М.Энхбат
/УТБА-н гүйцэтгэх захирал асан/
Түлхүүр үг: улс төрийн нам, үзэл суртал, хөгжлийн хандлага, сэтгэлгээний түүх, түүхийн үечлэл
Төр ёсны 2220 жилийн түүхтэй Монгол орны хувьд түүхэн цаг үе бүхэнд тодорхой бүлгүүд байж, улс төрийн үйл явц эрчимтэй хөгжиж байсан нь тодорхой. Монголын ард түмний олон мянган жилийн түүхийн тодорхой үеүдэд, тухайлбал Нэгдсэн улс байгуулагдсанаас эхлэн Эзэнт гүрний үе, улмаар улс төрийн бутралын хүнд бэрх цагт ч нийгмийн тодорхой бүлэглэлүүд байсаар ирсэн хэдий ч өөрийн өвөрмөц онцлогтой Дорно дахины уламжлалт нийгэм болохын хувьд чухамхүү улс төрийн нам байгуулагдсан түүхийн асуудал нилээд хожуу XX зуунд холбогдох юм. Үүнтэй холбоотойгоор Монголын түүхийн чухам хэдий үед нь улс төрийн ямар нам, бүлгүүд буй болсон, тэдгээр нь улс төрийн тогтолцоонд ямар байр суурь эзэлж, нийгмийн удирдлагад хэрхэн оролцсон асуудал гарна. Түүнчлэн тэдгээрийн хэв маяг, зорилго бодлого, нийгмийн бааз суурь, бүтэц бүрэлдэхүүн, зохион байгуулалтын шинж төрх, улс төрийн үйл ажиллагааны арга хэлбэр зэргийг тодорхойлох шаардлага ч бас буй.
1911 оны үндэсний хувьсгалын нэг гол дүн бол хуучин нийгмийг шүүмжлэн, түүний гэм согогийг сайжруулах, шинэчлэх арга замыг эрэлхийлэгчдийг төрүүлсэнд оршино. Чухам тэдний дотроос тухайн цагийн Монголын нийгэмд хэд хэдэн улс төрийн бүлэглэлүүд ялгаран гарч, улмаар үйл явдлын өрнөлтөөр улс төрийн намын үр хөврөл болсон нууц бүлгэмүүд товойн гарсан болно. Энэ үйл явдал нь Монголд анх удаагаа улс төрийн нам байгуулагдах эх суурийг тавьсан бөгөөд бүтэн зууны туршид нэг намаас олон намын тогтолцоо болон төлөвших үйл явц үргэлжилж, эдүгээ ч нийгэм төрийн удирдлагад гол үүрэг гүйцэтгэж байна.Нэн ялангуяа 1990 оны үеэс өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд Монголд олон намын тогтолцоо улс төрийн үзэгдлийн хувьд бодитой оршин үйлчлэх болсон билээ.
Энэ нөхцөл байдал нь улс төрийн үзэгдлийн төвшинд бодит хэлбэршлээ олчихоод байгаа олон намын системийг шинжлэн үзэж, түүний төлөвшилт хөгжлийн явцад нөлөөлж буй улс төрийн бодит орчин, хүчин зүйлүүдийг иж бүрэн утгаар нь судлах зорилтыг түүх, төр судлалын салбарт дэвшүүлэн тавьж байгаа юм. Иймд бид онол практикийн чухал ач холбогдол бүхий энэ асуудлыг өнөөдрийн бага хурлынхаа үндсэн сэдэв болгон тавьж Та бүхнээрээ хэлэлцүүлэхээр хуран цуглараад байна.
Онол практикийн бага хурлын гол зорилго нь Монгол оронд анхны улс төрийн нам байгуулагдан, хөгжин бэхжиж, нийгмийн удирдлагын тогтолцооны цөм болсон түүхийн дэвсгэр дээр хөгжлийн шинэ үе дэхь олон намын систем түүний төлөвшлийн онцлог, үндсэн шинж хандлагыг тодорхойлох явдалд оршино. Энэ сэдвийг сонгож авахдаа:
Нэгдүгээрт: Монгол оронд улс төрийн анхны нам байгуулагдсаны түүхэн ач холбогдолыг тодорхойлох,
Хоёрдугаарт: Улс төрийн тогтолцооны хүрээн дэх онолын болон практик шинжтэй аливаа асуудлыг бодитойгоор авч үзэх нөхцөл нь намын системийн төлөвшилтэй холбоотой байдаг хийгээд,
Гуравдугаарт: Ардчилсан засаглалын үйл ажиллагаанд зонхилох байдлаар оролцон нөлөөлдөг намууд түүний бүрэлдвэр болсон намын системийн асуудлыг судлах нь төрийн удирдлага, төрийн зохион байгуулалтын бүтэц, түүний төлөвшилтийн асуудлыг боловсруулах ажлын анхдагч үндэс тулгуур болголоо.
Өнөөдрийн бага хурлаараа бид:
Нэгд: Улс төрийн нам, түүний системийн тухай ойлголт, тодорхойлолтыг өгөх,
Хоёрт: Монголд анхны нам үүссэн учир шалтгаан түүхэн нөхцөл байдлыг харуулах,
Гуравт: XX зууны Монголын төр, нийгмийн удирдлагад намуудын эзлэх байр суурь, гүйцэтгэсэн үүргийг тодорхойлох,
Дөрөвт: Монгол дахь олон намын тогтолцоо үүсэн бүрэлдсэн шалтгаан, нөхцлийг тодотгох.
Тавд: 1990 оноос хойшхи Монголын намын системийн төлөвшлийн онцлогийг авч үзэх зорилтуудыг дэвшүүлж байна.
“Монголын улс төрийн намуудын үүсэл, хөгжил, төлөвшил, цаашдын хандлага” сэдвийн судалгааны үндсэн эх сурвалж нь Монгол Улсын архивын баримтууд, улс төрийн нам судлалын онолын бүтээлүүд, Монголын намуудын үндсэн баримт бичгүүд /мөрийн хөтөлбөр, үзэл баримтлал/, сонгуулийн болон санал асуулгын дүн зэрэг эх хэрэглэгдэхүүн ба энэ сэдвийн хүрээнд хийгдсэн судалгааны холбогдох материалууд , ном зохиол, тогтмол хэвлэл болно.
Тухайн сэдвийн судлагдсан байдал: Хүн төрөлхтний улс төрийн сэтгэлгээний түүхэн хөгжлийн явцад намыг үзэх үзэл нарийн төвөгтэй замыг туулан, олон зүйлийн хүндрэл бэрхшээлтэй тулгарч ирсэн ч намын түүхийг судлах сонирхол хэзээ ч буурч байсангүй. Нам судлалыг жинхэнэ утгаар нь өнөөгийн ойлголтын түвшинд судлахад өрнөдийн нам судлаач эрдэмтэн – М.Острогорский, Р.Михельс, М.Вебер, М.Дюверже, Р.Арон, Дж.Сартори, Дж.Лапаломбара нар чухал үүрэг гүйцэтгэжээ.
Харин пост-социализмын орнуудад нам судлал, жинхэнэ утгаараа хөгжиж байгаагүй ч тухайн орны эрх баригч намын түүхийг Шинжлэх ухааны коммунизмын онолын хүрээнд марксист арга зүйд тулгуурлан гүн гүнзгий судлан боловсруулсан нь тодорхой. Энэ логик ч Монголд үйлчилсэн бөгөөд нийгмийн хөгжлийн тодорхой үе шат бүрт тус орны төрийн эрхийг барьж байсан цорын ганц намын түүх судлалын агуулга, үзэл хандлага, цар хүрээ өөр өөр байсан билээ. Гэхдээ энэхүү судалгаа нь шинжлэх ухааны хувьд үнэ цэнэтэй зүйл болохыг үгүйсгэх ёсгүй.
Монгол оронд улс төрийн нам үүссэн түүхийг судлах ажлын эхлэл бүр 1920-иод оны дунд үед тавигджээ. 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын дараагаар улс орныхоо тусгаар тогтносон байдлыг бататган бэхжүүлэх, нийгмийг шинэчлэх зорилт дэвшигдэж, тэдгээрийг хэрэгжүүлэгч нь ардын төр, Монгол Ардын Нам хоёр байв.
Тийм ч учраас XX зууны Монголд нам хэмээх улс төрийн байгууллага буй болж, эрх чөлөөний тэмцлийг удирдан зохион байгуулж , улмаар нийгэм төрөө шинэчлэх, хөгжил дэвшилд хүрэх үйлсийг эхэлсэн түүхийг өгүүлсэн анхны ном товхимол гарч эхэлсэнээс Ц.Дамбадоржийн “МАН-ын түүхэнд холбогдол бүхий зүйлүүд” номыг энэ түрүүнд нэрлэх ёстой. Нэн ялангуяа түүнд орсон Д.Догсомын дурдатгал нь нууц бүлгэмийн үүсэл, эхэн үеийн үйл ажиллагааны тухайд үнэ цэнэтэй эх хэрэглэгдэхүүн болсоор ирсэн. 1930-аад оны эхээр МАН-ын анхдугаар их хурлын тухай Л.Дэмбэрэлийн бэсрэг товхимол бичигдэж, намын доторхи зөрөлдөөний тухай Ө.Бадрахын 2 дэвтэр зохиол гарчээ. Улмаар хувьсгалын түүхийг боловсруулах анхны оролдлого хийгджээ. Тэдгээрт МАН-ын үүсэл, зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар үнэ цэнэтэй арвин баялаг мэдээ буй. 1950-иад он хүртэл МАН-ын түүх судлалын хүрээнд их төлөв дурдатгал дурсамжийн чанартай ном зохиолууд, зарим нэгэн баримтын эмхтгэл гарч байжээ.
Монгол улс үндэсний түүхч боловсон хүчинтэй болсон үеэс намын түүхийг судлах ажил нилээд эрчимжиж, 1955 онд Намын Төв хорооны дэргэд Намын түүхийн институт байгуулагдаж, профессор Д. Төмөр-Очир тэргүүтэй зохиогчдын хамтлаг байгуулагдаж “ МАХН-ын түүхийн суралцах бичиг” бүтээлийг туурвисанаас хойш Монголын анхны улс төрийн намын талаар олон арван ном бүтээл, баримт бичгийн эмхтгэл, намын удирдагчдын хэлсэн үг, тавьсан илтгэл, гишүүдийн дурдатгал болон намын түүхийн олон асуудлаар хэдэн зуун өгүүлэл гарчээ. Түүнчлэн намын түүхийн ерөнхий болон тодорхой асуудлуудаар манай түүхчдийн бичсэн томоохон бүтээлийн тоонд Л.Бат-Очир, Лха.Бат-Очир, Д.Даш, С.Ичинноров, Г.Лхамсүрэн нарын зохиолууд зүй ёсоор орно. Эдгээр бүтээлүүдийн хамарсан асуудлын цар хүрээ асар өргөн тул энэ удаад зөвхөн дурдах төдийгөөр хязаарласан болно.
Монгол оронд ардчилсан хөдөлгөөн үүсэж, нийгэмд олон ургальч үзэл дэлгэрэн хөгжсөнөөр эрдэмтэд судлаачид, улс төрчид олон намын систем хийгээд монголын намуудын төлөв байдал, хөгжлийн чиг хандлагыг сонирхон судлах явдал мэдэгдэхүйц өргөжиж байна. Өнөөдөр улс төрийн нам, намын системийн судлалын чиглэлээр Ж.Болдбаатар, А.Цанжид, В.Отгоннасан, А.Юндэндорж, М.Энхсайхан, Д.Баярхүү, Х.Гүндсамбуу, С.Содном, Б.Дэлгэрмаа, Д.Болд-Эрдэнэ, Б.Батжаргал, Д.Ганхуяг, Д.Ганбат нарын зэрэг эрдэмтэд, улс төр судлаачид болон улс төрчдийн судалгаа буй болжээ.
Өнөөдрийн бага хуралд “МАН-ын түүхэн замнал” гэсэн илтгэлийг аймгийн МАН-ын дарга, аймгийн Засаг Дарга, доктор Д.Чандмань тавина. “Монголын улс төрийн намуудын үүсэл, төлөвшил, цаашдын хандлага” илтгэлийг аймгийн Улс төрийн боловсролын Академийн захирал, улс төрийн ухааны магистр, улс төр судлаач М.Энхбат тавьж хэлэлцүүлнэ. Бага хурлын ажиллагаанд Дундговь аймагт үйл ажиллагаагаа явуулж буй улс төрийн намуудын төлөөлөл болж аймгийн Ардын намын дарга Д.Чандмань, аймгийн ИТХ-ын дарга Ц.Мөнгөнцоож, Ардчилсан Намын дарга Л.Данзанноров, Иргэний-Зориг намын дарга Түмэндэмбэрэл, МАШСН-ын дарга Хүүбаян, Сайнцагаан сумын Ардын намын дарга М.Баянсан, сумдын ИТХ-ын дарга, Засаг Дарга, намуудын дарга нар, хэвлэл мэдээллийн сурвалжлагчид, улс төр судлаачид, түүх, нийгмийн ухааны багш нар иргэд сонирхогчид оролцож байгааг баяртайгаар мэдэгдье. Ингээд Та бүхнийг бага хурлынхаа ажиллагаанд идэвхтэй оролцохыг хүсч хурлын ажиллагааг нээснийг мэдэгдье. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэн ерөе. Баярлалаа.
Бага хуралд тавьсан Монголын улс төрийн намуудын үүсэл, хөгжил, төлөвшлийн үйл явц” илтгэлээс:
Илтгэгч нь: М.Энхбат/УТБА/
…Автономит эрхээ алдсанаар туурга тусгаар улсын үед ардчилсан үзэлтнүүдийн санаж сэдсэн бүхэн талаар өнгөрч монголчууд хүн төрөлхтний хөгжлөөс хол хоцорсон хэвээр үлдэх аюул дахин нүүрлэв. Монголын ард түмэн тооны хувьд ч, төрийн тусгаар тогтнолын хувьд ч мөхөх, сэхэхийн дэнсэн дээр байлаа. Харийн түрэмгийлэгчдийг жигшин эсэргүүцэх хүсэл эрмэлзлэл нь нийгмийн гүнд оршиж байсан бусад зөрчлүүдийн хамт илрэн гарч ирэв. Тэдгээр зөрчлүүдийн цар хүрээ, нөлөөлөл харилцан адилгүй ч нийгмийн бүхий л давхрагын дунд үл тэвчих байдлыг буй болгон нийт үндэсний хямралд хүргэв.
1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын гол үр дүн нь хуучин нийгмийг шүүмжлэн, түүний гэм согогийг сайжруулах, шинэчлэх арга замыг эрэлхийлэгчдийг төрүүлсэнд оршино. Чухам тэдний дотроос тухайн цагийн Монголын нийгэмд хэд хэдэн улс төрийн бүлэглэлүүд ялгаран гарч, үйл явдлын өрнөлтөөр улс төрийн намын үр хөврөл болсон нууц бүлгэмүүд үүссэн. Энэ бүгд нь 1921 оны ардын хувьсгалын шууд угтал болсон юм.
Монголын хувьсгалчид буурай хөгжилтэй оронд улс төрийн анхны нам байгуулан 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалыг оройлон манлайлж, ялалтанд хүргэсэн нь үнэхээр гавъяатай үйл хэрэг байсан. Нам байгуулахыг эрхэмд үзсэн нь дэлхий нийтийн жишигтэй ч, улс орны хувь тавиланд ч нийцсэн алсын хараатай сонголт байлаа. Монгол орон төрт ёсны олон зууны уламжлалтай ч, дэлхийн улс төрийн газрын зурагнаас арчигдах дөхсөн, сөнөж буй үндэстний жагсаалтад орж байсан улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг Монгол Ардын Намыг үүсгэн байгуулагчид дахин сэргээж, хамжлагын харилцааг халж, улс эх орондоо бүгд найрамдах засаглалыг тунхагласан билээ.
Энэ үйл явдал нь Монголд анх удаагаа улс төрийн нам байгуулагдах эх суурийг тавьсан бөгөөд бүтэн зууны туршид нэг намаас олон намын тогтолцоо болон төлөвших үйл явц үргэлжилж өнөөдөр ч нийгэм төрийн удирдлагад гол үүрэг гүйцэтгэж байна. 1980-аад оны сүүлчээр Монгол оронд төржсөн нэг намын хүнд сурталт бүтцийг халж, ардчилсан тогтолцоог буй болгохын төлөө тэмцэл хүчтэй өрнөх болов. Энэ тэмцлийн явцад ард олны үндэсний ухамсар сэргэн шинэ намууд төрж гарах болов. Монгол оронд улс төрийн шинэ намууд үүсэхэд нөлөөлсөн гадаад ба дотоод хүчин зүйлүүдийг дараах байдлаар ерөнхийд нь томъёолж болно. Үүнд:
- 1980-аад оны дунд үеэс социалист систем задрах шинж тэмдэг илэрч, Дорнод Европын социалист гэгдэж байсан орнуудад ардчилал шинэчлэлийн үйл явц болсонтой зэрэгцэн БНМАУ-тай оршихуйн маш олон сэжмээр, түүний дотор үзэл суртлын бат нягт холбоосоор гагнагдсан ЗСБНХУ-д М.С.Горбачёвын өөрчлөн байгуулалт” өрнөж эхлэв. “Перестройка” хэмээх тэрхүү өөрчлөн байгуулалтын гол зорилго нь хүнд сурталт тоталитар дэглэмийн уршгийг арилган, социализмыг өөрийнх нь хүрээнд шинэчлэхэд оршиж байсан боловч, социализмын сүйрлийг аварч чадсангүй. Гэхдээ түүний гол үр дүнд нь Дорнод Европын болон Азийн зарим оронд ардчиллын үйл явцыг түргэтгэхэд хүргэсэн юм. Энэ бүхэн нь Монголд ардчиллын үйл явц өрнөн, олон ургальч үзэл дэлгэрсний илрэл болсон шинэ намууд үүсэх таатай гадаад угтвар нөхцөл болжээ.
2.Намууд үүсэн бүрэлдэх үйл явцыг нэг намын уламжлалт бүтэц үр нөлөөгөө алдмагц гэнэтхэн буй болсон хэмээн хялбарчлан ойлгож болохгүй бөгөөд харин нийгмийн хямралын бүхий л үйл явцаар урт хугацааны туршид бэлтгэгдсэн зүй тогтолт үзэгдэл, тоталитари болон авторитар дэглэмийн өөрийнх нь гарцаагүй бүтээгдэхүүн байв. Өөрөөр хэлбэл шинэ намууд нийгмийн өөрийнх нь гүнд хуримтлагдсан зөрчил, бэрхшээл гүнзгийрсэн хямралын үр дүн мөн. Учир нь нийгмийн “зогсонги байдал”, хямрал нь анги бүлгүүдийн доторхи ашиг сонирхлын бодит ялгарлын үйл явцыг шинэ өнгө аяс хэлбэрээр гүнзгийрэхэд хүргэж тэр нь тус оронд улс төрийн шинэ намууд үүсэн бүрэлдэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ.
1980-1990 – ээд оны зааг үед олон түмэн хүнд сурталт, захиран тушаах тогтолцооны мөн чанарыг улам бүр ойлгон мэдрэхийн хирээр улс төрийн идэвхи нь сэргэж ирэв, Энэхүү хандлага нь залуучуудын болон нийгмийн тэргүүлэх сэхээтнүүдийн дунд илүү тод илэрч тухайн үед төр засгийн алдаатай бодлогыг илчилсэн ухуулах хуудас гудамж талбайд нааж, эрх баригчдыг шүүмжлэх, ардчилал, шударга ёсны төлөө тэмцэлд уриалах болов. Өгүүлэн буй үед “ Цагийн толь” сонин гаргаж байсан УБДС-ийн оюутнууд, МҮЭ-ийн Соёлын төв ордны улс төр сонирхогчдын “Орчлон” клуб, МУИС-ийн физик математикийн багш нар улс төрийн “Шинэ үе” бүлгийнхэн, “ Залуу эдийн засагчдын клуб” зэрэг бүлгэм байгууллага буй болж байв. Улмаар 1989 оны 11 -р сарын сүүлээр хуралдсан Залуу уран бүтээлчдийн улсын 2 -р зөвлөлгөөнд оролцогсод нийгмийн байдлыг хурцаар шүүмжлэн, шинэчлэлтийн үйлсийн төлөө шинэ байгууллага болох Монголын Ардчилсан Холбоог үүсгэхээ зарлажээ. Чухам энэ үеэс олон түмний идэвхи онцгой сэргэн идэвхжиж, оршин буй дэглэмийг эсэргүүцсэн, шүүмжилсэн, өөрчлөхийг эрмэлзсэн олон арван холбоод үүсэж эхлэв. МоАХ-ны дараагаар Ардчилсан Социалист Хөдөөлгөөн /АСХ/, Шинэ дэвшилт Холбоо, Эвийн Холбоо нэгдэн Шинэ дэвшилт холбоо байгуулагджээ. Цаашдаа 1990 -ээд оны улс төрийн тэмцлийн явцад Монголын ногоонтны холбоо /МНХ/, Монголын сүсэгтний холоо /МСХ/, Монголын малчин тариачны холбоо /ММТХ/, Монголын ажилчны нэгдсэн холбоо /МАжНХ/ үүсэж тэдгээрийн суурин дээр Монголын Ардчилсан Нам, Монголын Социал- Демократ нам, Монголын Ногооны Нам, Монголын Үндэсний дэвшлийн нам, Монголын Чөлөөт хөдөлмөрийн нам эхлэн байгуулагдав. Нам байгуулагдах үйл явц үргэлжилж Шашинтны Ардчилсан Нам, Монголын Хөрөнгөтний Нам, Малчин Тариачны Нам, Хувийн Өмчтөний Нэгдсэн Нам, Тусгаар Тогтнолын Нам, Нэгдсэн Нам, Сэргэн Мандлын Нам тус тус бий болж улс төрийн үйл ажиллагаагаа явуулах болсон. 1990 – ээд оны эх гэхэд Монголд 20 орчим нам байгуулагдсан түүхтэй. Тэдгээрийг ерөнхийд авч үзэхэд: 1.Эрх баригч нам, 2.Шинээр үүсч байгаа улс төрийн нам, эвсэл холбоод болон хөдөлгөөнүүд, 3. Улс төрийн үйл ажиллагаанд оролцдог олон нийтийн болон сайн дурын үүсгэл санаачлагын байгууллагууд хэмээн хувааж болох байлаа.
Ингэж Монголд олон намын төлөвшлийн гараа болох шинэ намуудын үүсэл бүрдэлтийн үйл явц эхэлсэн. Монголын намуудын үүсэл бүрдэлтийн үйл явц нь нам үүсэх нийтлэг жишиг хийгээд өвөрмөц онцлог зүйлийг өөртөө багтаан хослуул сан улс төрийн түүхэн үзэгдэл байсан.
Германы социологич М.Вебер улс төрийн нам үүсэл бүрдэлтийнхээ түүхэнд 3 үе шатыг дамждаг гэж үздэг. Үүнд явцуу бүлэглэл / язгууртны /, улс төрийн клуб, улс төрийн намууд гэж ангилжээ. Монголд улс төрийн нам үүсэх үйл явц нь тухайн үеийн нийгэм, улс төрийн амьдралын түүхэн өвөрмөц нөхцөл байдлын тусгал болсон улс төрийн шинжтэй бүлэг, бүлэглэлүүдээр дамжин хэрэгжсэн юм. Тийм бүлэглэлд 1919 оны зааг үеэс болон энэ зууны 1980 – аад оны сүүл үеэс тус оронд үйл ажиллагаагаа явуулж байсан бүлэг, бүлэглэлүүдийг багтааж болно гэж үздэг.
20-р зууны эхэн үед Монголд “ Консулын дэнжийн бүлэг”, “Хүрээний бүлэг”, “Ардын нам”, “Түшмэдийн нам”, “Ноёдын нам” нэртэй улс төрийн бүлэглэлүүд үйл ажиллагаагаа явуулж байсан бол 1980-аад оны сүүлчээр “Шинэ үе бүлгэм”, “Залуу эдийн засагчдын клуб”, “Дэвшилт залуучуудын эвслийг санаачлагчид”, Орчлон кпуб” зэрэг бүлэглэлүүд ажиллаж байсан. Монголд эхэлсэн улс төрийн намууд бүрдэх үйл явц нь бүтцийн дараахь үндсэн хэлбэрүүдийг дамжин хэрэгжсэн байна. Үүнд: 1. Цаг үеэ бодитой ойлгож мэдэрсэн, нийгмийн ухамсартай тэргүүний хэсгийн санаачилгаар байгуулагдсан бүлэг, бүлэглэл, клубын хэлбэр, 2. Эвсэл, холбоо, иргэний хөдөлгөөн, байгууллагын хэлбэр, 3. Улс төрийн намууд гэж ангилж болно.
Монголд улс төрийн намууд үүсэн бүрдэх процесс нь “ доороос” өөрөө зохион байгуулагдах хэлбэр, нам дотроосоо болон намууд бие биенээсээ зааглан салах, намууд өөр хоорондоо нэгдэн нийлж зохион байгуулалтын нэгдмэл бүтцэд орох механизмаар аль алиныг нь дамжин хэрэгжсэн байна. Ардчилсан өөрчлөлтийн эхэн үед намуудын задралаас шинэ нам үүсэх үйл явц нэг биш удаа ажиглагдсан бөгөөд энэ нь тухайлбал , хэдхэн жилийн өмнө бат цул байсан МАХН-аас жигүүр гарч, тэр нь томроод МСМН болох буюу эсвэл өөр нам руу хуйлрах үзэгдэл 1990 – ээд оны үед гарч байлаа.
1990-ээд оны эхэн үед МоАН-аас иргэний ардчилсан жигүүр тасран, ЧХН, БНН нэгдэн нийлж Нэгдсэн нам /НН/ бий болсон, түүний дараахнаас /1992/ МоАН, МҮДН, МСМН, Нэгдсэн Нам гэсэн улс төрийн 4 хүчин нэгдэж МҮАН байгуулагдсан түүнчлэн МХӨНН, МТТН,ММТНН нийлж МУНН төрж гарсан зэрэг нь Монголд намуудын нэгдлээр дамжин шинэ нам төрж болох бодит боломж байгааг харуулсан юм.
Монголд намууд үүсэн бүрэлдэх үйл явцын үндсэн онцлог нь тэдгээрийн үүсэх үеийн үзэл баримтлал, нийгмийн төлөөлөл болон бүтэц зохион байгуулалтын бүрдэлтийн өвөрмөц шинж байдлаар нөхцөлдөж байна.
1990-ээд оны зааг үеэс нэг намт тоталитари засаглалыг эвдэж ардчилсан төр төвт тогтолцоонд шилжих нийгмийн бодит зайлшгүй хэрэгцээ шаардлагын улмаас Монголд улс төрийн шинэ намууд ойрмогхон олноор гарч ирсэн. Гэхдээ тэд цэгцэрсэн улс төрийн үзэл баримтлалын нарийн зааг ялгарлын төвшинд бус харин тоталитари дэглэмийг шүүмжилж эсэргүүцсэн олон түмний үзэл бодлын нийтлэг үнэлэмжинд тулгуурлаж байсан. Тодруулж хэлбэл, 1990-ээд оны эхэн үеийн намуудын нийгмийн төлөөлөл бүтэц бүрэлдэхүүн нь баруун, зүүний сонгодог үзэл, онолоо дагаж түүнд тулгуурлах үндсэн дээр бүрдээгүй. Харин таньдаг мэддэг лидерээ дагах буюу мэргэжлийн чиглэл, цаг үеийн нийгмийн улс төрийн уур амьсгалыг хэрхэн хүлээн авснаараа нийлж нэгдэж тухайн намын нийгмийн дэмжигч хэсгийн гол цөмийг бүрдүүлж байсан. Жишээ нь: МСДН нь анх үүсэн байгуулагдахдаа их төлөв физикч математикч зэрэг байгалийн шинжлэх ухааны мэдлэг мэргэжил бүхий сэхээтний бүлгийн төлөөлөгчдийг, МҮДН нь эдийн засагчдыг эгнээндээ нэгтгэж байсан.
Дээр дурьдсан бүхнийг нэгтгэж хураангүйлж үзвэл дараахи хэдэн зарчмын дүгнэлтийг хийж болох байна. Нэгдүгээрт, олон арван жилийн турш оршин үйлчилж байсан захиран тушаах тоталитари дэглэмийн уг мөн чанарыг илчлэн шүүмжилж түүнийг халж өөрчлөх гэсэн олон түмний нийгэм, сэтгэл зүйн уур амьсгал нь 1990-ээд оны үед шинэ үүсэж байгуулагдаж байсан улс төрийн намуудын нийгэм, улс төрийн үзэл баримтлалын сэтгэл зүйн дэвсгэр суурь болж байсан. Хоёрдугаарт, Монгол дахь улс төрийн шинэ намуудын нийгмийн төлөөлөл нь нийгмийн янз бүрийн бүлэг давхрааг багтааж байсан үндсэндээ нэг төрлийн шинжтэй байжээ. 1990-ээд оны эхэн үеийн нам, хүчнүүд нийгмийн тодорхой хэсэг бүлгийн ашиг сонирхлыг илэрхийлэхээсээ илүү нийгмийн нийт бүлэг, давхаргын нийтлэг эрх ашгийг бүхэлд нь буюу түүний зарим талыг төлөөлөх шинжтэй байв. Гуравдугаарт, 1990-ээд оны үеийн намууд тухайн үедээ үндэсний хэмжээнд өөрийн зохион байгуулалтын бүтцээ бүрдүүлж амжаагүй, цэгцрээгүй байсан.
1990-ээд оноос Монголд өрнөсөн Ардчилсан Хувьсгалын нэг үндсэн онцлог нь тус оронд улс төрийн намууд үүсэн бүрэлдэх үйл явцын зэрэгцээ тэдгээрийн төлөвшил хөгжих ерөнхий орчин, хүрээ, хүчин зүйлийн систем бий болж, намууд төлөвших үйл явцтай цаг хугацаа, орон зайн хувьд давхцан явагдсан явдал юм. 1990 -ээд оны ардчиллын явцын өрнөлтийн үр дүнд бүрэлдэн бий болсон улс төрийн намуудын төлөвшилтийн үйл явцад:
Нийгэм, эдийн засгийн орчин/ улс орон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн /, Эрх зүйн зохицуулалтын орчин / Нэг намын онц эрхийг халж, нам төрийн үүргийг зааглах эрх зүйн үндсийг бүрдүүлж, намуудын хууль, сонгуулийн хууль, парламентын, засгийн газрын, Ерөнхийлөгчийн болон шинэ Үндсэн хууль бусад холбогдох эрх зүйн актууд батлагдсан / Улс төр, засаглалын орчин / орчин үеийн ардчилсан улс төр, засаглалын тогтолцооны бүтэц бүрэлдүүн бий болсон /, Соёл, оюун санааны орчин / нэг туйлт үзэл үнэлэмжийн тогтолцооноос олон туйлт плюраль үнэлэмж прагматик үзэл хандлагад шилжсэн / Эдгээр орчин нөхцөл нь намын лидер, хошуучлагч, боловсон хүчин, нийгэм сэтгэл зүй, эрх зүйн болон мөнгө санхүү, нийгмийн бааз, дэмжигчдийн гэх зэрэг бусад олон цогц хүчин зүйлийн нөлөөллийн механизмаар дамжин тус орны улс төрийн хүрээний өвөрмөц үзэгдэл болох нам, намын системийн төлөвшилтийн үйл явцад нөлөөлсөн билээ.
ХОЁР: МОНГОЛ ДАХЬ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ТӨЛӨВШИЛ, ЦААШДЫН ХАНДЛАГА.
Төлөвшилт хэмээх нэр томъёо нь нийгэм улс төрийн институт, субъектийг үйл ажиллагааны хүрээнд хэрэглэгдэж тэдгээрийн хувьсал, өөрчлөлтийн үйлчлэн орших динамик шинжийг илэрхийлж байдаг. Намууд үндэсний хийгээд төрийн засаглалын төвшинд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх явцад ардчиллын тулгуур үнэт зүйлсийг өөртөө шингээн төвлөрүүлж улс төрийн үзэл баримтлал, бүтэц зохион байгуулалт болон нийгмийн төлөөллийн хувьд хэлбэршин зүгширч институтжин төгөлдөржихийн хэрээр төлөвшин хөгждөг. Монголд одогоор улс төрийн 20 орчим нам үйл ажиллагаагаа явуулж байна. Манай намууд өнгөрсөн хугацаанд улс төрийн үйл ажиллагааны зохих туршлага хуримтлуулж алдаа оноон дээрээ суралцан төлөвшин бойжих өсөлтийн үеийнхээ нэлээд хэсгийг туулсан нь тодорхой боловч улс төрийн нам хэмээх бүхэл бүтэн амьд организмын хувьд бүрэн төлөвшин цэгцэрч амжаагүй байна.
Үүнтэй үялдан судлаачдын нэг хэсэг нь Монголын өнөөгийн намуудыг лидер тойрсон сонирхлын бүлэг гэж байхад нөгөө хэсэг нь төлөвшиж байгаа нам гэдэг. 1990 оны эхэн буюу ардчиллын үйл явцын өрнөлтийн төвөгтэй үед Монголын улс төрийн шинэ намууд нь тодорхой нэр хүнд бүхий лидер тойрсон бүлэглэл маягтай байсны улмаас удирдагчийн хэв шинж бүхий нам / харизматическо- вождийстская партия/ байснаа 1990-ээд оны дунд үеэс эхлэнэ үзэл суртал-улс төрийн өвөрмөц үнэлэмжинд суурилсан /идейно-политическая, доктринальная партия / хэв шинж бүхий нам болон хувирч цаашдаа прагматик сонгуулийн хэв шинж бүхий / прагматическая, избирательная партия / намаа үзэл бодолд тулгуурласан нам болгон төлөвшүүлэх хандлагатай байна гэж үзэж байна.
Ингэж үзвэл Монголын өнөөгийн намууд бол ардчиллын эхэн үеийн харизматик лидерүүдийн хэв шинж бүхий намын хэлбэрээс үндэсний хэмжээний зохион байгуулагдсан олон түмний хэв шинж бүхий парламентийн намын хэлбэрт шилжих үеийн өвөрмөц хэлбэр юм.
Монголд шинээр үүсэн бүрэлдсэн намуудын хувьд орчин үеийн парламентын ардчилсан шинж төрх бүхий нам болж төлөвших ерөнхий нэг шаардлага тавигдсан билээ. Харин энэхүү төлөвшилтийн үйл явц нь нийтлэг нэг улс төрийн орчин нөхцлийн хүрээнд гараагаа эхэлсэн. Гэвч Монголын намуудын хувьд парламентын нам болж төлөвших үйл явцын боломж нам тус бүрийн хувьд онцлогтой байдлаар нөлөөлсөн.
Орчин үеийн улс төрийн намууд парламентын нам болж төлөвших нь жам ёсны үзэгдэл бөгөөд ийм шинжийн намуудыг зөвхөн парламентын фракци, бүлгээр хязгаарлаж болохгүй гэж үздэг. Учир нь тухайн нам олон түмний өргөн дэмжлэгийг хүлээж төрийн бодлогод шүүд нөлөөлөн бодлого, зорилгоо хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц хангалттай тооны мандатыг парламентад авсан байх, намууд зөвхөн парламентад мандаттай байх нь хангалттай биш. Харин тэдгээр нь парламентын хүрээнд зохион байгуулалтын өөрийн гэсэн бүтэц буюу албан ёсны бүлэгтэй, үйл ажиллагаа нь тэр хүрээндээ тогтвортой хүч нөлөөтэй, харьцангуй бие даасан байх ёстой, парламентын намын үзэл баримтлал тодорхой цэгцтэй байхаас гадна зохион байгуулалтын үндэсний хэмжээний бүтэцтэй, үйл ажиллагааны хувьд хэлбэршин зүгширч, төлөвшсөн байх ёстой. 1990 оноос хойшхи хугацаанд манай намууд парламентын 6 удаагийн сонгуулийгдамжин төлөвшиж байгаа боловч тэдгээрээс парламентын намын шаардлага шалгуурыг хангасан нь ердөө хоёрхон.
1996-2000, 2004-2008, 2008 – 2012 онуудын УИХ дахь намуудын байршил, хүчний харьцаа төрийн шийдвэр гаргах үйл явцад оролцох тэдний оролцоо,
нөлөөлөл, эрх зүйн статусын шинж байдал гүйцэтгэх үүрэг зэрэг бодит хүчин зүйлүүдийг харгалзан үзвэл дээрхи хугацаанд Монголд хоёр намын тогтолцоо оршин үйлчилж байна гэж үзэх үндэстэй юм. Манай намууд өнөөдөр боловсон хүчний хувьд бэхжин сонгодог парламентын намын төвшинд хүрэхийн төлөө бүх арга боломжийг бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй болж байна. Өнөөдөр манай парламентэд хүчтэй гуравдагч сөрөг хүчний дуу хоолой үгүйлэгдэж байна. 2000 оны УИХ-ын сонгуулийн дараа МҮАН, МСДН, МСМН, МШАН, МоАН-ын эрх барих дээд байгууллагууд ардчиллын төлөө намууд нэгдэх санал гарган улмаар 2000 оны 12-р сарын 06-нд тэдгээр намуудын нэгдэх их хурал хуралдаж АН-ыг байгуулсан. 2002 оны 2-р сарын 20-ны өдөр Иргэний – Зориг нам Бүгднайрамдах намтай нэгдэж Иргэний -Зориг- Бүгднайрамдах намыг байгуулсан. 2004 оны УИХ-ын сонгуулийн дараа ‘‘Эх орон — Ардчилал” эвсэл задарч улмаар Ардчилсан Намаас М.Энхсайхан тэргүүтэй хэсэг нөхөд өрх тусгайрлаж Үндэсний шинэ хэмээх намыг үүсгэн байгуулсан бол саяхан нэрээ өөрчилж Монгол Үндэсний Ардчилсан Нам болжээ. Иргэний Зориг Бүгднайрамдах нам 2 хуваагдаж, түүнчлэн МАХНамд МАНам болон МЭННамууд нэгдсэж, 2010 онд хуралдсан МАХН-ын 26-р их хурлаас МАХНам Монгол Ардын Нам гэсэн анхны нэрээ сэргээсэн бол хэсэг нөхдүүд МАХН болон Хамуг Монголын Хөдөлмөрийн намыг шинээр байгуулж Улсын дээд Шүүхэд бүртгүүллээ. Өнөөдөр парламентэд суудалтай Иргэний Зориг Нам, Ногооны намтай нэгдэх гэрээ хэлэлцээр төвөгтэй явагдаж байгаа бол МАХН, МҮАН, МУННам, Ардчилсан Хүчний Намууд эвсэх нэгдэх талаар мөн яриа хэлэлцээр тандалтын түвшинд явж байгааг судлаачид анхааралтай ажиглаж байна.
Монгол Улсын өнгөрсөн түүхтэй харьцуулбал олон намын тогтолцоо бий болсон нь гарцаагүй нийгмийн дэвшил байсан юм. Гэвч улс орны алс ирээдүйн эрх ашгаас авч үзвэл олон намын тогтолцоо гэдэг нь сэтгэл ханах үзүүлэлт яавч биш . Намуудын олонлог өөрөө улс орны хөгжлийг бий болгохгүй.Тэр тусмаа үзэл баримтлал нь төлөвшөөгүй нам гэдэг нь нам гэхээсээ цөөн тооны хүмүүсийн бүлэглэлээс цаашгүй бөгөөд тийм бүлэглэлүдийн хоорондын тэмцэл олон түмнийг бүрэн төөрөгдөлд оруулахаас өөр үр дүнд хүргэхгүй.
Бүхэлдээ өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол оронд олон намын тогтолцоо бий болсон боловч тэдгээр намуудын цаашдын төлөвшилтөөс нийгмийн нүүр царай хамаарах тийм хөгжлийн шатанд МУлс тулж ирээд байна. Намууд ардчилагдаж байж нийгмийн ардчилал гүнзгийрэх ёстой.
Дэлхийн улс төрийн амьдралын нийтлэг жишгээс үзвэл хоёр намын тогтолцоо нь ардчилал харьцангуй өндөр төвшинд хүрсэн, хүмүүсийн улс төрийн ухамсар, соёл, үнэлэмж баримжаалал нь бодитой бөгөөд тогтвортой, улс төрийн намууд нь жинхэнэ нам шинж төрхөө олж, хэдийнээ цэгцрэн төлөвшчихсөн, нийгэмд эзлэх байрь суурь, нөлөө нь хүчтэй олон түмний итгэлийг хүлээж чадсан тийм улс оронд илүү бодитой, үр нөлөөтэй үйлчлэх бололцоотой намын тогтолцоо юм.
Ардчиллын нөхцөлд хөл тавиад удаагүй, энэ талын туршлага мэдлэг гэхээр юм хомс, хүмүүсийн ухамсар соёлын түвшин дорой, мэдрэмж сул, улс төрийн бодитой үнэлэмж баримжаалал сонголтын тогтвортой үндэс бүрэлдэж чадаагүй, хэт улстөржин туйлшрах нийгэм-сэтгэл зүйн нөлөөлөлд өртөмтгий манай орны хувьд хоёр намын тогтолцоо хүссэн үр дүнд хүрэхгүй байх магадлал бий. Улс төрийн хоёр том хүчний тэнцвэрийг барьж, зохицуулах үүрэг бүхий гуравдагч хүчний байр суурь үгүйлэгдэж байна.
Монголд цаашдаа төрийн засаглалын тогтвортой үндэс болж чадах улс төрийн төлөвшсөн цөөн хүчтэй намуудаас бүрдсэн олон намын тогтолцооны өвөрмөц хэв маяг оршин үйлчлэх магадлал илүү их байна. Ер нь нийгмийн сэтгэл зүй, олон түмний сонирхол нь улс төрийн хоёрхон хүчний нөлөөлөл / эвслийн зөвшилцлөлийн засагтай/ болон хэт олон намууд оршин үйлчлэхийн аль алиныг нь таашаахгүй байгаа юм. Ингэхээр Монголд цөөхөн хүчтэй төлөвшсөн улс төрийн намуудаас бүрдсэн олон намын тогтолцоо оршин үйлчлэх магадлал их байна.
Ардчилсан төрийн тогтолцоон дахь нам нь бусдаас ялгарах өөрийн үзэл онол, баримтлалтай байдаг. УТН-ын үзэл баримтлалын дотоод учир зүй, түүний онцлог талыг тусгайлан шинжлэх нь намын төлөвшилтийн үйл явцыг тодруулан үзэхтэй салшгүй холбоотой.
Намын улс төрийн үзэл баримтлалын агуулгад улс төрийн номлол, үзэл суртал, зорилго, бодлогын гол зарчмууд хамаарагддаг бөгөөд энэ нь намын бодлого, үйл ажиллагааны гол чиглэл, удирдамж нь болдог.
Монголын намуудын үзэл санааны төлөвшилтийн өнөөгийн үйл явц нь нам бүрт харилцан адилгүй жигд биш байсан. МАН, АН, ИЗН-уудыг харьцангуйгаар үзэл дагасан төлөвшилтийн үе болох сонголтын дараах үедээ явж байгаа намууд гэж үзэж болох юм. Харин үлдсэн намуудын хувьд нэг хэсэг нь идэвхтэй эрэл хайгуулын үе, нөгөө хэсэг нь сонгох үедээ явж байгаа гэж хэлж болно. Үзэл баримтлалынхаа суурь зарчим дээр тулгуурлан сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулах нь намуудын төлөвшлийн гол зарчим байх ёстой.
Энэ бүхнийг нэгтгэн дүгнэж үзвэл, манай намууд одоогоор ямар боловч улс төрийн үзэл баримтлалын тодорхой сонголт хийж, энэ хүрээндээ бие биенээсээ заагран ялгарч хөгжин төлөвших шаардлагатай байна. Тодруулж хэлбэл, намууд төлөвшилтийнхээ энэ цаг үед социал-демократ, либерал, консерватив үзлийн үнэт зүйлсийн хүрээнд заагран ялгарч, нэгдэн нийлэх зайлшгүй хэрэгцээтэй байна.
Нэгдэх нийлэх нь Монголын намууд монгол ахуй иргэншил, сэтгэлгээгээр нөхцөлдсөн цэвэр үндэсний онцлог бүхий үзэл санааны үнэт зүйлийг гол баримтлалаа болгох ёстой гэдгээр илэрдэг бол нөгөө талаасаа, хүн төрөлхтний нийтээр хүлээн зөвшөөрсөн ардчилсан улс төрийн үзэл номлол, үнэт зүйлсийг манай намууд илүүтэй баримтлах учиртай гэсэн байр сууриар тусгалаа олж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа 2011.03.02.