М.Батбаатар, Социологи, нийгмийн ажлын тэнхим, дэд профессор,
МУИС, Шинжлэх Ухааны сургууль
ORCID:0000-0001-5308-324X
С.Мөнхбаатар, Социологи, нийгмийн ажлын тэнхим, доктор
МУИС, Шинжлэх Ухааны сургууль
ORCID: 0000-0003-0287-1347
Хураангуй
Монгол дахь улс төрийн тогтолцооны нэгээхэн чухал бүрэлдэхүүн хэсэг болох улс төрийн институцэд иргэд, олон нийтийн итгэж буй байдлын талаар энэхүү өгүүлэлд авч үзсэн болно. Итгэлцэл нь ардчилал төдийгүй төрийн байгууллагуудын саадгүй, үр дүнтэй ажиллах чухал элемент юм. Иргэдийн бие биедээ болон засгийн газартаа итгэх итгэл өнөөдөр буурч байгаа нь итгэлцлийг нийгэм, улс төрийн шинжлэх ухааны хувьд урьд өмнөхөөсөө илүү чухал асуудал болгож байна. Итгэлцэл бол хамтын ажиллагааны хамгийн чухал эх сурвалжуудын нэг юм. Иргэний болон олон нийтийн харилцааны бүхий л түвшинд хамтын ажиллагаа шаардлагатай байдаг тул социал харилцааны оролцогч талуудын харилцан итгэлцлийн түвшин, түүнд нөлөөлж буй элементүүдийг гүн гүнзгий ажиглах хэрэгтэй.
Энэхүү судалгаанд төрийн байгууллагуудад иргэд хэр зэрэг итгэл үнэмшилтэй байгаа талаар авч үзсэн. Төрийн байгууллагуудад итгэх итгэлийн зэрэгцээ төрийн байгууллагуудад итгэх итгэлийн түвшинд нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл нь судалгааны өөр нэг чиглэлийг бүрдүүлж байна. Итгэлцлийн харилцаанд харилцан хүндэтгэлтэй, нээлттэй байх нь итгэлцлийн орчинг бүрдүүлэх гол хүчин зүйлийн нэг юм. Өөр хувь хүн эсвэл байгууллагад итгэдэг хувь хүмүүс нөгөө талаасаа өөртөө итгэхийг хүсдэг. Харилцан ойлголцох нь тэднийг нөгөө талдаа найдахыг дэмждэг. Азийн орнуудтай /БНСУ, Тайвань, Тайланд/ харьцуулахад монголчуудын төрийн байгууллагууд, улс төрийн институтэд итгэх итгэл харьцангуй доогуур байлаа. Ерөнхийлөгч, парламент, шүүх институт, Засгийн газарт итгэх итгэл аль ч түвшинд эдгээр орнуудтай харьцуулахад бага байна. Улс төрийн намуудад итгэх итгэл хамгийн бага. Төрийн институтэд итгэх итгэл бага байгаа нь засаглалын легитим хангагдахгүй, улс төрийн тогтворгүй байдал цаашид үргэлжлэх хөрс болж болох эрсдэл байгааг илтгэнэ.
Судалгаанд төрийн байгууллагуудад итгэх итгэл, итгэлцлийн талаарх эрдэм шинжилгээний ажлыг тусгайлан авч үзсэн болно. Өнөөгийн төр засаг, улс төрийн институцийн талаарх үнэлгээ, итгэл алдарч буй суурь нөхцөл шалтгааныг шүүн тунгаав. Тус өгүүлэлд Азийн Барометрийн харьцуулсан үр дүн болох “Ардчилал, Засаглал, Хөгжил” суурь судалгааны мэдээлэлд тулгуурласан1 ба анхдагч мэдээлэл /raw data/-д үндэслэн тоон /descriptive/ болон дүгнэлт хийх /inferential/ статистикийн шинжилгээг ашигласан болно.
Түлхүүр үг: Ардчилал, институцэд итгэх итгэл, эв нэгдэл
Үндэслэл
Иргэдийн төрийн байгууллагад итгэх итгэл (үл итгэх) асуудал нь сүүлийн жилүүдэд нийгэм судлаачдын анхаарлын төвд байгаа чухал сэдэв юм. Монгол Улсад сүүлийн 30 жилд засаглал, төрийн удирдлагын шинэ зарчмуудыг хэрэгжүүлж байгаа хэдий ч төрийн байгууллагуудад итгэх итгэл, ялангуяа сүүлийн арван жилд буурч байна. Энэ итгэлийн асуудлыг даван туулах нь тийм ч хялбар биш юм. Үнэн хэрэгтээ иргэдийн итгэл бол олон хүчин зүйлээс хамаардаг. Тиймээс итгэлцэлд нөлөөлж буй хүчин зүйлсийг сайтар судлах хэрэгтэй; итгэлцлийг сэргээхийн тулд хүчин зүйл бүрийн талаар арга хэмжээ авах ёстой.
Төрийн байгууллагуудад итгэх итгэл нь эдийн засгийн өсөлтийг бий болгодог хөрөнгө оруулалт, инновац, худалдааны үйл явцын зайлшгүй нөхцөл бөгөөд энэ утгаараа Монгол дахь ардчиллын тогтвортой хөгжилд амин чухал шалгуур үзүүлэлт болно. Төрийн легитим чанар хангагдах, иргэдийн улс төрийн оролцоог хөгжүүлэх бүхэлдээ нийгмийн эв нэгдлийн чухал тулгуур үзүүлэлт болдог тул төрийн байгууллагад иргэдийн итгэх итгэлийн түвшнийг тогтмол хэмжиж байх болжээ. Иргэд төрийн бодлогыг дэмжих, дагаж мөрдөх чухал суурь үзүүлэлт бөгөөд өнөөгийн хувьсан өөрчлөгдөж байгаа нийгмийн сорилтуудыг даван туулахад төр иргэний харилцааны итгэлцэл амин чухал болоод байгаа юм.
Нөгөө талаас иргэдийн төрийн институтэд итгэх итгэлд сөргөөр нөлөөлж болох дам олон хүчин зүйл бий болж байгааг анхааралдаа байлгах ёстой2. Тухайлбал, олон улс дахь улс төрийн үндэсний популизм, социал тусгаарлагдалт /social exclusion/ болон нийгмийн ялгаварлал нэмэгдэж байгаа байдал, дайны болон олон улсын харилцааны тогтворгүй, тодорхойгүй нөхцөл, Ковид-19 цар тахлын дараах эдийн засгийн болон улс төрийн үр дагавар зэрэг болно. Манай орны хувьд эдгээр хүчин зүйлсийн зэрэгцээ сүүлийн хэд хэдэн сонгуулийн үр дүн, авлига, эдийн засаг, улс төрийн томоохон гэмт хэргийн нөхцөл байдал зэрэг нь мөн төрийн институтэд итгэх иргэдийн итгэлд сөргөөр нөлөөлж байгаа нь дамжиггүй.
Итгэлцэл нь ардчилал төдийгүй төрийн байгууллагуудын саадгүй, үр дүнтэй ажиллах чухал элемент юм. Иргэдийн бие биедээ болон засгийн газартаа итгэх итгэл өнөөдөр буурч байгаа нь итгэлцлийг нийгэм, улс төрийн шинжлэх ухааны хувьд урьд өмнөхөөсөө илүү чухал асуудал болгож байна. Итгэлцэл бол хамтын ажиллагааны хамгийн чухал эх сурвалжуудын нэг юм3. Иргэний болон олон нийтийн харилцааны бүхий л түвшинд хамтын ажиллагаа шаардлагатай байдаг тул социал харилцааны оролцогч талуудын харилцан итгэлцлийн түвшин, түүнд нөлөөлж буй элементүүдийг гүн гүнзгий ажиглах хэрэгтэй.
Энэхүү судалгаанд төрийн байгууллагуудад иргэд хэр зэрэг итгэл үнэмшилтэй байгаа талаар авч үзсэн. Төрийн байгууллагуудад итгэх итгэлийн зэрэгцээ төрийн байгууллагуудад итгэх итгэлийн түвшинд нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл нь судалгааны өөр нэг чиглэлийг бүрдүүлж байна. Судалгаанд төрийн байгууллагуудад итгэх итгэл, итгэлцлийн талаарх эрдэм шинжилгээний ажлыг тусгайлан авч үзсэн болно. Итгэлцлийн харилцаанд харилцан хүндэтгэлтэй, нээлттэй байх нь итгэлцлийн орчныг бүрдүүлэх гол хүчин зүйлийн нэг юм. Өөр хувь хүн эсвэл байгууллагад итгэдэг хувь хүмүүс нөгөө талаасаа өөртөө итгэхийг хүсдэг. Харилцан ойлголцох нь тэднийг нөгөө талдаа найдахыг дэмждэг.
Хувь хүмүүс зөвхөн улс төрийн субъект буюу рационал бодгал биш гэдийг мартаж болохгүй. Зөвхөн өөрсдийн ашиг сонирхол төдийгүй нийтлэг үнэт зүйлтэй байгаад зогсохгүй нийгмийн ашиг сонирхол нь тэдний хандлага, зан үйлийг тодорхойлох нь бий. Олон нийтийн нийтлэг үнэт зүйлсийн дунд нийгмийн капиталын үндсэн элемент болох итгэлцэл тогтдог. Тиймээс итгэлцэл нь бусад нийгмийн харилцааны явцад нийтлэг үнэт зүйлсээ хуваалцах байдлаар илэрч, мөн тэр хэрээр нэмэгдэн баяжиж байдаг билээ.
Үүнтэй холбогдуулан итгэлцлийн харилцааны “нууц зэвсэг” нь харилцан ойлголцол юм. Төр, иргэдийн итгэлцлийн харилцааг шийдэхэд нэг тал нь төр, нөгөө нь талд нь нийгэм бүхэлдээ байдаг. Товчхондоо иргэдийн төрийн захиргаанд итгэх итгэл нь төрийн захиргааны аппарат болох төрийн албан хаагчдад итгэх итгэлээс үүдэлтэй.
Судалгааны арга зүй
Монголчуудын төр засаг, улс төрийн институцэд итгэх байдалд дүн шинжилгээг хийхдээ Азийн Барометрийн харьцуулсан үр дүн болох “Ардчилал, Засаглал, Хөгжил” суурь судалгааны мэдээлэлд тулгуурлав. Тэрчлэн өнөөгийн төр, улс төрийн институцийн бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх иргэдийн үнэлгээ, нөхцөл байдал, итгэлцэлд нөлөөлж буй хүчин зүйлсийг авч үзэхдээ баримт бичгийн дүн шинжилгээ болон холбогдох судалгааны тайланд тулгуурласан болно. Судалгааны мэдээлэл /raw data/-д үндэслэн статистикийн тоон /descriptive/ болон дүгнэлт хийх /inferential/ шинжилгээг ашиглалаа.
Монголчуудын төр засаг, улс төрийн институцэд итгэх байдал
Ардчиллын шалгуур үзүүлэлтийн нэгээхэн хэсэг бол төрийн байгууллага, улс төрийн институцэд иргэдийн итгэх байдал бөгөөд төр засаг, улс төрийн байгууллага, институцийн үнэлгээг тодорхойлох явдал нэн чухал юм. Юуны өмнө иргэдийн зүгээс улс төрийн институцийн үйл ажиллагааг үнэлэх нь улс төрийн оролцооны чухал үзүүлэлт болдог. Монгол дахь улс төрийн тогтолцооны нэгээхэн чухал бүрэлдэхүүн хэсэг болох улс төрийн институцэд иргэд, олон нийтийн итгэж буй байдлын талаар энэхүү өгүүлэлд авч үзлээ.
Төр засгаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг чанартай, хүртээмжтэй байгаа эсэхэд иргэдийн зүгээс хэрхэн үнэлж буй санал бодолд дүн шинжилгээ хийх нь нэг талаас иргэдийн санал бодлыг илэрхийлэх, нийгмийн эв нэгдлийг харуулах ардчиллын чухал шалгуур үзүүлэлт болохын зэрэгцээ нөгөө талаас иргэдийн зүгээс төр засгийн байгууллагад өгч буй үнэлгээ болно.
Төр засгийн байгууллага болон улс төрийн институцэд итгэх байдлын дүн шинжилгээ нь улс төр судлалын хүрээнд ёс мэт олонтоо хийгддэг боловч, угтаа иргэд, олон нийтийн санал бодлын үндсэн дээр бүрэлдэн бий болж буй институцийн талаарх үнэлгээ, дүгнэлтэд үндэслэдэг, харьцуулалт, шинжилгээ хийж буй агуулгаараа энэ нь улс төрийн социологийн шинжилгээ болно. Учир нь гэвэл, төр засаг, улс төрийн институцээс хэрэгжүүлж буй аливаа үйл ажиллагаа нь өргөн агуулгаараа иргэд, сонгогчдын амьдралд хэр зэрэг нөлөө үзүүлж, тэдний амьдралын чанарыг сайжруулж чадсан эсэх, цаашилбал ирээдүйн сонгуулийн үр дүнд ч нөлөө үзүүлэх хүчин зүйл болж байдаг билээ.
Улс төрийн институцэд хэр зэрэг итгэл үзүүлж байна вэ?
Улс төрийн институцэд итгэх иргэдийн итгэлийг авч үзэхдээ олон улсын болон дотоодын суурь нөхцөл байдлыг товч авч үзье. Хоёр мянганы босго алхсан сүүлийн 20 гаруй жилд олон улсын түвшинд авч үзэхэд үндэсний популизм дэлгэрч, дарангуйлагчид олноор төрөх үйл явц улс орнуудад /АНУ, ОХУ, Турк гм/ ажиглагдаж байна. Ялангуяа цар тахал дэгдсэн сүүлийн он жилүүдэд “айдсын эдийн засаг”, “инфляцын улс төр” бий болж, эрх мэдэлтнүүд иргэдийн айдаст тулгуурлан нэг талаар байр сууриа бэхжүүлж, нөгөө талаар албан тушаалын байдлаа ашиглан хууль бусаар эдийн засгийн байдлаа дээшлүүлэх таатай боломжийг олгосон он жилүүд болов. Цар тахлыг даван туулах, сөрөг нөлөөлөл бууруулах зорилгоор тог цахилгаан тэглэх, бэлэн мөнгө тараах, тэтгэврийн зээл тэглэлт, олон улсын хөрөнгө оруулалтыг завшсан зэрэг нь нийгмийн үр дүнгүй “халамжийг тэлэх” суурь нөхцөл болсон байна. КОВИД-19 цар тахлын үеэр авсан нийгмийн халамж, хамгааллын арга хэмжээ нь хамрах хүрээ, хэрэгжүүлсэн хурдны хувьд урьд өмнө авч байгаагүй далайцтай байсан бөгөөд бусад улс орнуудтай харьцуулахад Монгол Улс эдгээр арга хэмжээнд их хэмжээний төсөв зарцуулжээ. 2019 онд нийгмийн халамж, хамгааллын арга хэмжээнд ДНБ-ий 8 хувийг зарцуулж байсан бол 2020 онд 13 хувь, 2021 онд 9.9 хувийг тус тус зарцуулсан4 байна. Гэвч нийгмийн халамж, хамгааллын арга хэмжээ нь Монгол Улсын иргэдийн хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрхийг хангах бодлогын тогтвортой шийдэл байж чадах эсэхийг сайтар тооцоолох шаардлагатайн дээр тусламж, дэмжлэгийн хүртээмж, үр ашиг хангалтгүй байна (ХЭҮК, 2022). 2021 оны байдлаар ДНБ-ий 80 орчим хувьтай тэнцэх хэмжээний улсын өр хуримтлагдсан бөгөөд 2022 онд улсын өр үргэлжлэн нэмэгдсээр байна. Улсын төсвийн алдагдал, гадаад өр нэмэгдэж байгаа боловч Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 63 дугаар тогтоолоор тэтгэврийг нэмэгдүүлэн нийгмийн халамж, хамгааллын арга хэмжээний зардлыг өсгөсөөр байна. Нийгмийн халамж, хамгааллын арга хэмжээнд хамрагддаг хүн амын тоогоороо Монгол Улс Ази, Номхон далайн бүсэд тэргүүлж байна5.
УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд МАН дараалан үнэмлэхүй ялалт байгуулсан /2016, 2017, 2020, 2021/ нь улс төрийн өнөөгийн өнгийг тодорхойлж байна. Улс төрийн сонгуульд бараг сөрөг хүчингүй шахам дийлэнх олонх болсон тус намын хувьд хяналтгүй авлига /Нүүрсний хулгай, ЖДҮ-ийг дэмжих сангийн булхай, Боловсролын зээлийн сангийн луйвар, тендэрийн зувчуулалт/ын гүн намагт шигдэж, иргэд, сонгогчдын өмнө гашуун боловч “үнэн”-тэй нүүр тулж байна. Нөгөө талаас эрх мэдэлд улайрч, олонхын улс төрийн сонголтыг хүндэтгэхгүй байх, улс төрийн хариуцлага хүлээхгүй, ёс зүйн хувьд эрээ цээрээ алдаж байгаа нь улс төрийн лидерүүдэд хандах иргэдийн санал бодолд хорсол зэвүүцэл, дургүйцэл, үзэн ядалт илтэд ажиглагдах болов.
Сүүлийн жилүүдэд төр засгийн байгууллагууд, тэр дундаа улс төрийн институцэд иргэдийн итгэл алдрах төлөв ажиглагдах болов. Судалгааны үр дүнгээс үзэхэд улс төрийн нам, шүүх, СЕХ-д итгэх итгэл хамгийн бага байна. Мөн төрийн институцэд итгэх итгэл бүхэлдээ буурсан хандлага ажиглагдаж байна.
Хүснэгт-1. Төр засгийн институцэд итгэл хүлээлгэх байдал /оноор6
Хүснэгтэд дурдсан мэдээллээс үзэхэд итгэдэггүй ба огт итгэдэггүй гэсэн хариултын хувь улс төрийн намуудад хамгийн өндөр хувьтай (80.0%) байгаа нь анхаарал татах үзүүлэлт юм. Үүний дараагаар Улсын Их Хурал (69.9%), Шүүх (итгэдэггүй ба огт итгэдэггүй нийлбэр хувь-66.9%), Засгийн газар (итгэдэггүй ба огт итгэдэггүй нийлбэр хувь-62.8%) зэрэг тааруу үнэлгээгээр эрэмбэлэгдэж байна. Зөвхөн энэ удаагийн УИХ-ын сонгуулийн амлалт төдийгүй өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд төр барьсан улс төрийн намуудын сонгуулийн биелэгдээгүй амлалтууд, ёс бус үйлдлүүд, явуургүй шийдвэр, шийдлүүд, шударга ёсыг уландаа гишгэсэн үйлдэл бүхэн өнөөгийн улс төрийн намын талаарх үнэлгээний шалтаг, шалтгаан мөн.
Судалгаанд хамрагдсан иргэдийн 10 хүн тутмын 7 нь төр засгийн институцэд ерөнхийдөө итгэдэггүй байна. Нэг талаас ерөнхийлөгчийн институцэд итгэх итгэл харьцангуй өндөр байхад УИХ, шүүх, улс төрийн намд итгэх итгэл нэн бага байна.
Дүрс-1. Төрийн институцэд итгэх итгэл
Судалгааны үр дүнгээс үзэхэд төрийн дөрвөн институцэд итгэх итгэл ихээхэн суларсан байгааг бид харж болно. Тухайлбал, Засгийн газарт иргэдийн-38.9%, УИХ-д иргэдийн 38.6% нь итгэдэггүй, бол УИХ-д иргэдийн 31.3%, шүүх засаглалд иргэдийн 35.7% нь тус тус огт итгэдэггүй гэж хариулсан байна.
Нийгмийн ямар бүлгүүд улс төрийн институцэд итгэж / бас итгэхгүй байна вэ?
Нийгэм дэх бүлгүүдийн улс төрийн институцэд итгэх итгэл харилцан адилгүй байж болно. Учир нь улс төрийн институцийн үйлчлэх хүрээ, үйлчилгээний чанар, хүртээмжээс хамаарч нийгэм хүн ам зүйн хүчин зүйлийн хувьд иргэд ялгаатай байр суурь, үнэлгээ өгч болох юм. Судалгааны хүрээнд улс төрийн институцэд итгэх байдлыг нийгэм хүн ам зүйн дараах хүчин зүйлээр харьцуулан судалсан юм7. Үүнд:
⦁ Насны бүлэг: Залуу, дунд, ахмад
⦁ Хүйсийн бүлэг: Эрэгтэй, эмэгтэй
⦁ Орлогын бүлэг: Нам, дунд, өндөр
⦁ Боловсролын бүлэг: Дээд, дээд биш
⦁ Ардчиллыг дэмждэг ба дэмждэггүй улс төрийн байр суурь
Судалгаанд оролцогчдын насны бүлгийг авч үзэхэд залуу-38.6%, идэр-39.8%, ахмад-21.6%-ийг тус тус эзэлж байна. Насны бүлгээс хамааран улс төрийн институцэд итгэх итгэлийн түвшинг судлахад дараах онцлог харагдаж байна.
Хүснэгт-2. Улс төрийн институцэд итгэх итгэл/насны байдлаар
Шинжилгээнээс үзэхэд Ерөнхийлөгч (α<0.000), Засгийн газар (α<0.000), Улсын их хурал (α<0.008)-ыг үнэлэх үнэлгээнд наснаас хамаарч ялгаатай буюу ач холбогдлын түвшин өндөр байна. Харин бусад үзүүлэлтийн хувьд дараах онцлог харагдаж байсан юм. Үүнд: Боловсролын ялгаанаас хамаарч төр, улс төрийн институцэд итгэх байдалд дүн шинжилгээ хийхэд статистик ач холбогдол бүхий ялгаа харагдсангүй. /Шүүхээс p-0.27 бусад институцийн итгэлд/. Хүйсийн хувьд мөн адил онцлог ялгаа ажиглагдаагүй.
Өрх гэрийн амьжиргааны өнөөдрийн байдал, хүлээлтийн үзүүлэлт болон институцийн итгэл үзүүлэлтийн корреляц шууд хүчтэй хамааралтай байлаа. Өөрөөр хэлбэл, өрхийн амьжиргаа дордох тусам институцийн итгэлийн түвшин буурч байна.
Социал харилцааны итгэлцэл /хамаатан садан, хөрш, танил тал/ болон институцийн итгэлцэл урвуу хүчтэй хамааралтай байна.
Эмнэлгийн үйлчилгээ, цагдаагийн тусламж, интернэтийн хүртээмж зэрэг төрийн үйлчилгээ авах боломж болон институцийн итгэлцэл хооронд шууд сул хамаарал байна.
Ардчиллыг дэмждэг дэмждэггүйгээс хамааран статистикийн ач холбогдол бүхий ялгаатайгаар институцэд итгэх түвшний ялгаа ажиглагдаж байлаа. Судалгааны анхдагч харьцуулалтаас үзэхэд ардчиллыг дэмжигчид 58.5%, ардчиллыг дэмждэггүй 41.5%-тай байсан болно. Иймд ардчиллыг дэмждэг ба дэмждэггүй бүлгийн хувьд ялгаатай байдлын шинжилгээг хийсэн болно.
Хүснэгт-3. Улс төрийн институцэд итгэх итгэл/ улс төрийн байр сууриар
Харьцуулсан шинжилгээнээс үзэхэд шүүх (α<0.005), Засгийн газар (α<0.009), улс төрийн намууд (α<0.013), УИХ (α<0.004), төрийн алба (α<0.009)-ны талаарх үнэлгээнд ардчиллыг дэмжих ба үл дэмжих байр сууриас хамаарсан илэрхий ялгаа байна. Өөрөөр хэлбэл, эдгээр институцэд итгэх итгэлд ардчиллыг дэмжих ба үл дэмжих байр сууринаас хамаарч статистикийн хувьд ялгаатай байдал ажиглагдсан болно.
Монгол Улсад хийгдсэн судалгааны тоон өгөгдлийн давтамжаар иргэдийн итгэлийн түвшнийг судалгааны тайлант онуудаар динамик, өөрчлөлтийг харьцуулах боломж гарсан юм. Он дарааллын харьцуулалтаас үзэхэд сонгууль зохион байгуулах институц болон улс төрийн намуудад итгэх итгэл үлэмж буурсан байгаа нь шууд харагдана. Иргэдийн төр, улс төрийн институцэд итгэх байдлын дундаж үзүүлэлтийг харьцуулж үзэхэд зэвсэгт хүчнээс бусад бүх институцэд итгэх байдал үлэмж буурсан байна. Иргэдийн улс төрийн институцэд итгэх итгэлийн түвшин жилээс жилд сайжирч байвал сайнсан билээ.
Дүрс-2. Иргэдийн итгэлийн түвшний өөрчлөлт /оноор
Судалгааны хүрээнд цугласан өгөгдөл олон улсын хэмжээнд бүрдсэн боломжид тулгуурлан харьцуулж үзэхэд Монгод институтын итгэлийн түвшин Азийн бусад оронтой харьцуулахад үлэмж доогуур байгаа нь харагдана. Энд ч мөн шүүх засаглал, улс төрийн намууд болон сонгууль зохион байгуулах институтын итгэл ноцтой хэмжээнд доогуур байгаа нь харагдаж байна.
Хүснэгт-4. Азийн зарим орнуудын улс төрийн институтэд итгэх байдлын түвшин8
Эдгээр болон бусад нөхцөл нь улс төрийн сонгууль болон улс төрийн бусад акц, үйл явцаас хамаарч иргэдийн дунд бухимдал үүсгэх, улс төрд үл итгэх, цаашилбал эсэргүүцэл хөдөлгөөн гарах зэрэг ноцтой үр дагаврыг үүсгэж болзошгүй нөхцөл байдал ажигладаж байна.
Дүгнэлт
Монголд төрийн институцэд итгэх итгэл харьцангуй сул байна. Азийн бусад улс болон Европын холбооны улсуудад хийсэн шинжилгээтэй харьцуулахад нотлогдож байна. Азийн орнуудтай харьцуулахад бүхий л институтийн итгэл үлэмж доогуур байна. Ялангуяа шүүх засаглал, улс төрийн намууд болон сонгууль зохион байгуулах институтэд итгэх итгэл ноцтой хэмжээнд доогуур үзүүлэлттэй байлаа.
Ардчилсан үнэлэмж болон институцийн итгэл хооронд үлэмж ялгаа байна. Ардчилсан үнэлэмж бүхий иргэдийн дунд институцэд итгэх итгэл өндөр байгаа бол авторитар үнэлэмж бүхий иргэдийн дунд институцэд итгэх итгэл сул байна. Ерөнхийлөгчийн институтээс бусад бүхий л институтийн хувьд ардчилсан үнэлэмжийн түвшин болон институтийн итгэлийн түвшин хооронд статистикийн учир холбогдол бүхий ялгаа /p<0,004*/ байлаа.
Институцэд итгэх итгэл өндөр байх тусам төрийн институцийн сорилтыг даван туулах чадвар нэмэгдэх хандлагатай байна. Өнөөгийн шинэ сорилт болон басхүү байнга тулгарах болсон улс төрийн тогтворгүй шинэ ертөнцөд энэ бол нэн чухал зүйл юм. Төрийн институт иргэдийн итгэлийг хадгалж байж сорилтыг амар даван туулах бөгөөд нийгмийн харилцан итгэлцэл улс төрийн тогтвортой байдлын үндсэн шалгуурын нэг байх болно.
Нийгмийн өөрчлөлт улам их болж, шинэ сорилтын “шуурга” ирж яваа цаг үед төрийн институцэд итгэх итгэл нэн чухал бөгөөд Засгийн газрын үр дүнтэй ажиллах чадварт нөлөөлнө. Засгийн газрын үйл ажиллагааны гол тулгуур нь нийгмийн олон түмний итгэлцэл дээр тулгуурлах бөгөөд дотооддоо ч, гадаадад ч сорилтыг даван туулах үндсэн хөшүүрэг мөн. Итгэлцлийг нэмэгдүүлэх үндсэн зорилт бүхий шинэ хөтөлбөр, үйл ажиллагаа Засгийн газарт шаардлагатай байна. Энэ бол иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, авлигыг багасгах, шударга ёсыг сэргээхэд гол анхаарлаа хандуулсан шинэ хөтөлбөр, шинэ зорилт болно гэсэн үг.
Ардчиллын гол бүрэлдэхүүн хэсэг болох найдвартай мэдээллийн хүртээмж нь өнөөдөр үл итгэх нэгэн хүчин зүйл болж байна. Нийгмийн итгэлцлийг өмхрүүлж байгаа нэг гол хүчин зүйл нь худал хуурмаг, өдөр тутамд хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж буй худалдагдсан мэдээллийн хэрэгсэл болж байна. Мэдээллийн сувгийг өөрийн талд өмчлөх эрмэлзэл бүхий олигархийн эрмэлзлэл нь өнөөгийн мэдээллийг хэрэгслүүдийг хувьдаа ашиглан нийгмийг талцуулах үндсэн нөхцөл болж байгаа нь ардчилалд халтай үйлдэл юм.
Итгэл бол төр засгийн бодлого үйл ажиллагааны зэрэгцээ нийгмийн үйл явцад анхаарал хандуулах, чухалчлах нөхцөлийг давхар илтгэнэ. Төр засгаас иргэдтэй харилцах харилцааг байнга анхаарч, сайжруулж байх хүчин чармайлт чухал, түүний илэрхийлэл, эргэх холбоог хангах зорилгоор олон нийтийн санал асуулгын судалгааг тогтмол хийх шаардлага байна.
Хавсралт
МОНГОЛЫН ТӨР, УЛС ТӨРИЙН ИНСТИТУЦИД ИТГЭХ
БАЙДАЛ (СОЦИОЛОГИЙН ШИНЖИЛГЭЭ)
ИНСТИТУЦИЙН ИТГЭЛЦЭЛ:
⦁ Ардчиллын шалгуур
⦁ Улс төрийн оролцоог хөгжүүлэх
⦁ Бодлогын дэмжих, дагаж мөрдөх. /татвар төлөх, эрүүл мэнд, боловролын сэтгэл ханамж/
⦁ Нийгмийн эв нэгдэл
⦁ Нийгмийн сорилтуудыг даван туулах
⦁ Улс төрийн легитим, ноёрхол
ҮНДЭСЛЭЛ:
⦁ Олон улс дахь үндэсний популизм
⦁ Тусгаарлагдалт, нийгмийн ялгарал нэмэгдсэн
⦁ Дайны нөхцөл байдал
⦁ Ковид-19 цар тахлын болон түүний дараах үр дагавар /бодлогын урхаг/
⦁ Сүүлийн сонгуулиудын үр дүн
⦁ Авлига, төрийн сангийн хулгай
⦁ Институцийн итгэлд нөлөөлөх хүчин зүйлс:
⦁ Институцэд итгэх төрийн засаглалын таван гол хөдөлгөгч хүчин зүйл
⦁ Эргэх холбоо хариу үйлдэл,
⦁ Найдвартай байдлын түвшин,
⦁ Нээлттэй байх үнэт зүйлс,
⦁ Шударга байдал,
⦁ Үнэн байдал,
⦁ Нэмэлт
⦁ Соёл, нийгэм, эдийн засаг, улс төрийн хүчин зүйл
⦁ Засгийн газрын чадавхи
Эдгээрийн харилцан үйлчлэл
Шинжилгээний хүрээ:
⦁ Сонирхлын бүлэг, нам, улс төрийн нас хүчин, төрийн байгууллагуудын үнэлэмж /Социал бүлгүүдийн ялгаа
⦁ Дэглэм /төрийн, ардчиллын буюу авторитар, ардчилсан үнэлэмж/
⦁ Үнэт зүйлс, /итгэдэг, итгэдэггүй гэсэн гүн талцал/ • Үзэл суртал /2 хөрш болон 3-дагч хөршийн баримтлал/
ДҮГНЭЛТ:
⦁ Монголд төрийн институцэд итгэх итгэл харьцангуй сул байна. /Азийн орнууд болон OECD/
⦁ Ардчилсан үнэлэмж болон институцийн итгэл хооронд үлэмж ялгаа байна. Ардчилсан үнэлэмж бүхий иргэдийн дунд институцэд итгэх итгэл өндөр байгаа бол Авторитар үнэлэмж бүхий иргэдийн дунд институцэд итгэх итгэл сул байна.
⦁ Институцэд итгэх итгэл өндөр байх тусам төрийн институцийн сорилтыг даван туулах чадвар нэмэгдэх хандлагатай.
⦁ Нийгмийн өөрчлөлт улам бүр их болж, шинэ сорилтын цаг үед төрийн институцэд итгэх итгэл нэн чухал бөгөөд Засгийн газрын үр дүнтэй ажиллах чадварт нөлөөлнө.
⦁ Ардчиллын гол бүрэлдэхүүн хэсэг болох найдвартай мэдээллийн хүртээмж нь өнөөдөр үл итгэх хүчин зүйл болж байна.
⦁ Итгэл бол төр засгийн бодлого үйл ажиллагааны зэрэгцээ үйл явцад анхаарал хандуулах, чухалчлах нөхцөлийг давхар илтгэнэ.
⦁ Төр засгаас иргэдтэй харилцах харилцааг байнга анхаарч, сайжруулж байх хүчин чармайлт чухал, түүний илэрхийлэл, эргэх холбоог хангах олон нийтийн санал асуулгын судалгааг тогтмол хийх шаардлага байна.
Ном зүй
⦁ ХЭҮК (2022) Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын 21 дэх илтгэл. УБ, Мөнхийн үсэг ХХК
⦁ Bachmann, R.; Inkpen, A. C. (2011). “Understanding Institutional-based Trust Building Processes in Inter-organizational Relationships”. Organization Studies 32 (2): 281–301. doi:10.1177/0170840610397477. ISSN 0170-8406.
⦁ F. Fukuyama(1996) Trust: The social virtues and the creation of prosperity
⦁ Gillespie, N. & Dietz, G. (2009). Trust repair after organization-level failure. Academy of Management Review 34(1): 127-145.
⦁ TRUST IN PUBLIC INSTITUTIONS: A conceptual framework and insights for improved governance programming. UNDP Oslo Governance Centre (OGC). AUGUST 2021
⦁ Kramer, Roderick; Todd L. Pittinsky (2012). Restoring Trust in Organizations and Leaders: Enduring Challenges and Emerging Answers. Oxford University Press. ISBN 978-0-19-975608-7
⦁ Hurley, R.F., Gillespie, N., Ferrin, D.F. & Dietz, G. (2013). Designing Trustworthy organizations. Sloan Management Review 54(4): 75-82.
⦁ Mark Saunders (2010). Organizational Trust: A Cultural Perspective. Cambridge University Press. ISBN 978-1-139-48850-1.
⦁ https://www.oecd-ilibrary.org/governance/government-at-a-glance2021_52552e1e-en
⦁ https://www.oecd.org/governance/trust-in-government/
⦁ https://link.springer.com/book/10.1007/978-3-319-16151-8
⦁ Trust of Public Institutions in the Community: A Field Study. IIAS-IISA International Congress of The International Institute of Administrative Sciences.
At: Rio de Janeiro (Brasil). Volume: 2015
- ⦁ Тус судалгааны дүнг монголын талын гишүүн Улс төрийн Боловсролын Академийн зөвшөөрөлтэйгээр ашигласан болно. ↩︎
- ⦁ TRUST IN PUBLIC INSTITUTIONS: A conceptual framework and insights for improved governance programming. UNDP Oslo Governance Centre (OGC). AUGUST 2021 ↩︎
- Trust of Public Institutions in the Community: A Field Study. IIAS-IISA International Congress of The International Institute of Administrative Sciences. At: Rio de Janeiro Brazil). Volume: 2015 ↩︎
- Засгийн газрын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 167 дугаар тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211 дүгээр тогтоол, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 114 дүгээр тогтоол, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 93 дугаар тогтоол, Сангийн яамны 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 6/6387 дугаар албан бичиг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ↩︎
- 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1/2794 дүгээр албан бичиг Монгол Улс дахь НҮБ. Монгол Улсын хөгжлийн төлөв байдлын шинжилгээ, 2021 он, 27 дахь тал 6 Энэхүү үзүүлэлтийг он оноор харьцуулахын тулд дундаж үзүүлэлтийг /mean/ тооцож, өсөлт бууралтыг харуулав. ↩︎
- Энэхүү үзүүлэлтийг он оноор харьцуулахын тулд дундаж үзүүлэлтийг /mean/ тооцож, өсөлт
бууралтыг харуулав. ↩︎ - УТБА. Азийн барометр 2023 оны судалгаа. Монгол Улсын түүвэрт өгөгдөл. ↩︎
- Энэхүү үзүүлэлт нь Азийн барометр судалгааны тухайн оронд хийгдсэн хамгийн сүүлийн өгөгдөл дээр тулгуурласан бөгөөд дундаж /mean/-ийг харьцуулсан болно. ↩︎