А. Болормаа
/ШУТИС КтМС-ийн ахлах багш/
Шинэ толь №64, 2009
Оролцооны тухай ойлголт
Шийдвэр гаргах болон бодлого боловсруулах явц дахь иргэдийн оролцоо нь ил тод байдлыг хангах нэгэн арга хэрэгслэл юм.
Оролцоо нь аливаа асуудлаар ашиг сонирхол нь ямар нэг байдлаар хөндөгдөх хүмүүс тухайн асуудлаар шийдвэр гаргах, бодлого тодорхойлох үйл явцад хэр зэрэг оролцож байгаагаар тодорхойлогдоно.
Иргэдийн оролцоо нь иргэдийн зүгээс улс төрийн системийн бүх түвшинд шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөх үйл ажиллагаа юм[1].
Иргэдийн идэвхтэй оролцоо гэдэг нь бодлого боловсруулах асуудлаар санал солилцоход иргэд, тухайлбал, бодлогын хувилбаруудыг санал болгох зэргээр тодорхой үүрэг гүйцэтгэж байгааг хэлнэ[2]. Иргэдийн идэвхтэй оролцоо нь нэг талаас төрийн төв, орон нутгийн байгууллагын ил тод байдлын илэрхийлэл, нөгөө талаас, иргэдийн улс төрийн идэвхийг дэмжих нэг хөшүүрэг болдог.
Иргэдийн улстөрд оролцох оролцоо бол сонгуульд санал өгснөөр дуусгавар болдоггүй. Иргэд сонгуульд оролцож өөрсдийгөө төлөөлж бодлого тодорхойлох, шийдвэр гаргах төлөөлөгчөө сонгож байгаа бөгөөд иргэдийг төлөөлж, тэдний өмнөөс шийдвэр гаргаж буй хүн нь иргэдийн эрх ашиг, сонирхлыг хүндэтгэж, тэдний дуу хоолой болж, шийдвэр гаргахад нөлөөлж чадаж буй эсэх нь иргэдэд хамгийн их хамаатай байдаг.
Бодлого тодорхойлох, шийдвэр гаргах үйл явц яагаад иргэд, олон нийтэд хамаатай вэ?
Төрийн бодлогын эцсийн үр дүн бол нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, бүх нийтийн амьдралыг сайжруулах явдал юм. Төрийн бодлогыг хэдхэн эрх мэдэлтний хүрээд шийдвэрлэж байвал үүнийг бодлогын монопольчлол гэж нэрлэдэг. Бодлогын монопольчлолын үед олон нийтийн эрх ашгийг тэр бүр олж хардаггүй, тусгахгүй байх аюултай[3]. Иймээс иргэд өөрсдийнх нь эрх ашгийг хөндсөн аливаа бодлого, шийдвэр боловсруулах, батлах, хэрэгжүүлэх үйл явцад оролцох, мэдээлэл авах эрхтэй, оролцох боломжоор хангагдах ёстой.
Оролцооны хэлбэрүүд:
- Шууд:
- Нийтийн бодлогын талаарх хэлэлцүүлэгт оролцох
- Төрийн алба хашиж буй хүмүүсийн үйлдлийг хянах, өргөдөл, хүсэлт, санал, гомдол гаргах
- Сонгосон төлөөлөгчөөрөө болон бусад төлөөллийн байгууллагаараа дамжуулан оролцох:
- Санал өгөх, нэр дэвших, өрсөлдөх, эвлэлдэн нэгдэх, эсэргүүцэл илэрхийлэх
- Улс төрийн нам, иргэний байгууллагын үйл ажиллагаанд оролцох
- Сонгогдсон төлөөлөгчидтэй харилцах, хариуцлагыг шаардах
Бодлого, шийдвэр гаргах үйл явцад иргэд, олон нийтийн оролцоог хангах талаарх эрх зүйн зохицуулалт
Манай улсад ардчилсан засаглалыг төлөвшүүлэх, ардчиллын зарчмуудыг бэхжүүлэхэд чиглэсэн цөөнгүй алхмууд хийгдэж, хууль тогтоомж, олон хөтөлбөр, баримт бичиг батлагдаж байна. Үүний дотор төв, орон нутгийн бодлого тодорхойлох, шийдвэр гаргах үйл явцад иргэд, олон нийтийн оролцоог хангах талаар холбогдох хууль тогтоомж, төсөл, хөтөлбөрт зарим зохицуулалт хийгдсэн байна. Үүнээс дурьдвал:
- Монгол улсын Үндсэн хууль
- Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль
- Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль
- Төрийн хяналт шалгалтын тухай хууль
- Төрийн аудитын тухай хууль
- Төрийн бус байгууллагын тухай хууль
- “Монгол улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт шинэчлэлтийн талаар баримтлах бодлого” УИХ-ын 1996 оны 38-р тогтоолоор батлагдсан
- “Хүний аюулгүй байдлыг хангах сайн засаглал” хөтөлбөр
- Засгийн газрын 2004-2008 оны үйл ажиллагааны хөтөлбөр
- ИТХ-ын хуралдааны дэг /аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ өөрөө тогтооно/ г.м.
Эдгээр хууль тогтоомжид тусгагдсан зарим холбогдох заалтыг хүснэгтээр харуулав.
Монгол улсын хууль тогтоомжид төрийн байгууллагын ил тод байдал, иргэд, олон нийтийн оролцоог хангах талаар зарим заалт, зохицуулалт байгаа боловч “шаардлагатай нөхцөлд”, “үндэслэлтэй гэж үзвэл”, “санал дэвшүүлж болно”, “иргэдийн дэмжлэгийг авч болно”, “нийтээр хэлэлцүүлж болно”, “хаалттай хуралдаж болно” гэх мэт заалтууд байгаа нь тодорхойгүй байдал бий болгож байна. Мөн орон нутгийн түвшинд зарим аймгийн ИТХ-ын хуралдааны дэгүүд иргэдийг мэдээллээр хангах, иргэдийн оролцоог хангахад хаалт учрахуйц “хаалттай хуралдаж болно”, “хуралдааны нууцыг хадгална” гэх мэт заалтууд нь ИТХ- ын иргэдэд нээлттэй бус, хаалттай байх нөхцөлийг бүрдүүлж байна[4].
Орон нутгийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах явц дахь иргэдийн оролцооны өнөөгийн байдал
Сүүлийн үед орон нутгийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах явц дахь иргэдийн оролцооны талаар нэлээд судалгаа хийгдэж, төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Эдгээрээс дурьдвал:
- “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нээлттэй байдал – Иргэдийн оролцоо” судалгааны тайлан. Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн. УБ., 2005 он
- Ч.Тамир. Монгол дахь хууль тогтоох үйл явц дахь иргэдийн оролцооны эрх зүйн орчин болон институтчлэл. МННХ. 2005 он
- Ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлт: Монгол дахь Засаглалын төлөв байдал, үнэлгээ. Судалгааны тайлан. УБ, 2006 он
- Зүүн Азийн барометр: Ардчиллын хөгжлийн харьцуулсан судалгаа. УБ., 2006 он
- Орон нутгийн шийдвэр гаргах үйл явцдахь иргэдийн оролцоо. Судалгааны тайлан. МерсиКор, ТАН хөтөлбөр. УБ., 2007 он
- Төрийн байгууллагын мэдээллийн нээлттэй байдал. Мониторингийн тайлан. УБ., 2008 он г.м.
Дээр дурьдсан судалгаануудын дүн бодлого боловсруулах, шийдвэр гаргах тувшинд иргэдийн оролцоо хангалтгүй, оролцох арга хэлбэр, боломжоо мэддэггүй, мэдээлэл хомс, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх хэмжээ тодорхой бус, төвийн бодлого нь орон нутгийн бодлогын санаачлагыг хүлдэг гэсэн дутагдалтай талууд байгааг харуулж байна.
Тухайлбал, Нийгмийн дэвшил, эмэгтэйчүүд хөдөлгөөнөөс 5 аймаг, нийслэлийн 2 дүүрэгт хээрийн судалгаа явуулж, нийслэл болон 21 аймгийн ИТХ-ын дэг, журмуудад шинжилгээ хийж, ИТХ- ын үйл ажиллагаа нь нээлттэй, ил тод байж, иргэдийн оролцоог хангаж чадахгүй байна гэж дүгнэжээ[5].
“Ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлт: Монгол дахь Засаглалын төлөв байдал, үнэлгээ” судалгааны тайланд тусгагдсан иргэдийн төрийн үйл хэрэгт оролцох боломжийн талаарх иргэдийн болон экспертийн үнэлгээний дүнг толилуулбал дараахь байдалтай байна.
Хүснэгт 2
Иргэдийн төрийн үйл ажиллагаанд оролцох боломж[6]
Машсайн | Сайн | Дундзэрэг | Муу | Машмуу | |
Иргэд төрийн үйл ажиллагаанд оролцох боломжийн талаар экспертийн үнэлгээ | – | 7.2% | 52.3% | 36.9% | 3.6% |
Төр иргэдээ сонсож үйлчилдэг талаарх иргэдийн төсөөлөл | 8% | 6.8% | 33.1% | 29.8% | 17.2% |
Иргэдийноролцооны талаарх иргэдийн төсөөлөл | 1.8% | 14.3% | 38% | 24.4% | 11% |
Энэхүү судалгааны дүнгээс иргэдийн оролцох боломж, оролцоо хангалтгүй байна гэж үзэж болохоор байна.Иргэдийн хувьд Хурлын Төлөөлөгчид санал, өргөдөл, гомдлоо уламжлах, хурлаас зохион байгуулсан олон нийтийн хурал, бусад арга хэмжээ, санал асуулгад оролцох, хурлаас холбогдох мэдээлэл гаргуулж авах, иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгжээр дамжуулан санал, гомдлоо тавих, шийдвэрлүүлэх, хуралдаанд урилгаар ажиглах эрхтэй оролцох зэргээр ИТХ-ын үйл ажиллагаанд оролцох боломжийн талаар зарим эрх зүйн зохицуулалт хийгдсэн байна. Гэвч иргэд ИТХ-ын шийдвэр гаргах үйл явцад оролцох боломж, төлөөлөгчтэйгээ хамтарч ажиллах талаар хангалтгүй мэдлэгтэй, мэдээлэл авч чадахгүй байгааг судалгааны дүнгүүд харуулж байна.
График 1. Иргэдийн ИТХ-ын үйл ажиллагаанд оролцох боломж[7]
ИТХ-аас хэлэлцэх асуудалд саналаа өгөхөд танд ямар бэрхшээл тохиолддог вэ?[8]
Аймагдүүрэг | Хариулт | |||
Хуралдоролцохболомжгүй | Хэлэлцэх асуудлын талаар ямар ч мэдээлэл авдаггүй | Хаана хэнд хандахаа мэддэггүй | Бусад | |
Дархан-Уул | 16 | 41 | 39 | 4 |
Сэлэнгэ | 46 | 26 | 20 | 8 |
Хөвсгөл | 31 | 36 | 27 | 6 |
Дорнод | 16 | 41 | 39 | 4 |
Өмнөговь | 36 | 30 | 21 | 13 |
Сүхбаатардүүрэг | 21 | 24 | 48 | 7 |
Баянгол дүүрэг | 34 | 21 | 36 | 9 |
Нийт дүн | 200 | 219 | 230 | 51 |
Эзлэх хувь | 29% | 31% | 33% | 7% |
талаар хангалтгүй мэдлэг, мэдээлэлтэй байна.
- Орон нутгийн өөрөө удирдах ёсны болон захиргааны байгууллагууд мэдээллээ түгээх тогтолцоо бүрдээгүй, иргэдтэй харилцах, санал авах ажлыг зохион байгуулах тал дээр дутагдалтай байна.
- Иргэдийг төлөөлөн, тэдний эрх ашгийг илэрхийлж, бодлого тодорхойлох эрхтэй төлөөлөгчид иргэдтэй ажиллах, тэдний санаа бодлыг сонсох, бодлого шийдвэрт тусгах байдал хангалтгүй.
- Иргэдийн өөрсдийнх нь идэвх сул, улс төрийн боловсрол дутмаг, мэдээллийн эх үүсвэр ашиглах боломж, чадавхи жигд бус.
Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх арга зам:
- Холбогдох хууль, ИТХ-ын дэг зэрэг эрх зүйн актуудад иргэдийн оролцоог хангах талаарх зохицуулатлтыг илүү тодорхой болгох; /ИТХ-ын хуралдааны загвар дэг боловсруулж болох юм/.
- ИТХ-ын хуралдааны тоог нэмэгдүүлэх;
- Иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг, оролцооны чадавхийг дээшлүүлэхэд чиглэсэн ажлыг төрөл бүрийн хэлбэрээр зохион байгуулах;
- Иргэдээс сонгогдсон, тэдний төлөөлж буй ИТХ-ын төлөөлөгч төлөөллийн үүргээ хэрэгжүүлдэг байх;
- Аймаг, сум бүр мэдээлэл түгээх тогтолцоо бий болгох;
- Орон нутгийн бодлогын асуудлаар оролцогч талуудын зөвлөлгөөн, хэлэлцүүлэг зохион байгуулж байх, иргэдийн саналыг амаар, бичгээр, хайрцгаар авдаг байх;
- Шийдвэрийг таниулах, сурталчлах ажлыг зохион байгуулж хэвших
Ашигласан материалын жагсаалт
- Еоин Янг, Лиза Квин. Үр нөлөө бүхий бодлогын баримт бичиг боловсруулах нь. Төв ба Зүүн Европын бодлогын зөвлөхүүдэд зориулсан гарын авлага. МННХ. 2003 он
- Төр, иргэний түншлэл, МННХ, ЭЗХАХБ, УБ., 2007 он
- Ч.Сосормаа. Бодлогын монопольчлол: Яамдын түвшинд бодлого боловсруулах, шийдвэр гаргахад олон нийтийн оролцоог хангах нь.
Шинэ толь сэтгүүл. 2008 он. №61
- “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нээлттэй байдал-Иргэдийн оролцоо” судалгааны тайлан. Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн. УБ., 2005 он
- Ч.Тамир. Монгол дахь хууль тогтоох үйл явц дахь иргэдийн оролцооны эрх зүйн орчин болон институтчлэл. МННХ. 2005 он
- Ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлт: Монгол дахь Засаглалын төлөв байдал, үнэлгээ. Судалгааны тайлан. УБ, 2006 он
- Зүүн Азийн Барометр: Ардчиллын хөгжлийн харьцуулсан судалгаа. УБ.,2006 он
- Орон нутгийн шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоо. Судалгааны тайлан. МерсиКор, ТАН хөтөлбөр. УБ., 2007 он
- Төрийн байгууллагын мэдээллийн нээлттэй байдал. Мониторингийн тайлан. УБ., 2008 он
Хууль тогтоомж, цахим хаяг:
- Монгол улсын Үндсэн хууль
- Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль
- Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль
- Төрийн хяналт шалгалтын тухай хууль
- Төрийн аудитын тухай хууль
- Төрийн бус байгууллагын тухай хууль
- Засгийн газрын 2004-2008 оны үйл ажиллагааны хөтөлбөр
- forum.mn
[1] Еоин Янг, Лиза Квин. Үр нөлөө бүхий бодлогын баримт бичиг боловсруулах нь. Төв ба Зүүн Европын бодлогын зөвлөхүүдэд зориулсан гарын авлага. МННХ. 2003 он, 21 дэх тал
[2] Төр, иргэний түншлэл, Нээлттэй нийгэм форум, ЭЗХАХБ., УБ., 2007 он,18 дахь тал
[3] Ч.Сосормаа. Бодлогын монопольчлол: Яамдын түвшинд бодлого боловсруулах, шийдвэр гаргахад олон нийтийн оролцоог хангах нь. Шинэ толь сэтгүүл. 2008 он. №61, 61 дэх тал
[4] www.forum.mn. Б.Түмэндэлгэр. Орон нутгийн үйл явцад иргэдийн оролцоо: Нийслэлийн ИТХ” сэдэвт судалгаанд холбогдох ном зохиолын судалгаа.
[5] Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нээлттэй байдал иргэдийн оролцоо: Судалгааны тайлан. УБ., 2005 он
[6] Ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлт: Монгол дахь Засаглалын төлөв байдал, үнэлгээ. Судалгааны тайлан. УБ, 2006 он. 200 дахь тал
[7] Орон нутгийн шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоо. Судалгааны тайлан. МерсиКор, ТАН хөтөлбөр. УБ., 2007 он. 47 дахь тал
[8] “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нээлттэй байдал-Иргэдийн оролцоо” судалгааны тайлан. Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн. УБ., 2005 он. 18 дахь тал