Д.Болд-Эрдэнэ
/ФСЭХ-ийн улс төр судлалын салбарын эрхлэгч, улс төрийн ухааны доктор, дэд профессор/
Шинэ толь №63, 2008
Нийгмийн улс төрийн системийн салшгуй бүрдэл элемент нь намууд юм. Намууд нь олон түмнийг засаглалын харилцаатай холбон уялдуулахын зэрэгцээ төрийн үйл ажиллагааны гол тулгуур нь болдог. Нам нь улс төрийн ардчиллын онцгой субъект, ардчилсан төрийн тулгуур багана нь юм.
Орчин үеийн ардчиллыг намуудгүйгээр төсөөлөх аргаүй. “Орчин үеийн ардчилал нь намуудын ардчилал юм.” хэмээн Өрнөдийн томоохон судлаачид үздэг нь санамсаргүй хэрэг биш билээ.[1] Францын орчин үеийн томоохон улс төрийн философич Реймон Арон “Ардчилал ба тоталитаризм” хэмээх сонгодог бүтээлдээ “…намуудын зорилго бол засаглалыг хэрэгжүүлэх биш, харин засаглалыг хэрэгжүүлэхэд оролцох явдал юм.” гэж бичсэн байдаг.[2] Эндээс үзвэл засаглалыг хэрэгжүүлэхэд намууд оролцох нь ардчилсан нийгмийн хэвийн үзэгдэл болох нь илэрхий байна. Ер нь эндээс “намуудын оролцоот нийгэм”, “намын ноёрхолт нийгэм” хэмээх ойлголтыг ялгаж ойлгох нь чухал юм. Гэтэл манай нийгмийн сэтгэл зүйд сүүлийн үед намаас хүнийсэх явдал нэлээд ажиглагдаж байгаа билээ. Намууд гүйцэд төлөвшиж амьжаагүй тэдний бодлого, үйл ажиллагаа тодорхой биш, намын лидер удирдагчид нь гишүүд дэмжигчдээсээ нилээд тасран салсан нөхцөлд намын нэр хүнд олон түмний дунд унаж, тэдгээрт итгэх итгэл алдрах нь зүйн хэрэг. Тэгэхдээ ингэлээ гээд намуудыг төрийн хэргээс нэг мөр холдуулах, намгүй нийгэм, намгүй ардчилалын тухай ярих нь нэг төрлийн төөрөгдөл, өрөөсгөл хандлага юм. Харин үүний оронд намуудын төрийн хэрэгдэх нөлөө, оролцоог зохих түвшинд хүргэх, намуудыг төлөвшүүлж, ардчилах, намын явцуу эрх ашгийг улс орон, ард түмний эрх ашгаас дээгүүрт тавих явдлыг таслан зогсоох улс төр, эрх зүйн орчин механизмыг бий болгох тухай ярих нь илүү оновчтой юм.
Монголын намуудын төлөвшилтийн өнөөгийн үйл явцын талаар манай судлаачид өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж буй билээ. Тухайлбал, судлаачдын нэг хэсэг нь монголд улстөрийн ардчилсан хэв маягийн намууд байхгүй. Харин мөнгө-санхүү, бизнесийн бүлэглэлийн эрхшээлд орсон, тэдний явцуу сонирхлыг илэрхийлсэн нам нэртэй “олигархжсан бүлэглэл” байна гэж байхад нөгөө хэсэг нь, манай намууд төлөвшөөгүй учраас тэдгээрийг намын аль нэг хэв шинжид хамруулан үзэх боломжгүй гэж байна. Тэгвэл үлдсэн хэсэг нь монголын намуудын төлөвшилтийн үйл явц явагдаж байна. Харин тэдгээр нь өсөлтийн болон төлөвшилтийн нэлээд асуудал бэрхшээлтэй тулгарсан учир манай намуудын төлөвшил ужиг удаан явцтай, төвөгтэй чиглэлээр өрнөж буй юм гэцгээж байна.
Манай улс төрч, судлаачдын дийлэнх нь 90-ээд оны сүүл үеэс монголд үнэн хэрэгтээ “олигархиудын ардчилал”-ын үе шат эхэлсэн. Үүнтэй уялдан намууд “олигархжсан бүлэглэл” төдий болж хувирсан. Энэ нь манай намууд гол төлөв мөнгө, санхүү-бизнесийн бүлэглэлийхэн буюу “мөнгөний хүүдийнүүд”-ээс хараат байж, тэднээс санхүүжиж байгаа, үүнтэй холбоотойгоор намууд эргээд тэднийхээ эрх ашигт үйлчлэх болсонтой холбоотой гэцгээж байгаа юм.[3] Үүнтэй холбогдуулан улс төр судлаач, доктор Б.Дэлгэрмаагийн байр суурь сонирхолтой байна.
Тэрээр бичихдээ: “Улс төрийн нам гэдэг бол төр ба иргэн хоёрыг холбож байдаг универсал улс төрийн институци бөгөөд төрийн эрх мэдлийн байгууллагад янз бүрийн социал сонирхолуудын төлөөллийг хангаж байдаг. Тэрээр өөрийн хоёрдмол мөн чанар бүхий онцлогоос хамаарч, өөрөөр хэлбэл нэг талаас улс төрийн нам бол иргэний нийгмийн маш чухал институци, нөгөө талаас сонгуулийн үр дүнд төрийн бүтцэд ороод ирэхээрээ төрийн институци болдогтул үнэхээр маш өвөрмөц бөгөөд онцгой чиг үүрэг гүйцэтгэдэг билээ”[4] хэмээн тэмдэглээд цааш нь намууд бизнесийн бүлэглэлүүдтэй холбоотой болсоноор тэд бизнесийн бүлгийнхний эрх ашгийг давамгай илэрхийлэх болсон. Үүнтэй уялдан намууд нам шинжээ тэр тусмаа иргэний нийгмийн эд эс болох шинжээ гээх болсон. “Ингэхээр иргэний хөдөлгөөнүүд нам бохирдлоо гэж “хашгираад” эхэлсэн. Яваандаа иргэний хөдөлгөөнүүд ч хөдөлгөөний шинж чанараа алдаж байна. Иргэний хөдөлгөөнүүд газар авч, хувь хүний хүчин зүйлийн нөлөө ихсэж буй нь намууд хямарч буйтай холбоотой. Ингээд АН ч сүүлдээ МАХН-ын загварыг хуулж авахад хүрсэн. Бусад нам ч ялгаагүй. Тэгэхлээр одоогийн байдлаар намууд цаашаа явж болохгүй.”[5] гэж бичжээ.
Харин манай улс төр судлаач, доктор А.Цанжидын монголын намуудын талаарх шинжилгээ анхаарал татаж байна. Тэрээр улс төрийн намын шинэчлэгдэх үйл явцын гол шалгуур нь юуны өмнө большевик маягийн намаас парламентын нам болон өөрчлөгдөх үйл явц гэж үзээд өнөөгийн намуудын нийтлэг хэв шинж нь кадрын болон олон түмний, “бүхнийг шүүрэгч нам”, картель нам байж болох юм гэж үзсэн байна. Тэрээр цааш нь тэмдэглэхдээ: “Манай орны намуудын байдлыг намын хэв маягийн дээрх ангилалтай жишиж үзэхэд аль нэгэнд нь бүрэн багтаах аргагүй байгаа юм. Шинээр үүссэн жижиг намуудын тухайд тэдний зарим нь зөвхөн эрх зүйн шалгуураар л нам гэж тооцогдож байгаа ба заримыг нь кадрын маягийн нам гэж үзэж болмоор байна. Харин төрийн тогтолцоонд үүрэг гүйцэтгэдэг том намуудын хувьд олон түмний нам болон бүхнийг шүүрэгч намын завсарын байдалтай байгаа юм шиг ажиглагдаж байна. Түүнчлэн кадрын намын зарим шинж байгааг үгүйс гэх аргагүй юм. Апь болохоор олон гишүүнтэй болохыг эрмэлзэх, батлах олгох, тоо бүртгэл явуулах гэх мэт нь олон түмний намын шинж юм. Гэтэл ямар нэг анги бүлгийн сонирхолыг тод илэрхийлэхгүй тухайн үед л аль болохоор олон санал авч болох уриа, лоозонг ашиглаж байгаа нь бүхнийг шүүрэгч намын шинж гэж болох бол санхүүжилт нь гол төлөв мөнгөтэй хүмүүст тулгуурлаж байгаа нь кадрын намын шинж юм.”[6], монголын ”… намуудын өөрчлөлт нь бүхнийг шүүрэгч нам-картель нам гэсэн чиглэл рүү явах байх. Үүнд хүчтэй нөлөө үзүүлж болох зүйл бол намуудын санхүүжилтийн асуудал юм.”[7] гэсэн сонирхолтой дүгнэлт хийсэн байна.
Монгол орон 90-ээд оны үеэс ардчилсан өөрчлөлтийн замд эргэлт буцалтгүй орсноор манайд улс төрийн намуудын хөгжпийн шинэ үе эхэлсэн. Монголын улс төрийн системд олон арван жилийн туршид ноёрхогч байр суурьтай явж ирсэн МАХН өөрийн удирдан чиглүүлэгч, манлайлагч үүргээсээ татгалзсан нь тус оронд олон намын ардчилсан систем үүсэн бүрэлдэх, намууд жинхэнэ ардчилсан шинж байдлаар хөгжин төлөвших улс төр, эрх зүйн таатай нөхцөл боломжийг бүрдүүлсэн юм.
Монгол дахь намуудын хувьд орчин үеийн парламентын ардчилсан шинж төрх бүхий нам болж төлөвших нийтлэг шаардлага тавигдсан билээ. Нэг үгээр хэлбэл, намууд шинэчлэгдэх буюу хүнд сурталт, авторитар дэглэмийн үеийн намын хуучин хэвшиж тогтсон хэв шинжээс ардчилсан нийгмийн үеийн улс төрийн намын сонгодог хэв загварт шилжих, улс төрийн шинэ системд өөрсдийн жам ёсны статус, байр сууриа эзлэх явдал байсан. Харин намын шинэчлэлтийн энэ үйл явц гарааны нэг ижил нөхцөлд эхэлсэн. Гэвч Монголын намуудын хувьд парламентын нам болж төлөвших үйл явцын боломж нам тус бүрийн хувьд онцлогтой байсан юм. Тодруулж хэлбэл, намуудын төлөвшилтийн гарааны нийтлэг нэг орчин нөхцөл нь тэдэнд харилцан адилгүй байдлаар нөлөөлсөн. Энэ нь намуудын төлөвшилтийн явцад тавигдсан харилцан адилгүй өвөрмөц шаардлага, түүнээс үүдэн гарах адилгүй үр дагаврын шинж байдлаар илэрч байлаа. Тухайлбал, МАХН-ын хувьд улс төрийн тогтолцоонд ганцаар ноёрхох байдлаас хуулийн хүрээнд олон намтай эн тэгш харилцах, үзэл номлолын нэг хэв шинжээс нийгэм дэх олон ургальч үзлийн солбилцолын хүрээн дэх үзэл онолын зүүний ардчилсан прагматик чиглэлийг сонгон баримжаалах, зохион байгуулалтын хэт төвлөрлөөс орчин үеийн намын зохион байгуулалтын бүтцийн ардчилсан хэлбэрт шилжих, нийгмийн төлөөллийн хатуу ангич хандлагаас нээлттэй уян хатан байдалд шилжих гэх зэрэг шинэ бөгөөд дадаж зуршаагүй зорилтуудыг шийдвэрлэх хэрэгтэй болсон бол шинэ намуудын хувьд улс төрийн хүчний ерөнхий шинж шалгуурыг хангах, үзэл онол, зохион байгуулалт, хүний нөөцийн хувьд бэхжих, засаглалын харилцаанд өөрсдийн баттай байр“ суурийг эзлэх, улс төрийн тэмцэл, үйл ажиллагааны соёл, ур чадварт суралцах, олон түмний дэмжлэг итгэлийг олж авах зэрэг шинэ төвөгтэй зорилтууд тулгарсан юм. Монгол дахь ардчилсан үйл явцын гүнзгийрэлтийн хэрээр намуудын өмнө тухайн цаг үеийн улс төрийн нөхцөл байдалтай уялдаж бий болсон олон төвөгтэй зорилтууд тулгарч байгаа болон тулгарсаар байх нь тодорхой байна.
Өнөөдөр монголд улс төрийн намын төлөвшилтийн үйл явц эрчимтэй явагдаж байна. Тэгэхдээ энэ үйл явц нэлээд нариин төвөгтэй чиглэлээр өрнөж буй нь тодорхой байна. Хэдийгээр монголын намуудын хувьд төлөвшилтийн үйл явц нь амаргүй төвөгтэй байгаа ч тэдний ихэнх нь төлөвшилтийнхөө нэлээд замыг туулсан нь илэрхий. Гэхдээ л өнөөгийн намуудын төлөвшилт төдийлөн шаардлагын түвшинд хүрэхгүй байгаа нь бодитой баримт юм. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж буй. Тухайлбал, намууд улс төрийн системд тогтвортой байр суурь эзлэж, энэ хүрээндээ төлөвших эрх зүйн болон улс төрийн хангалттай нөхцөл боломж хомс, улс төрийн үзэл онолын үнэт зүйлсээ нийгмийн амьдралын тодорхой хөрс суурин дээр буулгаж, бодитой үйл ажиллагаа болгож төдий л чадахгүй байгаа, намууд дотооддоо нээлттэй бус ардчилалгүй байгаа, намуудад харизматик лидер, бизнес- санхүүгийн бүлэглэлийн оролцоо нөлөө хэт их атлаа жирийн гишүүд дэмжигчдийн оролцоо үүрэг бага, хүний нөөц, материаллаг боломж сул, зохион байгуулалтын бүтцийн хувьд нөсөр, үйл ажиллагаа нь тодорхой биш, олон түмний дэмжлэг итгэлийн түвшин бага, намын лидер удирдагч, нөлөө бүхий хүмүүс нь ашиг сонирхолын зөрчилтэй байдаг зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна. Эндээс үзвэл улс төрийн ардчилсан орчин нөхцөл нь манай намуудын хувьд харилцан адилгүй шаардлага, үр дагаврыг бий болгож байгаа бөгөөд энэ нь намуудын төлөвшилт, хувьслын үйл явцад ч өөрийн зохих ул мөрийг үлдээж байна. Гэхдээ тэдний төлөвшилтийн явц түүний илрэх онцлог нь олон янз, баялаг шинжтэй байлаа ч төлөвшилтийн эцсийн үр дагавар хандлага нь орчин үеийн парламентын төлөвшсөн нам болж өсч бойжих нийтлэг нэг зорилгод чиглэж байна.
Өмнө дурдсанаас дүгнэж үзвэл, Монгол дахь намуудын парламентын нам болон төлөвших үйл явц жигд биш, харилцан адилгүй байгаа нь тэдгээрийн төлөвшилтийн нийтлэг шинж болж байна. Энэ нь дээр дурьдсанаар намуудын чадавхи, боловсон хүчин болон санхүүгийн боломж, үйл ажиллагааны онцлогоос нь хамаарч байна. Тухайлбал, МАХН-ын хувьд олон жилийн турш оршин тогтносон боловсон хүчин, оюуны болон эдийн засгийн нөөц чадавхи харьцангуй боломжтой, улс төрийн үйл ажиллагааны арга туршлага ихтэй, тогтмол хөтөлбөртэй, намын бүх шатны зохион байгуулалтын бүтэц үндсэндээ бүрдсэн, ухуулга, сурталчилгааны тогтсон системтэй, тогтвортой сонгогчтой бол АН болон бусад олонд танигдсан “жижиг” намуудын тухайд шинэ тутам үүссэн боловч тухайн үедээ нийгмийн зүгээс дэмжлэгийн хүрээ сайтай гэхдээ орчин үеийн намын бэлэн туршлага уламжлал тэр тусмаа засгийн эрх барих, эвсэл болох туршлага, чадвар хомс байгаагаараа онцлогтой. Тэгвэл Монголын намуудын үлдсэн хэсэг нь шинэ тутам үүссэн, нийгмийн зүгээс дэмжлэгийн хүрээ багатай, гол төлөв идэвхтэй лидер, гишүүдийн хүчинд тулгуурладаг, нэг үгээр хэлбэл тэдний ихэнх нь зөвхөн эрх зүйн шалгуураар л (улсын бүртгэлд бүртгүүлсэн байдал) нам хэмээн тооцогдож байдаг зэрэг өвөрмөц онцлогууд нь тэдний төлөвшилтийн явц, үр дүнд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна.
Хэдий тийм боловч монголд улс төрийн намын төлөвшилтийн үйл явц үргэлжилж байна. Энэ үйл явц зөрчил бэрхшээлтэй, магадгүй цөхрөл, хүлээлтийг дагалдуулж байгаа ч намуудын төлөвшилтийн үйл явц зогсчихсон биш, харин ч судлаж хариу өгвөл зохих олон шинэ сонирхолтой асуудлыг гаргаж тавих байдлаар энэ үйл явц идэвхтэй өрнөж буй юм. Харин улс төрийн энэ өвөрмөц үзэгдлийн утга учир, мөн чанарыг төдийлөн сайтар судлаж, тодруулаагүйгээс энэ үйл явцын талаар нийгэмд бүдэг бадаг, үл ойлгох, буруу зөрүү ойлголт төсөөлөл газар авахад хүрч байгаа юм. Нэг үгээр хэлбэл, тодорхой зүйлээс тодорхой ойлголт төсөөлөл, тодорхойгүй зүйлээс тодорхой бус таамаг, төсөөлөл гарах нь зүйн хэрэг билээ.
Намууд олигархжсан бүлэглэл болсон гэдэгтэй зарим талаар санал нийлж болохоор байгаа юм. Тэгэхдээ намууд яагаад ингэж олигархжсан бүлэглэл болчихоод байна гэдгийн цаад учир шалтгааныг нарийвчлан судлах хэрэгцээ үнэхээр байгаа юм. Үүнтэй холбогдуулан тэмдэглэхэд манай өнөөгийн улс төрийн онцлог нөхцөл байдал, эрх зүйн зохицуулалтын чадамж, олон түмний улс төрийн соёл, ухамсарын боловсроогүй түвшин, сонгуулийн хэлбэрийн зарим таагүй нөлөөлөл зэрэг ерөнхий хүчин зүйлийн талаар ярьж болох боловч гол нь намууд олигархжсан бүлэглэл болчихоод байгаагийн үндсэн шалтгааныг намууд гаднаас биш, харин эхлээд дотроосоо, өөрсдөөсөө эрж хайх нь хамгийн зөв сонголт мөн билээ.
Намын оршин тогтнох гол тулгуур үндэс болсон дотоод ардчиллын зарчим хэрэг дээрээ бүдгэрч, намын цөөнх удирдах лидер, манлайлагчид, намыг тэтгэгч бизнес-санхүүгийн бүлэглэлийн оролцоо, нөлөөлөл байх ёстой хэм хэмжээнээсээ хэтэрч, жирийн гишүүд дэмжигчдийн санаачлага, оролцоог боогдуулан, нам доторх эрх мэдлийн төлөөх увайгүй далд тэмцэл гаарч, мөнгөтэй, хөрөнгөтэй бизнес санхүүгийн цөөн хэсэг хүмүүсийн эрхшээл, нөлөөнд орж, хутган үймүүлэгч, хоёр нүүртэн, эрх мэдэл, албан тушаалаас өөрийгөө болон өрөөлийг, тэр ч бүү хэл өөрийн суурь үзэл бодлоо ч худалдан, хувиргаж чадах арчаагүй “улс төрчид” намд олноор шургалах аваас тухайн нам байтугай, улс орны улс төрийн амьдрал цаашилбал улс орны хөгжил, дэвшилд ч саад тотгор учирсаар байх нь гарцаагүй. Өнөөдөр ашиг сонирхолын зөрчил бүхий улс төрчид намыг булингартуулж байна. Намын явцуу эрх ашиг улс орны бүх язгуур эрх ашгийн дээр тавигдсан нөхцөлд нам байтугай улс орон хямрах нь энүүхэнд юм.
Монголд өнөөдөр ардчилсан хэв шинжийн сонгодог улс төрийн намын түвшинд хүрсэн нам хараахан байхгүй гэхэд хэтрүүлэл болохгүй. Харин монгол орны өнөөгийн түвшний тусгал болсон намууд бий юу? гэвэл байгаа юм. Монголын өнөөгийн намуудыг улс төрийн нам болох чиг баримжаагаа авсан хэсэг, улс төрийн төлөвшлөө хараахан олоогүй нам болох баримжаагаа авч амжаагүй байгаа бүлэглэл гэсэн хоёр үндсэн түвшинд ялган зааглаж болохоор байдаг юм. Нэг үгээр хэлбэл энэ нь “нам ба бүлэглэл” гэсэн ялгаатай хоёр түвшингээс монголын намуудад хандана гэсэн үг юм. Манай ихэнх намууд өнөө хэр лидер тойрсон бүлэглэл төдий байгааг нуух хэрэггүй юм. Тэдгээрийн дийлэнх нь “олигархжсан бүлэглэл’’ төдий байгааг ч хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үүний уршгаар намууд иргэний нийгмийн эд эс байх чадвараа түргэн зуур алдаж, байр сууриа иргэний нийгмийн байгууллага, зарим талаар явцуу эрх ашиг, сонирхол бүхий цөөн хэсэг хүмүүст алдаж буйг ч мөн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм. Ийм нөхцөлд монголын намууд ерөнхийдөө хямралд орчихоод байна гэсэн байр суурьт ч тал өгч болохоор байна.
- Намуудын “жин нөлөөлөл”, нийгэмд эзлэх байр суурь, төл,өвшлийг хэмжих олон хэмжүүр, шалгуурыг нам судлаачид санал болгосон байдаг. Үүнтэй холбогдуулан манай судлаач, доктор А.Цанжидын санал болгож буй намын шинэчлэл, төлөвшилтийн шалгуурын талаарх байр суурийг авч үзвэл тэрээр энэ шалгуурын хүрээнд: Зорилго
- Нийгмийн өмнө хүлээх үүрэг
- Намын дотоод харилцааны ардчилал
- Бүтэц зохион байгуулалт нь үүргээ гүйцэтгэх болон дотоод харилцааны ардчиллыг хэрэгжүүлэхэд чиглэсэн байх
- Нам нийгэм олон түмэнд нээлттэй байх
- Хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, бүтээлчээр өрсөлдөх
- Үйл ажиллагааны арга барил намын хэв маягт нийцэж байх зэрэг шалгуурыг онцлон үзсэн байна.[8]
Нам судлаачдын санал болгож байгаа намын жин нөлөөлөл, шинэчлэл, төлөвшилтийн талаарх хэмжүүр, шалгуурын шинж байдлаас тоймлон үзвэл энэ хэмжүүрийн системд дараахь зүйлийг багтааж болохоор байдаг юм. Үүнд: олон түмний итгэл дэмжлэг, намуудын парламент дахь жин нөлөө, албан ёсны мандатын тоо, намын парламент дахь статус, түүнээс үүдсэн үүргийн шинж байдал, улстөрийн үзэл, байр сууриа бодитой хэрэгжүүлэх боломж, чадавхийн түвшин, намын удирдагчдын нэр хүндийн өсөлт, нөлөөллийн түвшин, намуудын дотоод ардчиллын хүрсэн түвшин, намын бүтэц, зохион байгуулалтын ардчилсан шинж байдал, улс төрийн “тоглолтын дүрэм”-ээ боловсруулан хэрэгжүүлэх чадварын түвшин, намын гадаад нэр хүндийн өсөлт дэмжлэг зэрэг бусад олон хүчин зүйлийг хамруулан үзэж болохоор байдаг юм. Дээрх шалгуурыг бүрэн хангасан улс төрийн нам манайд бараг байхгүй байна гэхэд хэтрүүлэл болохгүй юм. Харин зарим нэг шинжийг нь хангасан нам цөөн тоотой байна. Ингэхлээр монголын намууд бүрэн төлөвшин жигдрэх болоогүй нь харагдаж байна.
[1] Жозэф А. Шумпетер “Капитализм, социализм, ба ардчилал”, Р.Даль “Ардчилал ба түүний шүүмжпэл”, Лэрри Даймонд “Ардчиллыг хөгжүүлэхүй”, Р.Даль “Ардчиллын тухай”, Richard S. Katz and Peter Mair (1995), “Changing Modes of Party Organization and Party Democracy: The Emergence of the Cartel Party, in Party Politics, 1, (1995): 5-28
[2] Реймон Арон. “Демократия и тоталитаризм”. М., 1993, стр 62.
[3] Д.Ганхуяг “Намуудын мандал ба бууралт”. “Өдрийн сонин” 2005 № 286, Ж.Батхуяг. “Парламент ёсны хямрал ба намууд”. “Өдрийн сонин” 2006. № 049, Д.Чулуунжав “Нам шиг намуудтай болох юмсан “ Улс төрийн сонин. 2007 № 43, Б.Дэлгэрмаа “Өнөөгийн Монголын нийгэм дэх олон намын тогтолцооны төлөв байдал”. Шинэ толь. 2007 №59 гэх мэт
[4] Б.Дэлгэрмаа. “Өнөөгийн Монголын нийгэм дэх олон намын тогтолцооны төлөв байдал” Шинэ толь. 2007. № 59, 29-р тал.
[5] “Монголд нам байна уу?” Өнөөдөр сонины хэлэлцүүлэг. “Өнөөдөр” 2007 №164.
[6] А.Цанжид “Намын шинэчлэлтийн зарим асуудал” / “Улс төрийн намуудын төлөвшил, шинэчлэл, хөгжлийн хандлага” сэдэвт онол, практикийн бага хурлын материал. УБ., 2008.
[7] А.Цанжид. “Намын шинэчлэлийн зарим асуудал”. / “Улс төрийн намуудын төлөвшил, шинэчлэл, хөгжлийн хандлага” онол, практикийн бага хурлын материал. УБ., 2008.
[8] А.Цанжид “Намын шинэчлэлийн зарим асуудал” / “Улс төрийн намуудын төлөвшил, шинэчлэл, хөгжлийн хандлага” онол, практикийн бага хурлын материал. УБ., 2008.