Шинэ толь №66, 2009
Түлхүүр үг: төрийн шинэтгэл, үр дүн, өнөөгийн байдал, засаг захиргаа, төрийн албан хаагч, төлөвшил, сорилт, тэргүүлэх чиглэл
Удиртгал
Сүүлийн гуч гаруй жилийн хугацаанд төрийн албаны шинэтгэл өндөр хөгжилтэй улс орнуудад улсын салбарыг өөрчлөн шинэчлэх санаагаар гараагаа эхэлж, хөгжлийн ялгааг үл хамааран өнөөдөр дэлхийн ихэнх улс орны төрийн бодлогын онцлох шинж нь болж эрчимтэй явагдаж байна. Хорьдугаар зууны эхний 70 гаруй жилд өрнөдийн улс оронд, түүний дотор ардчилсан бүх улсад төрийн овор хэмжээ, үйл ажиллагааны цар хүрээ өсөн нэмэгдэж, эхэн үедээ өрнөд Европын болон АНУ-д төрийн хэвшилд ДНБ-ний 10 орчим хувь ногдожбайсан бол 1980-аад онд энэ нь 50 шахам хувьд хүрсэн байна.[1] Энэхүү өсөлт нь захиргааны байгууллагуудыг хэт томорсон бүтэцтэй, уян хатан бус, хууль дүрмэнд хэт баригдсан, зардал ихтэй, үр ашиггүй үрэлгэн байдалд оруулжээ. Энэ байдал нь 1970-аад оны сүүлчээс Их Британи, АНУ, Австрали, Шинэ Зеланд, Швед зэрэг зарим оронд улсынхаа салбарт шинэчлэл хийхэд хүргэжээ. Шинэчлэлийн зорилго нь захиргааны зардлыг хямдруулж, тогтворжуулах замаар үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэх, үйлчилгээг иргэдэд ойртууж, тэдний эрэлт хэрэгцээг хангах, захиргааны үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгоход чиглэж байна. Энэ утгаараа төрийн захиргаа, төрийн албаны шинэтгэл нь улс төр, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийн хөтөч нь болдог байна.
Төрийн албаны шинэтгэлийн ихэнх хөтөлбөр нь мэргэшсэн, тогтвортой байх (“мерит’’) зарчимд суурилсан, улс төрийн намуудаас хараат бус төрийн албыг байгуулах буюу бэхжүүлэх явдлыг гол зорилгоо болгож байна. Ийм зохион байгуулалт нь улс төрийн өөрчлөлтийг цочроо багатай, эмх журамтай баталгаажуулахад тусладаг учир аливаа ардчилсан тогтолцооны чухал хэсэг болдог байна.
Төрийн албаны шинэтгэлийн хэрэгжилт амжилт ололт бүтэлгүйтэл нь засаглалын институцийн болон улс төрийн нөхцөл байдал, төрийн албан хаагчдын чадавхиас ихээхэн шалтгаалдаг.
Монгол Улсын хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээлийг даван туулахын тулд хийх шаардлагатай шинэчлэлийн нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг бол төрийн албаны шинэтгэл юм.
Төрийн албаны шинэтгэлийн явц, үр дүн
Монгол Улсад 1990 онд эхэлсэн нийгмийн бүх хүрээг хамарсан ардчилсан өөрчлөлт шинэчлэлийн явцад Монгол Улсын төрийн алба дор дурдсан 4 үе шатыг дамжин өөрчлөгдөн шинэтгэгдэж байна.
Энэхүү өөрчлөлт, шинэтгэлийн үе тус бүр нь өөрийн онцлогтой чиглэсэн тодорхой зорилго, зайлшгүй хэрэгжүүлэхийг шаардсан үйл ажиллагаатай байсны дээр төрийн албан хаагчдаас шинэ орчин нөхцөлд дасан зохицож ажиллах сэтгэлгээг шаардаж байлаа.
- Төрийн байгууллын шинэ тогтолцоог бүрдүүлэх нэгдүгээр үе шат (1990-1993)
- Төрийн захиргаа, төрийн албаны шинэ тогтолцоог бүрдүүлэх хоердугаар үе шат (1994-2000)[2]
- Төрийн албаны чадавхи, үйл ажиллагааных нь үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэх гуравдугаар үе шат (2000-2008)
- Улс төрийн нөлөөллөөс ангид төрийн мэргэшсэн, тогтвортой албыг төлөвшүүлэх үе шат (2008 оноос хойшхи хугацааг хамарч байгаа)
- Төрийн байгууллын шинэ тогтолцоог бүрдүүлэх нэгдүгээр үе шатанд – Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталж, Монгол Улсын ардчилсан төрийн байгууллын шинэ тогтолцоо бүрдэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд олон намын тогтолцоо бүхий улс төрийн шинэ орчин нөхцөлд төрийн бодлого, зорилтыг тодорхойлох үүрэгтэй улс төрийн алба, түүний бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчмыг төлөвшүүлж хэрэгжүүлэх болсон юм.
- Төрийн захиргаа, төрийн албаны шинэ тогтолцоог бүрдүүлэх хоёрдугаар үе шатанд – Монгол Улсын түүхэнд анх удаа төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчимд суурилсан “Төрийн албаны тухай” хууль 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр батлагдаж, түүнд нийцүүлэн гаргасан 20 гаруй эрх зүйн актуудаар төрийн албаны шинэ бодлогыг тодорхойлж, төрийн албан хаагчдын эрх зүйн байдлыг хуульчлан баталгаажуулж, улмаар төрийн албаны өөрчлөлт шинэтгэлийн эрх зүйн таатай орчинг бүрдүүлж өгсөн.
Мөн энэ үед Засгийн газрын “Удирдлагын хөгжлийн хөтелбөр”- ийг 1993-1996 онд хэрэгжүүлж, энэ хүрээнд “Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсруулан УИХ-ын 1996 оны 38-р тогтоолоор батлан хэрэгжүүлж эхэлсэн нь Монгол Улсын төрийн захиргааг шинэтгэх анхны иж бүрэн үйл ажиллагаа болсон юм. Энэхүү баримт бичиг нь гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын бизнесийн страгеги, зохион байгуулалтын бүтцийн шинэ тогтолцоог ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн харилцааны шаардлагад нийцүүлэн өөрчлөн шинэтгэхэд чухал үндэслэл болсоор байна.
- Төрийн албаны чадавхи, үйл ажиллагааных нь үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэх гуравдугаар үе шат нь – 2000 оноос эхэлсэн бөгөөд засаглалын институциудын чадавхи, үйл ажиллагааных нь үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэж байв. Дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж байгаа төрийн захиргааг өөрчлөн шинэчилж буй нийтлэг хандлага, чиглэлийг баримжаалан Монгол Улсын төрийн захиргаа, төрийн албанд шинэтгэлийн үйл явцыг хэрэгжүүлэх бодлого, чиглэл энэ үе шатанд тодорхойлогдсон болно. Энэхүү бодлого, чиглэл нь удаа дараагийн Засгийн газрын үйл ажмллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Засгийн газрын “Хүний аюулгүй байдлыг хангах сайн засаглал хөтөлбөр”-ийн “Зохистой засаглал” бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд дэвшүүлэн тавигдаж байсан юм. Монгол Улсын төрийн захиргаа, төрийн албаны шинэтгэлийн гуравдугаар үе шатанд дэлхийн улс орны постбюрократ парадигмын онолын үзэл баримтлал, практикт үндэслэн Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтын хуулийг 2003 оноос, Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн найруулж 2002 онд батлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү хоёр хууль нь өнөөгийн төрийн албаны тогтолцоог үндсэнд нь зохицуулж байна.
Төрийн албаны шинэтгэлийн энэ үе шатны хамгийн чухал ололт нь төрийн албаны бодит байдалд үнэлгээ дүгнэлт өгч, төрийн албаны үр нөлөөтэй үйл ажиллагаа, хариуцлага хүлээх чадавхийг нь бэхжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан “Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратегийн баримт бичиг”-ийг Улсын Их Хурлын 2004 оны 24 дүгээр тогтоолоор баталсан явдал нь төрийн албаны шинэтгэлийг цаашид эрчимжүүлэн хөгжүүлэхэд онцгой чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.
- Монгол Улсын дотоод, гадаад нөхцөл байдал болон улс орны эдийн засгийг хурдтай хөгжүүлэх тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх эрэлт хэрэгцээ нь улс үндэстнээ хөгжүүлэх дунд болон урт хугацааны төрийн бодлого, стратегийг тодорхойлох шаардлагыг бий болгосон бөгөөд үүнийг хангахын тулд “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”- ыг тодорхойлж, УИХ-ын 2008 оны 1 дүгээр сарын сарын 31-ний өдрийн 12 дугаар тогтоолоор баталсан юм. Энэхүү “цогц бодлого”- ын Монгол Улсын хөгжлийн 6 дугаар тэргүүлэх чиглэлийн хүрээнд Монгол Улсын төрийн захиргаа, төрийн албаны шинэтгэлийн бодлогыг тусгаж 2021 он хүртэл хэрэгжүүлэх стратегийн зорилтуудыг тодорхойлж өгсөн болно.
Төрийн албаны тухай хуульд 2008 онд нэмэлт өөрчлөлт оруулж төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчдын улс төрийн намын гишүүн байх явдлыг хязгаарласан юм. Энэхүү нэмэлт өөрчлөлт нь төрийн албыг улс төрөөс хараат бус байлган төрийн албаны мэргэшсэн тогтвортой байх зарчмыг баталгаажуулан төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах, төрийн албаны гүйцэтгэлийг сайжруулах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, төрийн албаны нэр хүндийг дээшлүүлэхэд чухал түлхэц болно. 1994 онд батлагдсан “Төрийн албаны тухай” хуулинд төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх “Мерит” зарчмыг тусгасан хэдий ч түүнийг хэрэгжүүлэх механизм нь тодорхойгүй байлаа.
Өнөөгийн хөгжлийн өндөр түвшинд хүрсэн улс орнууд төрийн албаныхаа хүрээнд намуудад албан тушаал хуваарилах тогтолцоог эцэс болгосон АНУ-ын 1883 оны Пендлтоны хуулийн үзэл баримтлалын дагуу төрийн албаны тухай хуулиа боловсруулан баталж, хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн гэж хүлээн зөвшөөрч байна.
Энэхүү стратегийн баримт бичиг болон Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь төрийн албаны шинэтгэлийг цаашид үр нөлөөтэй хэрэгжүүлэх дөрөвдүгээр үе шатны эхлэлийн гараа болж байна.
Дөрвөн үе шаттайгаар хэрэгжиж байгаа Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлийн үр дүнг түүний өнөөгийн дүр төрх ямар түвшинд байгаагаар тодорхойлж болох юм.
Монгол Улсын төрийн албаны өнөөгийн байдал
Монгол Улсын төрийн эрх мэдэл, үйл ажиллагааны хамрах хүрээ, төрийн байгууллагуудын чиг үүргийг 1992 онд батлагдсан Үндсэн хуулиар тогтоож өгсний дагуу төрийн байгуулал (хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл)-ын институцийн шинэ тогтолцоо бүрдэж үйл ажиллагаагаа явуулж байна. (Зураг 1)
Өнөөдөр Монгол Улсад төрийн төв болон орон нутгийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагууд төдийгүй Ерөнхийлөгчийн эрхлэх асуудлын хүрээний болон УИХ-ын болон шүүхийн байгууллагуудыг оролцуулан[3] нийт 3852 төрийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна.
Монгол Улсын төрийн болон төсвийн байгууллага, тэдгээрийн хүний нөөцийн талаар тодорхой, үнэн бодит мэдээлэл бүрдүүлэх зорилгоор төрийн албан хаагчийн 2007 оны тоо бүртгэлийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тооллогын аргачлал, арга зүйгээр 2007 оны 10 дугаар сарын 8-наас 11 дүгээр сарын 23-ны хооронд явуулсан нь төрийн албан хаагчтай холбоотой үнэ цэнэтэй тоон мэдээллийн санг бүрдүүлэх суурь нөхцөл болсон юм.
Шилжилт хийж эхэлсэн 1990 онд ажил эрхлэгчид нь үндсэндээ улсын хэвшилд ажиллаж байсан бол улсын хэвшлийн задрал, хувьчлал, хувийн хэвшлийн салбарын тэлэлтээс хамааран 1991- 1994 онд хувийн хэвшилд ажиллагчдын тоо огцом нэмэгдэж, харин улсын хэвшилд ажиллагчдын тоо буурсан юм. 2008 оны байдлаар нийт ажиллагчдын 81 хувь нь хузийн хэвшилд, 19 хувь нь улсын хэвшилд ажиллагчид болж байна. Улсын хэвшилд ажиллагчдын 72,8 хувь төрийн албан хаагч, үлдсэн хэсэг нь улсын үйлдвэрийн газар ажиллагчид байна.
Зураг 2.
Нийт ажиллагчид, улсын болон хувийн хэвшилд ажиллагчдын тооны өөрчлөлтийн динамик /мянган хүнээр/
Эх үүсвэр: Монгол Улсын Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн,
хөдөлгөөний талаарх статистикийн тойм,
Төрийн албаны зөвлөл, 2009
Төрийн албанд 2009 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар 144049 төрийн албан хаагч байгаа бөгөөд үүний 1,9 хувь нь улс төрийн, 9,1 хувь нь захиргааны, 17,8 хувь нь тусгай, 71,2 хувь нь үйлчилгээний албанд тус тус ажиллаж байна. Төрийн албаны хэмжээ 1994 онд 154000 байсан бол 2000 онд 107222 болон буурсан хэдий ч сүүлийн жилүүдэд өсч 2008 онд дээрх тоонд хүрч нэмэгджээ. Өндөр хөгжилтэй орны төрийн албан хаагчдын тоог нийт хүн амд харьцуулсан харьцаа 1 хувиас 17 хувийн хооронд хэлбэлзэж байдаг байна. Манай улсын хувьд энэ харьцаа 2003 онд 5,3 хувь, 2004 онд 4,8 хувь, 2005 онд 4,7 хувь, 2008, 2009 онд 5,4 хувь болон ессөн байна.
Зураг 3.
Төрийн албан хаагчийн тооны өөрчлөлт
Эх үүсвэр: Монгол Улсын Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн,
хөдөлгөөний талаарх статистикийн тойм,
Төрийн албаны зөвлөп, 2009
Төрийн албаны хэмжээ шилжилт хийсэн 1990-ээд оны үеэс эхлэн 2000 оныг хүртэл ихээхэн буурч байснаа түүнээс хойшхи 6 жилийн хугацаанд харьцангуй тогтвортой байсан боловч сүүлийн жилүүдэд өссөн гэж үзэхээр байна.
Зах зээлийн эдийн засагт шилжих эхний үед Монгол Улсын эдийн засагт төрийн албаны зардал 1993 оны байдлаар ДНБ-ний 51.8 хувийг эзэлж байсан бол 1995 онд 31.5 хувь болж буурсан байна. 1997 оноос өмнө төрийн албаны цалингийн сангийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь шилжилтийн үед байгаа орон болон бүс нутгийн бусад оронтой харьцуулбал ойролцоо байсан. 1997 оноос хойш төрийн албаны цалингийн сангийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь ихээхэн өссөн. Төрийн албан хаагчийн цалингийн сангийн ДНБ-д эзлэх хувь 2003 онд 8.6 хувь байсан бол 2004 онд энэ үзүүлэлт 7.1 хувь, 2005 онд 6.3 хувь, 2006 онд 8.3 хувь, 2007 онд 8.9 хувь болж өөрчлөгдсөн байна.
Насны ангиллаар: Төрийн албан хаагчдыг насны ангиллаар нь авч үзвэл нийт төрийн албан хаагчдын 43,5 хувь нь 35 хүртэлх насны залуучууд, 44,8 хувийг 36-50 настай буюу дунд насны хүмүүс, 11,8 хувийг 51-ээс дээш насны хүмүүс тус тус эзэлж байна.
Зураг 4.
Төрийн албан хаагчийн насны ангилал
Эх үүсвэр: Монгол Улсын Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн,
хөдөлгөөний талаарх статистикийн тойм,
Төрийн албаны зөвлөл, 2009
Боловсролын байдлаар нь авч үзвэл нийт төрийн албан хаагчдын 48,8 хувь нь дээд боловсролтой хүмүүс байгаа бөгөөд тэдгээрийн 42 хувь нь дипломын дээд болон бакалаврын боловсролтой байгаа бол 51,2 хувь нь тусгай дунд болон түүнээс бага боловсролтой хүмүүс байна.
Монгол Улсын Төрийн албаны бүтэц, тогтолцоо, төрийн албан хаагчдын бүрэлдэхүүнтэй холбогдсон дээр дурдсан тоо баримтаар илэрхийлэгдэх дүр зураг нь төрийн албаны өнөөгийн дүр төрхийг дангаараа илэрхийлж чадахгүй бөгөөд харин түүний үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн нь бүрэн гүйцэд тодорхойлох боломжийг олгох болно.
Зураг 5.
Төрийн албан хаагчийн боловсролын ангилал
Эх үүсвэр: Монгол Улсын Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн,
хөдөлгөөний талаарх статистикийн тойм,
Төрийн албаны зөвлөл, 2009
“Монгол Улсын төрийн албаны төлөвшил:
Төрийн албан хаагчдын үйл ажиллагааны гүйцэтгэл, тэдний амжилт гаргахад нөлөөлдөг хүчин зүйлс болон сэтгэл ханамжийн түвшинд хийсэн үнэлгээ” гэсэн сэдэвт 2004, 2007 онд төрийн албан хаагчдыг (2004 онд 3391, 2007 онд 74814 төрийн албан хаагч) хамруулан явуулсан судалгааны үр дүнгийн харьцуулалт хийснээс харахад төрийн албан хаагчид төрийн албандаа ажиллах сонирхолтой болсон, энэ нь төрийн байгууллагын үйл ажиллагаа сайжирсан, удирдлага сайжирсан зэргээс шалтгаалсан гэж үзжээ. Мөн төрийн алба дахь удирдах ажилтан, төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрийн албан хаагчийг хөгжүүлэх, төрийн алба дахь ажил үүрэг, гүйцэтгэлийн талаархи асуултын эерэг хариултууд нь 2004 оныхтой харьцуулахад 2007 онд харьцангуй нэмэгдсэн төрх ажиглагдаж байна. Энэ нь төрийн албаны өөрчлөлт, шинэтгэлийн талаар тодорхой бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэх болсоны үр дүн гэж үзэж болно.
Төрийн албан хаагчдын өгч байгаа үнэлгээ нь хэдийгээр эерэг тал руугаа хандаж байгаа хэдий ч төрийн албаны үйл ажиллагаа доголдолтой, нийгмийн болоод нийт иргэдийн нийтлэг эрх ашгийн төлөө бус хувийн сонирхол, улс төрийн ашиг хонжооны төлөө ажилладаг, хариуцлагагүй, ажил мэргэжлийн ур чадвар сул, авлига хээл хахуультай, хүнд суртал бүхий төрийн алба байна гэсэн шүүмжлэл нийгэмд байсаар байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын удаа дараагийн хэлсэн үг, өгсөн ярилцлага зэрэгт ч төрийн албанд байгаа доголдол, дутагдалтай зүйлийг онцлон тэмдэглэж, төрийн албыг цаашид шинэтгэх зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байгааг байнга дурдсан байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр 2007 оны 12 дугаар сарын 15-ны өдөр УИХ-ын чуулган дээр хэлсэн үгэндээ Монгол Улсын ирээдүй, үндэсний эрх ашгийг хангахтаван төгөлдөршилийн нэг нь төрийн албаны төгөлдөршил болохыг тодорхойлсон юм.
Удирдлагын академийн судлаачдын багийн хийсэн “Төрийн захиргааны мэргэшсэн албан хаагчийн төлөвшил: өнөөгийн байдал, хандлага” сэдэвт судалгаагаар сүүлийн 10 жилд төрийн захиргааны мэргэшсэн алба төлөвшиж буйг дараахь байдлаар үнэлсэн байна. (Зураг 6)
Уг судалгааны үр дүнгээс харахад 29.5% нь 10 жилийн өмнө төрийн захиргааны мэргэшсэн албаны төлөвшил сайн байсан гэж үзсэн бол энэ үзүүлэлт 10 жилийн дараахь байдлаар 15.2% болж буурсан. Харин 10 жилийн өмнөх энэ байдалд дунд гэсэн үнэлгээ 36.4% байсан бол 10 жилийн дараахь байдалд дунд гэсэн үнэлгээ 69.6 хувь болон нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн шинжээчдийн үнэлгээгээр төрийн захиргааны мэргэшсэн алба төлөвших үйл явц сайжрах гэхээсээ илүүтэй дунд зэргийн байдал давамгайлах болсон нь анхаарвал зохих асуудал мөн. Энэ байдалд нөлөөлсөн гол хүчин зүйл нь шинжээчдийн үзэж буйгаар нэгд: намын харьяаллаар ялгаварлах, улс төрийн нөлөөлөл их байгаа, хоёрт: төрийн албаны талаар гарсан хууль тогтоомжийн хэрэгжилт, тогтолцоо хангалтгүй, гуравт: төрийн албан хаагчийн тогтвор суурьшил сул зэрэгтэй холбоотой гэж үзжээ.
Зураг 6.
Сүүлийн 10 жилд төрийн захмргааны мэргэшсэн алба төлөвшиж буй байдал[4]
Төрийн албаны шинэтгэлийн сорилтууд
Монгол Улсын төрийн захиргаа, төрййн албаны шинэтгэлийн урт хугацааны бодлого, стратеги нь Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлогын салшгүй бүрэлдэхүүн хэсэг мөн бөгөөд эдийн засаг, нийгмийн бусад салбар урт хугацаанд юунд хүрэхийг хүсэн хүлээж байгаатай уялдан холбогдсон байх ёстой.
Үндэсний хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хэрэгжилтийг чиглүүлэх ажил нь харилцаа холбоо, манлайлал, мэргэжлийн ур чадвар, бүтэц болон технологи зэрэг одоо төрийн албанд дутагдаад байгаа чадавхиудыг шаардах болно. Төрийн албанд шинээр ажилтан сонгон шалгаруулж авах ажлыг шинэчлэх, төрийн албанд тогтвортой ажиллах болон ирээдүйн чиг үүргийг гүйцэтгэх боломжийг бий болгохын тулд ажлын нөхцөл, цалин хөлсийг улам сайжруулах арга хэмжээг одоо авч хэрэгжүүлэх шаардлага гарна. Үндэсний хөгжлийн цогц бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн хэрэгжилтийг хангахтай холбогдон Монгол Улсын төрийн захиргаа, төрийн алба нь дор дурдсан урт хугацааны сорилтуудтай тулгарч байна. Үүнд:
- Урт хугацааны хөрөнгө оруулалт нь урьдчилан харсан бодлого, хөтөлбөрийг шаардаж байна.
- Урт хугацааны хөрөнгө оруулах шийдвэр гаргахад төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх нь чухал нөхцөл болно.
- Засгийн газрын үндэсний болон олон улсын асуудалд шуурхай хариу өгөх шаардлага улам өндөрсөж, ирээдүйн бодлогын асуудлууд нь илүү төвөгтэй шийдлүүдтэй тулгарах болно.
- Төрийн албанд иргэд, олон нийт, бизнесийн бүлгийн зүгээс тавих шаардлага, хүсэн хүлээлт улам нэмэгдэх болно.
- Хот, хөдөө аль алинд нь дэд бүтэц болон төрийн үйлчилгээнд тавигдах шаардлага өндөрсөх болно.
- Илүү төвөгтэй бодлогын асуудлууд болон иргэдийн өсөн нэмэгдэж байгаа хүсэн хүлээлт нь төрийн албанаас илүү их зохицуулалтыг шаардах болно.
- Үндэсний хөгжлийн бодлого нь шинэ түншлэл, харилцаа холбоог шаардах болно.
- Технологийн хөгжил нь төрийн албыг үр дүнтэй явуулах боломжийг бий болгох бөгөөд төрийн албыг бий болсон эрэлт хэрэгцээнд түргэн шуурхай хариулахыг шаардах болно.
- Монголын засаглалд хандах шинэ хандлагыг хэрэгжүүлэхэд гарах амжилт болон технологийн дэвшил нь төрийн албан хаагчаас мэдээллийн технологи, веб хуудаснуудтай ажиллах ур чадвараа сайжруулахыг шаардана.
- Төрийн алба нь олон талын ур чадвартай төрийн албан хаагчийг олох ба ажиллуулахад бэрхшээлтэй тулгарч болох юм.
Эдгээр сорилтууд нь төрийн албаны урт хугацааны шинэтгэлийн бодлого, стратеги, түүний зорилтыг тодорхойлж цаг алдалгүй хэрэгжүүлэх тулгамдсан хэрэгцээ шаардлагыг илэрхийлж байна.
Төрийн албаны шинэтгэлийн бодлого, тэргүүлэх чиглэл
Монгол Улсын төрийн албаны өнөөгийн дүр төрхөд тулгуурлан ирээдүйн дүр төрхийг илэрхийлсэн эрхэм зорилго, стратегийн зорилтыг тодорхойлсон “Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратегийн баримт бичиг”-ийг Улсын Их Хурлын 2004 оны 24 дүгээр тогтоолоор баталсан нь төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх, түүний тэргүүлэх чиглэлийг тогтооход чухал ач холбогдолтой болсон юм.
Уг баримт бичигт төрийн албаны шинэтгэлийн эрхэм зорилго, эрхэмлэн дээдлэх зүйлс, төрийн албаны шинэтгэлийн зарчим, бодлого, стратегийг тодорхойлсон байна. Тухайлбал, Төрийн албаны эрхэм зорилго нь “Иргэдэд ойр, тэдний хэрэгцээг хангахад чиглэсэн, өөрчлөгдөж буй орчинд уян хатан зохицож чаддаг бөгөөд идэвхитэй, санаачлагатай манлайлагч менежер бүхий цомхон, чадварлаг, эцсийн үр дүнг эрхэмлэн дээдэлсэн төрийн албыг төлөвшүүлэх”-д оршино. Энэхүү эрхэм зорилгод чиглэсэн эрхэмлэх үнэт зүйлс, шинэтгэлийн зарчим, бодлогод тулгуурласан харилцан уялдаа холбоо бүхий доорхи зургаан стратегийг тодорхойлж эдгээрийн хүрээнд төрийн албаны шинэтгэлийн зорилтуудыг дэвшүүлсэн юм.
- Стратеги төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын стратеги
- Манлайлал болон удирдах ажилтны сонгон шалгаруулалтын стратеги
- Байгууллагын болон хүний нөөцийн хөгжлийн стратеги
- Бодлогын шинжилгээ болон тоо баримтын стратеги
- Төрийн албаны оновчтой хэмжээний стратеги
- Цалин хөлс болон хангамжийн стратеги
Төрийн албаны шинэтгэлийн дээр дурдсан зургаан стратеги нь тус бүртээ тодорхой стратегийн зорилтуудыг агуулж байгаа юм. Эдгээр зургаан стратеги нь харилцан уялдаа холбоотой бөгөөд төрийн албаны шинэтгэлийн зорилт, арга, нөөц, үр дүн, үр дагавар, нөлөөг загварыг илэрхийлж байгаа юм.
Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн үйл ажиллагаа, стратеги нь “зарчимд суурилсан загвар”-аар тодорхойлогдсон юм. Өөрөөр хэлбэл, төрийн албаны шинэтгэлийн зарчим, үнэт зүйлс нь шинэтгэлийн бодлого, стратеги, зорилтуудыг тодорхойлох суурь үндэс нь болж байна. “Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратеги”-ийн баримт бичигт тодорхойлсон төрийн албаны шинэтгэлийн зарчим, бодлого, стратегийн харилцаи хамаарал, уялдаа холбоог дор дурдсанаар үзүүлж болох юм.
Төрийн албаны манлайлал
Төрийн албаны шинэтгэлийг амжилттай явуулахад хүчтэй манлайлал нэн чухал гэдгийг дэлхий улс орнуудын төрийн болон хувийн хэвшлийн амжилт олсон байгууллагуудад хийсэн олон тооны судалгаа нотлон харуулж байна.
Мөн чанартаа манлайлал нь байгууллагын алсын хараа, хүмүүсийг идэвхжүүлэхэд санаа тавьж, байгууллагын хүрээлэн буй орчинд гарч буй өөрчлөлтөд дасан зохицох, өөрчлөлт хийхэд тусалж байдаг.
Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийн цаашдын хувь заяа нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны бүх шатны байгууллагын удирдах ажилтны манлайлан удирдах ур чадварын түвшингээс үндсэндээ шалтгаалж байна.
Улсын Их Хурлаас 2004 онд баталсан “Төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратеги”-ийн баримт бичигт Монгол Улсын төрийн албаны манлайллыг стратегийн хоёр зорилтод суурилан дээшлүүлэхээр тогтоосон байна.
- Төрийн удирдах албан тушаалтан, ялангуяа, ерөнхий менежерийг нээлттэй, өрсөлдөөний зарчмаар сонгон шалгаруулах.
- Ерөнхий менежер болон төрийн жинхэнэ албаны бусад удирдах албан тушаалд томилогдсон хүмүүсийн манлайлах ур чадварыг хөгжүүлэх.
Төрийн албаны удирдах албан тушаалтныг нээлттэй өрсөлдөөний зарчмаар сонгон шалгаруулж тухайн албан тушаалд томилох нь төрийн албаны удирдах ажилтны үр нөлөөтэй манлайллыг хангахад хангалттай бус юм. Төрийн албаны удирдах ажилтнуудын хувьд тэдний манлайлах болон баг бүрдүүлэх, стратегийн хэмжээнд бодож сэтгэх, байгууллагынхаа гадаад, дотоод орчны хүрээнд үр бүтээлтэй ажлын харилцааг бий болгох, бусадтай үр нөлөө бүхий ажлын харилцаа тоггоох, өөрийн биеэр үлгэрлэн, өөрийгөө дайчлан шударгаар ажиллах, үр дүнд хүрэх зэрэг ур чадварыг хөгжүүлэх шаардлагатай юм,
Энэхүү хэрэгцээ, шаардлагыг хангах, улмаар төрийн албаны шинэтгэлийн хүчин чармайлтыг дэмжиж Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Шведийн Төрийн захиргааны олон улсын институттэй хамтран 2006 оны 10 дугаар сараас “Манлайллын сургалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Сургалтын энэхүү хөтөлбөрийн ерөнхий зорилго нь Монгол Улсын төрийн байгууллагуудын удирдлагын үр нөлөө, үр ашгийг дээшлүүлж, тэдгээрийн манлайллын мэдлэг чадөарыг хөгжүүлэхэд оршино. Улмаар төрийн албан хаагчдын удирдах, манлайлах ур чадварыг хөгжүүлснээр төрийн үйлчилгээг сайжруулж иргэдийн хэрэгцээг хангах, байнгын өөрчлөгдөн хувьсаж буй нөхцөл байдалд уян хатан ханддаг, идэвхитэй, үр дүнд чиглэсэн орчин цагийн манлайллыг төрийн албанд төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах явдал юм.
“Суралцагч байгууллагыг хөгжүүлэх манлайлал” сэдэвт уг сургалтын хөтөлберт 2010 оныг дуусталх хугацаанд нийт 3500 ерөнхий менежерүүдийг хамруулахаар төлөвлөсөн болно. Одоогийн байдлаар уг хөтөлбөрийн 97 сургалтад 1921 хүн хамрагдсан байна.
Энэхүү сургалт нь 3 үе шаттайгаар нийт 9 өдрөөр ерөнхий менежерүүдийг сургаж байгаа бөгөөд сургалтыг тусгайлан бэлтгэгдэж мастер сургагчийн эрх авсан багш нар явуулж байгаа юм. 2004-2005 онд төрийн захиргааны төв байгууллагын түвшинд ерөнхий менежерүүдийн манлайлах ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах 23 мастер сургагч багш нарыг, 2007 онд нутгийн захиргааны байгууллагын түвшинд ерөнхий менежерүүдийн манлайлах ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах 28 мастер сургагч багш нарыг нийт 15 өдрийн сургалтад хамруулан сургаж, тодорхой үнэлгээний шалгуурыг хангасан оролцогчдод “Манлайллын сургалтын хөтөлбөр”-ийн мастер сургагч багшийн эрхийг олгосон юм. Мөн орон нутаг дахь манлайллын сургалтын чадавхийг бэхжүүлэхээр 27 мастер сургагч багшийг энэ онд баггаан нэмж бэлтгэхээр сургаж байна. Ийнхүү манлайллын сургалтыг тусгайлан эрх авч дадлагажсан сургагч багш нар зохион байгуулж байгаа нь сургалтын үр дүнд шууд нөлөөлж байна.
“Суралцагч байгууллагыг хөгжүүлэх манлайлал” сэдэвт сургалтад оролцогчдод зориулан Шведийн олон улсын зөвлөгч нартай хамтран Монгол Улсын төрийн захиргааны төв байгууллагын 23 мастер сургагч багш нарын оролцоотойгоор “Өөрийгөө болон хамтран зүтгэгч нөхдөө танин мэдэх нь: суралцагч байгууллагыг хөгжүүлэх манлайлал” сурах бичиг, “Өөрийгөө болон хамтран зүтгэгч нөхдөө танин мэдэх нь: Суралцагч байгууллагад зориулсан гарын авлага” боловсруулан гаргаад ашиглаж байна.
Ийнхүү төрийн албаны удирдах ажилтны манлайлах ур чадварыг дээшлүүлэх энэхүү сургалт нь тусгайлан бэлтгэгдсэн сургагч багш нараар, зориулалтын сурах бичиг, гарын авлага ашиглан, шаталсан хэлбэрээр зохион байгуулагдаж сургалтад оролцогчдыг идэвхтэй оролцохыг шаардсан сургах арга зүйгээр явагдаж байгаа нь сургалтын чанар, үр дүнд бодитой эерэг нөлөө үзүүлж байна.
“Суралцагч байгууллагыг хөгжүүлэх манлайлал” сэдэвт сургалтын үр нөлөөний судалгааг сургалтад оролцсон ерөнхий менежерүүдийг хамруулан сургалтын чанар, үр нөлөө, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх зорилгоор 2008 онд хийсэн юм. Энэхүү судалгаагаар уг сургалт нь ерөнхий менежерүүдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, сургалтад оролцогчдын сэтгэл ханамж өндөр, сургалтын арга зүй нь шинэлэг, уламжлалт сургалтаас эрс ялгаатай байна гэж дүгнэгдсэн байна. Мөн энэ сургалтад оролцсон ерөнхий менежерүүдэд удирдлагын арга барилаа өөрчлөх гэсэн эрмэлзэл их байгаа, удирдлагын хандлага, зан үйл ямар нэг хэмжээгээр шинэчлэгдэж байгаа нь ажиглагдаж байна гэсэн нь энэ сургалтын гол үр дүн бөгөөд төрийн албаны шинэтгэлийн үйл явцад оруулж буй гол хувь нэмэр юм.
[1] Фукуяама Ф., “Төрийг бэхжүүлэх нь: Хориннэгдүгээр зууны засаглал ба дэлхийн дэг журам” УБ., 2005, 4 дэх тал
[2] Энхбаяр.Н., “Монгол Улсын төрийн захиргааны шинэтгэл: Онол, практик, цаашдын зорилт” Төрийн захиргаа сэтгүүл, 2003/1, 2.
[3] Зэвсэгт хүчний жанжин штаб, Хилийн цэргийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг нууцын зэрэглэлтэй байгууллагуудаас бусад.
[4] “Төрийн захиргааны мэргэшсэн албан хаагчийн төлөвшил: Өнөөгийн байдал, хандлага” судалгааны тайлан, Удирдлагын академи, Уб, 2009