Ч.Тамир
/МУИС-ийн Социологийн тэнхмийн багш/
Шинэ толь №47, 2004
Түлхүүр үг: Сонгууль, Сонгогчийн зан үйл, Сонгуулийн социологи, Олон нийтийн санал, Рациональ сонголт
Зан үйл гэж юу вэ? Зан үйл[1] хэмээх ойлголтыг монгол хэлэнд янз бүрээр орчуулдаг. Нийгмийн шинжлэх ухаан тухайлбал, эдийн засаг, улс төр судлал, философи, кибернетик, сэтгэл судлал зэрэг олон шинжлэх ухаан зан үйл гэсэн ойлголтыг өөр хоорондоо ялгаатайгаар хэрэглэдэг. Үүнийг тухайн шинжлэх ухааны өвөрмөц аспектай цаашилбал судлаачдын өөрсдийн нь үзэл баримтлал ялгаатай байдалтай холбон тайлбарлаж болно. Жишээлбэл. кибернитекийн шинжлэх ухаанд зан үйлийг системийн хандлага, төлөв байдал гэсэн утгыг илэрхийлдэг бол сэтгэл судлалд зан төрх, авир гэсэн агуулгаар, харин улс төр судлаачид үйл байдал[2], үйл хөдлөл гэж судалгааны ажилдаа хэрэглэдэг байна. Бидний бодлоор зан үйл гэсэн ойлголт харьцангуй тохиромжтой, сүүлийн жилүүдэд цөөнгүй судлаачдын дунд хэвшсэн гэж хэлж болно.
Зан үйл гэдэг нь тодорхой нөхцөлд үйлдэж байгаа систем. хүн, объектын хариулт, эсхүл хөдөлгөөн өөрчлөлт юм[3]. Өргөн утгаараа амьд амьтан гадаад орчинтой харилцан үйлчлэлцэх үйл явц, түүний гадаад (хөдөлгөгч) ба дотоод идэвхтэй байдлыг хэлнэ. Зан үйл нь биологийн болон сэтгэхүйн, социал гэх мэт янз бүрийн түвшинд ялгаатайгаар илэрдэг байна.
Бихеворист сургаалд зан үйлийн асуудлыг тайлбарлах нэгж ойлголт, эхлэх цэг болгон авч үздэг бөгөөд гадаад орчны нөлөөнд амьд амьтны вербалны хариулт (реакци) өгөхөд хүргэгч цогц хэмээн үздэг.[4] Бихеворизм нь XIX зууны сүүлч ХХ зууны эхэнд Америкт үүссэн сэтгэл зүйн тэргүүлэх урсгал. Бихеворизмыг энгийнээр тайлбарлавал хүний зан vйлийг ойлгоход чиглэдэг бөгөөд гадаад орчны нөлөөнд вербалны хариу үзүүлэх үйл явцыг цогцоор нь судалдаг. Бихеворизмын үндсэн үзэл баримтлал, арга зэрэг нь барууны нийгэм хүмүүнлэгийн шинжлэх ухаанд (социологи, улс төр судлал маш их нөлөө үзүүлсэн.
Социологи сэтгэлгээний түүхэнд өмнөх сэтгэгчдийн хэвшмэл үзэл баримтлалаас татгалзан чанарын өөрчлөлт хийсэн хүн бол Германы сэтгэгч М.Веберийн үзэл баримтлал юм. Тэрээр социологийн шинжлэх ухааны судлах зүйлийг хүний зан үйл гэж үзээд түүнийг ойлгогдохуйц тайлбарлаж болно гэж үзэж байв. Энэ чиглэл нь цаашид социологи дахь онолын шинэ чиглэлийг бий болгоход хүргэсэн юм. Социологи сэтгэлгээний түүхэнд социологийн судлах зүйлийн талаар эрдэмтэд өөр хоорондоо харилцан адилгүй саналыг дэвшүүлж байлаа. Германы нэрт социологич М.Вебер социологийн судлах зүйлийг хүний зан үйл юм хэмээн тайлбарласан нь өмнөх сэтгэгчдээс эрс ялгарах тайлбарыг хийхэд хүргэсэн байна. Тийм ч учраас цаашдын судлаачдын судалгааны ажилд зан үйл гэсэн ойлголт нь түгээмэл хэрэглэгдэх болсон юм.
Улс төр судлал[5] дахь бихеворист чиглэл нь шинжилгээний эмпирик аргын тусламжтайгаар бие хүн ба бүлгийн зан үйл, харилцааг судлах юм.[6] Чухамдаа эл чиглэлийн нөлөөгөөр улс төрийн социологид олон тооны эмпирик судалгаа хийх болжээ. Бихеворизм нь цаашдаа олон янзын хэлбэрээр гүнзгийрэн (постбихеворизм г.м.) хөгжсөн. Гэхдээ зан үйлийг зөвхөн бихеворизмын хүрээнд хэрэглэгддэг ойлголт гэж үзэж болохгүй юм.
Тэгвэл сонгогчийн зан үйл гэж юу вэ?
Сонгогчийн зан үйл нь илүү өргөн хүрээтэй улс төрийн үйлийн нэгээхэн хэсэг юм. Толь бичигт улс төрийн зан үйл гэдэг нь улс төрийн институтын үйл ажиллагааны болсон хувь хүний улс төрийн идэвхтэй байдалтай холбоотой, улс төрийн оролцоо ба эс оролцоо, сонгоrчийн зан үйл, олон нийтийн санаа бодолд улс төрийн тогтсон хандлага төлөвших зэрэг асуудлуудыг багтаада[7]r ойлголт гэжээ.
Бидний судалгааны үндсэн ойлголт болсон сонгогчийн . үйл нь улс төрийн зан үйлийн нэг хэлбэр. Логик агуулга: сонгогчийн зан үйл нь улс төрийн зан үйл гэсэн ойлголтоос багтаамжийн хувьд бага, агуулгын хувьд илүү тодорхой шинэлэг ойлголт юм. Учир нь сонгогчийн зан үйл нь зөвхөн сонгуультай холбоотой тэр хүрээнд илрэн гардаг билээ.[8] Английн судлаачид сонгогчийн зан үйл гэдгийг санал өгөх загварт нөлөөлөх социал хүчин зүйл болон шийдвэр гаргах үйл явц[9] гэж тодорхойлжээ.
Сонгуулийн социологи[10] нь сонгогчийн санал өгөх ба сонгуулийн дүнгийн талаар социологийн судалгаа. Энэ салбар нь сонгогчийн зан үйлийг судалдаг[11].
Сонгууль гэдгийг ерөнхийдөө иргэд өөрсдийн бүрэн эрх мэдэл хүсэл зоригийг илэрхийлж чадах хүнд итгэн даатгах үйл ажиллагааны хэлбэр юм хэмээн тодорхойлж болох юм.
Сонгууль олон янзын түвшинд явагдаж болно. Үүнийг судлаачид дараахь дөрвөн түвшинд ангилан үздэг байна. Үүнд нэгдүгээрт, тив улс, бүс нутгийн хэмжээнд удирдлага, байгууллагын сонгууль, хоёрдугаарт, нийт улс үндэстний хүрээнд улс төрийн засаг захиргааны байгууллагын сонгууль, гуравдугаарт, улс төрийн болон тодорхой байгуул- лагын хүрээнд удирдах ажилтныг сонгох сонгууль,
дөрөвдүгээрт, хөдөлмөрийн хамт олны хүрээнд удирдагчаа сонгох сонгууль хэмээн хуваасан нь бий[12]. Судлаачдын үзэж байгаагаар сонгууль нь хаант засаглалаас ардчилсан засаглал руу шилжсэн хувьсгалын дараа түгээмэл хэрэглэгдэх болсон гэж үзсэнтэй миний бие санал нийлж байна.[13]
Энэ удаагийн судалгаа нь төр засгийн удирдах байгууллагыг сонгох сонгууль буюу УИХ, Ерөнхийлөгчийн, мөн Орон нутгийн удирдлагын сонгуультай холбоотой илрэн гардаг сонгогчийн зан үйлийг судлан шинжлэхийг зорьсон билээ.
Сонгуулийн социологийн судалгааг псефологийн судалгаа гэж ч бас нэрлэдэг. Тэгвэл псефологи гэж юу вэ? Хүмүүс сонгуульд саналаа хэрхэн өгдөгийг судалдаг салбарыг псефологи (psеpology) хэмээн нэрлэдэг. “Псефологи” нь сонгогчийн зан үйл ба санал өгөхийн судалгаа юм. Энэ ойлголт нь эртний Грекэд шавар ваарны хэлтэрхий юмуу чулуу ашиглан саналаа өгдөг байснаас үүдэлтэй[14] ажээ.
Сонгуулийн социологи буюу псефологийн судалгаа нь анх өрнөдийн оронд хийгдэж эхэлсэн бөгөөд тэд сонгогчийн зан үйлийг судлах талаар арвин туршлага хуримтлуулсан. Үүнийг өөр хоорондоо уялдаа холбоо бүхий дараахь үйл явцаар тайлбарлаж болох юм.
Нэгдүгээрт, чухамдаа өрнөдийн оронд анх удаа хаант засаглалаас ардчилсан засаглал руу шилжиж ардчилсан сонгууль сонгодог утгаараа явагдаж өдгөө багагүй хэмжээний туршлагатай болжээ.
Хоёрдугаарт, өрнөдийн оронд сонгуульд иргэд саналаа өгөх үйл явцыг судлах түүнийг судлах оролдлого хийгдэж эхэлжээ. Мөн олон нийтийн санал бодлыг төрийн бодлогын төвшинд анхааран үзэж байсан нь тухайн орны эрдэмтэд сонгогчдын санал бодлыг судлахад хүрч байв.
Гуравдугаарт, нийгэм дэх эл хэрэгцээ шаардлагын улмаас шинжлэх ухааны нийгэмлэг, их сургуулиуд, эрдэмтэд үүсч төлөвшсөн байна.
Сонгогчийн зан үйлийг судлах судалгаагаар америкчууд эртний туршлага, уламжлалтай юм.
Америкт сонгогчдын зан үйлийн судалгаа нь XIX зууны сүүл ХХ зууны эхэн үеэс эхэлжээ. Үүнд судлаач Фридрих Жексон Төнэрийн “Америкийн улс төр” гэсэн сонгодог судалгааг дурдах хэрэгтэй. Тэрээр Америкчуудын улс төрийн зан үйлийг хүн ам зүй, эдийн засаг, улс төрийн өөрчлөлттэй холбон газрын зургаар тайлбарласан. Газрын зургийг ашигласан нь түүний судалгааны гол багаж болж байв. Төнэр иргэдийн орлого, албан тушаал, оршин суугаа газар зэрэг нийгэм эдийн засгийн шинж нь улс төрийн зан үйлд (эрх мэдлийн дүрд тоглоход нөлөөлдөг гэж дүгнэлт хийсэн[15]. Түүний бүтээл социал-детерминист загвар хөгжихөд ялангуяа, Колумбийн их сургуулийн судлаачдын үзэл баримтлалд гүнзгий нөлөө үзүүлсэн гэж америкийн судлаач Р.Майкл, Р.Норман нар тэмдэглэжээ[16].
Ялангуяа, 1929-1932 оны хооронд дэлхий даяар болсон эдийн засгийн хямрал нь АНУ-д хүндээр тусч, нийгэм дэх зөрчлийг хурцатгасан байна. Үүнтэй уялдан Америкийн судлаачид Ерөнхийлөгчийн болон Конгрессийн сонгуулийг эрчимтэй судалж эхэлжээ.[17] Америкийн судлаач Х.Ф.Гос- неллийн “Сонгуулиас зайлсхийх нь”, “Улс төрийн машин” зэрэг ном нь 1927 онд, Л.Беен С.Райсийн “Улс төр дэх тоон судалгааны аргууд” ном 1928 онд хэвлэгдсэнээр сонгогчийн зан үйлийн судалгааны анхны бүтээлүүд гарав. Үүн дотроос С.Райсийн бүтээлийг онцгойлон дурдах хэрэгтэй юм. Хэдийгээр С.Райсийн судалгаа нь жижиг, системтэй түүвэргүй, оюутны хандлагыг судалснаар хязгаарлагдаж байсан ч, анхны томоохон ажил гэж судлаачид хүлээн зөвшөөрдөгч.[18] С.Э.Райс улс төрийн баримжаа, зан үйлд нийгмийн амьдралын нөлөөллөх хүчин зүйлийн үзүүлэх нөлөөллийг илрүүлэхдээ статистикийн баримтанд тулгуурлан статистикийн шинжилгээ хийсэн байна. 1924 онд судлаач Ч.Э.Мерриам Х.Ф.Госнелл нар сонгуульд оролцохоос татгалзаж байгаа шалтгаан, сэдлийг судлан таних зорилгоор сонгогчдыг сурвалжлагын аргаар судлан мэдээлэл цуглуулж байв[19]. Мөн В.О.Кей “Өмнөдийн улс төр” нэг бүтээлдээ орон нутгийн байгууллагын сонгуульд сонгогчдын санал хуваагдах нь тэдний мэргэжил, боловсролын түвшин, орлогын хэмжээнээс хамаардагийг задлан шинжилжээ[20].
Олон нийтийн саналын талаар нийтийг хамарсан тоон судалгааг 1935 онд Джорж Гэллалын байгуулсан институт явуулж, улмаар сонгуулийн дүнг урьдчилан харж оновчтой тааж байжээ. 1936 оны 6-р сард Гэллап 3000 шуудангийн хаягаар асуулга илгээн, цөөн тооны түүвэр судалгаа хийн сонгуулийн дүнг урьдчилан тааварлажээ[21]. Уг институт нь сонгуулийн талаар санал асуулгыг явуулж сонгуулийн дүнг урьдчилан хэлдэг байсан хэдий ч, сонгогчид аль нэг намыг яагаад дэмждэг, сонгуульд яагаад оролцдог, яагаад саналаа өгдөггүй, саналаа өгөхөд юу нөлөөлдөг талаар хангалттай хариулт өгч чадахгүй байв.
Гэхдээ энэ үед сонгогчийн санал өгөлтийг судлах ажил дөнгөж эхлэл төдий л байлаа.
Судлаачдын үзэж байгаагаар сонгогчийн зан үйлийн судалгааг Колумбийн их сургуулийн судлаачид шинэ түвшинд гаргажээ. Тэдний хамгийн эхний суурь шинжтэй судалгааг “Радио судалгааны алба” санхүүжүүлжээ. Судалгааны багийг нэрт социологич П.Лазаровельд шууд удирдаж, В.Верелсон Х.Гайдет нарын баг ажиллаж байв. (Гэхдээ тэдний судалгаа зах зээлийн судалгаанаас эхэлсэн юм.) П.Лазерьcвeлдийн судалгааны багийн хамгийн эхний ажил нь “хэрэглэгчийн бүтээгдэхүүн сонгох сонголт, зах зээлд мэдээллийн хэрэгслийн үзүүлэх нөлөөлөл”-ийг судлах явдал байв.
1940 оноос эхлэн Д.Франклин Рузвельт ба Вандел Вилли нар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үед Рокфеллер сангийн санхүүжилттайгаар хожим сонгодог хэмээн нэр сэн судалгаануудаа хийж эхэлжээ[22]. Тэд сонгон авсан мужаас 600 орчим иргэнийг түүвэрлэн авч Ерөнхийлөгч сонгуулийн компанийн явцын туршид нэр дэвшигчийг сонгох хандлага хэрхэн өөрчлөгдөж байгааг сурвалжлагын аргаар судалсан[23]. Судалгааныхаа дүнгээр “хүмүүсийн сонголт” хэмээсэн бүтээлийг 1944 онд туурвисан нь уг салбарт оруулсан томоохон хувь нэмэр байв.
Колумбийн их сургуулийн судалгааны багийн дараагийн томоохон бүтээл нь 1954 онд туурвисан “Сонгууль” байв. Энэ ном нь 1948 оноос В.Берельсоны П.Лазерьcвeлд н. 1948 оноос эхэлсэн дараагийн шатны судалгаан суурилжээ.
Улмаар Колумбийн их сургуулийн социологичид хэрэглэгчийн сонголтыг судлах төсөл рүү эргэн шилжсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ба бүтээгдэхүүний зах зээлийн асуудлыг судлах болсон юм. Үүнтэй холбоотой улс төрийн судалгааны төв нь баруун зүг Мичиганы их сургууль руу шилжжээ.
Дэлхийн II дайн болж, дайны үед түүний үр нөлөөний талаар АНУ-ын засгийн газар иргэдийнхээ хандлагыг олон талаас нь судлах хэрэгтэй болсон юм. Тиймээс төрөл бүрийн судалгааны ажлыг засгийн газраас захиалж, томоохон төслүүдийг санхүүжүүлж байв. Харамсалтай нь дайн дууссаны дараа тэдгээр төслийг бүгдийг нь хаасан ба олон судлаачид засгийн газрын нэгжээс цомхотгогдож, судал- гааны санхүүжилтыг зогсоожээ. Энэ үед судлаач Рензис Лакерт, Ангүс Кампел, Жорж Каторис, Леслие Киш нар Мичиганы их сургуулийн дэргэд “Асуулгын судалгааны төв”- ийг үндэслэсэн байна. Уг төв сүүлдээ “Улс төрийн судалгааны төв” болж нэрээ өөрчилсөн бөгөөд сонгуулийн судалгаа хийдэг байгууллагуудын дунд алдартай юм. 1948 оноос хойш тус төв АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль бүрийн талаар үндэсний хэмжээний судалгааг явуулж байв. Судалгаа бүрт ойролцоогоор 1200 орчим хүнийг хамруулдаг ажээ. Мичиганы их сургуулийн эрдэмтэд судалгаан дээрээ тулгуурлан “Америкийн сонгогчид” гэдэг бүтээлийг 1960 онд, “Хүмүүс Ерөнхийлөгчийг сонгодог” гэдэг бүтээлийг, 1952 онд, “Сонгогчдын шийдвэр” гэдэг бүтээлийг 1954 онд тус тус туурвисан[24]. Эдгээр номууд нь тэдгээр эрдэмтэдийн улс төрийн асуудалд хандах өөрийн аспектыг илэрхийлж өгдөг гэж судлаачид үздэг[25]. Өдгөө Мичиганы их сургуулийн дэргэдэх судалгааны төвд 200 гаруй ажилтан ажилладаг. Мичиганы төв нь засгийн газрын захиалгаар судалгаа явуулж байгаа ба түүний үйл ажиллагаа нь улсаас авах татаас ба бусад фондоос санхүүждэг юм. Төвийн явуулж буй судалгаа нь маш өргөн цар хүрээтэй. Тухайлбал чөлөөт цаг, хүмүүсийн улс төрийн санаа сэтгэл, сонгогчдын байр суурь зэрэг асуудлыг судалж байна. Судалгаа нь улс төрийн үйл ажиллагаанд олон түмний оролцох чадвар, улс төрийн байгууллага, түүний сэдэл тэмүүлэл улс төрийн бодлогод идэвхитэй оролцдог нийгмийн гишүүдийн байр суурийг тодорхойлоход анхаардаг[26] ажээ.
Сонгогчийн зан үйлийг судалж ирсэн арвин туршлагатай орны нэгд Англи улс зүй ёсоор орно. Англид сонгогчийн зан үйлийг судлах ажил америкчуудын адил хэдэн зуун жилийн түүхтэй юм. Сонгогчийн зан үйлийн судалгаа нь олон нийтийн санал бодлыг судлах судалгааны нэг төрөл гэж үзвэл бүр XVII зууны үеэс буюу английн эрдэмтэн Летти 1672 онд олон нийтийн санал бодлыг анх математикийн аргаар судлах оролдлого хийж, сонгуулийн болзошгүй үр дүнг судалсан байна. Тэр үүнийгээ “улс төрийн тоо бодлого” гэж нэрлэж байв.[27] Судлаачид Англид сонгогчийн зан үйлийн судалгаа 1832 оноос эхэлсэн гэж үздэг. Чухам тэр үеэс сонгогчийн зан үйлийн загвар, нийгмийн хүчин, улс төрийн нам, нийгмийн өөрчлөлтийг судалж байжээ. Ялангуяа, 1832 онд Англид болсон шинэчлэлийн дараа нийгэмд социал бүтэц, социал хандлагын нөхцөл хэрхэн өөрчлөгдөж, массын нам үүссэн зэрэг нь судалгааны ажил хэлэхэд тэмдэглэхүй үйл явдал болжээ.[28]
Түүнчлэн, Английн судлаач Роберт McKэнзиeгийн “Английн улс төрийн намууд”. Пеллингийн “Социал газарзүй ба Английн сонгууль” (1885-1910), Жеймс Корнфордын “ХІХ зууны сүүл дэх консервативизмын шинэчлэл”, Дави Батлер, Дональд Стоукс нарын “Английн улс төрийн өөрчлөлт” зэрэг бүтээлүүдийг дурдаж болно. Мөн судлаач Жеймс Корнфордын үзсэнээр 1885 он гэхэд дунд анги ихэсч хотын зах сунасантай холбоотой парламентад эзлэх суудлын хуваарилалтад өөрчлөлт орсон[29].
Чухамдаа Англид сонгогчийн зан үйлийн сонгодог судалгаа 1950-иад оны сүүл үеэс эхэлжээ. 1955-1975 оны хооронд Англи дахь нам ба сонгогчдын талаар цуврал судалгааг хийв. Үүнээс Манчестерийн их сургуулийн эрдэмтэдийн (Наффидын) 1964 оноос эхлэн төрөл бүрийн аргыг ашиглан английн сонгогчийг судалсан судалгааны ажлыг дурдаж болно.[30]
Английн зарим судлаачид социал орчин бол сонгогчийн зорилгыг харуулах сайн үзүүлэлт гэдгийг хэлж байсан. Гэвч энэ үед нийгмийн сэтгэл зүйчид тухайлбал, Ханс Иенсэн сонгогчийн зан үйлийг хувь хүний сэтгэл зүйн хэв маягтай холбоотой гэдгийг харуулахыг чармайж байв. Эл оролдлого бүр 1960-1970 он хүртэл, америкчуудын судалгааны онолыг ашиглаж эхэлтэл хүчтэй байжээ. Ингэж англичууд эл салбарт амжилт олж чадалгүй америкчуудаас хоцорсоор байсан тул сонгогчийн зан үйлийг социологи, нийгэм-сэтгэл зүйн талаас нь тайлбарлахад америкчуудын онол судал- гааны техникийг авч хэрэглэхэд хүрчээ.
1959 он гэхэд Англид консерватив нам гурвантаа ялж Хөдөлмөрийн нам удаа дараа ялагдал хүлээхэд английн псефологичид сая санал өгөлтийн загварыг социал ангитай холбон судалж эхэлжээ. Энэ үед Наффид тэргүүтэй Манчестерийн их сургуулийн эрдэмтэд Америкийн социологич Р.Вендикс болон С.Липсет мөн Марк Абрамс нарын судалгааг ашиглан ажилчин анги болон хөдөлмөрийн намаас консерватив нам руу саналаа өгч өөрчлөж шилжих чиг хандлагыг шинжилжээ.[31] Түүний дараа сонгогчийн зан үйлийн судалгааг Д.Батлер, Д.Стокес нар 1964, 1966, 1970 оны сонгуулийн үед хийж, тэдний энэ ажлыг Эссексийн их сургуулийн судлаачид үргэлжлүүлж байна.[32] Д.Батлер. Д.Стокес нар санал өгөхөд ангийн нөлөөлөл ба намд харьяалагдах үйл явцыг анхааралтай судалсан. Улмаар намд харьяалагдах үйл явц нь гэр бүлийн нийгэмшилттэй yonбоотой болохыг тогтоосон байдаг. Бүр 1968 онд Мак- Кейзи ба Силверийн “Ажилчин ангийн консервативизмын тухай”, Голдморн, Локвуд нарын “Ажилчдын нөхцөл байдлын тухай” бүтээлүүд гарснаар эл асуудлаар шинжилгээ улам гүнзгийрчээ[33].
Дурдсан сургуулиудаас гадна Англид Гэллагын институтын анхны салбар бий болсныг тэмдэглэн хэлэх ёстой. Ер нь Гэллaп төвийн анхнаасаа тавьсан нэг зорилго бол өөрийн нөлөөллийг зөвхөн АНУ-д төдийгүй бусад оронд дэлгэрүүлэхийг эрмэлзсэн явдал юм. Энэ нь нэгдүгээрт, Пристоны төвд хийсэн судалгаанааг өргөн суртачлах хоёрдугаарт, бусад оронд өөрийн салбарыг байгуулах байдлаар илэрсэн юм. 1930-аад оны сүүлчээр Англид Гэллaпын Британы салбар бий болж, түүний зэрэгцээ Австралид мөн ийм салбар нь байгуулагджээ[34].
Дээр өгүүлсэн хоёр орноос гадна Герман, Франц зэрэг орнуудыг цухас ч болов өгүүлэх хэрэгтэй болно.
Германд маш олон судалгааны төвүүд байдаг бөгөөд зарим мэргэжилтний үзэж байгаагаар АНУ-аас ч илүү гэж үздэг.
Зөвхөн чөлөөт судалгааны төвүүд гэхэд л 40 гаруй бий. Нэлээд алдартай “Элизабет Иоэлийн” төв нь 1947 онд байгуулагдсан. “Аллетбах” төв нь Бундестагийн сонгуулийн урьдчилсан прогнозыг гаргаж байна.[35] Харин сонгогчийн зан үйлийн талаар системтэй судалгаа Кёлний их сургуулийн Г.Баумерт, Э.Шойх, Р.Вилденманд нар 1961 оноос цуврал судалгаа хийж эхэлсэн бөгөөд М.Каазе, Х.Клингеманн, Ф. Паппи дараа нь М.Бергер, В.Гибовски, Д.Рот нар үргэлжлүүлэн явуулжээ.[36]
Харин Францад хамгийн анх сонгогчийн зан үйлийн судалгааг А.Зигфрид XX зууны эхэнд хийсэн гэж үздэг. Түүний судалгаа улс төрийн газар зүйн хүрээнд хамаарагдах баримт материалыг ашиглан санал өгөлтийг тайлбарлах анхны аналитик загварыг дэвшүүлжээ. Тэр сонгогчийн зан үйлийг гучин жилийн статистик баримтад үндэслэн газар зүйн, эдийн засгийн, нийгэм-соёлын шилжилтийг сонгуулийн дүнтэй харьцуулан судалжээ. Судалгаан дээрээ тулгуурлан тэрээр сонгогчийн зан үйлд хувийн харилцаа, нийгмийн харилцаа холбоо, амьдарч буй газрын төрх, хүн амын хэв маяг гэсэн гурван хүчин зүйл чухал байдаг гэсэн дүгнэлт хийжээ. Эдгээр хүчин зүйлүүд нь социал бүтэц, шашны уур амьсгал зэрэгт шууд ба шууд бусаар холбоотой байдаг тул санал өгөхөд нөлөөлдөг гэж үзсэн байна[37].
А. Зигфридын эл загвар баруун Европын орнууд дахь сонгуулийн судалгаанд “социал-экологийн” чиглэл үүсэхэд маш чухал нөлөө үзүүлсэн гэж судлаачид онцолдог.
Францад 1938 онд 28 настай социологич Жан Стетце өөрийн судалгааны төв байгуулж мөн голдуу улс төрийн асуудлаар судалгаа хийсэн. Тухайлбал, Ж.Де.Голл ард түмэнтэй уулзсан нь сэдэвт судалгааг 1944 онд хийжээ[38]. Гэвч сонгогчийн зан үйлийг тусгайлан судалж байсангүй. Судлаач Р.Кэйрол, Ф.Конверс, Ж.Дюпейкс, Р.Инглехарт, Р.Пьерс нарын судлаачид тодорхой чиглэлээр тус тусдаа бие даасан нарын судлаачид т судалгаа хийж байжээ[39].
Энд зохиогчийн зүгээс зайлшгүй байр сууриа илэрхийлэх асуудал бол социологийн болон нийгэм-сэтгэл зүйн онолыг шууд ялгаж зааглахад төвөгтэй байдаг явдал юм. Угтаа сонголтод нөлөөлж байгаа хүчин зүйлсийг, тухайлбал намд өөрийгөө харьяалуулах нь нэг талаас, нийгмийн анги бүлгийн нөлөө ба гэр бүлийн нийгэмшлийн, нөгөө талаас сэтгэл зүйн шинжтэй холимог үзэгдэл юм. Тэдний “юүлүүрэн хоолойн” үзэл баримтлал дахь хүчин зүйлс нь нийгэм-сэтгэл зvйн гэхээсээ социологийн асуудлыг хөндөж байгааг харж болно. Чухам тийм ч учраас зарим судлаачид социологийн болон нийгэм-сэтгэл зүйн хандлагыг дотор нь нарийн ялгадаггүй байхтай тааралдана[40].
Өрнөдийн орнуудад 1970-аад оноос сонгогчийн зан үйл өөрчлөгдлөө. Маш олон сонгогчдын хувьд “төрөлхийн” аль нэгэн ангид хамаарах явдал багасч үүнийг судлаачид “ангийн хамаарал сулрах” гэж судлаачид нэрлэв. Тухайлбал, Англид 1980-аад оны үеэс 1990 он хүртэл либерал болон консерватив намуудын гишүүдэд “намын харьяалал сулрах” үзэгдэл ажиглагдаж эхэлжээ. Ингэж “намын харьяалал суларсантай холбоотой сонгогчид санал өгөх гэж буй зүйлсээ бүрэн ойлгосны үндсэн дээр шийдвэрээ гаргах болсон байна. Сонгогчид ингэж өөрчлөгдөж эхэлсэн нь түүнийг тайлбарлах шинэ эрэл хайгуул хийхэд хүргэсэн. Энэ үеэс судлаачид хоёр үндсэн саналыг дэвшүүлжээ. Үүнд “радикал бүтцийн загвар” ба “рационал сонголтын онол” гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваагдсан.
Судлаач П.Данлив, С.Т.Хасбанд нарын дэвшүүлсэн Градикал бүтцийн загвар” нь английн нийгмийн бүтцэд өөрчлөлт орж шинэ ашиг сонирхол бүхий маш олон янзын бүлгүүд төрөн гарч улс төрийн амьдралд нөлөө үзүүлж эхэлсэнтэй холбоотой. Хүмүүсийн эл сонирхол нь нийгмийн төрөл бүрийн үйлчилгээ, тухайлбал тээвэр, орон сууц, эрүүл ахуй, нийгмийн хангамж, тэдний мэргэжлийн гишүүнчлэл цаашилбал, төрийн албанд эсхүл хувийн секторт ажилладаг уу гэдгээс хамаарна хэмээн энэ чиглэлийнхэн үзсэн[41]. Уг нь өмнөх онолын чиглэлээс бүрмөсөн хальж чадаагүйг нийгмийн хүчин зүйлээр тайлбарлаж байгаагаас харж болно.
Сонгогчийн зан үйлийн судалгаанд рационал сонголтын онол боловсрогдсоноор болсноор цаашдын хөгжилд нь чухал нөлөө үзүүлсэн юм. Ер нь нийгэм хүмүүнлэгийн ухаанд үлэмжхэн нөлөө үзүүлсэн онолын чиглэл бол рационал онолын загвар юм.
Судлаачдын онцолсноор Homopolitus нь Homoeconomi-cusтай холбоотой юм. Энэ салбарт оруулсан хамгийн эхний хувь нэмэр нь улс төрийн шинжлэх ухаанаас гадна боловсрогдож эхэлсэн юм. Үүнд Жон Нейтанны болон Оскар Моргенстаун нарын 1944 онд туурвисан “Тоглоомын онол” Дункан Влакийн сонгууль ба зөвлөлүүдийг шинжилгээ хийх түүн дэх сонгогчдын зөрчилдөөнийг нээсэн бүтээлийг дурдах хэрэгтэй. Мөн Кеннет Эрроугийн 1963 онд туурвисан “Ерөнхий бололцооны теорем”, мөн Энтони Даунсыг 1957 онд бичсэн “Намын өрсөлдөөн ба spatial загвар”, Жеймс Бучанан, Гордон Туллокс нарын “Үндсэн хуулийн хэлбэр ба үнэлгээ” 1962 онд, С.Олсоны “Хамтын үйлдлийн онол” 1965 онд гарсан бүтээлүүд[42] нь эл салбарын анхдагч бүтээлүүд болж байлаа. Улмаар тэдний араас улс төр судлаачид олноороо орж ирэх болов. Мөн маш олноороо Нобелийн шагнал хүртсэн бүтээлийг ч нэрлэж болно. Үүнд Рауль Самyлсон 1970 онд, Кеннат Арроу, Рональд Койз 1991 онд, Гари Векэр 1992 онд рационал сонголтын онолын салбарт оруулсан хувь нэмрээрээ Нобелийн шагнал хүртжээ.[43]
Үнэхээр ч АНУ-ын шинжлэх ухааны онолын сэтгүүл дээр энэ чиглэлийн бүтээлүүд онцгой байр суур эзэлдэгийг төвөггүй ажиглаж болно. Тийм учраас сүүлийн 20-иод жилд энэ чиглэлээр гарах номууд үлэмж олон гарсан нь санамсаргүй хэрэг биш юм[44].
Өмнө өгүүлснээс харахад сонгогчдын зан үйлийг судалсан судалгаанд дараахь зүйлс ажиглагдаж байлаа. Үүнд:
Нэгдүгээрт: ХХ зууны 40-50 оны үед судлаачид сонгуулийн судалгаанд зөвхөн тоон аргуудыг түгээмэл ашигладаг байлаа. Сонгуулийн судалгаа нь эхэн үедээ навэр статистикийн баримт дээр үндэслэж байв. Үүнээс улбаатай 40-50-иад оны үед тоон хүчин зүйлийн хэв маягчлах, корреляцын ба регрессийн хэв маяг зэрэг аргууд нь судлаачдын гол багаж зэвсэг нь болж байжээ.
Хоёрдугаарт: ХХ зууны сүүлийн хагасаас эхлэн чанарын шинжилгээний аргыг ашиглах болсон байна. Энэ хандлага одоо үлэмж хүчтэй байсаар байгааг төвөггүй ажиглаж болно.
Гуравдугаарт: Сонгогчийн зан үйлийн судалгаа нь нийгмийн, сонгогчийн зан үйлд гарч байгаа хувирал өөрчлөлттэй салшгүй холбоотой судалгааны онол арга техникууд шинэчлэгдэж ирсэн байна. Анх социологийн шинжилгээ голлож байсан бол улмаар сэтгэл зүйн хандлагаар баяжиж, сүүлдээ эдийн засаг, математик зэрэг олон шинжлэх ухаантай холбоотой болж эхэлсэн нь үүнийг харуулна.
[1] Англиар «behaviour» буюу оросоор «поведение» гэдэг ойлголтыг бид ийнхүү орчуулж байгаа болно.
[2] Д.Оюунчимэг Улс төрийн үйл байдал // Улс төрийн шинжлэх ухаан УБ., 2001. 363
[3] Collins dictionary of Sociology. David Jary. Julia Jary 1995. (Opoc opuyynra) 30
[4] “Социологический энциклопедический словарь. 1998 r Ред. Г.В.Осипов. 282.
[5] Хэдийгээр улс төрийн шинжлэх ухаан, улс төр судлал гэсэн хоёр нэр томъёо нь ялгаатай хэдий ч энэхүү бүтээлд ижил утгаар хэрэглэж байгаа болно
[6] “Политология: краткий энциклопедический словарь. Ростов-на Дону. 1997. С. 40
[7] Collins dictionary of Sociology. David Jary, Julia Jary 1995. (Орос орчуулга) 480
[8] Энэхүү судалгаанд иргэдийн сонгуулийн зан үйл сонгогчдын зан үйл гэсэн ойлголтыг зарчмын зөрөөгүйгээр ойлгож байгаа болно.
[9] Collins dictionary of Sociology. David Jary. Julia Jary 1995. (Орос орчуулга) 480
[10] (Электоральная социология, electoral sociology)
[11] Collins dictionary of Sociology. David Jary. Julia Jary 1995. (Opoc opuyynra) 480 32
[12] Социологический справочник. 1989.Киев.
[13] А. Жамбал. II Монгол улс дахь сонгууль, сонгуулийн шинэ тогтолцоо (Улс төр судлалын шинжилгээ) УБ., 2000.
[14] Colins dictionary of Sociology. David Jary. Julia Jary 1995. (Орос орчуулга) 111
[15] R. Michael., R.Norman., American Electoral Behavior 1991.. 7
[16] R. Michael., R.Norman, American Electoral Behavior 1991..7
[17] А.В. Дмитриев. Политическая социология США: Очерки. Л., 1971. с 70-71
[18] R. Michael, R. Norman, American Electoral Behavior 1991..7 34
[19] А. Юндэндорж. Сонгуулийн систем// Улс төрийн шинжлэх ухаан УБ., 2001.
[20] А.В. Дмитриев. Политическая социология США: Очерки. Л., 1971, с 70-71
[21] Д.Энхбат. Жорж Гэллan// Социологи сэтгүүл № 2
[22] R. Michael., R.Norman.. American Electoral Behavior 1991.. 8
[23] R. Michael., R.Norman., American Electoral Behavior 1991., 8
[24] R. Michael., R.Norman., American Electoral Behavior 1991., 13
[25] R. Michael., R.Norman, American Electoral Behavior 1991., 13
[26] В.Отгоннасан. Олны санаа оломгүй далай. УБ.,1999. 75
[27] В.Отгоннасан. Олны санаа оломгүй далай. УБ. 1999, 56
[28] Party State and society (Electoral State and Society) Edited by Jon Lawrence and Miles Taylor. 1997. 17-20
[29] Party State and society (Electoral State and Society) Edited by Jon Lawrence and Miles Taylor. 1997. 17-20
[30] Party State and society (Electoral State and Society) Edited by Jon Lawrence and Miles Taylor. 1997. 17-20
[31] Party State and society (Electoral State and Society) Edited by Jon Lawrence and Miles Taylor. 1997. 17-20
[32] П.Доржсүрэн. Сонгогчийн үйл байдал.// УТБА-ийн лекцийн эмхэтгэл. II боть. УБ., 1999. 86-тал
[33] Collins dictionary of Sociology. David Jary. Julia Jary 1995. (Орос орчуулга) 480
[34] В. Отгоннасан. Олны санаа оломгүй далай. УБ., 1999. 72
[35] Пьерс В. Отгоннасан. Олны санаа оломгүй далай. УБ.,1999. 79-81
[36] П. Доржсүрэн. Сонгогчийн үйл байдаn. /УТБА-ийн эмхэтгэл II боть 1999. 86-р тал
[37] “Политический процесс основные аспекты и способы анализа М. 2001
[38] В. Отгоннасан. Олны санаа оломгүй далай. УБ. 1999. 77
[39] П. Доржсүрэн. Сонгогчийн үйл байдал // УТБА-ийн эмхэтгэл. II боть. УБ., 1999. 86-тал
[40] Социологический словарь. Пер. с англ язык 1999 г. 48
[41] Социологический словарь. Пер. с англ язык 1999 г. 48
[42] David Lalman, Joe Oppenheimer, and Piotr Swistak. Formal pational Choice Theory: A cumulative Science of Politocs // Political Sceince: The State of the Discipline Il Edited by Adaw Finifter. 1993 77 p
[43] David Lalman, Joe Oppenheimer, and Piotr Swistak. Formal pational Choice Theory: A cumulative Science of Politocs // Political Sceince: The State of the Discipline Il Edited by Adaw Finifter. 1993 77 p
[44] David Laiman, Joe Oppenheimer, and Piotr Swistak. Formal pational Choice Theory: A cumulative Science of Politocs // Political Sceince: The State of the Discipline Hi Edited by Adaw Finifter. 1993 77 P