Ц.Мөнхцэцэг
/Улс төр судлаач/
Шинэ толь №62, 2008
Түлхүүр үг: Хэвлэл мэдээлийн үүрэг, Популизмын нөлөө
1970-80-аад оны үед Америкийн алдартай РК-ийн мэргэжилтэн Хол Эври “Хэрэв та 60 мянган доллартай, таны IQ-110-с доошгүй бөгөөд амаа хамхиж чаддаг бол таныг юунд ч сонгуулж чадна” гэж мэдэгдэж тухайн үедээ шуугиан тарьж байсан гэдэг. Оюун ухааны хувьд бусдаас онцгой биш, дундаж хүний Ю-гийн түвшин 110 орчим байдаг байна. Ингэхлээр дээрх РP-ийн мэргэжилтэн маань мөнгөтэй л бол ямар ч этгээдийг сонгуульд ялуулж чадах нь. Яг үүнтэй адил (магадгүй үүнээс долоон дор) нөхцөл байдал өнөөгийн Монголд бий болжээ. Хэрэв танд 60-70 мянган төгрөг байвал та Монголд “олны танил” болж чадна. Өөрөөр хэлбэл, та энэ мөнгөөр хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулаад нэг өдрийн дотор Монголын 12 телевиз, өдөр тутмын долоон сонин болон бусад шар сонингуудаар нэгэн зэрэг нийтэд хүрч олны танил болно. Хэрэв та хүмүүсийн сэтгэлийг сэрдхийлгэсэн этгээд сонин, гаж юм ярьж чадвал телевизүүд өөр хоорондоо булаацалдан зочноор урьж хэрэгтэй, хэрэггүй асуултад булхуулан та нэг мөсөн “од” болох нь тэр. Улмаар таны дараа дараачийн алхам бүр чинь сэтгүүлчдийн овоо хараанаас салахаа болж “од” байхын жаргал, зовлонг биеэр амсаж эхлэх вий.
Хэвлэлийн хүрээлэн, Монгол Ньюс мэдээллийн төв, Монголын үндэсний телевиз гэх мэт хэвлэлийн бага хурал болдог тоотой хэдэн газрууд бий. Тэдгээрт хэвлэлийн бага хурал хийлгэхэд унэ ханш нь дээр дурьдсанаар 60-70 мянган төгрөг байдаг. Энэхүү төлбөрийг төлчихвөл сонин, телевизүудийг хэвлэлийн бага хуралд урих, зарлах бусад ажлыг тухайн газрууд хариуцдаг тул олны анхаарлыг татах гэсэн мань нөхөрт элдэв төвөг чирэгдэл гарахгүй. Тэгээд л ахмадын чөлөөт холбооны Баасан, Даяар Монголынхон гэх мэт нөхдүүд сууж байгаад ирсэн сэтгүүлчдийн амыг ангайтал өөрийгөө рекламдана. Орой нь хэд хэдэн телевизүүдэд оргил цагаар нь орж өнөөхөө ярина. Хэрэвзээ телевиз, сонингуудаар өөрийнх нь тухай хар, цагаан мэдээ гарах нь цөөрч, хүмүүс мартах тийшээ хандвал тэр дор нь хэвлэлийн бага хурал зарлан ямар нэг болохгүй, бүтэхгүй зүйл олж илрүүлснээ зарлан “хэвлэлийн баатар” дүрдээ орно. Гэвч зарим үед олныг татах шалтаг олдохгүй хаа хамаагүй юманд ороолцолдож будилна.
Ийнхүү олныг хөөргөж, сэтгэл хөдлөлд тулгуурлан этгээд зан үйлээрээ нэр хүндээ олж авдаг дээрх маягийн нөхдүүдийг популистууд гэж нэрлэдэг билээ. Хямралын үед массын сэтгэл зүй хүчтэй удирдагч, сод хүн, стандарт бус зан үйлийг хүсэмжлэх хандлагатай болдгоос популистууд ихээхэн газар авдаг билээ. Энэхүү зүй тогтол өнөөгийн Монголын нийгэм, улс төрийн практикт илэрч байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маань ч популистуудыг улам хөөргөдөж, нэвтрүүлэн нийтлэх юм. Популистууд ба хэвлэл мэдээллийн хэрэгслүүд харилцан бие биенийхээ оршин тогтнолыг тодорхойлж байх шиг. Чухамдаа Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд л гудамжны жагсагч Баасанг иргэний нийгмийн зүтгэлтэн, Магнайг ИЗН-ын хэрэг эрхлэх газрын дарга, фенг шүйгийн Ганбаатарыг ҮЭ-ийн удирдагч болгосон билээ. Мөн Баасан баривчлагдахгүй бол, Магнай энэ тэнд жагсаал хийхгүй бол, Ганбаатар хэвлэлийн бага хурал зарлахгүй бол сэтгүүлчид хийх ажилгүй болчих гээд байдаг бололтой.
2006 оны Монголын хэвлэл мэдээллийн мониторингийн судалгаанаас үзэхэд нийт сонин, телевизийн сэтгүүлчид өөрсдийн идэвхтэй сурвалжлага, ажиглалт, ярилцлага зэргээс олж авдаг мэдээлэл сонины хувьд 26 хувь, телевизийн хувьд 18 хувь байдаг байна. Харин хэвлэлийн бага хурал нь мэдээлэл олж авах хоёр дахь гол эх сурвалж нь болдог ажээ. Хэвлэлийн бага хурлаас нийт мэдээллийнхээ 14 хувийг олж авдгаараа
телевизүүд тэргүүлж 8 хувийг олж авдаг сонинууд удаалж байна. Энэхүү судалгааны нэг анхаарал татаж байгаа зүйл нь манай сонин, телевизүүд мэдээллийнхээ 60 орчим хувийг хэвлэлийн бага хурал, албан мэдэгдэл, байгууллагуудын тайлан мэдээ, мэдээллийн агентлагуудын мэдээ, гадаадын хэвлэл зэргээс бэлэн аваад тавьчихдаг явдал юм. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчид маань асуудлын учир шалтгааныг хайж олох, эрэн сурвалжлахад багахан цаг зарцуулж ихэнхдээ бэлэн мэдээ олж аваад суудаг болчихжээ.
Судалгаанаас үзэхэд хэвлэл мэдээлэлд зар сурталчилгаа тавиулахад нэлээд өндөр өртөгтэй байдаг. Тухайлбал, өдөр тутмын сонины нэг нүүрт зар сурталчилгаа тавиулахад 400-500 мянга, телевизийн 1 минутын реклам 120-180 мянга байх жишээтэй. Үндэсний олон нийтийн телевизээс бусад мэдээллийн хэрэгслүүд ашгийн төлөө ажилладаг, мөн нийтхэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 55 хувь нь өөрийн гэсэн албан байргүй, түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг, санхүү хөрөнгө мөнгөний бэрхшээлтэй тулгардаг тул мөнгө эн тэргүүний зорилт нь болж байна. Харин тэгтэл хэвлэлийнхэн маан.ь хэрэгтэй хэрэггүй хэвлэлийн бага хуралд очиж гэнэдчихээд байх юм. Хэвлэлийн бага хурал зарлах зардал, зар сурталчилгаа тавиулах зардал хоёрын хооронд асар их зөрөө байгааг бизнесмэнүүд, урлагийнхан болон зальжин нөхдүүд аль хэдийнэ олж хараад надад хүн 500 мянган төгрөг өглөө, шинэ пиво хийлээ, гаргалаа гээд л зарлаад байх юм. “Одууд” маань бараг л “Би нэг шинэ хувцас дэлгүүрээс авч өмслөө” гэх нь холгүй аахар шаахар юманд хэвлэлийн бага хурал зарлаад л, сэтгүүлчид нь микрофон тавих зайгүй болтол нь шаваад л, эдгээр ач холбогдол багатай мэдээллээр минут бүр нь, зай талбай бүр нь хэдэн зуун мянгаар үнэлэгддэг эфирийн цаг, сонины зайгаа дүүргэчихээд байх юм. Харин үүний оронд даацтай сайн нэвтрүүлэг, сурвалжлага хийвэл үр дүнтэй байх сан.
Манай популистууд олны сэтгэл зүй, хэвлэл мэдээлэлтэй тулж ажиллахдаа гаргууд юм. Угтаа бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл ба олон нийттэй ажиллах гэдэг нь Өрнөдөд коммуникаци ба PK хэмээх онолын болон эмпирик түвшний судалгаа өндөр хөгжсөн тусдаа хоёр шинжлэх ухаан билзэ. Өрнөдийн олон нийт мэдээллийн их урсгал дундаас өөрт хэрэгтэйг ялган авах чадвартай, үнэлэмж, үнэт зүйлс нь нэгэнт тогтчихсон улсууд байдаг тул манайх шиг хэн нэгэн популист гарч ирээд хүмүүсийн санаа бодлыг эргүүлэх, төрийн бодлогод нөлөөлөх боломж багатай юм. Нөгөө талаас, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч гэсэн бодит мэдээлэл, хараат бус хэвлэл, мэргэжлийн ёс зүйн зарчим баримталж, үйл явдлын гүн рүү орж нэвтрүүлдэг, мэргэжлийн ондөр түЕшинд ажилладаг юм. Харин дуулиан шуугиан хэт хөөж, үндэслэл баримтгүй зүйл, хэн нэгний захиалгат нийтлэл, нэвтрүүлэг гаргавал нэр хүндгүй болж, уншигч, үзэгчээ алдахад хүрдэг байна. Тийм учраас улс төрийн нам, иргэний хөдөлгөөн, пүүс компаниуд хэвлэл мэдээлэлтэй ажиллахдаа нарийн стратеги баримталж ажиллаж байж сая тухайн мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүрдэг байна. Харин Монголд хэвлэл мэдээлэл нь шинэ тутам үүссэн, сэтгүүлчид нь мэргэшээгүй, гартаа тааралдсан мэдээллийг барьж аваад нийтэлчихдэг тул олны анхаарлыг татах гэсэн дурын этгээдийн хэрэгсэл болчихоод байгаа юм. Олон нийтэд танигдахын тулд PP ба коммуникацийн шинжлэх ухааны өндөр мэдлэг, стратегийг хэрэглэх гэж зүдрэх хэрэггүй, тэртээ тэргүй мэдээллийн хомсдолд байдаг сэтгүүлчид юу ч ярьсан шүүрч аваад л цацчихдаг нь популистуудын хувьд үнэ төлбөртгүй сурталчилгаа болсоор байна.
Америкийн судлаач Ж.Харопьд, Р.Бартон нар цуврал судалгаагаараа хүмүүсийн 60 хувь нь телевизээс авсан мэдээллийг үнэн бодитой гэж итгэдэг болохыг тогтоосон юм. Учир нь телевизийн мэдээлэл нь визуаль ба вербаль буюу нүдээр үзэх, чихээр сонсох гэсэн мэдрэхүйн хоёр сувгаар хүнд хүрдгээрээ харилцааны бусад сувгуудаас илүүтэй итгэл үнэмшилтэй болох бөгөөд хүнд удаан хугацаанд хадгалагдан үлддэг ажээ. Тийм учраас телевиз бол мэдээллийн хамгийн нөлөө бүхий суваг гэж үзэж болно. 2006 оны Хэвлэлийн хүрээлэнгийн судалгаанаас үзэхэд мэдээлэл авдаг гол эх сурвалж бол телевиз гэж хүмүүсийн
83 хувь нь хариулсан нь хамгийн өндөр үзүүлэлэлт бөгөөд үүний дараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс 29 хувиар өдөр тутмын сонин орж байна. Гэтэл хүмүүсийн итгэн үнэмшдэг, мэдээлэл авдаг гол хэрэгслүүд нь ямархуу байна вэ?
Мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн нэвтрүүлгийг Монголын үндэсний телевизээс бусад телевизүүдэд бараг олж харахгүй. Телевизүүдийн мэдээллийн хөтөлбөр бие биенээсээ огт ялгарахгүй, хэдэн хэвлэлийн бага хурал, уулзалтын мэдээ, бизнес мэдээ зонхилно. “Шалбааган дотроос мэдээлдэг” Алтаншагай мэтийн ганц хоёр сэтгүүлчийн дуу хоолойн өнгө л телевизүүдийн нэг хэвийн мэдээллийг өөр хооронд нь ялгах юм. ТV8 гэх мэт зарим телевиз өөрсдөө нэвтрүүлэг, мэдээлэл бэлдэхийн оронд бусад сонин, телевизүүдийн мэдээллийг шууд уншин дамжуулах юм. Нөгөө зохиогчийн эрх гэдэг нь хаана ч байгаа юм бүү мэд. Мэдээгээ уншуулж байгаа цаад сонин, телевизүүд нь ч өөрсдийнх нь материалыг дамжуулсны төлөө ямар нэгэн төлбөр нэхэхгүй амар юм даа. Манай ихэнх телевизүүд шинэ залуу, хөл дээрээ босч чадаагүй, үзэгчдийг татсан чансаатай нэвтрүүлэг хийх сайн сэтгүүлч, мэргэжилтэн цөөтэй учраас гадаадын телевизүүдээс патентгүйгээр авсан орчуулгын нэвтрүүлэг, олон ангит киногоор “нүүрээ тахлах” нь элбэг болжээ. Телевизүүд маань бодитой мэдээлэл дамжуулах, төр засгийн үйл ажиллагаанд хяналт тавих гэсэн нийгмийн үүрэг болон ашиг олох гэсэн хувийн сонирхлын хооронд сонголт хийхэд ёс зүй болон ур чадвар дутагдаж гол төлөв хувийн сонирхлоо түлхүүд тавьж байгаа бололтой. Нөгөө талаас, арилжааны дээрхтелевизүүдэд үзэгчдийн хүсэн хүлээдэг, “бренд“ болсон нэвтрүүлэг бараг байдаггүй учраас үзэгчдэд мэдээ ба киноноос өөр сонирхох зүйл нэг өдрийн хөтөлбөрт нь бараг байхгүй байна. Үзэгчдийг хөгжөөх, цэнгээнт хөтөлбөрүүдээ ч гэсэн өөрсдөө хийхгүй хошин шогийн хамтлагуудаар тоглолт хийлгэн тэдэнд фирийн цаг өгснийхөө төлөө хөөрхөн “мөнгө саачихна.” Нөгөөдүүл нь ч гэсэн телевизээс худалдаж авсан хагас цаг хүрэхгүй нэвтрүүлэг дундуураа хэд хэдэн удаа сурталчилгаа явуулж сүйхээтэй загнана. Ерөөс манай телевизүүдийн хөтөлбөр бие биенээс ялгарах юмгүй “залхтал зарласан” рекламуудын завсар чөлөөгөөр төрийн байгууллага, албан тушаалтны талаарх цагаан мэдээ юмуу сураг, таамгаар олж ирсэн, “баттай эх сурвалжаас” авсан гэх тодотголтой алаг цоог мэдээ, Өрнөдийн телевизүүдээс нэрийг нь зээлдсэн Таlk show хэмээх ярилцлагын нэвтрүүлгүүд, Солонгосынх зонхилсон “Савангийн дууриуд”-иас бүрдэх юм. Бага зах зээлд шавааралдан үүссэн Монголын шинэхэн телевизүүд шинэ, сонин хачин мэдээллээр ангаж цангаж байдаг тул Баабар гуайн тодорхойлсончлон “стандарт бус” хүмүүсийг Таlk show-даа урьж нэвтрүүлгийнхээ хэсэг хугацааг “эвтэйхэн” аргалчихыг хичээх аж. Үдэш телевизийн суваг бүрээр шахуу нөгөө л Арго багш ч юмуу түүн шиг хэн нэгэн “сод ухаантан” гарч үзэгчдийг хөөрхөн хөгжөөчихнө.
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн нөлөөллийн уламжлалт онолын дагуу бол олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь нийгмийн оюун санаа, үнэт зүйлсийн системийг тодорхойлогч чухал хүчин зүйл юм. Тийм учраас гэгээрлийн байгууллага гэж үздэг билээ. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь олон түмний санаа бодлыг хөгжил дэвшил рүү дагуулан чиглүүлж байх ёстой. Харин манайд бол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийгмээ хөтлөх бус дагаж яваад байх юм. Зарим нь ч бүр өнөөгийн нийгмийн хөгжлөөс хоцорч явах. “Бид ирээдүйн ерөнхийлөгчийн бэлтгэнэ” хэмээх их мундаг уриатай сонинд гарсан зүйл нь гарчиг, агуулгатайгаа тохирдоггүй, хамгийн шалдар булдар мэдээ, улс төр, урлаг, бизнесийн өнөөх “од”-дын талаарх хэрэгтэй хэрэггүй хов жив, хэн ч уншсан зохиомол гэдэг нь мэдэгдэхээр үйл явдал, бүдүүлэг үг хэллэгтэй, бичлэгийн наад захын шаардлага хангаагүй нийтлэл, эротик өгүүлэл, хэдэн зурагтэгээд нүүр дүүрэн зар сурталчилгаа байх юм. Энэ зэргийн мэдээлэл уншаад яваад байхад ерөнхийлөгч болох юм байна л даа. Харин өдөр тутмын сонингуудын уншигчдын түвшин нэлээд ялгаатай тул нийтлэл, мэдээлэл нь харьцангуй өндөр түвшинд боловсруулагдсан байдаг. Гэхдээ л өөр хоорондоо ялгарах мэдээлэл тун цөөн. Мэдээллийг нэг ижил сувгаар хүлээн авч, нэг ижил байдлаар нийтэлнэ. Тухайн асуудлын талаар олон янзын байр суурийг хүргэх нь өдрийн од шиг ховор. Энд нэг жишээ дурьдая. Үндсэн хуулийн цэц саяхан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн Р.Бурмаа тэргүүтэй
иргэдийн өргөдлийг хянан хэлэлцээд дүгнэлт гаргажээ. Өдөр тутмын сонингууд бүгд л “Сонгуулийн тухай хуулийг Үндсэн хууль зөрчөөгүй гэж Цэц үзлээ’’ гэхчлэн нэг ижил гарчгийн дор Цэцийн хуралдааны мэдээлэл гаргажээ. Энэ бол нэг талын байр суурь бүхий мэдээлэл юм. Маргааны нөгөө тал болох өргөдөл гаргагчдын хэн нэгэнтэй уулзаад яагаад өргөдөл гаргах болсон, Цэцийн энэ шийдвэрийг юу гэж үзэж байна гэж асуучихад л уг нь тэнцвэртэй мэдээлэл болчих байсан юм. Тэгээд болж өгвөл хөндлөнгийн судлаач, экспертээс энэ шийдвэрийн талаарх санал бодлыг нь асууж тодруулсан бол хараат бус, олон янзын байр суурийг ипэрхийлэгч чөлөөт хэвлэл гэсэн эрхэм зорилгодоо дүйх байлаа. Гэвч сонины сэтгүүлчид тэгсэнгүй. Бүгд л нэг адил өрөөсгөл мэдээлэл гаргачихаад байх юм.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь ардчиллын гол тулгуур гэж үздэг ч зөвхөн тодорхой нөхцөл бүрдсэн үед л ардчиллыг дэмжигч болдог, ийм нөхцөл бүрдээгүй үед ардчилалд эргээд гай тарьдгийг дэлхийн түүх харуулдаг. Энэ тухай судлаач Шеила С.Коронел “олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь зөвхөн тааламжтай нөхцөл бүрдсэн тохиолдолд ардчиллын үйл явцад эерэг нөлөө үзүүлж чадна. Гэхдээ олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь ардчиллын эсрэг үйл ажиллагаа ч явуулж чадна. Тэд аймшиг, хүчирхийлэл ба хуваагдлыг ч мөн түгээн сурталчилж чадна” гэсэн байдаг. Монголын хэвлэлүүд үнэний дуу хоолой болохын оронд популистуудын дуу хоолой болчих гээд байх юм. Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж гэх мэт олон түмний хэрэгцээн дээр тоглон эх орон, газар нутгаа гэх үзэл, эх оронч байдлыг нь өдөөх замаар өөрсдийн нэр хүндийг бэхжүүлэгч популистууд төрийн бодлогод нөлөөлөх, төрийг гартаа авахад улс орны тогтворт байдал алдагдаж, ихэнхдээ дарангуйлагч дэглэмд хүрдгийг 30-аад оны Герман, 70-аад оны Аргентин, Чили, сүүл үеийн Гүрж, Украины үйл явдлууд харуулж байна. Монгол улс маань эдгээр орнуудын алдсан алдааг давтахгүй тойроод гараасай гэсэндээ энэхүү нийтлэлийг хүргэлээ.