Шинэ толь №23, 1998
Түлхүүр үг: плюрализм, түүхчлэх үзэл, нээлттэй нийгэм, хаалттай нийгэм, индуктивизм, нийгмийн загварчлал, фалсификализм
Арга зүй гэдэг ухагдахууныг Поппер арга хэмээх ойлголтоос уламжлуулан авч үзсэн юм. Арга бол шинжлэх ухааны дүгнэлтүүдтэй бидний ажиллах маяг гэж тэрээр авч үзсэн нь миний бодоход аргын тухай ухагдахууныг өмнөх үеийнхээ сэтгэгчдээс илүү их плюралист утгатай болгожээ. Гэхдээ аргыг ямарч хяналтгүй дур зоргын зүйл хэмээн тунхаглаагүй нь арга зүйн түвшин дээрээ марксизм учир замбараагүй, шинжлэх ухаанч шинжгүй болдог гэсэн түүний дүгнэлтээс харагдана.
К.Поппер өөрийн анхны бүтээлүүдийн нэгэн болох “Түүхчлэх үзлийн гуйланчлал”-даа аргыг байгальч маягийн ба байгальч бус хэмээх хоёр үндсэн хэсэгт хувааж тэгэхдээ “байгальч маягийн” буюу “эерэг” гэж физикийн аргууд нийгмийн ухаанд хэрэглэгддэг чиглэлийг дэмжиж, “байгальч бус” буюу “сөрөг” гэж эдгээр аргыг хэрэглэхийн эсрэг тэмцдэг чиглэлийг тус тус нэрлэж хоёр хувааж болно”[1] гэдгээс уламжлуулан тайлбарлаж, үндэслэсэн юм. Гэхдээ аливаа аргаас, түүний дотор дээрх хоёр бүлэг аргаас түгээмэл төдийгүй танин мэдэхүйн болон үйл ажиллагаанд няцаагдашгүй ажлаа бидний үйл үр дүнд хүрэхэд баримжаалан чиглүүлдэг анхдагч арга бол “алдаж-онох”[2](trialand error) мөн болохыг Поппер өөр нэг зохиолдоо үндэслэж диалектик аргын сул болон буруу элементүүдийг контр жишээнүүдээр няцаасан байдаг.[3]
Шүүмжлэлт рационализмын арга зүйн өөр нэг чухал ойлголт нь няцаах зарчим” билээ. Энэ бол эртний уламжлалтай фаллибилизм (Fallibilism гэсэн англи үгний буулгавар. Анх шинжлэх ухааны философид Ч.Пирс авч үзсэн. fallible- алдаанд эмзэг (орсон), найдваргүй гэсэн утгатай аж) гэдэг ухагдахуунаар нөхцөлддөг. Өөрөөр хэлбэл, “няцаах зарчим орших гол нөхцөл нь “фаллибилизм” болой. Энэ ойлголт нь аливаа онол алдаатай гэсэн гол утгатай, оор үгээр хэлбэл алдаа, доголдлын тухай сургаал юм. Фаллибилизмын асуудлыг ХХ зууны хоёр дахь хагаст Поппер, түүний шавь нар оргон хүрээтэй авч үзэж судалсан байдаг. Энэ нэр томьёог анх 1956 онд Унгарт болсон үйл явцын дараа эх орноосоо дүрвэн гарсан Унгарын философич И.Лакатос (1922-1974) хэрэглэж бие даасан өгүүлэл бичсэн. К.Поппер XX зууны 60-аад онд өөрийнхээ сургаалыг фаллибилизм болохынх нь хувьд чадварыг нь үнэлжээ (аттестачилжээ). “Няцаах зарчим” (фальсификаци-латин хэлний falsus-худал, facio-хийх гэсэн үгнүүдээс гаралтай бол онолыг, нарийн яривал онолын дүгнэлтийг уг онолд харшлах эмпирик (туршлагын баримттай жиших (зөрчилдүүлэх явдал болой. Няцаагдах шинж (фальсифицируемость) гэдэг бол няцаалтын өмнө тууштай аливаа онол нээлттэй байх явдал юм. Онолын няцаагдах шинж гэдэг бол уг онолыг баталгаажуулан үнэмшүүлж байдаг эмпирик баримтуудын олонлогийн зэрэгцээ, уг онолд зөрчилдөн харшлах эмпирик сэдлүүдийн боломж буюу “боломжийн няцаагч” тодорхой цаг үеийг хүртэл далд орших нь нээгдэх явдал мөн.
Багшийнхаа үндэслэсэн энэ зарчмыг хамгийн найдвартай гэж бид итгэдэг математикийн ухаанд ерөнхий болон хэсгийн контр жишээ гэдэг ойлголтуудын тусламжтай хэрэгжүүлэх дорвитой оролдлогыг И.Лакатос математикийн философийн зохиолууддаа хийсэн нь математикт эмпирик ухааны адил нэгтгэлийн элемент оролцож, хэрэглэгдэж байдаг тухай дүгнэлтэнд хүргэжээ. Энэ байдал шинжлэх ухааны үзэл суртал болон шашинтай тодорхой утгаар адилтгах[4] орчин үеийн нийгмийн философийн зарим дүгнэлтийн үндэс ч болсон байж болох юм.
Поппер арга зүйн сургаалынхаа төвд плюралист зарчмыг тавьж байсан нь тодорхой. Бие биенээсээ харьцангуй үл хамаарах, тус тусдаа бие даасан гурван ертөнцийг (3 ертөнцийн онолыг) ялган томъёолсноо онтологи, эпистемологийн салбарт плюралист зарчмыг хэрэгжүүлэх эхлэл хэмээн үзээд “плюралист”[5] гэж өөрийгөө тодорхойлсон байдаг.
Попперийн үзлийн дээрхи элементийг бүтээлчээр үргэлжлүүлэн түүний шавь И.Лакатос, П.Фейерабенд нар тус тусдаа анархист, плюралист арга зүйг оройд нь хүртэл барьж дуусгасан юм.
Бие биеэсээ үл хамаарах ба бие биедээ үл шингэх ахуйн хэлбэрүүд буюу эхлэлүүд (онтологи дахь плюрализм), мэдлэгийн хэлбэр, зарчмууд (гносеологи дахь плюрализм);
Ижил тэгш эрхтэй бие даасан бие хүмүүс, хүмүүсийн бүлэг (социологи дахь…) өөр хоорондоо өрсөлдөх янз бүрийн үзэл суртал, итгэл-үнэмшилд илэрхийлэгдэн орших үнэлэмж, үнэлэмжийн баримжаалалууд (аксиологи дахь…) зэргийн философи-үзэл санааны байр сууриуд нь плюрализм юм.[6]
Фейерабендийн арга зүйн плюрализмын үүднээс үзвэл мэдлэгийн өсөлт нь онолын пролиферацийн (үржин задрахын) үр дүнд явагдах ба энэ онолууд олонхи тохиолдолд хоорондоо харилцан хэмжилгүй байх юм. Фейерабенд мэдлэгийн рациональ шинжийн шалгуурыг харьцангуй хэмжин үзээд танин мэдэхүйд түгээмэл арга байх бололцоогүй гэж “анархист эпистемологийн” үзлээ томьёолдог. Эрдэмтдийн элитийн үзэл суртал хэмээн шинжлэх ухааныг тодорхойлсон юм. “Бүх уламжлалууд ижил эрхтэй, ижил үр дүнтэй байх чөлөөт нийгэм гэсэн гүйцэлдэх магадлал багатай үзлээс нийгмийн философийн гол санаагаа Фейерабенд үндэслэдэг.
Шинжлэх ухааны мeтoрoлoгийн зарчмуудаа нийгмийн философийн асуудалтай нягт холбоотой байгааг үндэслэн хөгжүүлж чадсан нь К.Попперийн хүн төрөлхтөнд үлдээсэн бас нэг чухал өв юм. Энэ ололтын гол түлхүүр нь нээлттэй нийгэм” хэмээх ухагдахуун бөгөөд үүнийг Бергсон анх “Ёс суртахууны ба шашны хоёр уг сурвалж” (1932) зохиолдоо олон улсын хүрээн дэх антагонизмгүй хүний нийтлэгт үндэслэсэн нь нийгмийн байгуулал мэт зүйлстэй төсөөтэйгээр элитар маягаар тайлбарласан бол К.Поппер “Чөлөөт нийгэм ба түүнд өширхөгчид” (1945) зохиолдоо манай үед бодитой байгаа нээлттэй болон хаалттай нийгмүүдийг хооронд нь сөргүүлэн үзэх үндсэн дээр эгалитар (е) маягаар тодорхойлоод орчин үеийн барууны ардчилал “Нээлттэй нийгэмд шилжихийг үндсэнд нь дуусгасан боловч социализм хаалттай нийгэм хэвээр үлдсэн гэж нотолжээ. Үүнээс үүдэн Поппер болон түүнд талархагчдын үзэлд чөлөөт нийгмийг иргэний нийгмийн болон эрх зүйт төрийн бүтцээр хөгжихийн зэрэгцээ эдийн засаг, улс төр, соёлд нь олон ургальч үзэл хэрэгжсэн ардчилсан нийгэм гэж тодорхойлох нь олонтоо байгаа юм. Мөн чөлөөт нийгмийг капитализмын өмнөх нийгэмд болон социализмд сөргүүлэх нь зуршиж тогтжээ.
К.Поппер: “Цаашдаа шившлэгийн, овог-аймгийн буюу хамтын маягийн нийгмүүдийг хаалттай нийгэм, харин бие хүмүүс нь шийдвэрээ бие даан гаргадаг нийгмийг нээлттэй нийгэм хэмээн нэрлэе”[7] гэж номынхоо уншигчидтай хэлцэн тодорхойлсон байдаг. Үүнд үндэслэн “Нээлттэй нийгэм хүрээлэн” (Соросын сан) өөрсдийнхөө үзэл санааг “Нээлттэй нийгэм нь үнэний монополь хэнд ч байдаггүй, хүмүүс өөр өөрийн ялгаатай үзэл бодол, сонирхолтой байх эрхтэй ба тэдэнд энх амгалан хамтдаа аж төрөх бололцоо олгох, хүний эрхийг хамгаалах бүтцийг бий болгох шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр байгуулсан нийгмийн зохион байгуулалтын нэгэн хэлбэр юм… Өргөн утгаараа нээлттэй нийгэм гэдэг нь “хуулийг хүндэлсэн, ардчилсан замаар сонгогдсон засгийн газартай, цөөнхийн эрх ашиг, санал бодлыг хүндэтгэсэн олон ургальч үзлийн зарчимд тулгуурласан нийгмийн зохион байгуулалтыг хэлнэ” гэж хүн ардад сурталчлан ойлгуулдаг билээ.[8]
“Нээлттэй нийгэмд шилжих гол арга зам бол “хаалттай нийгмийг” инженерчилэх явдал гэж К.Поппер үздэг. Иймээс Попперийн арга зүйн сургаалын нэг чухал ойлголт нь “нийгмийн бүтээхүй” (social engineering) юм. Попперийн дэвшүүлсэн нийгмийн бүтээхүй нь шүүмжлэлт рационализмын зарчмуудыг нийгмийн үйлдлийн хүрээнд хэрэглэх явдал мөн. Хэсэгчилсэн бүтээхүйг хэрэгжүүлэхэд тэдгээрийг эмхтгэх үндсэн дээр “нийгмийн бүтээхүй”-г хэрэгжүүлэх нь үр ашигтай гэдгийг Поппер үндэслэсэн байдаг. “Тухайн тодорхой зорилтыг биелүүлж байгаа нийгмийн бүтээхүйн зорилго нь нийгмийн институтуудыг, түүнчлэн байгаа институтуудыг өөрчлөн байгуулах, тэдгээрийг удирдах аргыг өөрчлөх зэрэгт оршино. Хамгийн өргөн утгаар нийгмийн институт гэдэг бол хувийн, түүнчлэн нийгмийн шинжтэй аливаа объект юм[9] гэж тэрээр тодорхойлжээ.
Байгалийн болон нийгмийн хуулийн ялгааны асуудал нь арга зүйн сургаалын нэг чухал хэсэг болно. “Түүхчлэх үзэл” (“Historicism”, “историцизм”) уг асуудалд тодорхой хариулт өгсөн юм. Энэ үзлийн үндсэнд байгалийн хууль нийгмийн хууль хоёр нь хоорондоо зарчмын хувьд ялгаагүй гэсэн худал нөхцөл оршиж байдгийг К.Поппер илрүүлэн шүүмжилжээ. Тодруулан хэлбэл юмс, үзэгдлийн хэтийн ирээдүйг урьдчилан харж мэдэх үүднээс дээрхи хоёр төрлийн хууль зарчмын ялгаагүй гэдэгт түүхчлэх үзэл тулгуурладаг байна. Поппер мөн “түүхчлэх үзэл”-ийн нэг хэлбэр нь марксизмын нийгэм зүй мөн хэмээн үндэслэдэг. Түүний бодлоор “түүхчлэх үзэл” бол шинжлэх ухааны хэлбэрээр оршиж байгаа худлаа төлөгчлөл ажээ.
Нийгмийн ахуйн материаллаг элемент нь мэдлэгийн шинжлэх ухааны биежсэн хэлбэр гэдэг баримтлал Марксын болон Попперийн сургаалийн аль алинд нийтлэг байгаа бололтой. Гэтэл тухайн мэдлэг хэдийд үүсэх, батлагдах, ахуй амьдралд хэрэгжих зэргийг урьдчилан хэлж болохгүйг Поппер мэдлэгийн өсөлтийн арга зүйн зарчимдаа үндэслэжээ. Товчоор хэлбэл, шинжлэх ухааны нээлтийг урьдчилан мэдэж болохгүйг мэдлэгийн өсөлтийн онол нотолжээ. Энэ нь нийгмийн өөрчлөлтийг урьдчилан төлөвлөж болохгүй тухай К.Попперийн үзлийн үндэс болдог юм. Энэ үүднээс “түүхчлэх үзлийн” шүүмжлэл утгатай гэж үзэж болно.
Шинжлэх ухаанд болон практик үйл ажиллагаанд Индуктивизмын үзэл нь түүхчлэх үзлийг дэлгэрүүлэхтэй шууд холбоотой арга юм. Индуктив номлол нь нийгэм асар их хохирол түүний дотор цус урсгасан хохирол, ухралт үзэж байж дэвших тухай санаа болон шилжиж байгаагийн дундач холбогч гишүүн нь түүхчлэх үзэл байж болох юм[10]. Ийнхүү байгальч аргын болгоомжгүй хэт индуктив маягаар хэрэглэвэл нийгмийн үйл ажиллагаанд ухралт, зарим тохиолдолд нөхөж баршгүй хохирол үзүүлэхийг “түүхчлэлийг” үзэх Попперийн арга зүй сэрэмжлүүлэн сануулдаг болой. Энэ хэмжээгээр байгальч аргын эсрэг номлол (антинатурализм) зөв юм. Үндэслэл сайтай бол байгальч аргыг нийгэмд хэрэглэх бололцоотой. Үүнийг авч үзсэн дорвитой оролдлогууд бас байгаа болтой[11].
Түүхчлэх үзлийн нөгөө нэг тал нь эхлээд болгоомжгүй хэт ерөнхийлөн гаргасан ойлголт, хуулиудаасаа нийгмийн өөрчлөлтийн тусгай нарийн хуулиудыг гаргах оролдлого юм. Энэ талаар Оросын философич Н.Ф.Овчинников “Нийгмийн түүхэн хандлага” оршин байгаад Поппер эргэлзэж байгаагүй. Гэвч түүхчлэх үзэлтнүүд хандлагыг хууль гэх буюу эсхүл Конт, Милль нар сэтгэл зүйн хуулиудаас бүхнийг гаргана гэж байсан шиг марксизм диалектик материализмын хуулиудаас бүхнийг гаргана гэсэн лугаа адил тэрхүү хандлагуудыг нэн түгээмэл хуулиудаас гаргаж болно гэж үздэг”[12] хэмээн орчин үеийн түүхчлэх хэлбэрийг оновчтой шүүмжлэн дүгнэжээ.
Түүхчлэх үзэлтэй эрх чөлөөтэй байр сууриа К.Поппер социологийн хүрээнд марксизмын хамгаалагч Теодор Адорнотой “нийгмийн шинжлэх ухааны логик”-ийн асуудлаар маргалдан улам бататгажээ. Энэ маргаанд түүний шавь Хане Альберт идэвхтэй оролцож Адорногийн шавь Юрган Хабермасын үзэл дэх түүхчлэх үзлийн шинэ элементүүдийг илрүүлж няцаасан байдаг.
Ийнхүү түүхчлэх үзэл нь эцэстээ аль ч тохиолдолд хаалттай” Нийгмийн замналын онол болох юм. Хэсэгчилсэн” буюу “орон нутаг тухайн шинжтэй нийгмийн бүтээхүйг ач холбогдолгүй Жижиг зүйл хэмээн нээлттэй нийгмийн тохиолдолд үзэж болохгүй. Тэдгээрийн дотор гүн гүнзгий шинжтэй, нарийн төвөгтей, нийгмийн өндөр ач холбогдолтой инженерчлэл байж болно. Тухайлбал, зах зээлийн эдийн засгийг оновчтой болгох Үүрэг бүхий төрийн болон гүйцэтгэх эрх мэдлийн институтуудад шилжихийг хангах зорилго, газрын бодлогын шинэчлэл, иргэдийг хамгаалах үр ашигтай эрхийн байгууллага үүсгэж, хөгжүүлэх зэрэг олон зүйл байж болно.
“Хаалттайгаас” “Нээлттэй нийгэмд оновчтой чиглүүлэн шилжүүлэх нийгмийн бүтээхүйн онцгой маягийн гол зорилго нь оюун санааны хувьсгалд дөхүүлж байгаа үзэл бодлуудын практик хэрэгжилтийг хөнгөвчлөх явдал юм. Ийм нөхцөлгүйгээр нээлттэй нийгэмд шилжих нь бололцоогүй шахам бeгeeд асар их төвөгтэй гэж К.Поппер үзжээ. Хувьсгалт дэлбэрэлт нь харгис засаглалыг унагаж, төрийн буруу ягшмал бодлого, ноёрхолыг таягдан хаядаг билээ. Тэгвэл нийгмийн инженерчлэл нь хаалттай” нийгмийн өөр дотор нь үүсэж, өрнөж болох юм.
Энэ нь үнэхээр бололцоотой юу гэдэг асуудал дэвшигдэж болно. Өөрөөр хэлбэл, нээлттэй нийгмийн элементүүд болох нийгмийн янз бүрийн институтууд сэтгэлгээний хэв загвар, тодорхой уламжлал, бүр зарим хууль, хандлага зэргийн харьцангуй бие даасан хөгжил нь “хаалттай нийгмийн” хязгааралтууд байсаар байхад бололцоотой юу гэсэн асуудал юм.
Үүнд зөнч үзлийн (инстуцийн) үүднээс хариулах нь хүрэлцээтэй бишээ. Өөрийгөө өөрөө зохион байгуулагч системийн өсөлтийг хангалттай сайн онол хэрэгтэй гэж Ж.Сорос зөв зүйтэй тэмдэглэжээ. Өөрийн зохион байгуулалтын тухай Нобелийн шагналт физикч Пригожены онол нь гол төлөв физик системүүдэд зориулагдсан байдаг. Нийгмийн системийг хамарсан тийм хүчтэй онол одоогоор байхгүй юм. Гэвч тийм онолд баримжаалагдсан олон тооны ухаалаг чиглэл хандлага бий. Тийм нэг чухал хандлагыг Ж.Сорос өөрөө томъёолон дэвшүүлжээ.
“Хаалттай нийгэмд” эхэлсэн дотоод хөдөлгөөн чөлөөт байдалд чиглэх зайлшгүй шаардлагатай. Гэхдээ энэ хөдөлгөөн өөрөө гадны ямар нэг дэмжлэг-импульс авч, ямар нэг хангалттай хүчээр дэмжигдэж тодорхой дүр загварт чиглүүлэгдэх ёстой гэж Ж.Сорос онцлон үзжээ. Тухайлбал, Оросын Холбооны Улсын хувьд дээрхи нь зах зээлийн институт, тэдгээрт харгалзах (тохирох) улс төрийн бүтцийг идэвхжүүлэх үйл ажиллагаа нь Европын болон хойд Америкийн ардчиллаар ихээхэн дэмжигдэж байгааг тэмдэглэжээ.[13]
Ийнхүү “нээлттэй нийгэм” нь онол практикийн үүднээс маш олон талтай үйл явц юм. Энэ нь оюун санааны (менталь) бүтцийн энгийн плюрализм биш бөгөөд харин эдгээрийн идэвхтэй харилцан үйлчилгээ, бие биенийгээ нөхөн гүйцээх явдал юм. Энэ нь мөн эдийн засгийн ердийн нэг эрх чөлөө биш, харин өмчийн ба аж ахуйн хэлбэрүүдийн хоорондох сэтгэл зүйн болон хууль эрхийн саадуудыг даван туулж арилгахад оршино. Энэ нь соёлын нээлттэй бодлого, систем болой. Үнэт чанар, үнэлэмжүүдийг сөргүүлэн үзэхэд голлох биш тэдгээрийн хоорондох зохимжтой тохиролцлыг хангах явдал юм. Хамгийн гол нь хүмүүс бие биедээ нээлттэй байхын зэрэгцээ ухаалаг тусгаар бие даасан байдлыг хүндэтгэн зохимжтой хослол байх ёстой.
Нээлттэй нийгмийн аливаа шинж, тал нь нийгмийн олон тооны институтуудын огтлолцолыг шаардах бөгөөд эдгээр нь өөрийн ээлжинд нийгмийн бүтээгдхүүн асар олон зорилгыг төрүүлнэ.
Ардчиллыг оюун ухааны зөв ухаарлаас салгах нь зөрчил төдийгүй, аюул осолтой тоглоом юм. Ардчилалгүй оюун санаа хүчин мөхөс билээ. Шүүмжлэлт рационализм нь эдгээр зарчмыг бие биенээс нь салгах хоосон номчирхол болохыг нотолдог. Эдгээрийн зөв зүйтэй нэгдлийн үр дүнд нийгмийн ады зорилгыг биелүүлэн хэрэгжүүлэх найдвар өсдөг. Эдгээрийн нэг нь нээлттэй нийгмийн” тухай зорилго юм. Энэ нь шударга ёс, эрх чөлөө, аз жаргалтай энэ зэрэгцэхүйц зүйл болой.
“Түүхчлэх үзэл” ХХ зууны Монгол оронд
“Түүхчлэх үзэл” гэдэг нэр томъёог тодорхой ойлголтын хэлбэртэйгээр хэрэглэсэн томоохон сэтгэгчдийн нэг нь, магадгүй хамгийн анхных нь К.Поппер билээ. Нийгэм түүхийн ирээдүйг урьдчилан харахуй нэн боломжтой хэмээн үзэхэд дээрхи ойлголтын утга санаа оршино.
Энэ ойлголтын учир холбогдлыг Поппер анх 1937 онд бичсэн “Түүхчлэх үзлийн гуйланчлал” зохиолдоо тайлбарлаж, 1945 онд бичсэн “Нээлттэй нийгэм, түүнд өширхөгчид зохиолдоо бүр дэлгэрүүлэн тайлбарлаж, баталсан юм.
“Нийгэм шинжлэх ухаанд хандахдаа түүний ерөнхий зорилт нь түүхэн ёсоор угтан өгүүлэхуй мөн” гэж, тэгэхдээ тэр нь түүхэн хөгжлийн үндэс болсон “дараалал”, “загвар”, “хууль”, “хандлага” тэргүүтнийг нээн илрүүлсний урд боломжтой гэж ханддаг хандлагыг “түүхчлэх үзэл” гэнэ” хэмээн энэ ойлголтын гол тодорхойлолтыг К.Поппер өгчээ.
Философи, нийгэм судлалын зарим нэрт хүмүүсийн үзэлд түүний дотор Гегель болон марксизмын сургаалд “түүхчлэх үзэл”[14] хамгийн хурц тод илэрч, гол байр суурь эзэлж байгааг Поппер дээрхи зохиолууддаа өгүүлсэн юм.
К.Поппер өөрөө түүхчлэх үзлийн эсрэг үзлийг баримтлагч бөгөөд энэхүү түүхчлэлтэй үзэл санааны хувьд хамгийн эрс тэмцэгч ажээ. Тэрээр нийгэм-түүхийн үйл явцын ирээдүйг шинжлэх ухааны мэдлэгээр урьдчилан харахуй бололцоогүй гэж батлахад голлон анхаарч Гегель, Маркс нарын үзлийг өөрийнхөө үндэслэн бий болгосон шинжлэх ухааны Логик, арга зүй, мэдлэгийн өсөлтийн онолын үүднээс олон талаас нь шүүмжилсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Поппер өөрөө яг ингэж хэлээгүй ч нийгмийн агностиризм үүсэн орших ямар нэг сэтгэхүйн орон зай байна гэдгийг дээрхээс дүгнэж болно.
Аугаа их сэтгэгч И.Кант үнэхээр хүний оюун ухааны хязгаарлагдмал байдлыг хүлээн зөвшөөрч байсныг бид бүхэн сайн мэдэх билээ. “Хүний оюун ухааны хувь заяа их сонин юм:
Түүнийг үргэлж элдэв асуултууд зовоох би эдгээрээс зайлах ямар ч аргагүй. Учир нь энэ асуултууд хүний оюун ухааны өөрөөс нь гарч ирдэг юм. Нөгөө талаар хүн эдгээр асуултанд бүгдэд нь хариулт өгөх чадваргүй, яагаад гэвэл энэ нь хүний оюун ухааны чадвараас хэтэрсэн зүйл юм” хэмээн агностицизмийг илэрхийлсэн байдаг. Ийнхүү И.Кант аливаа юмны хувьд биш юм гэхэд зарим юмс-үзэгдлийн хувьд хүний танин мэдэхүйн боломжгүйг илэрхийлээд хүн юу мэдэж чадах вэ? юуг мэдэж чадахгүй вэ? гэх зэрэг үндсэн асуултууд дэвшүүлж байсан.
Түүхчлэх үзэлтнүүд И.Кантын энэхүү үнэ цэнэтэй санааг илэрхий худал буруу гэж үзэн, тун анхаарамжгүй, үл тоомсорлон орхигдуулж, аливаа юм түүний төлөв байдлыг хүн танин мэдэж болно хэмээн зарлан тунхагладаг. Зүй нь Кантын дээрхи санаанд анхаарамж, хүндлэлтэй хандах ёстой байсан юм. Тухайлбал, орчин үеийн XX зуунд агностик маягтай дүгнэлтүүд хэд хэдэн гол салбарт шинжлэх ухааны нээлт байдалтай гарч ирлээ. Жишээ нь, физикт тодорхойгүйн зарчим импульс, координатын харилцаан дээр, математикт Геделийн теорем баталгааны талаар тодорхойгүй байдал үүсгэлээ. Баталгааны тухай ойлголт, аргыг нарийн чанд болгох тусам үнэн, худлын алин болох нь тэр үүднээс мэдэгдэхгүй бодомж оршихыг Геделийн теорем илэрхийлдэг. Шинжлэх ухаанд нээлт хэдийд гарах, тэр мөн хэдийд биежиж техник, ахуйд нэвтрэх тухай асуудлыг прогнозолж болохгүйг К.Поппер эпистемологийн хувьслын хандлагаас үндэслээд байгаа билээ.
Энд би ХХ зууны манай Монгол оронд “түүхчлэх үзэл” хир зэрэг холбогдолтой байгааг илэрхийлэх оролдлого хийх юм. Монгол орон Орос оронтой шууд хил залгаа оршдог нь Орос дахь аливаа үйл явцын, түүний дотор 1917 оны Октябрийн хувьсгалын нөлөө Монголд шууд тусах тохиромжтой нөхцөлүүдийн нэг болсон юм. Үүнээс үүдэн 1921 онд Монгол ардын үндэсний ардчилсан хувьсгал ялан мандсан билээ. Ардын хувьсгал нь Монгол орны нийгмийн дэвшил, үндэсний сэргэн мандлын үйл явцад түүхэн эргэлт болсон хэдий ч, түүний үргэлжилсэн түүх нь янз янзын бэрхшээл, өрнөл, бууралтын үйл явдлаар дүүрэн байсны дотор манай оюун санааны амьдралд хэт тулгалт, хүчирхийлэлийн улмаас Марксизм-ленинизмын үзэл маш хүчтэй нэвтэрч, түгэн дэлгэрсэн юм. Төр засгийн эрхийг дангаараа ноёрхон баригч байсан МАХН (Монгол Ардын Хувьсгалт Нам) өөрийн мөрийн хөтөлбөр, үндсэн баримт бичгүүддээ (1990 оноос өмнөх) марксизмын философи нь диалектик ба түүхийн материализм бөгөөд эдгээр нь юмс үзэгдэл, ертөнцийг тайлбарлах цорын ганц зөв зам сургааль, харин бусад үзэл-онол бол хөрөнгөтний шинжлэх ухааны бус, худал хуурмаг гэсэн үндсэн баримтлалыг дэвшүүлдэг байв.
Монгол дахь Марксизм-Ленинизмийн энэхүү үзлийн дотор түүхчлэх үзэл (Попперийн утгаар) томоохон байр суурь эзэлсэн нь марксизм-ленинизмийн өөрийнх нь хэд хэдэн тулгуур санаанд түшиглэж байлаа. Үүнд:
- Нийгэм эдийн засгийн формацид дороосоо дэвшин солигдсоор Коммунист формацид зайлшгүй хүрэх.
- Капиталист биш хөгжлийн зам бол Монголын үндэсний түүхэн бахархалт туршлага бөгөөд формацын хөгжлийн өвөрмөц илрэл.
- Нэгдмэл хоёр хэсэгт хувааж, түүний зөрчилт талуудыг авч үзэх ленинч зарчмыг судалгаанд зайлшгүй мөрдөх, эхлэх цэг болгох.
- Аливаа дүгнэлтийг диалектикээс[15] гарган авч болох гэх мэт байв.
Ийнхүү “марксизм нь Монголын нийгмийн оюун санааны амьдралыг өөрийн шууд хараат байдалд оруулсан байсан бөгөөд өөрөөсөө өөр аливаа үзлийг үл тэвчих байдлаараа дундад эртний үеийн шашны фанатизмтай тун төсөөтэй байв. Монголчууд оюун санааны ийм байдалтайгаар 1990-ээд онд ирсэн”[16] Нийгэм оршин тогтнох, хөгжих үндсийг К.Маркс үйлдвэрлэлийн арга, түүний агуулга болсон үйлдвэрлэх хүчний асуудалтай голлон холбож үзсэн бол, К.Поппер нийгэмд шинжлэх ухааны бодит мэдлэгийн үзүүлэх нөлөөлөлд оноож үзсэн юм. Эдгээр нь өнгөц ажиглахад ялгаатай мэт боловч үнэн хэрэгтээ тун ойролцоо утга санаатай гэж үзэж болно. Тухайлбал, марксизмд шинэ үеийн шинжлэх ухааны төвт философиос уламжилж авсан мэдлэг бол хүч мөн буюу “аливаа мэдлэг биежихээрээ материаллаг хүч болон хувирна”, “шинжлэх ухаан үйлдвэрлэх хүч болон хувирна”, “хүн хөдөлмөрийн багаж зэвсгийг хийнэ, тэр нь эдгээр хүнээ боловсронгуй болгож төгөлдөржүүлнэ” гэх мэт олон чухал үнэ цэнэтэй дүгнэлтүүд өргөн хэрэглэгддэг. Гэхдээ энэ дүгнэлтийг бүрэн утгаар нь тууштай хэрэглээгүй гэдгийг урьдчилан хэлмээр байна.
Энэ ерөнхий сууринаас түүхчлэх үзэл, түүхчлэхийн эсрэг үзэл хоёр (Маркс, Поппер хоёр) салж буй юм. Маркс практикийн зүгээс мэдлэгийг голчлон тайлбарлаж, Поппер мэдлэгийн зүгээс практик, соёл иргэншлийг голчлон тайлбарлаж байгаад гол ялгаа нь байгаа ажээ. Мэдлэг бол бодит байдлын тусгал хэмээн марксизм үзэж байхад мэдлэгийн ертөнц бол бусдаас хамаарахгүй автономи өөрийн өвөрмөц хуультай, соёл иргэншлийг хөгжүүлэх сэргэн босгох увидастай гэдгийг Попперизм (соёл иргэншлийн талаархи сэтгэхүйн хоёр туршилт) үндэслэдэг юм. Объектив мэдлэгийн ертөнц буюу Попперийнхоор гурав дахь ертөнц бол аалз шүлсээрээ тор хийгээд түүнийгээ дамжин амьдардаг лугаа хүн болон хүний нийгэмд үүрэгтэй гэж Поппер зүйрлэжээ. Гэхдээ аль хандлага нь зөв, хүчтэй вэ гэдгийг ялгаж салгахад гол утга, ач холбогдол оршино.
Үүний философийн үндэслэлийг бүрдүүлэхэд соёл гэдэг ойлголтоос эхлэмээр надад бодогдсон юм. Соёл бол байгаль гэдэг ойлголтын эсрэг ойлголт. Байгалийн биш зүйлийг соёл хэмээн үзнэ. Соёл эдийн, оюун санааны гэсэн хоёр хэсэг талтай. Энэ хоёр нэгдмэл нийлбэрийг нь соёл гэж байлгах биш, бие биендээ харилцан шингэсэн, сүлжилдсэн нийгэм дэх соёлоор нь түүний хөгжлийг хэмжиж ярьдаг. Байгаль, газар зүйн орчинг хараад (шинжлээд) хөгжлийг нь ярьж байгаа биш билээ. Манай Монгол орныг онгон сайхан байгальтай гэж гадаадынхан хэлж байгаа нь хөгжил, түүний ирээдүйг үнэлж байгаа хэрэг хараахан биш билээ. Ингэхлээр соёл бол мэдлэг, түүний биежиж материалжсан хэсэг хоёрын нийлбэр дүн юм. Эндээс нийгмийн объект буюу социаль зүйл, байгалийн зүйл хоёрын гол ялгаа тодорно. Байгалийн юмс бол мэдлэгээс хамаарахгүй, гол төлөв түүнээс өмно байсан зүйлс юм.
Социаль объект бол цэвэр мэдлэгийн болон мэдлэг заавал шингэсэн зүйлс юм. Үйлдвэрлэлийн багаж зэвсгээ ухаант хүн хийдэг, энэ нь эргээд боловсронгуй болгодог гэдгээс хамгийн эхэнд ухаант хүний хийсэн дүгнэлт хэзээ ч гарахгүй. Эдгээрт үндэслэн К.Поппер нийгмийн хэтийн ирээдүйг рациональ мэдлэгийн үүднээс байгалийн үзэгдэл шиг урьдчилан харж болохгүй гэж үзсэн юм. Марксизм байгаль, нийгэм хоёрыг чанарын ялгаатай гэж дүгнэх боловч яг хэрэг дээрээ диалектикийн ерөнхий хандлага, категоруудын үүднээс баталсан зүйлс, нийгмийн зүйлс хоёрыг ижилсүүлэн үзэж, энэ ижил талаасаа харалганаар (өнгөцхөнөөр) нийгмийн үзэгдлийг урьдчилан мэдэж болно гэж үзжээ. Үнэн хэрэгтээ шинжлэх ухааны баталгаат мэдлэг бус харин мэрэг төлөг маягтай зүйл хэмээн үзэх нь илүү зохимжтой билээ.
Түүхчлэх үзлийн гол илрэл нь нийгмийн хөгжил, түүхэнд тодорхой үе шат, зааг хугацаа, хэмнэл, мөчлөг, загвар зэргийг заах явдал байдгийг К.Поппер зохиолдоо анхааруулсныг бид өмнө ярьсан. Тэгвэл манай Монголын нийгэм судлалд социализмийн үндэс, социализмиийн материал техникийн бааз, хөгжингүй болон бодит социализм гэх мэт ойлголтуудыг ялган салгаж тэдгээрийн эхлэх, дуусах, бие биенээ залгаж авах хугацаа, үргэлжлэх интервалыг тогтоох гэж олон жил ажиллаж хөөцөлдсөн юм. Энэ бүхэн нь тэр үеийн МАХН-ын үндсэн баримт бичгүүд, түүний тэргүүн агсан Ю.Цэдэнбалын зохиол бүтээл, олон тооны диссертаци, нэг сэдэвт зохиолд хангалттай өргөн тусгагдсаныг тэмдэглэе. Нэмэн тэмдэглэхэд одоо ч гэсэн манай философи, нийгэм судлаачдын олонхи нь монголын нийгмийн хөгжлийн хөдлөшгүй үзэл баримтлал бүтээх тухай ихэд мөрөөдөж оролддог юм.
Дээрхийн бас нэг өвөрмөц илрэл нь нийгмийн олонхи үзэгдлийг манай олонхи судлаачид социалист, капиталист гэсэн хоёр талд хуваагаад нэгдүгээрх нь, “өөдлөх тавлин”, хоёрдугаарх нь, “уруудаж мөхөх тавлин” гэгчийг В.И.Лениний “Империализм бол капитализмын дээд шат мөн” зохиолд байгаа “прогнозтой” агаар нэгнээр тулгаж бичиж дүгнэдэг байлаа. Эдгээрийг Монгол улсын аль ч шатны, аль ч мэрэгжлийн сургуульд мөн заадаг байсан нь саяхан билээ.
Марксизмийг фальсификацид орохгүй байгаа учраас шинжлэх ухааны чанараа алдсан гэсэн гол санаагаар К.Поппер шүүмжилсэн байдаг. Марксын сургаалын эмпирик сууринд олон дутагдал, зөрчил ажиглагдсан. Жишээ нь, анги ангийн тэмцлийн сургааль, нийгэм эдийн засгийн формаци, өртгийн онол зэрэг нь бодит байдалтай тохирхоо больсон. Гэхдээ Эмпирик суурин дээрх зөрчлүүд нь логик түвшний фальсификацыг төрүүлдэг ба фальсификацын зарчимтай нийцдэгийг тэмдэглэсэн байдаг. Тэгвэл марксизмыг шинжлэх ухаанч биш гэж яагаад хэлэх билээ гэдэг асуудал гарна. Энэ нь марксист бясалгалын аргын асуудалтай голлон холбогдохыг Поппер баталсан юм. Уг шинжлэх ухааны дүгнэлтүүдтэйгээ бидний ажиллах тодорхой маягийн арга хэмээн Поппер дүгнэжээ[17] (Энэ нь Ф.Бекон, В.Декарт нараас хойших үед аргын талаар гарсан хамгийн дорвитой тодорхойлолт гэж илтгэгч би үздэг). Аргыг тойрсон Конвенционалист стратегимууд олон байдаг бөгөөд тэдгээр нь уг шинжлэх ухаан, түүний ажиллагаа тодорхой далд явж байгаа хэлцлүүд ажээ. Тэгвэл марксизмд ийм конвенцүүдэд үндэслэн тодорхой байдал бүр алдагдаж, дүрэм журамгүй болж сэтгэлгээгээ явуулах аргын хувьд дампуурч, үзэл суртал болон хувирсан гэдгийг Поппер аль хэдий нь баталсан юм. Гэтэл марксизмын энэ балмад сэтгэлгээ нь түүний аливаа үе шат, эгшинд оршиж иржээ. Жишээ нь, хуучин социалист орны түүний дотор манай Монголын марксист олон ном зохиолд шүүмжлэл нэрийн дор гарсан олон тооны гуйвуулалт, гөрдөлт, ойлгогдохгүй сунжирсан урт өгүүлбэр-дүгнэлт, контекстээс нь буруу салгасан ишлэл гэх мэт маш олон тооны будлиан бий.
Бас аргын энэхүү дампуурал дээр түүнийг дагалдаж байнга шахам Гегель, Маркс нараас уламжлалт түүхчлэл гарч ирсэн юм. Тухайлбал, В.И.Ленин “Диалектикийн тухай асуудалд” өгүүлэлдээ диалектик бол жинхэнэ шинжлэх ухааны үзэл, метафизик бол шинжлэх ухааны биш, үхээнц дорой үзэл гэж хараах байдалтай хэт сөргөлдүүлэн гөрдөж бичсэн шиг маш олон тооны гаргалгаагүй дүгнэлт социалист гэгдэж байсан орнуудын нийгэм судлаачдын бүтээл, бичсэн сурах бичиг, гарын авлагад бий.
Одоо Монголын нийгмийн сэтгэлгээнд түүхчлэх үзэл байна уу эсхүл 90-ээд оны улс төрийн хувьсгалт үйл явцаар бүр оргүй тасалдсан уу гэдэг асуудал зайлшгүй гарна. Үүнд товчоор байна гэж хариулах бүрэн үндэстэй. МАХН-ын дотор ортодокс марксист жигүүрийнхэн байсан. Тэд марксист, коммунист үзэл суртлыг илэрхий өмгөөлөн хамгаалж байсан юм. Марксизмын түүхчлэх үзлээс салж чадахгүй байгаа нэг гол зүйл нь диалектик бол аливаа шинжлэх ухааны ерөнхий арга-зүй мөн гэсэн хуучин зарчмаа ил далд хэлбэрээр баримталж, арга зүйн шинэ шинэ үзэл-онолуудаар итгэж тууштай зэвсэглээгүй байгаа явдал билээ. Жишээ нь, манай хамгийн том ууган нэр хүндтэй МУИС-ийн философийн салбарын сургалтын төлөвлөгөөний мэргэжлийн хичээл дотор диамат маягийн хичээл ихэнхийг нь эзэлж байна.
Хуучин марксист-ленинист нэр томьёонуудыг шинэ маягийн нэр, хаягтай болгоод сэтгэх арга барилаа өөрчлөхгүйгээр шууд орлуулах, их сайндаа сайн үндэслээгүй экстoрполяци хийх замаар нийгмийн ухааны шинэчлэл гэгчийг хийж байна. Жишээ нь, хуучин дэлхий нийтийг капиталист, социалист гэж хоёр хувааж үзэж байсан бол одоо өрнө, дорно гэж хоёр хуваах, хуучин өөрийн орныг капиталист биш хөгжлийн зам гэдгийн дор үндэслэгээ муутай их магтаж байсан бол одоо нүүдлийн нийгэм гэж хаацайлах шинжтэй байна. Социализмд шилжих зам эргэлтгүй болсон тухай улиглаж байсан шигээ соёл-иргэншилийн хөгжил өрнөөс дорно уруу зайлшгүй чиглэж байна гэж “баталсаар л байна”. Тухайлбал, Л.Гумилевийн агуулга нь тийм ч их тодорхойгүй “эрчимт хүчний” онол хэмээх мистик гололсон санаан дээр үндэслэн одоогийн монголын ирээдүйн хөгжлийн үе шат, мөчлөг, төвлөрөл зэргийг гаргаад удаагүй байгаа ба харин ийм дүгнэлтүүд гаргасан бүтээлүүддээ К.Попперийн түүхчлэлийн эсрэг дүгнэлтийг няцаагаагүй ба зохиол бүтээлийг нь авч үзээгүй нь хачирхалтай билээ.
[1] К.Поппер . Түүхчлэх үзлийн гуйланчлал. УБ., CEU press, 1995 -96, 13 дахь тал.
[2] К.Поппер. Диалектик гэж юу вэ? Бодрол, бясалгал, 1995. 34. 67-69 дэх тал.
[3] Мөн тэнд, 76-7 дахь тал.
[4] К.Мангеам. Бидний цаг үеийн оношлогоо М., 1997, х. 10; П. Бергер, Т.Лакман. Бодит байдлын нийгмийн байгуулалт М., 1905. S. 21-23.
[5] Popper K.R. Knowledge and the body-mind problem : In delfuece of returaction. Edited by M.A.Notturno.L.and N.Y. 1996.p.5
[6] Современная западная философия. Словарь.М., 1991.Статья “пльюрализм”
[7] К.Поппер.Октрытое обшество и его враги.том 1.том., 1992.с. 218
[8] Жорж Соросын сангийн сүлжээний тухай товч танилцуулга.1-2 дахь тал
[9] Popper K.The Poverty of Mistoricism.L., 1969.P.64-65
[10] Теория познания.Т 4: Познания социальной реальности. М., 1995.с. 140-141
[11] Трёльч Э.Логика истории.М., 1995;М.С.Розов.Возможность теотретической истории: ответ на вызов Карла Поппера.II Вопр.филос.1995.12
[12] Н.Ф.Овчинников. Карл Поппер-наш современник, философ ХХ века. II Вопр.филос.1992.2
[13] Ж.Сорос.Советская система: к открытому обшеству. Октябрь.1990.12 с 170-171.
[14] Поппер.К.Нишета историцизма. Вопросы философии.1992.8.с.53.
[15] Диалектикийг зөвхөн Гегель, Маркс нарын ойлголтоор үзэж байв. Диалектикийг античный үед маргах урлаг, дундад зууны үед логик гэж үзэж байснаас Гегель, Маркс нарын ойлголт эрс өөр билээ.
[16] Б.Батчулуун Монгол дахь ардчилсан үйл явц ба марксизм “зулбасан нь”. “Үг” сонин 1995.13
[17] Панин.А.В. Диалектический материализм и постпозитивизм.М., МГУ. 1981. С.38-39