Performing role of the Parliamentary election in the enforcement of Mongolian Democracy
Энх-Амгалангийн Саранцэцэг
БНСУ-ын Сүншил Их сургуулийн
Улс төр судлалын докторант
Түлхүүр үг: ардчилал, УИХ-ын сонгууль, ардчиллын бэхжилт, хүний эрх, үндсэн хууль
Key words: democracy, parliamentary election, democracy consolidation, human right, constitution
Хураангуй
ХХ зуун бол дэлхий дахинд их өөрчлөлт өрнөсөн зуун байсан бөгөөд хамгийн гол үйл явц бол нийгэм, улс төрийн хүрээний өөрчлөлтүүд хаа сайгүй өрнөсөн явдал юм. Монгол улсын хувьд ч энэ өөрчлөлтийн салхиар салхилсан он жилүүд саяхан. Монголд өрнөсөн тэрхүү улс төрийн өөрчлөлт нь олон талтай, төвөгтэй үйл явц байсан бөгөөд хувь хүний үзэл бодол, итгэл үнэмшил, эрх, эрх чөлөөнөөс эхлээд засаг төрийн бүтэц зохион байгуулалтыг хүртэл бүгдийг хамарснаараа онцлогтой.
Манай улс ардчилсан шилжилт хийгээд 30 жилийн нүүрийг үзэж байгаа хэдий ч ардчиллыг төлөвшүүлэх үйл явц хямралтай байна[1] хэмээн манай зарим эрдэмтэн, судлаачид үздэг. Үүнийг төрд итгэх итгэл сулрах, сонгуулийн үр дүнг шударга бус хэмээн үгүйсгэх, авлигалын төлөөллийн индекс өсөх, нийгэм, эдийн засгийн зогсонги байдал зэрэгтэй холбон тайлбарладаг. Тиймээс улс төр судлаачид, нийгэм судлаачдын дунд өнөөгийн Монголын нийгэм эдийн засгийн байдлыг шилжилтийн үедээ яваа гэх хандлага ихээхэн түгээмэл байдаг[2]. Хэрвээ үнэхээр шилжилтийн үедээ яваа юм бол чухам юуг, яаж алдсан учраас энэхүү шилжилт гэх үеэсээ гарч чадахгүй байна вэ, үүнээс гарах цаг хугацаа хэдий хүртэл үргэлжлэх юм бэ, гэдгийн учрыг олохыг эрмэлзэж, хичээх нь монголын эрдэмтэн, судлаачдын өмнө тулгамдаж буй асуудлын нэг яах аргагүй мөн.
Харин миний хувьд асуудлыг ингэж үзэх нь оновчгүй гэж үзэж байна. Учир нь шинэ, хуучин аль нь ч бай ардчилал тогтсон улс орнуудын аль алинд нь “ардчиллын хямрал” хэмээх үзэгдэл түгээмэл байдаг нь ажиглагддаг төдийгүй бүхэл бүтэн гурван арван жилийг дамнасан шилжилт гэж байх нь утгагүй юм. Тиймээс би энэхүү өгүүлэлдээ өнөөдрийг хүртэл зохион байгуулсан УИХ-ын сонгуулийн үйл явцад тулгуурлан Монголын ардчиллын үйл явцыг шилжилтийн үеэсээ гарч, бэхжилтийн үе рүү орох хангалттай нөхцөл бүрдсэн гэсэн санал дэвшүүлэхийг зорилоо.
Abstract
The twentieth century was a century of great change in the world. Moreover, the most important process was that social and political changes were taking place everywhere. The winds of change have begun to blow Mongolia in recent years, as well. That political change in Mongolia was a multifaceted and complex process. In addition, it covered everything from individual views, beliefs, rights and freedoms to the structure of government.
Our country is facing 30 years of democratic transition. However, some of our scholars and researchers believe that the process of building democracy is in crisis.
However, there is a widespread perception among politicians and sociologists that the current Mongolian socio-economic situation is on transition period and this is not the way to look at the problem. Since, there is no transition that lasts more than three decades.
Therefore, the major objective of this study was to write briefly about the development of democracy in Mongolia and the parliamentary election process, which are directly related to these issues.
Оршил
Ардчиллын үзэл санаа өнө эртний түүхийн улбаатай ч улс төрийн үзэгдлийн хэмжээнд хүрч, дэлхийн улс орнуудын амьдралд бодитой хэрэгжиж эхэлсэн үе нь XX зуунтай холбоотой ба дэлхийн бүс нутаг, улс орнуудад ардчилал цуцалтгүй урагшлан хөгжиж, цар хүрээгээ тэлсээр байна. Ялангуяа өнгөрсөн зууны 70-аад оны дундаас эхэлсэн судлаачдын нэрлэснээр “Ардчиллын гурав дахь давалгаа” хэмээх үйл явц ардчилсан үзэл санааны тархалт түүний татах чадварыг дэлхий дахинд гойд мэдрүүлж, таниулж өгснөөрөө урьд өмнөх давалгаануудаас ялгардаг. Ардчилалын энэхүү түрэлт глобаль шинжтэй үзэгдэл болж дэлхийн 100 гаруй орон түүнд ямар нэг байдлаар татагдан орж ардчилсан шилжилт, бэхжилтийн үйл явцыг туулж байна.[3] Хүн төрөлхтний энэ түүхэн хандлагаас Монгол улс ч хойш сууж хоцроогүй юм.
1989 оны сүүл үеэс улс орны өмнө хэд хэдэн чухал асуудал тулгарч, нийгэм эдийн засгийн байдал хүндэрсэн нь нэг талаас манай улсын төсвийн 80 орчим хувийг бүрдүүлэгч хуучин ЗХУ энэхүү санхүүжилтээ 1990 онд бүрэн зогсоосонтой холбоотой. Тэрхүү бэрхшээл хүндрэлийг гэтлэх асуудал тухайн үед шинээр байгуулагдсан Ардын их хурал(АИХ), Улсын бага хурал(УБХ), засгийн газрын өмнө тулгарсан нь монголчуудын хувьд ардчиллын төлөөх олон түмний дэмжлэгийн хүчээр эрх чөлөө, тусгаар тогтнолоо эмзэг хэврэгхэн[4] байдлаас гаргаж чадсанаараа түүхэн үйл явдал юм. Өөрөөр хэлбэл, 1990-ээд оноос эхлэн Монгол орон улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт нэгэн зэрэг шинэчлэл явуулж, бүс нутагтаа ардчилсан хөгжлийн загварыг харьцангуй тогтвортой, тайван замаар хөгжүүлж буй улс бөгөөд ингэхдээ улс төр, эдийн засгийн шинэтгэлийг ядуу буурай оронд нэгэн зэрэг хийх нь, тэр тусмаа Азийн орны явах зам биш гэсэн ойлголтыг эвдэж чадсан[5] -аараа онцлогтой.
Монгол улсад орчин үеийн ардчилал үзэл санаа, хүсэл зоригоос олон түмний өдөр тутмын аж байдал, үйл хэрэг амьдралын хэрэгцээний бодит зүйл болсон нь ололт мөн. Үүний зэрэгцээ саад бэрхшээл, өрөөсгөл хандлага, туйлшрал ч гарч түүнийг дагасан сөрөг үзэгдэл, гажуудал цөөнгүй тохиолдож байгаа нь үнэн. Гэхдээ үүнийг жам ёсны үзэгдэл болохыг Ф.Фукуяамагаас эхлээд олон нэр хүндтэй судлаачид тэмдэглэсэн байдаг.[6]
Ийнхүү нэгэнт ардчилсан дэглэмийн замналд орсон улс орнууд түүнийг тогтвортой хөгжүүлэхэд анхаарах учиртай. Тиймээс хүний эрхийн үнэт зүйлсийг хуульчлан баталгаажуулсан Монгол Улсын шинэ Үндсэн хуульд “Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно”[7] гэж заасан юм. Харин энэхүү зорилгоо хэрэгжүүлэх үндсэн хэлбэр нь сонгууль бөгөөд сонгуулиар дамжин тэр эрхэм зорилгод хүрэх учиртай. Монголын өнөөдрийг хүртэлх УИХ-ын сонгууль явуулж ирсэн туршлага, бусад нөхцөл байдлаас харахад Монгол улс аль хэдийн ардчиллыг бэхжүүлж буй орны тоонд оржээ гэж үзэж байгаа юм.
Хамрах хүрээ
Монгол улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа батласнаас хойш эдүгээг хүртэл /2020 оны 7 сар/ Монгол улсад Ерөнхийлөгчийн сонгуулийг 7, Улсын Их хурлын сонгуулийг 8, Орон нутгийн сонгуулийг 7 удаа тус тус амжилттай явуулсан ба энэхүү нийтлэлийн хүрээнд бүх шатны сонгуулийг авч үзэх боломжгүй тул 1992-2020 он хүртэл явагдсан УИХ-ын 8 удаагийн ээлжит сонгуулийн хүрээгээр хязгаарласан болно.
Сэдвийн судлагдсан байдал: Сэдэвтэй холбоотой О.Хатанболдын “Монголын ардчиллын үнэлгээ, арга зүй ба кейс” /Улс төр судлалын ухааны доктор-ын зэрэг горилсон бүтээл/ бүтээлийг эс тооцвол ардчиллыг үнэлсэн, улмаар бэхжилтийн үедээ яваа гэж үзсэн судалгаа шинжилгээний ажил ховор бөгөөд харин Монголын ардчилал, ардчилсан сонгуулийн үйл явц, улс төрийн үйл явц, сонгуулийн тогтолцоо болон улс төрийн намын тогтолцооны алдаа оноо, сорилт, бэрхшээлийн талаар ерөнхийд нь судалсан монголын эрдэмтэн судлаачид цөөнгүйн зэрэгцээ гадаадын эрдэмтэн судлаачид ч нилээдгүй бий. Тухайлбал: ХБНГУ-ын эрдэмтэн Удо Б.Баркманн[8], Оросын судлаач П.Глуховский[9] , Юлиана Петренко[10] , Александр Габуев[11], Тимур Куприянов[12], БНХАУ-ын судлаач Zhang ping /章平/[13], Yang qi ru/杨启如/[14], БНХАУ-ын ӨМӨЗО-ны судлаач Bai yin ji ri ga la/白音吉日嘎拉 [15] БНСУ-ын Данкүүк Их сургуулийн багш송병구[16] гэх мэт олон эрдэмтдийг дурьдаж болно. [17]
Ардчилал ба сонгуулийн хамаарлын тухай
Улс орон бүрийн улс төрийн байгуулал, практик тухайн орны түүх, соёл, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсээр тодорхойлогддог учраас ардчилал чухам тийм байх ёстой гэсэн нийтлэг ухагдахуун байдаггүй учраас ардчиллыг янз бүрээр тодорхойлдог бөгөөд тодорхойлолт бүр цаг үетэйгээ хамт өөрчлөгдөн хөгжсөөр ирсэн жамтай.[18]
Өөрөөр хэлбэл, ардчилал янз бүрийн цаг үед, янз бүрийн газар нутагт, нийгмийн амьдралын үй түмэн салаа мөчирт янз бүрийн хувилбараар хөгжиж байна. Зарчмын хувьд тэр болгонд тодорхойлолт гаргаж болно. Тэгэхлээр нэгдсэн тодорхойлолтоор хөөцөлдөхөөс илүү гол бөгөөд нийтлэг зарчим, үзэл санааны тухай л ярих нь арга зүйн хувьд зөв юм. Тухайлбал, орчин үеийн ямар ч ардчилал хамтын шийдвэр гаргахад бүх нийтийн оролцоо, хяналтыг тогтоох, энэ бүгдэд эрх тэгш байдлыг хангах гэсэн хос зарчимд тулгуурлаж байна гэж хэлж болно.[19]
Ардчилал тогтвортой хөгжихөд нийгэм, эдийн засаг, соёл иргэншлийн нөхцөл, цогц хүчин зүйлүүд нөлөөлдөг. Тогтвортой ардчиллын суурь нөхцөлийг нилээд олон судлаач сонгуультай холбож тайлбарласан байдаг. Самуэль Р.Хантингтон, Клемент Х.Мүүр нар “Хүн амын дийлэнх нь оролцох боломж бүхий өрсөлдөөнт сонгуулиар улс төрийн системийн гол гол удирдагчид нь сонгогдож байгаа нөхцөлд ардчилал оршин байна”[20] гэж сонгуулийг гол нөхцөл болгон онцолсон байна. Хуан Ж.Линц “Засгийн эрхийг тодорхой хугацаанд барих эрхийг ёслон батлах үүднээс удирдагчдын хооронд чөлөөт өрсөлдөөн явуулахын тулд эвсэн нэгдэх, мэдээлэл хүртэх, харилцаанд орох зэрэг үндсэн эрх чөлөөнд тулгуурлан улс төрийн хүсэл зоригоо чөлөөтэй тодорхойлох боломж бүрдүүлж буй бол улс төрийн системийг ардчилсан хэмээн үзнэ”[21]гэж үндсэндээ дээрхтэй адил санааг гаргажээ. Сеймур М.Липсет “Цогцолбор шинж бүхий нийгэм дэх ардчилал бол засаглаж буй эрх баригчдыг өөрчлөн солих үндсэн хуульд тулгуурласан тогтмол боломжийг хангаж буй улс төрийн систем мөн бөгөөд улс төрийн албан тушаалд өрсөлдөгч нарын дотроос сонголт хийх замаар хүн амын хамгийн их боломжит хэсэгт шийдвэрийн ихэнхид нөлөө үзүүлэх эрх олгодог социал механизмыг хэлнэ”[22] гэж тодорхойлжээ. Энд дурдсан 3 ишлэл зарим нэг тодотгол, онцолсон зүйлийг эс тооцвол суурь агуулга нь ойролцоо гэж хэлж болно. Мөн судлаач Аренд Лийпхарт[23], Роберт А.Даль, Жиованни Сартори нар[24] тогтвортой ардчиллын улс төрийн суурь нөхцөлийг сонгууль, улс төрийн тогтолцооны төлөвшил хөгжилтэй холбон тайлбарласан бол Йозеф Шумпетер «Капитализм, социализм ба ардчилал» номондоо ардчиллын амин сүнс болох сонгуулиас ардчилсан системийн бусад шинж чанар урган гарна гээд ардчилал бол “өрсөлдөөний замаар ард түмний саналыг авсны үндсэн дээр тодорхой бие хүмүүс шийд гаргах эрх мэдэлтэй болж улс төрийн шийдвэрт хүрдэг”[25] систем гэжээ.
Ийнхүү тогтвортой ардчиллын улс төрийн суурь нөхцөл нь засгийн газрын албан тушаалтнуудыг ард түмний олонхийн саналаар сонгох үйл явц гэдгийг судлаачид ерөнхийдөө нийтлэг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж болно. Энэхүү сонгох үйл явц нь өөрөө бие дааж шийдвэр гаргадаг, өөрийн гэсэн үзэл бодолтой бусдыг даган дуурайдаггүй, иргэдийн зөв сонголтын үндсэн дээр бүрэн утгаараа биелэлээ олох юм.
Ардчиллын хэрэгжилтийг үнэлэх онол, арга зүйн хандлага
Ардчилал нь өөрөө үйл явц учраас түүнийг ямар нэг байдлаар хэмжих асуудал зайлшгүй гарч ирнэ. Ардчилсан засаглал хэрхэн хөгжиж, бэхжиж байгааг хэмжих нь нийгмийн эсвэл эдийн засгийн үзэгдлийн нэгэн адил тоон үзүүлэлтээр шууд илэрхийлэгдэж, хэмжигддэггүй хэцүү асуудал боловч олон улсын байгууллага, судлаачид эрдэмтдийн ардчиллыг хэмжиж болох тоон үзүүлэлтүүдийн талаар олон саналууд байдаг бөгөөд тэдгээрээс Далийн Полиарх хэмжүүр, төрийн бүтцийн үнэлгээ, Ванхенны ардчиллын индекс, Марк Газиоровскийн улс төрийн дэглэмийн ангилал, Монти Г.Маршалл, Кейт Жаггерс, Тед Гурр нарын төрийн байгууллын мэдээлэл зэрэг ойлголт, аргачлалын ялгаа бүхий тэргүүлэх хэмжүүрүүдийг ардчиллын үндсэн хэмжүүрүүд гэж үздэг.[26] Олон улсын байгууллагаас санал болгож буй үзүүлэлтүүд нь ерөнхийдөө хоёр хэсгээс бүрддэг байна. Нэгд, үндсэн үзүүлэлтүүд, тухайлбал, парламентын хөгжил, сонгуулийн систем ба үйл явц, шүүх засаглал ба хүний эрх, и-засаглал ба мэдээллийн хөгжил, төрийн удирдлагын шинэчлэл, авилгалын эсрэг тэмцэл, хоёрт, тухайн улс орны онцлогийг тусгасан бусад нэмэлт үзүүлэлтүүд болно. [27]
XX зууны 2-р хагасаас эхлэн ардчиллыг эдгээр гол үнэт зүйлсээр нь дамжуулан үнэлэх тодорхой шалгуур үзүүлэлт боловсруулан түүгээр хэмжиж үнэлэх хоёр гол /а. тодорхой үзүүлэлтээр индекс тооцох, b. шкалаар хэмжилт хийж матрикс гаргах/ чиглэлээр ардчилал, ардчилсан засаглалын үнэлгээний арга зүй, аргачиллыг боловсруулан хэрэглэж эхэлсэн билээ. [28]
Харин индексээр тооцох зарчимд үндэслэдэг аргачлалаар ардчиллын үнэлгээг боловсруулдаг байгууллагын нэг болох Фрийдом хаус[29] нь 1972 оноос “Дэлхий ертөнц дэх эрх чөлөө” нэртэйгээр өргөн хүрээг хамарсан дэлгэрэнгүй судалгааг жил бүрийн давтамжтайгаар эхлүүлсэн.[30] Дэлхий дахины эрх чөлөөний төлөв байдалд гарч байгаа өөрчлөлтийг хэмжих зорилгоор улс орнуудын эрх чөлөөний түвшинг улс төрийн эрх, иргэний эрх чөлөө гэсэн үндсэн хоёр хэмжигдэхүүнийг ашигладаг бөгөөд улс төрийн эрхийг илэрхийлэх 10 (нэмэлт 2) асуулт, иргэний эрх чөлөөг илэрхийлэх 15 асуулттай бөгөөд асуулт тус бүрийг шинжээчид 0-4 оноогоор дүгнэнэ. Улс төрийн эрхийг шалгах асуултаар авах дээд оноо 40, иргэний эрх чөлөөг шалгах асуултаар авах дээд оноо 60 байх ба эдгээр оноог 1-7 онооны шатлалд /1.0-2.5 оноо хүртэл чөлөөт, 3-5.0 оноо хүртэл бол хагас чөлөөт, 5.5-7.0 хүртэл оноог чөлөөт бус орон гэж тус тус үздэг байна/[31] шилжүүлэн тооцдог ба хэрхэн шкалд шилжүүлдгийг зураг 1-ээс харж болно.
KEY TO SCORES, PR and CL RATINGS, STATUS[32]
Зураг 1
Харин Монгол улс 2001 оныг хүртэл тус байгууллагын судалгаагаар хагас эрх чөлөөтэй орны тоонд багтаж байсан бөгөөд зураг 2-оос харвал, 2020 оны байдлаар улс төрийн эрх, эрх чөлөө-36 оноо, иргэний эрх, эрх чөлөө-48 оноо тус тус авч нийт 84 оноо авснаар эрх чөлөөтэй орны тоонд багтсан байна. Энэ нь Монголын ардчилал хөгжил өөдөө явж байгаа ба 68-аас дээш оноо авсан тул аль хэдийн бэхжиж буй ардчиллын тоонд орсон гэж дүгнэж болохоор байна.
Монгол орны эрх, эрх чөлөөний индекс[33]
Зураг 2
Монголын УИХ-ын сонгуулийн үйл явц, хэрэгжилт
Монголчууд эрт дээр үеэс хаанаа сонгож байсан боловч энэ нь зөвхөн алтан ургийнхны онцгой эрх байсан бөгөөд жинхэнэ ардчилсан сонгуулийн шинж үгүйсгэгдэж байснаас үзвэл, бид төрт ёсны түүхийн бүхий л цаг үеийн турш сонгуулийг тогтмол хэрэглэж байгаагүй гэж үзэж болно.[34] Түүх болон эрх зүй судлаачдын дийлэнх нь Монгол улсын сонгуулийн тогтолцооны хөгжлийг гол төлөв 1921 оноос үүдэлтэй гэж үзжээ. Үүний дагуу Монгол улсын сонгуулийн хөгжлийг:
- 1921-1924 он буюу засаг төрийн байгууллага, төрийн албан тушаалтныг ард олон өөрсдөө сонгох оролдлогыг анх удаа хийсэн сонгуулийн тогтолцооны эх үүсвэр тавигдсан үе
- 1924-1949 он буюу Монгол улсад анги ялгаварласан, бүх нийтийн бус, олон шаттай, өвөрмөц тогтолцоо бүхий тогтмол бус үйлчлэлтэй, тоталитар дэглэмийн ноёрхлын үеийн сонгуулийн тогтолцооны үе
- 1951-1990 он буюу сонгуулийн системийг бүхэлд нь хэлбэрийн хувьд шинэтгэж, бүх нийтийн, саналаа нууцаар гаргах, тэгш, шууд сонгууль төлөвшүүлэх нэрийдлээр агуулга мөн чанар, зорилго нь илт гажуудсан томилгоог баталгаажуулсан сонгуулийн тогтолцоог хүлээн зөвшөөрсөн үе
- 1990 оноос хойших буюу сонгуулийн ардчилсан зарчмуудыг бодитойгоор хэрэгжүүлж эхэлсэн үе гэсэн үеүдэд хувааж болно.[35]
Эндээс үзэхэд Анхдугаар Үндсэн хууль 1924 онд батлагдсан нь Монгол Улсад сонгуулийн тогтолцоо бүрэлдэн тогтоход чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Уг хуульд Монгол оронд шинээр үүсэн бүрэлдэж байгаа сонгуулийн тогтолцоог сонгуулийн гол зарчим, зорилго, эрх зүйн зохицуулалтыг агуулсан “сонгох, сонгогдох эрхийн тухай” тусгай бүлэг болгон хуулиндаа тусгасан нь сонгуулийн үзэл санаа, хэрэглэх практик төлөвшихөд онцгой үүрэг гүйцэтгэжээ.
Анхдугаар Үндсэн хуульд, БНМАУ-ын төрийн эрх барих байгууллага нь бүх шатны Ардын Хурал мөн бөгөөд эдгээр хурлуудыг байгуулж хууль ёсны болгох улс төрийн ажиллагааны хэлбэр нь Ардын Хурлын сонгууль байхыг тодорхойлж, сонгууль нь жил тутам тогтмол явагдаж байх, сонгуулийг олон шаттайгаар явуулах, сонгох, сонгогдох эрх эдлэх явдал анги ялгаварласан зарчимд тулгуурласан байхаар тогтоожээ. Хэдийгээр нийт ард иргэд үүний дотор эмэгтэйчүүд сонгуулийн эрхтэй болсон боловч бусдыг мөлжин амьдрагчид, худалдаачид, мөнгө хүүлэгчид, ван, гүн ба хутагт хувилгаад, тайж, лам зэрэг хүн амын нилээдгүй хэсгийн сонгуулийн эрхийг хязгаарласнаар сонгуулийн тэгш эрхийн зарчим үгүйсгэгдсэн юм.
1940 оны Үндсэн хуулиар ангийн дайсан, хувьсгалын эсэргүү хэмээгдэх этгээдүүдийн сонгуулийн эрхийг нэмж хасчээ. Харин 1949 оны Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр сонгуулийн хуучин тогтолцоог халж, нийтээрээ, шууд, тэгш эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргах зарчимд тулгуурласан сонгуулийн шинэ, дэвшилтэт тогтолцоонд шилжсэн билээ. 1950-1990 онд сонгуулийн уг тогтолцоогоор Ардын Их Хурлын сонгууль 12 удаа, орон нутгийн Ардын Депутатуудын Хурлын сонгууль 65 удаа тус тус явагдсан юм. Сонгууль тогтворжсон боловч чөлөөт биш, ёс төдий байж, тухайн нийгэмд тогтсон нэг намын дэглэм, захиран тушаах тогтолцоонд үйлчлэх үүрэгтэй байснаас ардчилсан шинжийг бүрмөсөн гээж, гагцхүү “нам, нам бусчуудын ган бат нэгдэл”-ийн илэрхийлэл болон хувирчээ.
1990 оноос улс төрийн амьдралд гарсан өөрчлөлт, шинэчлэлтэй уялдан сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгож шинэчлэх, жинхэнэ утгаар ардчиллын үндсэн хэрэгсэл болгон ашиглах алхмуудыг хийж эхэлсний үр дүнд Монгол Улс түүхэндээ анх удаа 1990 оны 7 сарын 29-ний өдөр Ардын Их Хурал[36]-аа сонгуулиар байгуулсан. Уг сонгууль нь холимог тогтолцоогоор явагдаж улс төрийн олон намууд анх удаа өрсөлдөн оролцсон шинэ, чөлөөт сонгууль болж өнгөрсөн хэдий ч энэхүү ардчилсан сонгууль нь зөвхөн хэлбэрийн төдий л байсан бөгөөд Ардын Их Хурлын танхим нь цөөн намуудын эвслээс бүрдэж байсан. Өөрөөр хэлбэл, Ардын Их Хурлын 430 суудлын 357 суудлыг МАХН/Одоогийн МАН/[37], жижиг намууд болон бие даагчид 73 суудлыг тус тус авсан байна.[38]
1990-1992 оны хоорондох зурвас үеийн улс төрийн энэхүү системийг шилжилтийн чанартай гэж үздэг ба учир нь Монгол улсын нийгмийн байгуулал, эдийн засаг улс төрийн системийг үндсээр нь өөрчилж, хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах, зах зээл, өмчийн янз бүрийн хэлбэрт тулгуурласан эдийн засаг бий болгох, улс төрийн жинхэнэ ардчилсан системийг бүрдүүлэх, үзэл суртал, оюун санааны байдлыг хангах хууль эрх зүйн суурь үндэс бүхий шинэ Үндсэн хуулийг боловсруулж батлаагүй байсанд оршино.
Ийнхүү тус сонгуулиар байгуулагдсан БНМАУ-ын Ардын Их Хурал 1991,1992 оныг дамжин хуралдаж 1992 оны 01-р сарын 13-нд Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталж, тэрхүү хуулиар иргэдийн сонгуулийн эрх чөлөө, тухайлбал, сонгох сонгогдох эрх чөлөөг жинхэнэ ёсоор нь хуульчлан баталгаажуулснаар Монголын ард түмэн ардчилсан аргаар төр барих эрхээ жинхэнэ утгаар нь эдлэх болсон.
Тэрхүү 1992 оны Үндсэн хуулийн 3-р зүйлд “Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэнэ” гэж заасан байна.
Энэхүү төлөөлөгчдийн байгууллага буюу Монгол Улсын Төрийн эрх барих дээд эрх мэдлийг хэрэгжүүлэх УИХ нь нэг танхимтай 76 гишүүнтэй байх ба Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно[39] хэмээн сонгуулийн тогтолцооны зарчмыг тодорхойлсны дагуу өнөөдрийг хүртэл УИХ-ын сонгуулиа амжилттай зохион байгуулж ирлээ гэж хэлж болох юм.
Доор хүснэгт 1, 2-оор 1992 оноос эхлээд өнөөдрийг хүртэлх зохион байгуулсан УИХ-ын сонгуулийн товч үр дүн болон сонгуулийн ирцийг харуулж байна.
1992-2020 оны УИХ-д суудалтай намууд /оноор/[40]
Хүснэгт 1
Сонгуулийн он | Хугацаа | Оролцсон нам эвслийн нэр | Авсан суудлын тоо | Сонгуулийн систем | Ирц (%) | |
1 | 1992 | 1992.06.28 | МАХН/одоогийн МАН/ | 70 | Олон мандаттай томсгосон 26 тойрог | 95,6 |
МоАН, МүДН, НН-ын эвсэл | 4 | |||||
Бие даагч | 1 | |||||
МСДН | 1 | |||||
2 | 1996 | 1996.06.30 | МАХН | 25 | Нэг мандаттай 76 тойрог | 92,15 |
МҮАН-МСДНамын-Ардчилсан холбоо эвсэл | 50 | |||||
МУНН | 1 | |||||
3 | 2000 | 2000.07.02 | МАХН | 72 | Нэг мандаттай 76 тойрог | 82,43 |
ИЗ-НН эвсэл | 1 | |||||
Эх орон МҮАШН-ын Ардчилсан холбоо эвсэл | 1 | |||||
МҮАН-МШАН-ын АХ эвсэл | 1 | |||||
Бие даагч | 1 | |||||
4 | 2004 | 2004.06.27[41] | МАХН | 36 | Нэг мандаттай 76 тойрог | 82,2 |
АН, ИЗН, МАШСН- эх оронардчилал эвсэл | 34 | |||||
БНН | 1 | |||||
Бие даагч | 3 | |||||
5 | 2008 | 2008.06.29[42] | МАХН | 45 | Олон мандаттай томсгосон 26 тойрог | 76,46 |
АН | 28 | |||||
ИЗН | 1 | |||||
Бие даагч | 1 | |||||
6 | 2012 | 2012.06.28[43] | АН | 31 | /Мажоритар ба пропорциональ холимог /48 гишүүнийг олон мандаттай томсгосон 26 тойргоос, 28 гишүүнийг улс төрийн нам эвслийн нэрийн жагсаалт | 67,28 |
МАН | 25 | |||||
ШУДАРГА ЁС ЭВСЭЛ (МАХН-МҮАН) | 11 | |||||
ИЗ-НН эвсэл | 2 | |||||
Бие даагч | 3 | |||||
7 | 2016 | 2016.06.29 | МАН | 65 | Нэг мандаттай 76 тойрог | 73,58 |
АН | 9 | |||||
МАХН | 1 | |||||
Бие даагч | 1 | |||||
8 | 2020 | 2020.06.24 | МАН | 62 | Олон мандаттай томсгосон 29 тойрог | 73,6 |
АН | 11 | |||||
Та бидний эвсэл | 1 | |||||
Зөв хүн электорат эвсэл | 1 | |||||
Бие даагч | 1 |
Дээрх хүснэгтээс харахад УИХ-ын нийт 8 удаагийн сонгуульд 1992, 2000, 2004, 2008, 2016, 2020 онуудад МАН ялалт байгуулж нийт 6 удаа, Ардчилсан холбоо эвсэл 1996, 2012 онуудад ялалт байгуулснаар нийт 2 удаа ялалт байгуулжээ. Харин сонгуульд оролцсон нам, эвслийн байдлыг харвал Монгол улс олон намын тогтолцоотой, сонголт хийх боломжоор бүрэн хангагдсан орон болох нь харагдаж байна. Мөн намууд хоорондоо нэгдэн, эвсэл болон оролцох хандлагатай байгаа нь сонгогчдод альтернатив боломжийг нэмэгдүүлэх, намууд төлөвших, намуудын улс төрийн оролцоо нэмэгдэх зэрэгт эерэг талтай гэж үзэж байна.
МУ-ын УИХ-ын сонгуулиудын ирц ба хүчинтэй саналын тоо /оноор/[44]
Хүснэгт 2
Нийт хүн амын тоо | Сонгуулийн насны хүний тоо | Нэрсийн жагсаалтанд бичигдсэн сонгогч | Санал өгсөн сонгогчийн тоо (хувь) | Хүчинтэй саналын тоо (хувь) | |
1992 | 2.154.646 | 1.202.704 | 1.085.129 | 1.037.392 (95.6%) | 975.149 (94%) |
1996 | 2.231.363 | 1.218.549 | 1.147.260 | 1.057.182 (92.1%) | 1.010.157 (95.6%) |
2000 | 2.382.525 | 1.364.862 | 1.247.033 | 1.027.985 (82.4%) | 1.002.554 (97.5%) |
2004 | 2.407.568 | 1.472.372 | 1.279.516 | 1.051.812 (82.2%) | 1.036.578(98.5%) |
2008 | 2.564.285 | 1.607.825 | 1.542.617 | 1.179.448 (76.46%) | 1.160.326 (98.38%) |
2012 | 2.801.136 | 1.882.035 | 1.840.824 | 1.238.537 (67.28%) | 1.238.537 (100%) |
2016 | 3.057.778 | 1.998.823 | 1.911.047 | 1.406.123 (73.58%) | 1.406.123 (100%) |
2020 | 3.296.866[45] | 2.132.239 | 2.003.969 | 1.475.780 (73.65%) | 1.475.780(100%) |
Дээрх хүснэгтээс харахад УИХ-ын сонгуулийн дүнгээр сонгогчдын ирц 2012 хүртэл буурч байсан бол 2016, 2020 онуудад бага бараг зэргийн өсөлт гарсан байна. Хэрэв ард иргэдийн идэвхитэй оролцоо дутагдвал ардчилал өөрөө доройтон сулардаг[46] гэх гол үндэслэл өнөөгийн гол онолуудад нийтлэг бий. Тиймээс буурсан үзүүлэлттэй гарах буюу сонгогчид сонгуульд оролцох сонирхолгүй болохын аюул нь аль нэгэн албан тушаалд хүн сонгогдохгүйд хүрэхэд бус харин саналаа өгөх ёстой хүмүүсийн маш цөөхөн хувийн саналаар уг албан тушаалтныг сонгоход оршиж байгаа юм. Тийм учир бэхжиж буй ардчиллаа улам бэхжүүлэхийн төлөө мөн нийт төлөөллийг хангах үүднээс сонгогчдын ирцийг нэмэгдүүлэх болон иргэдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэх тал дээр цаашид анхаарах асуудлын нэг яах аргагүй мөн.
Мөн ардчилсан улс төрийн дэглэм бүхий улс орныг тодорхойлох нэг гол шинж бол шийдвэр гаргах эрх бүхий хүмүүс нь бүх нийтийг хамарсан, тогтмол явагддаг, шударга сонгуулиар тодорч, нэр дэвшигчид санал авахын тулд чөлөөтэй өрсөлдөх боломжоор хангагдсан байдагт оршдгийг бид мэднэ. Тиймээс доорх хүснэгтээс 1992 оноос өнөөдрийг хүртэлх УИХ-ын сонгуульд оролцсон нам эвсэл, нэр дэвшигчдийн тоог харьцуулан үзье.
Монгол Улсын сонгуулиудад нам эвслээс нэр дэвшигчдийн тоо болон сонгуулийн зардлын харьцуулалт /оноор/
Хүснэгт 3
Сонгуульд оролцсон нам эвслийн тоо | Нийт нэр дэвшигчийн тоо | Сонгуулийн зардал | |||
нийт | Нам, эвсэл | Бие даагч | |||
1992 | 8 нам, 2 эвсэл | 293 | 275 | 18 | 21.000.000 |
1996 | 5 нам, 2 эвсэл | 302 | 267 | 35 | 270.000.000 |
2000 | 13 нам, 3 эвсэл | 602 | 575 | 27 | 460.000.000 |
2004 | 7 нам, 1 эвсэл | 244 | 229 | 15 | 696.578.660 |
2008 | 12 нам, 1 эвсэл | 356 | 311 | 45 | 7.200.000.000 |
2012 | 11 нам, 2 эвсэл | 544 | 518 | 26 | 16.800.000. |
2016 | 12 нам, 3 эвсэл | 498 | 429 | 69 | 16.453.912.800 |
2020 | 13 нам, 4 эвсэл | 606 | 485 | 121 | 20.500.000.000 |
Жилээс жилд сонгуульд оролцох улс төрийн нам эвслээс болон бие даан нэрээ дэвшүүлж буй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь сонгогдох эрх улам бүр баталгаажиж улс төрийн хөгжлийн хэвийн, тогтвортой байдал бэхжсээр байна гэж үзэх үндэстэй.
Эдгээрээс гадна өнөөдрийг хүртэл явагдсан МУ-ын Их хурлын сонгуулийн онцлогийг дурьдвал[47]:
Нэгдүгээрт: 1990 оноос хойш сонгуулийн эрх зүйн орчинг бий болгож, түүнийг боловсронгуй болгох, өөрчлөн сайжруулах, шинэчлэн найруулах ажлууд хийгдэж ирсэн. Тухайлбал, 1992 онд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлагдаж, 2005, 2011, 2015, 2019 онд тус тус шинэчлэн баталсан. УИХ-ын 1992, 2008, 2012 оны сонгуулийг олон мандаттай томсгосон 26 тойргоор, харин 1996, 2000, 2004, 2016 оны сонгуулиудыг нэг мандаттай 76 тойргоор зохион байгуулсан билээ. Харин 2012 онд явагдсан УИХ-ын ээлжит сонгуулийг олонхийн буюу хвь тэнцүүлсэн тогтолцоог хослуулан УИХ-ын 48 гишүүнийг олон мандаттай томсгосон 26 тойргоос, бусад 28 гишүүнийг улс төрийн нам, эвслийн нэрийн жагсаалтаар нэр дэвшигчдээс сонгов.
Хоёрдугаарт: 1990 оны анхны ардчилсан сонгуулиас хойш Монгол улсад явагдсан УИХ-ын сонгуулиудад Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй улс төрийн намууд болон намуудын эвслүүд оролцож байсан нь олон намын тогтолцоо бүрдэж, сонгуулийн ардчилал хэрхэн бүрэлдэн тогтож, бэхжсэнийг гэрчлэх бас нэгэн томоохон баримт юм.
Гуравдугаарт: УИХ-ын 2012 оны сонгуулийг хосолсон тогтолцоогоор явуулахаар хуульчилснаар “гадаад улсад амьдарч буй иргэд”[48] төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох сонгуульд оролцох эрхийг нь баталгаажуулсан. Үүний үр дүнд 2012 оны сонгуулиар Монгол улс түүхэндээ анх удаа гадаадад байгаа сонгогчдынхоо саналыг авлаа. Уг ажлыг зохион байгуулах комиссыг Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны яамтай хамтран зохион байгуулсан бөгөөд гадаад оронд байгаа Дипломат төлөөлөгчийн газарт сонгуулийн 39 салбар комисст 188 хүн ажиллаж, гадаад улсад амьдарч буй саналаа өгөхөөр бүртгүүлсэн 4276 иргэнээс 2779 иргэн сонгуульд оролцож саналаа өгсөн байна.
Дөрөвдүгээрт: 2011 онд батлагдсан Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн дагуу УИХ-ын 2012 оны сонгуульд анх удаа сонгогчийн бүртгэлийн болон санал өгөх, тоолох, дүн мэдээг дамжуулах ажиллагаанд сонгуулийн авоматжуулалтын техник хэрэгсэл, программ хангамж ашигласанаараа онцлогтой юм.
Тавдугаарт: Монгол Улсын ИХ хурлын 2012 оны ээлжит сонгууль болон Нийслэлийн ИТХ-ын сонгуулиа хамт явууллаа. Мөн сонгогчдын нэрсийн жагсаалтыг үйлдэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг улсын хэмжээнд анх удаа Улсын Бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /УБЕГ/ бие даан зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажилласан.
Зургаадугаарт: УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулиас эхлэн үр дүнг анх удаа орон даяар шууд дамжуулан үзүүлсэн нь мэдээлэл, технологийн эрин зуунд ажиллаж амьдарч, байгааг мэдрүүлж, сонгуулийн үр дүнгээс хамаарсан ямарваа нэг үймээн самуун, үйл ойлголцол, хардлага үүсэхээс сэргийлж чадсан дэвшилтэт үйл явдал болсныг тэмдэглэх нь зүйн хэрэг юм.
Долоодугаарт: МУ-ын 2016 оны ээлжит сонгууль нь анх удаа Аймаг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуультай хат явандсан. Сонгуулийн автоматжуулсан системийг бүрэн утгаар нь төгс хэрэгжүүлсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ сонгох эрхийг хангахад илүү анхаарсан, саналын хуудас нь өндөр нууцлалтай, бар кодтой, брайль үсгийн хавтастай зэрэг олон шинэчлэлийг хэрэгжүүлсэн онцлог сонгууль болсон байна.
Наймдугаарт: 2020 оны 6 сард явуулсан 8 дахь удаагийн УИХ-ын сонгууль нь мэдээж COVID-19 халдварт өвчний тархалтын онцгой үед явуулсан гэдгээрээ онцлог төдийгүй Монголын улс төрийн түүхэнд шинэ өнгө аясыг авчирсан юм. Өөрөөр хэлбэл, КОВИД-19-ийн тархалт нь улс төрийн нам, нэр дэвшигчдийн сонгуулийн кампанит ажлаа зохион байгуулж ирсэн уламжлалт хэв загварыг эвдсэн гэж хэлж болно. Цуглаан, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, мэтгэлцээн хийх, сонгогчдыг олноор нь цуглуулах үйл ажиллагаа зохион байгуулах, айлуудаар явж ухуулга хийх зэрэг хүмүүстэй биечлэн уулзах, харилцах шаардлагатай арга хэмжээнүүд явуулах боломж хязгаарлагдмал байсан тул улс төрийн нам, нэр дэвшигчид сонгогчдод хүрч ажиллах шинэлэг арга барил нэвтрүүлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн.
2020 оны сонгуулийн хувьд сонгуулийн сурталчилгаа өмнөх сонгуулиудтай харьцуулахад яах аргагүй “даруухан” болж өнгөрсөн гэж хэлж болно. Сонгогчдод хүрч ажиллахын тулд сурталчилгааны уламжлалт аргаа өөрчлөн Интернэт орчин, цахим технологи ашиглах, үүнд тухайлбал, нийгмийн сүлжээгээр видео сурталчилгаа явуулах, гэх мэт арга түлхүү хэрэглэж байв. Гэвч зарим хүмүүс цахим орчин, мэдээ мэдээллээс хол, цахим орчин ашиглаж чадахгүйн улмаас шинэ залуу нэр дэвшигчдийг таних мэдэх боломж бага байсан нь өөрийн мэддэг нэр дэвшигчээ сонгох магадлал өндөр тул зарим нэр дэвшигчийн хувьд уламжлалаас хазайлгүй орон даяар өрх бүрд тараагддаг сонгуулийн мэдээллийн товхимолд сурталчилгааны материал, мөрийн хөтөлбөрөө нийтэлж хүргэх байдлаар ажилласан юм.
Хамгийн хүнд нөхцөлд явуулсан 2020 оны сонгуулийн нөхцөл байдлаас товч дурдвал, дэлхий дахинаа COVID19-ийн халдварын тархалт намжаагүй, ойрын хугацаанд намжих эсэх нь тодорхойгүй нөхцөлд дэлхийн улсууд шат шатны сонгуулиа товлосон цаг хугацаандаа зохион байгуулах уу? эсвэл хойшлуулах уу? хойшлуулвал хэзээ хүртэл хойшлуулах вэ? гэдэг адармаатай сорилттой тулгарч байгаа нь үнэн билээ. Эдгээр шийдлийн тэнцвэрийг олоход амаргүй нь ойлгомжтой. Төр иргэд хоорондын нийгмийн гэрээг гүйцэтгэх нь чухал хэдий ч иргэдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл учрах нөхцөл үүсвэл яах вэ? гэдэг хэцүү асуулт урган гарна. Учир нь санал хураалтын үеэр хүмүүс олноороо цуглах нь зайлшгүй ба үүнээс үүдэн халдварын тархалт нэмэгдвэл хэн хариуцах вэ? Энэ нь цаашлаад үндэсний аюулгүй байдалтай холбоотой ээдрээтэй, төвөгтэй асуудлын нэг билээ. Тиймээс МУ-ын хувьд УИХ-ын 8 дахь удаагийн ээлжит сонгуулиа товлосон хугацаандаа хийх үү? Хойшлуулах уу? гэдэг нь тухайн үед олон янзын санал, маргааныг дагуулсан.
2020 оны 4 сарын 14-ний байдлаар [49] дэлхийн 47 улс сонгуулиа хойшлуулах шийдвэрийг гаргаад байх үед БНСУ 21 дэх удаагийн Үндэсний Ассамблейн ээлжит сонгуулиа товлосон хугацаандаа буюу 2020 оны 4 сарын 15-ны өдөр амжилттай зохион байгуулснаар дэлхий нийтийг гайхшруулсан билээ. Энэ нь COVID19 цар тахлын үед үндэсний хэмжээний сонгууль зохион байгуулж, түүчээлсэн анхны орон болсон тул БНСУ-ын Үндэсний Ассамблейн сонгууль нь бэлтгэл хангах үе шатнаас эхлээд төгсгөл хүртэл дэлхий нийтийн анхаарлын төвд байсан. Өөрөөр хэлбэл дэлхийн бүх орнууд тэр дундаа сонгуулиа товлосон хугацаандаа хийх эсэх нь эргэлзээтэй байсан улсууд БНСУ-ын энэ эрсдэлтэй мөртлөө зоригтой шийдвэрийг эхнээс нь төгсгөл хүртэл нүд салгалгүй ажигласан гэхэд болно. Ялангуяа БНСУ-ын Үндэсний Ассамблейн сонгуулиас хоёрхон сарын дараа УИХ-ын 8 дахь удаагийн ээлжит сонгуулиа хийх эсвэл хойшлуулах талаар тодорхой шийдэлд хүрч чадахгүй, ерөнхийлөгч нь /МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга/ хүртэл сонгуулиа хойшлуулах нь зүйтэй гэсэн санал гаргаж байсан Монгол улсын хувьд үнэтэй туршлага болох нь гарцаагүй байсан юм.
Коронагийн халдвар дотооддоо байхгүй ч гэсэн сонгуулиа товлосон хугацаандаа зохион байгуулвал эрүүл аюулгүй орчинг хэрхэн бүрдүүлэх, хэрхэн яаж зохион байгуулах, тодорхой урьдчилсан нөхцөлийг яаж бүрдүүлэх зэрэг асуудлаар толгойгоо гашилгаж байсан Монгол улсын хувьд бэлэн туршлага, нөгөө талаар маш том зоригийг өгсөн гэхэд буруудахгүй. Ингээд Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам-ыг 2020 оны 5-р сарын 27-ны өдөр МУ-ын Засгийн газраас батлан УИХ-ын ээлжит сонгуулиа товлосон ёсоор зохион байгуулах, халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлын хэрэгжилтийг хангаснаар 2020 оны 6 сарын 24-ний өдөр өглөөний 7.00 цагаас оройны 22.00 цаг хүртэл 8 дахь удаагийн УИХ-ын сонгуулийн санал хураалтаа амжилттай зохион байгуулж, одоогийн эрх баригч нам буюу МАН 62 суудал аван ялалт байгуулсан юм. Энэ нь МАН-ын дарга Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн засгийн газрын үйл ажиллагаа, түүний нэр хүнд, COVID19-ийн тархалтын эсрэг цаг алдалгүй, шуурхай авч хэрэгжүүлж буй бодлого, дотооддоо халдварын тохиолдол гараагүй зэрэгтэй шууд холбоотой гэж манай эрдэмтэн судлаачид үзэж байна.
Ийнхүү Монгол улс COVID19-ийн тархалтын хүнд нөхцөл байдалд ч Улсын Их Хурлын сонгуулиа амжилттай явуулж, иргэнийхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан, төдийгүй ийм айдастай үед чөлөөтэй, шударга сонгууль явуулах чадвар нь ардчилал бэхжиж буй орон гэдгийг улам бүр баталж байгаа юм.
Ингээд 1990 оны анхны чөлөөт, олон намын оролцоо бүхий ардчилалд шилжсэнээс хойших Монгол улсыг харвал:
- Хүний эрх, эрх чөлөөний үзэл баримтлалд тулгуурласан ардчилсан үндсэн хуультай боллоо.
- Эрх зүйт төр, иргэний нийгмийн зүг шийдвэртэй алхам хийж, чөлөөт бүх нийтийн сонгуулиар УИХ, Ерөнхийлөгч, Орон нутгийн ИТХ-ыг сонгодог УИХ-ын 8, Ерөнхийлөгчийн-7, орон нутгийн хурлыг сонгох бүх нийтийн сонгуулийг 7 удаа явуулж, төрийн түшээдтэй хариуцлага тооцож халж, солих сонгогчдын эрх үүрэг бодитой боллоо.
- Олон намын систем тогтож, олон ургальч үзэл дэлгэрэв.
- Төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмууд үйлчилж эхлэв.
- Иргэний ба улс төрийн эрх, эрх чөлөөг бодитой эдлэх улс төр, эрх зүйн үндэс тавигдлаа.
- Ардчиллын замналд эргэлт буцалтгүй орсон Монгол Улс ардчилсан тогтолцоогоо улам бэхжүүлэхээр 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр 1992 онд батлагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. /Тус хуулийн төслийг эцэслэн батлах хуралдаанд 63 гишүүн оролцож, 100 хувийн саналаар баталсан юм./
- Иргэдээс улс төр, улс төрийн систем, дэглэмд хандах хандлага, чиг баримжаа өөрчлөгдөж Монголын улс төрийн соёлд гүнзгий өөрчлөлт гарлаа.
Энэ бүгд нь Монголд ардчилал шилжилтийн үеэсээ гарч, бэхжилтийн үе рүү орсон гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг болсныг илтгэнэ.
Дүгнэлт
Ардчилал сонгууль хоёр бол нэг зоосны хоёр тал юм. Тиймээс бид сонгуулийг жинхэнэ утгаар нь явуулж эс чадваас сонгуулиар халхавчилсан квази-ардчилал тогтож, ард түмэн улс төрийн талбар дахь хэдхэн тооны олигархийн тоглолтыг харж суудаг үзэгчид төдий болох аюултай[50] гэжээ. Гэвч бид өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжүүлснээр ардчиллыг бэхжүүлээд байгаа нь магтууштай.
Монгол улсыг ардчилалд шилжсэн хугацаа, шинж байдлаар нь ардчиллыг шинээр сэргээн тогтосон орнуудын бүлэгт багтаадаг. Пост-социалист орнууд дотроо ардчиллын замд тууштай байж, энэ замаараа илүү үр нөлөөтэй хөгжиж байгаа цорын ганц орон гэж үзэж болно.[51] Хөрш хоёр их гүрнийг харвал Монголын ардчиллын талаарх магтаал илү үндэслэлтэй санагдана. Хуан Линц, Степан/1996/ нар Монгол дахь ардчисан үйл явцыг судалж дүгнэх явцдаа судалгаа арга зүй, хандлагад хамаарах санаануудыг хөндсөн байдаг. Тэд Монгол улс ардчиллын бэхжилтийн бүх үзүүлэлтийг хангаж байгааг дурдаад, ямар ч томоохон бүлэг буюу байгууллага тоглоомын ардчилсан журмыг үгүй хийхийг эрмэлзэхгүй байна, засгийн эрхэнд байгаа хүмүүс үндсэн хуулийн зарчмыг мөрдлөг болгож байна, эдийн засгийн хүнд хэцүү нөхцөлд ч иргэд ардчиллыг дэмжиж байна гэж дүгнэжээ. Үүний зэрэгцээ гадаадын зарим мэргэжилтэн Монгол улс ардчиллын орчин үеийн гол гол шалгуур үзүүлэлтийг хангаж байна[52] гэж үзжээ.
Мэдээж Монгол дахь Ардчилал нь нийгмийн эрэлт хэрэгцээ, эмх цэгц, аюулгүй байдлыг хангаж, чадах нь уу, үгүй юу? гэдэг эргэлзээ шүүмжлэл хаа сайгүй байдаг. Өрөөр хэлбэл, улс орнуудад буй болсон ардчиллыг нураах өч төчнөөн учир шалтгаан байх нь гарцаагүй. Тэгсэн ч социологич Ральф Дарендорфын “Ардчилал жамаараа төлөвшихийг хүлээн 60 жил үүрэглэж болохгүй. Ардчиллыг тордох, чанаржуулах нь хүн бүрийн болон иргэний нийгмийн цуцалтгүй хүчин чармайлтаас шалтгаалдаг[53] гэж хэлсний дагуу Монгол улс ч гэсэн нэгэнт бэхжиж байгаа ардчиллаа улам бэхжүүлэхийн тулд ардчилсан хөгжлийн жилүүдийн зөрчил бэрхшээл, сорилтуудыг даван туулах нь зүйн хэрэг юм.
НОМ ЗҮЙ
Монгол хэл дээр
- Д.Бумдарь, С.Оюунбилэг, 2018, Шууд Ардчиллын хэлбэрүүд: Харьцуулсан судалгаа, Политологи сэтгүүл, Улаанбаатар,
- Ч.Өлзийсайхан, Ц.Өлзийжаргал, 2018, Монголын нийгмийн дүр төрх, Политологи сэтгүүл, Улаанбаатар,
- Ш.Содном, Ц.Ганболд, Ё.Довчин, 2009, Монголын ардчилах үйл явц ба сонгууль, Монгол дахь сонгуулийн үйл явц: онол, практик ЭШБХ-ын эмхтгэл, Улаанбаатар,
- С.Билэгсайхан, 2012, Шинэтгэл, Шинэ Монгол, Улаанбаатар, 101 дэх тал
- О.Хатанболд, 2019, Монгол дахь ардчиллын мөн чанар, төлөвших үйл явцын онцлог, Улаанбаатар,
- Ф.Фукуяама, Улаанбаатар, Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн, Улаанбаатар, 98 дахь тал/Fukuyama F. 1992, The End of History and the Last Man. Free Press, New York/
- МУ-ын Үндсэн хууль, Улаанбаатар, 1992 он
- МУ-ын Үндэсний Статистикийн хороо, Улаанбаатар, Ардчилсан засаглал судалгаа-ны үр дүн, 2016
- О.Хатанболд, Улаанбаатар, Монголын ардчиллын үнэлгээ: Арга зүй ба кейс, /Улс төрийн ухааны докторын зэрэг горилсон бүтээл/, 2016
- Э.Саранцэцэг, 2020, БНСУ-ын 21 дэх удаагийн парламентын сонгуулийн нөхцөл байдал, Политологи сэтгүүл,
- Михиал Клима, 2017, Тоталитар дэглэмээс гажуудсан ардчилал руу, Улаанбаатар,
Англи хэл дээр
- Samuel P.Hantington, Clement H.Moore, 1970, Authoritarian Polities in Modern Societey, The Dynamics of Estabilished One-Party-Systems, New York-London,
- Juan J.Linz. 1975, Totalitarian and Authoritarian Regimes, Handbook of Politics Science #3, Macropolitical Theory, Reading/Mass,
- Seymour M.Lipset,1983, Political Man, The Social Bases of Politics, London,
- Arend Lijphart, 1984, Democracies. Patterns of Majoritarian and Consensus Democracies in Twenty-One Countries, New Heaven-London,
- Robert A.Dahl, 1978, Polyarchy, Participation and Opposition, New Heaven-London
- Hans-Joachim Lieber. Politische Theorien von der Antike bis zur Gegenwart. Bundeszentrale fuer politische Bildung, Band
- Todd Landman & others, 2006, State of Democracy in Mongolia:A Desk Study. Essex University Press, UK,
ИШЛЭЛ ЗҮҮЛТ
[1] Д.Бумдарь, С.Оюунбилэг, 2018, Шууд Ардчиллын хэлбэрүүд: Харьцуулсан судалгаа, Политологи сэтгүүл, Улаанбаатар, 124 дэх тал
[2] Ч.Өлзийсайхан, Ц.Өлзийжаргал, 2018, Монголын нийгмийн дүр төрх, Политологи сэтгүүл, Улаанбаатар, 155 дахь тал
[3] Ш.Содном, Ц.Ганболд, Ё.Довчин, 2009, Монголын ардчилах үйл явц ба сонгууль, Монгол дахь сонгуулийн үйл явц: онол, практик ЭШБХ-ын эмхтгэл, Улаанбаатар,
[4] С.Билэгсайхан, 2012, Шинэтгэл, Шинэ Монгол, Улаанбаатар, 101 дэх тал
[5] О.Хатанболд, 2019, Монгол дахь ардчиллын мөн чанар, төлөвших үйл явцын онцлог, Улаанбаатар, 7дахь тал
[6] Ф.Фукуяама, Улаанбаатар, Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн, Улаанбаатар, 98 дахь тал/Fukuyama F. 1992, The End of History and the Last Man. Free Press, New York/
[7] МУ-ын Үндсэн хууль, Оршил Улаанбаатар, 1992 он
[8] Удо Б.Баркманн. “МАХН-ын улс төрийн өөрийн ойлголтын тухайд”. Монгол улсын ШУА-ын ОУСХ. Герман : судалгаа, мэдээлэл. УБ., 2005. “Монгол дахь улс төрийн намууд ба ардчиллын үйл явц”. УБ., 2005. “МАХН ардчилал геополитикийн шахаанд орсон нь” . УБ., 2005, “Монгол улсын шилжилтийн үеийн улс төрийн намуудын үүрэг”. УБ., 2006
[9] Глуховский П. 2002, “Монголын улс төрийн намуудын систем сонгуулийн ялгаатай тогтолцоонд хэрхэн хөгжих талаар эргэцүүлэл” Улаанбаатар
[10] Юлиана Петренко, 2013, Долгий путь к демократии Монголия вчера и сегодня. Журнал о выборах. №4.
[11]А.Габуев: На монгольских выборах использовали минеральный ресурс. Большинство в парламенте получила правящая партия. “Коммерсантъ”, 1 июля. № 111(3928) от 01.07.2008. Коммерсантъ.
[12] Тимур Куприянов
[13] Zhang ping (Жанпинь), 1999, “Монголын улс төрийн намын тогтолцоо болон өөрчлөлт хөгжлийн чиг хандлага”. Монгол улсын судалгаа сэтгүүл. БНХАУ-ын Монгол улсын талаарх судалгааны нийгэмлэг. Хөх хот
[14] Yang qi ru (Янциру), 1999, “Монгол улсын 2000 оны УИХ-ын сонгуулийн өмнөх нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлага”. Монгол улсын судалгаа сэтгүүл. БНХАУ-ын Монгол улсын талаарх судалгааны нийгэмлэг. Хөх хот
[15] Bai yin ji ri ga la (Баянжаргал), 1999 “Монгол улсын сонгуулийн тогтолцоо”. Монгол улсын судалгаа сэтгүүл. БНХАУ-ын Монгол улсын талаарх судалгааны нийгэмлэг, Хөх хот
[16] 송병구(단국대), 2011, 민주화 이후 몽골 정치의 변화와 전망: 총선과 대선을 중심으로 “21세기 중앙아시아의 지속과 변화”
[17] Д.Түмэнжаргал, Zhou Guang Hui, Монголын сонгуулийн тогтолцоо, хувьсалт өөрчлөлт, хэрэгжилтийн асуудал, Улаанбаатар, Политологи сэтгүүл
[18] Г.Чулуунбаатар, О.Хатанболд, 2014, Философи-эрх зүйн судлал-XXIX, Эрдэм шинжилгээний цуврал Улаанбаатар,
[19] Мөн тэнд
[20] Samuel P.Hantington, Clement H.Moore, 1970, Authoritarian Polities in Modern Societey, The Dynamics of Estabilished One-Party-Systems, New York-London, page 509
[21] Juan J.Linz. 1975, Totalitarian and Authoritarian Regimes, Handbook of Politics Science #3, Macropolitical Theory, Reading/Mass, page 82
[22] Seymour M.Lipset,1983, Political Man, The Social Bases of Politics, London, page 27
[23] Arend Lijphart, 1984, Democracies. Patterns of Majoritarian and Consensus Democracies in Twenty-One Countries, New Heaven-London,
[24] Robert A.Dahl, 1978, Polyarchy, Participation and Opposition, New Heaven-London
[25] Hans-Joachim Lieber. Politische Theorien von der Antike bis zur Gegenwart. Bundeszentrale fuer politische Bildung, Band 299, p.710.
[26] МУ-ын Үндэсний Статистикийн хороо, Улаанбаатар, Ардчилсан засаглал судалгаа-ны үр дүн, 2016
[27] МУ-ын Үндэсний Статистикийн хороо, Улаанбаатар, Ардчилсан засаглал судалгаа-ны үр дүн, 2016
[28] О.Хатанболд, Улаанбаатар, Монголын ардчиллын үнэлгээ: Арга зүй ба кейс, /Улс төрийн ухааны докторын зэрэг горилсон бүтээл/, 2016
[29] Freedomhouse-АНУ-д төвтэй судалгааны байгууллага ба 1950-иад оноос эхэлж, дэлхийн хэмжээний эрх чөлөөний төлөв байдлын тухай тайланг гаргаж ирсэн.
[30] Судалгааны аргачлалыг АНУ-ын судлаас Раймонд Гастиль боловсруулсан бөгөөд 2009 оны байдлаар судалгаанд 194 улс орон, 14 газар нутгийг хамруулсан байна.
[31] Freedom in the World 2019 Methodology, page 4,
[32] Freedom in the World 2019 Methodology, page 18,
[33] https://freedomhouse.org/country/mongolia/freedom-world/2020
[34] Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл, 6 дахь тал
[35] Мөн тэнд
[36] 1924 онд батлагдсан БНМАУ-ын анхдугаар Үндсэн хуулиар Улсын Их Хурал (УИХ) нь төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага болохыг хуульчилсан ба 1960 онд батлагдсан Үндсэн хуулиар төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагыг Ардын Их Хурал /АИХ/ гэж нэрлэх болсон. Харин доод танхимыг Улсын Бага Хурал /УБХ/ гэдэг.
[37] Үндэсний засаг төрөө сэргээхээр хүчээ нэгтгэсэн Хүрээний ба Консулын 2 бүлгэм 1920 оны 6 сарын 25-нд “Монгол Ардын нам” нэртэй улс төрийн нэгэн байгууллага болсон. 1921 оны 3 дугаар сарын 1-3-нд болсон зөвлөлгөөнөөр удирдах байгууллага-Төв хороог сонгон, мөрийн хөтөлбөр “Монгол Ардын намаас түмэнд тунхаглан зарлах бичиг”-ийг баталснаар улс төрийн намын шинжийг бүрнээ олжээ. 1924 оноос тус намын дэргэд олон улсын коммжнист хөдөлгөөний байгууллага – Коминтерний төлөөлөгч суух болж, үндэстний ардчилсан үзлийг баримталсан МАН 1925 онд мөрийн хөтөлбөр, дүрэмд өөрчлөлт оруулж, нэрийг МАХН болгон өөрчилжээ. МАХН-ын Онц их хурлаар намын үзэл баримтлал, зохион байгуулалт, мөрийн хөтөлбөр дүрмээ өөрчлөн шинэчилж, 2003 онд Социалист Интерний бүрэн эрхт гишүүнээр элсэв. 2010 онд хуралдсан МАХН-ын XXVI их хурлаас “…Монгол улсынхаа тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн, нийгмийн ардчиллын үзэл баримтлал бүхий зүүн төвийн нам мөн” хэмээн зарлаж, МОНГОЛ АРДЫН НАМ нэрээ сэргээжээ.
[38] МУ-ын Сонгуулийн Ерөнхий Хорооны Архив
[39] МУ-ын Үндсэн хууль, 1992 он 3-р бүлэг
[40] МУ-ын Сонгуулийн ерөнхий хорооны тайлангаас эмхтгэсэн ба МУ-ын Үндсэн хуульд заасан сонгуулийн төв байгууллага болох Сонгуулийн ерөнхий хороог Улсын бага хурлын 1992 оны 4-р сарын 10-ны өдрийн 15-р тогтоолоор 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, МУ-ын их хурал ард нийтийн санал асуулгыг зохион байгуулж явуулахбүрэн эрхтэйгээр хуульчилсан.
[41] Тус тайланг гаргах явцад УИХ-ын сонгуулийн 24, 59-р тойрог маргаантай тул 2 гишүүн тодорхойгүй байв. 2004.07.07-ны МУСЕХ-ны дарга Ж.Ядамсүрэнгийн илтгэл
[42] УИХ-ын сонгуулийн 7, 18, 25-р тойрог маргаантай тул 66 гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөхөр хүсэлт гаргав.. 2008.07.14-ний өдрийн МУСЕХ-ны дарга Б.Баттулгын илтгэл
[43] УИХ-ын сонгуулийн 10-р тойргоос УИХ-ын гишүүний түр үнэмлэх авсан 2 нэр дэвшигчийн талаар шүүхийн шийдвэр гарсан тул тойргийн хурлаар дахин хэлэлцэгдэх шаардлагатай болсон. Мөн УИХ-ын 22, 26-р тойргийн тус бүр 1 мандатын төлөө дахин санал явуулахаар болов. МУСЕХ-ны дарга Н.Лувсанжавын илтгэл, тайлан 2012.07.06.
[44] МУ-ын Сонгуулийн Ерөнхий Хорооны тайлангаас эмхтгэв.
[45] МУ-ын Статистикийн ерөнхий газар http://1212.mn/tables.aspx?tbl_id=DT_NSO_0300_071V3&Group_select_all=0&GroupSingleSelect=&Sex_select_all=0&SexSingleSelect=&YearY_select_all=0&YearYSingleSelect=&viewtype=table
[46] О.Хатанболд, 2013, Ардчилал-улс төрийн философийн асуудал болохын учир, ШУ-Амьдрал сэтгүүл, №/330/, Улаанбаатар, 13 дахь тал
[47] Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны тайлангаас эмхтгэв.
[48] Хилийн чанадад байгаа иргэддээ бүх нийтийн сонгуульд санал өгөх бололцоо олгох нь шийдвэрлэхэд бэрхтэй асуудал мөн. Үүнийг улс орнууд харилцан адилгүй шийдвэрлэж байна. Дийлэнх орон уг асуудлыг зохицуулдаггүй бол зарим орон гадаадад байгаа иргэдэд сонгуульд оролцох эрхийг нь хангаж өгдөг. Тухайлбал 1979 онд Тунис, 1985 онд ХБНГУ, 1989 онд Исланд, 1991 онд Швейцар ийм алхам хийсэн болно. Үүнийг шийдвэрлэх арга зам харилцан адилгүй байдаг. Жишээ нь гадаадад байгаа Швейцарийн иргэд шуудангаар саналаа өгөх боломжтой байдаг бол Итали, Орос зэрэг зарим орон хилийн чанадад сонгуулийн тойрог байгуулдаг байна.
[49] Э.Саранцэцэг, 2020, БНСУ-ын 21 дэх удаагийн парламентын сонгуулийн нөхцөл байдал, Политологи сэтгүүл, 77 дахь тал
[50] Ш.Содном, Ц.Ганболд, Ё.Довчин, 2009, Монгол дахь ардчилах үйл явц ба сонгууль, Улаанбаатар, 11 дэх тал
[51] О.Хатанболд, 2016, Монголын ардчиллын үнэлгээ: Арга зүй ба кейс, /Улс төрийн ухааны докторын зэрэг горилсон бүтээл/, Улаанбаатар, 123 дахь тал
[52] Todd Landman & others, 2006, State of Democracy in Mongolia:A Desk Study. Essex University Press, UK,
[53] Михиал Клима, 2017, Тоталитар дэглэмээс гажуудсан ардчилал руу, Улаанбаатар, 14 дэх тал