Ч. Лхагважав
/Физик-математикийн ухааны дэд доктор, УТБА-ын эрдэм шинжилгээний ажилтан/
Шинэ толь №4, 1994
Түлхүүр үг: Рациональ сонголт, чөлөөт сонгууль, мандат, парламент, системийн хандлага, Системийн онол, иргэний ардчилсан нийгэм, төр, санал өгөх, плюрализм
Монголын нийгэмд 1989, 1990 оноос эхэлсэн ардчилсан өөрчлөлтийн үр дүнд анх удаа 1990 онд Монголын парламентын чөлөөт сонгууль явагдаж түүнээс хойш 1992 онд парламентын, 1993 онд Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Энэ бол улс төрийн тоталитар дэглэм Монголд задарч буйн илрэл юм. Энд улс төр судлалын олон нэр томъёо, ухагдахууныг шинээр ойлгож эхэлсэн бөгөөд юуны өмнө улс төрийн системийн төв байгууллага буюу түүний, нэг талаас, нэгэн объект болох “ТӨРИЙН” тухай хуучин ойлголт ийнхүү монголчууд бидний хувьд цоо шинэ ухагдахуун болсон юм. Улс төрийн системд онцгойлох байр суурь бүхий субъектууд- ард түмэн, сонирхлын бүлэг, улс төрийн нам, төр гэсэн тодорхой элементүүдийн хослол, харилцан үйлчлэлийн үр дагавар бүхэлдээ аливаа улс төрийн системийн мөн чанар, түүний оршин тогтнох чадавхийг илэрхийлдэг ажээ.
1-р зураг. Улс төрийн системийн тухай бүдүүвч
Улс төр судлалын ухаанд асуудлыг системийн хандлагатай авч үздэг онолуудад энэ тухай нэлээд нарийн тодорхойлсон байдаг бөгөөд үүнийг дээрх бүдүүвчээр илэрхийлдзг байна, харилцан үйлчлэлийн оролт – input (шаардалт, дэмжилт), хувиргалт – сonversion, гаралт – output (шийдэл, үйлдэл)-ын тусламжтай нийгмийн гишүүд, иргэд тавьсан зорилтондоо хүрэх хэрэгсэл болох улс төрийн систем ямар мөн чанартай гэж ойлгохоос хамааруулан энэхүү бүдүүвчийн дүрслэл, тодорхойлолтыг янз бүрээр гаргаж болно. Үүнээс шалтгаалан ард түмэн, хувь хүн, нийгэм, сонирхлын бүлэг, улс төрийн нам, улс төрийн соёл, төр гэсэн тусгай нэр томъёоны тодорхойлолт ч өөр өөр байсан, өөрийн жам зүйгээр хөгжиж ирсэн түүхтэй юм байна. Тухайлбал, төрийн тухай ойлголт хүн төрөлхтний хөгжлийн тухайн тухайн цаг үедээ өөр өөр байсан. Иймд 1-р зурагт үзүүлсэн улс төрийн системийн бүдүүвч мөн өөр өөрөөр тодорхойлогдож, үүнээс шалтгаалан төр гэж юу вэ гэсэн ухагдахуун ч хувьсан өөрчлөгдөж байсан юм. Хаант төр, бүгд найрамдах төрийн хэлбэр, дарангуйлагч төр, ардчилсан төр зэрэг томъёолол нь “төр” гэсэн тодорхой улс төрийн системийн бүрэлдэхүүн хэсэг болох ухагдахууныг түүхийн тодорхой цаг үед янз янзаар тэмдэглэн хэрэгжүүлж байсны жишээ юм. Улс төрийн систем, түүнийг бүрэлдүүлэгч хэсэг, хоорондын харилцан үйлчлэлийн тухай ямраар ч авч узлээ гэсэн хүний нийгмийн хөгжлийн зайлшгүй нөхцөл шаардлагаас урган гарч, хөгжин хувьсаж буй үзэгдэл, хүний нийгэмлэгийн тодорхой хэрэгцээ болон сэтгэл зүйн нөлөөлөл дор бий болсон үйл явц, хүний оюун ухааны бүтээл-үр дүн юм. Ер нь төрийн чанарын тухай хэрхэн ойлгох хийгээд улс төрийн системийн тодорхойлолтын тухай асуудал нь эцсийн эцэст хүний эрх, эрх чөлөөний зарчим хүний нийгэм, амьдралд хэрхэн хэрэгжиж байгааг хөнддөг. Энэ агуулгаас асyудалд хандвал төрийн үүсэл, хөгжил, хэлбэрийн тухай ойлголт маань иргэний нийгэм гэсэн томъёололд хүргэдэг байна. Иргэний нийгэмд захирагдах ёсны босоо бүтцээс илүү хэвтээ холбоо нь давамгайлна. Хэвтээ холбоо гэдэг нь эрх зүйн хувьд чөлөөт, тэгш эрх бүхий иргэдийн эв нэгдэл, өрсөлдөөнний зохистой харьцаа. Энэ харьцаа ямар үед туйлын зохистойг тодорхойлох аргагуй, зөвхөн нэгдүгээр зурагт үзүүлсэн бүдүүвч ёсоор улс төрийн систем нь тодорхой улс орондоо хэр үр ашигтай, зохицуулах чадвартай вэ гэдгээс шалтгаална. Энэхүү улс терийн систем нийгмийн хөгжилд дэм үзүүлэхээр тухайн улс ундэстний хувьд хөдөлгүүр механизм адил ажиллах эсэх нь дээр өгүүлсэн туйлын зохистой гэж байгаа сонирхлын бүлгүүдийн эв нэгдэл, өрсөлдөөний харьцаа бодит байдал дээр ямар байх нь эцсийн дүндээ тухайн улс оронд сонгуулийн тогтолцоо, сонгуулийн хууль, түүний хэрэгжилт ямар байгаагаас ихээхэн шалтгаалах нь ойлгомжтой.
Дэлхийн улс орны хөгжлийн түүхэн чиг хандлагаас авч үзвэл чөлөөт шударга сонгууль бол ардчилсан эрх зүйт терийн үндсэн зарчмуудын чухал нь юм байна. Энэ зарчмыг Монголын нийгэм хүлээж авсан учраас Монгол Улсын Үндсэн хуулинд: “-Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэж заажээ.
Иргэний нийгэм, эрх зүйт төрийн төлөвшил, ардчилсан хууль ёсыг хундэтгэх узэл санаа амьдралд хэрэгжих үйл явц олон хучин зүйлээс шалтгаалах хэдий ч тухайн улс орны сонгуулийн тогтолцооны шударга боловсронгуй байдал түүнд шууд нөлөөлнө гэдэг нь ойлгомжтой. 1990 оноос өмнөх манай орны улс төрийн системийн хөгжлийн түүхээс үзэхэд манайд сонгууль тогтмол байсан ч гэсэн уг чанартаа ардчилсан чөлөөт биш, бэлэгдлийн төдий зүйл байжээ. Сонгууль олон түмнийг бараг 100% хамардаг байсан хэдий ч өрсөлдөөнтэй биш, хэлбэр төдий, ерөөс сөрөг хүчний тухай ойлголт нь үзэл суртлын бүрхүүл дотор бүдэг бүрэг байсан гэхэд үгүйсгэх баримт олдохгүй болов уу.
Манай оронд 1990 оноос өмнө иргэдийн дунд ардчилсан чөлөөт сонгуулиин тухай цэгцтэй ойлголт байсан гэхэд эргэлзэхээр. Төржсөн нэг намын үзэл суртал, тоталитар дэглэмийн үед сонгууль ёс төдий, хэлбэрийн байдаг нь жам, үүнээс өөр замгүй гэдгийг зөвхөн манай улсын төдийгүй, дэлхийн аль ч улс оронд үйлчилж буй улс төрийн системийн хөгжил хувьслын түүхээс харж болно. Одоо байдал 1990 оны өмнөхөөс сайжирсан байж мэдэх юм, гэхдээ сонгуулийн мөн чанар, иргэний нийгэм оршин тогтнох орчин, ардчилсан эрх зүйт төрийн үүрэг функцийн тухай бүх нийтээр зөвдүү төсөөлөлтэй болсон гэвэл арай үгүй байх. Тиймээс ч чөлөөт сонгуульд нэрээ дэвшүүлэхийг зөвшөөрч өрсөлдөнө гэдэг бол албан тушаал, суудлын төлөө мэтгэлцээн тэмцэл гэж шууд утгаар нь хялбаршуулан ойлгосон байдал өнөөдөр ч хэвээр үргэлжилсээр байна. Энэ бол сөрөг хүчний үүрэг ролийг үгүйсгэх бодлогын үр дагавар, нийгмийн ухамсрын дундаж төвшинд буусан тусгал юм. Гэтэл улс төрийн соёл, хүрээлэх орчинд үйлчлэх чадвар бүхий хүчтэй сөрөг хүчин байхгүйгээр иргэний нийгэмд төлөөллийн ардчилал жинхэнэ утгаараа хөгжих, ер нь оршин тогтнох боломжгүй. У.Черчиллийн хэлснээр: “Ардчилалд олон дутагдал бий, гэхдээ нэг сайн тал байгаа нь өнөөг хүртэл хүн төрөлхтөн (хэн ч) үүнээс илүүг бүтээгээгүй явдал юм”. Гэлээ ч орчин үеийн нийгэм эдийн засгийн дэвшил олон талаар ардчилал хөгжих дэм үүрэг болж иргэдийн ардчилсан, үнэт зүйлсийн чиг баримжаа, хандлага, ардчилсан үзэл санаа (менталитет) дэлгэрэх хөрс болжээ. Нөгөөтэйгүүр, иргэд буюу хувь хуний чөлөөт сэтгэлгээ, хүний салшгүй эрх, эрх чөлөө, ардчиллын давуу талыг хундэтгэх үндэслэл болж байна. Дэлхийн улс орны хөгжлийн энэхүү нийтлэг ардчилсан хандлагыг эрхэм зорилго болгон Монголын ард түмэн үүнийгээ шинэ Үндсэн хуулиараа тунхагласан.
Монгол Улсын Үндсэн хуулийн НЭГДҮГЭЭР бүлэг, гуравдугаар зүйлийн нэгд: “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан. Үндсэн хуулийн ХОЁРДУГААР бүлэг, арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт: “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийн удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно“; арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалт: “Монгол Улсад хууль ёсоор оршин байгаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна“; ГУРАВДУГААР бүлэг, хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь заалт: “…Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж…”, хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь заалт: “Улсын Их Хурлын гишуунээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно… “; гучдугаар зүйлийн 2 дахь заалт: “Ерөнхийлөгчөөр дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно”, гучин нэгдүгээр зүйлийн 2, 3 дахь заалт: “
2. Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ.
- 3. Анхан шатны сонгуульд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхтэй оролцож, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн талаар саналаа нууцаар гаргана”; 7 дахь заалт: “Еренхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгоно” гэсэн заалтуудыг хамтад нь авч ерөнхий агуулгаар нь ойлговоос Монгол Улсын иргэдийн сонгох, сонгогдох эрхийн тодорхой хэдэн хязгаарлалтаас бусад тохиолдолд сонгуулийн эрх тэгш байх зарчим Yндсэн хуулиар баталгаажсан гэх үндэстэй. Өөрөөр хэлбэл,
- сонгогч бүр адил жин дарах санал өгөх;
- бүх сонгогчид адил тэгш эрхийн үндсэн дээр сонгох;
- төлөөлөгч (Улсын Их Хурлын гишүүн) бүр ижил тооны иргэд төлөөлөх нөхцөл
хангагдах ёстой нь ойлгогдож байна. Түүнээс гадна Үндсэн хуулийг бухэлд нь тэнд тусгасан үзэл баримтлалын гол санаагаар нь авч үзээд гуравдугаар зүйлээс дээр ишлэл болгосон 1 дэх заалтын агуулгыг тайлбарлан задалбал Монгол Улсын төрийн засаглал, түүний бүх эрх мэдэл ард түмнээс эхлэлтэй, хууль тогтоох-гүйцэтгэх-хянах тусгайлсан бие даасан харилцан тэнцэл бүхий байгууллагуудаар дамжуулан тодорхой хуулийн дагуу сонгууль явуулах замаар ард түмэн төрийн эрхийг барина гэсэн агуулга тодорно. Нөгөөтэйгүүр, Үндсэн хуулинд Хүний эрх, эрх чөлеөний тухай ХОЁРДУГААР бүлэг бүхэлдээ, 21 дүгээр зүйлийн 2, 3; 23 дугаар зүйлийн 1; 24 дүгээр зүйлийн 1, 2; 25 дугаар зүйлийн 1.16, 1.17; 26 дугаар зүйлийн 1, 2; 31 дүгээр зүйлийн 2, 3, 4, 5, 6, 7; 38 дугаар зүйлийн 4, 7; 48 дугаар зүйлийн 3; 49 дүгээр зүйлийн 1, 2, 3; 50 дугаар зүйлийн 3; 55 дугаар зүйлийн 1, 2; Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай ДӨРӨВДҮГЭЭР бүлэг: 57 дугаар зүйлийн 3; 59 дүгээр зүйлийн 1; 62 дугаар зүйлийн 1, 2; Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн тухай ТАВДУГААР бүлэг: 64 дүгээр зүйл бүхэлдээ; 66 дугаар зүйлийн 2.2; 67 дугаар зүйл; Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай ЗУРГААДУГААР бүлэг: 70 дугаар зүйлийн 1 дэх заалтуудыг хамтаар нь авч, үндсэн үзэл баримтлалын хэлээр агуулгыг нь илэрхийлбэл Монголын нийгэм “төлөөллийн (representative), олон ургальч (pluralistic) aрдчиллын үндсэн зарчмыг хүлээн авсан гэж ойлгож болох юм. Чухамхүү олон ургальч ардчиллын үзэл санааг дэлхийн олон улс орон амьдрал дээр хүлээн авч хэрэгжүүлэх оролдлого хийж байгаа бөгөөд энэ онолын гол мөн чанар нь хоорондоо сөргөлдөгч өрсөлдөгч, мэргэшил мэргэжлийн, шашин шүтлэгийн хийгээд ёс заншлын ялгаатай, эдийн засгийн хийгээд нийгмийн байр суурь, хүн ам зүйн болоод орон нутгийн сонирхол өөр өөр бүлэглэлийн хүчний тэнцвэрийг хангах удирдлагын хэлбэрээр аль нэг бүлэг давхаргын эрх ашиг давамгайлсан улс төрийн шийдвэр гаргахгүй байх, засгийн эрх мэдлийн үйлчлэлд нэг бүлэг давамгайлах эрх мэдэлтэй байх зөрчлийг арилган тэнцвэртэй дундажлан жигнэсэн нөлөөлөл бүхий үр дүнд хүрэхэд оршино. Энэ тохиолдолд л 1-р зургаар бүдүүвчлэн үзүүлсэн улс төрийн систем цагийн аясаар хувьсан шинэчлэгдэх хэрэгцээ шаардлагад яв цав (адевекатно) зохицон хамгийн тогтвортой оршин тогтнож нийгмийн дэвшлийн хөдөлгөгч хүч нь байх учиртай болов уу. Олон ургальч ардчилал, улс төрийн бодлогын гол төлөөлөгч А.Бентли, Г.Уоллес, Дж.Мэдисон, Г.Лаcки зэрэг судлаачдын онолоос ардчиллын зарчим болгож үздэг хэд хэдэн ерөнхий шинж, нийтлэг гол санааг тодруулж болно. Yүнд:
1) Хувь хуний эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг баталгаажуулагч ардчилсан улс төрийн системийн төв элемент бол сонирхлын бүлгүүд юм гэдгийг хүлээн зөвшөөрөх. Энэ нөхцөлд хэдийгээр хувь хүн засгийн эрх мэдлийн анхдагч субъект гэдгийг үгүйсгэхгүй ч гэсэн түүнийг хоёрдугаар эгнээнд аваачдаг;
2) Ардчилсан засаглал, түүний хөгжил хөдөлгөөний нийгмийн үндэс нь бүлгүүдийн ашиг сонирхлын өрсөлдөөн тэнцвэр гэж үзэх;
3) Эрх мэдлийн тэнцвэржүүлэх үзэл санааг цааш хөгжүүлэн, институт-байгууллагын хүрээнд хэрэглэхээс нийгмийн харилцааны бүхий л цар хүрээнд хүртэл өргөтгөх;
4) “Ухаалаг хувиа хичээх үзэл”, хувийн болон бүлгийн сонирхлыг улс төрийн бодлогын эх үүсгэвэр дэм үүрэг гэж үзэн хуульчлах;
5) Төрийн үйл ажиллагааны хурээг нэлээд өргөн цар хурээнд тэлэх, нийгэм бүхэлдээ өөрөө өөрийгөө зохицуулах болон өрсөлдөгч сонирхлын тэнцвэрийг хадгалах явдлыг хангагч хөндлөнгийн шүүх маягаар төрийг авч үзэх, төр бол хэрэгсэл, субъект төдийгүй объект гэдгийг хүлээн зөвшөөрөх,
6) Орчин үеийн ардчилсан төрд, эрх баригч элит (шилмэл давхарга) болон засаглалын хэсгийнхний түгэлт бусад бүлгүүд рүүгээ аажим уусах тухай үзэл санааг нотлох;
7) Олон ургальч, элитийн олонлог нь улс төрийн бодлогод нөлөөлөх гол дамжуурга гүүр гэж тайлбарлах;
8) Ажил үүргийн зөрчлийг харьцангуй хялбар шийдэх болон бүлгүүдийн сонирхлын тэмцэлдэх шинж соёлтой байх нөхцөл бол ардчиллын соёл гэж үзээд үүнийг төлөвшихөд санаа тавих;
9) Нийгмийн шударга ёсыг бэхжүүлэхэд, мөн нийгэмд хохирсон бүлгийн болон бие хүмүүсийн амьдрах аз туршилтаар амьд үлдэх магадлалыг нь ихэсгэхэд төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх зэрэг үзэл санааг хүлээн зөвшөөрдөг.
Өөрөөр хэлбэл, орчин үед олон ургальч ардчиллын онолын үндсэн тулгуур зарчим бол нийгмийн бүх давхарга, иргэдийн ашиг сонирхлыг шударгаар хослуулахад төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх, зохицуулахад орших бөгөөд энэ концепцийг төрийн үйл ажиллагаанд буюу амьдрал дээр хэрэгжүүлэхэд бүрэн боломжтой гэж үздэг байна, Энэ нь аливаа зөрчилтэй асуудлыг харилцан буултаар шийдвэрлэдэг цагт л бодитой. Ардчиллын тухай орчин үеийн ойлголтыг гүнзгийрүүлбэл: “Ард түмэн засгийн эрхийг хэрхэн бодит байдал дээр барих вэ? Хэн, хэрхэн төрийн удирдлагын үүрэг функцийг шууд хэрэгжүүлэх вэ?” гэсэн асуултад тодорхой хариулт өгөх ёстой. Монгол Улс дэлхийн бусад ардчилсан улс орны нэгэн адил Үндсэн хуулиараа олон ургальч ардчиллын гол гол зарчмыг тунхагласан бол үүнийгээ хэрхэн амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлэх вэ гэсэн асуулт манайд яг одоо тулгарлаа гэж бид ойлгож байна. Хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлс, олон ургальч үзлийн зарчимд тулгуурласан удирдлагын төлөөллийн ардчилал (representative democracy) парламентаар дамжин хэрэгждэг. Тунхагласан зарчимдаа хэр ойр байх нь парламентаа бүрдүүлэх сонгуулийн тогтолцоо, хууль, түүний хэрэгжилтээс шууд шалтгаална.
Ийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар зохион байгуулсан Олон улсын энэ бага хурал манай Улсын Их Хурал чуулганаараа Сонгуулийн хуулийн төсөл хэлэлцэхийн өмнө болж байгаа учраас ихээхэн ач холбогдолтой юм. Нэгэнт Улсын Их Хурлаас Сонгуулийн хуулийг өөрчлөх тухай шийдвэр гарсан болохоор Монгол Улсын Сонгуулийн хуулийн заалт бурийг нарийвчлан үзэх шаардлагагүй. Гагцхүү зарчмын холбогдолтой, үзэл баримтлалын чанартай зарим хэсгээс авч үзье.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн нэгдүгээр бүлэг, 1 дүгээр зүйлд заасан сонгуулийн үндсэн зарчмаас үзэхэд сонгуулийн шууд, шударга тэгш эрхийн үндсэн зарчмыг тунхагласан нь илэрхий. Гэтэл энэ хуулийн 33 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “Саналын хуудсанд нэр дэвшигчийн овог, нэрийг нам, эвслээр бүлэглэн тухайн нам, эвслээс ирүүлсэн дарааллаар бичиж хзвлэнэ. Харин нам, эвслийн дарааллыг улс төрийн намуудын Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн намын дарааллаар тогтооно. Эвслийг дараалалд оруулахдаа эвсэлд оролцогч намуудаас хамгийн түрүүнд Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн намын дарааллаар тогтооно. Бие даан нэр дэвшигчийн нэрийг нам, эвслээс нэр дэвшигчдийн нэрийн дараа сонгуулийн тойргийн хороонд нэр дэвшсэнээ бүртгүүлсэн дарааллаар бичнэ”; 35-р зүйлийн 2 дахь хэсэгт: “Сонгогч саналын хуудсыг авч санал бэлтгэх тасалгаанд орж уг хуудсанд бичигдсэн нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгохыг хүссэн бөгөөд мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийн овог, нэрийн өмнөх дэс дугаарыг дугуйлан тэмдэглээд энэхүү саналын хуудсаа саналын хайрцагт хийнэ”; 36-р зүйлийн 3 дахь хэсэгт: “санал огт тэмдэглээгүй, эсхүл мандатын тооноос дутуу буюу илүү тэмдэглэсэн, энэ хуульд зааснаас өөр ямар нэг тэмдэглэл хийсэн бол саналын хуудсыг хүчингүйд тооцох”; мөн Монгол Улсын Бага Хурлын 20-р тогтоол (1992.4.10), түүний хавсралтын хамт хуулийнхаа нэгдүгээр бүлгийн 1-р зүйлд заасан сонгуулийн тэгш эрхийн зарчмыг зөрчсөн байв. Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг, 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт: “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно”, мөн энд 10 дахь хэсэгт :“…Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно…” гэжээ. Харин УИХ-ын сонгуулийн хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Аль нэг намын гишүүнийг өөр намын өмнөөс нэр дэвшүүлж үл болно. Энэ заалтыг зөрчсөн нэр дэвшигчдийн нэрийг нэрсийн жагсаалтнаас хасна” гэсэн нь Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж болохоор байна. Нөгөөтэйгүүр, “сонгууль шууд байна” гэдэг өгүүлбэр олон утгатай маргаж болохоор заалт юм. Сонгууль гэдэг нь зөвхөн санал хураалгахыг хэлэхгүй байх. Харин онолын хувьд нэг мөр ойлголт бий.
Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн үзэл баримтлалд өмнөх сонгуулиас авах сургамж тусгаагүйгээр барахгүй, олонхийн нэрээр цөөнхийн төлөөлөгчид Улсын Их Хурал бүрдүүлэх боломжтой, бас УИХ-ын гишүүн нөхөн сонгогдсонд тооцох тухай 42 дугаар зүйл нь чухамхүү энэ цоорхойг томсгох доголдол гэж үзэх үндэс байна.
Сонгууль эрхлэн явуулах үйл ажиллагаа, түүний эдийн засгийн баталгаа, сонгуулийн эрхийг хангах хууль зүйн баталгаа, сонгуулийн өмнөх ухуулга сурталчилгаа, нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа, санал авах ажлын зохион байгуулалт, сонгогч санал гаргах журам зэргийг нарийн судлаж, тэдгээрийн хэрэгжүүлэлттэй нь холбогдуулан авч үзэхэд хэнд илүү эрх мэдэл байна, түүнд ашигтай байх боломж бүрдүүлсэн. Тухайлбал, сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигч нараас хууль журмын дагуу хяналт тавихыг хориглосон, саналын хуудас хэвлэлт, тараалт хяналтгүй, илүү тоогоор хэвлэхийг зөвшөөрсөн, сонгогч зөвхөн ганц хатуу загвараар саналаа илэрхийлэхийг л зөвшөөрсөн сонгогчдын шилжилтийг бүртгэх, хянах боломжгүй хэрнээ битүүмжилсэн дугтуйд саналын хуудас бөглөж үлдээх боломжтой гэх зэрэг олон заалтын хоорондын уялдааг харахад ийм байдал шууд мэдрэгдэнэ. Тийм ч учраас Сонгуулийн ерөнхий хорооны албан ёсны мэдээнд анализ хийхэд сонгуулийн урьд өдөр зарласан сонгогчдын тоо сонгуулийн дараа эрс нэмэгдсэн байсан. Энэ тоог Монгол улсын З00 гаруй сумаар дундажлахад нэг суман дээр сонгуулиййн санал өгөх өдөр ойролцоогоор 250 хүн шилжин ирж санал өгсөн гэж тооцохоор тийм эрс өөрчлөлт гарсан байсан.
Хуучин Ардын Их Хурлыг 1990 онд шинээр бүрдүүлсэн сонгуулийн тогтолцоо улс төрийн зарим хүчин, ялангуяа бие хүний хувьд ихээхэн сонирхогдож байсан байж болох юм. Энэ бүтцийг хадгалахыг хичээсэн тал сонгуулийн хуулинд бий. Энэ тухай УИХ-ын сонгуулийн хуулийг анхааралтай уншвал шууд ажиглагдах бөгөөд ялангуяа “сонгууль шударга эсэхэд” эргэлзвэл хөндлөнгөөс аяндаа бодитой гүйцэтгэж болох хяналтын механизмыг сулруулсан, хууль зөрчвөл чинээлэг хөрөнгөтэй хүн, сонгуулийн зардлын сан зузаантай нам, хүчний хувьд шийтгэл нь ёс төдий зэрэг болон сонгуулийн хуулийн үзэл баримтлал бүхэлдээ Үндсэн хуулийн үзэл санаатай яв цав тохирохгүй байгаагаас үзэж болно.
Улсын Их Хурлын сонгуулийн хэрэгжилт бодит байдал дээр юу болсон, цаашид боловсруулах сонгуулийн хуулийн үзэл баримтлалыг тогтооход сургамж авах үүднээс 1990, 1992, 1993 оны сонгуулийн дүнгийн товчоог дараах бүдүүвчээр үзүүлье. Энд ямар нэгэн тайлбар хийж, өөрийн үзэл бодлын дэнсээр шүүх хэрэггүй гэж бодлоо. Сонгуулийн хуулийн үзэл санаа ямар байх ёстойд санаа зовнин байгаа, энэ Бага хуралд оролцогч та бүгдийн хэлэлцүүлгийн сэдэв болгон үлдээе.
Доор үзүүлж байгаа эхний 5 зураг, нэг хуснэгтэд 1990, 1992, 1993 оны сонгуулийн дүнгээр намуудын болон Ерөнхийлөгч П.Очирбатын төлөө өгсөн санал, мөн парламентад намуудаар суудал хуваарилагдсан байдлыг үзүүлэв.
Улс төрийн намуудын төлөө санал, суудал
Улсын Бага Хурал дахь намуудын суудал
Улс төрийн намуудын төлөө санал
УИХ дахь намуудын суудлын хуваарилалт
Монгол Улсад 1990 оноос хойш 3 удаа явуулсан сонгуулийн үр дүнд анализ хийхдээ түүнд ямар хүчин зүйлс нөлөөлөв гэдгийг тодруулах зорилгоор Улс төрийн боловсролын Аkадемиас социологийн санал-асуулгын судалгааг Архангай аймгийн Их Тамир, Түвшрүүлэх, Цэнхэр сум, Баян-Өлгий аймгийн Өлгий хот, Баянхонгор аймгийн Баацагаан, Хүрээмарал сум, Говь-Алтай аймгийн Алтай хот, Дэлгэр, Тайшир сум, Дорноговь аймгийн Сайншанд хот, Өргөн, Сайхандулаан сум, Чойр хот, Завхан аймгийн Улиастай хот, Төв аймгийн Алтанбулаг сум, Увс аймгийн Улаангом хот, Хэнтий аймгийн Өндөрхаан хот, Батноров, Жаргалтхаан сум, Улаанбаатар хотод 2000 гаруй хүнийг хамруулан хийсэн юм. Энэ судалгааны материалаас 1990, 1992 онд намуудын төлөө, 1993 онд П.Очирбатын төлөө зургаар үзүүллээ. Мөн сонгогчдын санал өгөхдөө юуг харгалзсан бэ гэдгийг мөн дэс дараалуулан харуулав. Эдгээр материалыг Олон улсын энэхүү бага хуралд оролцогч та нарын гар дээр тараан өгсөн учир тодорхой дүгнэлт хийх шаардлагагүй. Энэ нь хүн бүрийн үзэл бодлын шүүлтээр хийгдэх асуудал юм гэж үзлээ.
Эхний зурагт санал асуулгад оролцсон 2000 гаруй хүний хэд нь хаана ажилладаг, ямар мэргэжилтэйг босоо диаграммаар харуулав.
Аль нам хүчний төлөө өгсөн тухайг санал асуулгаар гаргасан дүн (он оноор)
Сонгуульд санал өгөхдөө харгалзсан хүчин зүйлс доорх 6 зурагт он оноор:
Монгол Улсын парламентын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн cоциологиин судалгааны санал асуулгаар авсан мэдээлэлд анализ анхааралтай хийвэл тодорхой олон дүгнэлтийг хийж болно. Үүнээс энэ Бага хурлын хамаарах хэдэн зүйлийг дурдъя.
- Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль, Yндсэн хууль хоёрын агуулгын талаас нарийвчлан анхааралтай авч үзвэл улс төрийн системийн хоёр өөр үзэл баримтлалыг үндэслэхэд хүргэсэн байна. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн хууль Үндсэн хуулийн тайлбар, түүнийг хэрэгжүүлэх баримт бичиг хараахан болж чадаагүй байна.
- Улсын Их Хурлын сонгуулийн одоо хэрэгжиж байгаа хууль:
хэрэв мэдээллийн хэрэгслийн хараат бус байдал хэрэгжиж, эдийн засаг, улс төрийн тодорхой нөхцөл бүрдэх үед
- хөрөнгө мөнгөтэй чинээлэг хүмүүс,
- эрх мэдэл бүхий дарга нар,
- авъяас ур билгээрээ нэрд гарсан хүмүүс шалгарах илүү магадлал бий болгох зэрэг
нь улс төрийн хоёр том эвсэл рүү түлхэхгүй, харин ч яваандаа олон жижиг нам, тэр ч байтугай өөр өөр үзэл бодолтой нэгдсэн бодлого боловсруулахад төвөг учруулахуйц хувь хүмүүсийн олонлог бүрдүүлэх чиглэлд түлхэхээр үйлчлэх болов уу. Энэ бол улс төрийн ардчилсан систем биш, авторитар дэглэм төлөвшихөд тус дөхөм болно гэсэн үг юм.
- Монгол Улсад чөлөөт сонгууль 3 удаа 3 өөр хувилбараар явагдсаны дараа олон түмний дунд улс төрийн намын утга учрыг үгүйсгэх хандлага гарч улс төрийн хоосон орон зай ихсэх хандлагатай болжээ. Энэ нь яваандаа олон жижиг нам, бие даан нэр дэвшигч хэсэг бүлэглэлүүд төрийн хууль тогтоох байгууллагад олонх болох бодит боломжийг нээх бөгөөд Үндсэн хуулиар тунхагласан ардчиллын гол зарчмын мөн чанар гажихад хүрч болзошгүй юм.
Энэ зарчмын гол санаа нь:
“Ардчилсан улс оронд улс төрийн системийн гол хөдөлгөгч хүч нь хувь хүн ч биш, ард түмэн ч бүхэлдээ биш, чухамхүү сонирхлын бүлгүүдэд болон тэдгээрийн хоорондох харьцааны үндсэн дээр улс үндэстний үнэт зүйлс, иргэдийн ашиг сонирхол, хөгжлийн хандлага төлөвшдөг” гэдэгт оршино.
Сонирхлын бүлгүүдийн тусламжтайгаар хувь хүмүүс, иргэд ашиг сонирхлоо хамгаалах чадвартай, ард түмэн бүхэлдээ гэвэл маш нарийн нийлмэл дотоод зөрчил бүхий хоорондоо засаглалын төлөө өрсөлдөгч олонлог гэж энэхүү үзэл баримтлалын хүрээнд авч үздэг учраас одоо үйлчилж байгаа сонгуулийн мажоритар систем Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчих үр дүнд хүргэж болзошгүй. Дор хаяад онолын хувьд ийм өндөр магадлал бий.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Хянасан: Б. БАТ-ОРГИЛ