Ч.Өнөрбаяр
/МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, (LLM)/
Шинэ толь №60, 2008
Түлхүүр үг: Институт, Иргэний нийгэм, Туршлага, филантропи, хүний эрх, шударга нийгэм
Удиртгал
Коммунизмын задралаас хойш хүн төрөлхтний бараг тэн хагас нь гэгээрсэн удирдагч, тулхтай төрийн түшээдээс илүүтэйгээр хараат бус шүүх, иргэдийн сайн дурын оролцоон дээр суурилсан иргэний нийгмийн байгууллагуудад өөрсдийн эрх чөлөө, итгэл найдвар, хувь заяагаа даатгаж, тэднээс их зүйлийг хүсэн хүлээж байсан гэж хэлж болно. Хэсэг хугацаа өнгөрөхөд тэдний цөөн хэсэг нь эргэлзээ тээнэгэлзэл, цөхрөл гайхшралд орсон байхад, дийлэнхи хэсэг нь чадваргүй засгийн газрын хийж чадахгүй ажлыг иргэний нийгмийнхэн хүргэж чадаж байна[1] хэмээн бичих болов. Монгол улсын хувьд эхний буюу эргэлзсэн, тээнэгэлзсэн, цөхөрсөн, итгэл алдарсан тэр хэсэгт нь орох хандлага илүүтэй ажиглагдах боллоо.[2] Үүний шалтгаан нь сул дорой, боловсролгүй, ядуу иргэддээ байна уу? эрх мэдэлтэй, чинээлэг, хариуцлагагүй улс төрч нарт байна уу? аль эсхүл монгол хүний сэтгэлгээний онцлогт байна уу?, зүгээр л иргэний нийгмийн байгууллагууд сул дорой, чадавхигүй байна уу? гэсэн олон арван асуултыг тавьж болох байх. Гэсэн хэдий ч энд би “эрх зүй судлаач” болохынхоо хувьд асуудлыг зөвхөн хууль тогтоомжийн түвшинд авч үзэх болно.
Иргэний нийгэм гэж юу вэ?
Бид бусадтайгаа харилцаанд орохгүйгээр хөгжиж цэцэглэх нь юу л бол. Бидний зарим нь сэтгэлгээгээ тэлж хөгжүүлэхийн тулд хамтарч ажиллаж байхад, зарим нь бусдад туслахын тулд, нэг хэсэг нь хүсэл сонирхол (хобби)-оороо холбогддог. Өөрсдийн чөлөөт хүсэл зоригийн үндсэн дээр бусадтайгаа тогтоосон энэхүү холбоог бид “иргэний нийгэм” гэж ойлгодог.
Хоёр зууны тэртээ Францын сэтгэгч Алексис Де Токвиль “хэрэв хүмүүс иргэншиж, иргэншсэн чигтэй үлдэх юм бол тэр хэрээр хүмүүсийн эрх тэгш байдал нэмэгдэж, тэд өөр хоорондоо эвлэлдэн нэгдэх явдал өргөжин тэлэх болно”[3] гэж хэлсэн нь хожим зорилгодоо яаж хүрэхээ мэдэхгүй байгаа янз бүрийн хувь хүмүүс бие биентэйгээ хамтран ажилладаг орчин үеийн соёлт нийгмийн бодит дүр төрх болж чадсан юм.
Өдгөө иргэний нийгмийг дараахь хоёр хандлагаар тодорхойлж байна. Нэгд: өргөн хүрээнд буюу төр ба хувь хүмүүсийн хооронд оршдог гэр бүл, сүмийн цуглаан, спортын болон хөгжмийн клуб, буяны байгууллага зэрэг сайн дурын бүхий л байгууллагыг хамааруулж[4] байхад, явцуу хүрээнд буюу гэр бүл, бизнесийн бүлэглэл, төр засгаас ангид байдлаар нийтэд тустай үйл ажиллагаа явуулж буй институтиудын нийлбэр цогц[5] хэмээн тодорхойлох нь түгээмэл байна. Энд би хоёр дахь хандлага буюу иргэний нийгмийг явцуу хүрээнд тодорхойлсон байдлаар нь авч үзлээ.
“Нийтэд тустай үйл ажиллагаа”-г хуулиар тусгайлан зохицуулах шаардлагатай юу? (Баруун Европын туршлага)
Хууль дангаараа нээлттэй нийгмийг бий болгож чадахгүй боловч иргэний үндсэн эрх, эрх чөлөөг найдвартай хамгаалсан хуульгүйгээр аливаа нээлттэй нийгэм оршин тогтнож чадахгүй. Тийм ч учраас сүүлийн 10 гаруй жилийн турш Европын холбооны ихэнх орнуудад гишүүддээ үйлчилдэг иргэний нийгмийн байгууллагуудаас илүүтэй нийтэд тустай үйл ажиллагаа явуулдаг[6] иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг хуулиар зохицуулах асуудалд анхаарал хандуулах болов. Энэ нь үргэлж төсвийн асуудалтай тулгарч байдаг төрийн нүсэр аппаратыг өөрчилж, түүний чиг үүргийг нийтэд тустай үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудад шилжүүлэх нь зүйтэй гэсэн хандлага давамгайлах болсонтой холбоотой. Тиймээс баруун Европын ихэнхи улс орнууд нийтэд тустай үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг хуулиар тусгайлан зохицуулдаг байна. Тухайлбал, Унгар “Нийтэд тустай үйл ажиллагааны тухай” хууль (1997), Литва “Буяны үйл ажиллагаа болон түүнд үзүүлэх дэмжлэгийн тухай” хууль (2002), Польш “Нийтэд тустай үйл ажиллагаа болон сайн дурын хөдөлмөр эрхлэх тухай” хууль (2003), Латви “Нийтэд тустай үйл ажиллагааны тухай” хууль, Босни, Болгар, Румынд “Ашгийн бус хуулийн этгээдүүдийн тухай” хуулиар зохицуулж байна. Зарим оронд татварын хуулиар энэхүү асуудлыг зохицуулсан байдаг. Жишээлбэл, Голланд[7] Энэхүү хуулиар “нийтэд тустай үйл ажиллагаа”-ны төрлүүдийг нарийвчлан зааж өгсөн байдаг бөгөөд ингэснээр иргэний нийгмийн байгууллагууд өөрсдийн явуулж буй үйл ажиллагааг татварын бодлогоор дамжуулан төр засгаас дэмжлэг авах бололцоотой байдаг.
Өнөө үед нийтэд тустай үйл ажиллагаа гэдэгт “…сонирхогчдын спорт, урлаг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах, тэдний эрхийг хамгаалах, цагаачдад туслах, буяны үйл хэрэг, иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, соёл, ардчилал, экологи ба хүрээлэн буй орчноо хамгаалах, боловсрол, гэгээрэл, хүнийг арьс өнгө, угсаа, шашин зэрэг бүхий л хэлбэрээр ялгаварлан гадуурхах үзэлтэй тэмцэх, эрүүл мэнд, эрүүл аюулгүй орчныг хамгаалах, түүхэн дурсгалт зүйлүүдийг хамгаалах, байгалийн гамшгаас үүдсэн бэрхшээлийг даван туулахад туслах, хүүхэд залуучуудыг хамгаалах, амьтад хийгээд өвчтэй амьтдыг хамгаалах, шашны үйл ажиллагаа, шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн хөгжил, нийгмийн халамж болон нийгэмд ашиг тустай бүхий л үйл ажиллагаа”-г[8] хамааруулж үздэг байна. Гэсэн хэдий ч зарим оронд уламжлал, ёс заншил, соёлын ялгаа, тухайн улсын нийт иргэдийн хэрэгцээ, шаардлага зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан онцлог шинжтэй зохицуулалтууд бий. Тухайлбал, Голландад шашин, амьдралын философийн үзэл санаан дээр суурилсан үйл ажиллагааг нийтэд тустай үйл ажиллагаанд оруулдаг бол Унгар, Польшид 24 төрлийн үйл ажиллагааг жагсаасан байдаг. Харин Их Британид нийтэд тустай үйл ажиллагааг дараахь 4 төрөлд задлан авч үздэг: Үүнд 1. Ядуучуудад туслах, 2. Боловсролыг хөгжүүлэх, 3. Шашин, 4. Нийтэд тустай бусад үйл ажиллагаа.[9]
Энэ бүхнээс үзэхэд, үндсэн хуульт ардчиллыг амжилттай хэрэгжүүлж буй улс орнуудын иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхижуулахад чиглэсэн хууль тогтоомж нь аль нэг институт, түүний зохион байгуулалт руу хандахаасаа илүүтэй тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн эрх зүйн орчинг бүрдүүлэхэд анхаардаг болох нь харагдаж байна.
Монголд энэ асуудлыг хэрхэн зохицуулсан бэ?
Монгол улсын Үндсэн хуулиар (1992) иргэний нийгмийн үндэс болсон хувь хүний үндсэн эрх (нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй)-ийг[10] анх удаа төрөөс дээгүүр, түүний эрх мэдлийг хязгаарлах хүчин чадалтай дээд хэм хэмжээ болохынх нь хувьд баталгаажуулж өгсөнөөрөө үнэлж баршгүй ач холбогдолтой болсон юм.
Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн энэхүү үндсэн эрхийг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх үүднээс УИХ-аас 1997 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр Төрийн бус байгууллагын тухай хуулийг батлан гаргасан юм.[11] Энэхүү хууль нь хэдийгээр иргэдийн эвлэлдэн эрхийг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан боловч, үзэл баримтлал хийгээд системчлэлийн хувьд дэлхий нийтийн жишигээс нэлээд тасарсан хууль болсон юм. Аливаа “Нийтэд тустай үйл ажиллагаа”-г зохицуулдаг хуулийн зорилт нь:
- иргэний эвлэлдэн нэгдэх эрх, эрх чөлөөг хангах
- иргэний нийгмийг хөгжүүлэх
- иргэдийн энэрэл, ивээл (филантропи)-ийн үйл ажиллагааг дэмжихэд оршдог.[12]
Тодруулбал, энэ хуулиар ямар үйл ажиллагааг нийгэмд тустай үйл ажиллагаанд тооцох, үүнтэй уялдуулан гишүүддээ үйлчилдэг ашгийн бус хуулийн этгээд хийгээд нийгэмд үйлчилдэг ашгийн бус хуулийн этгээдийн эрх зүйн байдал, түүний шалгуур үзүүлэлт, улмаар гишүүддээ үйлчилдэг ашгийн бус хуулийн этгээдийг нийгэмд үйлчилдэг ашгийн бус хуулийн этгээд болгож өөрчлөхөд ямар шалгуур үзүүлэлт байх, үүнийг хэн шийдвэрлэх, ингэсэн тохиолдолд ямар үүрэг, хариуцлага болон давуу байдлыг олж авах зэрэг харилцааг зохицуулдаг.
Гэтэл Монгол улсын төрийн бус байгууллагын тухай хуулийн бүтэц, үзэл баримтлалаас үзэхэд төрийн бус байгууллага байгуулах (Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5,6 зүйл), татан буулгах (Төрийн бус байгууллагын тухай хуулийн 6,7,8 зүйл), болон түүний дотоод бүтэц зохион байгуулалт (Төрийн бус байгууллагын тухай хуулийн 10, 11, 12, 13, 14)-тай холбоотой асуудлыг хамгийн ерөнхий байдлаар зохицуулсан шинжтэй байна. Иймд хуулийн нэр, зорилт, үзэл баримтлал, системчлэлийн асуудлыг эргэн харах зайлшгүй шаардлага урган гарч байгаа болно. Эндээс иргэний нийгэм хөгжихэд дэмжлэг үзүүлэх ёстой хууль нь үндсэн зорилгоосоо хазайж аль нэг интситут, байгууллагад зориулагдсан хууль болжээ хэмээн дүгнэж болохоор байна. Ийм хуулийг Карл Раймунд Поппер “амьдралд бус гагцхүү цаасан дээр үйлчилдэг хууль” гэж хэлсэн нь бий. Тиймээс төрийн бус байгууллагын тухай хууль тогтоомжийг шинэ нөхцөл байдалд нийцүүлэн өөрчлөх шаардлага чухлаар тавигдаж байна.
Санал, дүгнэлт
Шударга нийгэм дэх бүтээлч, энх тайванд дуртай хүмүүсийн дунд эрх ашгуудын зүй ёсны зохицол жинхэнэ утгаараа оршдог. Хэдийгээр дэг журмыг хүчээр тогтоох хялбархан боловч эрх чөлөөт нийгэм дэх дэг журмыг хэн ч бидэнд тулган хүлээлгэдэггүй, харин энэхүү дэг журам нь зорилгодоо хүрэхийн тулд бусадтай хамтран ажиллаж буй сая сая хүмүүсийн үйл ажиллагаанаас гардаг тэр зүйл билээ. Харин энэхүү эрх чөлөө, ёс суртахуунд суурилсан жам ёсны харилцааг хөгжүүлэхийн тулд амьд эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх зайлшгүй шаардлага урган гарч байна. Үүний тулд бидний хийх ёстой эхний алхам бол “Нийтэд тустай үйл ажиллагааны тухай” хуулийг нэн даруй батлан гаргах шаардлагатай. Энэхүү хуулийн зорилт нь:
- иргэний эвлэлдэн нэгдэх эрх, эрх чөлөөг хангах;
- иргэний нийгмийн хөгжилд төр засаг тээг болохгүй байх эрх зүйн баталгааг бүрдүүлэх;
- иргэдийн энэрэл, ивээл (филантропи)-ийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэгдсэн байх ёстой.
Товчхондоо, хэт институтжиж иргэнээсээ хүнийсгэгдсэн хуулийг халж иргэдийн сайн дурын үйл ажиллагаа, тэр дундаа тэдний хоорондын ёс суртахуунлаг үйл ажиллагааг дэмжсэн иргэнлэг хууль руу алхам хийх хэрэгтэй байна. Ингэж байж гэмээнэ иргэний нийгэм жинхэнэ утгаараа оршиж чадна.
[1] Жэрэми Поуп. Авилгалын эсрэг сурвалж бичиг. УБ., 2003. 187 дахь тал.
[2]CIVICUS Civil Society Index in Mongolia. УБ., 2005, www.soros.org, Монголын иргэний нийгмийн өнөөгийн байдал. Ардчиллын төлөө Олон улсын Иргэний нийгмийн чуулган. Тайлангийн төсөл. УБ., 2005
[3] Alexis de Tocqueville. Democracy in America. New York. 1968. (1840). Volume 2, Part 2
[4] Найжель Ашфорд. Чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд. (Орчуулсан Д.Оюунсүрэн, Т.Бат-Эрдэнэ, М.Батсуурь, Ч.Өнөрбаяр). УБ.,2007. 5 дахь тал.
[5] Петр Копеккнь, Кас Мудде. Иргэний нийгмийн тухай үзэл баримтлалыг дахин эргэцүүлэхүй. Ардчиллын чанар. Судалгааны өгүүллийн эмхтгэл. УБ., 2005. 333 дахь тал. http://en.wikipedia.com/wiki/Civil_society
[6] Иргэний нийгмийн байгууллагуудыг үйл ажиллагааны үндсэн чиглэл, зорилгоос нь хамааруулан “Гишүүддээ үйлчилдэг”, “Нийтэд тустай үйл ажиллагаа явуулдаг” хэмээн ангилах хандлага түгээмэл билээ.
[7] http://www.Google.mn, www. Non Governmental Organization (NGO).com
[8] Краткий обзор заключения Совета Европы о законопроекте “О внесении изменений в некоторые законодательные акты РФ”. http://www.Google.mn, www. Non Governmental Organization (NGO).com
[9] http://www.Google.mn, www. Non Governmental Organization (NGO).com
[10] Монгол Улсын Үндсэн хууль. 1992. 16 дугаар зүйлийн 10
[11] Төрийн бус байгууллагын тухай хууль. 1997. http://legalinfo.mn
[12] http://en.wikipedia.com/wiki/Civil_society