Ч.Тамир
/МУИС-ийн Социологийн тэнхмийн багш/
Шинэ толь №46, 2004
Түлхүүр үг: Үндсэн хууль, хэрэгцээ шаардлага, иргэдийн санаа бодол, байр суурь, хөгшин жардууд, Дэмжигчид, төвийг сахигчид
Сүүлийн хэдэн жилд хамгийн их маргааны сэдэв болоод байгаа асуудал бол Үндсэн хуулийн өөрчлөлт билээ. Бид өөрсдийн судалгаагаар үндсэн хуулийн өөрчлөлт, түүнийг тойрсон улс төрийн үйл явдлын талаар иргэд хэрхэн үзэж байсныг судлах зорилго тавьсан юм. Чингэхдээ нэгдүгээрт, үндсэн хуулийн өөрчлөлтийн талаархи олон нийтийн санаа бодлыг судалсан судалгаануудыг, хоёрдугаарт, экспертийн судалгааны баримтуудыг хослуулан ашигласан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой багц асуудлыг:
- Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгцээ шаардлага, иргэдийн санаа бодол, байр суурь, түүний өөрчлөлт,
- Үндсэн хуульд хийсэн өөрчлөлт, түүнээс үүдсэн улс төрийн үйл явц ба улс төрийн субъектуудын байр суурь,
- Үндсэн хуульд хийсэн нэмэлт өөрчлөлт, түүний агуулга түүнийг даган гарч болох хувилбар, оновчтой шийдэл гэсэн гурван хэсэг болгон авч үзсэн болно.
Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгцээ шаардлага, иргэдийн санаа бодол, байр суурийн өөрчлөлт
Жил бүр Монголчууд Үндсэн хуулийн ойгоо сүр дуулиан болгон тэмдэглэдэг заншилтай. Жил жилийн үндсэн хуулийн баяраар үндсэн хуулиа магтаад л бөх барилдаад л нэг өдөр амраад л дуусдаг билээ.
Гэтэл үндсэн хуультай холбоотой төрийн хямрал сүүлийн арваад жилд удаа дараа гарч байна. Ялангуяа 1998-2000 он бол монголын төр үндсэн хуулийн тодорхойгүй байдалтай холбоотой гүнзгий хямралын оргил үе байв. Чухам энэ үед буюу 1998 оны 10 дугаар сард Ц.Элбэгдоржийн засгийн газар огцорч үүрэг гүйцэтгэгчээр үндсэн хугацаанаас илүү удаан хугацаагаар ажиллахад хүрч байв. Тухайн үед Ерөнхий сайдыг томилохоор Ерөнхийлөгч, олонхийн бүлэг хоорондоо зөвшилцөж чадахгүй байсан тэр үед шинжээчдийн 61 орчим хувь23 нь өнөөгийн мухардмал байдлаас гарахын тулд үндсэн хууль болон зохих хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах, цаашилбал төрийн тогтолцооны хэлбэрийг өөрчлөх ёстой хэмээж байв.
Харин дөрвөн хүн тутмын нэг нь Засгийн газрыг яаралтай байгуулах, 15 орчим хувь нь УИХ-ыг бүхэлд нь тараах зэрэг зарчмын өөр өөр саналтай байлаа.24
Дээрх судалгаанаас харахад шинжээчдийн дийлэнхи хувь нь хямралыг уг үндэс болсон үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, цаашилбал төрийн тогтолцооны хэлбэрийг өөрчилснөөр асуудлыг шийдвэрлэж чадна гэж үзсэн юм. Энэ бол үндсэн хуулийн тодорхойгүй байдалд тайлбар хийх цаашилбал өөрчлөх зайлшгүй шаардлага практикаас урган гарч түүнийг шийдвэрлэх хэрэгтэй болсныг шинжээчдийн санал харуулж байв.
Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгч ба олонхийн бүлгийн зөрчилдөөн түүнийг тойрсон улс төрийн үйл явцын өрнөл нь олон нийтийн хувьд ч гэсэн үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй гэсэн ойлголтыг төлөвшүүлэхэд хүрсэн юм.25
Судалгаанаас харахад үндсэн хуульд өөрчлөлт хийхийн өмнө олон нийт уг асуудлаар харилцан адилгүй дараахь гурван үндсэн бүлэгт хуваагдаж байжээ. Одоо эдгээр бүлгүүдийг тус бүрд нь авч үзье. Ингэхдээ үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж буй эсэхээр шалгуур болгон үзсэн гэдгээ тэмдэглэн хэлэх байна.
- “Хөгшин жардууд”
Монгол улсын үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэгчдийг ийнхүү нэрлэж болох юм. Тэд одоогийн үндсэн хуулийг ардчилсан нийгэмд үйлчилж чадах сайн үндсэн хууль гэж үздэг.
1998 оны 8 дугаар сард тэд судалгаанд хамрагдагсдын 7.4 хувийг эзэлж байсан бол 1999 оны 3 дугаар сар гэхэд 8.65 хувьтай болсон байлаа. Энэ нь тухайн үед өрнөж байсан улс төрийн үйл явц, мөн судалгааны түүврийн алдааг тооцон үзэх юм бол төдийлөн өөрчлөлт орсонгүй. Судалгааны эл баримт нь дээрх үзлийг баримтлагчид хүрээгээ төдийлөн тэлж чадаагүйг харуулна.
Яг энэ үед шинжээчдийн 15 орчим хувь нь одоохондоо өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэж байв.
Сүүлд нь үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийсний дараа буюу 2000 оны 2 дугаар сард судалгаанд оролцогчдын 24.4 хувь нь буруу хэмээн хариулж, энэ бүлгийн гишүүдийн тоо нэмэгдсэн юм28. Бидний таамаглаж буйгаар ингэж нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэх болсон шалтгаан нь үндсэн хуулийг өөрчлөх хэлбэр, арга хэрэгсэл нь цаг хугацаа, агуулга зэрэг хүчин зүйлийг харгалзаагүйтэй холбоотой байв. Тийм учраас үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөнд Ерөнхийлөгч хориг тавихад түүнийг зөв хэмээн 38.8 хувь нь хариулсан ба 7 сарын дараа 2000 оны 9 дүгээр сар гэхэд энэ хувь нь бага зэрэг багасаж 37.7 хувь болсон байдаг29. Ингэж бараг гурван хүн тутмын нэгээс илүү нь Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байсан нь санамсаргүй зүйл биш байсан юм.
1998 оны 10 дугаар сард шинжээчдийн 2.2 хувь нь шинэ үндсэн хуулиар одоогийн тогтолцоо ирээдүйтэй гэдгээ бүрэн харуулсан гэж дүгнэж байсан бол хагас жилийн дараа 56.8 хувь нь үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь буруу, Ерөнхийлөгчийн хориг тавьсныг 74 хувь нь ямар нэгэн байдлаар зөв хэмээн байр суурь нь огцом өөрчлөгдсөн байдаг.
Дээрх баримтууд нь үндсэн хуулийг өөрчлөх талаар иргэдийн болон шинжээчдийн санал, үзэл бодол дотроо өөр хоорондоо тодорхой хэмжээгээр зөрүүтэй байгаа ч үндсэн хуулийн өөрчлөлт нь олон нийтийн санаа бодол ба шинжээчдийн санаа бодлыг өөрчлөхөд хүрснийг харуулж байна.
- “Дэмжигчид”
Засгийн газрууд ээлж дараалан солигдож, УИХ дахь олонхийн бүлэг ба Ерөнхийлөгчийн хооронд Ерөнхий сайдын асуудлаар зөрчил хурцдав. Үүнтэй зэрэгцсэн дараалсан улс төрийн олон үйл явцын бодитой шалтгаан нь үндсэн хуулийн томъёололын тодорхойгүй байдалтай холбоотой байв. Тийм ч учраас чухам энэ үед үндсэн хуулийг өөрчлөх үзлийг дэмжигчдийн бүлэг (1998 оны 9 дүгээр сар гэхэд судалгаагаар) нийтдээ 87.3 хувь болж байсан. Үүнээс 6 сарын дараа гэхэд 1999 оны 3 дугаар сард дэмжигчдийн бүлгийн 70 орчим хувь болж багаслаа. Эхний үед тэдний 39.8 хувь ер нь боломжийн хууль болов ч сайн хэрэгжихгүй байна гэсэн бол 47.5 хувь нь үндсэн хуулийн зарим зүйлийг нэмж өөрчлөх хэрэгтэй хэмээн тодорхойлж байв. Энэ бүлэг дотроо үндсэн хуулийг өөрчлөх цар хүрээгээрээ хоёр хэсэг болон хуваагддаг.
Үүнд нэгд, өөрчлөлт оруулахдаа зарим нэг зүйлд л өөрчлөлт оруулах буюу бага зэрэг өөрчлөхийг л дэмждэг хэсэг. Тэд нийтдээ 28.08 хувийг эзэлж байв. Харин хоёрдахь бүлэг болж байгаа бөгөөд дөрвөн хүн тутмын нэгээс ялимгүй илүү нь үндсэн хуулийн талаар ийм үзэл бодлыг баримталдаг ажээ. Тэд хамгийн том бүлэг болж байв. Нийт хүмүүсийн 41.73 хувь нь энэ байр суурийг дэмжсэн ба үндсэн хуульд нэлээд өөрчлөлт оруулах ёстой гэсэн үзлийг баримталдаг байна. Нэлээд гэдгийг тодорхойлох байдал тэдний хувьд өөр өөр боловч 30-40 хувьд гэсэн санаа энэ үгийн утгаар илэрдэг. Хэрвээ үндсэн хуулийг өөрчилвөл дэмжих гол бүлэг эд мөн байв.
Мөн шинжээчдийн судалгаанд оролцогчдын 32 хувь нь өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий болсон, 53 хувь нь өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай боловч нэн тулгамдсан асуудал биш хэмээн цаг хугацааны хувьд өөр байр суурьтайгаар дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Шинжээчдийн 80 хувь нь өөрчлөлт хийх ёстой гэдэгтэй санал нийлж байсан ба гагцхүү дотроо цаг хугацааны хувьд яаруу ба тайван гэсэн хоёр шугаманд хуваагдаж байна.
Мөн 1998 оны 10 дугаар сард Их Хуралдайд зориулан 100 шинжээчдээс авсан судалгаанд оролцогчдын 37.78 хувь нь одоогийн тогтолцоо зөв боловч түүнд засч сайжруулах зүйл олон байна, 41.45 хувь нь одоогийн тогтолцоо монголын нийгэмд тохирохгүй гэдгээ харуулсан гэж үзжээ. Ингэж одоогийн тогтолцоог өөрчлөх хүч 79.33 хувь болж байгаа нь маш өндөр хувь юм.
Гэвч намууд үндсэн хуульд өөрчлөлт оруулсны дараа энэ бүлэг хоёр дахин багасч 35.5 хувь болжээ. Өөрөөр хэлбэл, намууд зөвшилцөж үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь зөв гэж 35.5 хувь нь хариулсан юм. Энэ бол намуудын үндсэн хуулийг зөвшилцөн өөрчилснийг буруу хэмээн үзсэнийг, мөн тэд Ерөнхийлөгч үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөнд хориг тавьсныг эсэргүүцэх гол хүч болсон юм. Гэвч тэдний эгнээ улам бүр багассаар байлаа. Судалгаанаас харвал Ерөнхийлөгчийн хоригийг буруу хэмээн үзсэн хүмүүс 2000 оны 2 дугаар сард 18.3 хувьтай байсан бол 7 сарын дараа буюу 9 дүгээр сард 9.5 болж бараг 2 дахин багассан юм.
Харин шинжээчдийн 42.1 хувь нь үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсныг энэ бол зөв зүйтэй өөрчлөлт хэмээн үзсэн байхад Ерөнхийлөгчийн хоригийг 22.9 хувь нь буруу хэмээжээ.
- “Төвийг сахигчид”
Ерөнхийлөгчийн тавьсан хоригтой холбогдуулан “Социологийн академи” судалгааны төвөөс 2000 оны 2 дугаар сар болон 9 дүгээр сард давталттай судалгаа явуулсныг дээр өгүүлсэн билээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжээгүй хэрнээ үгүйсгээгүй мэдэхгүй хэмээн хариулагсад 1998 оны 11 дүгээр сард судалгаанд30 хамрагсадын 11.2 хувьтай байсан бол 1999 оны 3 дугаар сар гэхэд ТЗУХИ-ийн судалгаагаар 20 орчим хувь болж өсчээ. Хэрвээ үндсэн хуулийг өөрчилсөн тохиолдолд энэ бүлэг ямар нэгэн дэмжлэг, эсхүл эсэргүүцэл үзүүлэх зэрэг реакци үзүүлэхгүй нь тодорхой.
2002 оны 2 дугаар сараас 9 дүгээр сард Ерөнхийлөгчийн хоригийг мэдэхгүй хэмээн хариулагсадын тоо өсөж 41-50 хувьтай болжээ. Судалгаанаас үзвэл Ерөнхийлөгчийн хоригийг мэдэхгүй хэмээн хариулсан хүмүүс 2000 оны 2 дугаар сард 44.4 хувьтай байсан бол 9 дүгээр сард 54.0 хувь болж бараг хоёр хүн тутмын нэг нь мэдэхгүй гэсэн төвийг сахисан байр суурьт шилжсэн байна.
Ингэх нь богино хугацаанд иргэдийн үндсэн хуулийн өөрчлөлтийн талаархи үзэл бодол өөрчлөгдөж байсан ба Ерөнхийлөгч үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөнд хориг тавьснаар улс төрийн тодорхойгүй байдал үүссэн юм. Энэ үед манай улс орны амьдралд урьд нь тохиолдож байгаагүй олон үйл явц өрнөж байлаа.
Иргэдийн үзэл бодол чухам яагаад ийм хурдан өөрчлөгдсөн, тэд дэмжигчид байснаа эсэргүүцэгчид болж хувирав? Энд янз бүрийн байдлаар хариулж болно. Бидний бодлоор дараахь хүчин зүйл нөлөөлсөн бололтой.
Нэгдүгээрт, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхэд улс төрийн бусад субъектууд буюу Үндсэн хуулийн Цэц, мөн Ерөнхийлөгч цаашилбал улс төрийн бусад намуудын саналыг авах хэрэгтэй байв. Тухайлбал “Социологийн академи” судалгааны төвийн судалгаанаас иргэдийн 18.2 хувь нь цэцийн саналыг сонсох ба Ерөнхийлөгчтэй зөвшилцөх хэрэгтэй хэмээсэн бол “Оператив” төвийн судалгаанд шинжээчдийн 39 хувь нь Ерөнхийлөгч, УИХ, Цэц болон улс төрийн бүх намын хүрээнд өргөн хэлэлцүүлэг хийх хэрэгтэй гэж үзжээ.
Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхдээ эрдэмтэн судлаачдын баг гаргаж нэлээд нухацтай судалгаа хийж шинжлэх ухааны үндэстэй өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн үзэл хүчтэй байсан юм. “Социологийн академи” төвийн судалгаанд оролцогчдын 11.4 хувь нь үүнийг сонгосон байгаа бол “Оператив” төвийн шинжээчдийн судалгаанд оролцогчдын 40 хувь нь ингэх шаардлагатай байсныг дурджээ. Мэдээжээр шинжээчид үүнд иргэдээс бараг 3.5 дахин их хувь нь хариулсан байна. Үнэхээр ч “Үндсэн хуулийг гал унтраах” маягтай өөрчлөлт оруулаад яваад байх нь сүүлдээ парламентад суудалтай намууд л шийдвэрлэдэг буруу жишиг тогтоож болох талтай. Үндсэн хууль бол өнгөц засвар хийгээд яваад байдаг бусад хуулиас агуулга, шинж чанар зэргээрээ өөр гэдэг нь нотолгоо шаардахгүй зүйл билээ.
Гуравдугаарт, ард нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй байсан гэсэн санал багагүй нөлөөлсөн байна. “Социологийн академи” төвийн судалгаанд оролцогчдын 51.4 хувь нь бараг 2 хүн тутмын нэг нь ард нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй гэж үзсэн байхад шинжээчдийн судалгааны 13 орчим хувь нь энэ хэлбэрийг дэмжсэн байна. Судлаачдын хувьд ч гэсэн энэ байр суурийг дэмжиж байв.
Дөрөвдүгээрт, Үндсэн хуулийг парламентад суудалтай намууд шууд зөвшилцөж өөрчилснийг шинжээчдийн 36.5 хувь нь хуулийн дагуу явагдсан гэж хариулсан бол 62.5 хувь нь хууль зөрчиж хийгдсэн гэж үзэж байв. Энэ бол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэх бас нэгэн шалтгаан байлаа. Тухайн үед өрнөж байсан улс төрийн олон үйл явцыг тоочилгүйгээр олон нийтийн санал бодлын өөрчлөлтийг зураглахад ийм байна.
Хоёр. Үндсэн хуульд хийсэн өөрчлөлт, түүнээс үүдсэн улс төрийн үйл явц ба улс төрийн субъектуудын байр суурийг үнэлэх иргэдийн үнэлэмж
Улс төрийн намууд зөвшилцөж үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Үндсэн хуулийн цэц, Ерөнхийлөгч, УИХ гэсэн субъектуудын хооронд багагүй зөрчил үүссэн юм. Үүнийг тус бүрд нь авч үзвэл дараахь дүр зураг ажиглагдаж байна.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой Парламент ба Ерөнхийлөгчийн харилцааны зөрчилтэй зарим асуудлууд
УИХ ба Ерөнхийлөгчийн хоорондох маргаантай асуудлыг нарийвчлан авч шинжвэл үндсэн хуулийн тодорхойгүй байдлаас л шууд холбоотой байлаа. Бүр анх элчин сайдыг томилох асуудал дээр илэрхий зөрчил үүсч улмаар Ерөнхий сайдыг томилох, цаашилбал үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөнд хориг тавих зэрэг дээр хямрал болж даамжирахад хүрсэн юм. Энэ бол зөвхөн одоохондоо илрээд байгаа зөрчлүүд. Цаашилбал Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай, ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийг УИХ батлахгүй бол яах вэ? гэх зэрэг тодорхойгүй, хэний нь ч буруу гэх аргагүй олон асуудал бий.
Тухайн үед “Социологийн академи” төвийн давталттай судалгаанд Ерөнхийлөгчийн хоригийг эхлээд 38.8 хувь нь дэмжиж байснаас 37.7 хувь болсон байдаг. Улмаар 2000 оны 12 дугаар сард “Тэнхлэг” төвөөс явуулсан судалгаанд оролцогчдын 36 орчим хувь нь Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй хэмээн үзжээ.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой маргаантай Парламент ба Үндсэн хуулийн цэцийн хоорондын зарим асуудлууд
2000 оны 8 дугаар сард Үндсэн хуулийн цэц нэмэлт өөрчлөлтийг авч хэлэлцээд гаргасан саналыг УИХ дахь МАХН-ын бүлэг дэмжсэнгүй. Үүнийг 2000 оны 9 дүгээр сард явуулсан судалгаанд оролцогдчын 22.3 хувь нь үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцээгүй нь буруу, 19.1 хувь нь МАХН үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзсэн нийтдээ 41.4 хувь нь МАХН-ыг буруу хэмээсэн саналтай байв. Харин эсрэг талд нь 21.4 хувь нь МАХН-ын байр суурийг дэмжсэн, 35 хувь нь мэдэхгүй хэмээн хариулж гурван үндсэн хэсэгт хуваагдсан байлаа. Удалгүй 3 сарын дараа буюу 2000 оны 12 дугаар сард “Тэнхлэг” төвөөс явуулсан судалгаанд оролцогчдын 44.6 хувь нь УИХ-ын буруу буюу МАХН-ын шийдвэрийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бол 27.5 хувь нь Цэцийн буруу хэмээн МАХН-ыг дэмжсэн байдаг. Өөрөөр хэлбэл, гурван сарын дараа МАХН-ын байр суурийг дэмжигчдийн эгнээ өсч 9 дүгээр сард 21.4 байсан бол 12 дугаар сарын сүүл гэхэд 27.5 хувь болж 6.1 хувиар өссөн байхад цэцийг дэмжигчдийн эгнээ 2.8 хувиар ихэсч үүнтэй урвуу хамааралтай хариулахад түвэгтэй байна хэмээн төвийг сахигчид 35-27.3 хувь болж багасжээ.
Үндсэн хуульд хийсэн нэмэлт өөрчлөлт, түүний агуулга, түүнийг даган гарч болох хувилбар, оновчтой шийдэл
Парламентад суудалтай намууд 1999 оны 12 дугаар сард үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Ийнхүү намууд зөвшилцөж үндсэн хуулийг өөрчилснийг шинжээчид хэрхэн үнэлснийг тус бүрд нь харуулья.
Эерэг талууд
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийснээр парламент болон засгийн газрын болзошгүй хямралаас сэргийлэх боломжийг олгосон гэж хамгийн их буюу нийт шинжээчдийн 43.9 хувь нь үзсэн байна. Чухам ингэж өөрчлөлт хийснээр парламентын сонгодог хэлбэрт орох алхам болсон гэж 37.7 хувь нь үзжээ.
Сөрөг талууд
Шинжээчдийн 67.7 хувь нь үндсэн хуулийн өөрчлөлтийн хамгийн гол сөрөг тал нь УИХ-ын гишүүдийн сахилга, ирцийн хариуцлагагүй байдлыг өөгшүүлсэн гэж үзжээ.
Шинжээчдийн бусад хариултууд ойролцоо хувьтай байсан юм. Тухайлбал засаглалын эрх мэдлийг хуваарилах сонгодог зарчмыг алдагдуулсан 62.4 хувь нь, парламентын хууль тогтоох ажиллагааг хэт хялбарчилсан хэмээн 62.3 хувь нь, нам төвт улс төрийн тогтолцоонд эргэн орох алхам болсон гэж 54.4 хувь нь үзсэн байна.
Шинжээчдийн үнэлгээ сөрөг талдаа байсныг үндсэн хуулийн өөрчлөлтийн эерэг талуудыг нийтдээ 149 сонголтоор сонгосон байгаа бол сөрөг талыг илэрхийлсэн хариултуудыг нийтдээ 247 хариулт сонгосноос харж болно. Өөрөөр хэлбэл, шинжээчдийн сөрөг хариулт нь эерэгээсээ 1.65 дахин их байна. Хэрвээ эерэг сөрөг талуудыг дурдсан хариултуудыг 100 хувь гэж үзэх ахул 37.62 хувь нь сөрөг талуудын талаар, 62.37 хувь нь сөрөг талуудын талаар хариулт өгчээ. Мөн нэмэлт өөрчлөлтийн эерэг талыг дэмжсэн саналууд 38-43.9 хувьтай байхад сөрөг талыг илэрхийлсэн хариулт 60-67.5 буюу 4 хүн тутмын гурваас илүүгийн саналыг авч чаджээ.
1992 онд баталсан шинэ үндсэн хуулиар манай улс парламентын засаглалтай улс болсон билээ. Үндсэн хууль ажиллаж эхэлсэн өдрөөс хойш өдгөө 10 гаруй жил өнгөрч бид бүтээсэн машиныхаа эерэг болон сөрөг бүхий л талуудыг ойлгон ухаарч мэдлэг туршлага ч хуримтлагдаж байна. Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой хөндөгддөг зарчмын нэгэн санал бол манай оронд засаглалын ямар хэлбэр зохистой эсэх тухай асуудал юм. Дээрх асуудлаар манай улсын иргэдийн хувьд гурван янзын санал байгаа болно. Одоо үүнийг тус бүрд нь авч үзье.
Монгол улсад Парламентын засаглал тохирно
Манай улс парламентын засаглалыг сонгон авах нь зүйтэй гэсэн үзэл нь бүр нийгмийн өөрчлөлтийн 1990 оноос улбаатай юм. Тухайлбал, 1991 оны 6 дугаар сард БНМАУ-ын Үндсэн хуулийг ард нийтээр хэлэлцүүлж байгаатай уялдан ШУА, МУИС-ийн ХЗСЭШХ-гээс 1000 орчим хүний дунд явуулсан судалгаагаар манай улсын иргэдийн 52.3 хувь нь парламентын засаглалыг дэмжиж байсан баримт бий. Гэтэл өнгөрсөн хугацаанд парламентын засаглалын сөрөг талууд хэмээн хэлж болохуйц бэрхшээлүүд түүнээс улбаалсан янз бүрийн ойлголт төсөөлөл иргэдийн дунд бий болж парламентын засаглалыг дэмжих иргэдийн тоо цөөрч ирсэн байна.
Иргэдийн дунд ч гэсэн сонгодог парламентын засаглалыг дэмждэг хүмүүс багагүй байсан бөгөөд энэ тоо ямагт хэлбэлзэлтэй байдгийг судалгаанаас харж болно. Сант марал сангийн судалгаагаар 1998 оны 8 дугаар сарын байдлаар судалгаанд хамрагдагсадын 63.8 хувь нь парламентын засаглалыг манай улсад тохирно хэмээн үзэж байсан бол 2 жилийн дараа 2000 оны 11 дүгээр сард судалгаанд оролцогчдын 22 хувь нь манайд тохирно хэмээн хариулж 2.9 дахин багасжээ.
Монгол улсад Ерөнхийлөгчийн засаглал тохирно
Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг хүмүүс Сант марал сангийн судалгаагаар 1998 оны 8 дугаар сард 25.4 хувьтай байсан бол 2000 оны 11 дүгээр сард манай орны нийт иргэдийн 35-38 орчим хувь нь дэмждэг болсон байна.
Социологийн академи судалгааны төвүүдийн давталттай судалгааны дүнгээс харж болно. Шинжээчдийн хувьд байдал өөр байв. 1998 оны 8 дугаар сард Их Хуралдайд зориулан явуулсан 1000 экспертийн судалгаанд оролцогчдын 67.8 хувь манай улсад Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг дэмжихээ илэрхийлсэн нь тохиолдлын зүйл биш байв.
Монгол улсад одоогийн Ерөнхийлөгчтэй бөгөөд парламентын засаглал торхирно
1998 оны 8 дугаар сард энэ үзлийг дэмжиж байсан хүмүүс 8.7 хувийн эзэлж байсан бол 2 жилийн дараа судалгаанд хамрагдсан хүмүүсийн 25 орчим хувь болж өссөн байх юм. Энэ асуудлыг цаашид нарийвчлан судлах шаардлагатай байна. Дээрхээс дараахь дүгнэлт урган гарч байна.
Дүгнэлт
- Үндсэн хуулийг өөрчлөх нь монголын төрийг хямралаас гаргах арга зам мөн гэдэг дээр шинжээчид болон иргэд 60 гаруй хувь нь нэгдсэн байна.
- Үндсэн хууль өөрчлөхийн өмнө иргэдийн 70 орчим хувь нь үндсэн хуулийн өөрчлөлтийг хүлээн авах сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан байна.
- Гэвч улс төрийн намууд үүнийг сайтар ажиглаж чадаагүй ба Ерөнхийлөгч, Цэц зэрэг субъектуудын саналыг харгалзалгүй нэмэлт өөрчлөлтийг зөвхөн хоорондоо зөвшилцөн хийсэн нь тэднийг сөрөг байр суурьтай болгоход хүрчээ.
- Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэмжээ, өөрчлөлт хийх хэлбэр, арга зам, бусад хүчин зүйлийг харгалзсан байдал зэргийг тооцолгүй намууд дангаараа зөвшилцөж үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь дэмжигчдийн эгнээг хоёр дахин багасгаж эсэргүү- цэгчдийн эгнээг бараг 3 дахин нэмэгдүүлсэн байна.
- Үндсэн хуульд хурдан өөрчлөлт хийн түүнийг агуулгыг сурталчлах ажиллагаа орхигдсоноос иргэдийн үзэл бодолд өөрчлөлт оруулж төвийг сахигчдын эгнээг нэмэгдүүлж, нийт хүмүүсийн 40.0 хувь нь төвийг сахихад хүргэсэн байна.