ШИНЭ ТОЛЬ №81, 2020
МОНГОЛ БА ОЛОН УЛСЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНД КОВИД-19-ИЙН НӨЛӨӨ ТОЙМ СУДАЛГАА
Д. Бумдарь
Дэд Проф, Доктор
МУИС, Улс төр судлалын тэнхим
Тойм судалгааны бүтэц
- Хураангуй
- Монгол улсын гадаад шилжилт хөдөлгөөн ба цар тахал
- Цар тахлын үед хөгжингүй улсууд гадаад иргэдийн шилжилт хөдөлгөөнд баримталж буй бодлого
Оршил
2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр БНХАУ-ын эрх баригчдын зүгээс дэлхий дахинд шинэ төрлийн вируст халдвар болох коронавирус (КОВИД-19) -ын талаар албан ёсоор ДЭМБ-д мэдээлсэнээс хойш 8 сар өнгөрлөө. Энэ хугацаанд дэлхийн улс орнууд цар тахлаас сэргийлэх бодлогын хүрээнд эдийн засаг, эрүүл мэнд, хүмүүнлэгийн чиглэлд илүү анхаарсан төрийн шийдвэрүүдийг гаргаж байна. Харин гадаад, дотоод. шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор хөл хорио тавих, тодорхой хугацаанд хил хаах зэрэг олон улсын хүн тээврийн хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Манай улсын хувьд 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62[1] дугаар тогтоолын 4-т заасныг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр УОК-ын даргын тушаал[2]-аар “Гамшгаас хамгаалах тухай хууль”[3]-ийн 11.2, 11.3.3-т заасныг үндэслэн “өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т хэсэгчлэн шилжин ажилласан болно. Энэхүү шийдвэрийн хүрээнд Монгол улс гадаадаас ирэх иргэдийн урсгалд хязгаарлалт хийж дотооддоо хөл хорионы байдалд бүрэн шилжсэн.
Монгол улсын Засгийн газраас баримталсан бодлого, шийдвэрийн хүрээнд дотооддоо нэг ч халдвар тархаагүй байна. Харин гадаадаас иргэдээ үе шаттайгаар татах үед нийт 291[4] халдвар илэрсэн ч гадагш алдахгүй, нас баралтгүй эмчилж эдгээж байна. Эрүүл мэндийн тогтолцоо сул хэдий ч нөөцөө зөв тооцоолсон нь хамгийн сайн стратеги байсан гэж хэлж болно.Үүнээс хойш хагас жилийн хугацаанд Монгол улсын Засгийн газраас гэхэд нийтдээ 23 тогтоол, журам батлагдан гарчээ.
Гэвч онц байдлын үед гаргасан шийдвэрүүд нь ардчиллын үнэт зүйл болох амьд явах эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, улс төрийн эрх зэргүүдэд тодорхой хэмжээнд хязгаарлалт үүсгэн зөрчигдөж байна хэмээн нийгмийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа болно. Ялангуяа гадаадад амьдарч, сурч байгаа болон богино хугацаагаар зорчсон иргэдийн эх орондоо эргэн ирэх асуудалд баримталж буй бодлогыг тодорхой бус хэмээн үзэж байна.
Тиймээс энэхүү тойм судалгааны хүрээнд Монгол улсын гадаад шилжилт хөдөлгөөн цар тахлын үед хэрхэн өөрчлөгдөж байгааг судлан гаргахыг зорьсон болно.
Судалгааны зорилгын хүрээнд дараах зорилтуудыг тавьж байна.
- Манай улсын гадаад шилжилт хөдөлгөөны хэлбэр, бодит нөхцөл байдал
- Эдийн засгийн үр өгөөж
- Хөгжингүй улсууд цар тахлын үед гадаад иргэдийн шилжилт хөдөлгөөнд баримтлаж буй бодлогыг тоймлон судлана.
Судалгааны арга зүй: эмпирик, контент анализын аргыг ашигласан болно.
МОНГОЛ УЛСЫН ГАДААД ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН БА ЦАР ТАХАЛ
2020 оны 07 сарын 09-нд “Ерөнхийлөгч Х. Баттулга гадаадаас иргэдээ татах ажлыг өргөтгөх үүрэг өглөө”[5] хэмээх гарчиг бүхий мэдээ Монцамэ мэдээллийн агентлагын цахим мэдээ болон гарсан. Энэхүү мэдээ нь “Монгол улс өнөөдрийг хүртэл 12,853 мянган иргэнээ 40 гаруй улсаас татан авсан ч цаана нь ирэх хүсэлтэй 10 орчим мянган иргэний нөхцөл байдал хүнд байгаа тул цаашид тусгай нислэгийн давтамжийг нэмэхэд анхаарч, шуурхай ажиллахыг үүрэг болгов” [6]гэсэн агуулгыг багтаасан байсан.
Дээрх мэдээнээс дараах асуулт урган гарч ирэх юм. Цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоох, хил хаагдах хүртэл богино хугацаагаар хэдэн тооны иргэд гадагшаа зорчсон бэ? 2019 оны статистикын мэдээнд нэг жилийн хугацаанд хилээр гарсан иргэдийн тоо 2, 415,113[7] байсан. Тэгвэл дээрх 20 мянга орчим иргэд зөвхөн богино хугацаагаар зорчсон иргэд байж болох тоон үзүүлэлтийн магалдлал өндөр байна.
Өөрөөр хэлбэл Монгол улсаас гадаад шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд цар тахал дэлгэрсэн үед эх орондоо эргэн ирэх талаар хүсэлт тавиагүй байх магадлал өндөр байна гэсэн үг. Нөгөө талаас гадагшаа чиглэсэн иргэдийн оршин суугаа газрын эдийн засаг, нийгмийн үзүүлэлт манайхаас илүү байж болох талтай. Тиймээс манай улсаас гадагшаа чиглэсэн шилжилт хөдөлгөөн ямар хэв маягтай, ямар зорилго агуулдаг болох, төрийн зүгээс шилжилт хөдөлгөөнтэй холбоотой ямар бодлого хэрэгжүүлдэг болох талаар тоймлон авч үзье.
Монгол улс 1990 онд ардчилсан нийгэм, чөлөөт эдийн засгийн тогтолцоонд шилжиж гадаад харилцааны олон тулгуурт бодлого баримтлах боломжтой болсноор цаг үеийн бодит байдалд тулгуурлан, 1994 болон 2011 онуудад Гадаад бодлогын үзэл баримтлаа тус тус баталсан юм. Олон улсын харилцааны цар хүрээ өргөжиж, идэвхижсэний улмаас гадаадад зорчиж буй иргэдийн тоо нэмэгдсээр ирсэн юм. 1990 оноос хойш гадаадад боловсрол эзэмших, мэргэжил дээшлүүлэхээс гадна ажиллах болон оршин суух зорилгоор явдаг “урсгал” буюу гадагшаа чиглэсэн шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн. Түүнчлэн иргэд суралцах зорилгоор яваад гадаадад хөдөлмөр эрхлэх, байнга оршин суухаар үлддэг чиг хандлага үүсэн эдгээр иргэдийн тоо нэмэгдсээр ирсэн юм.
Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын статистикаас үзвэл 1990 онд гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэдийн тоо 24,466 байсан бол 2019 оны байдлаар 73,488 хүртэл өссөн байна[8]. Тэгвэл Монгол Улсын статистиктай харьцуулбал 2015 оны байдлаар 120 мянган иргэн хилийн чанадад оршин суугаа судалгаа[9] байдаг бөгөөд энэ тоо нь манай улсын тухайн үеийн нийт хүн амын 4 хувийг эзэлж байсан юм. Үүнтэй харьцуулахад ГХЯ-ны Консулын газраас гаргасан тоон мэдээллээр 2019 оны байдлаар гадаадад 180 гаруй мянган Монгол иргэд оршин сууж байгаа гэвэл дөрвөн жилийн хугацаанд хилийн чанадад оршин суугаа иргэдийн тоо тавин хувиар өссөн бөгөөд нийт хүн амын 6 орчим хувь болж өссөн байна.
Дээрх тоон мэдээлэл өөр хоорондоо зөрж байгаа нь улс орнуудын мэдээлэл цуглуулах, боловсруулах аргачлалууд харилцан адилгүй байдаг, мөн улс орнуудын тооллого хийх давтамж өөр хоорондоо зөрдөг зэргээс үүдэлтэй юм. Монгол Улсын хувьд сүүлийн хүн амын тооллого 2010 онд хийгдсэн бөгөөд тухайн үед 107140 иргэд гадаадад оршин сууж байснаас 51 гаруй хувийг нь мэргэжил эзэмшсэн, хөдөлмөр эрхлэх насны иргэд эзэлж байв.
Хэрвээ 2019 оны ГХЯ-ны Консулын газрын тоон мэдээлэл болох 180 мянган иргэн гадаадад оршин сууж байгаа гэж үзвэл цар тахалтай холбоотойгоор хил хаагдахад эргэн ирэх хүсэлт тавьсан иргэдийн тоог харьцуулбал 11.1 хувь нь болж байна.
Монгол улсын иргэдийн гадагшаа чиглэсэн урсгалын голлох хэлбэр нь ажиллах зорилгоор явдаг (Хүснэгт 1.1). Тухайлбал 2019 онд БНСУ-д гэрээт хөдөлмөр эрхлэх зорилгоор 56 мянга орчим эрх олгогдсон байсан.
Хүснэгт 1.1. Гадаадад ажиллах, суралцах, байнга оршин суух зорилгоор зорчсон иргэд /2000, 2005, 2015, 2019/
Он | Ажиллах | Суралцах | Байнга оршин суух | Нийт |
2000 | – | 6,103 | 1,537 | 7640 |
2005 | – | 10,010 | 7,558 | 17568 |
2010 | 5,695 | 29,333 | 9,377 | 44405 |
2015 | 136,317 | 14,700 | 6,768 | 157785 |
2019 | 401,622 | 27,961 | 19,470 | 449053 |
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо
Зөвхөн дээрх статистик тоон мэдээллээс харахад гол чиг хандлага нь гадаадад урт хугацаагаар зорчсон, оршин суугаа Монгол Улсын иргэдийн тоо тогтмол нэмэгдэж байгаа болохыг мэдлээ. Гадагшаа чиглэсэн шилжилт хөдөлгөөн нэмэгдэхийн хирээр манай улс руу чиглэсэн мөнгөн гуйвуулга өссөн байх магадлал өндөр байна.
Гэтэл гадаадад оршин суугаа иргэдийн эх орныхоо эдийн засагт оруулах хувь нэмрийг илэрхийлдэг мөнгөн урсгал буюу “remittance” нь сүүлийн арав гаран жилд ДНБ-ний 2-4 орчим хувийн хооронд л хэлбэлзэж байна.
Зураг 1.1. Гадаадад оршин суугаа иргэдийн эх орон руугаа явуулсан мөнгөн шилжүүлэг /1998-2018/
Дээрх нь багагүй үзүүлэлт боловч гадаадад оршин суугаа нийт иргэд тэр дундаа өндөр боловсрол, ур чадвартай иргэдийн тоо өссөн хэдий ч гадаадаас ирж буй мөнгөн урсгал нь дүйцэхүйц өсөлт харуулахгүй байна.
Иймээс энэхүү мөнгөн урсгалын үр дүнгээс харахад гадаадад оршин суугаа иргэдийн дийлэнх хувь нь тухайн оршин суугаа газартаа тодорхой хэмжээнд тогтвортой ажиллаж амьдрах төлөвлөгөөтэй байгааг илтгэж болох талтай.
Мөн Монгол улсын гадагшаа чиглэсэн шилжилт хөдөлгөөнд суралцахаар явсан иргэдийн тоо ойролцоогоор 27 мянга[10] орчим буюу 11 хувийг эзлэж байна.
Цар тахалтай холбоотойгоор гацсан болон буцаж эргэн ирэх хүсэлтэй иргэдээс өнөөдрийн байдлаар нийт 14,755[11] иргэн эх орондоо ирсэн байна. Иймд дээрх статистикаас харвал хилээр жилдээ 2 сая иргэн гадагш чиглэсэн гэж үзвэл эргэн ирсэн болон ирэх хүсэлтэй нийт 20 мянган орчим иргэн бүгд богино хугацаагаар зорчсон болох нь батлагдаж байна.
Манай улсаас гадагшаа чиглэсэн шилжилт хөдөлгөөний зарим талаар оюуны дайжилт болсон гэж үзсэн судалгаанууд байдаг. Тухайлбал олон улсын эх сурвалж буюу ЭЗХАХБ-аас эрхэлдэг ЭЗХАХБ-ын гишүүн орнуудад оршин суугаа гадаадад иргэдийн статистик мэдээллийг харж болно. Хүснэгт 1.2.-т Монгол улсаас тус байгууллагын гишүүн орнуудад оршин суугаа нийт иргэдээс “өндөр боловсрол” буюу мэргэжлийн, техникийн болон дээд боловсрол эзэмшсэн иргэдийн эзлэх хувийг харуулж байна.
Хүснэгт 1.2. ЭЗХАХБ-ын гишүүн орнуудад оршин суугаа иргэдээс өндөр боловсролтой иргэдийн эзлэх хувь
Он | Нийт | Өндөр боловсролтой (%) | Судалгаанд хамрагдсан ЭЗХАХБ-ын орон |
2000-01 | 4,306 | 45.66 | 20 |
2005-06 | 6,286 | 24.93 | 11 |
2010-11 | 44,313 | 23.8 | 31 |
2015-16 | 42,722 | 50.6 | 35 |
Эх сурвалж. ЭЗХАХБ https://www.oecd.org/els/mig/dioc.htm
Дээрх статистикт үндэслэн чиг хандлагыг тодорхойлбол 2015-2016 оны байдлаар эдгээр орнуудад оршин суугаа Монгол Улсын иргэдийн тэн хагас нь өндөр боловсролтой иргэд мөн юм хэмээн дүгнэх боломжтой байна. Өөрөөр хэлбэл, өндөр боловсрол, ур чадвартай иргэд гадаадад урт хугацаагаар зорчиж, оршин суугаа нь манай улсад оюуны дайжилт явагдаж байна хэмээн хэлэх боломжтой. Монгол улсаас илүү хөгжил сайтай улс оронд амьдарч байгаа тул цар тахалтай холбоотойгоор эрсдэлтэй хэмээн үзэн эх орондоо эргэн ирэх хүсэлт тавихгүй байгаа ч үүнтэй холбоотой болно.
Монгол улс хөгжлийн хувьд сул, шилжилт хөдөлгөөн ихтэй буюу оюуны дайжилт хийгдэж байгааг олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай холбон авч үзье. INSEAD Бизнесийн сургуулиас 2013 оноос эхлэн жил бүр нийтэлдэг Дэлхийн боловсон хүчний өрсөлдөх чадамжийн индекс буюу The Global Talent Competitiveness Index нь дэлхийн улс орнуудыг чадварлаг боловсон хүчин буюу talent бэлтгэх, татах, тогтоон барих, болон дэмжих чадамжийг нь харьцуулан эрэмбэлдэг бол татах болон тогтоон барих чадамжууд дотор оюуны дайжилт болон оюуны хожоо багтсан байдаг юм.
Эдгээр үзүүлэлтүүдийг тухайн улсын бизнес эрхлэгчдийн дунд явуулсан судалгаанд үндэслэн тогтоодог. Оюуны дайжилтыг 1-ээс 7 хүртэлх оноогоор хэмждэг бөгөөд 1 оноо нь “хамгийн чадварлаг, оюунлаг нь бусад орнууд руу явж байна”, 7 оноо нь “хамгийн чадварлаг, оюунлаг нь эх орондоо тогтон үлдэж байна” гэсэн хариултуудыг илэрхийлдэг байна. Хүснэгт 1.3.-т Монгол Улсын чадварлаг боловсон хүчин тогтоон барих /оюуны дайжилт/ болон татах /оюуны хожоо/ чадамж нь сүүлийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдсөнийг харуулж байна.
Хүснэгт 1.3. МУ-ын чадварлаг боловсон хүчин тогтоон барих, татах чадамж /2014-2020/
Он | Оюуны дайжилт, оноо /1-7/ | Оюуны дайжилт, эрэмбэ /МУ/нийт/ | Оюуны хожоо, оноо /1-7/ | Оюуны хожоо, эрэмбэ /МУ/нийт/ |
2014 | 2.66 | 73/92 | 2.21 | 79/92 |
2015-2016 | 2.84 | 87/109 | 2.66 | 82/109 |
2017 | 2.75 | 97/118 | 2.75 | 87/118 |
2018 | 2.51 | 110/119 | 2.47 | 98/119 |
2019 | 2.42 | 117/125 | 2.55 | 100/125 |
2020 | 2.39 | 122/132 | 2.5 | 108/132 |
Эх сурвалж. INSEAD Knowledge, the Business School for the World, https://knowledge.insead.edu/
Дээрх үзүүлэлтээс харахад Монгол Улсын чадварлаг иргэдээ тогтоон барих чадамж нь 2015-2016 оноос жил бүрээр суларсаар ирсэн байна. 2020 оны байдлаар манай улс 2.39 оноотой “хамгийн чадварлаг, оюунлаг нь бусад орнууд руу явж байна” үзүүлэлтэд хамгийн ойртсон байдалд хүрчээ. Гадаадаас чадварлаг боловсон хүчин татах чадамжийн үзүүлэлт нь 3 оноо хүрэхгүйтэйгээр мөн адил маш сулд тооцогдож байна.
Нэгтгэн дүгнэвэл, манай улсаас гадагш чиглэсэн шилжилт хөдөлгөөн нь оюуны дайжилт хэмээн тоон үзүүлэлтээр нотлогдохоос гадна олон улсын түвшинд чадварлаг боловсон хүчнээр өрсөлдөх чадамж нь суларч байгаа нь оюуны дайжилтын сөрөг үр нөлөө нэмэгдэж байгааг илэрхийлж байна. Нөгөө талаас цар тахалтай холбоотойгоор эх орондоо эргэн ирэх хүсэлтэй иргэдийн дийлэнх хувь нь түр хугацаагаар зорчсон иргэд болохыг нотлож байна. Тиймээс манай улсын зүгээс эдгээр гацсан иргэдээ яаралтай татан авах бодлогоо эрчимжүүлэх шаардлагатай юм. Учир эдгээр иргэдийн хувьд сэтгэл зүйн болон эдийн засгийн хувьд асар их хохирол амсаж байгаа бөгөөд цар тахал нь давагдашгүй хүчин зүйл тул хүмүүнлэгийн бодлого барих шаардлагатай юм. Гэхдээ гаднаас зөөвөрлөгдөж ирсэн корона вирусыг дотроо алдахгүй байх нь аюулгүй байдлын үүднээс дээд зэргийн анхаарах асуудал юм.
ЦАР ТАХЛЫН ҮЕД ХӨГЖИНГҮЙ УЛСУУД ГАДААД ИРГЭДИЙН ТАЛААРХ БАРИМТАЛЖ БУЙ БОДЛОГО
Хөгжингүй улс орнуудын хувьд илгээгч орон биш хүлээн авагч орон болдог. Өөрөөр хэлбэл, тухайн улсын иргэдийн богино хугацааны шилжилт хөдөлгөөн ихтэй ч гадаад иргэдийн нэг чиглэлийн шилжилт хөдөлгөөн илүү их байх нь тодорхой юм. Эхлээд улс орнуудын Ковид 19-тэй холбоотой “Exit strategy” буюу хөл хөдөлгөөнд хяналт тавьсан стратегийг тоймлон авч үзье (Хүснэгт.1.4).
Хүснэгт.1.4. Улс орнуудын хяналтын стратеги
Хөдөлгөөний хяналтын стратеги | Агуулга | Онцлог | Хэрэгжүүлж буй улс |
Дижитал хэлбэрийн хяналт | IT технологи ашиглан хөдөлгөөн, эрүүл мэндийн байдал, халдварласан зэрэгт хяналт тавих | Хавьталтаас үүдэн их хэмжээний тархалт үүсэхээс сэргийлэх, богино хугацаанд халдварыг хумих боломжтой | Хятад, Солонгос, Тайван зэрэг |
Хот хоорондын хөл хорио | Хөл хорио тогтоох, хэсэгчлэн нээх зэргээр халдварын тоог багасгах | Хэсэгчлэн хумих боломжтой, хурдан хугацааны хөл хорио нь тархалтын хэмжээ, мөрийг тогтоох, эмнэлгийн тусламжийн хэлбэрийг сонгох боломжтой. Гэхдээ хатуу хоригоос үүдэн эдийн засаг, амьдралын хэв маягт сөрөг байдал үүсгэх эрсдэл өндөр | Шинэ- Зеланд, Герман, Англи, Итали |
Зөөлөн хэлбэрийн хорио | Эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй байх | Эдийн засгийн идэвхтэй байдал болон тархалтаас сэргийлэх тактикыг хэрэгжүүлэх боломжтой. Халдвар хүчтэй тархах эрсдэл өндөр. Энэ нь эрүүл мэндийн салбарт эрсдэл, ачаалал авчрах магадлал өндөр. | Япон, Австрали |
Хувь хүний хариуцлага | Хувь хүний хариуцлага, ухамсарт даатгах | Эдийн засгийн идэвхтэй байдал үргэлжлэх. Нийтээр тархах аюултай, Эрүүл мэндийн салбарын ачаалал ихсэх | Швед, Бразил |
Эх сурвалж : https://www.nikkei.com/article/DGXMZO59366840R20C20A5000000/
Дээрх хүснэгтээс харвал өнөөдрийн байдлаар улс орнууд 4 хэлбэрийн хяналтын стратеги баримталж байгаа бөгөөд үр дүн нь харилцан адилгүй байгаа болно.
Тиймээс КОВИД-19-ийн үед хөгжингүй улс орнуудад өөрийн иргэдээс гадна түр хугацаагаар ирсэн болон оршин суугаа гадаад иргэдэд зориулсан тусгай бодлого барих шаардлага зайлшгүй үүссэн байх магадлалтай.
Тухайлбал, Япон улсын хувьд гадаад иргэдийн оршин суух тоо сүүлийн жилүүдэд огцом өсөж байгаа болно. 2019 оны статистик мэдээгээр оршин сууж буй иргэдийн тоо 2,829, 416[12] болсон байна. Эдгээр иргэдийн оршин суух зорилгыг ангилж харвал дараах байдалтай байна.
- Насан туршийн амьдрах эрх– 783,513
- Мэргэжлийн ур чадвартай мэргэжилтэн– 367, 709
- Гадаад оюутан– 336, 847
- Онцгой зөвшөөрөлтэй иргэн – 317,849
Мэдлэг, ур чадвар, олон улсын байгууллагын ажилтан– 256, 414[13] тус тус тоон үзүүлэлтийг эзэлж байна. Япон улсад шилжин ирэгсэдийн тоо сүүлийн жилүүдэд огцом өсөж байгаа гол шалтгаан нь тус улс ажиллах хүчний хомсдолд орж байгаатай холбоотой юм. Гэвч Ковид 19 дэгдсэнтэй холбоотойгоор дотоод халдварлалт ихсэж хилээр нэвтрэх иргэдийг хязгаарлах шаардлага тус улсад гарсан болно (Зураг.1.1).
Зураг.1.1. Хилээр нэвтрэгсэд болон халдварын өсөлтийн хамаарал
Эх сурвалж: https://medical.nikkeibp.co.jp/leaf/all/report/t344/202006/566002.html
Дээрх зурагны цэнхэр зураас нь хилээр нэвтрэх иргэдийн тоо, ногоо нь халдварын тархалтын тоог үзүүлж байна. Графикаас харахад ойлгомжтой байгаа нь гадаадаас ирэх иргэдийн хөдөлгөөн ихэссэн 3 сард Япон улсын дотоод халдварын тоо огцом өссөн байна. Тиймээс тус улсын хувьд түр хугацаагаар хилээ хаах бодлогыг баримталсан. Үүнтэй холбоотойгоор Япон улсад суралцах, ажиллах иргэд оршин суух эрхээ авсан хэдий ч тухай иргэний виз мэдүүлэх улс нь хөл хорио тогтоосон тохиолдолд элчин сайдын яамнаас виз олгохгүй байх журам баримталсан. Харин виз мэдүүлэх эрхийн хугацааг сунгаж ирэх оны 1 сар хүртэл хүчинтэй байхаар журамласан байна.
КОВИД-19-өөс шалтгаалан хөл хорио тогтооход онцгой нарийн ур чадвар шаардагдахгүй ажлын байранд ажиллаж буй гадаад иргэдийн хувьд болон аж ахуй нэгжүүдэд эдийн засгийн хүндрэлүүд гарч ирсэн байна. Үүнийг дараах байдлаар зохицуулсан байна.Үүнд:
- ажилгүй болоод яаралтай мөнгө хэрэгтэй болох үед зээл авах боломжоор хангаж өгсөн
- ажилгүйдлийн мөнгө, тэтгэмжийг Япон улсын иргэнтэй ижил хэмжээгээр олгох болсон
- ажил зогсох үед хөдөлмөрийн хуулийн дагуу амралтаа авах эрхийг баталгаажуулсан
- хүүхэдтэй гэр бүлд ажлаас чөлөө авахад хөдөлмөрийн хуулийн дагуу хөнгөлөлт эдлэх эрхийг баталгаажуулсан
- гадаад иргэдийн ажлаас дур мэдэн чөлөөлөх, халах эрх байхгүй. Япон улсын иргэнтэй ижил түвшинд, хөдөлмөрийн хуулийг дагаж мөрдөхийг журамласан
- ямарваа нэгэн асуудал гарах аваас хамгийн ойр хөдөлмөрийн хэлтэст хандахыг уриалж 14 улсын хэл[14] дээр цахим хуудсыг ажиллуулж байна.
Мөн улсаас тэтгэмж болгож дараах хэмжээний бэлэн мөнгийг төрөөс олгосон байна (Зураг.1.2.).
Зураг.1.2. Төрөөс тэтгэмж олгосон мөнгөний хэмжээ
Ковид 19-тэй холбоотойгоор гадаад иргэдийн талаарх Япон улсаас авч хэрэгжүүлж буй бодлого нь 2018 онд батласан “Гадаад ажиллах хүчин хүлээн авах- хамтын амьдралыг дэмжих” журмын дагуу гэр бүлээрээ амьдарч, ажиллаж эхлэсэн гадаад иргэдийн асуудлыг анхаарах, бодлогын хэрэгжилтийг хангах томоохон шалгуурын нэг болж байгаа юм. Япон улсын хувьд ажиллах хүчин хомсдолтой болж байгаа үед гадаад иргэдийн шилжилт хөдөлгөөн, ажиллах хүчний талаарх бодлогын сонголт хийх боломж, нөгөө талаар техник технологийн эрин үед гадаадаас шилжин ирэгсэдээс оюуны хожоо хийх үү, биеийн хөдөлмөр эрхлүүлэх нь дээр үү гэдгийг бодитой үнэлэх боломжийг цар тахал олгож байна хэмээн зарим судалгаанд[15] дурьдсан байна.
Хамгийн сүүлийн үеийн судалгааг харахад эмнэлэг, эрүүл мэндийн салбарын мэргэжилтэнгүүдийн оюуны дайжилтыг дэмжсэн бодлогыг хөгжингүй орнууд баримталж байна. Тухайлбал АНУ-н Засгийн газраас энэ оны 3 сард “Бид АНУ-д ажиллах болон оршин суух статусаа өөрчлөх хүсэлт тавьсан эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн, онцгойлон Ковид 19 -н талаар аливаа нэгэн ажил эрхэлж байгаа гадаад иргэдийн асуудлаар хамгийн ойр байгаа элчин сайдын яам болон консулын газар хурдан шуурхай үйлчилнэ (We encourage medical professionals seeking work in the US on a work or exchange visitor visa, particularly those working on #COVID19 issues, to contact the nearest US Embassy/Consulate for a visa appointment)”[16] гэсэн агуулга бүхий зарыг жиргэсэн болно. Үүний үр дүнд 5 сарын 16-ны өдрийн байдлаар 8,600[17] орчим Египитийн иргэншилтэй эмч нарыг АНУ хүлээн авсан байна. Ганцхан АНУ эрүүл мэндийн салбарын оюуны хожоо хийж байгаа бус Канад, Герман, Франц зэрэг хөгжингүй улс орнууд ийм бодлогыг баримталж байгаа болно.
Улмаар хөгжингүй улс орнууд цар тахлын үед эрүүл мэндийн бодлогыг хамгийн түрүүнд тавихаас гадна эдийн засгийг дэмжих бодлогыг чухалчилж байна. Тухайлбал Япон улс 20%, АНУ 14%, Герман 11 %, Канад 8.4 %, Англи 5% [18] тус тус дотоодын нийт бүтээгдэхүүний эзлэх хувьтай тэнцэхүйц санхүүгийн дэмжлэг, зохицуулалтыг хийж байна. Энэ мэт улс орнуудын дотоод хүчин чадлаас шалтгаалан өөрийн иргэд болон гадаад иргэдийн талаар авч байгаа арга хэмжээ, бодлогын сонголтуудыг тоймлон харахад Ковид 19 нь төр улсын бодит чадавхийг шалгаж байна гэж хэлж болох юм.
Нөгөө талаас шилжилт хөдөлгөөний үнэн бодит төрх, хэрэгцээ шаардлагыг үнэлэх боломж юм.
Улс орнууд эдийн засгаа хямраахгүй үүднээс хилийн хориог нээсэн боловч шинжилгээ авах хурд, тусгаарлах байрны хүртээмж, эмнэлгийн хэрэгсэл, халдвартай иргэдийн асаргаа, үйлчилгээний хомсдол болон мэдээллийн шуурхай хүртээмжгүй байдлаас үүдэн импортын халдвар ихэссэн. Иймээс улс орнууд дараагийн давалгааг өрнүүлэхгүй байх үүднээс шилжилт хөдөлгөөний талаарх бодлогоо өөрчлөх, өндөр ур чадвартай иргэдийг л ажиллуулах боломжоор хангах зэргээр боловсролоос үүдэлтэй эдийн засгийн улам ялгаатай нийгмийг бий болгох эрсдэл байгаа гэж дүгнэж үзэж болох талтай юм.
Эх сурвалж:
- “Дэлхийн Монголчууд” хөтөлбөр. 2016
- INSEAD Knowledge, the Business School for the World, https://knowledge.insead.edu/
- United Nations, Department of Economic and Social Affairs, Population Division (2019): International Migrant Stock 2019 (United Nations database, POP/DB/MIG/Stock/Rev.2019) https://www.un.org/en/development/desa/population/migration/data/estimates2/estimates19.asp
- https://www.legalinfo.mn/law/details/15081?lawid=15081
- https://nema.gov.mn/wpcontent/uploads/2020/02/%D0%A3%D0%9E%D0%9A-%D1%8B%D0%BD-%D0%B4%D0%B0%D1%80%D0%B3%D1%8B%D0%BD-%D1%82%D1%83%D1%88%D0%B0%D0%B0%D0%BB%E2%84%9604.pdf
- https://www.legalinfo.mn/law/details/12458?lawid=12458
- https://montsame.mn/mn/read/230941
- https://www.1212.mn/tables.aspx?tbl_id=DT_NSO_1800_005V1&13999001_select_all=0&13999001SingleSelect=&HH3_select_all=0&HH3SingleSelect=&YearY_select_all=0&YearYSingleSelect=_2019&viewtype=linechart
- https://ikon.mn/n/1olw
- https://news.mn/r/2331019/
- https://www.nikkei.com/article/DGXMZO59366840R20C20A5000000/
- https://www.bbc.com/japanese/features-and-analysis-52586299
- https://www.bbc.com/japanese/features-and-analysis-52586299
ИШЛЭЛ ЗҮҮЛТ
[1] https://www.legalinfo.mn/law/details/15081?lawid=15081
[2]https://nema.gov.mn/wpcontent/uploads/2020/02/%D0%A3%D0%9E%D0%9A-%D1%8B%D0%BD-%D0%B4%D0%B0%D1%80%D0%B3%D1%8B%D0%BD-%D1%82%D1%83%D1%88%D0%B0%D0%B0%D0%BB%E2%84%9604.pdf
[3]https://www.legalinfo.mn/law/details/12458?lawid=12458
[4] 2020.08 сарын байдлаар
[5] https://montsame.mn/mn/read/230941 on 09.07.2020
[6] https://montsame.mn/mn/read/230941 on 09.07.2020
[7]https://www.1212.mn/tables.aspx?tbl_id=DT_NSO_1800_005V1&13999001_select_all=0&13999001SingleSelect=&HH3_select_all=0&HH3SingleSelect=&YearY_select_all=0&YearYSingleSelect=_2019&viewtype=linechart on 09.07.2020
[8] United Nations, Department of Economic and Social Affairs, Population Division (2019): International Migrant Stock 2019 (United Nations database, POP/DB/MIG/Stock/Rev.2019) https://www.un.org/en/development/desa/population/migration/data/estimates2/estimates19.asp
[9] “Дэлхийн Монголчууд” хөтөлбөр. 2016
[11] https://news.mn/r/2331019/
[12] http://www.moj.go.jp/nyuukokukanri/kouhou/nyuukokukanri04_00083.html
[13] http://www.moj.go.jp/nyuukokukanri/kouhou/nyuukokukanri04_00083.html
[14]https://www.mhlw.go.jp/stf/seisakunitsuite/bunya/koyou_roudou/koyou/jigyounushi/page11_00001.html
[15] https://www.nli-research.co.jp/report/detail/id=64709&pno=2?site=nli
[16] https://www.universityworldnews.com/post.php?story=20200624152928519
[17] https://www.universityworldnews.com/post.php?story=20200624152928519
[18] https://www.statista.com/statistics/1107572/covid-19-value-g20-stimulus-packages-share-gdp/