Б. Дэлгэрмаа
/“Норовбанзад” Сангийн тэргүүн/
Шинэ толь №70, 2010
Түлхүүр үг: Үзэл суртал, Ардчиллын төлөвшил, Шашин, Ёс суртахуун, Улс төрийн намын систем
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Эрхэм анд нараа, хатагтай, ноёд оо!
Миний залуу нас Монголын нийгмийн хамгийн сонирхолтой, өрнүүн их үйл явдалтай үед болж өнгөрсөн. Тэртээ хорин жилийн өмнө би Их сургуулийн хуулийн тэнхимийн багш байхад криминалистикийн лабораторид Санжаасүрэнгийн Зориг тэргүүтэй залуучууд оройн цагаар цугларч Монголоо хэрхэн өөрчлөх талаар халуун яриа өрнүүлж байлаа. Яг тэр үеэр Бат- Үүлийн “Шинэ үе” нууц бүлгэмийхэн нийслэлийн гудамж талбайд эсэргүүцлийн ухуулах хуудас нааж, тэрнээс өмнө Ламжав багш маань бид Оросын колони биш хэмээн Их сургуулийн физматын оюутнуудыг бужигнуулж, бүр өмнө нь Баабарын “Бүү март” ном нь гараас гар дамжин уншигдаж үнэхээр бужигнаж буцалж байсан үе байлаа. 1989 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр эхэлсэн Залуу уран бүтээлчдийн 2 дугаар зөвлөлгөөн Залуучуудын соёлын төвд болж тэрхүү зөвлөгөөний төлөөлөгчид манай нийгэмд бугшиж хуримтлагдсан бүхий л зүйлийг уудлан ярилцаж улс орон даяар зөвлөгөөний явцыг чих даран сонсож байж билээ. Тэр зөвлөгөөнөөс хойш МоАХ анхныхаа цуглааныг хийж, ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн билээ. Хорин жилийн тэртээх халуун, дайчин өдрүүдийг эргэн дурсах ёстой. Тэрхүү үйл явдалд оролцож, тийм зүрх зориг гаргаж байсан хүмүүсээ хүндэтгэж, тэднээрээ бахархах ёстой.
Монголын нэн шинэ түүхийн хуудсыг сөхсөн энэ үйл явдлаас хойш 20 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Монгол улс маань их өөрчлөлтийг үзэж, бидний монголчуудын хүрсэн ололт амжилт, гаргасан алдаа эндэл энэ бүгд Монголын түүхийн хуудас болон бичигдэж байгаа бизээ.
Манай Норовбанзад сан та бүгдийг энэхүү зөвлөгөөндөө урьж хамтдаа нэгэн өдрийн хагасыг өнгөрүүлэхдээ ардчиллын он жилүүдийн алдаа оноог дэнслэх гэсэн зорилго тавиагүй. Энэ танхимд хүрэлцэн ирсэн хүмүүс бол манай ардчиллын түүхтэй намтар, хувь заяа нь салшгүй холбоотой миний үеийн төлөөлөгчид болон ардчиллын үр ачаар өндөр боловсролыг өрнө, дорнодод эзэмшсэн, эх орондоо эрдмийн болон уран бүтээлээ туурвиж буй хүмүүс түүнчлэн өнөөдөр шийдвэр гаргах эрх мэдэл бүхий хүмүүсийн төлөөлөл байгаа.
Бид 21 дүгээр зууны даяарчлал, мэдээллийн өндөр хурдтай технологи хөгжсөн орчин нөхцөлд Монгол улсаа хэрхэн чинээлэг амгалан амьдралтай, эрх чөлөөт, хариуцлагатай иргэдтэй, тусгаар тогтносон, иргэншсэн улс болгох талаар санаа бодлоо хуваалцана. 20 жилийн тэртээ залуусын тэмцэлд сэтгэл, зориг давамгайлж байсан бол өнөөдөр бүх талын шинжлэх ухаанд түшиглэсэн, өөрөөр хэлбэл өндөр боловсрол, нарийн мэргэшил, орчин үеийн мэдлэг, мэдээлэл, ажил хэрэгч чанараар монголын төлөө, өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө үг, үйлээ дайчлах шаардлагатай байна.
Энэ эрхэм зорилгодоо хөтлөгдөн бидний урилгыг хүлээн авч хүндэтгэн ирсэн та бүгдэд талархал илэрхийлэхийн ялдамд зөвлөгөөнийг ивээн тэтгэсэн Монголын нээлттэй Форум, түүнийг тэргүүлж яваа хатагтай П.Эрдэнэжаргалд баярлалаа.
Ирээдүйд ардчилал улс төрийн болон үзэл суртлын ямар өрсөлдөгчтэй болох вэ? Ардчиллын төлөвшил дөрвөн түвшинд явагддаг хэмээн нэрт судлаач Фукуяма нэгэнт тодорхойлсон билээ. Эхний түвшин бол үзэл суртал. Энд ардчиллын институци болон түүнийг баганаддаг зах зээлийн бүтэц зөв эсэх тухай хүмүүсийн итгэл үнэмшил чухал үүрэг гүйцэтгэдэг. Ардчилсан нийгэм хүмүүсийн итгэл үнэмшилгүйгээр урт удаан оршин тогтнож чаддаггүй. Манайд ардчиллыг сонгосноос хойш 20 жил өнгөрчээ. Ардчилалд итгэх итгэл цаг хугацаагаар шалгарсан гэж хэлж болно. Хоёрдахь түвшин бол институциуд. Энэ бол үндсэн хууль, шүүх, улс төрийн намын систем, зах зээлийн бүтэц. Эдгээр нь үзэл суртал шиг түргэн өөрчлөгдөхгүй ч төрийн бодлогоор тэдгээрийг залж залуурдаж болно. Энэ түвшинд шинэ ардчилсан улсын хувьд монголд улс төрийн тэмцэл амжилттай өрнөж байсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, үндсэн хуулиа бичиж, улсын үйлдвэрээ хувьчилж, шинээр улс төрийн намууд бий болсон. Хос шилжилтийг амжилттай хэрэгжүүлсэн ч гэж хэлж болно. Гэхдээ л бид ардчилсан хувьсгалын хоёр дахь шат буюу институциудаа шинэчлэх цаг болжээ. Энд юуны өмнө Үндсэн хуулиа, шүүхээ, улс төрийн намуудаа. Гуравдахь түвшин бол иргэний нийгэм. Төрөөс ангид, өөрсдөө бүрэлдэн бий болдог нийгмийн бүтэц бөгөөд улс төрийн институциудын үндэс суурь нь болдог зүйл бол яах аргагүй иргэний нийгэм билээ. Энэ нь улс төрийн институциудаас удаан төлөвшинө, төрөөс ч бага хамаарна. Өрнөдөд энэ нь мэдээжийн юм шиг байсан, харин марксистууд үгүйсгэж байсан тул энэ нь манайд шинэ юм. Тиймээс ч иргэний нийгмийн хамгийн гол эд эс нь болох хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн төлөвшилт удаан хэвээр байна. Дөрөвдэх түвшин бол соёл. Энд гэр бүл, шашин, ёс суртахууны үнэт зүйлс, үндэсний ухамсар, иргэншил, түүхийн уламжлал гээд гүн гүнзгий үзэгдэл хамаардаг тул ардчилсан институциуд эрүүл иргэний нийгэмд тулгуурладагтай адил иргэний нийгэм нь соёлын түвшингээр хэмжигдэнэ. Соёл нь дээрх гурван түвшинд болж буй үйл явдалд хамгийн ихээр өртөх боловч мөн хамгийн удаан өөрчлөгдөнө.
Манай ардчилсан хувьсгал юуны өмнө нэгдэх түвшинд болсон бөгөөд марксист үзэл суртал бөхөж С.Хантингтоны тодорхойлсон ардчиллын гуравдахь давалгаанд өртсөн орон болсон. Гэхдээ манайд эхлээд эдийн засгийн шинэчлэл дараа нь ардчилал гэсэн Азийн ихэнх оронд явагдсан загвар бүхий үйл явц болоогүй, харин чухам хоёрдахь түвшний буюу ардчилсан институциуд хүчтэй бүрэлдсэн. Гуравдахь түвшингийн өөрчлөлт Польш, Унгар, Чех зэрэг постсоциалист оронд уламжлалт ёсоор альтернатив хүчтэй элит байсан учир иргэний нийгэм богино хугацаанд сэргэжбий болсон шиг хүчтэй явагдаагүй. Харин хуучин элитээс хамааралтай манайх шиг нийгэмд ардчиллын давалгаа тэгсгээд намжсан. Нэгэнт Фукуямагийн тодорхойлсончлон институциудын түвшин дэх нийгмийн инженерчлэл соёлын өөрчлөлтийн удаашрал бүхий зузаан хана хэрмэнд цохигдсон. Тэгэхээр манайд эдүгээ соёлын асуудал хамгийн чухал зүйлийн нэг болж байна.
Энэ бүгдээс үндэслэн бид энэхүү Зөвлөгөөнөө дөрвөн чухал асуудалд чиглүүлэхээр хуваасан. Тэгээд ч хамгийн их хоцрогдож буй асуудал болох соёлын асуудлаас эхэлж байна.