Г.Чулуунбаатар
/Философич, Дэд доктор, УИХ-ын дэрэгдэх судалгааны төвд эрдэм шинжилгээний ажилтан/
Шинэ толь №25, 1999
Түлхүүр үг: засаглалын хэлбэр, ҮХНӨ, засгийн газар, парламент, ерөнхийлөгчийн институци
1990 оны ардчилсан хувьсгалаар Монгол оронд олон жил хэвшин тогтсон төрийн байгууллагын тоталитар дэглэмийг халж шинэ ардчилсан тогтолцоо төлөвших үйл явц эхэлсэн билээ. Өнгөрсөн хугацаанд явагдсан нийгмийн асар их өөрчлөлтийн үр дүнгээр өнөөгийн Монголын нийгмийн өөрчлөлтийн үндсэн дүр зураг, жишиг хандлага нь:
- дэлхий дахиныг хамран өрнөж буй ардчиллын гурав дахь давалгааны салшгүй хэсэг болсноор,
- эдийн засаг, нийгмийн амьдралд нийгэм, экологийн баримжаа бүхий либерал үнэлэмж илэрхий давамгайлж байгаагаар,
- соёл, оюун санааны амьдралд үзэл бодлын плюрализм, үйл ажиллагааны прагматик хандлага зонхилох болсноор,
- гадаад харилцаанд олон тулгуурт нээлттэй гадаад бодлогын шинэ дэг журам тогтон хэвшиж эхэлснээр тус тус тодорхойлогдох боллоо.
Улс төрийн өөрчлөлтийн хувьд Монгол улс орчин үеийн эрх зүйт төрийн ардчилсан үнэлэмжийг үндэснийхээ хөрс сууринд хамгийн зохистой хувилбараар хэрэгжүүлж, бүс нутагтаа болон постсоциалист орнуудад үлгэр загвар болохуйц амжилт олсноороо дэлхийн улс түмний анхаарлыг зүй ёсоор татаж байна.
Энэ хугацаанд шинэ Үндсэн хуулийн дагуу бүрэлдэн төлөвшиж буй төрийн байгууллагын шинэ тогтолцоо олон сорилтыг давж, улс төрийн сонирхолтой туршилтуудын талбар болсоор ирсэн бөгөөд өнөөдөр уг тогтолцооны хүрээнээ цөөн биш тулгамдсан асуудлууд хуримтлагдаад байгаа билээ. Эдгээрийн зарим нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалт, үндэслэлүүдтэй холбоотой болох нь амьдралаас харагдах боллоо.
Үүссэн зөрчлүүд Үндсэн хуультай холбогдох нь
Ардчилсан нийгмийн нөхцөлд аль ч улс орны төрийн байгууллага үлэмж нарийн нийлмэл тогтолцооны хэлбэрээр оршдог бөгөөд түүний үйлчлэн орших улс төр, эрх зүйн тулгуур үндэс нь Үндсэн хуулиар баталгааждаг билээ. Аливаа нийгмийн тогтолцоонд системийн онолын үүднээс бүтэц-үйл ажиллагааны шинжилгээ хийх нь танин мэдэхүйн хувьд үр дүнтэй, практикийн хувьд өгөөжтэй байдаг. Үүнийг шинжлэх ухааны олон салбарын нэртэй эрдэмтэд нэг биш удаа нотолсон. Онолын үүднээс бол тогтолцооны бүтэц хамгийн зохистой хэлбэрээр зохион байгуулагдаж, түүний бүрдэл хэсэг бүрийн чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл нарийн тодорхойлогдон хэвийн хэмжээнд зүгшрэн тогтсон нөхцөлд л уг тогтолцоо үр нөлөөтэй үйлчлэн оршиж чадна.
Монгол улсын төрийн байгууллагын шинэ тогтолцоо орчин үеийн ардчилсан нийгэмд үйлчилдэг тэр ерөнхий жишгийн дагуу улс орныхоо өвөрмөц онцлогийг тусгасан байдлаар төлөвшин тогтож байна. Төрийн байгууллага бол төрийн засаглалын хэрэгжүүлэгч зохион байгуулагдсан субъект юм. Гэтэл засаглал гэдэг маань маш олон талтай өвөрмөц харилцаа байдаг. Засаглалын харилцааны гол үндсэн төрлүүдийг тусгаж, төрийн байгууллагууд үүсэн бий болдог бөгөөд тэдгээрийн чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл нь Үндсэн хуулиар тодорхойлогддог. Ийм нөхцөлд Үндсэн хуулийн дагуу төлөвшиж буй төрийн байгууллагын тогтолцооны мөн чанарыг судлахын тулд засаглалыг чухам онолын ямар концепцийн дагуу хэрэгжүүлж байна вэ гэдгийг тодорхойлох шаардлага гарна.
Орчин үед төрийн засаглалыг хэрэгжүүлэхэд: а) сонгодог ардчиллын онол, б) элитийн онол, в) плюрал ардчиллын онол гэсэн гурван гол онол, үзэл баримтлал түгээмэл хэрэглэгдэж байна. Сонгодог ардчиллын онол төрийн засаглалыг хэрэгжүүлэхэд ард түмэн нийтээрээ оролцох эрхийг хэрэгжүүлэх зарчимд үндэслэдэг. Харин элитийн онол бол олон янзын сонирхол нийгэмд үйлчлэн оршиж байгаа нөхцөлд сонгодог ардчиллын зарчмыг хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал байдаг учраас “Шалгармал” цөөнх нийгмийг удирдах ёстой гэсэн үзэл санаанд тулгуурладаг.
Тэгвэл плюрал ардчиллын онол нь дээрх хоёр үзэл баримтлалын эсрэгцсэн туйлширлыг шүүмжилж өөр хоорондоо өрсөлдөгч олон янзын үзэл санаа, эрх ашиг бүхий нийгэмд ардчиллыг тодорхой хэмжээгээр хэрэгжүүлж болно гэдгийг иш үндэс болгодог. Өөрөөр хэлбэл, энэ үзэл онолыг баримтлагч элитүүд өөр хоорондоо өрсөлдөн, олон түмний дэмжлэг авсан нь төрийн эрх барих ба дараачийн сонгуульд түүнээс илүү нөлөө, нэр хүрдтэй болж чадсан нь ялах замаар төрийн засаглалыг хэрэгжүүлэх явдал орчин үеийн нийгмийн мөн чанарт илүү нийцтэй ардчилал гэж үзэж болно.
Монгол Улс шинэ Үндсэн хуулиараа төрийн засаглалыг хэрэгжүүлэх плюрал ардчиллын онол давамгайлсан үзэл баримтлалыг сонгож авсан гэх үндэстэй юм.
Плюрал үзэл баримтлалын үндсэн дээр ардчилсан төрийн тогтолцоог төлөвшүүлэх хэд хэдэн хувилбар байж болно. Шинэ үеийн ардчиллын түүхэнд ардчилсан засаглалын хоёр гол хэлбэр, түүний янз бүрийн хослолд тулгуурласан хэд хэдэн хувилбар бий. Үүний нэг нь парламентын засаглал, нөгөө нь Ерөнхийлөгчийн засаглал, засаглалын энэ хоёр хэлбэрийг хосолсон хувилбарууд ч бас байдаг. Улс орныхоо түүхэн уламжлал, үндэсний өвөрмөц онцлогийг зөв харгалзан оновчтой хэрэгжүүлж чадвал аль нь ч орчин үеийн ардчилсан тогтолцоо.
Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиараа нэг шаттай парламент бүхий бүгд найрамдах засаглалын хэлбэрийг гүйцэтгэх засаглалд илүү ойрхон Ерөнхийлөгчийн институттэйгээр сонгосон. Энэ бол засаглалын байж болох хэлбэр. Гэхдээ Үндсэн хуулийн анхны төсөл, түүнийг эх барьж авсан АИХ-ын 400 депутатын 70 хоног хуралдсан чуулганы протоколыг судалж үзэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн засаглалтай парламент бүхий тогтолцоог сонгох нь оновчтой гэсэн санаа бодол нэлээд байсантай тааралддаг. Ийм үзэл бодол төрийн түшээдээс эхлээд олон түмний дунд янз бүрийн байдлаар одоо ч яригдсаар байгаа. Өнгөрсөн хавар, зуны улс төрийн үйл явдал, олон янзын туршилт энэ хугацаан дахь УИХ-ын үйл ажиллагаанаас үзэхэд бидний сонгож авсан засаглалын хэлбэр яг энэ бүтэц, механизмаараа цаашид оршиж чадах эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц хэд хэдэн бодитой зөрчил нэлээд тодорхой ажиглагдах боллоо. Ийм зөрчил цөөн биш тохиолдолд Үндсэн хуулийн үндэслэл, заалтуудтай ямар нэг байдлаар холбогдож байгаа юм.
Нэг талаас дэлхийн жишиг, олон улсын практик, нөгөө талаас Монголын онцлогийг зохистой хослуулахтай холбогдсон зөрчлийг Үндсэн хуулийн холбогдолтой хэмээн үзэж болох юм. Энэ нь эцсийн дүндээ манай Үндсэн хууль дэлхийн ямар орны аль жишгийг Монголынхоо онцлогтой холбож боловсрогдсон бэ гэдэг асуудалд тулж ирдэг.
Дэлхийн жишиг ба олон улсын практикийн тухай асуудал бол аль ч улс үндэстний, тэр тусмаа ардчилал, зах зээлийн замаар хөгжиж эхэлсэн буурай хөгжилтэй орны хувьд яах аргагүй баримжаа болгож түшиглэх зүйл мөн. Гэхдээ бид Монгол Улс дэлхийн нэг жижиг хэсэг, 200 гаруй улс орны өвөрмөц онцлог бүхий нэг гишүүн, тэгсэн хэрнээ Монгол бол Америк биш, Герман ч биш, буурай хөгжилтэй, нүүдлийн иргэншилтэй үндэсний түүх соёлын асар их уламжлалтай тусгаар улс гэдгийг ямагт бодолцож байх учиртай. Ингэж бодож тооцоолохгүйгээр сармагчин лугаа дагаж, хуулж дуурайхын уршгийг бид мартах болоогүй. Дэлхийн жишиг, онолын зарчим, олон улсын практик гэгчийг өрөөсгөл шүтсэнээр монголчууд бид өөрөө өөрсдийгөө танихаа больчихож мэдэхээр боллоо. Хэдэн жилийн өмнө манай нэгэн нэрт сэтгүүлч “Монгол Улс гэдэг энэ айл чинь ямар байна вэ?” гэдэг асуудал тавиад түүнд хариулахдаа:
“Швед маягийн хүслэнтэй, америк маягийн ардчилалтай, европ маягийн зах зээлтэй, Монгол маягийн үйл ажиллагаатай, орон орноос эвлүүлсэн мөр засагтай улс болчихсон юм биш биз дээ. Тэмээ шиг бөхтэй, хонь шиг сүүлтэй, ямаа шиг ноолууртай, үхэр шиг махтай тийм мал байж болох уу? Болохгүй” гэж хариулсан үг үе үе санагдах юм.
Ерөнхий сайд асан Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд болоогүй байхад сонгуулиар парламентад олонхийн суудал авсан намын дарга Засгийн газраа тэргүүлдэг олон улсын жишиг байдгийг гол үндэслэлээ болгож, одоо тийм улс төр, эрх зүйн орчин бүрдлээ гэж ярьж, зүтгэсээр байгаад зүгээр хэвийн ажиллаж байсан М.Энхсайханы Засгийн газрыг огцруулж байсан. Одоо Ц.Элбэгдоржийн Засгийн газар бас огцорч шинэ засгийн газар бүрдлээ. Тэр дэлхийн жишиг, олон улсын практик гэдгийг юу болов гэдэг асуудал үндсэндээ мухардмал байдалд ороод байна. Гэтэл энэ зөрчил, мухардлын цаад учир шалтгаан хаана байна вэ? Энд олон зүйлийг ярьж болох авч эцсийн дүндээ засаглалыг хуваарилсан Үндсэн хуулийн заалт томъёолол бүрхэг байгаа нь ноцтой шалтгаан мөн юм. Чухам ийм мухардлаас шалтгаалж хоёрдахь удаагаа огцорсон Засгийн газар ч дөрвөн сар шахам хугацаанд “үүрэг гүйцэтгэгч” гэсэн статустайгаар ажиллав.
Огцорсон хоёр Засгийн газрын талаархи олон нийтийн санаа бодлын үнэлэлтээс үзэхэд дээрх зөрчлийн илэрч буй хэлбэрийг олон түмний зүгээс бодитой дүгнэж байна. Жишээлбэл, 1998 оны 8 дугаар сард олон нийтийн санаа бодлыг судлах “Мэдрэмж” төв (ТББ)-өөс эрхлэн Улаанбаатар Дархан, Эрдэнэт, Дорноговь зэрэг аймгийн 1000 гаруй хүнийг хамруулан явуулсан судалгаанаас үзэхэд судалгаанд оролцогчдын үнэлгээ дараахь байдлаар гарчээ.
Зөв | Буруу | Мэдэхгүй | |
М. Энхсайханы эдийн газар огцорсныг | 34.9% | 44.5% | 20.5% |
Ц. Элбэгдоржийн засгийн газар огцорсныг | 67.5% | 11.8% | 20.7% |
Судалгаанаас үзэхэд дэлхийн жишиг, олон улсын практик, улс төрийн болон эрх зүйн шинэ орчин бүрдсэн гэсэн үндсэн хуульд тодорхой тусгалаа олоогүй үндэслэлээр М.Энхсайханы Засгийн газрыг огцруулсныг судалгаанд оролцогсдын хамгийн олон нь буюу 44.5 хувь “буруу” гэж үзсэн байхад, улс төрийн өөр шалтгаанаар огцроод, гарч ирсэн үндэслэл нь үйлчилэхээ больж, утга учиргүй болсон үйл явдлыг оролцогсдын дийлэнх олонхи буюу 67.5 хувь нь “зөв” гэжээ. Энэ бол Үндсэн хуулиас уг гарвалтай зөрчил нь төрийн байгууллагын тогтолцооны одоогийн мухардмал байдлын нэг томоохон шалтгаан гэдгийг нотолж байна.
“Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн” гэсэн Үндсэн хуулийн заалтаар Монгол улс Парламентын засаглалтай Бүгд Найрамдах Улс гэдэг нь баталгааждаг. Гэтэл Үндсэн хуулийн ерөнхий үзэл баримтлалыг тодорхойлсон энэхүү суурь үзэл санааг амьдралд хэрэгжүүлэх механизм нь Үндсэн хуульдаа гүйцэд сууж өгөөгүйгээс одоогийн байдлаараа Монгол улс сонгодог Парламентын жишиг, зарчмаар төрийн байгууллагын тогтолцоогоо бүрдүүлж чадсангүй. Энд парламентын өөрийнх нь болон түүнд тавих хөндлөнгийн хяналтын механизм үндсэндээ алга, байлаа ч хэрэгжих үндэсгүй байна.
Үндсэн хуульд УИХ-ын Онцгой бүрэн эрхийг 18 зүйлээр нарийвчлан тодорхойлсон боловч энэ нь төрийн эрх барих дээд байгууллагын хэмжээнд түүний үйл ажиллагааны эрх зүйн үндсийг гүйцэд бүрдүүлж чадаагүйгээс парламентын хүрээнд зөрчил үүсэх явдал сүүлийн жилүүдэд цөөн биш гарах боллоо.
Төрийн эрх барих дээд байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлсэн манай парламентын туршлагаас үзэхэд нэг талаас парламентад хэтэрхий их эрх мэдэл төвлөрсөн, нөгөө талаас түүнийг хэрэгжүүлэх механизм нь зүгшрээгүй, парламент дотоод (өөрийнх нь) болон гадаад болон түмний хяналт тавьж, хариуцлага тооцох тогтолцоо бүрдээгүйгээс бодит зөрчил үүсвэрлэн хурцдаж байна. Зөрчлийн шинж чанар хоёр шаттай бөгөөд нэгээс нөгөөдөө эргэж шилжих хэлбэртэй өрнөх аж. Зөрчил эхлээд төрийн дээд шатны байгууллагуудын хооронд тухайлбал, УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, Цэц гэсэн субъектүүдийн хооронд тод биш хэлбэрээр үүсч аажимдаа УИХ-ын бүтцийн элементүүд, тухайлбал, олонхи цөөнхийн хооронд олонхийн болон цөөнхийн доторхи албан ёсны биш фракцуудын хооронд гэх мэт шатанд шилжих байдлаар илэрдэг. Зарим тохиолдолд уг үйл явц урвуу чиглэлээр ч хэрэгждэг тал бий. Ийм маягийн зөрчил олонтаа гарч байсан бөгөөд сүүлийн үеийн баримт болгож Ерөнхий сайдын асуудлаар нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөх үйл явц “зөвшилцөх” гэдэг Үндсэн хуулийн нэр томъёонд тайлбар хийх гэсэн оролдлого. УИХ-ын гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн байж болох эсэх асуудлаархи УИХ болон Цэцийн хоорондын харилцаа, УИХ-д итгэл үзүүлэх, эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын цөөнхийн зүгээс албан ёсоор оруулсан саналын асуудал зэргийг дурьдаж болох байна.
“Монгол улсын засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх механизм бүрхэг байна. Сонгогчид сонгосон гишүүнээ, нэр дэвшүүлсэн нам өөрийнхөө нэр дэвшигчийг УИХ-аас эгүүлэн татах эрхийг нь Үндсэн хуульд тодорхой тусгах шаардлага байгааг амьдрал харууллаа. Мөн УИХ-д итгэл үзүүлэх эсэх болон УИХ-ыг тараах ээлжит бус сонгууль явуулах, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг “…Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх” эрхээ сонгогчид хэрэгжүүлэх механизм зөвхөн УИХ-аар дамжиж түүний гишүүдийн 2/3-ын саналаар шийдвэрлэгдэх өндөр босготой байгааг эргэж харах шаардлага ч байж болох юм.
Төрийн дээд шатны байгууллагуудын түвшинд үүсч буй зөрчил субъектүүдийн хооронд болон УИХ-ын дотоод гэсэн хоёр өөр хүрээнд өөр өөрийн онцлог шинжтэй байгааг анхаарахгүй байж болохгүй.
УИХ-ын бүтцийн элементүүдийн хүрээнд үүсдэг зөрчлүүд нь юуны өмнө улс төрийн өнгө аястай байдгаараа онцлог юм. Сонгуулийн үр дүнгээр парламентад олонхи цөөнхийн бүлэг бий болдог нь жам ёс. Тэдний хооронд мөнхийн зөрчил байх нь ч бас л зүй ёсны үзэгдэл. Гэхдээ энд хууль зүйн хэм хэмжээ ч гэж бий. Бас улс төр, ёс зүйн хэм хэмжээ ч гэж байдаг. Гэтэл өнөөдөр манай УИХ-ын бүтэц (намын бүлэг г.м.) парламентын гишүүдэд улс төр, ёс зүйн болон хууль зүйн хариуцлага механизм үйлчлэхгүй байна. Тийм эрх зүйн орчин ч алга. Гишүүн өөрөө ёс зүйн хариуцлагаа ухамсарлахгүй, нам нь улс төрийн хариуцлага тооцоод гишүүнээ татаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, төрийн дээд байгууллагын түвшинд Үндсэн хуулиасаа эхлээд бусад хууль тогтоомж, орчин үеийн парламентат ёсны хүрээнд үйлчилдэг улс төр, ёс суртахууны хэм хэмжээг зөрчих, мөрдөхгүй байх, үүнийхээ төлөө хууль зүйн болон улс төрийн хариуцлага хүлээхгүй байх явдал үлэмжхэн хавтгайрлаа. Энэ нийгэмд хууль ёсыг үл тоомсорлох, дураараа авирлах, эмх замбараагүй байдал газар авах үзэгдлийг зөвтгөх нийгмийн сэтгэл зүйн нэг шалтаг болоод байна. Энэ бүхний үр дагавар болж төрийн байгууллагуудын нэр хүнд бүх шатанд унаж, төрийн механизм ажиллахгүй шахам байдал үүслээ.
Парламентын хүрээнд хийсвэрлэсэн зөрчлийн шинжтэй аливаа үзэгдлийг зориудын ба зориудын биш байдлаар улс төржүүлдэг нь бараг ёс болчихлоо. Улс төрийн бодлоготой холбоогүйгээр шийдвэрлэгдэх төрийн хэрэг бараг үгүй боловч бодлого зарчмын хүрээнээс хальж хувь хүн, явцуу бүлэглэлийн албан ёсны байдлаар томьёологдож цэгцрээгүй улс төрийн сонирхол, улс төрийн үзэл бодлын үүднээс төр, түмний хэрэгт хандах явдлыг үүгээр зөвтгөх аргагүй юм.
Төрийн эрх мэдлийг хуваарилах онолыг бүтээлч хэрэглэж чадсангүй. УИХ нь Засгийн газраа үл тоомсорлох байдал хэвшил боллоо. Ийм түвшинд буюу төрийн дээд шатны байгууллагуудын хооронд үүсдэг зөрчил нь тэдгээрийн үйл ажиллагааны уялдан зохицох механизм, эрх үүргийн зүй зохистой хуваарилагдсан байдалтай шууд холбоотой байдгаараа онцлог. Сүүлийн хоёр Засгийн газрын огцорсон шалтгаан, шалтгуудын дотор Засгийн газар УИХ-ын ар хударгаар шийдвэр гаргадаг, УИХ-д мэдэгдэхгүйгээр түүнийг үл тоомсорлосон алхам хийсэн гэдэг өнгө аястай шалтаг шалтгаан гол байр суурь эзэлсэн. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид УИХ нь Засгийн газартаа хяналт тавьдаг, Засгийн газар нь УИХ-даа эргэж тайлагнадаг механизм бүрэн тодорхой сууж өгөөгүй. Үүнээс улбаалаад практик амьдрал дээр УИХ-аас Засгийн газартаа хяналт тавих, мэдээллийг нь сонсох, Засгийн газрын гишүүдэд асуулга тавьж, хариулт авах зэрэг бодит ажил хэрэг хэлбэрийн төдий болдог явдал түгээмэл байна. Иймэрхүү байдал нутгийн өөрөө удирдах ёсны түвшинд бүр ч тааруу байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хэрэг дээрээ тухайн шатныхаа засаг даргын ажилд хяналт тавьж, чиглүүлэхийн оронд бараг л Засаг даргын гар харсан байдалд орсон гэхэд хилсдэхээргүй байна. Товчоор хэлбэл, төрийн эрх барьж хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагын хоорондын ажлын уялдаа холбоог зүгшрүүлэх чиглэлээр Үндсэн хуулийн хэмжээнд нухацтай судалж үзэх шаардлага гарч байна.
Ерөнхийлөгчийн институт төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцох бүрэн эрх, гүйцэтгэх үүрэг нь хязгаарлагдмал. Тэгсэн атлаа бүх ард түмнээс сонгогдоно. Их Хуралд ажлаа хариуцна гэх мэт ойлгомжгүй зүйл олон байдаг. Үүнээс улбаалсан шинжтэй зөрчлийн онцлог нь Ерөнхийлөгч улс төрийн ямар нэг намаас нэр дэвшиж сонгогдохоос шалтгаалсан байдаг явдал мөн. Тухайн үед УИХ-д олонхийн суудал авч төрийн эрх барьж байгаа улс төрийн хүчнээс нэр дэвшсэн хүн Ерөнхийлөгчөөр сонгогдвол Ерөнхийлөгч ба Засгийн газрын хооронд үүсдэг зөрчил нь улс төрийн бодлогын нэг ерөнхий үзэл баримтлалын хүрээнд байдаг учраас их төлөв ажил хэргийн шинжтэй байв. Манай хувьд ийм байдал зөвхөн 1990-1992 оны үед л байсан. Үүний зэрэгцээ бүрэн эрх, чиг үүрэг, үйл ажиллагааны уялдаа зохицлын механизмтай холбогдсон зөрчил ч ажиглагддаг. Ийм хүрээний зөрчил Ерөнхийлөгч ямар улс төрийн хүчнээс сонгогдохоос үл хамааран оршиж байна. Тэр тусмаа тухайн үед УИХ-д сөрөг хүчин болсон улс төрийн хүчнээс Ерөнхийлөгч сонгогдвол зөрчил улам тод илэрч байлаа. Үүний тодорхой баримтууд 1992 оноос хойшхи 6 жилийн практикаас захаас аван олдоно. Ялангуяа, Ерөнхийлөгчөөс Засгийн газарт хандаж гаргах, УИХ-ын шийдвэрт хориг тавих, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх болон гадаадад суух элчин сайдыг томилох зэрэг асуудлаар зөвшилцөх асуудал дээр бүр тодорхой илэрдэг. Ийм тохиолдлуудын нэлээд нь өрөөсгөл шийдвэрт хүргэх буюу эсхүл мухардмал байдалд ордог нь харамсалтай.
Монгол улсын Ерөнхийлөгчид улс төрийн аль нэг намаас, тэр тусмаа парламентад суудалтай намаас нэр дэвшдэг атлаа Ерөнхийлөгчөөр сонгогдож, бүрэн эрхийг нь УИХ зөвшөөрснөөр улс төрийн намаас түдгэлзэж байгаа нь улс төрийн хариуцлагын хувьд ойлгомжгүй болоод зарим тохиолдолд асуудал шийдвэрлэхэд бэрхшээл учруулах явдал ч гардаг. Нөгөөтэйгүүр энэ нь бодит амьдралаас зөрсөн ёс төдий зүйл болж хувирдаг.
Дээр дурьдсан зөрчил, зерендсен ойлгомжгүй байдлын зарим нь Үндсэн хуулийн үзэл санаатай, зарим нь түүний заалттай шууд ба шууд бус ямар нэг байдлаар холбоотой байгаа нь ойлгомжтой. Иймд Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн хэрэгжилтийн явцын талаар ул суурьтай цогцолбор судалгаа хийж дүгнэлт гаргах шаардлага хойшлуулшгүй болж байна.
Төрийн байгууллагын тогтолцоог төгөлдөржүүлэх боломжит хувилбарууд ба Үндсэн хууль
Үндсэн хууль бол бусад аливаа хуулийн адил амьдралаас төрж, амьдралд үйлчилдэг. Амьдрал бол мөнхийн өөрчлөлт, хөгжил. Тийм болохоор абсолют өөрчлөлтгүй тийм “сайн” хууль дэлхийд байдаггүй. Үндсэн хуулийг өөрчилж болно. Харин хэдийд ямар хэмжээнд өөрчилж тодотгох вэ гэдгийн тухайд нарийн судалж, нухацтай шийдэх асуудал байдаг. Энэ бол төрийн байгууллагыг төгөлдөржүүлж, эрх зүйн тулгуур үндсийг хөндөж буй хэрэг юм.
Монгол Улсын Үндсэн хуулийг орон даяар дагаж мөрдсөнөөс хойш долоон жилийн нүүр үзэх гэж байна. Энэ хугацаа нь зүгширсэн хэвийн хөгжиж буй нийгмийн тухайд бол тийм ч урт хугацаа биш. Харин нийгмийн нэг шилжилтийн үед бол Үндсэн хуулийн “яс чанар”, “цоорхой”, “сиймхийг” шалгаж харуулах хангалттай хугацаа юм. 1992 онд Ардын Их Хурлын депутат 400 гаруй хүн 70 гаруй хоног чуулж байж батлагдсан Монгол Улсын шинэ Үндсэн хууль нь 70 гаруй жил оршин тогтносон нийгмийн хуучин тогтолцоог халж, Монгол Улсыг ардчилал, зах зээлийн замаар дэлхийн жишиг хандлагын дагуу хөгжүүлэх улс төр, эрх зүйн тулгуур үндэс болсноороо манай улсын түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Энэ хуулийн бүхий л нааштай үр дагавар, эерэг талыг тоочвол хэдэн арван боть ном ч бичиж болно. Амьдрал дээр сайн сайхан болж бүтэж байгаа зүйлийг бататган бэхжүүлэхийн зэрэгцээ болохгүй, бүтэхгүй байгааг нь олж харж өөрчлөн сайжруулж байх нь амьдралын жам ёс юм. Энэ талаас нь асуудалд хандвал Үндсэн хуулийг ямар нэг байдлаар эргэж харах бодит шаардлага байна. Тийм шаардлага нь дараахь тодорхой үндэслэл дээр нөхцөлдөж байгаа болно. Үүнд:
- Шинэ Үндсэн хууль төрж мэндлэхдээ 2-3 жилийн туршид монголын шилдэг сэхээтэн, мэргэжилтнүүдийн нухацтай хөдөлмөрөөр бэлтгэгдэн боловсруулагдсаныг бид мэднэ. Түүний анхны төслийг бүх ард түмний хэлэлцүүлэгт ч оруулсан. Түүнийг хэлэлцэн батлагдах үйл явц улс төрийн тогтолцооны шилжилт, нийгмийн тогтолцооны задралын үлэмж нарийн төвөгтэй үед хэрэгжсэн. Энэ үед Монголд улс төрийн шинэ намууд дөнгөж үүсч эхэлж байв. Манай эрдэмтэн судлаачид, улс төрийн зүтгэлтнүүдээс эхлээд нийтээрээ ардчилал, зах зээлийн харилцааны зах сэжүүрийг дөнгөж мэдэрч, мэдлэг, туршлагаар туйлын нимгэн байлаа. Аль ч намын нийгэм, улс төрийн үзэл баримтлал гүйцэд боловсроогүй, олон түмний улс төрийн сэтгэл зүй үлэмжхэн хямралтай байв. Ийм нөхцөл байдлын тусгал АИХ-ын 400 гаруй депутатын 70 гаруй хоногийн хуралдаанд бодитой нөлөөлж байв. Өөрөөр хэлбэл, төрийн засаглалын хэлбэрийн сонголт, төрийн байгууллагын тогтолцоо, газар өмчлөлийн тухай асуудал зэрэг зарчмын чухал асуудлаас эхлээд Үндсэн хуулийн бараг бүх заалтууд тухайн үеийн АИХ-ын бүрэлдэхүүнд байсан улс төрийн янз бүрийн үзэл төсөөлөл, ашиг сонирхлын харилцан буулт, эвлэрэл зохицлын үндсэн дээр гарсан гэж үзэж болно. Гэтэл өнгөрсөн долоон жилийн хугацаанд улс төрийн намууд төлөвшин бойжиж, тэдгээрийн нийгэм, улс төрийн үзэл баримтлалууд ч цэгцрэн боловсорлоо. Эрдэмтэн мэргэд, туршлага ч зузаарлаа. Улс төрийн үзэл сонирхлын ялгарал ч тодорхой болж, ямар үзэл баримтлал, ямар бодлого, ямар тогтолцоо Монголын “хөрсөнд ил амилах чадвартай болох нь ч бас тодорхой болж байна. Энэ бүхэн нь Үндсэн хуулийнхаа хэрэгжилтийн байдалд нэг сайн судалгаа хийж болж байгааг нь батлах, болохгүйг нь өөрчлөн сайжруулах зайлшгүй шаардлагыг дэвшүүллээ.
- Үндсэн хуулиа дагаж мөрдсөн сүүлийн долоон жилийн туршлага сургамжийг эрдэмтэн мэргэд ч, өргөн олон түмэн ч дүгнэн цэгнэж санаа бодлоо тодорхой илэрхийлэх боллоо. Төрийн дээд байгууллагуудад хандсан захидал, мэдээлэл, төрийн бус байгууллагуудын зүгээс тавьж буй шаардлага, хэвлэл мэдээллийн нийтлэл зэрэгт анализ хийж үзэхэд Үндсэн хуулийн зарим нэг тулгуур үндэслэлийг эргэж харах тухай санал цөөнгүй гарч байна. Эрдэм шинжилгээний болон төрийн бус байгууллагуудаас сүүлийн үед явуулсан янз бүрийн судалгаанаас үзэхэд Үндсэн хууль, түүний тодорхой заалтаар шийдвэрлэдэг зарчмын асуудлыг ихээхэн хөндөх боллоо. Ийм асуудлын тоонд 1990 оноос улс орны сонгож авсан хөгжлийн зам, түүнийг хэрэгжүүлж буй байдал, сонгож авсан төрийн засаглалын хэлбэр зэрэг асуудал анхаарал татаж байна. Энд бид судалгааны зарим нэг баримтыг иш татъя. Энэхүү товхимлыг зохиогчдоос 1998 оны 10 дугаар сард улс төрийн үйл явцыг системийн түвшинд нэгтгэн дүгнэх чадвар бүхий 100 шинжээчдийн дунд явуулсан судалгаагаар тэдгээрт хандан:
“Шинэ Үндсэн хуулиар бий болсон төрийн одоогийн тогтолцооны бүрдэлт, зүгшрэлтийн байдал ямар байна гэж Та үзэж байна вэ? гэсэн асуултад дараахь байдлаар хариулсан байна.
Асуулт | Хувь |
1. Одоогийн тогтолцоо ирээдүйтэй гэдгээ бүрэн харуулсан | 2.22 |
2. Одоогийн тогтолцоо зөв боловч түүнд засаж залруулах зүйл олон байна | 37.78 |
3. Одоогийн тогтолцоо Монголын нийгэмд тохирохгүйгээ харуулсан | 41.45 |
4. Одоогийн тогтолцоо сайн зүгширч чадаагүй байгаа учир өнөөдөр дүгнэхэд хэцүү байна. | 14.44 |
Судалгааны энэ дүнгээс үзэхэд шинжээчдийн дийлэнх он буюу бараг 80-аад хувь нь Үндсэн хуулиар бий болсон байгууллагын одоогийн тогтолцоог ямар нэг хэлбэрээр хөндөх нь зүйтэй гэж үзсэн байна.
1998 оны 9 дүгээр сард “Монголын бүх ард түмний Их хуралдай”-д зориулан хот хөдөөгийн 500 хүмүүсийг хамруулан явуулсан санал асуулгад:
“1990-ээд онд Монгол Улсын сонгож авсан хөгжлийн замыг Та хэрхэн үнэлж байна вэ?” гэсэн асуулт тавихад судалгаанд хамрагдагсад дараахь байдлаар хариулсан байна.
Судалгаанд оролцсон хүмүүсийн хамгийн олон буюу 63.8 хувь нь 90-аад онд сонгож авсан замын ерөнхий чиг шугамыг зүйтэй гэж үзэж байгаа боловч түүнийг хэрэгжүүлэхдээ улс үндэстнийхээ онцлогийг гүйцэд харгалзаж чадахгүй байна гэсэн санааг илэрхийлжээ. Энэ бол Үндсэн хуулийнхаа зарим нэг зарчим санааг онцлогоо харгалзах чиглэлээр засварлаж тодотгох шаардлага байгааг харуулж байна.
Үүний зэрэгцээ дээр дурдсан хоёр судалгааны аль аль нь Үндсэн хуулийн талаар судалгаанд оролцогсдын байр суурийг хөндөж сонирхсон байна. Мэргэжлийн 100 шинжээчээс авсан судалгаагаар “Өнөөгийн мухардмал байдлаас гарахын тулд юу хийх ёстой гэж Та үзэж байна вэ?” гэсэн асуудал тавихад шинжээчид дараахь хувилбаруудыг сонгосон байна.
Үндсэн хуулийн ерөнхий үзэл баримтлал, түүний чиг шугамыг судалгаанд хамрагдагсдын дийлэнх олонх нь дэмжиж боловч түүний зарим зүйл, заалтад нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатайг тэд тэмдэглэсэн байна.
- Монгол Улсын Үндсэн хууль бол 5, 10 жилээр бодогдож боловсрогдоогүй нь ойлгомжтой. Иймд 7 жил болоод түүнийг үндсээр нь өөрчлөх тухай яриа байж таарахгүй. Тийм яриа ч байхгүй. Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн үзэл баримтлал бүхэлдээ, түүний заалт нэг бүр амьдралаар шалгагдсан гэх үндэс ч бас байхгүй. Түүний олон чухал үзэл санаа Монгол Улсын цаашдын ирээдүйтэй (наад зах нь 20-30 жил) холбоотойгоор хэрэгжинэ. Харин өнгөрсөн хугацаанд хамгийн тодорхой байдлаар амьдралын сорилтод орж ямар нэг байдлаар судалж үзэх, судалсныхаа дараа эргэж харах шаардлагатай байж болох асуудал бол юуны өмнө төрийн засаглалын хэлбэр, төрийн байгууллагын тогтолцоо, тэдгээрийн үндсэн субъектүүдийн өөр хоорондын харилцаа, үйл ажиллагааны, уялдаа зохицлын асуудал болох нь улам бүр тодорхой болж байна. Ялангуяа “Ардчилсан холбоо” эвслийн Засгийн газар хоёрдахь удаагаа огцорсон үйл явдал, Ерөнхий сайд, Засгийн газрыг бүрдүүлж чадалгүй гурван сар гаруйн нүүр үзэж байгаа зэрэг багц явдлууд асуудлыг бүр ч тодорхой болгож байна. Үүнийг дагалдаад Үндсэн хуулийн төрийн эрх мэдлийг тэнцвэржүүлэн хуваарилсан концепци, зарчмыг эргэж харах, өөрчлөх тухай олон түмний санаа бодол ихээхэн идэвхжиж байна. Энд улс төрийн шинжтэй зарим нэг ашиг сонирхол байгааг үгүйсгэж болохгүй. Үүний зэрэгцээ олон түмний санал бодлын ийм идэвхжил нь амьдралын бодит шаардлагыг тусгаж байгаа нь бас эргэлзээгүй зүйл.
Дүгнэж хэлбэл, Үндсэн хуулийнхаа хэрэгжилтийн байдалд нэлээд нухацтай дүгнэлт хийж үзэх улс төрийн болоод амьдралын зайлшгүй шаардлага байна гэж үзэж болно. Харин ямар хэлбэр, ямар хувилбараар асуудалд хандах нь нарийн бодох зүйл.
Үндсэн хуулийг “хөндөх” асуудал нь процессын хувьд болон концепцийн хувьд хэд хэдэн хувилбартай байж болох юм. Процессын хувьд бол одоогийн Үндсэн хуульд томъёолсон.
Үүнийг мөрдөж шийдвэрлэхээс өөр арга байхгүй. Энэ хуульд зааснаар хоёр л хувилбартай. Нэг дэх нь, хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан санаачилж, саналыг Үндсэн хуулийн Цэц УИХ-д өргөн мэдүүлэх учиртай. Энэ хувилбарыг хэрэгжүүлэхэд одоогоор ямар нэг ноцтой хүндрэл гарахгүй байж болох боловч хууль санаачлагч, Цэц хоёр голлох үүрэг гүйцэтгэнэ. Хоёрдахь хувилбар нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж болно. Явуулах шийдвэрийг нь УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын саналаар гаргана. Энд гол үүргийг УИХ гүйцэтгэнэ. Харин Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын гишүүдийн дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэнэ. Энэ бол яггүй өндөр босго.
Улс орны улс төрийн одоогийн байдал, аливаа асуудалд хандахдаа улс төрийн хүчнүүдийн баримталж буй байр суурийг нягтлан үзвээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх тухай асуудал концепцийн хувьд хууль зүйн дагуу шийдэгдэх нь ойлгомжтой. Гэхдээ өөрчлөлт оруулах уу? үгүй юу? Гэдэгт “тийм” эсхүл “үгүй” гэдгийн зөвхөн нэг л шийд гардаг. Ийм шийдвэрийг юуны өмнө парламентад суудалтай намуудын зөвшилцлөөр шийдвэрлэнэ. Эс тэгвэл УИХ-д шууд ороод өргөн хэлэлцүүлэг явуулах болно. Энд ихээхэн маргаан үүсч болох юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар шийдсэн нөхцөлд ямар хэлбэртэй байх вэ? гэдэгт бас хувилбар бий.
- Үндсэн хуулиа тогтвортой байлгах чанарыг хадгалан практикт хэрэглэхэд янз бүрээр ойлгогдож бэрхшээл учруулж буй зарим нэр томъёо, үг хэллэгийг хууль зүйн хувьд тодотгон тайлбарлаж Үндсэн хуулийн нэгэн адилаар нэг мөр дагаж мөрдөхөөр хуульчлан баталгаажуулах хувилбар байж болох юм. Энэ хувилбарыг сонгож авсан тохиолдолд “зөвшилцөх”, “…өмчилж болно”, “…гишүүн нь хуулиар тогтоосон чиг үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэх мэтийн заалт, томъёоллуудад хууль зүйн албан ёсны тайлбарыг УИХ хийнэ гэсэн үг. Харин энд түүнийг Үндсэн хуулийн хэмжээний статустай болгож баталгаажуулах асуудал чухал. Ийм байдлаар Үндсэн хуулийг тодотгон тайлбарлах нь эерэг ба сөрөг хоёр талтай. Эерэг тал нь амьдрал дээр цаг алдалгүй шийдвэрлэх тулгамдсан асуудлыг зохицуулах эрх зүйн орчин бүрдэнэ. Сөрөг тал нь зарим нэг маргаантай асуудал гарах бүрд л тайлбар хийх болж улмаар Үндсэн хуулийн нэр хүндийг унагах тал гарч болно.
- Үндсэн хуулийн тулгуур зарчим, гол үзэл баримтлалыг бүхэлд нь хөндөхгүйгээр өнгөрсөн долоон жилийн практик туршлагад тулгуурласан хэсэгчилсэн нэмэлт өөрчлөлт оруулах хувилбар байж болно. Энд юуны өмнө Үндсэн хуулиар сонгож авсан төрийн засаглалын хэлбэрийг хөндөх асуудал холбогдоно. Засаглалын одоогийн хэлбэрийг бататгаж бүдэг бүрхэг заалт, томъёоллуудыг нь тодотгож болно. Эсхүл парламентын засаглалын сонгодог хэлбэрт ихээхэн ойртуулж Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарлаж болно. Үгүй бол Ерөнхийлөгчийн засаглалын хэлбэрийг сонгож парламентыг зөвхөн хууль тогтоох байгууллага болгон өөрчилж болох юм. Ямар ч хэлбэрээр хэрэгжүүлсэн ийм өөрчлөлт хийвэл одоогийн үндсэн хуульд нэлээд томоохон өөрчлөлт оруулах шаардлага гарна. Судалгаанаас үзэхэд Үндсэн хуулийг “хөндөх” талаар дэвшигдэж байгаа янз бүрийн санал нь үндсэндээ асуудлын энэ талтай холбогдож байгаа бололтой. Энэ санааны үндэслэгээ болгож сүүлийн үеийн судалгааны зарим баримтыг дурдъя.
а) 1998 оны 8 дугаар сарын 17-21-нд Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Дорноговь зэрэг аймагт 1000 гаруй хүнийг хамруулан “олон нийтийн санаа бодлыг судлах “Мэдрэмж” төв (ТББ)-өөс явуулсан судалгаанд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, шүүхийн үйл ажиллагааг Та хэрхэн үнэлдэа вэ? гэсэн асуултад судлагдагсад дараахь байдлаар үнэлгээ өгчээ.
Сайн | Дунд | Тааруу | Мэдэхгүй | |
Ерөнхийлөгч | 30.6% | 33.1% | 27.7% | 8.6% |
УИХ | 2.8% | 25.6% | 64.5% | 7.3% |
Засгийн газар | 3.1% | 17.5% | 69.5% | 9.9% |
Шүүх | 3.7% | 16.8% | 60.8% | 18.7% |
Энд тухайн цаг үеийн улс төрийн байдал нөлөөлсөн тал баойгаа боловч ийм байдал бий болох үндсэн шалтгаан нь төрийн байгууллагын тогтолцоонд байна гэж олонхи нь үзсэн байна.
б) Монголын бүх ард түмний “Их хуралдай”-д зориулсан судалгаанд “Монгол Улсад засаглалын ямар хэлбэр хамгийн зохилтой вэ” гэсэн асуултад судлагдагсад дараахь байдлаар харуулжээ.
Энэ судалгаа өнөөгийн Монголчуудын олонхи нь Ерөнхийлөгчийн засаглалтай байхыг хүсч байгааг харуулж байна. Энд өнөөгийн улс төрийн хямралт байдал нөлөөлсөн нь ойлгомжтой боловч ерөнхий чиг хандлагын хувьд бодит байдлыг тусгаж буйг үгүйсгэх аргагүй.
в) Дээр дурдсан 100 шинжээчээс авсан судалгаанд “Сүүлийн үед Ерөнхийлөгчийн засаглалтай болох талаар дэвшигдэж буй саналыг Та дэмжих уу?” гэсэн асуултад экспертүүдийн 67.8 хувь нь дэмжинэ, 21.8 хувь нь дэмжихгүй, 10.3 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ.
Дээрх судалгааны баримтад ямар нэг тайлбар хийхгүйгээр уншигч та өөрөө дүгнэлт хийх боломж олгоё.
- Үндсэн хуулинд бүхэлд нь өөрчлөлт оруулж шинэчлэн боловсруулах хувилбар байж болох юм. Ийм хувилбарыг одоогоор сонгох шаардлага ч алга. Тийм нөхцөл нь бүрдээгүй байна. Өөрөөр хэлбэл, Монгол улс дэлхий дахины хөгжлийн хандлага, олон улсын жишгийг баримтлан ардчилал, зах зээлийн чиг шугамаар хөгжих үндсэн чиг шугамаа хянан үзэх тийм гарцаагүй шаардлага өнөөдөр байхгүй юм.
Зохиогчдын хувьд хоёрдугаарт дурдсан хувилбараар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа бөгөөд түүний үндсэн шаардлага ерөнхий бүдүүвчийг дараахь байдлаар төсөөлж байна.
Үндэсний онцлогийг зохих хэмжээ, хэлбэрээр тусгасан Ерөнхийлөгчийн засаглалыг болгох нь төрийн байгууллагын тогтолцооны хувьсгал, хөгжлийн тулгарсан хэрэгцээ болжээ. Ингэж үзэх, ухаарах явдал хүн амын сэтгэл зүй, ухамсарт батжиж, тэдний улс төрийн шаардлага болж тавигдах цаг холгүй болжээ. Сонгогчдын идэвхтэй хэсэгт нэгэнт тогтож төлөвшсөн ухаарал, ойлголтыг эс тооцох аваас төрийн тогтолцооны бодит чадамжид эргэлзэж, итгэл алдарсан ард түмэн төрдөө л захирагдах байдал буй болж, даамжирч ч болох аюултай. Иймээс шинэ Үндсэн хууль боловсруулж батлах ажлыг хойш тавилгүй эхэлж түүнд :
- Ерөнхийлөгчийн засаглал, төрийн дээд байгууллагуудын харилцан хяналт тавих, шалгалт, ажил хариуцах үүргийн биелэлт ба оноох зэмлэлийг нэн тодорхой болгон хуульчилж өгөх,
- Ерөнхийлөгч нь Үндсэн хуулийн Цэцтэй зөвшилцөн УИХ-ыг тараах эрхтэй. УИХ нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт тулгуурлан Ерөнхийлөгчийг огцруулах эрхтэй болгох,
- Нэр дэвшсэн нам нь мөн сонгосон иргэд нь УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах эрхээр хангагдах ;
- Еөнхийлөгч нь Ерөнхий сайдын үүргийг давхар гүйцэтгэдэг байх,
Шаардлага үед УИХ ба Ерөнхийлөгчийн ажлыг нийт ард түмний санал асуулгаар үнэлж, үлдээх, огцруулахын алин болохыг шийддэг байх зэрэг тулгуур зарчмуудыг хамгийн оновчтой, хамгийн бага төсөв, зардалтайгаар хэрэгжүүлж байх боломжийг тусган хуульчлах явдал чухал байна.