Ч.Тамир
/МУИС-ийн Социологийн тэнхмийн багш/
Шинэ толь №53, 2005
Түлхүүр үг: Сонгогчийн зан үйл, Нийгэм-сэтгэл зүйн хандлага, Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Рациональ сонголт, Сонгууль
Орчин үед сонгогчийн зан үйл, сонголтын мөн чанарыг тайлбарладаг олон янзын онол, загвар үүсжээ. Эдгээр онолыг маш ерөнхий байдлаар нь гурван хэсэгт хуваан үзэж болох юм. Ингэж ангилах нь судлаачдын дунд харьцангуй тогтсон бөгөөд онолын чиглэл бүр сонгогчийн зан үйл, сонгогчийн сонголтонд нөлөөлдөг хүчин зүйлсийг өөр хоорондоо ялгаатай, өөрийн аспектаар авч үздэг. Мэдээж онолын чиглэл бүр янз бүрийн хувилбартай. Бид энэ бүхнийг тоочин тайлбарлах зорилго тавьсангүй. Ийм боломж ч байхгүй. Тиймээс энэхүү өгүүлэлд сонгогчийн зан үйлийгтайлбарладаг социологийн онолын чиглэл, нийгэм сэтгэл зүйн онол, рационал сонголтын онол тус бүрийн үндсэн агуулга, зарчим, ялгаа зэргийг хөндөхийг зорилоо.
Ингэхдээ дурдсан онол бүхэн сонгогчийн зан үйлийг тайлбарлах гол хүчин зүйлээс гадна бусад хүчин зүйлийн нөлөөллийг үгүйсгэдэггүйг тэмдэглэх хэрэгтэй. Гэхдээ ач холбогдлоор нь зэрэглэн үздэг.[1] Чухамдаа сонгогчийн зан үйлийг анх социологичид эмпирик судалгаан дээр тулгуурлан тайлбарлаж чадсан. Улмаар энэ нь нийгэм-сэтгэл зүйн хандлагаар баяжин, өдгөө рационал сонголтын онолоор сэлбэгдэж өдгөөг хүрчээ.
Социологич П.Лазерсвельд болон түүний судалгааны хэсэг, хувь хүний шүтдэг шашин, социал холбоо (social relation), хувийн туршлага (personal backound) зэргийг судалж үзсэн. Дараахь гурван хүчин зүйлс буюу нэгдүгээрт, хувь хүний шашин шүтлэг, хоёрдугаарт, социал статус, гуравдугаарт, оршин суугаа газар зэрэг нь сонгогчийн сонголтыг урьдчилан хэлэхэд гуйлын чухал гэж тэд үзсэн байна. Жишээлбэл, католик шашинтнууд Ардчилсан нам руу, Протестант шашинтнууд БНН-д санал өгөх хандлагатай байхад, нийгмийн давхраажилтад доогуур байр суурьтай (доод статустай) хүмүүс Ардчилсан намд, дээд статустай хүмүүс БНН-руу саналаа өгч байв. Мөн хөдөөний иргэд БНН-руу, харин хотын оршин суугчдын ихэнхи нь Ардчилсан намд талтай нь нотлогдсон. Ингэж санал өгөлтийг шашин, социал статус, оршин суугаа газар гэсэн гурван хүчин зүйлтэй холбон индексжүүлснээр сонгогчдын саналыг урьдчилан хэлж болно гэдэг нь тэдний судалгаагаар батлагджээ. Жишээлбэл, нийгэмд дээд статустай хүмүүс зонхилдог, (дөрөвний гурав нь) хөдөө орон нутагт оршин суудаг, протестант шашинтай тийм газарт БНН-ыг илүү дэмжлэгтэй байсан. Гэхдээ эдгээр хүчин зүйлс өөр хоорондоо зөрчилдсөн тохиолдолд яадаг вэ? гэсэн асуулт зүй ёсоор урган гарчээ. Үүний хариулт ч гэсэн нарийн төвөгтэй болзмол шинжтэй байх нь ойлгомжтой. П.Лазерсвельд иргэдийн улс төрийн сонирхлыг судалж байх явцдаа зарим хүмүүс “давхар дарамтанд” байдаг болохыг илрүүлжээ. Энэ нь тухайн сонгогчийн нэг хүчин зүйл нь БНН- ын төлөө санал өгч магадгүйг харин нөгөө хүчин зүйл нь Ардчилсан намд талтай байгааг харуулна. Ийм байдалд орсон сонгогчийг давхар дарамтанд орох гэж судлаачид нэрлэсэн. Тэд сонгуулийн өдөр болоход альтернатив хандлагаас аль нэгийг нь сонгоход хүрнэ. Эс бөгөөс зарим нь саналаа өгөх нь бүү хэл сонгуулийн компанийг бүхэлд нь сонирхохоостатгалзаж сэтгэл зүйн хувьд хөндийрч эхэлдэг. Ийм нөхцөл байдалд орсон сонгогч сонголт хийхдээ илүү их мэдээлэл эрж хайхад хүрдэг гэсэн дүгнэлтэнд тэд хүрсэн.[2]
Өмнөх судалгааг Охайо мужид явуулж байсан бол дараагийн удаа Нью-Йоркийн Элмигээс түүвэрлэн авсан 1000 гаруй хүнээс сонгуулийн кампанийн явцадасуулга судалгаагхийсэн. Чухам энэ үед Элмирт хийсэн судалгаа, Охайод хийсэн судалгааны дүнтэй зөрчилдсөн зүйл парчээ. Ерөнхийдөө дээрх хоёр судалгаанд ижил зүйл байсан боловч “давхар дарамтанд” орох үзэгдэл ялгаатай байлаа. Тийм учраас социологич Б.Берелсон шашин ба социал статусын зөрчлийг дахин судлахад хүрсэн юм[3]. Эхний судалгаанд тэд “хэрэглэгчийн сонголт” гэсэн аспектаар сонгогчийн зан үйлийг авч судалж байсан бол дараагийн судалгаагаар хувь хүний шийдвэрт бүлгийн нөлөөллийн үүргийг онцлон үзсэн. Улмаар тэдний “Сонгууль” хэмээх номоо “Хүмүүсийн сонголт” номныхоо дараа гаргасан.
Судлаачид хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн талаархи мэдээлэл сонгогчидод илүү хүрдэг хэмээн ойлгож байв, гэтэл бодит байдал дээр тэдний өөрсдийн найз нөхөд, ажлын холбоо сүлбээ, гэр бүлийн хүмүүсээс авсан зөвлөгөө илүү нөлөөлдөг нь тогтоогджээ[4]. Чухам үүн дээр тулгуурлан П.Лазерсвельд “харилцаа холбоог урсгах 2 шат” гэсэн ойлголтыг гаргаж ирсэн. Энэ нь нам бүр өөрийн нэр дэвшигчийг өөрсдийн намын идэвхтэн, гишүүдээр дамжуулан мэдээлэл цацах кампанит ажлыг явуулах ба намын идэвхтэн, дэмжигчид, намын мессежийг бусдад түгээх үүрэгтэй аж.
Сонгогчийн зан үйлд нөлөө үзүүлэх хүчин зүйл нь ач холбогдлоороо нэг нь нөгөөгөөсөө илүү байх явдал багагүй гарч байв. Тухайлбал, Петер Кларкийн нотолж байгаагаар Англид 1905-1914 онуудад либерал нам сэргэн мандсан нь сонгогчдын (дунд ангийн) ангийн хүчин зүйл нь шашны хүчин зүйлийг шахсантай холбоотой[5] байв. Уг судалгаш цааш нь маш олон судлаач үргэлжлүүлсэн. Энэ бүхнийг нурших ш. уншигч танд уйтгартай санагдаж болох учраас азная.
Чухам ингэж социологийн онолын гол суурь тавигдсан ба цааш нь Америкийн судлаач С.М.Липсет, С.Роккан зэрэг судлаачид үүнийг улам хөгжүүлсэн юм.
Өрнөдийн орнуудад төлөвшсөн улс төрийн намын систем ба түүнд таарч тохирсон сонгогчдын сонголтын бүтцийн “гарвал зүйн загварыг” С.М.Липсет, С.Роккан нар үндэслэсэн нь сонгогчдын зан үйлийн социологийн онолыг хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэсэн. С.М.Липсет, С.Роккан нар сонгуульд хүчтэй нөлөө үзүүлдэг дөрвөн үндсэн зөрчлийн хэв маягийг гаргасан бөгөөд энэ нь төв болон зах хязгаар, төр болон сүм хийд, хот болон хөдөө, хувийн өмчтөн болон ажилчин нарын хоорондын ялгаанаас үүдэлтэй ажээ. Эдгээр ялгаа бүр нь нийгэмд нам болон нэр дэвшигчийг дэмжих бүтцийг тодорхойлсон тийм хагарлыг (зөрчлийг) бий болгодог байна[6]. Чухам эл онолыг генетик загвар гэж нэрлэх нь бий.
Сонгогч яагаад аль нэг социал хүчин зүйлсээ харж саналаа өгдөг вэ? Үүнд судлаачид хариулахдаа санал өгнө гэдэг нь иргэдийн чөлөөтэй улс төрийн хүсэл зоригоо илэрхийлэх явдлаас илүүтэй бие хүн бүлэгтэйгээ эв нэгдэлтэй байгааг харуулсанхэрэггэжтайлбарласан байдаг. Тухайлбал, католик шашинтай хүн улс төрийн сонголт хийхдээ бусадтайгаа зөрж санал өгөх нь ховор тохиолдоно. Тиймээс нийгмийг ялгарлын хүчин зүйлийн зөрчлөөр, сонгогчийн социал шинж чанараар авч үздэг нь социологийн хандлагын онцлог юм. Өөрөөр хэлбэл, нийгэм дэх томоохон бүлгүүдийн зөрчил тэмцэл нь сонгуулиар илэрч буй хэрэг ажээ. Чухамдаа К.Марксын судалж байсан капиталист нийгмийн анги, бүлгүүдийн зөрчилдөөн нь эдийн засаг, аж үйлдвэрийн салбарын менежмент, төрийн зохистой бодлого, үйлдвэрчний эвлэлийн идэвхтэй үйл ажиллагаа зэрэгтэй уялдан багассан. Ингэж нийгэм дэх ялгарлын хүчин зүйлс өөрчлөгдөх болсон нь эдгээр хүчин зүйл улс төрийн сонголтыг шууд тодорхойлогч байж чадахаа болиход хүрсэн. Энэ үйл явцтай уялдан сонгогчийн зан үйлийг тайлбарлах нийгэм-сэтгэлзүйн хандлага үүсэн бий болжээ.
Хоёр. Нийгэм-сэтгэлзүйн хандлага
Нийгэм-сэтгэлзүйн загварыг гаргасан Мичиганы их сургуулийн судлаачид юүлүүрэн хоолойн үзэл баримтлалаар сонгогчийн зан үйлийг тайлбарладагаараа алдартай юм. Тэдний юүлүүрэн[7] хоолойн үзэл баримтлалыг судлаач Г.Ричард Нэйми болон Херберт Ф.Вейсберг нар хураангуйлан ийнхүү тайлбарлажээ.
Юүлүүрийн дээд хэсэг нь буюу нарийн үзүүр нь сонгуульд саналаа өгөх үйл явц юм. Сонгогч сонгуульд саналаа өгөх нь тухайн хүний амьдралд урьд өмнө болж өнгөрсөн олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Юүлүүрийн тэнхлэг дагуу хөндлөнгөөрөө (амсраасаа нарийн үзүүр хүртэл) бол цаг хугацаа оршино. Тухайн хүний амьдралд тохиолдсон үйл явдлууд нэг нь нөгөөгөө дагалдан, учир шалтгааны цуваа болон нэгдэж, нэг шинж болон юүлүүрийн амнаас нь үзүүр хүртэл урсана. Ийм маягаар үй түмэн шалтгаанууд нарийсч (нэгдэн) санал өгөхөд хүргэдэг. Юүлүүрийн аманд буюу эхэнд байгаа хүчин зүйлсийг нэгд социологийн шинж чанарын туршлага, хоёрт социал статус түүнтэй холбоотой шинж чанарын туршлага, гуравт гэр бүлийн шинж чанарын туршлага гэж гурван үндсэн хэсэгт хуваан үзжээ.
Юүлүүрийн амны нэг захад социологийн шинж чанаруудын туршлагад (яс үндэс, арьс өнгө, амьдран суугаа дүүрэг, шашин г.м. хүчин зүйлийг) оруулсан, харин дунд нь социал статусын шинж чанарын туршлагад (боловсрол, ажил эрхлэлт, анги зэрэг хүчин зүйлсийг) оруулсан бол доод захад нь гэр бүлийн шинж чанарын туршлага (анги, нам, дэмжигчид) байрлажээ. Намын харъяалал нь цаашаагаа тодорхой асуудлаархи иргэдийн байр суурь ба нэр дэвшигчийн талаархи бие хүний үнэлгээнд шууд нөлөөлнө. Энд сонгуулийн кампанийн үйл явдлууд (сонгуупийн сурталчилгаа, нэр дэвшигчдийн халз ярилцлага, мэтгэлцээн зэрэг) явагдана. Үзүүрийн наана нь сүүлийн хэсэгт сонгогчийн сонгуулийн талаархи гэр бүл болон найз нөхөдтэй хийсэн ярилцлага нөлөөлнө. Тэгээд эцэст саналаа өгнө[8]. /Хавсралт 1-ийг үзнэ үү/
Мичиганы судлаачид сонгогчдын шийдвэр гаргах төгсгөлийн хувьсах хэмжигдэхүүнд онцгой анхаарсан.
Эл хандлагыг орчин үеийн улс төрийн шинжлэх ухаанд нийгэм- сэтгэлзүйн нөлөөллийг оруулж ирсэн гэж судлаачид үздэг байна[9].
Мөн юүлүүрэн хоолойгсудлаач П.Доржсүрэн учир шалтгааны хоолой хэмээн нэрлээд дараахь байдлаар тайлбарлажээ. Хоолойн өргөн талд нийгэм дэх улс төрийн ялгаа, зөрчилдөөнийг нөхцөлдүүлэгч нийгэм эдийн засгийн хүчин зүйлсийг байрлуулжээ. Эдгээр нь сонгогч сонгуульд эцсийн шийдвэр гаргахад тэр бүр шууд нөлөөлдөггүй, алсаас дам үйлчилдэг. Нийгэм, эдийн засгийн нөхцөл нь иргэн өөрийгөө социаль аль бүлэгт хамаатуулан үздэг хийгээд түүний үнэт зүйлсийн чиг баримжаалалд нөлөөлнө. Бүлгийн хамаарал, үнэт зүйлсийн чиг баримжаалал нь улс төрийн байр суурьтай холбогдон улс төрийн сонголтонд шууд нөлөөлнө. А.Кэмбелл хувь хүний санал өгөх үйлийг гурван төрлийн байр суурь (намын харъяалал буюу түүнийг дэмжих байдал, бодлогын чухал асуудал, нэр дэвшигчийн талаар баримталж буй байр суурь)-тай юуны өмнө холбон, эдгээр байр суурь, итгэл үнэмшил нь сонголт хийхэд шууд, маш хүчтэй нөлөөлнө гэж үзжээ.[10]
Түүнчлэн нийгэм-сэтгэлзүйн загвар нь сэтгэл хөдлөлгүй (экпрессив) байдлаар авч үздэг ч сонгогчдод саналаа өгөхөд нь нийгмийн томоохон бүлэг биш хёрин улс төрийн нам нөлөөлдөг гэж үздэг. Нөлөөлөл нь сонгогч өөрийгөө улс төрийн тодорхой нэг намд харъяалуулж үзэх явдал бөгөөд энэ нь улс төрийн нийгэмшилтээр дамжин явагддаг.
Намын харъяалал нь иргэдэд хүүхэд ахуй цагаас нь төлөвшдөг гэдэгнь Америкийн судлаач Хесс Торни нарын судалгаагаараа баталсан байна. Тэдний судалгаанд 8 хотын сургуулийн 4-р ангийн сурагчид оролцсон, тэдний 80 хувь нь БНН юмуу Ардчилсан намд талтай гэдгээ илэрхийлсэн бол дөнгөж 20 хувь нь энэ талаар ойлголтгүй байжээ[11]. Тийм ч учраас судлаачид намын харъяалалыг судлахад улс төрийн нийгэмшил туйлын чухал гэдгийг онцолж байв[12]. Мөн эцэг эхийн намын харъяалал нь хүүхдэд уламжлагдан ирэхдээ нэгд эцэг эхчүүд ба хүүхдүүдийн хамтдаа цаг өнгөрөөх байдал, хоёрдугаарт гэр бүл дэх эцэг эхчүүд хоорондын харилцааны байдал, гуравдугаарт хүүхдүүд хэнтэй (эцэг, эх, багш) улс төрийн аливаа асуудлыг голчлон ярьдаг гэдгийг онцлон судлах ёстой болно[13]. Хүүхдүүд эцэг эхийн зан үйлийг дуурайх замаар өөрийн улс төрийн хандлагыг төлөвшүүлдэг ажээ. Ер нь намын харъяалалыг (адилтгалыг) дамжуулах, үүсэн бий болгох, хөгжүүлэх, тогтвортой байлгах нь нарийн төвөгтэй үйл явц юм.
Хэдийгээр нийгэм-сэтгэлзүйн загвар нь судалгааныхаа хүрээнд сэтгэл хөдлөлгүй байдлаар авч үздэг ч сонгогчдод саналаа өгөхөд нь нийгмийн томоохон бүлэг биш харин улс төрийн нам нөлөөлдөг гэж үздэг.
Өөрөөр хэлбэл, бодит байдалд нийцэж байгаа эсэхээс үл хамааран тухайн намыг өөрийн чухал үнэт зүйл болгодог. Үүнийг“намд харъяалуулах” (party identification) хэмээн үздэг.
Гэвч нийгмийн статусыг нь сонгогчдод хуваарилах эсвэл намтай адилтгах гэсэн хоёр концепцоор сонгогчдын эрхэмлэгээг тодорхойлоход зарим бэрхшээл хязгаар бий болсон. Энэ дутагдал нь 1970-аад оны үед сонгогчид уламжлалт улс төрийн намууд холдох аль нэг ангид харъяалагдаж байгаа нь сонгуульд саналаа өгөхөд шууд нөлөөлөхөө больсон зэргээр илрэлээ олсон. Сонгогчдын “сэтгэл хөдлөлгүй” зан үйлд гол болгодог дээрх онолууд судалгааны шаардлагыг бүрэн хангахаа больсон учраас судлаачид өөр аргыг эрэлхийлж эхэлжээ.
Нийгэм-сэтгэл зүйн загварт сонгогчийн зан үйлд гадна орчны үзүүлэх нөлөө мөн тусгагдсан байна. Сонголтын учир шалтгааныг ойлгоход түүнд нөлөөлж буй хүчин зүйл нэг бүрийн гүйцэтгэх үүрэг, хоорондын харилцан холбоо, хамааралыг зөв тогтоох явдал хамгаас чухал гэдэг нь ойлгомжтой.
Нийгэм-сэтгэл зүйн онолыг зарим судлаачид цааш улам баяжуулан тайлбарласан байдаг. Үүнд Дональд Стоуксын өргөтгөсөн загварыг дурдаж болно. Энэ загвар ерөнхийдөө нийгэм-сэтгэл зүйн онолд хамаарах боловч сонгогчдын зан үйлийг тайлбарлах зарим нэгэн ойлголтыг шинээр дэвшүүлсэн. Үүнд нэгдүгээрт нам ба нэр дэвшигчийн дотоод ба гадаад бодлого, хоёрдугаарт намууд ба менежерүүдийн ашиг олох явдал дээр үндэслэсэн үйл хэрэг (ажил хийдэг эрэгтэйчүүд ба фермерүүд г.м), гуравдугаарт нэр дэвшигчийн хувийн салшгүй шинж ба стил зэрэг нь сонгогчдын хандлагад нөлөөлдөг гэж үзжээ. Харин судлаач Филифф Е.Конверс массын итгэл үнэмшлийн системийн мөн чанарыг судлаад ихэнхи америкчуудын хувьд намыг дэмжигч байх мөн нэр дэвшигчдийн имиж чухал гэдгийг харуулсан байна.[14]
Нийгэм-сэтгэлзүйн онол нь санал өгөхөд зөвхөн социал хүчип зүйлсээс гадна улс төрийн хүчин зүйлс, бусад хүчин зүйлсит харгалзан үзсэнээрээ ололт гэж үздэг. Мөн сонгогчийн зан үйлд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг цаг хугацааны хувьд ангилан үзсэн ач холбогдолтой гэж судлаачид тэмдэглэдэг.
Ямар боловч ийнхүү XX зууны дунд үе гэхэд нийгэм-сэтгэлзүйн онол ардчилал өндөр хөгжсөн одон орны сонгогчийн зан үйлийг судлахад хэрэглэснээр улам баяжин хөгжжэ.
Гурав. Рационал сонгогчийн загвар
XX зууны нийгмийн хувьсал өөрчлөлтийг онолын сэтгэлгээ хөөн гүйцэж тайлбарлахад туйлын хэцүү байлаа. Тиймээс шинжлэх ухааны бүхий л салбарт шинэ онолын чиглэлүүд шил шилээ даран гарч байв. Чухам энэ үйл явцын дунд сонгогчийн зан үйлийг тайлбарлах рационал сонголтын онол үүсчээ. Рационал сонголтын онол хөгжихөд дараахь хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлсөн гэж үзэж болно. Үүнийг дараахь хэдэн чиглэлээр товч тайлбарлаж болох юм.
Нэгдүгээрт. 1960-1970-аад оны үеэс эхлэн нийгмийн шинжлэх ухааны арга зүйд ноёрхож байсан бихеворист болон бүтэц үүргийн шинжилгээ нь учир дутагдалтай болж эхэлжээ. Тиймээс судлаачид цаашид судалгааны ажлаа ахиулахын тулд шинэ онол арга зүйн эрэл хайгуул хийхэд хүрсэн. Чухам энэ нүсэр ажлын үр дүнд бий болсон онолын чиглэл бол рационал сонголтын онол юм. Судлаачдын үзэж байгаагаар рационол сонголтын онол нь бихеворизм болон бүтэц үүргийн шинжилгээ ба институцичлах хандлагын сул талуудыг даван гарч чадсан гэж үздэг[15]. Рационал сонголтын онолыг боловсруулахад америкийн эрдэмтэд маш чухал үүрэг гүйцэтгэжээ[16]. Мэдээж зарим судлаачид рационал сонголтын онол нь нийгмийн шинжлэх ухааны хүрээнд эрт дээр үеэс сэтгэл ханамжит байдал руу тэмүүлэх зэрэг зарим нэг санааг судлаачид уг онолын эх үндэс хэмээн онцолдог[17].
Хоёрдугаарт. Рационал сонголтын онол нь эдийн засгийн шинжлэх ухаанд үр хөврөлөө тавьж бие даасан салбар болон боловсрогджээ. Ялангуяа, барууны улс төр эдийн засгийн ухааны онолын хүрээн дэх неоклассик онолын үндсэн ойлголтууд болох “хүний эрх чөлөө”,”хувь хүний сонголт”,”хувь хүний рационал байдал” зэрэг дээр тулгуурлан бие даасан онол болж чадсан юм[18]. Сүүлдээ дан ганц эдийн засгийн ухаанаас халин гарч нийгмийн ухаанд нэвтрэн орж ирсэн. Энэ нь зорилго чиглэлтэй үйлдлийн загвар бөгөөд нийгмийн бүхий л шинжлэх ухаанд хэрэглэгддэг, нийгмийн үйлдлийн тодорхой зорилгод хүрэх эрмэлзэл, эл үйлдлээрээ ашигтай үр өгөөжтэй үр дүнд хүрэхийг эрмэлзэж байдагт оршдог[19].
Гуравдугаарт. Рационал сонголтын онол гэсэн ойлголт нь өөртөө олон янзын ойлголтуудыг багтааж байдаг. Тухайлбал социал сонголтын онол, тоглоомын онол, рационал тоглогчдын онол, улс төр дэх эдийн засгийн хандлага, улс төр эдийн засгийн ухаан гэх мэт[20]. Энэ нь уг онолын чиглэлийн өргөн цар хүрээтэй гэдгийг харуулж байгаа хэрэг мөн. Улмаар рационал хандлага нь улс төрийн формал онолын хүрээнд хүчтэй хөгжиж эхэлжээ. Улс төрийн формал онолыг ердийнөөр тодорхойлбол зах зээлийн биш нөхцөлд рационал сонголтууд ба тэдний үр дүнд цогц байдлаар шинжилгээ хийх явдал юм. Өөрөөр хэлбэл, индивидуал сонголтын талаар төсөөлөл юм хэмээн бичсэн нь бий. Өдгөө рационал сонголтын онол нь нийгмийн ухаанд гүнзгий нөлөө үзүүлээд байгаа бөгөөд олон хүн рационал сонголтын онолд хувь нэмэр оруулж Нобелийн шагнал хүртжээ[21].
Рационал-инструментал хандлага нь АНУ-ын судлаач Э.Даунсын “Ардчилалын эдийн засгийн онол” хэмээх бүтээлээс эхлэн олон ажилд тусгалаа олсон. Энэхүү онол нь “Иргэн бүр өөрт нь бусад намуудаас илүү ашигтай гэж санагдсан тэр намын төлөө сайалаа өгдөг” гэсэн үндэслэлийг гол болгодог. Сонгогчид тухайн нам өөрт нь ашигтай гэдгийг намын мөрийн хөтөлбөрөөр дамжуулан мэддэг хэмээн тэрээр үзжээ[22].
Сонгуульд саналаа өгөх үйл явцыг өөр талаас харахад бас нэгэн чухал үндэслэл гарч ирдэг. 1950-иад онд боловсруулсан ардчилалын үр ашгийн онолдоо Э.Даунс хувь хүний шийдвэр гаргахдаа тооцож үздэг хүчин зүйлсийг чухалчлан авч үзсэн байдаг. Тэгэхдээ хувь хүний сонгуулийн үеэр гаргах шийдвэр нь улс төрийн хувьд гаргаж болох хамгийн их ашгаар тодорхойлдог. Рационал сонгогч нь ийнхүү өөрт нь хамгийн их ашигтай тусдаг бодлого бүхий намын төлөө саналаа өгдөг.
Э.Даунсын судалгаанд хэрэглэгддэг рационал сонголтын ойлголт нь гэхдээ хэзээ ч үйл ажиллагаа явуулж буй хүний зорилгыг бус харин ямагт гагцхүү байж байгаа хэрэгслийн ашиглалт өөрөөр хэлбэл өөрийнх нь сонгож авсан үнэлэмжийнхээ үүднээс дүгнэж цэгнэсэн эдийн засгийн хувьд үр ашигтай (рационал) тусгах замыг иш үндэс болгодог. Энэ утгаараа рационал хүн эхлээд өөрийнхөө өмнө тавьсан зорилгодоо хүрэхэд хэрэгжүүлэх алхмынхаа хувилбарыг дараалуулан үздэг. Тэгээд тэдгээрээсээ хамгийн үр ашигтай хувилбарыг сонгож аваад нөхцөл нь ижил байх тохиолдолд байнга ижил үр дүнд хүрдэг. Рационал гэдгийг ийнхүү ойлгох нь рационал байдлын талаархи хэвшмэл төсөөллөөс ихээхэн ялгаатай. Сонгуулийн талаархи шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд сонгогчийн үйл байдлыг үндсэндээ улс төрийн тулгамдсан маргаантай асуудлын талааар сонгогчийн баримтлаж буй байр суурьтай адилтган авч үздэг. Рационал сонгогч нь сонгуульд өгөх саналаа үр ашгийн тооцоо хийж гаргадаг, ингэхдээ тэрээр засгийн гарын өнгөрсөн бүрэн эрхийн хугацааны үйл ажиллагааг сөрөг хүчин засгийн эрхэнд байсан бол хийх боломжтой байсан ажилтай харьцуулж үздэг. Үүний үндсэн дээр тэрээр өөрийнх нь хувийн зорилгуудыг хамгийн түрүүнд хэрэгжүүлж чадна гэж үзсэн намын төлөө саналаа өгдөг[23]. Онолын энэхүү хоёр байр сууринаас гарсан дүгнэлтээс сонгуулийн явцад цаг үеийн ялангуяа эдийн засгийн тодорхой асуудлыг тандсан нарийвчилсан судалгаанууд их хэмжээгээр хийгдэх болсон.
Гэхдээ мөн рационал загвар ч өөрийн сул талтай. Уг загварын хүрээнд тавигдаж буй асуудлын дотор хүн ер нь ямар учраас сонгуульд оролцдог вэ? гэсэн асуултыг тодорхой хариулж болохгүй байгаа юм. Хувь хүний өгсөн саналын нөлөө, өөрөөр хэлбэл сонгуульд оролцсоноос олсон ашиг нь гарсан зардал хүчин чармайлтаас хавьгүй бага юм. Түүнчлэн чухам ямар учраас засгийн газрыг бүрдүүлэхэд оролцох боломж байхгүй жижиг намын төлөө саналаа өгдөг болохыг хангалттай тайлбарлаж чадахгүй байгаа юм[24].
Сонгогчийг аль талаас нь авч үзэх вэ гэдэг асуултанд ардчилалын онол бүхэн өөр өөрөөр хариулт өгч улмаар сонгогчийн зан үйлийн өөр өөр аспектаар хандахыг шаардаж байна.
[1] Политический процесс: основные аспекты и способы анализа. М., 2001. 85 с.
[2] Michael., R.Norman., American Electoral Behavior 1991.,9
[3] Michael., R.Norman., American Electoral Behavior 1991.,8
[4] Michael., R.Norman., American Electoral Behavior 1991.,9
[5] Party State and society (Electoral State and society) Edited by john Lawrence and Miles Taylor. 1997. 17-20
[6] Г.В.Голосовв поведение избирателей в России: теоретические перспективы и результаты региональных выборов// Полисв 1997-№4
[7] Үүнийг манай судлаачид “нарийн гуурсан хоолойн үзэл баримтлал”, “учир шалтгааны хоолой” гэх зэргээр ялгаатайгаар томъёолдог. Үүнийг В. Отгоннасан. Олны санаа оломгүй далай. 70-р тал. УБ.,1999. 56 х, П.Доржсүрэн. Сонгогчийн үйл байдал. //УТБА-ийн лекцийн эмхтгэл. II боть. УБ., 1999. нарын бүтээлээс үзнэ үү.
[8] Richard G. Niemi and Herbert F. Weisberg, Controversies in American Voting Behavior (San Francisco: W.H Freeman an Co., 1976) p.12
[9] R. Michael., R.Norman., American Electoral Behavior 1991., p.15
[10] П.Доржсүрэн. Сонгогчийн үйл байдал. // УТБА-ийн лекцийн эмхтгэл. II боть. УБ„ 1999. 281х.
[11] Herbert B.Asher Presidential Elections American Politics. Voters, Candidates, and campaigns since 1952
[12] R.Michael., R.Norman., American Electoral Behavior 1991.,p.19
[13] Herbert B.Asher Presidential Elections American Politics. Voters, Candidates, and campaigns since 1952.,p.82
[14] R. Michael., R.Norman., American Electoral Behavior 1991.,p. 18
[15] Политический процесс: основные аспекты и способы анализа. М., 2001.
[16] Д.Грин И.Шапира Объяснение политики с позиций теории рационального выбора: Почему так мало удалось узнать? // Полис. 1994-№ 3.
[17]Д.Грин И.Шапира Объяснение политики с позиций теории рационального выбора: Почему так мало удалось узнать? // Полис. 1994-№ 3.
[18] М. Фермөр. Рациональный выбор: теория и практика //Полис 1994-3
[19] Социологический словарь. Пер.с англ языка 1999 г.
[20] Д.Грин И.Шапира Объяснение политики с позиций теории рационального выбора: Почему так мало удалось узнать? // Полис. 1994-№ 3.
[21] М. Фермер. Рациональный выбор: теория и практика //Полис 1994-3
[22] Ц.Ангараг. Сонгогчийн үйл байдал//Улс төрийн лидерийн имижУБ., 2000 он. х.45
[23] Карл Рудольф Кортэ. Сонгуулийн судалгаа. Орчуулга. // Шинэ толь, 2000
[24] Карл Рудольф Кортэ. Сонгуулийн судалгаа. Орчуулга. // Шинэ толь, 2000