Адъяасүрэнгийн Ган-Өлзий
/“ЭКО АЗИ” дээд сургуулийн гүйцэтгэх захирал, Төрийн удирдлагын магистр/
Шинэ толь №67, 2009
Түлхүүр үг: амьжиргааны түвшин, Тогтвортой хөгжил , хөгжлийн үр дүн , эдийн засаг, экологи, нийгэм
XXI зууны дэлхийн тогтвортой хөгжлийн түгээмэл үзэл хандлагад нийцүүлэн байгаль орчин, нийгмийн хөгжпийн тэнцвэрийг эрэмбэ дараатай хангах замаар эдийн засгаа экологийн баримжаатай хөгжүүлэхийн гол үндэс суурь нь тогтвортой хөгжлийн боловсрол юм. Тогтвортой хөгжлийн боловсрол нь байгаль орчны боловсрол, экологийн боловсрол, хүрээлэн байгаа орчны боловсрол гэх мэт олон нэр томьёо, агуулгаар дамжин өнөөдрийг хүрсэн боловч эдгээр ойлголтыг ялгаатай ба төсөөтэй талуудыг нарийвчлан ойлгохгүй байгаагаас сургууль, багш нарын дунд маргаан үүсэх болсон байна. Тухайлбал: Францын багш нар өөрсдийн сургалтын арга барилаа ХБОБ-ынх гэх уу эсхүл, ТХБ-ынх гэх үү, эсхүл бүр тэс өөр нэр өгөх ёстой юу гэдгийг одоо ч шийдээгүй байна. Иймээс “Тогтвортой хөгжпийн боловсролын талаарх төрийн бодлого” сэдэвт магистрын ажлын нэгдүгээр бүлгийн хүрээнд тогтвортой хөгжил ба тогтвортой хөгжлийн боловсролын тухай ойлголт, үзэл санааны талаар хийсэн судалгааны дүнгта бүхэд толилуулж байна.
Тогтвортой хөгжпийн онол, үзэл санаа: 1970-аад оноос эхлэн тогтвортой хөгжил хэмээх ойлголт гарч дэлхийн улс орнуудын гол чиг баримжаа үзэл баримтлал боллоо. Хүмүүсийн амьжиргааны төвшинг экосистемийн тэтгэх даацын хүрээнээс хэтрүүлэхгүйгээр дээшлүүлэхийг тогтвортой хөгжил хэмээн ойлгох болсон бөгөөд угтаа хүнийг тал бүрээр хөгжүүлэн дэвжээж, тэтгэн хөгжүүлж байх нь энэ хөгжлийн гол зүйл юм.
Тогтвортой хөгжил нь хүний амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн болохоор түүний гол материаллаг суурь нөхцөл болох байгалийн нөөц баялаг, байгаль орчин нь эдийн засгийн үр ашиг, өсөлт, дэвшилттэй зайлшгүй холбоотой цогцолбор ухагдахуун болдог. Тогтвортой хөгжил бол эдийн засаг, худалдаа, санхүү, эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн талаарх экологи-эдийн засгийн баримжаатай хөгжлийн зорилгод нийцсэн эдгээр салбарын үр ашигтай төрийн бодлого, шийдвэр гаргахад чиглэсэн динамик өөрчлөлт, хөгжлийн явц юм. Тогтвортой хөгжил нь хөгжилтэй, хөгжиж буй, буурай хөгжилтэй гэх мэт аль ч улс гүрний улс төр, эдийн засаг, нийгэм экологийн нийтлэг зорилго болно. Тогтвортой хөгжил нь хүний үйл ажиллагааг хөгжлийн явцтай чадамгай зохицуулан нийцүүлж, ирээдүй хойч үеийнхээ хэрэгцээг хохироолгүйгээр одоогийнхоо эрэлт хэрэгцээг хангахад байгаль орчин, байгалийн нөөцийг зохистой ашиглах асуудлыг тодорхойлж байгаа юм.
Дэлхий ертөнц дээр байгаа эд юмс, үзэгдлийг ерөнхийд нь хоёр хувааж болдог. Үүнд:
- Байгалийн өөрийн бий болгосон бүтээгдэхүүн сав-шим ертөнцийн юмс, үзэгдэл. Үүнд: газар, шороо, ус, агаар, газрын хэвлий, түүний баялаг, биологийн төрөл зүйл (амьтан, ургамал, бичил биетэн г.м) багтах жишээтэй.
- Нийгмийн хөгжлийн явцад бий болсон үйл мандал буюу хүний гараар бүтээсэн хөдөлмөрийн бүтээгдэхүүн орно.
Хүн өөрийнхөө нийгэм, биологийн өсөлт, хөгжлийн явцдаа хийж бүтээсэн бүхнийг хөгжлийн үр дүн гэж үзэж болно. Хүн байгалийн хоорондын харилцаа буюу хөгжил, байгалийн харилцан үйлчлэлийн асуудал өнөөдөр чухал ач холбогдолтой болж байна. Нийгмийн хөгжилд байгаль эерэг, сөрөг нөлөө үзүүлж байгаа бол хөгжил нь эргээд байгальдаа зохицох шаардлагатай болж байна. Сонгодог эдийн засгийн онолоор хөгжлийн үр дүнг дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)- ний өсөлтөөр шалгуур болгож авч үздэг. Дотоодын нийт бүтззгдэхүүн гэдэг нь тухайн улс орны нэг жилийн дотор хийсэн нийт бүтээгдэхүүний нийлбэрийг мөнгөөр илэрхийлсэн хэмжээ юм. Ерөөсөө сонгодог эдийн засгийн онол нь мөнгө, хөрөнгөөр тодорхойлогдох зүйлд илүү анхаардаг. Гэхдээ энэхүү мөнгө хөрөнгөний үзүүлэлт болох ДНБ нь нийгэм ба экологийн хүчин зүйлсийг илэрхийлдэггүй. Аль ч засгийн газар ДНБ өсөж л байвал өсөлт бий болж эдийн засаг хөгжиж байна хэмээн үздэг. Гэтэл энэ өсөлт байгаль орчны доройтол, цэвэр агаар, цэнгэг усны бохирдол, ан амьтны болон биологийн төрөл зуйлийн хомсдлыг илэрхийлэн гаргах боломжгүй юм. ХАА-н бүтээгдэхүүн, түүний дотроос газар тариалангийн ургацыг нэмэгдүүлэх, малын тоо толгойг өсгөх, ашиг шимийг дээшлүүлэх талаар янз бүрийн төвшинд шийдвэр гаргаж, хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлдэг. Гэхдээ гагцхүү эдгээр бүтээгдэхүүний эх үүсгүүр болсон байгаль орчин доройтож, муудаж байгааг ойлгож, тооцож чаддаггүй.
Түүхийн өнгөрсөн хугацаанд дэлхий дахиныг түгшээсэн орчны асуудлууд: хүлэмжийн үзэгдэл, дэлхийн дулаарал, озоны цоорхой, далайн төвшин нэмэгдэх, ган, цөлжилт, биологийн төрөл зүйлийн хомсдол, хүчиллэг бороо, удаа дараа тохиолдох байгалийн гамшиг гээд маш олон асуудал нь байгаль орчны талаар улс гүрэн, бүс нутаг, дэлхийн хэмжээний гол бодлого, анхаарлыг хандуулахаас өөр аргагүй гэдгийг сануулж байна. Үүнээс үүдэж дэлхийн улс орнууд эдийн засгийн өсөлт, хөгжлөө нийгэм, экологийн асуудалтай холбон үзэх боллоо. Ялангуяа, НЗгдсэн үндэсний байгууллага (НҮБ), түүний төрөлжсөн байгууллагууд хөгжил, хүрээлэх орчны асуудалд онцгой анхаарч 1972, 1992 онуудад хоёр удаа дэлхий дахиныг хамарсан НҮБ-ийн хэмжээний бага хурал зарлан хуралдуулж хүн төрөлхтний шинэ зуунд мөрдөх гол чиг баримжааг тодорхойлсон. Энэ бол 1992 онд Рио- Де-Жанейрод баталсан “Хорин нэгдүгээр зууны мөрийн хөтөлбөр” юм. Мөн 2002 онд өмнөд Африкийн Йоханнесбург хотноо болсон НҮБ-ын “Даян дэлхийн тоггвортой хөгжлийн Их чуулган” болох олон улсын дээд хэмжээний уулзалтаар шинэ зуунд хөгжлийн гол чиглэлийг тунхагласан болно. Эдгээр хөтөлбөр, тунхаглал нь хөгжиж буй орнуудын нийгэм, здийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, хурдасгах, улс гүрэн тус бүрийн хоорондын эдийн засгийн бодпогыг боловсруулах, ядууралтай тэмцэх, ухаалаг хэрэглээний бүтцийг тодорхойлох, хүн амын эрүүл ахуй, хөгжил, суурьшил, уур амьсгалын өөрчлөлт, усны нөөц хангамжийг зохицуулах, газар ашиглалт, эрчим хүч, агаар орчны талаар зөв бодлого явуулах, химийн хорт бодис, хог хаягдлыг багасгах, биологийн төрөл зүйлийг хамгаалах, эмзэг экосистемийг хөтлөн зохицуулах, ойн аж ахуйг хөгжүүлэх зэрэг хоорондоо уялдаа бүхий асуудлыг шийдэх арга хэмжээ, механизмыг тодорхойлсон болно.
Тогтвортой хөгжил нь эдийн засаг, экологи, нийгэм соёлын гэсэн үндсэн гурван гол зорилготой. Эдгээр нь тус бүрдээ үндсэн агуулга, чиглэптэй байдаг. Үүнд:
Эдийн засгийн зорилго:
- Үр ашигтай байх
- Өсөн нэмэгдэх
Экологийн зорилго:
- Байгалийн нөөцийг зохистой ашиглах
- Байгаль орчныг доройтуулахгүй байх
- Байгалийн гамшгийн аюулыг бууруулах
Нийгэм, соёлын зорилго:
- Ядуурлыг арилгах
- Амьжиргааны төвшинг дээшлүүлэх
- Тэгш байдлыг тогтоох
Эдгээр гурван гол зорилго нь өөр хоорондоо хавсарсан нийтлэг хандлагатай байдаг. Үүнд:
Эдийн засаг – экологийн хавсарсан хандлага нь аливаа нэг төсөлд байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ хийх, үнэлэмж, дүгнзлт гаргах, тухайн үйлдвэрлэлээс байгаль орчныг доройтуулах, бохирдуулахад учруулах хор нөлөөний нөхөн төлбөрийн өртөг зэргийг тооцох асуудал орно.
1 дүгээр зураг. Тогтвортой хөгжлийн гурван гол тэнхлэг
Экологи – нийгэм, соёлын хавсарсан хандлага нь аливаа асуудлыг шийдэхэд олон нийтийн оролцоог сайжруулах, зөвлөмж зөвлөгөө өгөх, олон эшт үзлийг дэмжин тэтгэхэд голчлон анхаарна.
Эдийн засаг – нийгэм, соёлын хавсарсан хандлага нь нийгмийн орлогыг зөв хүртээмжтэйгээр зохистой хуваарилах, дахин хуваарилах, ажилгүйдлийг арилгах, аливаа нэгэн төслийг тодорхой хүрэх зорилготойгоор гүйцэтгэх, асуудлыг дэвшүүлж тавьдаг.
Тогтвортой хөгжлийн тухай асуудал нь нэгэнт хүний сайн сайхан, амьдралын нөхцлийг дээшлүүлэх асуудал болохоор эдийн засаг, экологи, нийгэм, соёлын салбар тус бүрд юу хийх ёстойг тодорхойлон үздэг. Тогтвортой хөгжлийг хангах эдийн засгийн хандлага түүний томъёолол нь орлогыг хамгийн дээд боломжтой хэмжээгээр олж авахдаа тэрхүү ашиг орлогыг буй болгож байгаа суурь үндэс болсон хуримтлал баялгаа хадгалж хамгаалах нь зүйтэй гэж үздэг. Энэ номлол нь хязгаарлагдмал нөөцийг арвич хямгач ашиглах, эдийн засгийн ур ашгийг найдвартайгаар олж авахад чиглэнэ. Гэхдээ тэрхүү хайрлан хамгаалах нөөц баялаг (үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн байгалийн ба хүний нөөц г.м) тэдгээрийг орлуулан ашиглах боломжийг тодорхойлох болон хөрөнгө баялгийг нэн ялангуяа экологийн орчин нөөц баялгийг үнэлж дүгнэхэд бэрхшээл тохиолдож байдаг. Тодорхойгүй байдал, эргүүлж буцааж нөхөх боломжгүй байдал, сүйрэн уналт нь нэмэлт бэрхшээл бий болгодог.
Тогтвортой хөгжлийн экологийн асуудлын гол анхаарал нь биологийн ба физик системийн (байгаль орчны) тогтвортой ба тэнцвэртэй байдал руу чиглэдэг. Түүний онцгой ач холбогдол нь даян дэлхийн экосистемийн тогтвортой байдалд зайлшгүй дэм болж буй дэд системүүдийн оршин тогтнох чадавхид тулгуурлана. Үүний дотроос биологийн төрөл зүйлийг хамгаалах нь гол зангилаа асуудал юм. Байгалийн систем гэдэгт шим мандал, түүний дотор хүний бүтээсэн орчин үйл мандал бүр тодруулбал хот суурин газрууд ч багтана.
Тогтвортой хөгжлийн нийгэм соёлын ухагдахуун нь нийгэм ба соёлын системүүдийн тогтвортой байдлыг хангах тэдгээрээс сүйрэлд орж болзошгүй нөхцлийг багасгахад чиглэдэг. Нийгмийн тогтвортой хөгжлийг хангахын тулд энэ талаар үр ашигтай шийдвэр гаргаж байхад шаардагдах боловсронгуй загвар хэрэгтэй байгаа юм. Үүний тулд хүн ардын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ядуурлыг арилгах, хойч үеийн эрх ашгийг дээдлэх, ухаалаг хэрэглээний бүтцийг тодорхойлоход энэ загвар чиглэх ёстой юм. Түүнчлэн соёлыг хөгжүүлэх, дэлхийн хүн ардын хүртээмж бүхий соёлын өвийг хамгаалах асуудал ч орно.
Дэлхийн улс орнууд өнөө үед байгаль орчин, тогтвортой хөгжил гэсэн загварыг баримтлах болсон нь тухайн улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэхдээ байгаль орчинтойгоо нийцсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг хэлж буй хэрэг юм.
ҮНБ – Үндэсний нийт бүтээгдэхүүн 2 дугаар зураг. Тогтвортой ба тогтворгүй хөгжил
Дээрх зурагт (1) тогтвортой хөгжлийн бодлого зөв байвал эдийн засаг алгуур, байнга өсөх хандлагатай байдаг. Тогтвортой бус хөгжил (2) нь огцом өсөлттэй байх боловч эргэж уналт ажиглагддаг.
Бид “тогтвортой хөгжил” гэсэн үзэл санааг “… хамгийн эрхэм сайхан зорилгод хүрэхийн тупд өвөг дээдсээ, мөн өөрийгөө болон бусдыг, түүнчлэн өнгөрснөө мөн өнөөдөрөө болон ирээдүйгээ золиослохгүйгээр ажиллаж, амьдрах арга ухааныг дээдэлсэн аж төрөх соёл …” гэж ойлгож болно.
Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд боловсрол ямар байр суурь эзэлж байна вэ. Энэ үзэл баримтлалын мөн чанар нь хөгжлийн хүчин зүйлс болон нөөцийг цогц байдлаар авч үзэж, тэдгээрийн шалтгаан, үр дагаварын холбоог шинэчлэн эрэмбэлсэнд оршиж байгаа юм. Урьд нь том газар нутаг, байгалийн арвин баялаг, мөнгө санхүүгийн чадавхийг хөгжлийн гол нөөц, мөн авч л болдог, арвижуулж л болдог арга технологийг хөгжлийн гол хүчин зүйл гэж үзэж байсан бол одоо тоггвортой хөгжлийн шавхагдашгүй нөөц нь хүний нөөц гэж үзэж, энэ нөөцийг хөгжүүлж, арвижуулахад нөлөөлдөг шийдвэрлэх гол хүчин зүйл нь тэдний боловсролын чанар, харин энэ нөөцийн эх ундрага нь иргэдийн тасралтгүй суралцах үйл ажиллагаа гэж тодорхойлж байна. Ийнхүү тоггвортой хөгжлийн үзэл санааны хүрээнд тогтвортой хөгжпийн боловсрол, чанартай боловсролын тухай асуудал дэвшигдэж байна.
Тогтвортой хөгжлийн боловсрол: 1992 оны Рио-Де-Жанейрод баталсан “Хөгжлийн хөтөлбөр-21″-ийн 36 дугаар бүлэг нь “Боловсрол, олон нийтийн ойлголт, сургалтыг дэмжих” гэсэн нэртэй бөгөөд энд тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд боловсролын гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх, түүний бүх талыг дэмжих, албан болон албан бус боловсролын сургалтаар дамжуулан олон нийтийн ойлголтыг дээшлүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэсэн байдаг. Чухамхүү энэ бүлгийн үзэл санаа нь тогтвортой хөгжлийн боловсролын үндэс суурь болсон юм.
Мөн 2002 оны “Даян дэлхийн тогтвортой хөгжпийн Их чуулган”- аас “Тогтвортой хөгжлийн боловсрол нь бидний ирээдүйдээ оруулж буй хөрөнгө оруулалт” бөгөөд тухайн улс орон бүр ашиглаж буй нөөцүүдээ өөрийн орны тогтвортой хөгжлийн боловсролыг хөгжилд зориулах ёстой” гэж тодорхойлжээ.
Тогтвортой хөгжлийн боловсрол нь дараахь 4 зүйлд тулгуурлах ёстой гэж үзсэн:
- Суурь боловсролыг дэмжих, сайжруулах: Суурь боловсролын чанарыг иргэдийн насан туршдаа тогтвортой амьдрахад нь дэмжлэг болохуйц мэдлэг, чадвар, үнэт зүйлс, үзэл хандлагатай болгоход төвлөрүүлэх
- Боловсролын хөтөлбөрийг өөрчлөн шинэчлэх: Өнөөгийн болон ирээдүйн нийгмийн тогтвортой хөгжилд хамаарах зарчим, ур ухаан, чадвар, үзэл хандлага, үнэт зүйлсийг эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны 3 бүрдэлд бодитоор тусгах замаар бүр анхан шатнаас эхлэн их, дээд сургууль хүртэлх боловсролын сургалтын бүх хөтөлбөрийг шинэчлэх шаардлагатай. Сургалтын хөтөлбөрийн энэ шинэчлэлийг нэг хичээлээр болон хэд хэдэн хичээлийг интеграцчилах замаар хийж болно. Тогтвортой хөгжлийн боловсролын амжилтад хүрэх боломж нь тогтвортой хөгжлийн боловсролын тухайн нэг сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх төдийхнөөр биш харин түүнийг боловсролын бусад санаачлага, үйл ажиллагааны хэтийн зорилго болгон хэрэгжүүлэхэд оршино.
- Тогтвортой байдлын талаарх олон нийтийн ойлголт, ухамсрыг дээшлүулэх: Илүү тогтвортой нийгмийг цогцлоох зорилгод хүрэхийн тулд тухайн улсын хун ам нь тогтвортой нийгмийн зорилго, зорилтыг ойлгож, ухамсарлах, энэхүү зорилго, зорилтод хүрэхэд тодорхой хувь нэмэр оруулах мэдлэг, ур чадвартай байх шаардлагатай юм. Мэдээлжсэн иргэн, мэдлэгжсэн хэрэглэгч нь хамт олондоо болон. Засгийн газарт туслан тогтвортой байдлыг үнэлж тодорхойлох, нийгмийг илүү тогтворжуулахад гол үүрэг гүйцэтгэх болно.
- Сургалт: Нийгэм, эдийн засаг, улс төрийн бүх салбарын ажиллагчид орон нутгийн, бүсийн, үндэсний тогтвортой байдалд хувь нэмэр оруулах ёстой. Мэргэжлийн болон мэргэшлийн сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулахад тогтвортой хөгжпийн боловсролын нэг шинэлэг тал болон тодорхойлогдож байгаа бүх салбарт ажиллагчдийн ажлаа тогтвортой гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай мэдлэг, чадвар эзэмших боломжийг хангасан байх шаардлагатай.
“Тогтвортой хөпклийн дэлхийн Их чуулганы шийдвэрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний 124-т дараахь үйл ажиллагааг бүх түвшинд даруй хэрэгжүүлэх замаар тогтвортой хөгжлийг дэмжихэд боловсролыг ашиглах шаардлагатай гэж заажээ. Үүнд:
- Сургуульд мэдээлэл харилцааны технологийг киррикюлимын хөгжилтэй интеграцчлаж, хот хөдөөгийн хүмүүст хүрэх боловсролын хүртээмжийг хангах, хөгжиж байгаа улс оронд энэ технологийг нэвтрүүлэхэд шаардагдах орчинг бий болгоход дэмжлэг үзүүлэх
- Хөгжиж байгаа улс орны оюутан судлаачид, инженерүүдийг хөгжингүй улсын их сургууль, судалгааны институтийн сургалт, судалгаанд хамрагдах боломжийг нэмэгдүүлж, бүх түншлэгчид бүгд үр ашиг хүртсэн байхаар ур чадвар, туршлагаа солилцох боломжийг бүрдүүлэх
° Тогтвортой хөгжлийн төлөөх боловсролын тогтвортой хөгжлийн комиссын ажлын хөтөлбөрийн хэрэгжилтийг үргэлжлүүлэх
° НҮБ-ын Ерөнхий ансамблейд 2005 оноос эхлэн Тогтвортой хөгжлийн боловсролын 10 жилийн төлөвлөгөө батлахыг зөвлөх
2004 онд НҮБ-ын Ерөнхий асамблейн шийдвэрээр “Тогтвортой хөгжлийн боловсролын 10 жил (2005-2014)” хөтөлбөрийг батлан энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэгч гол байгууллага нь ЮНЕСКО болохыг заасан. ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Кончиро Мацура “Тогтвортой хөгжлийн боловсрол гэдэг нь хүн бүр боловсролын бүхий л боломжуудаас үр ашиг хүртэх, тоштвортой ирээдүйг цогцлоон бүтээхэд шаардлагатай амьдралын хэв маяг, зан үйл, үнэт зүйлсэд суралцах боломжтой ирээдүйн дэлхий ертөнцийг бий болгохын тулд улам бүр эрч хүч авч, өргөжин тэлж байгаа үйл ажиллагаа юм” гэж тодорхойлсон байна.
Энэ алсын харааг 10 жилийн хөтөлбөрт дараахь 4 зорилт болгон нарийвчилжээ:
- Тогтвортой хөгжпийн боловсрол (ТХБ)-ын хөгжилд хувь оруулагчдын хамтын ажиллагаа, сүлжээ, уялдаа холбоо, солилцоог дэмжих
- Тогтвортой хөгжлийн боловсролын багшлахуй суралцахуйн чанарын өсөлтөд таатай нөлөө үзүүлж дэмжих
- Тогтвортой хөгжлийн боловсролын хүчин чармайлтаар дамжуулан Мянганы хөгжлийн зорилтуудад хүрэх, ахиц дэвшил гаргахад нь улс орнуудад туслах
- Тогтвортой хөгжлийн боловсролыг боловсролын тогтолцооны өөрчлөлт шинэчлэлтэй уялдуулан хүчин чармайлт гаргаж буй шинэ боломж бүхий улс орнуудыг дэмжих
Улс орнууд “Тогтвортой хөгжлийн боловсролын 10 жил”-ийн хөтөлбөр, 2002 оны Иоханнесбургийн төлөвлөгөөнөөс гадна НҮБ-аас 2000 онд гаргасан “Мянганы хөгжлийн зорилтууд”, ЮНЕСКО-оос гаргасан “Бүх нийтийн боловсролын Дакарын үйл ажиллагааны бүтэцчилсэн хүрээ”, “Бичигтэн болох НҮБ-ын Арван жил”-ний үзэл санаанд тус тус баримжаалан үйл ажиллагаагаа явуулахыг олон улсын байгууллагуудаас зөвлөсөөр байна. 2005 онд ЮНЕСКО-оос 2005-2014 онд хэрэгжүүлэх тогтвортой хөгжлийн боловсролын хөтөлбөрийн олон улсын хэрэгжилтийн бүдүүвчийг боловсруулан баталсан.
Энэ баримт бичигт “Тогтвортой хөгжлийн боловсролын 10 жилийн хөтөлбөр”-ийн зорилгод нийцүүлэн тогтвортой хөгжлийн боловсролын үйл хэргийг ЮНЕСКО-ийн боловсрол, хүмүүжлийн талаарх бусад үйл ажиллагаатай хэрхэн холбохыг заасан үйл ажиллагааны хүрээг нарийвчлан тодорхойлсон юм. Дээрх ТХБ-ын хөгжүүлэх бүдүүвч болон үйл ажиллагааны хүрээний дагуу улс орнуудад дараах үйл ажиллагаа өрнөж байна. Үүнд:
- Засгийн газар, парламентын түвшинд боловсролын хөтөлбөрүүд гарах
- ТХБ-ын 10 жилийн ажлыг хариуцсан үндэсний хороо байгуулах
- ТХБ-ын үндэсний хороо ба ЮНЕСКО-ийн үндэсний хороо, Боловсролын төрийн бодлого хариуцсан яамны хамтын ажиллагаа өргөжүүлэх
- ТХБ-ын үзэл баримтлалыг сургуулийн түвшинд хэрэгжүүлэх зөвлөмж, удирдамж гаргах
2007 онд Энэтхэгийн Ахмабад хотод “Байгаль орчны олон улсын 4 дүгээр бага хурал болж, дэлхийн 78 орны 1200 төлөөлөгч оролцсон. XXI зууны байгаль орчны боловсролд чиглэсэн ТХБ-ыг хөгжүүлэх үндэсний болон орон нутгийн зорилтууд, үйл ажиллагааны төлөвлөгөөг зөвлөмжилсөн “Ахмабадын Тунхаглал” гаргасан. Энэ Тунхаглалд “Амьдралд тустай боловсрол, боловсрол дагаж амьдрах”-ын чухлыг уриалсан. Тухайлбал, “Хүний эрх, нийгмийн шударга ёс болон эрүүл орчин зэрэг нь дэлхий нийтийн хөгжпийн тэргүүлэх зорилго байх ёстой. Энэхүү зорилгод бүх нийтийн чанартай боловсролоор дамжин хүрч болно. Боловсролоор дамжуулан хүн төрөлхтний аж байдлыг экологийн цэвэр орчин, эдийн засгийн шударга байдал, тогтвортой аж төрөх ёс болон бүх амьд амьтад харилцан шүтэлцээтэй амьдрах боломжийг бий болгох асуудлыг шийдвэрлэж, бэрхшээлийг давж, соёлын олон талт онцлогуудыг хүндэтгэн бие биенээ гэсэн тайван нийгмийг бий болгож чадна. Тогтвортой хөгжлийн боловсрол нь харилцан уялдаатай, хариу үйлдэлтэй, хариуцлагатай байхыг шаардана. ТХБ-ын тусламжтайгаар мэдлэгийн сүлжээний чадавхийг нэмэгдүүлж, өөрсдийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, бүх нийтээрээ бусаддаа энэрэх сэтгэлээр хандахыг уриалж байна.” гэжээ. Судлаачид дэлхийн боловсролын хөгжлийн чиг хандлагыг дараахь бүдүүвчээр илэрхийлж болно (Зураг 3). Энэ ерөнхий стратегээс харахад хүн төрөлхтөн, улс орон, байгууллага, хамт олон, хувь хүн бүрт оршин тогтнох, хөгжиж дэвших үйл явцдаа тогтвортой хөгжлийн үзэл ганаанд тулгуурлах нийтлэг чиг хандлага баримтлах шаардлагатай нь харагдаж байна.
Бүх хөгжил, хөдөлгөөний баталгаа болсон бүх нийтийн боловсролын хүртээмж, чанар, тэгш боломжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хүмүүсийн сурч, ажиллаж, амьдарч, аж төрөх арга ухааныг хөгжүүлж, тэдний хэвшмэл сэтгэлгээ, арга барил, ёс суртахууныг шинэчлэн өөрчлөх хэрэгтэй болжээ. Өөрөөр хэлбэл, хүмүүс аливаа асуудалд хандах, түүнийг шийдвэрлэхдээ өөрийн бодож сэтгэх, ойлгож ухаарах, мэдэрч үйлдэх аргаа өөрчлөхгүйгээр тогтвортой хөгжих боломжгүй болсон цаг үе иржээ гэсэн үг юм. Боловсролын үйлчилгээгээр
дамжуулан шаардлагатай хүмүүст шинэ мэдлэг, чадвар эзэмшүүлж, өөрийнхөө аж төрөх арга ухаанаа өөрчлөхөд нь л тогтвортой хөгжлийн боловсролын зорилго оршиж байна. Тогтвортой хөгжлийн боловсролын агуулга нь хүмүүсийн шинээр сэтгэж, байгаль, нийгэм соёлынхоо уялдаа холбоог зөв таньж ойлгох, шинэ ёс зүйг эрхэмлэн шийдвэр гаргах, үйл ажиллагаагаа шинээр зохион байгуулах арга ухааны нэгдлээр тодорхойлогдоно гэдгийг судлаачид тэмдэглэж байна. (Зураг 4).
Зураг 3. Дэлхийн боловсролын чиг хандлага
Хүн шинээр сэтгэж, шинэ ёс зүй баримталж, шинэ маягаар ажиллахын тулд сэтгэн бодох арга, шийдвэр гаргах ёс зүй, үйл гүйцэтгэх арга барилаа чухам яаж өөрчилнө гэсэн үг вэ гэсэн асуулт үүсэх нь зүй ёсны хэрэг. Энэ талаар аж төрөх ухааны шинэ “Иж бүрэн парадигм”-ыг ЮНЕСКО-оос санал болгож байна (Зураг 5).
Энэ парадигмын үзэл санаа нь хүн төрөлхтөн тогтвортой аж төрөхийн тулд аливаа нэг зүйлийг иж бүрэн байдалд нь харж сэтгэх, зөвхөн енөөдрийн өөрийн эрх ашгийг бус бүх нийтийн ирээдүйг эрхэмлэн бусдын бие даасан байдал, тэгш эрхийг хүндэтгэж шийдвэр гаргах, бүх түвшний үйл ажиллагаагаа дэмжин уялдуулахын нэгдэл зохицлыг илэрхийлж байна.
Байгаль ертөнц биднээс үл хамааран өөрөө зохион байгуулагдаж, хувьсан өөрчлөгдөж, зохицон хөгжиж байдаг нарийн нийлмэл тогтолцоо байдаг учраас энэ нарийн зүй тогтолыг бүрэн гүйцэт ойлгож ухаараагүй хүмүүс бидний харалган үйл ажиллагаа дэлхийн амьдралыг тогтворгүй болгоход ихээхэн нөлөөлж байгаа билээ. Энэ удаа дээрх иж бүрэн парадимын нэг тулгуур болох “Иж бүрэн сэтгэлгээ” (Зураг 5)-ний дараахь агуулгыг жишээ болгон авч тоймлон танилцуулж байна. Үүнд:
- Аливаа нэг юмс, үзэгдлийг түүнийг хүрээлэн байгаа орчинтой нь холбон харахыг өөрөөр хэлбэл, тэдгээрийг бүхэл бүтэн дотоод саланги чанарынх нь нэгдэлд барьж сэтгэхийг чухалчилдаг. Сэтгэлгээний энэ барилыг хэр зэрэг эзэмшснээс асуудлаа хэр ул суурьтай ойлгох, түүнийг шийдвэрлэхээр сонгосон аргын эрсдэл нь хэр байх нь хамаарна.
- Аливаа юмс, үзэгдлийг иж бүрэн сэтгэж, ойлгохын тулд тэдгээрийг өөрөө зохион байгуулагдах чанартай, олон эрэмбэт хамааралтай, тодорхой чанарын ертөнц бүхий бүхэл бүтэн тогтолцоо гэж үзсэнээр асуудлыг уялдаа холбоотой шийдэх боломж бүрдэнэ.
- Улс орнууд, байгууллага хамт олон, хувь хүн бүр өөр өөрийн ашиг сонирхолтой, байр суурьтай байдаг. Энэ нь нийтийн хэргийн төлөө, тэр тусмаа тогтвортой хөгжлийн төлөө нэгдмэл нэг байр сууринд хүрч болохгүй гэсэн үг биш юм. Эсрэг тэсрэг байр суурийг тэвчээртэй сонсож, харилцан яриа хэлэлцээрийн ямар байр сууриа ойлголцож, бие биеэ чин сэтгэпээсээ мэдэрсэнээр шийдвэр гаргахад шинэ ёс зүй үйлчилж эхлэнэ.
Орчин үед тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн боловсрол, байгаль орчны боловсрол, хүрээлэн байгаа орчны боловсрол гэсэн нэр томьёог нийгмийн амьдралын бүхий л тувшинд бараг хүн бүр ярих болсон байна. Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хүмүүсийн уулзалт, семинар дээр гавьж буй илтгэл, ярилцлага болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллээс үзэхэд эдгээр боловсролыг өөр өөр нэр томъёогоор илэрхийлж буй нэг зүйл гэж үзэх, эсвэл хоорондоо ямарч холбоогүй өөр өөр боловсрол гэж үзэх хоёр туйлийн хооронд хүмүүсийн бодол санаа байгаа нь ажиглагддаг. Харин олон жилийн турш байгаль орчны боловсролын үзэл баримтлал боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг удирдан туршлага хуримтлуулсан судлаач эрдэмтэд эдгээр боловсролын ялгааны талаар онол, арга зүйн дараах тодорхой үндэслэлтэйгээр энэ асуудалд хандаж байна. Тухайлбал,
- ТХБ-ыг ерөнхийд нь хүмүүсийн суралцах, ажиллах, амьдрах арга ухаандаа зарчмын шинэ өөрчлөлт оруулах боловсрол гэж үзэж байна. (Морин.ЮНЕСКО). Өөрөөр хэлбэл, ТХБ нь аливаа юмс үзэгдлийн нэгжид биш, тогтолцоонд нь төвлөрч сэтгэн болох, бусадтай харилцан ойлголцож, тэднийг мэдэрч хүндлэх, шийдвэр гаргах арга барилаа өөрчлөх, ёс зүйгээ шинээр эрэмбэлэх, үйл ажиллагааныхаа арга барил, цар хүрээг өөрчлөх зэрэг сэтгэх, мэдрэх, ойлголцох, үйлдэх бүх үйлээ эрэмбэ ахиулан хөгжүүлэх боловсролын үйл явц юм.
- ТХБ нь хүмүүс амьдарч буй орчиноо илүү сайн ойлгож, тогтвортой хөгжлийн үзэл санааны дагуу түүнийг өөрчлөхөд тэдэнд дэмжлэг узүүлэх боловсрол хүмүүжлийн том аян юм. Ялангуяа, ТХБ-ын агуулгын хүрээнд хүмүүст глобалчлал, эдийн засгийн хөгжил, хэрэглээ, байгаль орчны бохирдол, хүн амын өсөлт, эрүүл мэнд ба нийгмийн амьдралын хоорондох харилцан хамаарлын нарийн нийлмэл байдлыг ойлгуулах явдал юм. Манай дэлхийн тогтвортой ирээдүйд зайлшгүй чухал хэрэгцээтэй мэдлэг эзэмших, үйл ажиллагаа явуулах боломжуудыг иргэдэд олгохуйцаар боловсрол, хүмүүжлийн агуулга, арга зүйг олон салбар шинжлэх ухааны уулзвард нэгдмэл байдлаар авч үзэн томьёолж байна.
- ТХБ-ын 10 жилийн зорилго нь нийгмийн амьдралыг тогтвортой хөгжлийн үзэл санааны дагуу эсрэгээр өөрчлөх болон ирээдүйн амьдралд шаардлагатай мэдлэг, үнэт зүйлийг эзэмшин улмаар амьдарлын хэв маяг, хандлагыг эзэмшихэд чиглэгдсэн боловсрол олгох боломжийг” бүх хүнд олгоход оршино.
- Тогтвортой хөгжлийн “Глобаль сэтгэж-локаль үйл ажиллагаа явуулах, ажиллах” тухай үзэл санаа нь нэг талаас, хүрээлэн буй орчны боловсролыг нөгөө талаас, хөгжлийн талаарх улс төрийн боловсрол (глобаль суралцахуй)-ыг ТХБ гэсэн нэг үзэл баримтлалын доор нэгтгэж байгаа хэрэг. Хөгжлийн хөтөлбөр 21-ийн тулгуур санаа болох “глобаль сэтгэж- локаль үйл ажиллагаа явуулах, ажиллах” гэсэн үзэл санаанаас дэлхийн хэмжээнд сэтгэж, оршин байгаа газар нутагтаа тогтвортой амьдарч ажиллах арга ухаанд сургах боловсролын агуулгыг хүүхэд залуучуудын амьдралын орчин, тэдний хуримтлуулсан туршлагад тулгуурлан, улмаар глобаль түвшний шаталсан бүтцийн харилцан хамааралд баримжаалан боловсруулах шаардлагатай болох нь харагдаж байна.
- ТХБ нь шинжлэх ухааны олон салбарыг хамарсан боловсрол болохынхоо хувьд цоо шинэ зүйл биш юм. Байгаль орчны боловсрол, иргэний боловсрол, эрүүл мэндийн боловсрол зэрэг нь мөн л шинжлэх ухааны олон салбарыг хамарсан боловсрол билээ. Харин ТХБ нь олон салбар шинжлэх ухааны боловсролуудын амин холбоог тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд буулгаж, утгажуулсан амьд боловсрол болохынхоо хувьд ерөнхийлөгдөн эрэмбэлэгдсэн цогц чадамжууд, тэдгээрийг иргэдэд эзэмшүүлэх тусгай дидактик зарчмууд, үнэт зүйлсийн төлөвшлийн үнэлгээ зэрэг өөрийн гэсэн тодорхой шалгуураар тодорхойлогдох шаардлагатай.
Тогтвортой хөгжлийн боловсрол нь олон удаагийн, олон түвшний, олон уулзалт хэлэлцүүлгээр шүүн хэлэлцэгдсэн, сүүлийн 20 орчим жил агуулга, арга зүй, хэрэгжилтийн хувьд улам бүр цэгцрэн хүний боловсролын чанарт зарчмын өөрчлөлт оруулж байгаа боловсролын хөгжлийн шинэ үе шат юм. Энэ нь тогтвортой хөгжлийн боловсролын хэрэгцээ, зорилго, агуулга, арга зүй, сургалтын орчин, үнэлгээ нь орчин үеийн шинжлэх ухааны судлагдахууны нэгжид суурилсан, хэрэглээ багатай болон эсвэл шинжлэх ухаан, ажил, үйлчилгээний аль нэг нарийн чиглэлийн мэргэшил мэтээр явцуу хүрээнд ойлгож байсан өмнөх үеийн болон өнөөдрийн боловсролын хэрэгцээ, зорилго агуулга, арга зүй, орчин, үнэлгээнээс илүү өргөн цар хүрээтэй, гүнзгий утга агуулгатай боловсрол юм. Тогтвортой хөгжлийн боловсрол нь байгаль орчны боловсрол, экологийн боловсрол, хүрээлэн байгаа орчны боловсрол гэх мэт олон нэр томьёо, агуулгаар дамжин өнөөдрийг хүрсэн бөгөөд эдгээрээс Хүрээлэн байгаа орчны боловсрол (ХБОБ) нь илүү өргөн утгыг агуулдаг. Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN) ХБОБ -ыг “Хүн хийгээд сав ба шим ертөнцийн биологийн болон физикийн хүрээлэл хоорондым амин холбоог ухаарч, энэ харилцаа холбоондоо нийцзж амьдарч сурахад нь хүмүүст хэрэгцээтэй мэдлэг, ур чадвар, хандлагыг хөгжүүлэн төлөвшүүлэх тухай үзэл онол, үнэт зүйлсийг танин мэдэх үйл явц юм.” гэж тодорхойлсон байна.
1992 оны Риогийн Эх дэлхийн дээд хэмжээний уулзалт дээр “Тогтвортой хөгжлийг дэмжих болон хүмүүст байгаль орчны болон хөгжлийн асуудлын талаар үнэн зөв ойлголттой болоход боловсрол маш чухал хэрэгтэй зүйл” гэж тодорхойлсноор боловсрол нь ХБОБ-ын зорилгоос илүү өргөн хүрээ, гүнзгий утга агуулгатай болж хөгжлийн тэр тусмаа, тогтвортой хөгжлийн асуудалтай холбогдох болсон. Энэ үеэс ТХБ-ын асуудал тавигдаж, өөртөө ХБОБ-ыг агуулсан, илүү олон талт асуудлыг хамарсан, анги танхимын сургалтын арга зүйгээс хальсан, олон түвшний оролцоог шаардсан, нарийн нийлмэл үйл явц болон хувираад байна. ТХБ нь дараахь гол зорилготой. Үүнд:
- Хүмүүст дэлхий дээрх бүх амьдралын шүтэлцээ, тэдний үйлдлийн харилцан хамаарал, өнөөгийн болон ирээдүйн хөгжлийн талаар гаргах шийдвэрийн үр дагаварыгдэлхийн, үндэсний, орон нутгийн хэмжээнд урьдчилан харах, ойлгон ухамсарлах боломж олгох
- Тогтвортой хөгжилд эерэг ба сөргөөр нөлөөлөх эдийн засаг, улс төр, нийгэм, соёл, технологи, байгаль орчны хүчин зүйлсийн талаарх хүмүүсийн мэдлэгийг дээшлүүлэх
- Хүмүүсийн мэдлэг, чадвар, хандлага, үнэлэмжийг хөгжүүлж, тэдэнд орон нутгийн, үндэсний, дэлхийн хэмжээний тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан илүү зохистой, тогтвортой хөгжлийн төлөө ажиллах боломж олгох.
ТХБ нь ХБОБ-ыг бодвол илүү өргөн, илүү олон талыг хамарсан ойлголт гэдэг утгаараа нэг чиглэлийн агуулгатай мэдээлэлд суурилдаггүй, сургуулийн анги танхимын сургалт, хүмүүжлийн арга зүйгээс давсан арга барил, менежмент шаарддаг, нийгэмд, бүх нийтэд чиглэсэн сургалт хүмүүжлийн цогц үйл ажиллагаагаар хэрэгждэг, хамгаалалттай газар нутагт болон хүмүүсийн амьдарч байгаа орон нутагт тулгардаг бодит асуудалд тулгуурладаг онцлогтой. ТХБ нь ийнхүү илүү бодит тодорхой үйл ажиллагаа шаарддаг, илүү нээлттэй, ардчилсан үзэл санааг тусгасан ойлголт юм. Гэхдээ ТХБ-ын үзэл санааг боловсролд хэрэгжүүлэхэд төдийгүй, нийгэмд түүний тухай зөв ойлголт өгөх, улмаар төлөвшүүлэхэд ихээхэн бэрхшээлүүд тулгардаг. Тухайлбал: ХБОБ нь бүхэлдээ нэг чиглэлийн мэдээлэл болон шинжлэх ухаан дээр тулгуурлахаас илүү ТХБ-ын зарим нэг элементийг агуулах болоод нэлээд хугацаа өнгөрчээ. Эдгээр ойлголтыг ялгаатай ба төсөөтэй талуудыг нарийвчлан ойлгохгүй байгаагаас сургууль, багш нарын дунд ч маргаан үүсэх болсон байна. Тухайлбал: Францын багш нар өөрсдийн сургалтын арга барилаа ХБОБ-ынх гэх уу эсвэл ТХБ-ынх гэх үү, эсхүл бүр тэс өөр нэр өгөх ёстой юу гэдгийг одоо ч шийдээгүй байна. Гэвч тэд илүү тэгш эрхтэй, харилцан шүтэлцээтэй, тогтвортой дэлхий ертөнцийн төлөө энэхүү ажпыг хийж байгаа гэдгээ сайн мэддэг юм.
Тогтвортой нийгэмд чиглэхэд ямар төрл ийн боловсрол хэрэгтэй вэ гэдэг дээр янз бүрийн санал, эргэлзээ үүсэх боломжтой юм. Зарим хүмүүс ТХБ нь амьдралын хэв маяг, дадал зуршлыг өөрчлөх норм, үнэт зүйлсийг хөгжүүлэх багаж хэрэгсэл байх ёстой гэж ойлгодог. Бусад нь ХБОБ эсхүл ТХБ-ыг тогтвортой хөгжлийн талаар сургадаг боловсрол гэж ойлгодог ба энэ нь хүмүүст тогтвортой амьдралд хүрэхэд нь тусалдаг гэж үздэг.
Ном зүй
Хууль, бодлогын баримт бичиг
- Үндсэн хууль, УБ, 1992.
- Боловсролын тухай хууль, УБ, 2002.
- Бага дунд боловсролын тухай хууль, УБ, 1995.
- Дээд боловсролын тухай хууль, УБ, 2002.
- НҮБ, “Даян дэлхийн XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр” УБ, 1996.
- Монгол Улсын Боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө, УБ, 2006.
- Монгол Улсын Засгийн Газар, Монгол улсын XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр, УБ, 2Q02.
- Бүх нийтийн тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний хөтөлбөр” төсөл, УБ, 2006.
Ном, сурах бичиг
- Б.Бурмаа, МУИС, Ц.Лувсандорж, УБИС, Тогтвортой хөгжпийн узэл санааны хүрээнд багш боловсролын киррикюлимыг боловсронгуй болгох асуудалд, УБ, 2004.
- Б.Бурмаа, Ш.Оюунцэцэг, Ч.Ганцэцэг, Г.Жавзанхорлоо, Ц.Дэлгэрсайхан, “Тогтвортой хөгжлийн үзэл санааг 1-р ангийн хичээлд тусгах нь” багш нарын мэргэжил дээшлүүлэхэд зориулсан гарын авлага, Хуудас 4-6, УБ, 2008.
- М.Энхсайхан, Ц.Адъяасүрэн, Д.Дагвадорж, “Тогтвортой хөгжил сурах бичиг”, Хуудас 12-29, УБ, 2003.
- НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Байгаль орчны сургалт, судалгааны “ЭКО АЗИ” дээд сургууль, “Тогтвортой хөгжил” сурах бичиг, Хуудас 6-16. УБ, 2006,
- П.Очирбат, М.Баясгалан, Б.Чинзориг, “Тогтвортой хөгжлийн боловсрол” (багшийн ном), х 28-32, УБ, 2004.
- Ц.Адъяасүрэн, Тогтвортой хөгжилд хүрэх замд, х 6-21, УБ, 1997.
- ЮНЕСКО, Байгаль орчны сургалт, судалгааны “ЭКО АЗИ” дээд сургууль, “Тогтвортой хөгжлийн боловсрол” дунд сургуулийн гарын авлага, УБ, 2007.