Жорж Сорос
(“Нээлттэй Нийгэм” сангийн үүсгэн байгуулагч)
Шинэ толь №21, 1998
Түлхүүр үг: Үл үзэгдэгч гар, төрийн зохицуулалт, захиргаадалт, К.Попперын үзэл санаа, Нийгмийн Дарвинизм
Бидэнд ямар нийгэм хэрэгтэй вэ? “Чөлөөт зах зээл л шийднэ” гэдэг хариулт олонтоо сонсогддог. Капитализмын энэ нийтлэг үзэл болсон хариулт нь нээлттэй, ардчилсан нийгмийн үнэт зүйлсэд сөргөөр нөлөөлдөг.
Гегель өөрийн “Түүхийн философи” номондоо жам ёсноос гажсан хөгжилтийн эрч хүч эргээд соёл иргэншлийг устгадаг гэсэн жишээ татсан байдаг. Хэдийгээр би санхүүгийн зах зээл дээр амжилт гаргасан ч үл үзэгдэх гараар залуурддаг капитализмын эрчимтэй, саадгүй хөгжил, зах зээлийн үнэт зүйлс хүний амьдралын бүх салбарт нэвтэрч байгаа явдал бидний нээлттэй, ардчилсан нийгэмд аюул учруулж байна гэж одоо бодох болсон. Миний бодлоор нээлттэй нийгмийн гол дайсан коммунизм биш харин капитализмын аюул юм.
Карл Поппер өөрийн “Нээлттэй нийгэм ба түүний дайснууд” номондоо коммунизм, нацизм мэтийн тоталитари үзэл суртлууд хоорондоо ижил төстэй: тэд үзэл бодлоо туйлын үнэн гэж нотолдог. Гэхдээ туйлын үнэн гэж үгүй болохоор эдгээр үзэл нийгмийн тухай өөрсдийн үзэл санаагаа тулгах зорилгоор хавчлага хардлага хэрэглэх болдог. Үнэнийг хэн ч монопольчлох эрхгүй гэдэг нийгмийн тухай үзлийг Поппер эдгээр тоталитари үзэлд сөргүүлэн тавьсан.
Хүн бүр өөр өөр сонирхол, үзэл бодолтой байдаг тул тэд өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, найрсагаар хамтран орших нөхцлүүдийг нь хангасан институтууд байх шаардлагатай. Ийм институтууд иргэдийнхээ эрхийг хамгаалж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сонголт хийх эрх чөлөөг нь баталгаажуулах ёстой. Нийгмийн зохион байгуулалтын энэ хэлбэрийг Поппер “нээлттэй нийгэм” гэж томъёолсон. Тоталитари санаанууд энэ нийгмийн дайсан байсан.
Дэлхийн хоёрдугаар дайны үеэр бичигдсэн “Нээлттэй нийгэм ба түүний дайсан” гэсэн энэ ном Өрнийн ардчилал юуны төлөө тэмцэж байгааг тайлбарласан байдаг. Тайлбар нь дэндүү хийсвэр, гүн ухааны байсан учир “нээлттэй нийгэм” нэр томъёо өргөн тархалт олж чадаагүй. Гэхдээ Попперийн дүн шинжилгээ нарийн байсан ба би өөрөө нацист, коммунист дэглэмүүдийг биеэрээ үзсэн болохоор цаашид нарийн судлахаар шийдсэн.
Би Карл Попперийн философийг илүү гүн гүнзгий судалж, яагаад хэн ч туйлын үнэнд хүрч чаддаггүй вэ гэсэн асуулт тавьсан. Хариулт нь бол: Бид бүгд ойлгохыг хүсч буй нэгэн ертөнцөд амьдардаг бөгөөд бидний ойлгоц бидний өөрсдийн оролцож буй үйл явдлуудад нөлөөлж чадна. Хэрвээ бидний бодол нэг ертөнцөд, харин түүний хэлэлцэх субъект нь өөр ертөнцөд байвал үнэн бидний ойлгох хүрээнд багтаж болох юм: бид бодит баримтуудад тохирсон томъёолол гаргаж чадах бөгөөд тэдгээр баримтууд тус томъёололын зөв, бурууг тогтоох найдвартай хэмжүүр болно.
Дээрхи нөхцөлүүд ноёрхох зарим салбар байдаг: байгалийн ухаан. Гэхдээ хүний нийгмийн бусад салбарт томъёолол баримт хоорондын харилцааны зааг бага илэрдэг. Нийгмийн болон улс төрийн үйл хэрэгт оролцогчдын ойлгоц, мэдрэмж нь бодит байдлыг тодорхойлоход тусална. Ийм нөхцөлд баримтууд заавал томъёололын үнэн байдлыг хэмжих хэмжүүр болох шаардлагагүй. Үүнд холбогдох хоёр замт харилцаа байна-эргэх механизм-бодол, бодит үйл явдлын хооронд. Үүнийг би түүхийн онолыг боловсруулахад хэрэглэсэн.
Эл онол зөв ч бай, буруу ч бай санхүүгийн зах зээлд надад ихэд тусалсан. Надад шаардагдаж байснаасаа илүү их мөнгө хийснийхээ дараа би сан байгуулахаар шийдсэн. Нацизм болон Коммунизмыг аль алиныг нь үзсэн миний хувьд нээлттэй нийгэм бүгдээс чухал гэж санагдсан юм. Тэгээд ч би сангаа 1979 онд Нээлттэй Нийгмийн сан гэж нэрлээд, түүнийхээ зорилгуудыг хаалттай нийгмийг нээх, нээлттэй нийгмийг амьдрах чадвартай болгохоор тодорхойлсон.
Би анхны том арга хэмжээгээ Өмнөд Африкт явуулж, тэр маань бүтэлгүй болсон. Апартеид систем өргөн тархаж, би юу ч хийхийг оролдсон систем өөрчлөгдөхөд нь туслахаасаа илүү түүний нэгэн хэсэг болж уусах гээд байсан. Дараа нь би анхаарлаа Төв Европод хандуулсан энд би илүү амжилттай ажилласан. Би 1980 он Чехословакид 77 Хартийн хөдөлгөөнийг, 1981 онд Польши, эв нэгдлийг дэмжсэнээр ажлаа эхэлсэн. Би өөрийн төрсөн газар Унгарт 1984 онд, Хятадад 1986 онд, ЗХУ-д 1987 Польшид 1988 онд тус тус сан байгуулсан. Зөвлөлтийн систем нурснаар миний үйл ажиллагааны хүрээ тэлсэн, одоогийн байдлаар 25 гаруй оронд (Хятад дахь салбараа 1989 онд хаасан) сангийн салбаруудыг нээн ажиллуулж байна.
Коммунист дэглэмийн үед ажиллаж байхад “нээлттэй нийгэм” гэдгийг тайлбарлах шаардлага гардаггүй байсан яагаад гэвэл сангийн зорилгыг дэмжиж байсан хүмүүс өөрсдөө надаас ч илүү ойлгодог байв. Жишээ нь, Унгар дахь сангийн зорилго альтернатив үйл ажиллагааг дэмжихэд оршиж байв.
Тэр үед ноёрхож байсан Коммунист догма хуурамч гэдгийг мэдэж байсан, яагаад гэвэл энэ нь зөвхөн догма бөгөөд альтернативт сөргүүлэн тавихад тэр догма тогтворгүй болно. Энэ хандлага зөв байсан нь нотлогдсон. Сан нь Унгарын иргэний нийгмийг дэмжих гол эх үүсвэр болж, иргэний нийгэм хөгжих тутамд коммунист дэглэм суларч эхэлсэн.
Коммунизмын сүйрлийн дараа сангуудын сүлжээний үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдсөн. Нээлттэй нийгэм илүү боловсронгуй, нийгмийн нарийн зохион байгуулалттай хэлбэр (яагаад гэвэл хаалттай нийгэмд хүчээр тулгасан ганцхан төлөвлөгөө байдаг бол нээлттэй нийгэмд иргэн бүр өөрөө өөрийгөө бодох бололцоотойгоор зогсохгүй тэгэх ч шаардлагатай байдаг) гэдэг ойлгомжтой болж сангууд нураах үүргээсээ илүү бүтээлч хэлбэрт шилжсэн. Барууны нээлттэй нийгмүүд хуучин Зөвлөлтийн эзэнт гүрэнд нээлттэй нийгэм хөгжүүлэх эрмэлзэл бага байна. Харин ч хүмүүсийг өөрсдийн хийсэн хэргээ эргээд харах хэрэгтэй гэсэн санал давамгайлж байв. Хүйтэн дайны төгсгөл Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлөөс хавьгүй өөр асуудлуудыг гаргаж тавьсан. Маршаллын Шинэ Төлөвлөгөөний үзэл санаа хэлэлцэгдэх ямар ч боломжгүй байв. Би ийм үзлийг 1989 оны хавар Потсдамын (тэр үед Зүүн Германых байсан) конференцид тавихад намайг бүгд шоолж байв.
Коммунизмын сүйрэл дэлхий нийтийн нээлттэй нийгэмд ажиллах үндэс суурь тавьсан боловч Барууны ардчилал тэр боломжийг ашиглаж чадаагүй. Хуучин ЗХУ, Югославт тогтож буй шинэ дэглэмүүдэд нээлттэй нийгэмтэй төстэй үйлс тун цөөхөн. Хуучин Коммунист байсан орнуудад амьдарч буй хүмүүс хэлмэгдүүлэлт, хавчлагад нэрвэгдэж байсан болохоор нээлттэй нийгмийн үзэл санааг дэмжиж, харин одоо, Коммунист системийн сүйрлийн дараа, тэд шинэ нөхцөлд амьд гарах асуудлуудтай тулгарсан. Коммунизм нурсны дараа дэлхий нийтийн үзэл баримтлуудад итгэх итгэл алдагдсан бөгөөд нээлттэй нийгэм бол дэлхий нийтийн үзэл баримтлал болсон юм.
Эдгээр нөхцөл байдал намайг нээлттэй нийгэмд итгэх итгэлээ эргэцүүлж үзэхэд хүргэсэн. Берлиний Хана нурснаас хойш 5-6 жил би бүх хүч чадлаа хуучин Коммунист ертөнцийн шилжилт өөрчлөлтөд зориулсан. Хамгийн сүүлд би анхаарлаа өөрийн нийгэмд хандуулсан. Миний бий болгосон сангуудын сүлжээ их ажил хийсээр байгаа ч үйл ажиллагааныхаа агуулгыг эргэцүүлэн үзэх шаардлага надад гарсан. Эдгээр өөрчлөлт нээлттэй нийгмийн үзэл санаа ач холбогдлоо алдаагүй байна гэсэн дүгнэлтэд хүргэсэн. Нөгөө талаас энэ нь түүхийн одоогийн цаг мөчийг ойлгох, улс төрийн үйл ажиллагааг практик удирдамжаар хангахад илүү ач холбогдолтой болох байх. Ингэхийн тулд сайтар бодож, ахин томъёолох шаардлагатай. Цаашид нээлттэй нийгмийн үзэл санааг Коммунизмын аюулын үүднээс хөгжүүлэх боломжгүй бөгөөд илүү позитив агуулга оруулах шаардлагатай.
Шинэ дайсан
Нэг нь хэт барууныг, нөгөөх нь хэт зүүнийг илэрхийлсэн хэдий ч хоёулаа төрийн эрх мэдэлд тулгуурлан хувь хүний эрх чөлөөг хавчигдуулдгаараа фашизм коммунизм хоорондоо ижил төстэйг Поппер харуулсан. Би түүний санааг өргөжүүлмээр байна. Мөн хэт хувиа хичээх үзэл нээлттэй нийгэмд аюул учруулж болзошгүй гэж хэлмээр байна. Дэндүү их өрсөлдөөн, дэндүү бага хамтын ажиллагаа тэвчихэд хэцүү шударга бус, тогтворгүй байдалд бас хүргэж болно.
Гэхдээ би капитализмын үл үзэгдэх гарын номлолыг Нацизм, коммунизмтай нэг категорийн түвшинд тавьж үзээгүй гэдгийг тэмдэглэе. Тоталитари үзэл суртал нээлттэй нийгмийг устгахад чиглэгддэг, харин үл үзэгдэх гарын бодлого санамсаргүйгээр нээлттэй нийгэмд аюул учруулж болзошгүй. Коммунизм, социализмд итгэх?” бүхэлдээ алдагдсан бөгөөд одоо үед үл үзэгдэх гар бодлого илүү аюултай гэж би үзэж байна. Бид үнэхээр дэлхий нийтийн зах зээлийн эдийн засагт шилжин бүтээгдэхүүн, үйлчилгээ, хөрөнгө, хүмүүс харьцангуй чөлөөтэй хөдлөх, зорчих болсон ч нээлттэй нийгмийн үнэт зүйлс, институтуудыг бэхжүүлэхээ орхигдуулж байна.
Өнөөгийн байдлыг өнгөрсөн зууны сүүлчтэй харьцуулмаар байна. Тэр бол үл үзэгдэх гарын зарчмаар тодорхойлогдсон капитализмын алтан үе байсан. Одоо ч мөн адил. Өнгөрсөн үе зарим талаараа илүү тогтвортой байсан. Зуун жилийн өмнө ноёрхож байсан чөлөөт зах зээлийн дэглэмийг Дэлхийн нэгдүгээр дайн устгасан. Тоталитари үзэл суртал гарч ирж Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд улс хоорондын хөрөнгийн хөдөлгөөн үндсэндээ гараагүй.
Үл үзэгдэх гарын номлол Марксизм-ленинизм эсхүл Нацийг бодоход нээлттэй нийгмийн зарчмуудтай ихэд зөрчилдөхгүй хэдий ч эдгээр номлолд төстэй зүйл байдаг: Тэд бүгд туйлын үнэний тухай өөрсдийн үзлийг шинжлэх ухааны үүднээс нотлохыг оролдоно. Поппер өөрийн нэгэн бүтээлдээ Марксизм мэтийн онолыг Шинжлэх ухаан гэж тодорхойлоогүй. Үл үзэгдэх гарын номлолын хувьд нэлээн маргаантай, яагаад гэвэл энэ нь эдийн засгийн онол дээр үндэслэсэн бөгөөд эдийн засаг бол нийгмийн шинжлэх ухааны хүндэт салбар мөн. Зах зээлийн эдийн засгийг Марксист эдийн засагтай адилтгаж болохгүй.
Үл үзэгдэх гарын үзэл санааны шинжлэх ухааны гол тулгуур нь чөлөөт өрсөлдөөнт зах зээл эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлж, тэгснээрээ нөөц баялгийг ашигтай хуваарилдаг гэсэн эдийн засгийн онол билээ. Энэ нь үнэн гэж нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Эдийн засгийн онол бол аксиоматик систем-үндсэн төсөөллийг даган дүгнэлтүүд гарч ирдэг. Гэхдээ зарим үед төсөөлөл нь бодит амьдралаас өөр байдаг. Анхнаасаа томъёолсны дагуу төгс өрсөлдөөний онол-эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр-төгс мэдлэгийг бий болгоно. Төгс мэдлэгийн төсөөлөл тогтворгүйгээ нотолж, түүнийг нарийн хийцээр орлуулан сольсон. Эрэлт нийлүүлэлтийг тус тусад нь авч үзсэн. Эдийн засгийн онол эрэлт нийлүүлэлт хоёрын хоорондын харилцааг судалдаг гэж үзэхэд тэдгээрийг өгөгдсөнөөр авч үзнэ.
Эрэлт, нийлүүлэлт тус тусдаа өгөгдсөн нөхцөл бодит байдалтай адилгүй. Санхүүгийн зах зээл дэх худалдан авагч, худалдагчид тэдгээрийн шийдвэрээс хамаарах ирээдүйг хөнгөвчлөх арга замуудыг хайдаг. Эрэлт нийлүүлэлтийн муруйнуудын хэлбэрийг өгөгдсөнөөр авч болохгүй, яагаад гэвэл тэдгээр нь хоёулаа үйл явдлын тухай найдварыг холбоно. Зах зээлийн оролцогчдын хооронд 2 замт эргэх механизм байдаг бодох, тэдгээрийн бодож буй нөхцөл байдал. Энэ оролцогчдын төгс бус ойлголт, тэдний оролцож буй үйл явцын тодорхой бус байдлыг хоёуланг нь тайлбарлана.
Хэрвээ эрэлт нийлүүлэлтийн муруйнууд тус тусдаа өгөгдөөгүй бол зах зээлийн үнэ юугаар тодорхойлогддог вэ? Хэрвээ бид санхүүгийн зах зээлийг ажиглабал үнэ тогтворжихын хандлагын оронд худалдагч, худалдан авагчийн горьдлого найдвартай уялдан өөрчлөгдөж байдаг. Ямар ч онолын тогтворжилтоос хол зөрсөн үе ч бас гардаг. Тэгсэн ч тэнцвэрийн агуулга хадгалагддаг. Яагаад үүнгүйгээр эдийн засаг үнэ хэрхэн тодорхойлогдгийг тайлбарлаж чадахгүй гэдэг нь ойлгомжтой.
Эдийн засгийн онол улс төрийн зорилгоор зориудаар бодит байдлыг гажуудуулсан гэж би үзэхгүй байна. Гэхдээ байгалийн ухааныг дууриах гэж оролдсноороо эдийн засгийн онол бүтэшгүй юмыг хийхийг оролдсон. Нийгмийн шинжлэх ухааны онолууд хэлэлцэх асуудалдаа буцах аргаар холбогдсон байдаг. Иймээс тэд үйл явдалд нөлөөлж чадна, харин байгалийн ухаан бол чаддаггүй.
Төгс мэдлэгийн төсөөлөл нь эдийн засгийн онолыг нээлттэй нийгмийн эсрэг болгож байна. Төгс бус мэдлэг ноёрхож буй дэлхийд хүний шийдвэрт үнэлгээ өгөх, алдаа засахад зах зээл ашигтай эргэх механизмаар хангадаг. Ямар ч хэлбэртэй байсан төгс мэдлэгийн тухай үзэл нээлттэй нийгмийн агуулгатай зөрчилдөнө. Энэ нь хийсвэр үзэл болохоор үл үзэгдэх гарын үзэл ямар байдлаар нээлттэй нийгэмд аюул учруулж болзошгүйг дүрслэх шаардлагатай. Би гурван асуудал дээр анхаарлаа төвлөрүүлье: эдийн засгийн тогтвортой байдал, нийгмийн шударга ёс, олон улсын харилцаа.
Эдийн засгийн тогтвортой байдал
Оролцогчдын эрхэмлэх зүйл, олгогдсон боломж нь тус тусдаа эдийн засгийн онол бий болгодог. Санхүүгийн хандлагатай зохиомол ертөнцийг эдийн засгийн онол бий болгодог. Гэхдээ санхүүгийн зах зээлд үнэ тусдаа өгөн эрэлт нийлүүлэлтийн идэвхгүй тусгал болоод зогсохгүй та бас эрхэмлэх зүйл, боломжуудыг хэлбэржүүлэхэд идэвхтай үүрэг гүйцэтгэнэ. Ийм харилцан үйлчлэл санхүүгийн зах зээлүүдийг тогтворгүй болгодог. Үл үзэгдэх гарын үзэл санаа тогтворгүй байдлыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд тогтвортой байдлыг хадгалах зорилгоор засгийн газрын оролцооны ямар ч хэлбэрийг эсэргүүцдэг. Түүхийн яриа эдийн засгийн уналт, нийгмийн таагүй байдлаас урагшилан санхүүгийн зах зээл сүйрч байсан жишээ олонтоо. Эдгээр сүйрэл төв банкны болон зохицуулалтын бусад хэлбэрийг хөгжүүлэхэд хүргэж байв.
Дээрх сүйрэл тогтворгүй зах зээлээс биш харин алдаатай зохицуулалтаас үүдэлтэй гэж үл үзэгдэх гарын үзэл суртал үздэг. Энэ нь зарим талаараа үндэслэлтэй, яагаад гэвэл хэрвээ бидний ойлгоц төгс бус бол зохицуулалтууд алдаатай болох нь зайлшгүй. Энэ нь зохицуулалт алдаатай бол, зохицуулалтгүй зах зээл төгс гэсэн санаа болно.
Үүний нотолгоо нь төгс мэдлэгийн тухай төсөөлөлд тулгуурлана. Хэрвээ шийдэл буруу бол нөгөө тал нь зөв байх учиртай. Гэхдээ төгс мэдлэггүй бол чөлөөт зах зээл болон зохицуулалт нурна. Тогтвортой байдлыг түүнийг хамгаалахад чиглэгдсэн ухамсартай үйлдэл хадгалж чадна. Тэгсэн хэдий ч сүйрэл гарна, яагаад гэвэл төрийн бодлого алдаатай байх нь олонтоо. Сүйрлүүд тоталитари дэглэмийг мөргүүлж болзошгүй байдаг.
Тогтвортой байдал нь хүмүүсийн үйл ажиллагааны удирдлага болох үнэт зүйлсийг хөнддөг. Эдийн засгийн онол үнэт зүйлсийг өгөгдсөнөөр нь авч үздэг. Адам Смит, Дэвид Рикардо, Альфред Маршаллын эдийн засгийн онол бий болсон үед хүмүүст анхнаасаа бүрэлдэн тогтсон үнэт зүйлс байжээ. Адам Смит өөрөө ёс зүйн философийг эдийн засгийн онолтойгоо хослуулсан. Зах зээлийн үйл байдалд тусгалаа олсон хувь хүний эрхэмлэх зүйлсээс гадна зах зээлийн механизмын ажлын хүрээнээс гадуур тогтсон зарчмуудад хүмүүс хөтлөгддөг байсан. Соёл, шашин шүтлэг, ёс уламжлалын эдгээр зарчмууд ухамсартай сонголтыг төлөөлөхдөө тийм ч оновчтой биш байсан. Зах зээл уламжлалт үнэт зүйлсийг нураасан.
Зах зээлийн үнэт зүйлс болон бусад, илүү уламжлалт үнэт зүйлсийн хооронд зөрчилдөөн гарсаар ирсэн. Зах зээлийн механизм өөрийн хүрээгээ тэлэх тутамд хүмүүс зах зээлийн үнэт зүйлсийн үндсэн дээр ажилладаг гэсэн зохиомол зүйлийг ярих улам хэцүү болсон. Зар сурталчилгаа, маркетинг, мөн барааны боодол савны өнгө үзэмж бүгд ий таашаалд нийцүүлэх зорилготой. Юуны төлөө гэдгээ мэдэхгүй хүмүүс мөнгөнд найдах нь их. Илүү үнэтэй юм илүү сайн гэж үзэх хандлагатай болдог. Баян хүмүүс нэр хүнд, хүндэтгэлд хүрдэг. Өндөр амжилтыг шүтэн бишрэх явдал зарчмуудад итгэх итгэлийг орлох боллоо. Нийгэм өөрийн зангуугаа гээсэн.
Нийгмийн дарвинизм
Эрэлт нийлүүлэлтийн нөхцөлүүдийг өгөгдсөнөөр нь авч үзээд, засгийн газрын оролцоог туйлын бүдүүлэг гэж зарласнаараа үл үзэгдэх гарын үзэл суртал ашиг орлого, баялгийн дахин хуваарилалтыг зайлуулсан. Дахин хуваарилалтын бүх оролдлого зах зээлийн ашигтай үйл ажиллагаанд саад болно гэдгийг би зөвшөөрнө, гэхдээ энэ нь ямар ч оролдлого хийх хэрэггүй гэсэн үг биш. Үл үзэгдэх гарын үзэл суртал дахин хуваарилалт ашиггүй ажиллагаанд хүргэдэг учир асуудлыг шийдэхийн тулд түүнийг устгах шаардлагатай гэж үздэг. Коммунистууд мөн өрсөлдөөнд хамрагдсан олон хэлбэр хэрэггүй тул төлөвлөгөөт эдийн засагтай байх шаардлагатай гэж үздэг байсан. Гэхдээ төгс байдалд хүрэх боломжгүй. Баялаг түүнийг эзэмшигчдийн гарт арвижих бөгөөд дахин хуваарилалтын механизм үгүй бол тэгш бус байдал тэвчихийн аргагүй болж болзошгүй.
Ашиг орлогын дахин хуваарилалтын эсрэг үл үзэгдэх гарын үзэл суртлын нотолгоо бол хүчтэй нь амьд гарна гэсэн номлол дээр тулгуурлана. Гэхдээ баялгийг залгамжлуулж өгдөг бөгөөд хоёрдахь үе нь бас чадалтай байх нь ховор.
Ямар ч байсан соёлтой нийгэмд хүчтэй нь амьд гарна гэсэн зарчим байх нь зөв биш. Аливаа зүйлийн хөгжлийн зарчим бол өөрчлөлт бөгөөд тэр өөрчлөлт нь илүү нарийн байдаг. Зүйл болон түүний орчин бие биендээ харилцан үйлчилдэг, нэг зүйл нь бусдын орчны нэгэн хэсэг болж өгдөг. Хамтын ажиллагаа бас өрсөлдөөний адил системийн нэгэн хэсэг бөгөөд “хүчтэй нь амьдарна” гэдэг уриа үүнийг ташааруулж байгаа юм.
Олон улсын харилцаа
Геополитик нь улс гүрнүүдэд зарчим гэж байдаггүй, зөв сонирхол байх бөгөөд тэдгээр нь газар зүйн байршил бус үндсэн зүйлээр тодорхойлогдоно гэж үздэг. Энэ хандлага, XIX зууны шинжлэх ухааны арга барилаас үүдэлтэй бөгөөд үл үзэгдэх гарын үзэл суртлын эдийн засгийн номлолтоо наад зах нь 2 зүйлээр зөрчилддөг. Юуны өмнө, эдийн засаг хувь хүнд ханддагийн адил энэ хандлага улсыг ашиг сонирхол түүний шинжилгээний хуваагдашгүй нэгж гэж үзнэ.
Гэхдээ үүнийг орхьё. Асуудлын бүр чухал практик тал бол төр улс задрахад яах вэ? Геополитикийн асуудалд бодитойгоор ханддаг хүмүүс үүнд огт бэлтгээгүй байсан нь хуучин ЗХУ, Югослав задрахад харагджээ. Геополитикийн бас нэг дутагдалтай тал бол нийтийн сонирхлыг үндэсний сонирхлоос илүүд авч үздэггүй.
Коммунизм устаж, гаднаас аюул учруулах зүйлгүй, дэлхийд ноёрхохыг эрмэлзсэн тоталитари үзэл суртал үгүй болсон. Аюул дотроосоо гарч ирж байна. Гадаад зөрчилдөөнөөр дотооддоо ноёрхох зорилготой тирануудаас аюул гарч байна. Мөн нийтийн сонирхолд зохихгүй хувийн сонирхолдоо автсан ардчилсан улсаас аюул гарч болзошгүй. Олон улсын нээлттэй нийгэм өөрөө өөрийнхээ хамгийн аюултай дайсан болж болзошгүй.
Хүйтэн дайн туйлын тогтвортой тогтолцоотой байсан. Нийгмийн зохион байгуулалтын эсрэг үзэлтэй хоёр хүч давамгайллын төлөө хоёулаа бие биенээ устгах хүчтэй байсан болохоор амин чухал сонирхолуудаа харилцан хүндэлдэг байв. Энэ нь мөргөлдөөнийг тархуулахгүй, тодорхой хүрээнд барьдаг байсан. Нэг аугаа хүчний Дотоодын зөрчилдөөнөөс үүдээд дэлхийн энэ туйлын тогтвортой дэглэм үгүй болсон. Оронд нь дэлхийн шинэ дэглэм бүрэлдэж тогтоогүй.
Үл үзэгдэх гарын үзэл суртал биднийг ийм өөрчлөлтөд бэлтгээгүй. Тэр нь дэлхийн дэглэмийн шаардлагыг ойлгодоггүй. Улс гүрнүүдийн хувийн сонирхлоос дэглэм гарч ирнэ гэж боддог. Гэхдээ хүчтэй нь амьдрана гэдэг зарчмын дагуу улс гүрнүүд өөрсдийн сонирхолдоо хэт автагдаж нийтийн ашгийн төлөө юм хийхийг хүсэхгүй байна.
Дарангуйллын дэглэм нурж шууд л нээлттэй нийгэм байгуулахад шилждэггүйг бид ойлгох ёстой. Зөвхөн төрийн оролцоо, хавчлага мөрдлөг үгүй болсныг нээлттэй нийгэм гэж хэлэхгүй. Энэ хавьгүй нарийн ээдрээтэй бүтэц бөгөөд түнд хүрэхийн тулд ухамсартай арга хэмжээнүүдийг авах шаардлагатай. Нэгэнт энэ нь нарийн хэцүү систем болохоор түүнд хурдан шилжихийн тулд гаднаас тусламж дэмжлэг авах шаардлагатай болно.
ЗХУ нурахад НҮБ-ын үйл ажиллагааг зорилгын дагуу явуулах боломж байсан. 1988 онд Михаил Горбачев НҮБ-д зочлохдоо хоёр аугаа их хүч хамтран ажилласнаар дэлхийд энх тайвныг сахин хамгаална гэсэн өөрийн үзлээ онцолсон. Түүнээс хойш боломж үгүй болсон. НҮБ энхийг сахин хамгаалах институудын хувьд нэр хүндээ алдсан.
Манай дэлхий нийтийн нээлттэй нийгэмд өөрийг нь хамгаалах институт, механизмууд шаардлагатай байна. Харин ийм механизм бий болгох улс төрийн хүсэл эрмэлзэл байхгүй байна. Хувийн сонирхлоо дагаж мөрдөснөөр, олон улсын тэнцвэрт байдалд хүрнэ гэсэн одоо ноёрхож буй үзлийг би буруутгаж байна. Нээлттэй нийгмийн утга санаа үйл ажиллагааны илүү сайн удирдамжаар хангаж өгнө гэдэгт би итгэж байна. Одоогийн нээлттэй нийгэм зөвхөн түр зуурын үзэгдлийг илэрхийлж байгааг ойлгоход тийм ч хэцүү биш.
Алдааны амлалт
Нээлттэй нийгмийн дайсанг олох нь түүний ойлголтод эерэг утга санаа өгөхөөс амархан. Ийм эерэг утга санаагүй нээлттэй нийгэм өөрийн дайснуудын идэш болох тавилантай. Нийгмийг нэгдмэл байлгахын тулд нийтийн сонирхол байх ёстой, гэхдээ нээлттэй нийгэм бол нийгэм” гэсэн үгийн уламжлалт ойлголт биш. Энэ нь хийсвэр үзэл санаа, дэлхийн ойлголт. Бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн дэлхийн нийгэмлэг гэж юм байдаг байгаль орчинг хамгаалах, дайныг дэгдээхгүй байх зэрэг дэлхийн түвшингийн асуудлуудаар нэгдмэл сонирхолтой байдаг. Гэхдээ эдгээр сонирхол нь тодорхой сонирхлуудтай харьцуулахад харьцангуй сул. Нээлттэй нийгэм дэлхийн ойлголтын хувьд хил хязгаараас хальж гардаг. Нийгмүүд нийтийн үнэт зүйлсээр нэгддэг. Эдгээр үнэт зүйлс соёл, шашин, түүх болоод уламжлалаас үүдэлтэй. Хэрвээ нийгэм хил хязгааргүй бол үнэт зүйлсийг хаанаас олох вэ? Миний бодлоор боломжийн ганц эх үүсвэр байна: нээлттэй нийгмийн үзэл санаа өөрөө.
Тусгаар тогтнолын тунхаглалыг нээлттэй нийгмийн зарчмуудад нэлээд ойртсон гэж үзэж болно. Бид өөрсдийн төгс бус ойлголтоо мэдсэн явдал нийгмийн зохион байгуулалтын таатай хэлбэрийг бий болгож чадах уу? Зарим бэрхшээлүүд байгаа ч, миний бодлоор бол болох байх. Бид туйлын үнэнд итгэдгийн адил алдаа гарган болзошгүй гэдэгт итгэх хэрэгтэй. Гэхдээ хэрвээ туйлын үнэн гэж байдаггүй бол бид өөрсдийн алдаа гаргадаг явдлаа яаж туйлын үнэн гэж үзэх вэ?
Итгэл үнэмшлийг үйл ажиллагааны онцгой дүрэм журмын тайлбар нотолгоо болгон ашиглаж ирсэн. Итгэл үнэмшил дүрэм журмыг чанд сахиж, мөрдүүлэхэд биш бидний амьдралыг хэлбэржүүлэх үүрэгтэй билээ. Итгэл үнэмшил нь бидний сонголтын илэрхийлэл болохоос туйлын үнэн биш гэдгийг бид ойлговол бусад итгэл үнэмшилд бид тэвчээртэй хандах болно. Гэхдээ ихэнх хүмүүс өөрийн итгэл үнэмшилд ингэж ханддаггүй. Тэд өөрийн итгэл үнэмшлийг туйлын үнэнтэй адилтгах хандлагатай байдаг.
Бид өөрсдийн нөөц хүчийг хөгжүүлэхэд илүү таатай нөхцөл олгодогт нь би нээлттэй нийгэмд итгэдэг. Туйлын үнэнд хүрэх боломжгүйг хүлээн зөвшөөрөх нь эрх чөлөө, хөгжил цэцэглэлтэд боломж олгоно. Амжилтанд хүрэхэд үнэн шаардлагатай биш. Үнэнийг үгүйсгэж, гажуудуулснаар тодорхой зорилгуудад хүрч болох бөгөөд хүмүүс үнэнд хүрэхээсээ илүү өөрсдийн тодорхой зорилгуудад хүрэхэд илүү сонирхолтой болно. Зөвхөн хийсвэрлэлийн хамгийн өндөр түвшинд амьдралын утга учрыг бодоход, үнэн ач холбогдолтой болдог. Тэгсэн хэдий ч зарим үед худал зүйлийг эрхэмлэх явдал байдаг, яагаад гэвэл амьдрал үхэлд хүргэдэг бөгөөд үхлийг хүлээж авахад хэцүү зүйл. Нээлттэй нийгэм амьдрахад хамгийн тохиромжтой нийгмийн зохион байгуулалтын хэлбэр, харин хаалттай нийгэм үхлийг хүлээж авахад тохирсон хэлбэр гэж зарим нь үзэж болох юм. Нээлттэй нийгэмд итгэх итгэл бол сонголт болохоос логик шаардлага биш.
Нээлттэй нийгмийн үзэл санаа дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэдий ч эрх чөлөө, хөгжил цэцэглэл ноёрхоход энэ нь хангалтгүй. Нээлттэй нийгэм зөвхөн нийгэм, улс төрийн асуудлуудын талаарх үзлүүдийг харьцуулах боломжийг олгодог: Нийгмийн зорилгуудыг талаар тогтсон үзэл санааг агуулахгүй. Хэрвээ тийм байсан бол энэ нь нээлттэй нийгэм биш болно. Хүмүүс нээлттэй нийгэмд итгэх итгэлээс гадна өөр итгэл үнэмшлүүдтэй байх ёстой. Зөвхөн хаалттай нийгэмд нээлттэй нийгмийн үзэл санаа улс төрийн үйл ажиллагааны үндэс суурь болж өгдөг; нээлттэй нийгэмд зөвхөн демократ байх нь хангалтгүй: зарим нь либерал демократ, зарим нь социал демократ эсхүл өөр хэлбэрийн демократууд байж болно.
Нээлттэй нийгмийн үзэл санаа олон янзын бэрхшээлийн үүсвэр шиг санагдаж болно. Нээлттэй нийгэм бид алдаа хийдгээ ойлгосон дээр үндэслэдэг. Үнэхээр нээлттэй нийгмийн туйлын сайн хэлбэрт хүрч чадахгүй. Гэхдээ энэ нь бид цаашид тэмцлээ зогсоох хэрэгтэй гэсэн үг биш. Шинжлэх ухаанд ч туйлын үнэн гэж байдаггүй. Гэхдээ бид ямар их амжилтанд хүрснийг та бид мэднэ. Үүний адил нээлттэй нийгмийг илүү сайн эсхүл илүү муу түвшинд ойртуулж болно.