Г.Цэрэндагва
/Эдийн засгийн ухааны доктор/
Шинэ толь №22, 1998
Түлхүүр үгс: Инфляци, Улсын төсөв, төсвийн алдагдал, эрэлт нийлүүлэлт, хомсдол, амьжиргаа, инфляцийн эерэг үр дүн
Шилжилтийн эдийн засаг болон Монгол оронд явагдаж буй шинэчлэлийн тухай бидний ойлголт гүнзгийрч зохих практикийн туршлага хуримтлагдах тутам эдийн засгийн олон үзэгдэл, үйл явцын мөн чанар, учир шалтгааныг нягталж үзэх, тодруулж ойлгох шаардлага зүй ёсоор гарч байгаа юм. Практикт олон сонгодог томъёолол, загвар тэр бүр тохирч “ажиллахгүй” байгаа нь ийм шаардлага гарах шалтгаан болж буйг хэлэх хэрэгтэй. Тэгэхдээ хэргийн учир өөр зүйлд байгааг бага анхаарч байх шиг санагддаг. Энэ нь юу вэ гэвэл: зах зээлийн эдийн засаг нь нэг хэвийн, хөшиж тогтсон загвар биш байнга өөрчлөгдөж хувьсаж ирсэн бөгөөд өнөөдөр хэрэг дээрээ ихээхэн өөр төрөл, агуулга бүхий эдийн засгийн тухай ярихад хүрч байгаад гол учир шалтгаан байна. Сурах бичиг, ном зохиолд “томъёолсон” сонгодог ойлголт томъёолол нь нилээд тохиолдолд шинэ нөхцөл, агуулгаа бүрэн тусгаж чадахгүй байна. Энэ нь онолын төдийгүй, практик, бодлогын түвшинд сөрөг үр дагавар, явцуу төсөөлөл бий болгож байна. Тэр тусмаа боловсрол, сургалтын салбарт муугаар нөлөөлж байгаа нь тодорхой.
Ийм асуудлын нэг нь инфляци, түүний зохицуулалтын тухай ойлголт юм. Эдийн засгийн ухаанд инфляцийг гол төлөв сөрөг талаас нь ойлгож томъёолсоор ирсэн нь нууц биш. Түүнийг эдийн засгийн хамгийн хүнд өвчин бөгөөд мөнгөний ханш буурах үйл явц хэмээн үздэг. Энэ ч утгаар нь инфляцийн зохицуулалтыг түүний эсрэг авах төрийн зохицуулалт, бодлого, арга хэмжээтэй холбож ойлгодог юм.
Практик дээр инфляци хүчтэй болох тутам төрөөс зохицуулалт, бодлого явуулахад улам хүндрэлтэй болдог. Мөнгөний зах зээл, төрийн санхүү, хөрөнгө оруулалт, хэрэглээ гээд л эдийн засгийн бүх амин гол салбарыг инфляци нь хамарч хяналтгүй болох юм бол түүний эсрэг бүхий л арга хэрэгслээр тэмцэх нь яах аргагүй төрийн маш чухал зорилт, бодлого байдаг. Энэ үед хөгжил, өсөлтийн асуудал хоёрт тавигддаг.
Тэгэхдээ инфляцийг бууруулах, тогтвортой түвшинд барихаас гадна зохих хэмжээнд нэмэгдүүлэх нь зохицуулалтын хүрээнд хэрэгжих асуудал. Жишээ нь, үнийн нэгэн хэмийн өсөлтөөс үүсэх нээлттэй инфляци нь таваарын зах зээлийг сэргээх үйлдвэрлэл, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, хувьцааны эрэлтийг өсгөх үр дагавартай. 60-аад оноос 70-аад оны эхэн хүртэл олон хөгжингүй орны засгийн газар эдийн засгийн богино хугацааны тохируулгын хэрэгсэл болгож зохиомол инфляцийг ашиглаж байв. Учир нь гэвэл удаан хугацааны туршид бол инфляцийн эерэг үр дүн нь гэж хэзээ ч бий болдоггүй, харин эдийн засагт ихээхэн хохирол үзүүлдэг гэж эдийн засгийн шинжлэх ухаан батлаж байгаа юм.
Үр дагаврын хувьд богино хугацааны зохиомол инфляци нь түүнийг тухайн хугацаанд хурдасгадаг бөгөөд ажилгүйдэл ихсэх, амьдралын түвшин буурах зэргээр нийгмийн бодлогод хүндрэл учруулдаг. Цаашлаад зах зээлийн механизмд гажуудал бий болгож эдийн засгийн үр ашгийг бууруулна. Харин хувьцааны эрэлт өсч, түүний үнэ нэмэгдэх тул хадгаламж эзэмшигчид ийшээ тэмүүлдэг. Гэхдээ хэрэгцээ өөрчлөгддөггүй, бас бүтцийн өөрчлөлт ч явагддаггүй. Ийм эсрэг тэсрэг талын солбицол дээр зохиомол инфляцийн бодлого хэрэгждэгийг богино хугацааны зохицуулалтанд ашиглаж байгаа юм.
Энэ бүхнээс үзэхэд дараах зүйлийг тэмдэглэж болно. Үүнд: нэгд, инфляци нь мөн чанарын хувьд мөнгөний аж ахуйн шинж бөгөөд түүний чадал чансаа, чанарыг илэрхийлж байгаа юм. Тэгэхлээр мөнгөний ханшнаас гадна аж ахуйн чадавхийн хэмжүүр болж байдаг учраас илүү өргөн утга агуулгатай ойлголт. Нуугдмал, нээлттэй болон бусад төрлийн инфляцийг харьцуулж үзвэл бид нилээд тохиолдолд ил харагдах, богино хугацаанд мэдрэгдэх хэсгийг анзаарч байгаа нь тодорхой. Үүний улмаас зохицуулалтыг ойлгохдоо гол төлөв инфляцийг сааруулах, зогсоох бодлого, арга хэмжээг хамруулж байгаа юм. Гэтэл онолын түвшинд л инфляцигүй эдийн засгийн тухай ярьж болно.
Ном, бүтээлд инфляцигүй эдийн засгийн тухай авч үзсэнийг дурьдвал:
Нэгдүгээрт, улсын төсөв алдагдалгүй үед инфляцигүй эдийн засаг байж болно. Энэ нь дурын аргаар инфляцийн түлхэц, шалтгааныг дарна гэсэн үг.
Хоёрдугаарт, төв банк нь инфляцигүй хөгжлийг хангах үүргээ биелүүлж чадвал ийм эдийн засаг байж чадна. Бодит байдалд төв банк нь богино хугацааны мөнгөний бодлого явж буй үед бол инфляциас зугатаах бололцоо ихээхэн хязгаарлагдмал байдаг. Төрийн зайлшгүй даалгавар биелүүлэх үүднээс богино хугацаанд мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлага гардагтай холбоотой.
Гуравдугаарт, мөнгөний нийлүүлэлтийг зохицуулахад төв банкны монополь арилсан үед эдийн засагт инфляци байхгүй болж болно. Монополь нөхцөлд мөнгөний нийлүүлэх хязгаарыг тогтооход заавал алдаа гарна. Тэгтэл төв банк мөнгөний нийлүүлэлтийн зохицуулалтаас хөндийрвөл мөнгөний зах зээлийн өрсөлдөөний чанар алдагдахад хүрнэ. Иймд төрийн монополийн энэ хэлбэрийг арилгах нь зарчмын хувьд байх боломжгүй.
Дөрөвдүгээрт, хөрөнгө оруулалтын эрэлт, хадгаламжийн нийлүүлэлтийн хоорондын макро эдийн засгийн тэнцвэрийг тогтвортой барьсан үед инфляцигүй эдийн засаг байж болох юм. Хөрөнгө оруулалтын эрэлт хадгаламжийн нийлүүлэлтээс давж гарвал хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн өсөлт саарч үүний улмаас инфляци үүснэ. Өөрөөр хэлбэл, хадгаламжийн нийлүүлэлт буурах тутам хөрөнгө оруулалт дахь мөнгөний эрэлт төдий чинээ нэмэгдэнэ.
Тавдугаарт, инфляциас сэргийлэхийн тулд төр орлогыг дахин хуваарилахад оролцохгүй байх ёстой. Гэтэл төр олон чиглэлээр, тухайлбал, татварын бодлогын шугамаар хуримтлал бий болгох үүргээсээ татгалзах боломжгүй. Иймээс энэ асуудал биелэхгүй.
Зургаадугаарт, нийгмийн гишүүд үнэ өсөхөд түүнийг цааш хүлээгээд суух чадвартай байх ёстой. Гэтэл энэ нь амьдралд биелэхгүй. Энэ бүхнээс дүгнэхэд орчин үеийн эдийн засаг нь өөрийн дотоод байгууламжынхаа хувьд гарцаагүй инфляци бүхий эдийн засаг юм.
Тэгэхдээ асуудлыг үүгээр хязгаарлах нь хангалтгүй. Сургалт, боловсролын хүрээнд дээр дурьдсан хийсвэр зураглалыг дурьдах нь ач холбогдолтой. Харин судалгаа, практик бодлогын түвшинд зарим тайлбар, нэмэлт хийх нь зүйтэй. Дээр дурьдсан нөхцлүүд нь хэрэг дээрээ орчин үеийн эдийн засгийн тогтолцооны гол гол элемент, хэсэг, тэдгээрийн зүй тогтолт харьцаа, тэнцвэрийг илэрхийлж байгаа юм. Тэдгээр нь байнгын өөрчлөлт, хөдөлгөөнд байх бөгөөд түр зуурын тэнцвэрт байдлыг онол, хийсвэрлэлийн хувьд л авч үзэж болно.
Нөгөө талаар, инфляци аль нэг нөхцөлтэй биш, олон элемент, хэсгийн өөрчлөлт хөдөлгөөн, харьцаа тэнцвэртэй холбоотой учраас түүний зохицуулалтын тухай ярихдаа цогц байдлаар хандах ёстой. Энэ нь онолын судалгаанд тэр тусмаа практик арга хэмжээ, бодлого боловсруулахад бэрхшээл учруулах нь тодорхой. Өөрөөр ч байх боломжгүй. Тэдгээрийг зүй зохистой хэмжээнд барьж жолоодоход инфляцийн зохицуулалт чиглэнэ. Үүнд тохирох арга хэмжээ үндэслэл, загвар боловсруулах нь судалгааны зорилго байх учиртай. Иймд инфляцийн эсрэг зохицуулалт, тохируулга нь инфляцийн зохицуулалт гэсэн ойлголтын маш чухал боловч нэг л хэсэг юм. Эдийн засгийн шинэчлэл, дэлхий дахиныг хамарсан цочмог өөрчлөлт, олон тооны мөчлөг хөгжил, шилжих хөдөлгөөний улмаас эхний зохицуулалт, бодлогын асуудлыг илүү анхаарч судлаж ирсэн байна. Энэ ч талаас нь инфляцийн онол, загварын асуудал харьцангуй сайн боловсрогдсон гэж үзэж болно.
1990-ээд оноос тогтвортой хөгжил, өсөлтийн онолын судалгаа ихээхэн өөр чиглэл хандлагатай болсон нь инфляци, түүний зохицуулалтын асуудалд шинэ байдлаар хандахыг зүй ёсоор шаардах боллоо. Тэрчлэн хөгжлийн эдийн засгаас гадна хувьсах эдийн засаг гэсэн судалгааны шинэ чиглэл, сургууль гарч инфляцийн зохицуулалт, үр дагаврын өвөрмөц судалгаа явуулж буйг хэлэх хэрэгтэй.
Инфляци нь эдийн засгийн байгууламжийн дотоод мөн чанар, механизмаас эх үндэстэй учраас ямар ч нөхцөлд байдаг олон талтай үзэгдэл. Хомсдлын эдийн засгийн үед ч байх бөгөөд илэрч гарах өөрийн гэсэн өвөрмөц хэлбэртэй[1]. Таваарын хомсдолтой үед төрөөс үнийг зохицуулан инфляцийг хүчээр “дарах” бодлого явуулснаар инфляци алга болохгүй. Өөр л хэлбэрээр илэрнэ. Үүнийг нуугдмал инфляци гэж нэрлэж болно. Ийм төрлийн инфляци төвлөрсөн төлөвлөгөөтөй эдийн засагт ч байсан бөгөөд түүний уршиг дагаварыг сааруулахын тулд гадаадын зээл тусламж, тэтгэлгээр “хомсдлын” үр дагаварыг дахин хуваарилах, алдагдлыг нөхөх хүртэл бүхий л аргыг хэрэглэж ирсэн билээ. Өнөөдөр ч ийм төрлийн инфляцийн хор уршиг их байгааг хэлэх хэрэгтэй. Энэ нь ажилгүйдэл, амьжиргааны өнөөгийн түвшин, үйлдвэрлэл үйлчилгээний зогсонги байдлын нэг гол шалтгаан болсоор байгаа боловч түүний хувь хэмжээг тэр бүр тооцохгүй орхиж байна.
Таваарын хангамж хэвийн үед үнэ тогтмол өсөх хандлагыг нээлттэй буюу хэвийн гэж хэлж болно. Гэхдээ үнийн тогтмол өсөлт бол инфляцийн цорын ганц шинж тэмдэг биш гэдгийг дээр дурьдсан билээ. Үүний цаана байгаа нөхцөл, хүчин зүйлсийг зааглан тооцох нь бэрхшээлтэй боловч тэдгээрийн харилцан үйлчлэлийг тодорхойлох зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, инфляцийн мөнгөн хэмжээ гэхэд эрэлтийн талд бөөгнөрч байдаг. Хэдийгээр эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр чухал боловч байнга алдагдах нь зүй тогтолт шинжтэй. Энэ нь үнийн хэлбэлзэл, нөөцийн дахин хуваарилалт, худалдах ба худалдан авах чадавхийн динамик зэрэг зах зээлийн бүхий л механизмаар дамжин хэрэгжиж байгаа юм. Эдгээр элемент хэсэгт тэнцвэрт харьцаа алдагдах нь хэрэг дээрээ нуугдмал инфляцийг ил гаргаж ирнэ. Боломж, нөөц чадавхи нь бодит байдал болон хувирна. Харин энэ ерөнхий зураглал практик дээр харилцан адилгүй илэрдэг нь өөр шалтгаантай.
Энэ нь тэнцвэр алдагдах үйл явц хэвийн хэмжээ хязгаараас хальж эдийн засагт “гажилт” үүсгэж эхлэвэл нээлттэй, хэвийн инфляци маань “өвчин эмгэг”-ийн хэмжээнд хүрнэ. Энэ үед инфляцийн зохицуулалт нь “онцгой байдал” тогтоож “эмчлэх” нэмэлт арга хэмжээ авах үүрэгтэй. Ийм зааг хязгаар тун харьцангуй шинжтэй боловч түүнийг тогтоох хэрэгтэй байдаг. Наад зах нь инфляцийн зохицуулалтын хүрээнд хэзээ, ямар арга хэрэгслийг ашиглах вэ гэдгийг тодорхойлоход ач холбогдолтой.
Нээлттэй буюу хэвийн гэж нэрлэхдээ инфляцийн сөрөг тал, үр дагаврыг үгүйсгэж байгаа хэрэг биш. Зөвхөн тодорхой хүрээнд хэвийн үйл явц гэдгийг л зөвшөөрөх тухай ярьж байгаа юм. Зах зээл, үнэ ханшны зайлшгүй өөрчлөлтийг үйлдвэрлэгч, хэрэглэгчид хэрхэн яаж хүлээж авах, зардал, үнэ, цалингийн харилцан холбоо, эрэлт, татварын хэмжээ, түвшин зэрэгтэй холбоотой инфляци үүсэх нь дамжиггүй. Ийм төрлийн инфляцийг удаан хугацаагаар дарж болохгүй. Энэ зах зээлийн механизмын өөрийн уян хатан чанар, мөн чанарт нийцэхгүй. Яагаад гэвэл дээрхи нөхцөл шалтгаан нь нэг хэвийн, тогтонги зүйл биш. Өөрчлөгдөж хувьсахаас аргагүй. Бидний зорилго нь хэвийн хэмжээнд нь барьж жолоодох явдал юм. Жишээ нь, инфляцийн нөхцөлд үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн сэтгэл зүй, мэдрэмж, хүлээлтийн өөрчлөлтийг урьдчилж тооцох, угтуулж бодлого явуулах нь нэн чухал болохыг практик нотолсоор байна. Английн эдийн засагч, Кембрижийн их сургуулийн нэрт төлөөлөгч А.Пигу (1877-1959 он) энэ чиглэлийн харилцан холбоог судлаж дэвшүүлсэн үндэслэл нь тодорхой хязгаарт ач холбогдолтой хэвээр байна. Инфляцийн нөхцөлд хувь хүн бэлэн мөнгөөрөө илүү ашиг олж болох таваар худалдаж авах бөгөөд үлдэгдлийг хадгалдаг сэтгэл зүй, эдийн засгийн шинж чанар, түүний үр дагаврыг А.Пигу тайлбарласан нь Шилжилтийн эдийн засагт ч үйлчилсээр байгаа юм.
Үүний нэгэн адил зардал, үнэ, цалин хөлс, бодит орлогын харьцаа, өөрчлөлттэй холбоотой инфляцийн зохицуулалтын асуудлыг гүнзгий боловсруулах шаардлагатай байна. Энэ зардал, орлогын өөрчлөлтийн битүү цагираг гэгч үүсэх боловч нилээд хатуу зохицуулалтаар түүнийг задалж болохыг туршлага харуулж байна. Инфляци үнийн өсөлт, амьжиргааны түвшинтэй холбоотой цалин хөлс нэмэх, индексжүүлэх зэрэг удирдлага, хүсэлт нь цаанаа нилээд гүнзгий учир шалтгаантай. Тэгэхдээ ийм шалтгааны дотроос үйлдвэрлэл, эдийн засгийн өсөлт, бүтцийн өөрчлөлтийн талаар мэдэгдэхүйц алхам хийгээгүй байж бусдыг тэргүүн ээлжинд тавих нь хэт өрөөсгөл хандлага юм. Үүнд тодорхой цаг хугацаа шаардлагатай боловч ийм зарчмыг дэс дараатай хэрэгжүүлэхээс өөр аргагүй.
Шилжилтийн эдийн засагт нуугдмал инфляци тодорхой байр суурьтай байгаа учраас түүний олон янзын төрөл, илэрлийг судлаж практик бодлогод харгалзаж үзэх нь чухал. Үнийн төрийн зохицуулалт, хомсдол, нийлүүлэлт, зээл, мөнгөний бодлогын гажуудал, алдаа дутагдалтай холбогдож нуугдмал инфляци үүсэж байгаа боловч дурьдсан нөхцөл, шалтгаан ихээхэн онцлогтой болсныг анхаарах нь зүйтэй. Тухайлбал, сонгодог утгаараа үнийн хяналт байхгүй болсон гэж хэлж болно. Гэтэл зардал (түүхий эд г.м), гааль, татвар болон цэвэр захиргааны аргаар үнийн хяналт тогтоож байгаа нь ийм төрлийн инфляцийг өөгшүүлсээр байна. Тодорхой хязгаарт байж болох бодлого. Тэр тусмаа шилжилтийн эдийн засгийн өнөөгийн байдалд шууд бус зохицуулалт байхаас аргагүй. Бүс нутгаар суурь үнийн ялгавартай хуваарилалт хийх шаардлагаас эхлээд бусад олон асуудлыг боловсруулах нь чухал байгаа юм. Энэ үүднээс инфляцийн зохицуулалтын асуудлыг авч үзвэл зөвхөн тогтворжуулах, сөрөг үр дагаврыг сааруулахаар хязгаарлаж боломгүй байна. Эдийн засгийн шинэ тогтолцооны гүнд орж судалгаа явуулах замаар л инфляци, түүний зохицуулалтыг илүү өргөн хүрээтэй ойлгож төрийн бодлогод тусгаж чадна.
Хэвийн нөхцөлд ч инфляци олон янзын сөрөг үр дагавартай. Энэ нь үйлдвэрлэгч, хэрэглэгчийн аль алинд тусдаг. Түүнийг ухаалгаар жолоодож сөрөг үр дагаврыг сааруулах, эсрэгээр нь эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр, өсөлт хөгжлийг хангахад ашиглах боломжтой байдаг. Гэтэл инфляци гаарч, түүнийг жолоодлогогүй алдах юм бол энэ нь онцгой байдлыг бий болгоно. Энэ үед төр засгаас эдийн засгийг удирдаж чадахгүйд л хүрнэ. Энэ тохиолдолд зардал, үнийг хямдруулах мөнгөний хэмжээг хязгаарлах, төсвийн алдагдлыг багасгах, ядуурал, хөрөнгийн туйлшралыг бууруулах уламжлалт аргаас гадна ашгийн татвар, төсвийн татаас, зээлийн хүү зэрэг шууд бус аргыг өргөн хэрэглэдэг. Тэгэхлээр инфляцийн эсрэг гэж нэрлэдэг зохицуулалтын хэсэг олон талтай ихээхэн нарийн бүтэцтэй нь тодорхой юм. Зөвхөн нягт уялдаатай, цогц байдлаар ашиглаж чадвал үр дүнд хүрдгийг туршлага харуулж байна.
Инфляцийн эсрэг зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд түүний шалтгаан тус бүрийн үйлчлэл, нөлөөлөлийг нягталж үзэх нь чухал. Яагаад гэвэл цаг хугацаа, дэс дараа, хүрээ хязгаарынувьд тэдгээрийн үйлчлэл, нөлөөлөл ихээхэн онцлог ялгаатай. Тухайлбал, мөнгөний бодлогын алдаа дутагдал, төсвийн алдагдал, эдийн засгийн цэрэгжүүлэлт, жам ёсны монополь, гадаадаас инфляци нэвтэрч орох гээд бүхий л суваг, шалтгааныг харьцуулан судлаж бодлого, арга хэмжээг боловсруулдаг. Богино хугацаанд явуулах мөнгөний бодлогын хүрээнд хүүгийн нормыг зохицуулах, хөрөнгө оруулалтын эрэлтийг урамшуулахад түүнийг ашиглах арга хэмжээ авч байна. Харин манай нөхцөлд энэ арга хэмжээ нь хөрөнгийн бирж дэх хувьцааны үнийн өөрчлөлттэй бараг уялдахгүй байгаа юм. Мөн түүнчлэн засгийн газрын зээллэгийн хувь хэмжээ харьцангуй өндөр, улирлын чанартай үйлдвэрүүд. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарыг санхүүжүүлэхэд төрийн оролцоо их хэвээр байгаа нь инфляцийг өөгшүүлсээр байна. Үүнийг нилээд тохиолдолд бусад орон, гадаадын санхүү эдийн засгийн байгууллагын зээл тусламжаар сааруулж байна. Цэргийн сектор, тэр тусмаа жам ёсны монополь нь инфляцийг төрүүлдэггүй боловч зүй зохистой хэмжээ хязгаараас давж “гажуудал” бий болговол түүнийг гааруулдаг. Тэгэхлээр эдгээр салбарт, шинэчлэл, зохицуулалт нь инфляцийн зохицуулалтын тодорхой хэсэгтэй холбоотой. Энэ дагуу инфляцийн нийгмийн үр дагаварыг урьдчилан тооцож, түүний эсрэг стратеги, тактикийг хэрэгжүүлэх ёстой.
Зах зээлд шилжиж эхэлсэн 1990 оноос хойш Монгол оронд инфляцийн зохицуулалтын үндэс тавигдсан бөгөөд эдийн засгийн тогтворжуулалт, бүтцийн өөрчлөлтийн бодлогын хүрээнд үйлчилж ирсэн гэж хэлж болно. Үндэсний нийт бүтээгдэхүүн (ҮНБ) 1990 онд 2.0 хувь, 1991 онд 10 шахам хувь, 1992 онд 7.6 хувь буурч, 1993 онд бууралт 7.6 хувь болсон. Нийт орлого, бүтээгдэхүүний энэ их уналт хүн бүрт түүний дотор хүн амын ядуу дорой хэсэг хүнд туссан. Ажилгүйдэл 20 хувь хүрч нийгмийн үзүүлэлтүүд эрс дордсон нөхцөлд инфляцийн зохицуулалт хийх оролдлого эхэлсэн юм. Инфляци 1992 онд 320 хувийн орчилд хүрсэн ба 1994 оноос бүтээгдэхүүний үйлдвэрлэл сэргэж инфляци хоёр оронтой тоогоор хэмжигдэх болов. Өнгөрсөн 1997 оны байдлаар мөнгөний ханш уналт 17.5 хувь болж 1996 оныхоос бараг 3 дахин буурчээ.
Эдийн засгийн бууралт инфляциас ажил эрхлэлтэд тусах нөлөө 1993 оноос илэрч ажилгүйдэл мөн онд 54-өөс 72 мянга болон өсч, ажил эрхлэлт 13 орчим хувиар буурсан байна Өнөөдөр албан ёсны бүртгэлтэй 63.0 мянга, зарим судалгааны дүнгээр 100.0 гаруй мянга гэж тооцогдож байгаа ажилгүйчууд бол нийгмийн өмнө тулгарсан олон хурц асуудлын уг сурвалж болж байна. Жил бүр 25 мянган хүн хөдөлмөрийн зах зээлд нэмэгдэж байгаагийн дээр, 15 мянга орчим улсын албан хаагчид, 30 мянгаас доошгүй ажилчид түүний дотор 15 мянган улсын үйлдвэрийн ажилчдыг цомхотгох шаардлагатай тооцоо гарч байгаа юм.
Монгол улсын төсөв сүүлийн жилүүдэд урсгал тэнцлийн хувьд алдагдалгүй гарч байгаа боловч, харин хөрөнгийн орлого ба хөрөнгө оруулалтын зарлагыг тооцсон нийт тэнцлийн хувьд дотоодын нийт бүтээгдэхүүний 7.0-10.0 хүртэл хувьтай тэнцэхүйц алдагдалтай үзүүлэлт гарч байна. Өнгөрсөн онд 1998 оны санхүүгийн жилийн төсвийн алдагдлыг 80.0 гаруй тэрбум төгрөг байхаар урьдчилан төлөвлөсөн бөгөөд энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 8.9 хувьтай тэнцэж байгааг Сангийн яамнаас гаргасан материалаас харж болно.
Гэтэл татварын орлогын төлөвлөгөө тасрах, экспортын хэмжээ төдийлөн нэмэгдэхгүй, дэлхийн зах зээл дэхь гол нэр төрлийн экспортын бүтээгдэхүүний үнэ буурч байгаа зэрэг олон шалтгааны улмаас төсөвт орох орлого ихээхэн багасах төлөвтэй байна. Энэ нь олонхи оронд давтагддаг мөнгө гаргаж, инфляцаар төсвийг санхүүжүүлдэг аюулыг тойрч гарахад саад болж магадгүй юм.
Эцэст нь хэлэхэд инфляцийн зохицуулалтын асуудлыг судалж боловсруулахын тулд эдийн засгийн байгууламжийн тухай шинэ үзэл онол, арга зүйн үүднээс хандах хэрэгтэй нь тодорхой байна. Тэгэхлээр юуны өмнө инфляци, түүний зохицуулалт нь хэвийн эдийн засгийн дотоод мөн чанар, механизмаас эх үндэстэй болохыг нарийвчлан боловсруулах хэрэгтэй байгаа юм. Энэ утгаараа асуудлыг практик бодлогын түвшнээс өмнө онол, арга зүйн хүрээнд тавьж шийдвэрлэх нь зөв санагдана.
[1]Хомсдлын эдийн засгийн хэд хэдэн төрөл байх бөгөөд Монгол орны жишээн дээр энэ асуудлыг нарийвчлан судлах нь чухал. Энэ чиглэлээр өөрийн үзэл бодлыг доктор Ц.Даваадорж нилээд тодорхой илэрхийлсэн болно. Тэрбээр бичихдээ: “Дотоодын найдвартай үйлдвэрлэл ба санхүүгийн эх үүсвэргүйгээс шалтгаалан хэрэглээний гол нэр төрлийн бараа болон үйлдвэрлэлийн хэрэгсэл, чухал ресурсийн нийлүүлэлт байнга тасалдаж, тэдгээрийн үнэ тогтмол өсч байдаг ба ажилгүйдэл, гиперинфляцид нэрвэгдсэн эдийн засгийг хомсдлын шинжтэй гэж үздэг” гэжээ. (Монголын эдийн засаг: өчигдөр, өнөөдөр, маргааш. 1996.1.37 дахь тал)