Ё.Энхбаяр
/УТБА-ийн багш/
Шинэ толь №45, 2003
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Герман-Америкийн сэтгэл зүйч, нийгэм зүйч, хүн судлаач, хүмүүнлэг үзэлтэн Эрих Фромм (1900-1980) бол XX зууны томоохон сэтгэгчид тооцогддог төдийгүй түүний онол, “сургаал нь философийн болон шинжлэх ухааны хүрээнд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн юм. Түүний онол, сургаал нь олон тооны шинжлэх ухааны болон сэтгэлгээний хэлбэрүүдийн уулзвар дээр үндэслэн бий болсон нь орчин үеийн нийгмийн шинжлэх ухааны ямарваа асуудал өөрөө, цогцолбор шинжтэй тайлбарлагдах шаардлагатай болсныг харуулдаг. Шинжлэх ухааны хөгжил өндөр түвшинд гарсан гэхээсээ хүний асуудал өөрөө тийм түвшнийг шинжлэх ухаанаас шаардах болсон гэж үзэх нь зохистой юм. Өнөөдөр хүн нийгмээс хамаарах хамаарал урьд өмнө байгаагүйгээр өсөн нэмэгдэж, тиймээс хүн улам ХӨГЖИЖ, бас нийгэмжиж байна. Түүний хамт “Хүн гэж юу вэ?” гэсэн асуултын үнэ цэнэ нэмэгдэж, хэрхэн, ойлгох асуудал улам чухал болж байна.
Түүний зохиол бүтээлүүдтэй танилцах бүрт орчин үеийн нийгмийн хүнийг тайлбарлах зохистой арга зам бол гуманист-психоанализ мөн гэсэн итгэлийг эрхгүй төрүүлдэг. Фроммын ертөнцийг үзэх үзэл нь өргөн хүрээтэй, нэгдмэл онцлогтой тул түүний үзлийг бүхэлд нь авч үзнэ гэвэл энэхүү өгүүллэг боломжгүй бөгөөд түүний үзлийн үндэс суурь болсон буюу түүнд хамгийн их нөлөөлсөн Фройд, Маркс хоёрын тухай авч үзвэл гол түлхүүр нь олдоно гэж бодсон хэрэг.
Тэрээр өнгөрсөн үеийн философи, шашны бүхий л эрдэмтдэд “оюуны хувь” байгаа буюу шашин, философийн аливаа сургаал нь өөртөө бараг ойролцоо ёс зүйн агуулгыг хадгалдаг гэж үзэж байв. “Будда, Христ, Магомет, Кунз, Сократ, Спиноза, Маркс, Фройд” зэрэг хүн төрөлхтний багш нар бол хайр, шудрага ёс, үнэнч чанар, нигүүлсэлийн зам заагч нар юм. Тэд амьдралыг айдас, худал хуурмаг хүчирхийлэл дээр бүтээх биш, харин эр зориг, үнэн, эрх чөлөөн дээр тулгуурлахыг сургасан байдаг. Үнэнхүү гуманизм нь ийм шинжүүд дээр тулгуурлан бий болдог ба христын шашин мөн тийм юм. Христ дайснаа хайрлахыг, тэднийг бурхан шиг тахихыг сургасан байдаг. Дэлхийн бусад шашнууд ч өөрийн мөн чанараараа хүний хүчийг чөлөөтэй нээхэд чиглэгдсэн “хүмүүнлэг шинжтэй” гэж Фромм үздэг[1]. Хэдийгээр тэдгээр сургаал нь уг чанараараа хүмүүнлэг боловч улс төрийн ба сүм хийдийн бүлэглэлүүд тэднийг айдас, үзэн ядалт дээр үндэслэсэн авторитар шашин, номлол болгон хувиргадаг байна.
Фромм ХХ зууны соёлын оюун санааг тодорхойлогч хоёр сэтгэгчийн хооронд амьд маргаан, харилцан яриа өрнүүлэх үндсэн дээр өөрийн судалгааны арга замаа сонгожээ..
Тэрээр Маркс, Фройд нар оюун ухаанд гүнзгий итгэсэн XIX зууны туршлагын байгаль шинжлэлийн дунд бий болсон гэгээрлийн зууны бүтээлүүд буюу нийгэм, хүнийг ойлгохын төлөө бус бие хүнийг өөрийгөө таних, эрүүл төлөвшихийн тулд шинжлэх ухааныг ашиглахыг дэмжигчид, үнэний замыг хаасан хуурмаг үзэгдэл, тогтсон ёсыг эсэргүүцэгчид байсан гэж үнэлдэг. Мөн тэдгээр хоёр сэтгэгчдийн ертөнцийг үзэхүй, арга нь ойролцоо гэдгийг онцолж байв.
Тэд хүнийг тийм ч их сайшааж үзээгүй, тэд хоёул авторитар байдлыг шүүмжилж, цаашид өргөн дэлгэрсэн үзэл, бэртэгчин ёс суртахууны гүн гүнзгий, далд шалтгааныг нээхийг оролдож байсан гэж Фромм үздэг. Түүний үзлээр Фройд өвчилсөн хуурмаг ухамрсыг задлан шинжилсэн явдал нь хавчлага, эсэргүүцлийн зарчмуудтай ухамсаргүйн санааг гаргаж тавьсан явдал бол Маркс эрх чөлөөтэй сэтгэгч бүхий хүмүүсийн ангийн үзэл суртлын ойлголтыг бий болгосон байна. Маркс хүнийг нийгмийн үүргүүдэд аваачсан бол Фройд ухамрсаргүй хүсэл ба сексуал зөн билэгт хөтлөн аваачсан байдаг.
Маркс, Фройд нар эртний мэргэн үг болох “Бүхнийг эргэцүүлж үз” гэдгийг даган баримталж, хүн өөрийгөө хуурах явдалд сэтгэл түгшиж байлаа. Фройд “Хувь хүний невроз бол дарамт болсон үйлдэл, байдлаас болсон бие хүний хүнийсгэгдэж байгаа хэлбэр” гэж тайлбарласан бол Марксынхаар хүнийсгэлийн эх сурвалж нь хүчирхийлэл болон эдийн засгийн мөлжлөг ажээ. Фройдынхоор ч, Марксынхаар ч тэр хүний зовиур нь өөрийнхөө үнэн шалтгааныг ойлгох чадваргүй байдалд оршдог байна. Иймээс тэд “Үнэнийг тань, үнэн чамд чөлөөтэй байна” гэсэн түгээмэл уриа дэвшүүлж байв. Маркс энэхүү уриаг ажилчин ангид хандуулж, өөрийн түүхэн үүрэг, сонирхолоо ухамсарлахыг тэднээс шаардаж байв. Харин Фройд сэтгэцийн өвчтөнд неврозын нуугдмал эх сурвалжийг санахыг өөрийн үйлдэл ба сэтгэлгээний логикийг сэргээн босгохыг шаардаж байлаа.
“Фройд ба Марксын соёлын санаанууд зөвхөн үнэт зүйлийн систем төдий биш шинжлэх ухааны баримтлалыг шүүмжилсэн шүүмжлэл дээр тулгуурласан бүтэшгүй зүйлсийн систем” гэж Фромм үзэж байв. Маркс хүнийсгэлийн хэлбэрүүд болдог хувийн өмч, шашин ба төрийг устгахыг хүсэж байв. Фройд түүнтэй энэ талаар тийм ч адил биш юм. Тэр соёлд дургүйцэн хандаж байсан ч түүнийг түлхэн унагаагч байгаагүй.
Маркс ангийн ялгааны шалтгаан болох биеийн хөдөлмөрөөс оюуны хөдөлмөрийг ялган тодорхойлсон бол Фройд неврозын дотоод шалтгаан болдог ухамсартай ба ухамсаргүйн мөргөлдөөний сэтгэцийг задлаж харсан байдаг. Марксын социологи онол нь Фройдын “би”-д харьцах харилцааны ойлголттой давхцдаг тал бий. Фроммынхоор дээдсийн эсрэг доодсын бослого болох нийгмийн хувьсгал нь ухамсрын хяналтанд ухамсаргүй цөмрөн орж үүсдэг неврозтой зарчмын хувьд ижил төсөөтэй байна. Марксын онолд “хувьсгал нийгмийг эрүүлжүүлэхийн тулд нийгмийн давхрааг түлхэн унагах явдал” байдаг бол Фройдийн онолд “психоанализ бие хүнийг хөндөгч, өвчний илэрхий тэмдэг болсон ухамсар дахь ухамсаргүй хүчийг тасалдуулах явдал Фромм үздэг.
Маркс ба Фройд “хяналт” бол үзэгдэл болох түүнд хамгаалах ба залхаах үүрэг байдгийг тэмдэг байдаг. Цензур нь нийгэмд ноёрхогч үзэл санааг хадгалах үүрэгтэй. Хүний сэтгэцэд ухамсараас өмнө ёс суртахуун оюун ухааны зарчмууд хадгалан байх бөгөөд ул ухамсар ухамсаргүй дур хүсэлтэй тэрсэлддэг байна.
Фроммын үзлээр Маркс, Фройд нар философидоо зөрчил гэдэг ойлголтыг өргөн хэрэглэж, түүнийг шийдэхийг чухалчилсан байна. Фройд ухамсаргүйн хүсэл тачааллын боол болсон оюун ухаанаас төрсөн оюуны тусгаар байдлын хүчинд, харин Маркс хүн төрөлхтнийг чөлөөлөх, бичиг үсэггүй пролетарийн нийгмийн үүргийг тодорхойлох, оюун ухааны ирээдүйн ноёрхолд итгэж байлаа.
Маркс бол улс төрийн радикал үзэлтэн, Фройд бол либерал сэтгэгч юм. Гэвч тэдний улс төрийн үзлээс нь илүүгээр “Марксын эдийн засгийн нээлт, Фройдын сэтгэлзүйн нээлт нь шинжлэх ухааны ач холбогдолтой” гэж Фромм үнэлж байв. “Марксын капиталын эргэлт ба нэмүү өртгийн санаа АНУ-д хямралын эсрэг эдийн засгийн хөтөлбөр боловсруулахад тус нэмэр болсон бол Фройдын хамгаалалтын механизмын нээлт нь хөрөнгөтний хэрэглээний нийгмийг сурталчилан рекламын онолчид, “имижмейкер”-ийн алба байгуулагдахад ихээхэн нөлөөлсөн юм. Маркс, Фройдийн санаа нь хүмүүнлэг социализм, хүмүүнлэг үзэл санааны үндэслэлийг ашигласан” гэж Фромм үзсэн байна[2].
Фромм улс төрийн сэтгэлгээгээ Фройдоос хавьгүй цаашлуулж чадсан юм. Тэрээр нийгэмд гуманист шашин зайлшгүй болохыг болон нийгмийн институт, бүлгүүдийг эрх чөлөөтэй, оюунлаг, бүтээлч, нөхөрсөг хэрэгцээг байхыг онцолж байв. Фроммынхоор соёл бол дүрэм, хэм хэмжээнээс татгалзаж болох зүйл ажээ. Соёлын хэм хэмжээнүүд авторитар байж чадахгүй ба бие хүний хамгийн өргөн дэлгэр болох зүйл гэнэ.
Ухамсаргүй механизм хүний амьдралд өргөн дэлгэр болдог ба суурьшмал болох нь ч цөөнгүй. Энэхүү баримтыг Фромм төдий л сайшааж үзээгүй юм. Эцэг эхчүүд, багш нар хүүхдүүдийг сайн хүн болгохыг хүсч, хүмүүжүүлэх зорилгоор шийтгэдэг гэж үздэг. Фромм ийм болон бусад хууль ёсны шийтгэлүүд нь хүмүүжүүлэгчдийн садист зөнгийн илрэл болохыг олж харсан байдаг. “Гэмт хэрэгтнийг цаазлах нь олон хүний садист хүслийг хангаж буй үйл болохоор хүмүүнлэг бус, практик үр өгөөжгүй”[3] гэж Фромм үзэж байлаа.
Фромм “сексуал зүйл дэх ёс суртахууны хорио цээр нь иудейны ёс суртахууны үлдэц” гэдэгтэй Фройдтэй санал нийлдэг. Тэрээр хүн өөрийн хайрлах хэрэгцээгээ хангах арга замгүй болохоороо ухамсаргүй өвчинд өртдөг. Тиймээс хүнийг хориглох биш харин соёлжуулах хэрэгтэй гэж үзсэн байна. Залхаагч хүн бусад хүмүүсийг залхаахыг ятгадаг гэж тэрээр оновчтой илэрхийлсэн байдаг. Үүний зэрэгцээ Фромм анархист сексын талын баримтлагч биш тэрээр түүний оронд “хайрлах мэдрэмжийн хувь чанарын тухай, эхийн, эцгийн, эр эмийн хайр ялгаатай тухай, хайрлах урлаг бол хайрлах хүнийхээ тухай санаа тавихыг чухалчилдаг, оюун санааны харилцааны гүнзгий авъяас чадвар” болох тухай ярьж байв.
Маркс, Фройд өөрсдийн онолыг нь олон нийт үл ойшоож үзэх нь сайн зүйл байсангүй. Тэд шалгармал хэрэгслүүдээс нь татгалзахыг нь ч үл ойшоож байв. Фройдын хувьд энэ бол невротик хүний өөрийн неврозын шалтгааныг ухамсарлан тэмцдэг шиг өөрийнхөө тухай үнэн зөвөөс эмээсэн эсэргүүцэл байв. Марксын хувьд өөрийн онол нь хөрөнгөтөн ангийн сонирхолын эсрэг болохоор түүний онолыг унагаахыг хүсдэг нь тодорхой байлаа. Иймээс олон тооны сайн дурынхан хувьсгалын сэтгэлгээг ядууст аятайхан байхаар зохицуулах явдал байнгын хэрэгтэй байв. Иймээс Маркс, Фройд нар өөрсдийн үзлийг хууль ёсны болгох ба ахгүй байлаа. Тэд өөрийн ч төлөө тэмцэж, өөрт нь хандсан үндэслэлтэй шүүмжлэл сонсохыг хүсдэггүй байв. Тиймээс Марксын онол яван явсаар марксизмын догматчлал болж, харин Фройдын онол психоанализид хүрч, эдгээр чиглэлүүдийн дотор олон тооны тэрс үзэл бий болж хатуу ширүүн тэмцэл эхэлсэн байна. Энэ байдалд л Маркс, Фройд хоёрын ялгаа оршдог гэж Фромм үздэг. Марксын хувь өөрийн үзлийг үргэлжлүүлэгчдээ марксист биш хэмээн шалтаг олон ярьж байсан. Харин Фройд Фройдист биш хэмээн ярьсан удаа үгүй байдаг. Марксын утол санаагаа догматчилсан нь большевизмын илт харгислалыг төрүүлж, харин Фройдын дургүйцэл психоанализийн олон чиглэл, урсгалыг бий болгосон түүхтэй билээ.
Хоёр сэтгэгчийн эмгэнэлт ба ижил хувь заяа нь тэдгээр сургаал нэг нь ЗСБНХУ-д, нөгөө нь АНУ-ын албан ёсны үзэл санаа болж, хүнийг зөвхөн чөлөөлөх төдий бус боолчлолд ч тус нэмэр болсон явдал гэж Фромм үздэг юм. Психоаналитикчид аж үйлдвэржсэн нийгмийн хуврагууд болсон бол марксизм нь Оросын большевизмын албан ёсны “хуурмаг шашин” болж чадсан байна. Фромм уг хоёр эрдэмтэн эрхтэн дархтаны сонирхолыг зохицуулсан байна гэж шүүмжилэхийн зэрэгцээ тэд бол хувьсгалч эрдэмтэд, нэгэн үеийн романтик үзэлтэн, соён гэгээрүүлэгч гэж бас үнэлсэн байдаг.
Фроммын хувьд Маркс Фройдоос ч илүү гүнзгий сэтгэгч гэж ойлгогддог. Маркс Германы идеализмын оюун санааны өвийг эдийн засгийн онолтой холбож чадсан ба эртний коммунизмын утоп санааг бодит хэмжүүрээр баяжуулж, өөрийн онолдоо философи, улс төр, эдийн засаг, антропологи, этикийн элементүүдийг нэгтгэж чадсан гэж тэр үзжээ. Түүгээр ч барахгүй Фромм Марксын шүүмжлэлүүдийг зөвшөөрдөггүй бөгөөд түүний нарийн социологийн үзлийг нь онцлон үзсэн байдаг. Үнэхээр Маркс ёс зүйн асуудлуудыг албан ёсоор боловсруулаагүй юм. Харин тэрээр бие хүний хөгжил, шударга ёс, тэгш эрх, эрх чөлөөг хамгаалагч байж чадсан байна. Марксынхаар капитализм нь хүнд нийгмийн үүргүүдийг үүрүүлсэн эд юмсын ноёрхол бол коммунизм бие хүний эрх чөлөөний биелсэн хэлбэр юм.” гэж Фромм бичсэн нь түүний капитализмд шүүмжлэлтэй ханддагтай нь шууд холбоотой. Фромм Марксаас авсан зүйл асар их бөгөөд Фройдийн онолд Марксч маягаар засвар хийсэн нь түүнийг фройдомарксист” гэж үнэлэгдэхэд хүргэсэн юм. Гэхдээ цэвэр Марксыг хуулсан хэрэг биш бөгөөд Марксын зөв санааг Фройдын зөв санаатай нэгтгэх замаар өөрийн гуманист психоанализыг бий болгосон гэж болно. Энэ тухай тэрээр Марксын онол тийм ч өө сэвгүй байгаагүй гэж тэмдэглэсэн байдаг. Түүний үзлээр Маркс хүнийсгэлийн хэлбэрүүд болох улс төр, эрх зүй, шашны позитив үүргүүдийг дутуу үнэлсэн ба коммунизмын тухай түүний төсөөлөл нь ах дүүсэг байдал, биелшгүй зүйл, утоп санаанууд байлаа. Марксын сул тал нь эдийн засгийг хэт өргөмжилж, түүхэн дэх бие хүний болон оюун санааны хүчин зүйлийн үргийг дутуу үнэлсэн ба шашныг үндэслэлгүйгээр таягдан хаяж, түүний хүн ба нийгэмтэй гүнзгий холбоотой гэдгийг олж хараагүй гэж тэр үздэг.
Үүний хамт Фромм Фройдын сэтгэл зүйн детерминизмыг шүүмжилсэн юм. Фройдынхоор сэтгэц бол амар амгаланд эрмэлзэх гэсэн үндсэн хууль бүхий термодинамик систем маягаар ажилладаг байна. Тийм системд эрх чөлөөний эзлэх байр суурь үгүй. Харин утгатай байх, үүрэг хариуцлагатай байх явдал л голлодог байна. Фромм Фройдоос зөрүүтэй нь хүний мөн чанар биологид биш харин нийгмийн ба оюун санааны шинжтэй гэдэг санаа юм. Түүхэн болон философийн түгээмэл үзлээр хүн нь өөрөө өөртөө оюун ухаанаар шалтгаалцсан байх ба инстинкт ихээхэн нөлөөтэй байдаг гэдэг. Хүн аль эрт амьтан байдлаасаа ангижирсан юм. Цаашид эрт үеийн хүчнүүд хүн төрөлхтний оюун ухааны эрхэм дээд зүйл болж улс төрийн домог ба үзэл санааг ашиглан “ангийн оюун ухаан” үүсгэсэн байдаг. “Хүний нэг гол алдаа болох өнгөрсөн уруу харж амьдардаг явдал Фройдын онолын амин сүнс” гэж Фромм үзээд харин хүн ирээдүйгээ харж амьдрах нь хамгийн чухал гэсэн байдаг. Гэхдээ сэтгэцийн хувьд өнгөрсөн руугаа хандахгүй байна гэсэн хэрэг биш бөгөөд психоанализийн тусламжтайгаар сэтгэцийн хямралаас гарч, эрүүл зөв амьдрах арга зүйд суралцах ёстой гэж Фромм сургаж байлаа. Тэгэхийн тулд хүнлэг ёс, хайр, хариуцлага, үнэн, шударга ёсыг ухаар хэрэгтэй гэж тэр номлодог.
Фройд скептик үзэлтэн байсан ба хүн төрөлхтөн хаашаа явж байгаа вэ?, хаана очих ёстой вэ? зэрэг асуудалд хариу өгөхийг оролдоогүй гээд Фромм тэдгээр асуудалд хариулт өгөхийг оролдож байв. Түүнийхээр хүн төрөлхтөн суртахууны үндсүүд болох бие хүний эрхийг баталгаажуулсан, нэгдмэл, социализацид хүрэх ёстой байна. Улс төрийн ба иргэний байгууллага нь бие хүний сонирхол чиглэгдсэн байх ёстой гэнэ. Хүний эрх чөлөөтэй ахуй бо соёлын, оюун санааны, ухамсартай ахуй юм. Соёл бол амьд үлдэх хэрэгсэл төдий биш амьдралын аяндаа бий болсон хүч юм.
Фроммын үзлээр ухамсаргүйн тухай Фройдын сургаал баялаг бөгөөд үр өгөөжтэй боловч ухамсарын тухай санаа нь ядмаг гэнэ. Фроммын зөвшөөрч буйгаар эрүүл сэтгэцийн үндсэнд “таашаалын зарчим” бус харин хайр ба хариуцлага, оюун ухааны зарчмууд байдаг гэнэ. Фройд сэтгэц нь өөрөө өөрийгөө бүтээгч үйл ажиллагаа бөгөөд өнгөрсөн руу чиглэлтэй “ухарсан” байдаг гэсэн бол, Фроммын зөвшөөрч буйгаар тийм баримтлал хүн төрөлхтний ба хувь хүний хөгжлийн түүхэнд үнэхээр тохиолдож байсан боловч эрх чөлөөнөөс зугатаж буй хэлбэр ажээ. Ухралт доройтол нь эрх чөлөөнөөс зугтах үед, эрх, үүрэг хариуцлагаас сайн дураараа татгалзсан, өөрөө амьдралаа бүтээж, шийдвэрлэж чадахгүй үед тодорхой харагддаг байна. Эрх чөлөөнөөс зугтах явдал нь авторитар билэгдлүүд буюу тодорхойгүй бодит байдал болох “удирдагч”, “цэвэр цус”, “ангийн сонирхол”, “фюрерийн сонирхол”, “гэрэлт ирээдүй” гэх мэтээс нуугдахыг хүсдэг явдал юм. Энэ нь бүхийг чадагч эцэгт итгэх, өөрийгөө сонгоход бэлэн болж, өөрийн “би”-гээс татгалзах хуучин байдал уруу тэмүүлэх явдлыг төрүүлдэг байна. Фроммын үзлээр хэвийн ба эрүүл сэтгэц нь өнгөрсөнд биш ирээдүйд, уламжлалд бус бүтээн туурвихад чиглэгдэх ёстой гэнэ.
“Фройдын хамгийн аугаа санаа нь “Эдипын комплекс “Нарцисизм”, “Үхэх зөн” зэрэг олон тооны маргаан сэдвүүд бөгөөд тэдгээр нь зүй бус хэлбэрүүдээс нөлөөлөгдөж буй үйл явц бөгөөд тэдгээр нь бүтээлч шинжлэх ухааны утгатай болжээ” гэж Фромм үзсэн байдаг.
Фромм Хэдийгээр Фройд ба Марксыг зөвшөөрөөгүй зүйл олон байсан ч тэдний бүтээлүүдэд ихээхэн хүндэтгэлтэй хандаж, тэднийг аугаа хүмүүс гэж үзэж байлаа. Фромм Фройд ба Марксын онолоос гадна экзистенциализм, философийн хүн судлал, хүний тухай түгээмэл шинжлэх ухааны ололтуудыг нэгтгэж өөрийн онолыг бүтээсэн болохоор энэ өгүүллэгт яригдсан асуудал өчүүхэн төдий гэдгийг өчье.
[1] Э.В. Соколов Введение в псхиоанализ. Санктпетербург.,1999.стр
[2] Э.В. Соколов Введение в псхиоанализ. Санктпетербург.,1999.стр 277
[3] Мөн тэнд, х. 278.