлого боловсруулах үйл явцад оролцож байж ухамсартай хэрэгжүүлж чадна. Хэрэгжүүлэхэд оролцож байж хянаж сурдаг. Ингэснээр бодлогыг сайжруулах бүтээлч санаа дэвшүүлж чаддаг. Иймээс бодлого боловсруулах үйл явц эргэх холбоонд хөгжиж байдаг тул аль нэг шатыг алгасвал оролцооны ач холбогдол алдагддаг.
5.Үзэл хандлагыг өөрчлөлт
Аливаа шинэтгэл хэрэгжүүлэгчдийн дэмжлэгийг авахгүйгээр амжилтад хүрэхгүй. Шинэтгэлийг хүн бүхэн эерэгээр хүлээж авдаггүй. Үүний шалтгаан нь хэвшсэн арга барил, дассан орчныг өөрчилдөг учраас бүгд дуртай байдаггүй. Тиймээс аливаа шинэтгэлийг эхлэхдээ төрийн албан хаагчдын сэтгэлзүйн бэлтгэлийг хангах, арга зүйн туслалцаа үзүүлэх явдал юунаас ч илүү чухал билээ.
Олон нийтийн оролцоо бол олон нийтийн шахалтаар бус харин төрийн өөрийнх нь шинэтгэлийн цөм бодлого гэдгийг ойлгуулж, дэмжих уур амьсгалыг төрийн албан хаагчдын дунд бүрдүүлэхээс ажлаа эхлэх нь үр дүнтэй.
6.Манлайлал
Шинэтгэлийг хэрэгжүүлэхэд манлайлагчийн үүрэг асар их. Аливаа шинэ зүйл алдаа онооны дунд хөгждөг тул ажилтан нараа зоригжуулж, итгэн үнэмшүүлэхэд яамны сайд, ТНБ дарга ба газрын дарга нарын үүрэг чухал байх ёстой. Яамдын удирдлагын үүрэг зөвхөн өөрийн ажилтан нараа төдийгүй олон нийтийг бодлого боловсруулахад оролцох чадвартай болгох хамтын арга замыг эрэлхийлэх явдал юм.
7. Э-засаглалтай холбон хөгжүүлэх
Цахим засаглал нь интернетээр дамжуулж төрийн үйлчилгээг хамгийн хөнгөн шуурхай болгох явдал билээ. Үйлчлүүлэгч мэдээлэл авахын төлөө байгууллагаас байгууллага, өрөөнөөс өрөө дамжин даргын зөвшөөрөл хүлээн өдөр өнжих бус харин шаардлагатай бүхий л үйлчилгээг гэрээсээ интернетээр хүртэх боломжийг бий болгодогт ач холбогдол нь оршино. Цахим засаглал хөгжиж эхэлснээр төрийн үйл ажиллагаа ард олонд улам бүр нээлттэй болж тэдний оролцоог олон талаар хангаж чадна.
8.Оролцоо төрийн шинэтгэлийн суурь асуудал болох нь
Төрийн бодлого боловсруулах ба шийдвэр гаргахад олон нийтийн оролцоог хангаснаар төр нээлттэй, авлигаас ангид, цомхон чадварлаг болох юм.
Гурав. Оролцоог дэмжих бодлогын орчинд дүн шинжилгээ хийх нь
Оролцооны эрх зүйн орчин
Хуулийн төсөл боловсруулахад олон нийтийн оролцоог зохицуулах заалтууд дараахь хуулиудад тусгагджээ. Үүнд:
- Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль.
- Монгол Улсын Их Хурлын тухай хууль 2006 он (шинэчлэн найруулсан
- Төрийн бус байгууллагын тухай хууль 1997 он
- Авилгалын эсрэг хууль 2006 он
Гэвч эдгээр хуулиудад хуулийн төсөлд ТББ-ын төлөөллийг оролцуулж болно, шаардлагатай гэж үзвэл саналыг тусгана, олон нийтийн зүгээс саналаа илэрхийлэх бололцоо нөхцөлөөр хангана гэх зэрэг олон нийтийн оролцоог зохицуулсан ерөнхийлсөн заалтууд байгаа ба хэрвээ оролцуулаагүй тохиолдолд хүлээлгэх ямар ч хариуцлага байхгүй байгаа юм. Түүнчлэн ямар арга замаар оролцуулах талаар тодорхойгүй байна.[5]
УИХ-д өргөн баригдаж байгаа хуулийн төсөлд олон нийтийн саналыг тусгах, хэлэлцүүлэх чиглэлээр бодлогын өөрчлөлтүүд хийгдэж эхэлж байна. Тухайлбал, “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-д өөрчлөлт оруулж олон нийтийн хэлэлцүүлэг, нээлттэй сонсгол, зөвлөлдөх механизмыг суулган өгч байна. Түүнчлэн УИХ-ын хэсэг гишүүдийн санаачилсан “Мэдээллийн эрх чөлөөний хууль”-ийн төсөл олон нийтээр хэлэлцэгдэж байна.
Сайн засаглал хөтөлбөр
Монгол улсын засгийн газраас 2001 онд батлан гаргасан Сайн засаглал хөтөлбөрийн Зохистой засаглал бүрэлдэхүүн хэсэгт “төрийн байгууллагын олон нийттэй харилцах харилцааны менежмент, ил тод нээлттэй байдлыг сайжруулан ТББ-тай түншлэлийн сайн харилцаа тогтооход бүх талын дэмжлэг үзүүлнэ” гэсэн бодлогын зорилт байгаа ч хэрэгжилтийн талаар мэдээлэл, үнэлгээ алга байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
Засгийн газрын түвшинд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх асуудал Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нэн тэргүүний зорилт болон тусгагдсан нь нэн сайшаалтай.[6] Үүнд: Иргэдээ үйлчлэх төрийн байгууллага, албан хаагчдын хариуцлага, чадавхыг дээшлүүлж шийдвэр гаргах бүх түвшинд иргэд,
олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, ил тод байдлыг хэвшүүлэн төрийн үйлчилгээг чанарын шинэ шатанд гаргах тухай заажээ.
Дүгнэлт
Шийдвэр гаргах үйл явцад иргэний нийгмийн оролцоо, төр иргэний нийгмийн түншлэлийн асуудлыг тэр тунхаглал, бодлогын зорилтын түвшинд хүлээн зөвшөөрч цөөнгүй хөтөлбөр, төлөвлөгөөнд зүйлчлэн тусгажээ. Асуудлын гол нь түүний хэрэгжилт болоод байна.[7]
Тухайлбал, Засгийн газрын мөрийн хөтөлбөр яамдуудын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болж бодлого болон стратеги төлөвлөгөөнд тусгагдсан эсэх талаар мэдээлэл байхгүй байна. Энэхүү судалгаанд хамрагдсан гурван яамны хүрээнд энэхүү зорилт эрхэм зорилго болон стратеги төлөвлөгөөнд нь тусгагдаагүй байна.
Бодлого боловсруулах ба шийдвэр гаргахад олон нийтийг оролцуулах талаар яамны зорилгод тусгагдаагүй, зохицуулах журам байхгүй, стратеги төлөвлөгөөнд ороогүй[8] талаар яамдын түшмэд ч хүлээн зөвшөөрч байна.
Ийм тохиолдолд Засгийн газрын зорилт, хөтөлбөрүүдийн биелэлт тунхаглал шинжтэй үлдэж байна.
УИХ-ын түвшинд хуулийн төсөл боловсруулахад олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн хуулийн төслүүд боловсруулагдаж байна. Уг төслүүдэд олон нийтийн нээлттэй сонсгол зэрэг оролцооны шинэ механизмууд тусгагдаад байна.
Харин Засгийн газар, яамдын түвшинд энэ чиглэлийн шинэтгэл хийгдэж эхлээгүй байна. Аливаа бодлого боловсруулах үйл явц нэгдмэл цогц байж нийгэмд үр дүнгээ өгөх тул Засгийн газрын түвшинд олон нийтийн оролцоог хангах эрхзүйн орчин ба хэрэгжих механизмыг зэрэгцэн бүрдүүлэхгүйгээр оролцооны шинэтгэлийн ач холбогдол буурах магадлалтай.
Дөрөв. Оролцооны хэлбэр ба механизмуудад дүн шинжилгээ хийх нь
Европын холбооноос олон нийтийн оролцоог дараах үндсэн гурван хэлбэрт хуваан үзжээ.[9] Үүнд:
- Мэдээллээр хангах
- Олон нийттэй зөвлөлдөх
- Идэвхтэй оролцох
Эдгээр хэлбэрүүд манай яамдын түвшинд хэрхэн хэрэглэгдэж байгаад дүн шинжилгээ хийе.
1.Мэдээллээр хангах
Олон нийт мэдээлэлтэй байх нь оролцооны эхний үе шат юм. Өөрөөр хэлбэл, оролцоог хангах суурь болдог. Яамд өөрсдийн үйл ажиллагаатай танилцуулах, хуулийн төслүүд болон тодорхой сэдвээр хэлэлцүүлэг хийх зорилгоор олон нийтэд мэдээлэл өгөх нь түгээмэл байна. Уламжлалт хэлбэр болох мэдээллийн самбараас гадна яамны болон холбогдох веб сайтад мэдээллийг байрлуулдаг байна.
Олон нийтийг мэдээллээр хангаж буй үйл ажиллагааг дараах үндсэн зарчмуудын дагуу авч үзье. Үүнд:
- Бүх хүнд хүртээмжтэй байх
- Цаг хугацаандаа очих
- Ойлгоход хялбар ба хэрэгцээтэй байх
Мэдээлэл хүртээмжтэй байх гэдэг нь олон нийт яамдын үйл ажиллагаа, бодлого болон шийдвэрийн талаар мэдээлэл авах боломжоор хангагдсан байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, дурын иргэн орон зай, нийгэмд эзлэх байр сууриас үл хамаарч хүссэн мэдээллээр хангагдах эрхтэй байхыг хэлнэ. Яамдад мэдээлэл дамжуулах үндсэн хэлбэр веб сайт болж байна. Веб сайт нь мэдээллийг орон зай, цаг хугацаанаас үл хамаарч түргэн шуурхай авах суваг боловч интернет ашигладаггүй иргэдэд ялангуяа зах хорооллын ба хөдөөний ард иргэдэд хүртээмж муутай байсаар байна. Тиймээс иргэн бүрт мэдээллийг хүргэх бүхий л боломжийг эрэлхийлэх шаардлагатай болно. Үүнд: Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, анхан шатны байгууллагын үүрэг чухал юм. Ялангуяа, иргэдийн олноор үйлчлүүлдэг төр ба засаг захиргааны анхан шатны байгууллагуудаар дамжуулан хүргэх нь ач холбогдолтой. Яамд харьяа ба анхан шатны байгууллагуудад мэдээллийг олон нийтэд хүргэхийг үүрэг болгодог ч хэрхэн хүргэж байгааг хянах механизм байхгүй тул үр дүнд үнэлгээ өгч чадахгүй байна.
Мэдээллийг хүртээх илүү сайн арга бол мэдээллийг хаанаас авч болох тухай сурталчлах явдал юм.
Яамдын веб хуудсанд нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам бүрэн нийтлэгдэхгүй, яамдын зорилго, стратеги төлөвлөгөө тэр бүр тавигдахгүй байна. Яамдын мэргэжилтнээс сайдын зөвлөлийн ажиллах журмыг хүсэхэд “даргын зөвшөөрөлгүй бол өгөхгүй” гэсэн хариу авах тохиолдол ч гарлаа. Эндээс яамдын үйл ажиллагааны талаарх мэдээлэл иргэн бүрт хүртээмжтэй биш төдийгүй зарим талаар хаалттай хэвээр байна гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна. Мэдээлэл авахын тулд даргаас зөвшөөрөл гуйдаг, танил талаараа дамжуулдаг, нэг түшмэлээс нөгөө түшмэл рүүдамжин эрж хайх хүндрэл ард иргэдийн дунд гарсаар байна.
Мэдээллийн өөр нэг чухал тал бол цаг хугацаандаа хүрч хүндээ очих явдал юм. Тиймээс мэдээллээ хурдан шуурхай түгээж байх асуудал нэн чухал. Энэ талаар БСШУЯ-ны журамд “Хууль болон Засгийн газраас баталсан дүрэм, журмыг батлагдсанаас хойш ажлын 10 хоногт, сайдын тушаалаар батлагдсан дүрэм, журмыг ХЗДХЯ-аар хянуулж, бүртгэсэн тухай албан хариу ирсэн өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор веб сайтад байрлуулна” гэж цаг хугацааг шуурхай заасан нь үлгэр авахуйц болжээ.[10]
Харин ХЗДХЯ- ны нийтээр дагаж мөрдөх актууд Веб сайтад огт тавигдаагүй байх юм. Тэднийд веб сайт ажиллуулах журамтай ч мэдээллийг хүргэх хугацааг онцлоогүйгээс иргэдэд даруй хүргэх хариуцлагыг хэн ч хүлээгээгүй аж. НХХЯ-ны хувьд сайдын тушаал, шийдвэрүүд (ганцыг эс тооцвол) огт нийтлэгдээгүй байна.
Мэдээлэл ойлгоход хялбар байх гэсэн зарчим нь өгч байгаа мэдээллээ олон нийтэд зориулж хялбаршуулах, нэмэлт тайлбар хийх замаар хүргэхийг хэлнэ. Ялангуяа, хуулийн төслийг веб сайтад байрлуулахад энэ зарчмыг нэн тэргүүнд анхааран үзэх шаардлагатай байна. Учир нь, хуулийн төслийг жирийн иргэн байтугай хуульчид хүртэл ойлгоход түвэгтэй байдаг. Тиймээс олон нийтэд хамааралтай асуудлуудыг тайлбартай хүргэх шаардлага харагдаж байна. Үүнд: Хэвлэл мэдээллээр сурталчлах, телевизийн нэвтрүүлэг бэлтгэх, жүжигчилсэн тоглолт явуулах зэрэг үйл ажиллагаанууд хамаарна.
Өөр н бол мэдээллийн нууцлалтын тухай юм. Хэдийгээр төрийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг нууцлах ёсгүй ч яамдын түвшинд зарим хуулийн төслийг олон нийтээс нууцлан УИХ-д өргөн барьдаг тохиолдлууд гарчээ. Тухайлбал, ХЗДХЯ-аас боловсруулсан Татварын тухай хуулийн төсөл улс төрийн нууц учраас олон нийтэд нээлттэй байж болохгүй. Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдод төлбөрийг эргэн төлөгдөх болзолтой нөхөн олгох тухай хуулийн төсөл олон нийтэд сөрөг сэтгэгдэл төрүүлэх аюултай гэдгээр шалтгаалан олон нийтийн хэлэлцүүлэгт оруулалгүй УИХ-д өргөн барьжээ[11]. Эндээс ямар асуудлыг яагаад нууц гэж үзэх талаар яамны журамд тодорхой заах шаардлагатай нь харагдаж байна. Харамсалтай нь яамны нууцын тухай журам нь олон нийтэд мөн нууц байдаг ажээ.
Олон нийтэд мэдээллийг хүргэхэд иргэний нийгмийн байгууллагын хүчийг ашиглах шаардлага харагдаж байна. Зарим яаманд хууль сурталчлуулах, олон нийтээс санал авах үйл ажиллагааг ТББ-уудаар гүйцэтгүүлсэн жишээ байгаа боловч энэ нь тогтвортой механизм болоогүй зөвхөн гадны байгууллагын төслийн хүрээнд хэрэгжээд өнгөрдөг аж.
Яамд стратеги төлөвлөгөө, ажлын гүйцэтгэлийн болон санхүүгийн тайлангаа хялбаршуулан товчилж, хэрэгцээтэй хэсгүүдийг олон нийтэд мэдээлж хэвшмээр байна.
- Олон нийттэй зөвлөлдөх
Олон нийтээс санал авах болон санал асуулга явуулах, хэлэлцүүлэг өрнүүлэх, зөвлөлдөх (сайдын зөвлөл) үйл ажиллагааг энэ хэсэгт хамааруулан үзэж байна.
Санал авах болон санал асуулга явуулах
Мөн иргэд өөрсдөө санаачилж санал ирүүлэх нь олонтой аж. Тухайлбал, өнгөрсөн онд ХЗДХЯ-нд иргэдээс Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Нийгмийн халамжийн тухай, Хуульчдыг сонгон шалгаруулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах талаар 10 гаруй өргөдөл ирсэн. Эдгээр саналууд Төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу 20 хоногийн дотор хариу өгөх журамтай байдаг.[12] Зарим яаманд веб сайтаар дамжуулан тулгамдаж байгаа асуудлаар санал асуулга явуулах туршлага бий болж байна. Тухайлбал, ХЗДХЯ-ны веб сайтад “Хоёрдмол иргэншлийн хууль”-тай байхыг дэмжиж байгаа эсэх талаар иргэдээс санап асуулга явуулж байгаа нь нийгмийн тодорхой асуудлыг зохицуулах шаардлага байгаа эсэхээр иргэдээс санал авч байгаа нэгэн жишээ юм.
Хэлэлцүүлэг өрнүүлэх
Засгийн газрын санаачилсан хуулийн төслүүд болон олон нийтийг хамарсан сэдвүүдээр хэлэлцүүлэг явуулж байгаа туршлага цөөнгүй байна. Хэлэлцүүлгийг үндсэн дөрвөн хэлбэрээр зохион байгуулж байна.
1.Веб сайтаар дамжуулан хэлэлцүүлэг өрнүүлэх. Яамд веб сайтдаа хэлэлцүүлэг гэсэн линкийн дор хуулийн төслөө байрлуулж саналаа өгөхийг хүсдэг. Гэвч аль ч яаманд веб хэлэлцүүлэг төдийлөн үр дүнтэй биш байгаа талаар яамдын түшмэд дурдаж байна.
2.Харьяа байгууллага ба ТББ-ын дунд хэлэлцүүлэг зохион байгуулах. Хуулийн төсөлд олон нийтийн саналыг тусгахын тулд холбогдох төрийн бус байгууллага, олон нийтийн төлөөллийг оролцуулж уулзалт зохион байгуулдаг. Тухайлбал, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг соёлын байгууллагын удирдах ажилтнууд, соёлын байгууллагын ажилтан, орон нутгийн төлөөлөл, ТББ-д гэсэн гурван үе шатаар хэлэлцүүлсэн жишээ байна.
3.Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хэлэлцүүлэг өрнүүлэх. Хэвлэл мэдээллээр дамжуулан хэлэлцүүлэг өрнүүлэх нь олон нийтийг хамарч чаддагаараа давуу талтай.
4.Аян зохион байгуулах. Тухайлбал, БСШУЯ-аас Боловсролын мастер төлөвлөгөөг боловсруулахад орон даяар “Боловсрол аян” өрнүүлж ард иргэдээр хэлэлцүүлсэн жишээ байна.
5.Теле дэлгэцээр хэлэлцүүлэг явуулах. БСШУЯ-нд Боловсрол соёл мэдээллийн төвийн теле дэлгэцийн тусламжтай орон даяар зэрэг холбогдон тодорхой сэдвээр хэлэлцэж санал солилцдог. Тухайлбал, 11 жилийн боловсролын тогтолцоонд шилжих, үдийн цай хөтөлбөр, дүрэмт хувцасны талаар олон нийтийн хэлэлцүүлэг зохиожээ.
Олон нийтээс санал авах, хэлэлцүүлэг өрнүүлэхэд дараахь дутагдал нийтлэг байна.
- Ямар асуудлаар санал авах шаардлагатай байгаагаа тодорхой бичих. Ихэнх яам хуулийн төслөө тавиад саналаа өгнө үү гээд орхидог. Дээр өгүүлснээр хуулийн төслөө тайлбарлан таниулахын зэрэгцээ ямар асуудал дээр олон нийтийн саналыг авахыг хүсэж байгаагаа ялган салгаж бичвэл хүмүүст илүү ойлгомжтой байх болно.
- Нэмэлт мэдээллээр хангах. Засгийн газар хуулийн төсөлтэй холбоотой судалгаа, нэмэлт мэдээлэл тайлбар гээд олон асуудлаар УИХ-ын гишүүдийг хангадаг шиг олон нийтийг хангаж хэвшмээр байна.
- Эргэх холбоо. Санал авснаа хуулийн төсөлд тусгасан эсэх, тусгаагүй бол ямар шалтгаанаар цааргалсан тухай тайлбартайгаар эргэн мэдэгдэж байх шаардлагатай ба эргэн мэдэгдэх цаг хугацаа ч тодорхой байх хэрэгтэй байна. Олон нийтээс ирүүлж байгаа саналд уг хуулийн ажлын хэсэг байгуулагдсан бол ажлын хэсэг саналыг хэлэлцэн шийдвэрлэх ба бусад тохиолдолд цаашид анхаарч үзнэ гэсэн хариу өгдөг аж.[13] Гэвч цаашид анхаарч үзэн бодлого болгож хөгжүүлсэн эсхүл орхигдуулсан талаар тоо баримт, судалгаа байхгүй байна.
Веб сайтаар санал авах, хэлэлцүүлэг явуулах ажил аль ч яам төдийлөн сайн ажиллахгүй байгааг түшмэд хэлсээр байна. Олон нийтээс чанартай болон хангалттай санал ирэхгүй байгаа шалтгааныг яамдын веб хуудсанд хуулийн төслийг нийтлээд орхидогтой холбон үзэж байна. Эрдэмтэд, судлаачдын санал, шүүмжийг зэрэгцүүлэн тавих, эсрэг тэсрэг байр суурийг илэрхийлсэн судалгааны материалууд ба гадаад орны туршлагатай харьцуулах зэргээр олон нийтэд зориулж нэмэлт мэдээлэл өгч хялбаршуулах, харьцуулах боломж олгох шаардлагатай байна. Түүнчлэн уг хуулийн үзэл санаа, хууль гарснаар нийгэмд гарах эерэг болон сөрөг өөрчлөлтийг дурдаж ямар асуудлаар санал авах шаардлагатай байгаагаа тодорхой бичих нь олон нийтэд илүү тустай байх болно.
Мөн оролцогчид болон хөндлөнгийн шинжээч нараас оролцооны үйл явц сайн болсон эсэх талаар үнэлгээ авдаг бусад улсын туршлагыг ашиглууштай.
Сайдын зөвлөл
Сайдын зөвлөл нь яамны зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр сайдад мэргэжлийн зөвлөгөө өгөх зорилготой бүтэц юм.[14]
Ихэнхи яаманд сайдын зөвлөлийг яамдын ТНБ дарга, сайдын зөвлөх, газрын дарга нар бүрдүүлдэг боловч сүүлийн жилүүдэд иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл орж ажиллах болжээ. Ингэснээр сайдын зөвлөл нь яамны түвшинд бодлого боловсруулах, шийдвэр гаргахад олон нийтийн дуу хоолойг сонсох нэгэн суваг болж эхэлж байна.
Тухайлбал, БСШУЯ-ны сайдын зөвлөлийн 14 гишүүний 5 нь төрийн бус байгууллагын төлөөлөл орсон байна. Сайдын зөвлөл цаашид иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн дуу хоолойг бодлого боловсруулах ба шийдвэр гаргах үйл явцад сайдаар дамжуулан сонсож, тусгаж байх нэгэн гол суваг болох боломжтой юм.
Гэвч сайдын зөвлөлийг олон талаар сайжруулах шаардлага ажиглагдаж байна. Сайдын зөвлөлийн олон нийтийн төлөөллийг сонгохдоо тухайн яамны хэдхэн түшмэдийн үзэмжээр бус харин иргэний нийгмийн байгууллагуудаас санал болгосон төлөөллийг зөвшилцлөөр оруулах механизмыг тусгах хэрэгтэй болов уу. Ингэсэн тохиолдолд тус гишүүн иргэний нийгмийн төлөөлөл болж тэдний үзэл бодлыг тусгаж ажиллаж байх болно. Нөгөө талаар, эргээд иргэний нийгмийн байгууллагын өмнө хариуцлага хүлээж эхлэх юм.
Сайдын зөвлөлд цаашид иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн эзлэх хувийг журамлаж болох юм. Одоогийн байдлаар төлөөллийн байгууллага болон тоог сайд өөрөө шийддэг байна. Ийм тохиолдолд ХЗДХЯ шиг сайдын зөвлөлийн 9 гишүүний зөвхөн нэг нь ТББ-ын төлөөлөл байх жишээтэй. Мөн НХХЯ-нд ТББ-ын төлөөлөл хоёр байснаас одоогоор нэг болоод байгаа юм байна.
Сайдын зөвлөлийн гишүүдэд хэлэлцэхээр тараагдаж байгаа асуудлуудын хугацаа тун давчуу хоёр өдөр байдаг зэрэг нь асуудлыг судлах болон бусад ТББ, олон нийтийн төлөөллөөс санал авах боломжгүй болгодог.
Мөн сайдын зөвлөлийн журмыг гишүүдээр хэлэлцүүлж тэдний саналыг тусгасны дараа сайд баталж байх нь илүү үр дүнтэй болов уу. Одоогийн байдлаар сайд өөрөө журмаа баталсны дараа гишүүдээ сонгодог. Мөн жендерийн төлөөллийг аль болохуйц тэгш байлгах талаар ч гэсэн бодолцох хэрэгтэй байна.
- Идэвхтэй оролцоо
Яамдын түвшинд хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачдыг оролцуулах жишиг тогтож эхэлж байна. Энэ бол олон нийтийн оролцооны хамгийн идэвхтэй хэлбэр юм. Тухайлбал, ХЗДХЯ-нд хуулийн төсөл боловсруулах 20 ажлын хэсгийг судлан үзэхэд 10-т нь ТББ-ын төлөөлөл оролцсон байна.[15] Ажпын хэсэгт олон нийтийн төлөөлөл оруулах талаар яамд нэлээдгүй туршлага хуримтлуулж үр дүнг нь мэдэрч эхэлжээ. Тухайлбал, БСШУЯ-д Соёлын тухай хуулийн төсөл, ХЗДХЯ-нд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл, НХХЯ-нд Нийгмийн даатгалын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгүүдэд ТББ-ын төлөөлөл идэвхитэй оролцож амжилттай боловсруулсан сайхан жишээ байна. Олон нийтийн оролцоонд суурилан боловсруулагдаж байгаа хуулийн төслүүд ихэвчлэн гадны санхүүжүүлэгч нарын тусламжтай төслөөр хэрэгждэг аж.
Хуулийн төсөл боловсруулахад иргэний нийгмийн төлөөллийг оролцуулах явдал нэмэгдэж байгаа боловч хэнийг хэрхэн сонгон оролцуулах механизм тодорхойгүй байна, Тиймээс яамдын хэдхэн түшмэдийн шийдвэрээр уг асуудалд холбоотой гэж үзсэн ТББ-ыг хамтран ажиллаж байсан туршлага зэргээсээ харгалзан оруулдаг.
Нөгөө талаар, иргэд идэвхтэй тэмцлээрээ асуудлаа шийдвэрлэхэд оролцох боломжийг олж авсан жишээ байна. Тухайлбал, 2006 оноос хэрэгжиж эхэлсэн Нийгмийн халамжийн багц хууль нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч суулт зарласнаар нь НХХЯ-нд маш том сургамж болж цаашдын хуулийн төсөлд тэдний төлөөллийг өргөнөөр оролцуулах болсон аж.[16]
Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн үүргийг сайжруулахын тулд ажлын хэсгийн төлөвлөгөө, үйл явц, тайланг олон нийтэд давхар мэдээлж байвал үр дүнтэй болов уу. Хуулийн төслийг боловсруулах ажлыг “оролцооны төлөвлөгөө” батлан хэрэгжүүлэхээс эхэлдэг тухай бусад улс орны жишээ байна.[17] Тухайлбал, хуулийн төсөл боловсруулагдах үйл явцын дэс дараалал, цаг хугацаа, ажлын хэсгийн бүрэлдэхүүн зэргийг олон нийтэд нээлттэй болговол дурын иргэн хэзээ, хэнд хандаж саналаа өгөхөө ч мэдэж болох юм. Түүнчлэн ажлын хэсгийнхэн төслийн хэлэлцүүлгийн явцад хэдэн байгууллага, хүмүүс оролцож зөвлөлдсөн, ямар саналууд гарсан зэргийг мэдээлж байвал олон нийтэд илүү тустай байх болно.
Тав. Цахим засаглал ба менежмент
Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт буй хууль тогтоомж болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон бусад актын төслийг боловсруулах явцад цахим хэлбэрээр иргэд, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдээс санал авах талаар журам боловсруулна гэсэн зорилт байгаа юм.[18]
Яамдын үйл ажиллагаанд мэдээлэл технологийн шинэчлэл нэвтэрч байгаа нь бодлого боловсруулахад олон нийтийг оролцуулах, иргэдийн санал гомдлыг шийдвэрлэхэд түлхэц болж байгаа нь ажиглагдаж байна. Хамгийн тод жишээ бол “Бодлого боловсруулах шийдвэр гаргахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх” журам гаргасан БСШУЯ тэднийд ганцхан байдаг теледэлгэцийн холбоог ашиглах болсноор харьяа байгууллага ба олон нийтийг хэлэлцүүлэгт оролцуулах боломж нээгдсэн юм. Өөрөөр хэлбэл, уг журам теледэлгэцийг ашиглах болсонтой холбогдуулан гарсан аж.[19]
Яам бүхэн өөрийн веб сайттай болж түүнд мэдээлэл тавих, асуулт хариулт, хэлэлцүүлэг гэсэн линкүүд суулгагдснаар тэднийг энэ холбоосуудаа ашиглан ажиллуулахад өөрийн эрхгүй шаардаж байгаа юм.
Э-засаглалын функцэд гурван үндсэн үйлчилгээ байдаг.[20]
1-рт Мэдээллийн үйлчилгээ
Веб сайтад иргэд, бизнесмен, жуулчид, төрийн бусад байгууллага гээд бүхий л хэрэглэгчдэд зориулж мэдээллийн санг үүсгэсэн байна.
2-рт Харилцааны хэсэг
Харилцааны үйлчилгээнд е-майл болон чат өрөөг ашиглан иргэдийн санал хүсэлтийг авах, асуултад хариулах, хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг үйл ажиллагаа явагддаг.
3-рт Гүйлгээ хийх үйлчилгээ
Төрийн үйлчилгээнд хамрагдах бөгөөд төлбөрт үйлчилгээ явуулах зориулалттай. Тухайлбал, онлайнаар татвараа төлөх юм.
Дээрх хэлбэрээс харахад яамд мэдээллийн үйлчилгээг хамгийн өргөн хэрэглэх боломжтой. Хэлэлцэгдэж байгаа болон батлагдсан хуулийн төсөл ба олон нийтээр дагаж мөрдөх эрхзүйн актуудыг вебсайтад нийтэлж байна. Үүний хамгийн тод жишээ бол ХЗДХЯ хариуцдаг “Легалинфо” веб сайт юм.
Э-засаглалын харилцааны хэсэг эхлэл төдий явагдаж байна. Харилцааны хэсэгт олон нийтийн оролцооны хамгийн чухал хэсэг болсон асуулт, хариулт, хуулийн хэлэлцүүлэг, санал өгөх үйл ажиллагаа орно. Иргэдийн асуултад яамд алдаг оног хариулж байна. Зарим саруудад огт хариулахгүй байна.
Хэлэлцүүлгийн линк бараг ажилладаггүй гэж хэлэхээр байна. Яамдын веб сайтыг нээн үзэхэд олон нийтээс ирсэн санал ховор, хэлэлцсэн асуудлын жишээ алга. Иймээс цаашид онлайн хэлэлцүүлгийг идэвхжүүлэх арга замын талаар судлах, сургалтууд явуулах шаардлагатай байна.
Гүйлгээ хийх үйлчилгээ эдгээр яамдын алинд ч эхлээгүй байна. Э-засаглал төрийн байгууллагын өдөр тутмын хэрэглээнд орж эхэлсэн нь түүнийг үр дүнтэй ажиллуулах шинэ менежментийг шаардаж эхэлжээ.
Яамдад веб сайтыг ажиллуулах журам гарсан боловч олон талаар учир дутагдалтай байна. Яамны өмнө тулгарч байгаа эхний хүндрэл веб сайтыг хэн хариуцан ажиллуулах вэ? гэсэн асуулт юм. Ихэнх яаманд мэдээлэл зүйч хариуцдаг боловч агуулга дээр ажиллах мэдлэг чадвар дутдаг. Мэдээлэл зүйч веб сайтад тавих мэдээллийг холбогдох ажилтан бүрээс нэхдэг, иргэдээс ирсэн асуултад хариулахын тулд мэргэжилтэн бүрийг дамжин гүйдэг гээд олон хүндрэлүүд ажиглагдаж байна.
Энэ хүндрэлээс гарахын тулд ХЗДХЯ-нд веб сайтыг яамдын газар бүхэн ээлжлэн хариуцан ажиллахыг журамлажээ. Тус яам дөрвөн газартай бөгөөд долоо хоног бүр нэг газар хариуцаж холбогдох мэдээллийг тавьдаг аж. Тиймээс тухайн газрын хариуцлагаас шалтгаалан веб сайтын үйл ажиллагаа тухайн долоо хоногтоо янз бүр байдаг байна. Цаашид яамны түшмэл бүрийн ажлын байрны тодорхойлтод веб сайтад мэдээллээ оруулах, олон нийттэй харилцах үүргийг суулгах шаардлагатай болов уу. Э-засаглал түшмэл бүрийн ажлын нэг хэсэг бол байж жинхэнэ утгаараа хөгжих нь гарцаагүй.
Дараагийн нэг ажиглагдсан зүйл бол веб сайт ажиллуулах журам гарснаар асуудал бүрэн сайжрахгүй байна. Яамны түшмэдийн санаачлага, идэвх зүтгэл нэн чухал болоод байна. Тухайлбал, иргэдээс ижил төстэй асуулт байнга ирдэг бол олон дахин давтагдан ирж байгаа асуултын хариултыг бэлдэх, иргэдэд тохиолддог нийтлэг бэрхшээлд зөвлөмж боловсруулан тавих зэрэг үйлчлүүлэгсдэдээ тус болохуйц мэдээллүүд бэлтгэх шаардлагатай байна.
Мөн хуулийн төслийн хэлэлцүүлэг өрнөж байгаа талаар холбогдох иргэний нийгмийн байгууллагад сурталчлах, ТББ-ын мэдээллийн санг үүсгэх, ТББ-ын сүлжээгээр дамжуулан зар тараах зэрэг ямар ч хөрөнгө мөнгө шаардагдахгүй ажлуудыг хийдэггүйгээс яамдын веб хуудас мэдээлэл тавих төдийгөөр хязгаарлагдмал, идэвхгүй байх хандлага байна. Хамгийн энгийн жишээ бол ТББ-ыг бүртгэж, эрх олгох үйлчилгээ явуулдаг ХЗДХЯ өөрийн давуу талдаа тулгуурлан ТББ-ын мэдээллийн санг үүсгэж хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бүрэн боломжтой байна.
Цаашид олон нийтээс ирж байгаа хүсэлт, санал, асуултад дүн шинжилгээ хийдэг бодлогын шинжээчтэй байхыг шаардаж байна. Энэхүү шинжээч нь цахим болон цаасан хэлбэрээр ирж байгаа өргөдөл гомдолд дүн шинжилгээ хийж бодлогын санааг тодорхойлох, хууль, дүрэм журмын хэрэгжилтийн амьдралд үзүүлж байгаа үр нөлөөг судлах юм. Энэ хэсэгт яамдын мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын үүрэг их болов уу.
Зургаа. Дүгнэлт
XXI зуунд төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хамтын түншлэлээр нийгмийн олон асуудлыг шийдвэрлэх болжээ. Энэхүү түншлэл нь бодлогын болон гүйцэтгэлийн шатанд зэрэг хэрэгжиж байж үр дүнгээ өгч байна.
Энэхүү судалгаа нь Монголд иргэний хөдөлгөөнүүд идэвхжиж, жагсаал цуглаан ихсэж, олон нийтийн шаардлага хүчтэй илрэх болсон цаг үетэй давхцан явагдлаа. Захиргааны шийдвэрүүд хаалттай гардгаас авилга ихсэж олон нийтийн бухимдлыг төрүүлэх болжээ.
Төр болон иргэний нийгмийн байгууллагын хооронд түншлэх бус сөргөлдөх хандлага заримдаа үүсэж байгаа нь түншлэлийг хөгжүүлэх бодлого чиглэл, арга механизм нь тодорхойгүй, энэ талын ойлголт аль аль талдаа дутмаг байгаатай холбон үзэхээс өөр аргагүй. Монголын төрийн яамдад бодлого боловсруулах шийдвэр гаргахад олон нийтийн оролцоог хангах үйл ажиллагаа хөгжлийнхөө эхний үе шатанд явагдаж байна. Яамдад (БСШУЯ-аас бусад) олон нийтийн оролцоог хангах үйл ажиллагаа журамлагдаагүй, олон нийттэй ажиллах хэлбэр, аргууд нь тогтоогүй, хариуцсан бүтэц байхгүй, төсөв мөнгө дутагдалтай байсаар байна. Олон нийтийн оролцоог хангах нь төрийн шинэтгэлийн цөм бодлого тул оролцоог амжилттай хэрэгжүүлж чадсанаар Монголын төр нээлттэй, үйлчлүүлэгч төвтэй, цомхон, чадварлаг байх үндэслэлтэй. Засгийн газрын шат шатны байгууллагууд олон нийтийн оролцоог хангах бодлого, хөтөлбөр, бүтэцтэй байж энэхүү үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж эхэлнэ. Олон нийттэй ажиллахад тэдний өөрсдийн хүчийг ашиглавал улам үр дүнтэй байх болно.
Тиймээс бид бүхний өмнө хамтын хүчин чармайлтаар төрийн бодлого боловсруулах ба шийдвэр гаргах үйл явцад олон нийтийн оролцоог хангах хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгож институцлах явдал нэн тэргүүний зорилт болоод байна.
Олон улсын туршлагад тулгуурлахын зэрэгцээ өөрсдийн ололт, давуу талдаа түшиглэн загвар журам, загвар яамдыг бүрдүүлэхээс олон нийтийн оролцооны шинэтгэлийг хийж эхлэх боломжтой.
Долоо. Санал
Төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргахад олон нийтийн оролцоог хангах асуудлыг бодлогын, бүтцийн, менежментийн гэсэн гурван хүрээнд уялдаатай хөгжүүлснээр үр дүнд хүрнэ гэж үзэж байна. Үүнийг тус бүрт нь авч үзье.
- Бодлогын хүрээнд
“Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд УИХ-аар өргөн баригдахаар бэлтгэгдэж байгаа бөгөөд эдгээр хуулийн хүрээнд олон нийтийн мэдээлэл авах ба хуулийн төсөлд санал өгөх болон бусад оролцооны хэлбэрүүд баталгаажих эрхзүйн орчин бүрдэх юм. Гэхдээ эдгээр хуулиар УИХ-ын түвшинд олон нийтийн оролцоог хангахаас Засгийн газрын түвшинд зохицуулахгүй юм. Бусад улсын туршлагаас үзэхэд захиргааны шийдвэр гаргахад олон нийтийн оролцоог хангах нь хамгийн ярвигтай хэсэг бөгөөд зайлшгүй чухал асуудал байдаг. Монголын зарим судлаачид яамдын түвшинд олон нийтийн оролцоог хангах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.[21]
Тиймээс Засгийн газрын түвшин дэх олон нийтийн оролцоог зохицуулах хуулийн талаар цаашид судлах шаардлагатай байна.
Загвар журам
Энэхүү судалгааны хүрээнд гүйцэтгэх засаглалын түвшинд бодлого боловсруулах, шийдвэр гаргахад олон нийтийн оролцоог хангах Засгийн газрын загвар журмыг боловсруулан гаргах саналыг дэвшүүлж байна.
Одоогийн байдлаар БСШУЯ ийм журамтай бөгөөд багагүй туршлага хуримтлуулсан тул тэдний журмыг сайжруулан боловсруулж загвар журмын жишээ болгож болох юм. Загвар журамд анхан шатны байгууллагаас эхлээд яам, Засгийн газрын түвшинд хуулийн төсөл болон нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмуудад олон нийтийн саналыг хэрхэн тусгах арга зам, үйл явц, хэлбэрийг маш тодорхой зааж өгвөл үр дүнтэй болно. Түүнчлэн олон нийтийн оролцоог хангаагүй бол шийдвэрийг хүчингүйд тооцох хүртэл хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэж үзэж байна.
- Бүтцийг хөгжүүлэх (институцийг бүрдүүлэх)
Яамны түвшинд
Яамдын дэргэд иргэний нийгмийн төлөөллөөс бүрдсэн олон нийтийн зөвлөлийг байгуулах санал дэвшүүлж байна. Уг зөвлөлийн үүрэг яамны бодлого боловсруулах ба шийдвэр гаргахад олон нийтийг төлөөлж санал оруулах, хэрэгжилтийг хянах, эргээд олон нийтэд сурталчлахад туслах үүрэгтэй байх юм. Одоогийн байдлаар яамд тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ыг хуулийн төсөлд санал авах, ажлын хэсэгт оруулах, сайдын зөвлөлд ажиллуулах зэрэг тогтвортой бус хамтын ажиллагааны хэлбэрүүд байгаа юм. Хэрвээ эдгээр байгууллагаас бүрдсэн байнгын, орон тооны бус зөвлөл ажиллуулаад эхэлбэл хамтарсан зорилго, стратеги төлөвлөгөөтэй болж зохион байгуулалтад орох боломжтой. Мөн ТББ-ууд бодлого боловсруулах мэдлэг чадвартай болж мэргэшиж эхлэх юм. Уг зөвлөл нь өөрөө өөрсдийгөө сонгон бүрдүүлдэг, идэвхгүй байгаа нэгэндээ хариуцлага тооцдог журамтай байж сайн ажиллах нь дамжиггүй. Нөгөө талаар, тэд олон нийтийн саналыг тусгаж судлах, тэдний дуу хоолой болж чадна.
Ялангуяа, Засгийн газрын байгууллагад олон нийттэй ажиллахад төсөв мөнгө, хүн хүч дутагдалтай байдгаас хамгийн хүндрэлтэй байгаа тул олон нийтийн зөвлөлийн хүчийг ашиглаж чадвал орон тоо болон төсөв мөнгөө ч хэмнэх болно. Өөрөөр хэлбэл, төр цомхон, чадварлаг байх нэг боломж юм.
Мөн олон нийтийн зөвлөлөөс сайдын зөвлөлд төлөөллөө өөрсдөө сонгон шалгаруулж ажиллуулдаг байвал уг гишүүн эргээд зөвлөлдөө тайлагнадаг, тэдний өмнө хариуцлага хүлээх сайн талтай.
Олон нийтийн зөвлөлөөс яамны агентлаг ба харьяа байгууллагын дэргэд өөрсдийн салбар зөвлөлийг байгуулж болно. Тухайлбал, ХЗДХЯ дэргэдэх олон нийтийн зөвлөл цагдаагийн газрын дэргэд өөрсдийн салбар зөвлөлийг байгуулж ажиллуулж залгамж холбоогоо хангавал улам үр дүнтэй болох болов уу.
Засгийн газрын түвшинд
Ерөнхий сайдын дэргэд яам бүрийн олон нийтийн зөвлөлөөс төлөөлсөн орон тооны бус хороо ажиллавал яам бүрийн бодлогыг нэгтгэн зангидахад саналаа оруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Ерөнхий сайдын дэргэдэх хороо Засгийн газрын түвшний тогтоол шийдвэр гаргахад санал өгөх, төр ба төрийн бус байгууллагыг холбон ажиллахад зөвлөх үүрэгтэй байх юм.
Загвар яамыг бий болгох
Олон нийтийн зөвлөлийн бүтэц Монголд шинэ учраас аль нэг яаманд туршин үзэхээс эхлэх саналтай байна. Тухайлбал, БСШУЯ нь бодлого боловсруулах, шийдвэр гаргахад олон нийтийг оролцоог нэмэгдүүлэх журам гаргаад хэрэгжүүлж байгаа ганц яам юм. Мөн сайдын зөвлөлийн 13 гишүүний 5 иргэний нийгмийн төлөөлөл байдаг ба энэ талаараа тэдний саналыг сонсох алхмуудыг хийж эхлээд байгаа яам юм.
Тус яамны дэргэд иргэний нийгмийн төлөөллөөс бүрдсэн олон нийтийн хороог байгуулж турших бүрэн боломжтой байна.
Хоёр дахь хувилбар хамгийн авилга ихтэй, хаагдмал байгаа яамыг сонгож болох юм.
- Олон нийттэй ажиллах менежментийг хөгжүүлэх
Олон нийтийн оролцоог хангах бодлого болон бүтцийг бүрдүүлснээр амжилттай ажиллах баталгаа бас болохгүй. Хамгийн гол зүйл бол үзэл хандлагын өөрчлөлт, харилцан итгэлцэл, хамтын хариуцлагыг хөхүүлэх явдал юм.
Олон нийтийн оролцоог яамдын түшмэд хэрхэн ойлгож байгаа талаар хоёр дүр зураг харагдаж байна. Нэг хэсэг нь олон нийтийн оролцооноос болгоомжилсон, үл сайшаасан хандлагатай байна. Засгийн газрын бодлогын дагуу олон нийтийн оролцоог хүлээн зөвшөөрч байгаа боловч мөн чанар, утга учрыг нь ойлгохгүй байна. Ийм тохиолдолд олон нийтийг оролцуулах үйл ажиллагааг хэлбэр төдий зохиодог, санал санаачлагыг тусгахыг төдийлөн сонирхдоггүй.
Нөгөө хэсэг нь олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг дэмжиж байгаа боловч чухам ямар арга замаар, яаж дэмжихээ мэдэхгүй хүмүүс байна. Эдгээр түшмэд хуулийн төсөлд олон нийтийн санаа бодлыг тусгах үйл ажиллагааг явуулж үзсэн, давуу талыг нь олж харсан хүмүүс байгаа юм.
Түншлэлийг хөгжүүлэх нь хамтран ажиллах менежментийг хөгжүүлэхээс эхэлнэ. Олон нийтийн оролцооны талаар яамдын түшмэдэд зориулсан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, ашиглах гарын авлагаар хангах нь чухал байна.
Нөгөө талаар, иргэний нийгмийн байгууллагуудад төрийн бодлого боловсруулах, бодлого, хөтөлбөрийн үнэлгээ хийх зэрэг техникийн чадварт сургах шаардлагатай. Бусад улс оронд засгийн газрын түвшинд олон нийтийн хороо ажиллаад төдийлөн үр дүнгээ өгөөгүй жишээ байдаг. Үүний нэг шалтгаан нь мэдлэг чадвар, менежментээ хөгжүүлээгүйтэй холбоотой байдаг. Монголын хувьд олон нийтийн хороог загвар яамны түвшинд ажиллуулах замаар менежментийг хөгжүүлж, цаашид ашиглах аргачлал, гарын авлагаа боловсронгуй болгож болно гэж үзэж байна.
[1] Бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явц дахь ТББ-ын оролцоо: Эрх зүйн орчин ба институтчлал Д.Бямбажав Нээлттэй Форум. 2006 хууд 23
[2] Kingdon J.Agendas, Alternatives, and Public Policies 1995.U.S.A
[3] Мөн тэнд
[4] Addressing the contracting problems between governmental and nongovernmental organizations and their solution. Ch.Sosormaa Capstore Project 2005
[5] Энэ тухай дэлгэрэнгүйгээр Хууль боловсруулах хэлэлцэх үйл явц дахь ТББ-ын оролцоо. Ж.Баярцэцэг. Олон Улсын семинарын илтгэлүүд. Нээлттэй Нийгэм Форум 2006 танилцана уу. Хууд 68.
[6] Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр 2004-2008.
[7] Бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явц дахь ТББ-ын оролцоо: Эрх зүйн орчин ба институтчлал Д.Бямбажав Нээлттэй Форум. 2006 “
[8] ХЗДХЯ-ны ТЗУГ-ын дарга Б. Энхбаяртай хийсэн ярилцлагаас
[9] Катрина Хадзи- Мицива. Хууль боловсруулах үйл явцад олон нийтийн оролцоог хангах нь: Европын зарчмууд ба практик асуудлууд. Хууд 16.
[10] БСШУ яаманд бодлого болоэг нухацтай асуудал боловсруулах шийдвэр гаргахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх тухай журам гаргасан ганц яам билээ.
[11] ХЗДХЯ түшмэлтэй хийсэн ярилцлагаас
[12] Ц. Цолмон. “Яамдын түвшинд хуулийн төсөл боловсруулахад иргэд, төрийн бус байгууллагыг оролцуулах нь” илтгэл
[13] Ц. Цолмон. “Яамдын түвшинд хуулийн төсөл боловсруулахад иргэд, төрийн бус байгууллагыг оролцуулах нь” илтгэл
[14] Сайдын зөвлөл ажиллуулах тухай Засгийн газрын 1996 оны 259 тогтоолыг үндэс болгон яам бүхэнд сайдын зөвлөл ажилладаг.
[15] Ц. Цолмон. “Яамдын түвшинд хуулийн төсөл боловсруулахад иргэд, төрийн бус байгууллагыг оролцуулах нь” илтгэл.
[16] НХХЯ-ны ТНБ дарга н.Байгалмаатай хийсэн ярилцлагаас.
[17] Хууль боловсруулах хэлэлцэх уйл явц дахь иргэдийн оролцоо. Олон улсын семинарын илтгэлүүд. Нээлттэй Нийгэм Форум. 2006
[18]Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 2004-2008.
[19]БСШУЯ-ны ТЗУГ-ын дарга Л.Цэдэвсүрэнтэй хийсэн ярилцлагаас.
[20] Thomas F.Gordon, Fraunhofer FOKUS. E-Government
[21] Ж. Баярцэцэг. Хууль боловсруулах хэлэлцэх үйл явц дахь ТББ-ын оролцоо. Олон улсын семинарын илтгэлүүд. Нээлттэй Нийгэм Форум 2006