О. Машбат
/МУИС-ийн багш/
Шинэ толь №70, 2010
Түлхүүр үг:
- Үндэсний аюулгүй байдал, Хүчний тэнцвэр, Ардчилал, Гадаад бодлого, Ашиг сонирхол, Их гүрнүүдийн зөрчил
Монгол Улс ардчилсан хувьсгал хийгээд өдгөө 20 жил болж байна. Энэ хугацаанд алдсан оносон зүйл их байгаа нь лавтай. Гэхдээ энэ асуудлыг судлаачид ихэвчлэн нийгмийн байгуулал хөгжлийн хүрээнд авч үздэг билээ.
Энэ илтгэл харин, ардчилал нийгмийн шинэчлэлээс гадна, манай аюулгүй байдлыг улам бүр баталгаажуулсан юм гэдгийг нотлохыг зорилоо. Ардчилал, аюулгүй байдал хоёрыг олон улсын харилцааны либерал онол холбон тайлбарладаг авч энэ өгүүлэлд рационал онолын ойлголтуудыг өргөн ашиглалаа.
Илтгэлийн эхний хэсэгт аюулгүй байдал гэх ойлголтыг олон улсын харилцааны хүрээнд тодорхойлж, хоёр дахь хэсэгт ардчилал Монгол Улсын аюулгүй байдлыг хэрхэн баталгаажуулж байгаа талаар дурдаад, эцэст нь тоймлон дүгнэсэн болно.
Үндэсний аюулгүй байдал гэж юу вэ?
Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах ёстой үндсэн объект бол улс юм. АНУ мэтийн холбооны зарим оронд, улсын аюулгүй байдал хэмээх нэр томьёог муж улсын аюулгүй байдалтай холбоотой хэмээн андуурч магадгүйг харгалзан, үндэсний аюулгүй байдал гэж тодорхойлдог. Жишээ нь, АНУ-д үндэсний аюулгүй байдал гэдэгт улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын тухай асуудлыг хамруулан ойлгодог ажээ. Тиймээс, үндэсний аюулгүй байдал, улсын аюулгүй байдал гэдэг томьёо нэгдмэл улсын хувьд адил утгаар ойлгогддог байна.[1]
Зарим оронд үндэсний аюулгүй байдал, улсын аюулгүй байдал гэсэн хоёр ойлголтыг ялгаж тодорхойлдог. Орос зэрэг зарим холбооны улс үндэсний аюулгүй байдал гэх ойлголтыг “үндэсний аюулгүй байдал” гэх ойлголтоос илүү өргөн хүрээтэй – Tөр нийгэм, хүн гурвын аюулгүй байдлыг хөнддөг хэмээн үздэг.[2]
Энэ тайлбарыг, манай эрдэмтэд хүлээн зөвшөөрч 1994 онд батлагдсан “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-aa цогц аюулгүй байдлын онолын үүднээс тодорхойлсон билээ.
Ямартай ч үндэсний аюулгүй байдлын нэг чухал тулгуур цэг бол улсын аюулгүй байдал мөн. Гурван элементийн онолын ёсоор улс гэдэг төр, хүн ам, газар нутгаас бүрдэнэ.[3] Төр нь газар нутгийнхаа хүрээнд, хүн амаа засаглаж, гадаад дотоод бодлогоо бие даан тодорхойлох дархан эрхтэй байх ёстой. Энэ дархан эрхийг бүрэн эрхт байдал гэх[4] бөгөөд хамгаалбал зохих хамгийн гол объект билээ.
Гэхдээ бүрэн эрхийн тухай сонгодог ойлголт өнөөгийн олон улсын харилцаанд улам бүр бүрхэг болж байгаа тухай олон эрдэмтэн цохон тэмдэглэсэн байдаг. АНУ эдийн засгийн бодлогоо бие даан ганцаараа тодорхойлж чадахгүй, түнш бусад улс, тухайлбал, Европын холбоо, цаашлаад аж үйлдвэржсэн хорин орны энд тодорхой тохируулга хийж байж тодорхойлохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байгааг 2007 оны дэлхийн эдийн засгийн хямрал харуулсан. Харгалзахаас өөр аргагүй болсон нь АНУ, төдийгүй даяар эдийн засагт нэгдэн орсон бүх орны туйлын бүрэн эрхт байдал буюу бусдаас үл хамааран гадаад, дотоод бодлогоо тодорхойлох эрхийг бүрхэгдүүлж байна гэж үздэг.
Дайн, энх, хүчний тэнцвэр
Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал хэзээ найдвартай хамгаалагддаг вэ гэдэг асуудал зүй ёсоор урган гардаг бөгөөд, хэний ч мэдээжээр, энхийн тухай асуудал энд хөндөгдөнө.
Гэвч энх гэж юу вэ? гэдэгт олон улсын харилцааны либерал онолуудаас илүү рационал онол илүү тодорхой хариулт өгдөг. Волтын үзэж байгаагаар бол энх гэж хүчний тэнцвэр оршин байхыг хэлэх бөгөөд хүчний тэнцвэр оршин байгаа нөхцөлд хоёр улс дайтлаа гэхэд тэр нь магад ялна гэсэн баттай магадлал байдаггүй тул, хоёр улсын хэн аль нь дайн өдөөхийг хүсдэггүй байна. Харин нэг улс нөгөөгөөсөө хүчирхэгжин, хүчний тэнцвэр алдагдвал, өсөн нэмэгдэж буй хэрэгцээгээ хангахын тулд дайн хийхгүй гэх баталгаа үгүй болно.[5] АНУ Хүйтэн дайны үед ЗХУ-тай дайтаагүй цорын ганц шалтгаан нь ЗХУ цэрэг зэвсэг, эдийн засгийн чадлын хувьд АНУ-тай өрсөлдөхүйц байсанд оршино. Харин Вашингтон Афганистан руу дайрсан улс төрийн шалтгаан олон улсын терроризмын эсрэг тэмцэл байж болох авч, цэргийн хүчний тэнцвэр АНУ-ын талд илт ашигтай байсан нь дайн хийх боломж олгосон билээ.
Хүчний тэнцвэрийн онолын чухал хэсэг бол улс хоорондоо итгэлцдэггүй, ашиг сонирхлын мөнхийн зөрчилд байх үндэслэл юм. Энэ үндэслэлээр Хүйтэн дайны үеийн зэвсэг хөөцөлдөх явдлыг тайлбарладаг байна. ЗХУ шинэ пуужинтай болмогц хүчний тэнцвэр Москвад ашигтай эргэх вий хэмээж, Вашингтон бас шинэ зэвсэг турших агаад, Вашингтоны энэ туршилт эргээд ЗХУ-г мөн хариу арга хэмжээ авахад хууль мэтээр зэвсэглэлээр хөөцөлдөх чөтгөрийн гогцоонд оруулж орхидог ажээ[6].
Үл итгэлцэл, ашиг сонирхлын зөрчил хоёроос болж хүчний тэнцвэр алдагдаж, дайн үүсдэг тухай бид рационал онолын үндэстэй танилцлаа. Үүнтэй холбоотой хоёр асуулт зүй ёсоор урган гарч ирж байна. Нэгд, ардчилал яаж сэрдэх, үл итгэх байдлыг арилгаж байна вэ? Хоёрт, ардчилал яаж ашиг сонирхлыг тэнцвэржүүлж байна вэ?
Ардчилал, ил тод байдал
Ил тод байдал
Ардчилсан улсын нэг тодорхой шинж бол улс төрийн бодлогын ил тод байдал билээ. Мэдээллийн чөлөөт урсгал, сөрөг хүчний шүүмжлэл, удирдагчиддаа тавих хяналт зэрэг ардчиллыг гадаад улсын хувьд ил тунгалаг болгодог[7].
Монгол Улсын бусад улс руу явуулах бодлого ил тод өргөн хэлэлцэгддэг. Аливаа улстай тогтоосон харилцаанд, манай улсаас тэр улсад тодорхой ашиг сонирхол бүхий хэсэг, аж ахуйн нэгж, бизнесийн төлөөлөл, судлаачид тодорхой ашиг сонирхлоо илэрхийлж байдаг. Мөн олон улсын харилцаа судалдаг хүрээлэнгүүд, иргэний нийгмийн төлөөлөл өргөн хэмжээгээр ярилцаж, хэлэлцэж, шийдвэр гаргах явцад нөлөөлөхийг эрмэлздэг билээ.
Ил тод байх, иргэний нийгмийн өргөн хэлэлцүүлэг явуулах ардчиллын шинж гадаад орнуудад манай зүгээс дайсагнах бодлого барих вий гэх айдсыг үргээж өгдөг байна. Манай гадаад бодлого тодорхойлогдох шатнаасаа ил тод, тодорхой бодлогыг хэр таашаах вэ, ямар сонирхол нь бодлого болж, ямар нь тунаж үлдэж байгааг гадаад улс ил тодорхой харж, зарим тохиолдолд нөлөөлөх боломжтой юм. Оюу Толгой зэсийн ордыг эзэмшихтэй холбоотой халуун маргаан зургаан жил өрнөж, олон орны олон ашиг сонирхол нээлттэй өрсөлдөж байсан. Мөн Хятадын эсрэг үзлийг сурталчилсан Даяар Монгол хөдөлгөөн тайван замаар, ил ажиллаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг: гэхдээ, одоогоор нэг ч нам албан ёсоор энэ хөдөлгөөний үзэл бодлыг дэмжээгүй байгаа явц Бээжингийн нүдээ ил өрнөж байгаа юм. Иймээс Монгол Улс БНХАУ-д дайсагнах бодлого барихгүй нь тодорхой, иймээс Бээжин Монголын талаас аюул нүүрлэнэ гэж цэрэг зэвсэглэлээр хөөцөлдөх шаардлагагүй билээ.
Иймээс гадаад бодлогын ил тод байдал итгэлцлийг бэхжүүлдэг байна. Монгол орноо өрнөж буй үйл явдлаас алсдаа хоёр хөршийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй таагүй үйл явдлын талаарх санал дүгнэлтээ хуваалцах механизм манай улсын судалгааны байгууллагуудаас Орос, Хятадын ижил төстэй байгууллагуудтай тогтоосон харилцаан дээр суурилан бэхжиж байна. Монгол-Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд, нэг жилд, нийт 10 гаруй хурал зөвлөгөөнийг хоёр улсын судалгааны түнш хүрээлэнгүүд харилцан зохион байгуулсан нь итгэлцлийг бэхжүүлэхэд чухал алхам болсон юм.
Зарим талаар улсын нууц гэж зүйл алга боллоо хэмээн шүүмжилдэг боловч бодлого тодорхойлоход олон нийтийн оролцоог хангах явдал ардчиллын чухал шинж мөн. Харин ингэж дэлгэн ярилцдаг боловч шийдвэр гаргах түвшиндээ хэр үр нөлөөтэй нөлөөлж байна вэ гэдэг асуудал өнөөгийн Монголын улс төрийн нөхцөлд нэлээн тавигдаж байна.
Ашиг сонирхлын тэнцвэр
Монгол Улс парламентын засгийн хэлбэрийг сонгон авсан явдал их гүрнүүдийн Монгол дахь ашиг сонирхлыг тэнцвэржүүлж, сөргөлдөөн гарахаас сэргийлэх чухал механизм болсон юм.
Дарангуй дэглэмтэй улс олон улсын бодлогын хувьд таамаглахад түвэгтэй оролцогч хэмээн үнэлэгддэг. Нэг талаас, дарангуй удирдагч ихэвчлэн хувийн ашиг сонирхол, дэглэмийг нь дэмжсэн буюу дэмжихээ амласан улстай хамтран ажилладаг, нөгөө талаас, шийдвэр нь нэг хүнээс хамааралтай учир тааварлахад бэрхтэй байдаг байна.[8] Үүний жишээг бид Төв Азийн орнуудаас харж болно.
Харин ардчилсан улсын хувьд их гүрнүүдийн зөрчилтэй ашиг сонирхол иргэний нийгмийн хүрээг дамжин, улс төрийн намууд дахь сонирхлын бүлэг, цаашлаад парламент дотор ил хэлэлцэгдэх бөгөөд шийдвэр нь дийлэнх тохиолдолд тухайн ард түмэндээ ашигтай гардаг байна. Ардчилсан дэглэмд, улс төрчид ихэвчлэн популист байх тул дараагийн сонгуульд ялахаа бодож, нэрийн төдий боловч сонгогчдод ашигтай шийдвэр гаргах, тэдэнд ашигтай мэт тайлбарлахад анхаарлаа хандуулдаг. Жишээлбэл, бүдүүн төмөр зам тавьбал, Хятадаар дамжиж зах зээл рүүгээ гардаг манай бүтээгдэхүүний үнэд цариг солих үнэ нэмэгдэж, улам үнэтэй болно, улмаар дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар нь буурна хэмээн тайлбар түгээмэл байна. Нарийн, бүдүүн царилтай төмөр замын алийг нь тавих тухай өнөөдөр хэлэлцэгдэж буй энэ асуудалд Орос, Хятад хоёр улсын аль аль нь өөрийнхөө стандартыг Монголд тогтоох санаархалтай байна. Харин алийг нь тавьбал дээр тухай улс төрчид тайлбарлахдаа, Монголын ард түмэнд аль нь ашигтай вэ гэдгийг эргэцүүлэн сурталчилж, Хятадын стандарт манай бүтээгдэхүүний үнийг бага байлгаж, өрсөлдөх чадварт нь сайн хэмээн тайлбарлаж байгааг энэ жишээнээс харж болно. Ийм маягаар ямарваа их гүрэн манай улсын бодлогод нөлөөлөх боломжтой, харин эцсийн шийдвэрийг популист улс төрчид ард түмний санаа бодолд нийцүүлэн гаргахыг эрмэлздэг байна.
Аливаа асуудал гүйцэтгэх эрх мэдлийг барьж буй ганц хүнээс бус, парламентын хүрээнд хэлэлцэгдэж, олонхийн саналаар шийдэгдэх тул манай парламентын засаг их гүрнүүдээс ирж буй дарамтыг саармагжуулах “жийрэг” болдог.[9] Энэ өгүүлэлдээ Фиш, Монгол нэг хүний удирдлагад байсан коммунист дэглэмийн үед хөрш гүрнүүдийн нөлөөнд амархан орж байсан түүхэн туршлагаасаа сургамж авч парламентын засгийн хэлбэрийг сонгосон хэмээн тэмдэглэсэн байдаг. Төмөр замын асуудлаар УИХ-ын шийдвэр гарсны дараа Москва, Бээжин хоёрын зүгээс ямар царил сонгож авснаас нь болж гомдоллох, дарамт шахалт үзүүлэх боломжгүй юм. Харин манай улс төрчид ийм ашигтай шийдвэр гаргалаа гэдгээ сонгогч олондоо тайлбарлаж, таниулах ажилд мордох нь лавтай.
Олон улсын дэмжлэг
Монгол Улс ардчилсан дэглэмээ хадгалж үлдэх нь олон улс, бүс нутаг төдийгүй манай хоёр хөршид ч ашигтай: тиймээс тэдний зүгээс байнга дэмжлэг авч байна. Монгол Улс бол Орос, Хятад хоёр Гүрний завсар орших буфер улс мөн бөгөөд энэ хоёр улсын хувьд манайд ардчилал оршин тогтнох нь ашигтай юм. Нэгд, манай бодлого тодорхойлох явц ил тод байдаг учраас, хоёрт, энэ бодлогод нь хоёр улс хоёулаа нөлөөлөх боломжтой учраас Монгол ардчилсан дэглэмээ хадгалах нь хоёр хөршийн хүчний тэнцвэрийг бэхжүүлнэ. 1960- аад оны үед, БНХАУ Монголыг өөрийн нэг хэсэг хэмээн үздэг байсан бодлогоосоо татгалзан, хилийн зурвасаа баталгаатай тогтоон байж найр тавьсан боловч Монголын коммунист удирдагчид ЗХУ – БНХАУ-ын сөргөлдөөнд Зөвлөлтийн талын байр суурийг баримталсан нь тухайн үеийн Хятадын удирдагчдад сүрхий цохилт болж байсан. Харин манайд тогтсон ардчилал ийм байдал дахин давтагдахаас сэргийлж байгаа юм.
Монголын ардчилал манай улсыг хоёр хөршийн дунд түгжигдэн, олон улсын хамтын нийгэмлэгээс тасарч алслах аюулаас гэтэлгэж байна. Монгол Улс дэлхий ертөнцөөс алслах тусам хоёр хөршийн жин нөлөө улам бүр бэхжиж, буфер улсын хувьд, тэдгээрийн харилцааны золиос болох магадлал өсдөг. ЗХУ – Хятадын харилцаа хүйтрэх үед, манай улс Москватай холбоотон болсноороо өөрийгөө хөрш хоёр орны хооронд гарах болзошгүй дайны тэргүүн шугам болгосон билээ. Тэр үед, манай улсын гадаад нэр хүнд төдийлөн ихгүй, Зөвлөлтийн дагуул орны хувиар, дэлхий ертөнцөөс таслагдан оршиж байсан социалист Монголыг ойшоох, өмгөөлөх өөр гүрэн байхгүй байлаа.
Монгол Улс 1990-ээд оны эхээр ардчилалд шилжин орсноор, олон улсын нэр хүнд нь дээшилж ирсэн билээ. Оюу Толгойн орд нээгдэж, манай байгалийн баялгийг ашиглах гэсэн олон орон, үндэстэн дамнасан нэгтгэлүүдийн анхаарлыг татаж эхэлсэн 2002 оноос өмнө, өрнө, дорнын өндөр хөгжилтэй орнуудаас манай улсад үзүүлж байсан тусламжийн гол шалтгаан бол ардчилал байлаа. АНУ-ын Монгол дахь үндсэн ашиг сонирхол бол мөн л ардчилсан тогтолцоог дэмжин хамгаалах явдал гэж Вашингтон үздэг. Манай улс Орос, Хятад гэсэн хоёр авторитар гүрний дунд орших тогтвортой ардчилал билээ.
Тойм
Ардчилал бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын нэг баталгаа мөн билээ. Ардчилсан дэглэм манай улсын бодлого тодорхойлогдох явцыг ил тод болгож, ингэснээрээ хөрш улсууд, бүс нутгийн орнуудтай итгэлцлийг бэхжүүлэх, харилцан сэжиг таамаг ургахаас сэргийлэх бололцоо олгодог. Түүнчлэн, парламентын засгийн хэлбэр их гүрнүүдийн сонирхлыг ил өрсөлдүүлж, парламентын хүрээнд мөргөлдүүлэн саармагжуулж, улмаар ард түмэндээ ашигтай шийдвэр гаргах боломжийг бүрдүүлж өгчээ. Цаашилбал, Монголд өрнөсөн ардчилал манай улсын олон улсын нэр хүндийг өргөж, хоёр их гүрний хооронд түгжигдэн үлдэхээс сэргийлж байгаа үндсэн хүчин зүйл болсоор иржээ.
[1] Аюулгүй байдал гэдгийг тодорхойлсон хамгийн сүүлийн үеийн судалгаа мөн л улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг гол объект хэмээн үзээд, цааш нь “Жинхэнэ аюулгүй байдал гэдэг зөвхөн цэргийн заналхийллээс хамгаалагдсан байхыг хэлээд зогсохгүй, тухайн улс, ард түмэнд тулгарсан улс төр, эдийн засаг, нийгмийн хамгааллын олон талт эрсдэлийг зохицуулах явдлыг хэлнэ” гэжээ. Helga Haftendorn, Robert 0. Keohane and Celeste A. Wallander, “Imperfect Unions: Security Institutions over Time and Space” (Oxford, New York: Oxford University Press, 1999) 2
[2] “2020 он хүртэлх ОХУ-ын аюулгүй байдлын стратеги” 6 дугаар зүйл.
[3] Woerterbuch fuer Politische Wissenschaft.
[4] “Б. Чимид. “Үндсэн хуулийн мэдлэг” (УБ., 2008) 51-53 106
[5] Stephen Walt. Alliances: Balancing and Bandwagoning. “International Politics: Enduring Concepts and Contemporary Issues” (New York: Harper Collins Publisher, 1992) 96-103.
[6] Russet and Oneal, “Triangulating Peace: Democracy, Interdependence and International Organizations”, (New York; W.W.W Norton & Company. 2001)
[7] Bruce & John, 2001, p. 54
[8] Steven R. David, Explannig Third World Alignment, World Politics, Vol 43, No.2, (Jan, 1991) 233-256