Б.Баярмаа
/УТБА-ийн багш/
Шинэ толь №47, 2004
Түлхүүр үг: Мэтгэлцээн, Парламентийн мэтгэлцээн, Шийдэл, Линколн Дугласын мэтгэлцээн, Улс төр, Нотлох ба няцаах
Мэтгэлцээний товч түүх[1]
Эртний Грекчүүд сайн мэтгэлцээнээс зөв шийдвэр гардаг хэмээн үзэж, иргэд нь хуулиа хэлэлцэж, мэтгэлцдэг байсан бөгөөд дунд сургуулийн сурагчдад мэтгэлцээний урлагийг эзэмшүүлэх хичээл заадаг байжээ.
Дундад зууны үед Европт илтгэх урлаг болон мэтгэлцээнийг боловсролын хөтөлбөртөө оруулж байжээ. АНУ-ын түүхэнд эртнээс мэтгэлцээний клуб их сургуулиудад байгуулагдан ажиллаж байсан нь тэмдэглэгдсэн байдаг. Харин 1960 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Жон Кеннеди, Ричард Никсон нарын хооронд болсон мэтгэлцээнийг орон даяар телевизээр нэвтрүүлсэн нь мэтгэлцээн дэлгэрэхэд ихээхэн түлхэц үзүүлсэн гэж үздэг.
Өнөөдөр мэтгэлцээн Европ, Зүүн болон Төв Азийн орнуудад өргөн дэлгэрч байна.
Мэтгэлцээн гэж юу вэ?
Бидний өдөр тутмын амьдралд ямар нэгэн асуудлаас болоод хоорондоо маргалдах, мэтгэлцэх тохиолдол үргэлж гарч байдаг бөгөөд хоёр ба түүнээс дээш тооны хүмүүс ямар нэгэн асуудлаар эсрэг байр суурь баримталсан үед мэтгэлцээн үүсдэг. Хүмүүс аливаа асуудлыг олон талаас нь харж, өөрийн байр сууриа жишээ баримттай, үндэслэлтэй нотолгоогоор илэрхийлэх болон асуудлыг шийдвэрлэх, шийдвэрээ хамгаалахдаа мэтгэлцээний арга техникийг ашигладаг билээ.
Ардчилсан нийгэмд мэтгэлцээн нь улс төрийн үйл явцыг ойлгож, өөрийн үзэл бодлоо хамгаалах арга хэрэг болдог. Сонгуульд өрсөлдөж буй улс төрийн нам, эвсэл дэвшигчдийн хувьд өөрийн үзэл баримтлал, байр суурь мөрийн хөтөлбөрөө сонгогчдод ойлгуулах, итгүүлэх, хамгаалах, өрсөлдөгчид няцаалт өгөхөд мэтгэлцэх чадвар зайлшгүй чухал болдог байна.
Мэтгэлцээнд баримтлах нийтлэг зарчмууд буюу ёс зүйн хэм хэмжээ
Мэтгэлцээн нь үнэн бодит байдал, зөв боловсон харилцаа болон аливааг улам боловсронгуй болгох гэсэн чармайлт, чанараараа онцлог юм.
Ихэнх тохиолдолд мэтгэлцээнд оролцогчид өрсөлдөхийн зэрэгцээ тодорхой дэг жаягийг чанд баримтлах шаардлагатай байдаг. Дэг жаяг бол дүрэм журам биш боловч мэтгэлцээний явцын тухай ойлголт болон хэрэглэх үг хэллэг түүнчлэн мэтгэлцээнд оролцогчдын гадаад дүр төрхийг тодорхойлж өгдөг.
Мэтгэлцээний үед мөрддөг бичигдээгүй дэг жаягуудаас гадна мэтгэлцэгчдийн зан байдлыг зохицуулдаг ёс зүйн хэм хэмжээ байна. Ёс зүйн хэм хэмжээг илэрхийлсэн дараах нийтлэг зарчмууд мэтгэлцээний үйл ажиллагааны удирдамж болдог. Үүнд:
- Суралцах зарчим. Сурч мэдэх нь ялахаас илүү эрхэм зорилго болно. Суралцах явдлыг эрхэмлэж, мэтгэлцээний ур чадвараа төгөлдөржүүлэх зорилго бүхий мэтгэлцэгч нь ялахын тулд худал ярьж мэхлэх магадлал бага юм. Иймд ялахын тулд хуурч мэхлэх шаардлагагүй учраас бусдын эрхэмлэн дээдэлдэг үнэт чанарыг мэтгэлцэгч нар өөртөө төлөвшүүлэх болно.
- Үнэнийг баримтлах зарчим. Үнэний талыг баримтлах зарчим нь мэтгэлцээний бүх талуудыг холбогч чагт юм. Мэтгэлцээн нь нэг төрлийн үйл ажиллагаа болохын
хувьд хүн төрөлхтний төрөлхийн сониуч зангаас үүдэн бий болжээ. Хүмүүс ямагт үнэнийг мэдэх сонирхолтой байдаг. Мэтгэлцэгч хоёр тал харилцан эсрэг нотолгоо дэвшүүлсэн ч үнэн ямагт дийлэх болно. Мэтгэлцэгчийн хувьд нотолгоо дэвшүүлэх, дэмжлэг баримтыг ашиглах, асуултанд хариулахдаа зөвхөн үнэнийг баримтлах ёстой.
- Бусдыг болон бусдын үзэл бодлыг хүндэтгэх зарчим. Аливаа маргаанд оролцохдоо мэтгэлцэгч бүр өөрийн эсрэг талынхандаа хүндэтгэл үзүүлэх ёстойг ойлгох хэрэгтэй. Мэтгэлцэгчийн хувьд анхаарах ёстой зүйл бол дэвшүүлж буй нотолгоонуудыг задлан шинжлэх явдал бөгөөд өрсөлдөгчөө бус, харин түүний дэвшүүлсэн нотолгоо, үндэслэл, дэмжлэг, баримтыг няцаах ёстой.
Мэтгэлцээний ач холбогдол
Мэтгэлцээнд суралцсны дүнд хувь хүн дараахь чадварыг эзэмшдэг. Үүнд:
- Бүтээлчээр сэтгэх чадвар
- Судалгаа хийх чадвар
- Уран илтгэх чадвар
- Сонсох болон тэмдэглэл хөтлөх чадвар зэрэг болно.
- Бүтээлч сэтгэлгээний чадвар. Энэ нь санаа бодлоо томъёолон тодорхойлж, хамгаалах процесс юм. Мэтгэлцэгч нь энэ чадварыг эзэмшсэнээр ойлгомжтой, сайн үндэслэл, дэмжлэг, учир шалтгааны уялдаа бүхий нотолгоо дэвшүүлдэг. Хийсвэр санаа бодол болон бодит үнэний хоорондын уялдаа холбоог гаргаж, бусдын үзэл бодолд анализ хийж сурахад тусална. Санаа бодлоо илэрхийлж, бусдын санаа бодлыг сонсож, нээлттэй шүүн хэлэлцэж сурснаар энэ чадварыг эзэмшинэ.
- Судалгаа хийх чадвар. Мэтгэлцэгч судалгаа хийж, мэдээлэл олж авах чадварыг эзэмших ёстой. Нотолгоо дэвшүүлэхийн тулд сайн дэмжлэг хэрэгтэй. Үүний тулд холбогдох материалыг уншиж судлан өөрийн дэвшүүлж буй нотолгоондоо дэмжлэг болохуйц жишээ, тоо баримт, эшлэл олж авах нь зайлшгүй чухал юм. Ингэсэн тохиолдолд дэвшүүлсэн нотолгоо үнэмшилтэй болно.
- Уран илтгэх чадвар. Мэтгэлцээний нэг чухал хэсэг бол нотолгоогоо үр нөлөөтэй илтгэл болгон зохион байгуулах явдал юм. Илтгэл дэс дараалалтай, эмх цэгцтэй байх нь чухал.
- Сонсох болон тэмдэглэл хотлөх чадвар. Мэтгэгцээнд ярих болон сонсох чадвар нь адилхан үүрэгтэй. Хэрэв эсрэг талаа бүрэн сонсож ойлгохгүй бол тэдний дэвшүүлсэн нотолгоог няцааж чадахгүй. Дэлхийн шилдэг илтгэгчид хамгийн сайн сонсогчид байсан билээ. Мөн нотолгоог нь мартахгүйн тулд товч тэмдэглэл хийх нь зүйтэй.
Мэтгэлцээний төрүүд.
Оролцогчдын тоо болон асуудлын юуг үндэс болгон хэрхэн авч үзэж байгаагаар нь мэтгэлцээнийг Линколн Дугласын Бодлогын, Парламентын, Карл Попперын г.м.-ээр хуваадаг.
Линколн Дугласын мэтгэлцээн нь Авраам Линколн болон Стефен Дуглас нарын хооронд болсон алдартай мэтгэлцээнээс уламжлан ийнхүү нэрлэсэн ба үнэт зүйлийн мэтгэлцээний төрөл юм.
Бодлогын мэтгэлцээн нь тодорхой бодлогыг хэрэгжүүлэх асуудалд чиглэдэг. Нотлох тал өөрчлөлт хийх төлөвлөгөө дэвшүүлэн хамгаалах бөгөөд харин няцаах тал өөрчлөлт хийх шаардлагагүй ба нотлогчийн төлөвлөгөөний сул талыг батлан харуулах юм.
Карл Попперын мэтгэлцээн нь Линколн Дуглас болон бодлогын мэтгэлцээний холимог төрөл бөгөөд бүтээлч сэтгэлгээний болон үндэслэл дэвшүүлэх чадварыг хөгжүүлэхэд чиглэдэг.
Эдгээр төрлөөс Английн парламентын мэтгэлцээний хэлбэрээр явагддаг парламентын мэтгэлцээнийг тодруулж авч үзье.
Парламентын мэтгэлцээний ерөнхий тойм[2]
Парламентын мэтгэлцээн нь Парламентын Танхимын онолын мэтгэлцээнийг дууриан учир шалтгааны тайлал, хурц ухаан, уран илтгэлийг уралдуулах албан ёсны мэтгэлцээн юм. Засгийн газрын болон сөрөг хүчнийг төлөөлж буй хоёр гишүүнтэй багуудад парламентын санал болгож буй шийдлийг хэлэлцүүлнэ. Мэтгэлцээн эхлэхээс 20 минутын өмнө мэтгэлцээний шийдлийг зарлах ба шийдэл нь улс төр, эдийн засаг, нийгмийн салбарын ямар ч хүрээг хамарсан байж болно. Хурлын дарга мэтгэлцээнийг удирдах ба давхар шүүгчийн үүрэг гүйцэтгэж, тэмцээний үр дүнгийн талаар шийдвэр гаргана. Парламентын мэтгэлцээнд өргөн хvрээтэй судалгаа болон баримт нотолгоонд тулгуурласан түргэн сэтгэх бодох, шалтгаант холбоосыг тодорхойлж шинжлэх чадвар, илтгэх урлагийн түвшинд онцгой анхаарна.
Шийдэл
Шийдэл гэдэг нь мэтгэлцээний сэдэв юм. Шийдэл дэвшүүлэхийн тулд эхлээд сэдвийг сонгож, дараа нь шийдлийг оновчтой зөв үг хэллэгээр илэрхийлэх шаардлагатай болно. Мэтгэлцээний шийдэл нь:
- Нотлох ба няцаах талууд нотолгоо гаргах боломжтой
- Энгийн, ойлгомжтой үг хэллэгтэй
- Сонирхолтой, цаг үетэй холбогдсон
- Янз бүрийн түвшинд мэтгэлцэх боломжтой
- Эсрэг утгыг илэрхийлсэн хэллэгтэй
- Судалгаа хийх боломжтой
- Мэтгэлцэх боломжтой байх ёстой.
Шийдлийг ерөнхийд нь гурван төрөлд хуваадаг. Үүнд:
- Бодлогын асуудлууд (“Энэ танхим төр, шашин хоёр тусдаа байх хэрэгтэй гэж үздэг”)
- Ёс суртахууны болон нийгмийн үнэт зүйлсийн тухай асуудлууд (“Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хянах нь шударга өрсөлдөөнийг үгүйсгэж байна”)
- Баримтын асуултууд (“Гэмт хэрэгтний эмгэг зан төрх төрөлхийн шинжтэй байдаr”) зэрэг болно.
Мэтгэлцээний дүрэм
Засгийн газрын баг Ерөнхий сайд, Засгийн газрын гишуу хоёроос бүрдэнэ. Сөрөг хүчний баг сөрөг хүчний удирда болон сөрөг хүчний гишүүнээс бүрдэнэ. Мэтгэлцэгч дараахь дарааллаар илтгэл тавина. Үүнд:
- Ерөнхий сайд -7 минут
- Сөрөг хүчний удирдагч – 8 минут
- Засгийн газрын гишүүн – 8 минут
- Сөрөг хүчний гишүүн – 8 минут
- Сөрөг хүчний удирдагчийн няцаалт – 4 минут
- Ерөнхий сайдын няцаалт илтгэл – 5 минут байна.
Эхний дөрвөн илтгэлийг баримтлалын илтгэл, сүүлийн хоёрыг нь няцаалтын илтгэл гэж нэрлэдэг.
Ерөнхий сайдын баримтлалын илтгэл
Ерөнхий сайд өөрийн эхний илтгэлдээ шийдлийн нөхцөл болон үндсэн нэр томъёог тодорхойлох үүрэгтэй. Ингэхдээ дараахь шаардлага хангасан байх шаардлагатай. Үүнд:
- Шийдэлтэй нягт холбоотой байх. Засгийн газрын тодорхойлолт нь шийдэлтэй нягт холбоотой байх ба тухайн шийдэл, түүний тодорхойлолт хоёрын хооронд тодорхой логик уялдаа холбоо байх ёстой.
- Аль нэг салбараар хэт явцуурахгүй байх. Сөрөг хүчнийхэнд мэтгэлцэх боломж олгохын тулд Засгийн газар нь тухайн сэдвийн тодорхойлолтод хязгаар тавих хэрэгтэй. Засгийн газрын аргумент нь олон нийтэд хүртээл болж чадаагүй баримт дээр тулгуурлаж болохгүй.
- Энгийн үнэн байх эсвэл давтан тодорхойлсон байж болохгүй. Энгийн үнэн тодорхойлолт гэдэг нь энгийн хүн эсэргүүцэн маргах боломжгүй тодорхойлолт юм. Өөрийн тодорхойлолтоор үнэн болох нь батлагддаг тодорхойлолтыг давтан тодорхойлолт гэнэ.
- Цаг хугацаа, орон зайг тогтоож болохгүй.
Ерөнхий сайд шийдлийг тодорхойлсны дараа үнэн бодит, үндэслэл бүхий аргументаар Засгийн газрыг өмгөөлнө.
Сөрөг хүчний удирдагчийн баримтлалын илтгэл
Сөрөг хүчин Засгийн газрын гаргасан дүгнэлтийг няцааж, өөрийн эvрэг аргументыг дэвшүүлэх үүрэгтэй. Хэрэв Ерөнхий сайдын тодорхойлолт шаардлага хангахгүй байвал, сөрөг хүчний удирдагч өөрийн баримтлалыг илтгэлдээ дурдах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд сөрөг хүчний удирдагч нь шийдлийн илүү оновчтой тодорхойлолтыг гаргах үүрэг хүлээнэ. Хэрэв Засгийн газрын тодорхойлолт учир дутагдалтай, харин сөрөг хүчний гаргасан тодорхойлолт илүү боломжийн байвал мэтгэлцээнийг сөрөг хүчний гаргасан тодорхойлолт дээр үндэслэн цааш үргэлжлүүлнэ.
Засгийн газрын гишүүний баримтлалын илтгэл
Засгийн газрын гишүүн Засгийн газрын баримтлалыг дахин тогтоох, сөрөг хүчний удирдагчийн аргументыг няцаах үүрэгтэй. Үүний тулд Ерөнхий сайдын дэвшүүлсэн санааг төгөлдөржүүлэн Засгийн газрын байр суурийг илтгэх нэмэлт, бие даасан дүгнэлтээр баяжуулна. Эцэст нь Засгийн газрын гишүүн сөрөг хүчний удирдагчийн тавьсан бие даасан аргументуудад няцаалт өгнө.
Сөрөг хүчний гишүүний баримтлалын илтгэл
Сөрөг хүчний гишүүн нь Засгийн газрын гишүүнтэй адил сөрөг хүчний баримтлалыг дахин тогтоож, Засгийн газрын гишүүний шинээр дэвшүүлсэн аргументыг няцаан бие даасан дүгнэлтийг дэвшүүлнэ. Хэрэв няцаалт өгөхгүй үлдээвэл сөрөг хүчний удирдагч өөрийн няцаалтдаа тэдгээрт хариу өгөх эрхгүй.
Тодруулгын үе
Тодруулгын үе гэдэг нь эсрэг талын илтгэгчийн яриаг түр тасалж асуулт тавих буюу буруу зөрүүтэй зүйлийг тодруулахыг хэлнэ. Илтгэгч тодруулгын үеийг хүлээн авах эсэхийг бүрэн шийднэ. Энэ үе нь 15 секундээс хэтрэх ёсгүй бөгөөд дөрвен илтгэлийн үед тавьж болно.
Дүрмийн үе
Энэ нь эсрэг талын илтгэгчийн илтгэлийн үед мэтгэлцэгч мэтгэлцээний дүрмийг зөрчсөн хэмээн эсэргүүцэхийг хэлнэ. Эсэргүүцлийг хүлээн авах эсэхийг илтгэгч шийднэ.
Ихэнхдээ дараахь тохиолдолд дүрмийн зөрчил гардаг. Үүнд:
- Няцаалтад шинэ нотолгоо гаргах. Мэтгэлцэгч урь байгаагүй шинэ нотолгоог няцаалтын үед гаргах эсхүл эсрэг талын урьд тавьсан асуултанд хариулахыг оролдож байвал эсрэг тал дүрмийн үе ава, эрхтэй. Эсэргүүцлийг хүлээн авсан тохиолдолд илтгэгчийн гаргасан шинэ нотолгоог шүүгч хүчингүй болгож үүний талаар үргэлжлүүлэн ярихыг хориглоно.
- Няцаалтын илтгэлийн үеэр кейсийг өөрчлөх. Хэрэв Засгийн газар Ерөнхий сайдын няцаалтын илтгэлийн үеэр кейсийн танилцуулгаа өөрчлөх буюу шилжуу. лэхийг оролдвол Сөрөг хүчин дүрмийн үеийг хүсч болно.
- Илтгэгч ярих хугацаагаа 30 секундээс хэтрүүлэх Илтгэгч бүрт ярианы хугацаа дууссаныг мэдэгдэх ба илтгэлээ хаахын тулд 30 секунд ярихыг зөвшөөрдөг Энэ хугацаа өнгөрсөн тохиолдолд эсрэг тал босч дүрмийн үеийг тавьж болно.
Шүүлт
Мэтгэлцээний шийдвэрийг шүүгчид болон Хурлын дарга гаргана. Мөн илтгэгч нарт илтгэл тавьсан байдлаар оноо өгч 1-4 хүртэл зэрэг тогтооно. Шүүгчид өөрсдийн байр суурь, нотолгоогоо хамгийн сайн хамгаалсан багийг хожсонд тооцдог бөгөөд дараахь зарчмыг баримталдаг. Үүнд:
- Нотолгоо бүрдүүлэлт ба шинжилгээ дүгнэлт. Өөрийн байр суурийг илэрхийлсэн логик дүгнэлт гаргаж чадаж байгаа баг илүү үнэлэгдэнэ. Илтгэгчийн нотолгоо нь тодорхой, үнэмшилтэй байх ба эсрэг талын нотолгоог няцаах чадвартай байна.
- Агуулга. Багууд бодит амьдралын жишээн дээр тулгуурласан мэдлэгээр өөрийн баримтлалыг дэм- жиж болно. Баримт нь хийсвэр нотолгоог батлахад түлхэц болно.
- Няцаалт. Мэтгэлцэгчид эсрэг талын гол нотолгоог хэрхэн бодитойгоор няцааж байгаад шүүгчид дүгнэлт өгдөг. Эсрэг талынхаа нотолгоог итгэл төгс няцаах чадвар ялалтад хүргэнэ.
- Зохион байгуулалт. Илтгэлийн ойлгомжтой, нотолгооны тодорхой байдал нь зохион байгуулалт сайтайг харуулах гол үзүүлэлт болдог.
- Хэлбэр хэв маяг болон илтгэх ур чадвар, Мэтгэлцэгчдийн жигд, итгэл үнэмшилтэй, алдаагүй илтгэлийг шүүгчид үнэлэх болно. Сэтгэлийн хөдөлгөөн, дууны өнгө, гарын хөдөлгөөн зэргийг зөв хэрэглэж чадвал ямар ч илтгэлд сайнаар нөлөөлнө.
- Хошигнол. Мэтгэлцээнийг сонирхолтой болгох, нөлөөллийг нэмэгдүүлэх үүднээс ов мэх, егөөдөл, хөгжилтэй түүх, онигоо зэрэг уран хошин зүйлс хэрэглэхийг дэмждэг.
- Тодруулгын үе. Тодруулгын үеийг зөв газар тавих, гайхал төрүүлмээр асуулт тавих болон түүнд хурдан шуурхай, итгэлтэй, тодорхой хариулах нь мэтгэл- цэгчийн түргэн бодох чадварыг харуулж байгаа бөгөөд шүүгч энэ чадварыг өндрөөр үнэлдэг.
- Хамтын ажиллагаа. Багийн гишүүд бие биеийнхээ санааг дэмжин бэхжүүлж, тэмцээний туршид багийн нэгдмэл байдлыг хэрхэн хадгалж байгааг шүүгчид үнэлнэ.
Илтгэгчийн оноо
Мэтгэлцээнийг дүгнэхдээ шүүгч нь илтгэгчийн мэтгэлцэх ерөнхий чадварыг 1-30 оноогоор үнэлж, 1-4 дүгээр байр эзлүүлэн жагсаана. Ерөнхийдөө илтгэгчийн онооны нийлбэр нь илүү баг тухайн мэтгэлцээнийг ялсанд тооцно. Шүүгчийн шийдвэр, оноо, зөвлөмжийг саналын хуудсанд бичиж, тэмцээний төгсгөлд илтгэгч нарт өгнө.
Эцэст нь тэмдэглэхэд мэтгэлцэх чадвар нь дасгал, дадлагаар бий болдог учир хэдий чинээ олон удаа мэтгэлцэнэ, төдий чинээ туршлага сууж, сайн мэтгэлцэгч болдог байна.
[1] Я.Соронзонболд, Ж.Баасанжав., Карл Попперын мэтгэлцээний гарын авлага., УБ., 1999.. хуудас 9-17.
[2] ” Я.Соронзонболд, Х.Ариунгоо., Парламентын мэтгэлцээний гарын авлага., УБ., 2001. хуудас 11-18.