Чи. Баярхүү
/МУБИС-ийн Түүх, нийгмийн ухааны сургуулийн Философи-дидактикийн тэнхимийн эрх зүйн багш/
Шинэ толь №71, 2011
Түлхүүр үг: Идеализм, эрх зүйн соёл, эрх зүйн хөөрөл, нигилизм, олон нийтийн ухамсар
Эрх зүйн нигилизм[1] болон эрх зүйн идеализмын тухай асуудал нь Монголын төр, эрх зүйн онолын болоод судалгаа шинжилгээний ажлын түвшинд одоог хүртэл доривтой хөндөгдөхгүй байсаар л байна. Нийгмийн зохист байдлыг алдагдуулах үр дагавартай, нийгэм-эрх зүйн шинжтэй эдгээр үзэгдлүүдийг судлах хэрэгцээ, шаардлага хэдийн бий болсон гэдгийг төрийн бодлого, хууль бүтээх, хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанаас төдийгүй ахуй амьдралын бүхий л хүрээнээс, тэр ч байтугай хуульчдын дунд өргөн цар хүрээтэйгээр оршин буйгаас ажиглагдах болно.
Иймд тэдгээрийн мөн чанар, илрэх хэлбэр, бүтэц, үүсэх хийгээд оршин байх шалтгаан нөхцөл, нөлөөллийн шинж, үр дагавар, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, учирсан хор аюулыг арилгах арга замын тухай наад захын ерөнхий мэдлэг иргэдэд зайлшгүй хэрэгтэй билээ.
Өнөөгийн нийгэм нэг талаасаа нийтийг хамарсан эрх зүйн нигилизм, нөгөө талаас эрх зүйн гэнэн маяг[2]-ийн идеализмын хачирхалтай холион бантан бүхий олон янзын солонгын өнгөөр тодорхойлогдож байна. Эсрэг тэсрэг чиглэлтэй энэхүү хоёр үзэгдэл өөр хоорондоо үл нийцэх дүр төрхтэй боловч зэрэгцэн оршиж, харилцан бие биенээ тэжээн тэтгэж, эцэстээ нэгдэн нийлснээр эрх зүйн соёлгүй байдлын ерөнхий шинжийг хамтран бүтээж[3], хоёулаа л нийгэмд гамшиг авчрах «нэг зоос»- ны хоёр тал[4] ажээ.
Өргөн утгаар авч үзвэл эрх зүйн нигилизм – хууль ба эрх зүйн үнэт зүйлсийг илэрхий шууд үгүйсгэх, илт зөрчих, үл биелүүлэх, үнэ цэнийг нь бууруулах, үл хүндэтгэх зан байдлаар илэрдэг бол харин эрх зүйн идеализм – аливаа тулгамдаж буй бүхий л асуудлаа ямар нэгэн ид шидийн үйлчлэлтэй, ганц далайлтаар[5] бүхнийг шийдвэрлэх хүчин чадалтай мэт үнэлэмжээр хууль тогтоомжинд учир холбогдлыг өгөх явдлаар тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл, эрх зүйн нигилизм нь эрх зүйн мөхөс үнэлгээг илтгэдэг ба эрх зүйн идеализм нь эрх зүйн хэт үнэлгээг илэрхийлдэг гэсэн үг юм.
Эдгээрийн эхлэл, оршин тогтнох хөрс суурь нь нэг л үндэстэй бөгөөд нэг нь нөгөөгийхөө шалтгаан болдог, эрх зүйн гажсан ухамсар, улс төр – эрх зүйн соёлын хомсдол, нийгэмшлийн зан үйлийн хэлбэр, явж явж эрх зүйн боловсролгүй байдлын шууд үр дүн гэж үзэж болно. Төр, иргэний нийгмийн мөн чанарыг ойлгох нь эрх чөлөөнд дурлагч хүн бүрийн ёс суртахууны үүрэг[6] мөн.
Монгол Улсад өрнөж буй нийгэм, эдийн засаг, улс төр, оюун санаа, соёл, эрх зүйн тогтолцооны шинэтгэл, шинэчлэл нь Үндсэн хуулинд тунхагласан “…хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм (эрх зүйт төрийг) цогцлуулан хөгжүүлэх …эрхэм зорилго…”-ыг хэрэгжүүлж, хувь хүнийг бүх талаар чөлөөтэй хөгжих, өөрийн тал бүрийн чадвараа нээн илрүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байгаа бөгөөд нийгэм төвтэй бус, хүн төвтэй нийгмийг байгуулахыг зорьж буй хэрэг юм.
Өнөөдөр олонхи нь аль болох бүхий л асуудлаа хуульчлан зохицуулах буюу нэг бүрчилсэн багц хуулиудыг батлан гаргахыг хүсэмжлэх болсон нь нийгмийн олон талт хүчин зүйлсүүдээс үүдэлтэй. Гэвч энэхүү байдлыг даван туулж, саармагжуулахгүйгээр эрх зүйт иргэний нийгмийг байгуулах үзэл санааны[7] тухай санахын ч хэрэггүй юм.
Эрх зүйн идеализм нь эрх зүйн нигилизмыг бодвол төдийлөн тодорхой ажиглагдаад байдаггүй[8], нэгэнт хор уршиг учирсан хойноо л мэдэгдэж, хар толгойгоо шаан гашуудаж харамсах (өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв) болдог. Үр дагаврын хувьд нийгмийн зүй тогтол эвдрэн бусниулагдаж, засаж залруулах боломж олгодоггүй туйлын шинжтэй, бодит зан үйлийг эрх зүйгээр тоирхойлох боломжийг хэтрүүлэн үнэлэх эрх зүйн үзэгдэл юм.
Иймээс эрх зүйн соёлын гаж үзэгдлүүдтэй тэмцэл хийхдээ нөгөө гаж үзэгдэл рүү (нигилизм, фетишизм[9], волюнтаризм[10], идеализм) унахгүй байхыг анхаарах хэрэгтэй. (Зураг 1)
Ер нь зарчмын хувьд нийгмийг мэргэн цэцэн хууль тогтоомжийн тусламжтайгаар өөрчлөх бололцоотой байх санаа эртнээс үүсэлтэй. Энэ байдалд үндэслэн Плато төгс төгөлдөр (санаалаг) төрийн тухай мөрөөдлөө илэрхийлсэн билээ. Францын соён гэгээрүүлэгчид ч гэсэн иймэрхүү арга замаар шударга бус дэг журмаас ангижирч болох тухай нэг бус удаа тэмдэглэсэн байдаг. Гэвч ийм маягийн төсөөллийг амьдрал байнга няцааж иржээ.
Практикаас үзвэл хууль бүхнийг бүтээгч түгээмэл шинжтэй биш тул түүнд хэрээс хэтэрсэн итгэл найдварыг тулган хүлээлгэж болохгүй. Учир нь хууль хүмүүсийг тэжээн тэтгэж, хувцаслаж чадахгүйтэй адил. Харин дэмжих эсхүл эс дэмжлэг л болно. Шууд хэлэхэд ямар нэг зүйлийг бэхжүүлж, хамгаалж, зохицуулж, хуваарилж чадахаас бус үйлдвэрлэж чадахгүй[11] юм. Гагцхүү эрх зүйн бодит зүй тогтлоос урган гарах үүрэг, орон зайг л түүнд хүлээлгэж, шаардах хэрэгтэй. Хүчрэхгүй зорилтууд зөвхөн эрх зүйн нэр хүндийг л гутаах болно.
Манайд эрх зүйн хөөрөл (ул үндэслэл муутай шинэтгэл, шинэчлэл)-өөр нийгмийн нарийн төвөгтэй асуудал болгоноо хуульчилчвал бүх юм сайхан болчих итгэл найдварыг олон түмэнд шахсаар л байна[12]. Гэвч олонхи иргэдийн аж байдал байрнаасаа хөдлөхгүй, бүр шал дордож, харин ч хуруу дарам цөөнх л шударга бусаар овойж байгаа нь нийгмийн ухамсар хуульд итгэх итгэл алдарч, эрх зүйд эргэлзэх шинж тэмдгүүд ихсэх хандлагатай байна. Энэ нь бүр ч хор аюул ихтэй. Тухайлбал, 2006 онд “Иргэдийн эрх зүйн ухамсар, соёлын төлөв байдал” сэдэвт ХЗҮХ, ШУА-ийн Хууль зүйн судалгааны төв, МУИС-ийн Харьцуулсан эрх зүй, олон улсын эрх зүйн судалгааны төв хамтарч нийт 11 аймаг, 7 дүүргийн 860 орчим хүний дунд явуулсан социологийн түүвэрчилсэн судалгаанаас үзэхэд: Монгол улсад хууль хэрэгжиж байна уу? гэсэн асуултанд хангалтгүй гэж 74.9%, хуулийг сахин биелүүлэх байдал өмнөх нийгмийн тогтолцооноос дордсон уу? гэхэд дордсон гэж 48.9%, гол шалтгааныг авлига гэж 34.2%, хамгийн их хэрэгжихгүй байгаа салбарын хууль тогтоомж гэхэд төр, захиргааны шинжтэй хууль тогтоомж гэж 55.5% тус тус хариулсан[13] байгаагаас харж болно.
Хууль бол нийгмийн бодит зүй тогтлыг тольдож, албан ёсоор хүлээн зөвшөөрсөн хэлбэр бөгөөд түүнээс илүү зүйл биш гэдэг нь ойлгомжтой. Тэрээр бодиттой бүрэлдсэн харилцаануудыг ердөө л «тэмдэгжүүлж» байгаа явдал юм. Манайд хийгдэж буй салбарын шинэтгэлүүдэд бодитой эрх зүйн орчин хэрэгтэй байгаа нь ойлгомжтой, гэвч дур зоргийн шинжтэй байлгаж болохгүй.
Хэдий сайн хууль ч гэсэн амьдралд хэрэгжихгүй бол ямар ч үнэ цэнэгүй байх санааг улиг болтлоо ярьдаг ч ажил хэрэг болгохгүй байна. Ш.Л.Монтескье: «…Би аливаа улс орноор явахдаа хууль нь сайн юм уу, үгүй юм уу гэдгийг бус, хэрхэн хэрэгжиж байдгийг л сонирхдог. Сайн хуулийг хаанаас ч олж болно…»[14] гэжээ. Энэхүү анхдагч санааг амьдрал олонтаа баталсаар байгаа билээ.
Эрх зүйн идеализм нь хууль тогтоох байгууллагад итгэх итгэлийн хямрал, бүр цаашилбал тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх парламентат – Үндсэн хуулийн арга зам, шинэ дэвшилтэт институтуудад итгэх итгэлийн хямрал билээ.
Ардчилал хөгжсөн улс орнуудад жилд хоёроос доошгүй хэрэглэдэг, иргэдийн төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхийг баталгаажуулсан Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг манайд нэг ч удаа хэрэглээгүй байна. Манай нэг лидер улс төрчийн амнаас Ард нийтийн санал асуулгын үр дүн бидний бодож байснаас өөрөөр гарвал яах вэ? гэсэн аймшигтай үг унасан явдал нь хууль бол хий хоосон тунхаглал гэсэнтэй ижил юм. Сүүлийн үед өөрсдийнхөө компанийг өмөөрсөн өршөөлийн хууль, албан тушаалтныг хариуцлагаас бултуулсан Эрүүгийн хууль, иргэд сонгогчдын бус олигархи, эрх мэдэлтнүүдийг хамгаалсан Сонгуулийн хууль, ард түмэндээ бус харийнханд дулдуйдсан Ашигт малтмалын хууль, авлигачдад ээлтэй Авлигын эсрэг хууль гээд тоочоод барахгүй амин сүнсгүй хуулиудыг эрх зүйн төсөөлөлгүй, эрээвэр хураавар 76 гишүүнтэй парламент маань шинэ жилийн үдэш, битүүний орой, наадмын өглөө хуйвалдан баталдаг болжээ.[15]
1990-ээд оны өөрчлөн байгуулалтын эхэн үеийн лоозонгууд, дараа нь шинэчлэлийн урианууд (нийгэм- эдийн засгийн хөгжлийг хурдасгах, архидалтыг үлдэн хөөх, ард түмний амьдралын түвшинг эрс дээшлүүлэх, ардчиллыг нэгэн жигд, эрүүл саруул байдлаар дэлгэрүүлэх, ил тод байдлыг тунхаглах гэх мэт) ар араасаа идеализмын шинжтэй хууль тогтоомжууд гарсаар байна.
Монгол улсад эрх зүйн шинэтгэлийн үйл явц 1992 оны шинэ Үндсэн хууль батлагдсаны дараагаас эрчимжиж, ёстой л нэг хуулийн үер буулгасан. Харамсалтай нь учир утгагүй гаднаас хуулбарласан олон хууль нь биднийг аалзны шүлс шиг торлож, хөл толгой нь мэдэгдэхээ больж, улмаар бидний сэтгэлгээг эрх зүйн идеализм, нигилизм рүү хөтөлсөн. Эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлж байгаа нэрийдлээр Парламентаас баталсан олон хуулиуд Үндсэн хуулийн үзэл баримтлалаасаа гажиж, өөр хоорондоо логикийн зөрчилдвөл алтан хавтастай муухан номноос нэг их ялгагдахгүй. Монтескьегийн бичсэн лугаа амин сүнсгүй хуулиуд батлагдаад эхлүүт энэ нь хэн нэг хүн, эсхүл хэсэг бүлэг хүмүүст үйлчилж, ардчиллын тулгуур үнэт зүйл болох хувь хүний эрх чөлөөнд хамгийн их аюул учруулдгыг санах хэрэгтэй.[16]
Хамгийн энгийн жишээ татахад Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар 21 нас хүрээгүй болон согтуу хүнд, мөн 24 цагаас хойш согтууруулах ундаа худалдаалах, үйлчлэхийг, Садар самуун явдалтай тэмцэх хуулиар биеэ үнэлэхийг, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар өргөдөл гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэж барагдуулна гэж заасан байдаг. Гэтэл эдгээр хуулиуд хэрхэн хэрэгжиж байгаад тайлбар өгөхөд дэндүү илүүц хэрэг болно.
Монгол улсад эрх зүйн идеализм дэлгэрэх бас нэг нөхцөл нь эрх зүйд хандах прагматик хандлага билээ. Эрх зүйн шинэтгэлийн үед батлагдсан олон хууль тогтоомж үр нөлөө багатай байснаас хүссэн зорилгодоо хүрээгүйгээр үл барам эсрэг үр дүн үзүүлсэн гэдгийг нийгэм тодорхой байдлаар ухаарч эхэлсэн. Ялангуяа, сүүлийн жилүүдэд эрх зүйн скептицизм[17] хүчээ авч байна.
Эрх зүйн идеализм аливаа төрлийн төлөвлөгөө, шийдвэр, тогтоолуудыг өвөрмөц байдлаар тахин шүтэх явдал ноёрхож байсан хуучин тогтолцооноос эхтэй бөгөөд ид шидийн хүчинд огт эргэлзэлгүй итгэж заншсан явдал юм.
Хагас дутуу боловсруулсан хууль болон эрх зүйн хэсэг бусаг хэм хэмжээнүүдийг баталж байгаа явдал нь үнэн хэрэг дээрээ зорилгодоо хүрэхгүйг мэдсээр байж «уурын тэрэгний өмнө» явах гэсэн зохиогчдынхоо хүслийг л илэрхийлж байгаа хэрэг. Бодит нөхцөл байдлыг эрүүл саруулаар үнэлэх, үр дагаврыг урьдчилан харах, чадваргүй байдал нь үүнийг илтгэнэ. Иймэрхүү жишээ дэндүү олон тааралдах буй за.
Бодит бололцооноос үл хамааран, “тэднийд” тийм байна “яг л тэгэж” хийх ёстой гэсэн хүсэл эрмэлзлэлээр эртэдсэн, яарсан, хууль тогтоох «хүсэл» нь мөн л идеализм юм. Хамгийн гол нь хүн амын олонхи бид хаашаа явж байгаа, юуг хүсээд байна гэдгийг тодорхойлохгүй байгаа явдал юм. Тийм болохоор бид хаашаа явж байгаа маань хамаагүй гагцхүү бид л тэдэнд[18] түрүүлж очих нь эргэлзээгүй гэсэн гашуун үгийг хэлмээр санагдана. Гэтэл бодит зовлон бол сайн бөгөөд шаардлагатай хуулиуд үйлчлэхгүй байгаад байна. Зарим тохиолдолд тэдгээрийг хэрэгжүүлэх шаардлагатай механизмууд байхгүй, нөгөө тохиолдолд (гол шалтгаан нь) эргэн тойронд нь хэвийн бус орчин бүчин байгаа болохоор эдгээр хууль үйлчлэхгүй байна.
Ийм учраас аль нэгэн хууль үйлчлэхгүй байна гэдэг нь уг хууль муу байна гэсэн үг биш. Хуулиас аливаа бүхэн бүхэлдээ хамаардаг юм биш. Асуудал бодож байгаагаас үлэмж нарийн төвөгтэй. Хүн амын тодорхой давхаргууд өөрчлөлт хувьсалд сэтгэл зүйн хувьд бэлэн бус, эргэцүүлэх нь цөөн байна. Хууль зүйн хэм хэмжээнүүд нь үүсэн буй зөрчлүүдийн гогцоог тайлж чадахгүй, ихэнх тохиолдолд эсрэг үйлдэлтэй тулгардаг явдал юм.
Хуулийн анхдагч чиг үүрэг болох нийгмийн амьдрал, дэг журам, тогтвортой байдлыг хангах үүргийг умартсанаар, олон тохиолдолд дээрээс гарсан тушаал зааврууд нь хаяглагдсан эздийнхээ дотоодод нэвтэрч, хүлээж авагдахгүй байгаатай холбоотой. Иймд хуулиуд дангаараа, мөн амьдрал бас тусдаа оршин байх болсон нь бас л идеализм юм. Учир нь хууль тогтоогчид мэдсээр байж өндөр зорилго, үзэл санаандаа үндэслэж, хуулиуд эцсийн зорилгодоо хүрэхгүй (элсэнд асгасан ус адил) байхад, бөөн бөөнөөр нь түргэтгэн баталж байна. Нэн чухал эрхийн актууд ерөнхийдөө салан задгай байгаагаас болоод төрийн түшмэдийн хүнд сурталд тээглэж, хяналтгүй, хээл хахуулийн нөхцөлдлөөс хамаарч хүрэх цэгтээ хүрэлгүй, замын дунд гацдаг явдал цөөнгүй. Шинэ албан тушаалтнуудын дотор аливаа санаачлага, эхлэлүүдэд хандахдаа урьдын адил төгсгөл, өрнөл, үр дүнг чухалчлалгүй эхлээд сүржин хашгардаг хүмүүс ч байна.
Парламентын гишүүд ч уул овоо шиг хуулиуд нь «амь орохгүй» байгаад гасалж гангинах нь ч бий. Заримдаа бидний боловсруулж байгаа хуулиудыг бодит байдал үнэгүйдүүлж байна гэх мэтийн төсөөллийг нийгэмд төрүүлдөг. Яг л үржил шимгүй хөрс суулгацыг үхүүлдэг шиг. Тийм болохоор айдас түгшүүр болон засрашгүй байдлын мэдрэмж төрдөг[19]. Хууль үнэгүйдэх асуудал өчигдөр үүссэн төдийгүй өнөөдөр ч оршин тогтносоор байгааг бид эндээс харж болно.
Хуулийн үйлчлэлийг албажуулах хүч төрд үгүй бол ердөө л хуулийг бүтээж, хэвлэгч болж хувирдаг. Гэтэл хууль тогтоогч ердийн ухамсарт баригдах учиргүй. Тэрээр ямар нэг хуулийг яаравчлан батлахаас өмнө холыг харж, хууль зүйн үр дагаврыг урьдчилан харах хэрэгтэй. Эрх зүйгээр сэтгэлээ хуурах явдал аюултай, учир нь тэрээр хөрсгүй найдвар төрүүлдэг, тэгснээрээ нийгмийг тайтгаруулдаг байна.
Бүрэн дүүрэн үнэ цэнэтэй сайн хуулиуд их байгааг үгүйсгэхгүй. Чухамхүү хууль бүтээгчдийн оюун ухаан, туршлага, нөр их зүтгэл байгаа ч Достоевскийн сануулснаар «…Ухаантай байхын тулд нэг хүний ухаан багаддаг» буюу улмаар оюун ухааныг бодит ажил болгох, нийгэм, хүмүүний төлөө ашиглах хэрэгтэй. Эс тэгвээс тэрээр үхээнц бөгөөд ач тусгүй билээ.
Эрх зүйг туйлчлах, ид шидийн болгох нь зохиомол байдлаар бүтээсэн онго шүтээнд мөргөж залбирахтай адил юм. Эрх зүйг ийм байдлаар бурханчлах нь төөрөгдлийн ертөнцөд байгаа явдал мөн. Хамгийн ялзарсан төрд хамгийн олон хууль байдаг хэмээн эртнээс ярьсаар байсан билээ. Ийм олон зуун хууль тогтоомж нь бусад арга замаар баталгаажиж эс чадвал нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй гэдэг нь хэн хүнд илэрхий. Юуг нь эхэлж хийвэл зохистой вэ, нөхцлөө бүрдүүлэх үү, эсхүл хуулиудаа батлах уу гэсэн асуулт гарч ирж байна. Аль аль нь зайлшгүй шаардлагатай. Энэ хоёр үйлийг эсрэгцүүлэх нь буруу бөгөөд зохисгүй. Хууль тогтоох үйл ажиллагаа болон нийгмийн хөгжлийн үйл явц нэгэн зэрэг өрнөх ёстой бөгөөд шууд хамааралтай.
Хууль тогтоомжууд нь нийгмийн харилцаанд бодитой нөлөөлөх зорилгоор бус, хурцадмал байдлыг намжаахын тулд л гарч байна. Иймэрхүү маягийн үйлдэл, мэдэгдлүүд нь үндсэндээ популист шинжтэй (түр аргацааж, олон түмний бухимдлыг намжаан, нэр төрийн хожоо олох гэсэн) бөгөөд асуудыг шийдэхгүй, харин ч улам хурцатгаж эдээ бээрийг гүнзгийрүүлдэг. Түр зуурын хуурамч үр дүнгээр өнгөлөн далдалж байгаа хэрэг юм. Дараа нь эдгээр асуудал бүр хурц хэлбэрээр илэрч, тулгарал болно. Хүчин чармайлт нь бодит үйл явц руу бус, харин сүр дуулиан руу замхарна. Үүнийг сонгуулийн өмнөх популист үйл ажиллагаа тодорхой харуулдаг.
Олон нийтийн ухамсар нь эрх зүйн хэлбэрийн утга холбогдлыг үл ойлгодог төдийгүй, түүнийг хэт өсгөн төсөөлж, аливаа муу муухай бүхний үүр уурхай мэт үзэх нь ч бий. Олон хүн хуурамч төсөөлөл тээж яваа ба түүний тоонд хууль тогтоогчид ч байгаа. Ийм сэтгэлгээтэй хууль тогтоогчид хуулийн тусламжтайгаар, нэг амьсгаагаар улс орныг шинэчилж, өвчин эмгэгээс нь ниймгийг цэвэрлэнэ гэсэн итгэл үнэмшилтэй байдаг.
Гэхдээ өнөөдөр өөр нэгэн хандлага ч зэрэгцэн үүссэнийг ном зохиолд тэмдэглэхдээ «эрх зүйн ухамсарын бүх түвшинд байгаа гэнэн итгэл (хууль бүхнийг чаддаг гэх итгэл) нь нэлээд саармагжиж, харзнах байдлаар солигдож байна. Нийгмийн хүлээлт нь шударга сайн хуулинд гэхээсээ илүү засаглалын (зөвхөн хэм хэмжээ-эрх зүйгээр хайрцагласан биш) шуурхай үйл ажиллагааруу хандах болж байна»[20]. Чухамдаа түшмэдийн авир үйлдэл нь эрх зүйн дэг журам болж байна гэсэн үг юм.
Харамсалтай нь эргэлзэж тээнэгэлзсэн, эвдэрч гэмтсэн эрх зүйн ухамсар нь хуулийг хүндэтгэж, дээдлэхэд бус, нэгэн төрлийн хугарал нугарал, мухардалд орж байна. Тиймээс ашигтай гэж үзвэл эрх зүйн бус үйлдлийг ч бид дэмжихээс өөр аргагүй байдалд шилжинэ гэсэн үг юм. Энэ нь аливаа зорилго хэрэгслээ зөвтгөдөг гэсэн томъёололтой ижилсэнэ. Эрх зүйн хэрэгжилт нь хүчтэй байж, эрх, эрх чөлөөний баталгаа болгохын тулд бид түүнээс чухам юуг хүсч байна вэ гэдгийг тодорхойлох ёстой. Үүнд дорой хөгжсөн хууль зүйн сэтгэлгээ саад тотгор болж байна.
Тааламжгүй байдалд орж, хэн нэгэнд гомдон, итгэл алдрахгүйн тулд хашгарах хэрэггүй гэсэн хуучны үг байдаг. Тийм болхоор харилцан бие биенээ өөгшүүлэгч эрх зүйн идеализм ба эрх зүйн нигилизмыг үгүй хийх нь чухал бөгөөд зайлшгүй.
Ашигласан материал:
- Баярсайхан Д. Эрх зүйн онол УБ., 1996, 2010.
- Нарангэрэл С. Монголын ба дэлхийн эрх зүйн тогтолцоо УБ„ 2001.
- Нямсүрэн Ч. Эрх зүй, төрийн ерөнхий онол УБ., 1998.
- Мухийт Р. нар Эрх зүйн соёл: төлөв, хандлага УБ., 2008.
- Философийн толь УБ., 1990.
- Н.И.Матузова нар. Теория государства и права: Курс лекций. М.:Юристь, 2000.
- Ильин И.А. Наши задачи. М., 1993.
- Туманов В.А. О правовом нигилизме II Государство и право. 1989. №10.
[1] Мөн тэнд. “Эрх зүйг үгүйсгэх үзэл” гэж орчуулсан байна. Нигилизм (латин хэлний “nihil” -өчүүхэн юм гэсэн үгнээс гаралтай) Хэрэглэгдэж буй утга нь нийтээр хүлээн зөвшөөрч тогтоосон үнэт зүйлсийг, тухайлбал хүний эрхэмлэх зүйлс, ёс зүйн хэм хэмжээ, соёл, нийгмийн амьдралын хэв маягийг үгүйсгэх гэх мэт. Нийгмийн түүхэн хувьслын хямралт цаг үеийг тусган илэрхийлсэн ойлголтоор дэлгэрсэн. Орос оронд И.С.Тургенев “Эцэг ба хүүхдүүд” (1862) романаа бичсэнтэй холбогдон 19-р зууны үед орос хэлнээ нэвтэрсэн гэж үздэг. 19-р зууны Оросын хэвлэл мэдээлэлд “хамгаалалтынхны” хувьд муучилсан нэр хоч төдийхнөөр хэрэглэгддэг байсан бол хувьсгалт ардчилсан үзэлтнүүдийн хувьд хамжлагын ёсыг үгүйсгэсэн 60-70-аад оны ардчилсан болон хувьсгалт хөдөлгөөнд оролцогчдыг нэрлэсэн нэр байжээ.
[2] Өгч чадах зүйлээс нь ихийг эрх зүйгээс шаардах нь гэнэн хэрэг юм.
[3] Под ред. Н.И.Матузова и А.В.Малько. Теория государства и права: Курс лекций. М.:Юристь, 2000. С. 683.
[4] Под ред. Н.И.Матузова и А.В.Малько. Теория государства и права: Курс лекций. М.:Юристь, 2000. С. 712.
[5] С. Нарангэрэл. Монголын ба дэлхийн эрх зүйн тогтолцоо. УБ., 2001. 187 дахь тал.
[6] Ч.Өнөрбаяр http://forum.mn/
[7] Мөн тэнд.
[8] Ер нь түүний тухай төдийлөн яриад, чих дэлсээд байдаггүй гэсэн үг.
[9] Эрх зүйн фетишизм-эрх зүйг зүйгээр л билэг тэмдэг гэж үзэх үзэл.
[10] Эрх зүйн волюнтаризм-эрх зүй хэн нэгний дур зоргын илэрхийлэл гэж үзэх үзэл.
[11] Под ред. Н.И.Матузова и А.В.Малько. Теория государства и права: Курс лекций. М.:Юристь, 2000. С. 713.
[12] 2006 оны “Иргэдийн эрх зүйн ухамсар, соёлын төлөвшил” судалгаанд оролцогчдын нийгмийн харилцааг зохицуулж байх гол хэрэгсэл юу вэ? гэсэн асуултанд хууль хэмээн 64.8% хариулжээ.
[13] Р.Мухийт нар. Эрх зүйн соёл: төлөв, хандлага. УБ., 2008. 162-206 дахь тал.
[14] Дам ишлэл. Монтескье Ш. Избр. Произв. М., 1955. С. 318.
[15] Ж.Батзандан “Сүнсгүй хууль” http://www.tsahimurtuu.mn/
[16] Ч.Өнөрбаяр http://forum.mn/
[17] Эрх зүйн бодит хүч чадалд эргэлзэх үзэл гэж тайлбарлав.
[18] Зорилго нь тодорхойгүй эсхүл биелшгүй.
[19] Дам ишлэл. Лубенченко К.Д. Безработные законы // Известия. 1990. 25 апр.
[20] Дам ишлэл. Лейст О.Э. Три концепций права // Государство и право. 1991. № 12. 9 дэх тал.