З. Болдбаатар
/Хошууч генерал/
Шинэ толь №9, 1996
Түлхүүр үг: Цэргийн номлол, Цэргийн хүн, Цөмийн зэвсэг, Стратеги, Хүч хэрэглэх
Хүйтэн дайны аюул дууссанаар дэлхий нийтэд тайван, амгалан байдал буй болонгүй аюул, занал түрэмгийлэл байсаар байна.
Өнөөдөр бид зэвсэгт мөргөлдөөн, төсөөлөхөд хүнд, учирч болзошгүй аюул тодорхой бус үед амьдарч байна.
Бүс нутгийн хэмжээнд нөлөөллөө тогтоож авах буюу хадгалж үлдэх гэсэн эрмэлзэл сонирхол, хүчтэй улс орнуудын дунд ихсэх хандлагатай байна. Цэргийн хувьд АНУ, ОХУ, Хятад гэсэн том төв, эдийн засгийн хувьд АНУ, Европ, Япон гэсэн төв, улс төр-эдийн засаг, улсын ерөнхий хүчин чадлын хувьд АНУ, Орос, Хятад, Баруун Европ, Япон гэсэн таван хүчирхэг төв бий болоод байна.
Бараг 60-аад оныг дуустал улс орнуудын цэргийн номлолд гагцхүү цөмийн дайн болно гэдэг онол ноёрхож байсан бол 80-аад оны турш дэлхийн томоохон болон бусад улс гүрнүүдийн цэргийн номлолд (сратегид) цөмийн болон ердийн дайнд бэлтгэх, хэрэв түүнийг аль нэгэн тал нь дэгдээвэл ялах, ядахдаа оршин үлдэх тухай заалт гол зүйл болж байгаа.
Энэ нь тухайн үедээ харьцангуй дэвшилттэй, илүү бодитой заалт байсан юм. харин өнөө үед ийм дайн хүн төрөлхтнийг сүйрэлд хүргэх, түүнийг утга учиргүй гаргах ёсгүй болохыг бүх нийтээр хүлээн зөвшөөрч, энэ үндсэн дээр цэргийн бодлого, номлолоо тодотгох, шинэчлэх хандлага, үйл явц өрнөж байна.
Дэлхийн цэргийн талаар хүчирхэг,том улсууд үндсэндээ цэргийн шинэ номлол, стратегийн шинэ үзэл баримтлалтай болж байна. Энэ нь дэлхий, тив, бүс, нутгуудад болон улс орнуудын хувьд бй болсон.обьектив, субьектив шинэ бодит хүчин зүйлүүдтэй холбооотойн дээр бүх нийтийн шинжтэй, энх тайван аюулгүй байдлыг тогтоон бэхжүүлэхэд тэдгээрийн цэргийн бодлого, номлолын ерөнхий зорилго, зарчим ойролцоо адилавтар байх, харилцан ойлголцож, итгэлцсэн байх явдал онцгой ач холбогдолтой юм.
1989 оны эхээр Австри улсын нийслэлд Өрнөдийн улсуудын мэргэжилтнүүд хамтран төрийн цэргийн номлолын тухай семинар явуулсан нь “хүйтэн дайны” бодлогын төгсгөлийг дохиолсон түүх болон үлджээ.
Гэвч өнөөдөр зарим улс цөмийн зэвсгийг хэвээр хадгалж түүнийг дайн түрэмгийллийг “тогтоон барих”, “тэнцүү байдлыг” хадгалах гол хэрэгсэл болгож буй болон түүнийг шинээр үйлдвэрлэхэд бэлэн байгаа орнууд ч цөөнгүй байгааг анхаарахгүй байж болохгүй.
Ийм нөхцөлд дэлхий ба бүс нутгийн, ялангуяа хөрш зэргэлдээ улс орнуудын цэргийн номлол, стратегид ямар нийтлэг болон онцлог зүйл байна вэ? Тэдгээрийн агуулга зорилт, үндэс нь юу вэ? гэдэг нь аль ч талаар бидний анхааран судалвал зохих зүйл билээ. Цэргийн номлол нь шинжлэх ухааны онол, бодит нөхцөл байдалд үндэслэсэн, дайн зэвсэгт мөргөлдөөний шинж чанар, явуулах арга, тухайн улсын цэргийн болон зэвсэгт хүчний байгуулалтын хүлээгдэж буй тулгуур асуудалд төрийн зүгээс өгсөн зөв хариултуудын нийлбэр, зайлшгүй мөрдвөл зохих заалт, шийдвэрийн шинжтэй, төрөөс баримтлах албан ёсны үзэл баримтлал юм.
Цэргийн хүчирхэг улсууд болох ОХУ, АНУ, БНХАУ-ын цэргийн номлолд:
- Дэлхийн дайн түүний дотор бүх нийтийн цөмийн дайн гаргахыг үгүйсгэх,
- Хориглон хамгаалах стратегийн улс төрийн бодлогын хүрээнд төдийгүй, цэрэг технийкийн талаар хүлээн зөвөөрөх,
- Цэргийн болзошгүй мөргөлдөөнийг тогтоон барих, хэрэв мөргөлдөөн үүсвэл түүнийг аль болох эхний шатанд нь тусгаарлах, таслан зогсоох,
- Энэ зорилгоор НҮБ-ын Энхийг Сахиулах Хүчний бүрэлдэхүүнд орж, хамтран ажиллах үзэл санаа нийтлэг тусгагдсан байна.
Үүний зэрэгцээ дээрх улсуудын цэргийн номлолд:
- Стратегийн цөмийн хүчнийг тогтоон барих (айлган сүрдүүлэх) хэрэгсэл болгон удаан хугацаагаар хадгалан үлдэх,
- Зэвсэгт хүчнээ үндэсний ашиг сонирхолоо хамгаалахад хүрэлцээтэй тоо, чанарын түвшинд байлгах,
- Бүс нутгийн цэргийн мөргөлдөөнд үүрэг гүйцэтгэхэд байнга бэлэн байлгах зэрэгт илүү анхаарах боллоо.
Түрэмгийлэх зорилгогүй, хэнийг ч дайснаа гэж үзээгүй цэргийн номлол нь аль ч улс үндэстний эрх ашигт нийцдэг. Мөн дайсныг сэрэмжлэн зайлуулах зорилго нь дэлхийн цэрэг улс төрийн бодит нөхцөлд зохицож байгаа юм.
ОХУ-ын цэргийн шинэ номлолд цөмийн зэвсгийг түрүүлж хэрэглэхгүй гэдэг зарчмаасаа татгалзаж, цөмийн зэвсгийг улс төрийн хэрэгсэл болгов.
Мөн цэргийн дотоод аюулыг анх удаа тодорхойлжээ. ОХУ-д шилжилтийн үед цэргийн хүчин зүйлийн үүрэг роль дээшилж буйг түүний цэргийн шинэ номлол харууллаа.
БНХАУ-ын цэргийн (тодотгосон ) номлол нь Дөрвөн шинэтгэлийг хэрэгжүүлэх үзэл баримтлалд үндэслэжээ. Номлолын онцлог нь цөмийн зэвсгийг “өөрийгөө хамгаалах” нэрийн дор хязгаарлагдмал сөрөг цохилт хийх зорилгоор хадгалах, зэвсэгт хүчинд цэргийн шинэ технологи нэвтрүүлэх, дотоодын аюулыг дарах, улмааар цэргийн хүчирхэг гүрэн болох шинжийг агуулсан байна.
Хятадад яригддаг “амьдрах орон зайн стратегийн хил” гэдэг ойлголт нь улсын хүч чадал нэмэгдэхтэй шууд харьцангуйгаар хятадын нөлөөний хүрээг тэлнэ гэдэгт оршиж байна. Энэ нь хятадтай хөрш орнуудын сэтгэлийг зовоож байгаа нь мэдээж.
АНУ-ын цэргийн номлолд дэлхийн аль ч өнцөг буланд амин чухал эрх ашгаа цэргийн хүчээр үүргэтэйгээр хадгалах, цэргийн орчин үеийн технологийг хөгжүүлэхэд түлхүү анхаарах, тэргүүн оролцооны операци, хямралт байдлыг хурдан зохицуулахад илүү ач холбогдол өгөх болов. Олон улсын ноцтой хямралыг цэргийн хүчээр шийдвэрлэх АНУ-ын үйл ажиллагаа нь бусад орны болгоомжлолыг төрүүлж байгаа юм.
Цэргийн номлол нь цэргийн бодлого, цэргийн стратегийн хариллцан шүтэлээ юм. Энэ бүхнээс үндэслэн бүс нутгийн орнуудын хооронд хоёр буюу олон талын шугамаар цэргийн номлолын “хориглон хамгаалах” буюу “өөрийгө хамгаалах” зорилгыг тодотгох цэргийн номлолын утга томъёололыг ойртуулах, ижил төстэй болгох ярилцлага, санал солилцохыг эхлэх нь бүс нутгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх харилцан итгэлцлийг бий болгоход ач тустай юм.
Монгол цэргийн номлол
Манай улс 1990-ээд онд бий болсон дотоод, гадаад шинэ нөхцөл, Үндэсний аюулүй байдлын асуудлаа бие даан шийдвэрлэх шаардлагатай уялдуулан цэргийн өөрийн номлолтой болох зорилт тавьж хэрэгжүүлсэн юм.
Монгол Улсын цэргийн номлол урьдын “хуулбар” үзэл баримтлалаас зарчмын хувьд эрс ялгаатай, манай орны эдийн засаг, улс төр, цэргийн шинэ тогтолцоонд нийцсэн Монгол сэтгэлгээний дүн юм.
Манай цэргийн номлол нь:
- Зөвхөн гадны зэвсэгт түрэмгийллээс өөрийгөө хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх,
- Гадны зэвсэгт халдлага түрэмгийлэлд өртвөл түүнийг няцаах, өөрийгөө хамгаалах, дайныг өөрийн бүх хүч хэрэгсэл, боломжийг нэгтгэн дайчилж, бүх ард түмний оролцоонд тулгуурлан явуулах,
- Өөрийн хүчээр няцаах боломжгүй түрэмгийлэлд өртвөл НҮБ-ын дүрмийн дагуу хамтын хүчээр батлан хамгаалах шинжийг агуулсан байдаг.
Цэргийн номлолд:
- Цэргийн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэхийг маргаантай асуудлыг шийдэх арга зам гэж үзэхгүй.
- Өөр улсын эсрэг ямар ч тохиолдолд зэвсэгт хүчнээ түрүүлж хэрэглэхгүй, цэргийн аюул занал бусдад учруулахгүй.
- Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд цэргийн шууд заналхийлэл учирсан буюу учрах нь бодитой болсноос бусад тохиолдолд цэргийн эвсэл холбоонд нэгдэхгүй.
- Монгол Улсын хуульгүйгээр гадаадын цэргийн хүчнийг өөрийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй, байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй байх бодлогыг чанд баримтлах.
- Батлан хамгаалах зорилтоо хэрэгжүүлэхдээ улс төр дипломатын аргыг урьдал болгох.
- Хоёр гүрний дунд орших газар зүйн байрлал, үүнтэй холбоотой цэрэг-улс төрийн эмзэг байдал, түүхэн туршлагаа харгалззан үзэх.
- Цомхоноос цомхон зохих ёсоор бэлтгэгдсэн зэвсэгт хүчинтэй байх.
- Бүс нутгийн хөгжингүй орнуудтай цэргийн итгэлцэл тогтоох зэрэг асуудлууд тусгалаа олсон юм.
Монгол улс өөрийгөө цөмийн зэвсэггүй бүс болгон зарласныг АНУ-ын засгийн газар дэмжиж гаргасан мэдэгдэлдээ: “Хэрэв Монгол Улс хэзээ нэгэн цагт аюул заналтай тулгарч асуудлыг НҮБ-ын Аюулгүй Зөвлөлд тавибал АНУ, зөвлөлийн бусад гишүүдийн хамт зохих арга хэмжээний асуудлыг авч хэлэлцэх болно” гэсэн билээ.
Манай улс орон тулгуур бүхий гадаад харилцааг хөгжүүлснээр эдийн засгийн төдийгүй аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах гадаадын түншүүдийг олшруулахыг чармайж байна. Ингэснээр аль нэгэн орны хараат, хавсарга болохоос сэрэмжлэн тэнцвэхжүүлэх, харьцангуй бие даасан бодлого сэрэмжлэн тэнцвэржүүлэх, харьцангуй бие даасан бодлого явуулах таатай нөхцөл бүрдэх юм.
Ялангуяа ОХУ, БНХАУ-ын дотоод байдал, тэдгээрийн хоорондын харилцаа, тэднээс манай улсын талаар явуулах бодлого зэрэгт шинэ бэрхшээл, зөрчил үүсэх бүрт манай бусад түншийн стратегийн ач холбогдол өсөн нэмэгдэх бөгөөд энэ нь манай цэргийн номлолд тусгалаа олон юм.
Хянасан: Б. АРИУНБАЯР