Ч.Ганбат
/Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн шүүгч/
Шинэ толь №24, 1998
Хүний амьд явах эрхийг Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас сарниулахыг хатуу хориглоно” гэж тусгажээ. Тэгэхээр Үндсэн хуулийн энэхүү заалтын хоёр дахь өгүүлбэрт зааснаас бусад тохиолдолд манай улсад хүний амьд явах эрх хэрэгжих боломжтой гэж ойлгогдохоор байна.
Харин Монгол Улсын Эрүүгийн хуульд хүний амьд явах эрхийг онцлог байдлаар тусгасан гэж хэлж болно. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтаар “Хүний амь бие, эрүүл мэнд түүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах явдлыг” Эрүүгийн хуулийн зорилтын нэг болохыг тодорхойлсон байгаа. Үүний зэрэгцээ Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлд “ялын дээд хэмжээ цаазаар авах ялын тухай зааж, тусгай ангийн 62, 63, 64 дүгээр зүйл, 112 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 86 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “улс төрийн зорилгоор аллага хийх, мөн зорилгоор гадаад улсын төлөөлөгчийг алах, хорлон сүйтгэх, Онц хүндрүүлэх шалтгаантай хүчиндэх, бусдыг санаатай алах” зэрэг 5 төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд цаазаар авах ял оногдуулж болохыг заажээ.
Ийнхүү нэг талаас хүний амьд явах эрхийг гэмт халдлагаас хамгаалах явдлыг өөрийн зорилт болгосон мөртлөө нөгөө талдаа цаазаар авах ялыг оногдуулж болох заалтыг агуулж байгаа нь энэ хуулийн нэгэн логик зөрчил, цаазаар авах ялыг халсан бусад зарим орны эрүүгийн хуулиас ялгаатай шинж гэлтэй.
Энэ зөрчлийг хэрхэн арилгах вэ, тийм цаг үе нь мөн үү гэсэн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн шинэчлэлд холбогдох асуудал мөн.
Манай улсад хүний амьд явах эрх алдагдах, хүний амь нас зүй бусаар хохирох явдал гарч байгаа нь ч бас бодит үнэн. Үүнээс зөвхөн хоёр төрлийн илрэлийг дурдвал:
- Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсоор байна. Тухайлбал, 1996 онд 484, 1997 онд 511, 1998 оны эхний хагаст 232 хүний амь нас гэмт хэргийн улмаас хохирсныг шүүхийн мэдээ баримт нотолж байгаа юм.
- Гэмт хэрэг үйлдсэн этгээд хорих ангид ял эдлэх явцдаа “өвчний учир”, ялангуяа “сүрьеэ өвчнөөр”, түүнчлэн “биеийн жингийн алдалт” гэсэн оноштойгоор нас барах явдал олноор гарч байна. Энэ нь Эрүүгийн хуулийн 19 дүгээр зүйлд заасан ялын зорилтыг алдагдуулсан “хүнлэг бус явдал” гарч байгаагийн илрэл мөн. “
Хүний амьд явах эрхийг алдагдуулж буй дээрх үзэгдлүүдийг багасгах буюу арилгахын тулд олон зүйл хийх ёстой, тийм бололцоо ч байгаа гэж үзэж байна. Үүнд: нэгдүгээрт, гэмт хэргээс урьчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан хүний амьд явах эрхийг зөрчсөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ерөнхий, тусгай болон нэг бүрчилсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх учиртай.
Ингэхдээ хүн амины эсрэг гэмт хэргүүд нь сүүлийн үед ихэвчлэн архидан согтуурсан, танхай ба сувдаг шунахай, өс хонзонгийн сэдэлтээр, урьдаас бэлтгэж төлөвлөсөн, харгис хэрцгий аргаар, гэр бүлийн гишүүд, төрөл садны хүмүүс, найз нөхдийн хооронд, орон гэр дотор үйлдэгдэх нь элбэг болж, үүнийг тэрхэн үед нь цагдаагийн хүчээр урьдчилан сэргийлэх, таслан зогсоох боломж багатай болж байгааг ч харгалзах хэрэгтэй болжээ.
Юуны урьд нэлээд иргэдийн маань боловсрол, соёл, хүмүүжил, амьдралын түвшин доройтож, ажилгүй, архичин, тэнэмэл, ядуу зүдүү иргэд, хүүхдийн тоо нэмэгдэж байгаа нь гэмт хэргийн гаралт өсөх бодит орчинг буй болгож байгааг анхаарч төр, засгаас цэгцтэй бодлого боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Хоёрдугаарт, “Төрлөөр устгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тийм хэрэг үйлдэгчийг шийтгэн цээрлүүлэх тухай конвенц” (1948), “Боолчлол, боолын худалдаа болон түүнтэй ижил төстэй байгууллага ба үйл ажиллагааг устгах тухай нэмэлт Конвенц” (1956), “Апартеидын гэмт хэргийг таслан зогсоох, тийм гэмт хэрэг үйлдэгчийг шийтгэн цээрлүүлэх тухай олон улсын конвенц” (1973), “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт” (1966), “Хүүхдийн эрхийн тухай конвенц” (1989) зэрэг олон улсын баримт бичигт что устгах”, “боолчлох”, “арьсны өнгөөр ялгаварлан гадуур “эрүүдэн шүүх”, “алан хядах”, “цэргийн гэмт хэргийг хар тодорхойлсныг анхаарч, эдгээр гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргээ биелүүлж, дээрх тодорхой төрлийн хэргүүдийг гэрээнд заасан буюу олон улсын хэмжээнд нийтээр хулаан зөвшөөрсөн тэр ойлголтоор нь тодорхойлж эрүүгийн хуульд нэмж тусгах нь зүйтэй юм.
Гуравдугаарт, гэмт хэргийн улмаас хүний амьд явах эрхийг алдагдуулсан тохиолдолд материалын хохирлыг хэрхэн арилгах, төлбөрийг хэрхэн төлүүлэх, нас барагчийн ар гэрт үлдсэн хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүн, хүүхдүүдийн тэтгэвэр тэтгэмж, түүний зөрүүг шүүгдэгчээс гаргуулах асуудлаар эрх зүйн зохицуулалт, энэ зорилгоор авч хэрэгжүүлж болох албадлагын арга хэмжээний төрлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид тусгаж өгмөөр байна. Тухайлбал, гэмт халдлагад өртөх үедээ ажилгүй, цалин орлогогүй байсан хохирогчийн материалын хохирол, мөн ийм байдалтай шүүгдэгчээр дээрхийг хэрхэн төлүүлэх асуудлаар эрх зүйн зохицуулалт ихээхэн дутаж, “үхсний хохь, амьдын зол” болж байгаа нь илт ажиглагддаг.
Тэгэхээр хохирогч гэмт халдлагад өртөх тэр мөчид хэдийгээр ажилгүй, цалин орлогогүй байсан ч амьд байсан бол хэзээ нэгэн цагт ядаж цалингийн доод хэмжээний эсхүл тухайн боловсрол, мэргэжлийн хүний авах дундаж хэмжээний цалинтай ажил хийх боломжтой байсан гэж үзэж түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүн буюу хүүхдүүдэд зохих тэтгэвэр, тэтгэмж, түүний зөрүүг тооцож нөхөн олгож байхаар асуудлыг зохицуулбал болмоор санагдана.
Дөрөвдүгээрт, эрүүгийн хуулийг шинэчлэх явцад цаазаар авах ялыг хэвээр байлгах эсэх асуудлыг шийдэхдээ олон улсын жишиг, энэ асуудлаар хүн төрөлхтний баримталж буй нийтлэг чиг хандлага, өөрийн орны эрүүгийн нөхцөл байдал, иргэдийн олонхийн хүсэл зоригийг сайтар харгалзсаны үндсэн дээр эргэж буцахааргүй, ул суурьтай хандах хэрэгтэй болов уу.
Хэрэв энэ ялыг хасах нь зүйтэй гэж үзвэл Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь өгүүлбэрийг хасаж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдах учиртай.
Харин энэ ялыг тодорхой хугацаанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж хууль тогтоогч үзвэл уг ялыг хэрэглэх тохиолдлыг аль болох өнөөгийнхөөс ч илүү хязгаарлаж өгөх боломж байгаа нь харагддаг.
Тухайлбал, эрүүгийн хуулийн 64 дүгээр зүйл буюу “хорлон сүйтгэх” гэмт хэргийг “үндсэн” болон “хүндрүүлэх” бүрэлдэхүүнтэй болгож, хорлон сүйтгэх гэмт хэргийг үйлдэх явцдаа “хүний амь хохироосон” зөвхөн тэрхүү тохиолдолд л энэ ялыг хэрэглэдэг болгох. Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 3 дахь хэсгээс “хүчиндэх гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон” хэргийг тусгаарлан 4 дэх хэсэг болгож, зөвхөн энэ тохиолдолд дээд хэмжээний ял хэрэглэдэг болгох зэрэг өөрчлөлт хийх боломж бий.
Түүнчлэн цаазаар авах ялыг биелүүлэхийг хойшлуулдаг, хэрэгжүүлэхээс түдгэлздэг зарим орны туршлагын эерэг, сөрөг талыг судлах нь зүйтэй юм.
Тавдугаарт, хорих ял эдлүүлэх явцад хүний амьд явах эрхийг хамгаалах талаар дараах зүйлийг хийх шаардлага тулгарч байна.
- “Хоригдлуудад хандах талаарх НҮБ-ын үлгэрчилсэн дүрэм”, “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхэд өртсөн хүмүүсийг хамгаалах тухай НҮБ-ын тунхаглал”, “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцахын эсрэг НҮБ-ын конвенц”-ийн заалтыг хэрэгжүүлж ажиллах;
- Хоригдлын байрны эрүүл ахуй, хувийн ариун цэвэр, хувцас, op дэвсгэр, хүнсний хангалт, эмнэлгийн үйлчилгээнд мөрдөх наад захын стандартыг засгийн газраас батлан гаргаж мөрдүүлэх;
- Төрөөс хорих байгууллагуудын хэвийн ажиллахад шаардагдах хөрөнгө мөнгө, техник хэрэгсэл, ялангуяа эмнэлгийн үйлчилгээний асуудлыг бүрэн шийдвэрлэж өгөх;
- “Онц хүнд” гэмт хэрэг үйлдэснээс бусад ялтныг өвчний учир ял эдлэхээс чөлөөлөх боломжийг одоогийнхоос өргөтгөсөн өөрчлөлтийг хуульд оруулж, “ял эдлэхэд саад болох хүнд Өвчний” жагсаалтыг эргэн нягталж боловсронгуй болгох зэрэг асуудалд анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай болжээ.
“Хүн бүр амьд явах эрхтэй” гэсэн хүний эрхийн түгээмэл тунхаглалын гуравдугаар зүйлийн заалтыг санаж, хүний амьд явах төрөлхийн эрхийг хүлээн зөвшөөрөх, гэмт халдлагаас хамгаалах талаар шинэ алхам хийцгээе.
Хянасан Б. БАТ-ОРГИЛ/Ph.D/