Д. Ганбат
/УТБА-ийн Удирдах зөвлөлийн дарга, МУ-аас ХБНГУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд /
Шинэ толь №1, 1993
Түлхүүр үг: Үзэл суртал, Либерализм, Социал-демократ, Консерватизм, Фашизм, Иррационализм, Милитаризм, Ардчиллын зарчим
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
1989-1990 оны үеэс монголын нийгэмд гарч эхэлсэн гүн гүнзгий өөрчлөлтийг ардчилсан хувьсгал хэмээн үзэж болох билээ. Нийгмийн улс төр, эдийн засаг зэрэг бүхий л харилцааг эрс өөрчлөх болсон нь уг өөрчлөлтийн хувьсгалт шинжийг илэрхийлнэ. Дэлхийн түүхнээ нийгмийн харилцааг өөрчлөхөд чиглэсэн хувьсгал гарч байсан бөгөөд өөр өөрийн зорилго, чиглэлээрээ хоорондоо ихээхэн ялгагддаг юм. Эдгээрээс Франц, Америк, Оросын хувьсгалыг онцолж болно. ХҮIII зууны сүүл үеийн Франц, XX зууны эхэн үеийн Орос оронд гарсан хувьсгал нь тухайн үедээ ноёрхож байсан хуучин харилцааг халах ангийн тэмцлийн үр дагавар болж хаант засаглалыг өөрийн орондоо эцэс болгосон юм. Эдгээр хувьсгалыг радикал хүч толгойлсон бөгөөд гол хэрэгсэл нь хүчирхийлэл байжээ. Өөрөөр, эдгээр орны улс төрийн дэглэмийг өөрчлөхдөө хүч, зэвсэг хэрэглэсэн нь гол онцлог юм. XҮIII зууны Америкийн Нэгдсэн Улсыг байгуулахын төлөө тэмцэл мөн хүчирхийллийн шинжтэй хувьсгал гэж тооцогддог. Гагцхүү, Франц, Оросын хувьсгал нь үндэстний хүрээнд гарч байсан анги хоорондын тэмцэл байсан бол Америкийн хувьсгал Их Британийн хааны засаглалын хараат байдлаас ангижирч тусгаар улс байгуулах зориготой байжээ.
Эндээс үзэхэд, нийгмийн улс төрийн дэглэм, засаглалын харилцааг үндсээр нь халж солиход хувьсгалт шинжтэй өөрчлөлтүүд зайлшгүй шаардагддаг байна.
Хувьсгал гарахад хүчирхийлэл ихэнх тохиолдолд илэрдэг нь нийгэмд тогтсон аль нэг дэглэмийг өөрчлөх цочрол богино хугацаанд явагдаж, нийгмийг бүхэлд нь хамардаг учраас социал бүлгүүдийн сөргөлдөөнийг үүсэгдэгтэй холбоотой. Гэхдээ, хүчирхийлэл нь нийгмийн хувьсгалын зайлшгүй шинж гэж үззж болохгүй. Учир нь, нийгмийн харилцааг эрс өөрчлөх шаардлагатай болсныг ойлгож үүний төлөө гарч ирсэн аль нэг хүчний дэвшүүлж буй зорилгыг олон түмэн дэмжиж, засаглалыг гартаа барьж буй бүлэглэл ямар нэгэн хэмжээгээр буулт хийсэн тохиолдолд тайван замаар хувьсгал хийх болдог байна. Тухайлбал, Английн 1688 оны Бадрангуй Хувьсгал Дундад эртний Сэргэн Мандалт нь нийгмийг үндсээр нь өөрчлөхөд хүргэсэн бөгөөд угтаа тайван шинжтэй хувьсгал байсан билээ.
Монгол улсад өрнөсөн өөрчлөлт нь хувьсгалт шинжтэй бөгөөд хүний түгээмэл эрх, эрх чөлөөг баталгаажуулахад чиглэж нийгмийн бүхий л харилцааг үндсээр нь сольж байгаа учраас ардчилсан агуулгатай юм.
Ардчилал, ардчилсан өөрчлөлт зэрэг нэр томъёо хуучин социалист орнуудын нэгэн адил Монгол улсад их хэрэглэгддэг боллоо. Уг ойлголтуудын утга агуулгыг ч янз бүрээр тайлбарлаж улс төрийн бодлогод хэрэглэж байна. Зүүн болон баруун чиглэлийн улс төрийн хүч “ардчилал” гэсэн нэр томьёог өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ адилхан хэрэглэж байгаа нь олон түмнийг төөрөгдөлд хүргэж болзошгүй юм. Арчилал огт буруу гэж хатуу байр суурь эзэлж буй хүч Монголд байхгүй боловч ардчиллаас болж замбараагүй байдал, хулгай дээрэм өлсгөлөн үүслээ гэж өнөөдрийн үйл явдлыг буруушааж буй зүтгэлтнүүд цөөнгүй байна. Харамсалтай нь, эдгээр хүмүүс “ардчилал” хэмээх өргөн утгатай, өөрийн зарчим, хэм хэмжээ, хууль бүхий онолын бүрэн дүүрэн таньж мэдээгүй, түүнийг зөвхөн лоозон тунхагийн хэмжээнд явцууруулж ойлгож байгаа нь нийгмийн сэтгэлгээнд сөрөг нөлөө үзүүлж байна.
Ардчиллын үзэл баримтлал эртний Грек, Ромын түүхээс уламжлалтай бөгөөд хүн төрөлхтний хөгжлийн явцад боловсронгуй болж ирсний зэрэгцээ өөр өөрийн онцлог бүхий урсгалд цаашид хөгжлөө олон өнөөдрийг хүрчээ. Эдгээрийн дотроос засаглал, улс төрийн бодлогын асуудлын хүрээнд судлаачдын онцлон сонирхдог баримтлалууд бол:
– Ардчиллын тухай сонгодог ойлголт
– Элитийн онол
– Олон ургалч ардчиллын онол юм.
“Сонгодог” ардчилал
Ардчиллын тухай эртний Грек улсын тухайн үеийн ойлголт орчин үеийн үзэл бодлыг үүсч хөгжихөд нөлөөлсөн боловч үндсээрээ ялгаатай юм. Эртний Грекийн ардчилал нь хүсч байсан тэр үзэл санаанаас амьдрал дээр маш өөр байжээ.
Уг гаралын хувьд ардчилал гэдэг нь “ард түмний / олон түмний – demos/ засаглал” гэсэн утгатай бөгөөд язгүуртан (aristocracy), цөөнхийн (oligarchy) засаглалаас ялгагдах төрийн хэлбэрийг илэрхийлж байв. Гэхдээ, “олон түмэн” нь хүн амын бусад хэсгээ, тухайлбал, баян чинээлгээ элдэв татвараар шахах замаар өөрийн эрх ашгаа хангаж байсан нь тухайн үеийн ардчилал төрийн хэлбэрийн бүрэн илрэл болж чадаагүйг харуулна.
Орчин үед ардчиллын уг “популист” /шуугиулагч/ тал болох ухваргүй олон түмний засаглал Францын хувьсгалаас хойш дахин сэргэх хандлагатай болсон юм.
Ийм учраас эртний Грекийн сэтгэгч Платон ардчилал бол төрийн уналтын хэлбэр, “боловсроогүй нийгэм” хэмээн үзжээ. Гэхдээ, нэг хүний харгис засаглалаас (tyranny) дээр гэдгийг бас үндэслэсэн байна. Тэрээр, ардчилал бол “хүмүүс хоорондоо тэгш, тэгш бус гэдгийг огт харгалздаггүй, бүгдийг ижил тэгш гэж үздэг нийгмийн анархи хэлбэр” гэж нэрлэжээ. Ардчилал дор хувь хүн бүр эрх чөлөөтэй байдаг нь нийгмийг сулруулдаг хэмээн үзэж Платон түүнийг сайшаадаггүй байж.
Тухайн үеийн томоохон сэтгэгчийн нэг Аристотель төрийн уг хэлбэрийг мөн нэг их сайшааж үзээгүй боловч ардчиллын ёс зүйн зарчмын асуудлыг дэвшүүлсэн юм. Эрх чөлөө бол ардчиллын зорилт мөн бөгөөд “өөрийн хүссэнээр амьдрах” зарчмыг нөхцөлдүүлнэ. Гэхдээ энэ зарчим нь зөрчлийг бий болгодог байна. Тухайлбал, бүгд тэгш байдалтай учраас захирах, захирагдах явдал аль болохоор бага байх учиртай, болж өгвөл хэнээр ч захируулахгүй байвал дээр. Шударга ёс нь тооны үзүүлэлтэн дээр тогтох бөгөөд үүнд, ядуу, баян аль аль нь адил нөлөө үзүүлнэ. Гагцхүү, шударга ёс гэж юу вэ гэдгийг олонхиор тогтооход цөөнхийн /тухайлбал, баячуудын/ хувьд шударга бус болох аюултай юм гэжээ.
Бүхэлдээ, Аристотелийн хийсэн дүн шинжилгээ нь эрх чөлөө, тэгш байдлын үзэл баримтлалыг амьдралд хэрэгжүүлэхэд нийгэмд ямар аюул учирч болохыг хурцаар харуулсан байна.
Дундад эртний үед олон сүсэгтнүүдийн сүм хийдийг хүрээлсэн төвлөрөлт хаад дээдсээр уламжлан Бурхан тэнгэртэй харьцах тэгш харилцааны тухай номлол ардчиллын үзэл санааг амьдралд зохихооргүй байлалд хүргэжээ. Хөгжлийн явцад хаант засаглал шашны хэргээс цаашид хөндийрч эхэлсэн нь угтаа ардчилсан үзэл санааг агуулж байсан бөгөөд хүн амыг бүхэлд нь захирах эрх хэмжээ нь хумигдаж эхэлжээ. Нийгмийн хэлцлийн онол (Social contract theory) нь ардчиллыг цаашид хөгжүүлэхэд чиглэсэн суурийг бий болгоход шийдвэрлэх нөлөө үзүүлжээ. Энэ онолыг үндэслэгч Жон Локк (1632-1704) Английн Бадрангуй хувьсгал болон түүний үр дагавар болох хааны хэмжээгүй эрхийг хязгаарласан явдлын философийн үндэслэгээг хийхийг оролдсон юм. Хязгаарлагдмал төр, хувь хүний эрх чөлөөний тухай түүний үзэл санаа зөвхөн Британийн төрийн асуудалд нөлөөлөл үзүүлээд зогсоогүй бөгөөд Америкийн тусгаар тогтнолын Тунхаг болон Нэгдсэн улсын Үндсэн хуулийн зарчмуудад агуу их тусгалаа олжээ. Локкийн үзэл санааны дагуу төр нь “амьдрах эрх, эрх чөлөө болон өмч”-ийн эрхийг хамгаалах хийгээд нийгмийн хэлэлцлийн дагуу бий болох учиртай. Хүн бүр байгалийн жам ёсоор оюун ухаан, чадавхи болон өөрийн эрх ашигт сонирхолтой байдаг учраас хүний эрх гэдэг бол ариун зүйл юм. Ийм ч учраас уг эрхийг хүнд хэн ч олгоогүй, түүнийг хэн ч булааж авах ёсгүй. Төр нь ард түмнээс эх үүсвэртэй, тэдгээрийн сайн сайхны төлөө л зорьж үйл ажиллагаа явуулах учиртай. Олон түмэн төлөөлөгчөө сонгож төр, засгаа бий болгон олонхийн гаргасан шийдвэрийг дагана.
Ардчиллын тухай Локкийн үзэл бодол өөрийн онцлогтой. Засаглалын хуульчилсан үндэслэгээ бол зөвшилцөл мөн бөгөөд өөрсдийн зовшилцлөөр бий болсон хуульд л бид захирагдана. Төрийн бодлоготой санаа бүрэн нийлээгүй хүмүүс уг хуулийн дагуу аж төрөх, түүний ивээлд багтах зөвшилцлийг хүлээн зөвшөөрнө. Зөвшилцлийн уг зарчим нь ардчилсан засаглалын онолын үндэс бөгөөд төрийн хамгийн чухал шинж нь хуулийн засаглал юм. Хууль хүний эрх чөлөөг хязгаарлаж болохгүй, харин хамгаална. Энэ бол либерал номлолын чухал зарчим юм. Хууль бол өмчимн хамгаалалт, баталгаа болох гол хэрэгсэл гэж Локк үзэж, ардчилал бол хувийн өмчтний холбоо юм хэмээн тэмдэглэжээ. Ардчиллын тухай Локкийн үзэл санааны гол ойлголт бол хүн бүр өөрийн эрх ашиг, сонирхлоо дээд зэргээр ухамсарлан ойлгодог учраас төрийн зүгээс үүнийг хянаж зохицуүлах нь утга учиргүй гэдэгт оршино. Төрийн гол үүрэг бол зөвхөн хүн амын эрх ашгийг хамгаалах явдал юм. Төр уг үүргээсээ гажих тохиолдолд олон түмэн түүнийг түлхэн унагаах бүрэн эрхтэй. Энэ радикал арга хэмжээг, тухайлбал, олон түмний өмчид халдаж, хөрөнгийг булаан авах зэрэг үйлдэл түрийн зүгээс илэрсэн тохиолдолд хэрэглэж болно. Гэхдээ олон түмнийг хувьсгалд уриалсан энэ санааг дэвшүүлэхдээ Локк маш их болгоомжилж байсан байна. Ард түмний дээд засаглал нь ардчилсан уламжлалын (эсвэл наад зах нь уг чиглэлийн онолд) гол баталгаа болох үндэслэгээ юм.
Локк зохиолууддаа төрийн байгууллагын зүгээс засаглалаа хэтрүүлэхээс урьдчилан сэргийлэх засаглалын тэнцэл, хуваарилалтын зарчмыг дэвшүүлсэн юм.
Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хуульд Локкийн үзэл санаа тусч, хуулийн зарчим болсон нь ардчиллын тухай онолын прагматик хөгжилд эхний том алхам болжээ. “Холбоотон” хэмээх (“The Federalist”) Үндсэн хуулийг бүтээгчдийн гаргаж байсан мэдээлэлд онолын асуудлыг хэлэлцүүлдэг байсан байна. Тухайлбал: АНУ-ыг үндэслэн байгуулагч (“founding fathers”)-дын нэг болох Хэмилтоны ухваргүй олон түмний засаглалаас ихэд болгоомжилж байсан нь Сенат ба улсын Ерөнхийлөгчийг Америкт шууд бус аргаар сонгох сонгуулийн зарчимд тусгалаа олжээ.
Хэдийгээр ийм ойлголт байсан боловч ардчиллын онолын логикоор бол ухваргүй олон түмнээс ардчилал айж эмээх ёсгүй. Учир нь уг онолын нэг гол суурь ойлголт бол иргэн хүн юмны учрыг тунгаан ойлгох чадвартай гэсэн (рационал) өөдрөг үзэл юм. Мэдисоны хувьд (АНУ-ыг бас нэгэн үндэслэн байгуулагч) нийгмийн нэг төрлийн ардчиллын үед (Ж.Ж. Руссогийн хэлсэнчлэн) олонхийн дарангуйлал бий болох аюултай. Гэхдээ түүний үзсэнээр АНУ-ын нутаг дэвсгэрийн хэмжээ болон олон түмний эрх ашиг, сонирхлын ялгарал нь үүнээс сэрэмжлэх нөхцөл болно гэж тооцжээ. Тэрээр, олонхийн дарангуйлалд хүргэж болзошгүй ямарваа нэгэн улс төрийн намын төлөвшлийг урьдчилан таамаглахыг эрмэлзэж байсан байна. АНУ-ын түүхийг үзэхэд улс төрийн намууд ард түмний олонхийг төлөөлж байсан явдал тун бага. Харин дэлхийн II дайны үед ард түмний олонхийн үзэл санаа нэг зүйл дээр төвлөрч байсан нь онцгой тохиолдол болжээ.
Орчин үеийн америкийн нэрт улс төр судлаач Роберт Даль (R. Dahl) “олонхи хэзээ ч засагладаггүй, ийм учраас хэзээ ч дарангуйлж чадахгүй” гэжээ. АНУ дахь төрийн харьцангуй олонхийг бүрдүүлдэг бүрдэлд ямагт өөрчлөлт ордог нь байнгын шинжтэй олонхийг бий болгохоос объектив байдлаар сэрэмжилдэг байна. Энэ нь ардчиллын хөгжилд нийгмийн төрх байдал асар их нөлөөтэйг давхар нотолно.
АНУ-ыг үндэслэн байгуулагч нар хамтын ажиллагаа, хэлцэл зөвшилцлийг шийдвэр гаргах гол арга гэж үзэж байсан нь Английн парламентын ажиллагаанд хэрэглэгдэж байсан олонхийн шууд санал хураалт явуулдаг аргаас ялгагдана. Америкийн уг хандлага нь нийгмийн хүн бүр нэг нэгнийхээ үзэл бодол, ашиг сонирхлыг мэдэж ойлгож байх ёстой гэсэн Ж.Ж. Руссогийн санаатай төстэй юм.
Ардчиллын дээд эрмэлзлийн тухай Америк, Британийн тайлбар хэдийгээр аль аль нь Локкийн үзэл санаанаас эх үүсвэртэй боловч хоорондоо эхнээсээ ялгаатай байсан бөгөөд Медисоны шинэчлэгдсэн “олон ургалч” (pluralist) ардчилал, Британийн “олонхийн” (populist) ардчиллын ялгаа өнөөдөр бүр ч их байна. АНУ-ын холбооны систем хамтын ажиллагаа, тохиролцоо зөвшилцлийг шаарддаг бол Британийн ардчиллын тухай үзэл баримтлал ямар нэгэн байдлаар дундыг баримтлахгүйгээр олонхийн хүчтэй төрийг эрхэмлэдэг байна. XYIII зууны ардчиллын тухай онолд цаашид өөрчлөлт орсон нь тэр үеийн томоохон сэтгэгчийн нэг Ж. С. Милл-тэй холбоотой юм. Тэрээр уг онолын идеалист индивидуалист талыг товойлгож онцолжээ. Тухайлбал, “төлөөллийн төр засаг” (1859) зохиолдоо ардчиллын дээд эрмэлзэлд хүрч болох төрийн практик зохион байгуулалтын асуудлыг дэвшүүлэхдээ ажилчин ангийн давамгайлах байдал зэрэг явдлаас яаж зайлж болох тухай өгүүлжээ. Мөн өмчийн ардчилалд шаардагдах хувь хүний эрхийн үндэслэлийг гаргасан байна. Миллийн дэвшүүлж байсан төлөөллийн ардчиллын тухай ойлголт маш их индивидуалист (бие хүнийг товойлгосон) шинжтэй юм. Ардчиллын хамгийн чухал шинж бол түүнийг бүрдүүлэгч бие хүмүүсийн онцгой чанар юм. Эдгээр хүмүүс нь өндөр боловсролтой идэвхтэй, сэтгэлгээний өргөн хүрээтэй байх шаардлагатай. Миллийн ойлгож байснаар олон түмэн улс төрийн тэмцэл, зөвшилцөлд оролцож, сонгож шилэхдээ улам боловсорч хөгжинө. Энэ нөхцөлд төрийн гол зорилго эдгээр хүмүүсийн оюуны сэтгэлгээг цаашид ахиулж хөгжүүлэхэд чиглэх ёстой байна. Энэ ойлголтоор хүн бол хэнээс ч үл шалтгаалах, бүтээх чадвартай төлөөлөгч бөгөөд цаашдын хөгжилд дэм үзүүлэх бололцоотой юм. Ийм учраас эрх чөлөө, өөрийгөө хөгжүүлэх зэрэг хүний эрхийг Милл онцолжээ. Улс төрийн идэвх угаасаа дэмжигдэх ёстой зүйл бөгөөд ардчиллыг хамгаалах гол баталгаа болно гэжээ.
Ардчиллын тухай сонгодог үзэл баримтлалын гол зарчим бол хүн бүр өөрсдийн амьдралтай холбоотой шийдвэр гаргах үйл явцад оролцох ёстой гэсэн санаа юм. Ингэснээр хүн өөрөө хөгжин дэвшинэ. Хүний чадавхи цаашид боловсронгуй болох гол арга зам нь дээрх оролцоо болно.
Ардчиллын гол үнэт зүйлс бол хүний нэр төр юм. Хүн амьдрах, эрх чөлөө эдлэх, өмч хөрөнгөтэй байх нь түүний жам ёсны эрх. Хүний эрх төрийн зүгээс олгогддог зүйл биш бөгөөд төрөөс хэзээ ч хамаардаггүй. Аль ч төр ямар нэгэн хуулийн үндэслэгээ гаргаж уг эрхийг хязгаарлаж эсвэл булааж авч болдоггүй.
“Хүн бүр тэгш байдалтай” гэсэн зарчим мөн сонгодог ойлголтын нэгэн гол санаа. Хүн бүр анх бий болохдоо тэгш байдалтай байсан ба нийгмийн эсвэл материаллаг байдал, үзэл бодол, арьсны өнгөнөөс үл хамааран хүн бүр хуулийн өмнө тэгш байна. Үүний үргэлжлэл болох “нэг хүн – нэг санал” гэсэн улс төрийн тэгш байдлын үзэл бий болжээ. Яваандаа тэгш байдал гэсэн ойлголт боловсрол, ажил эрхлэлт, орон байр, нийгмийн баялагаас хүртэх зэрэг өргөн асуудлыг хамрах болсон байна.
Бүхэлд нь дүгнэхэд ардчиллын тухай сонгодог ойлголт нь:
- Ард түмний амьдралыг зохицуулахад чиглэсэн нийгэм дэх аливаа шийдвэрт хүн бүр тэгш оролцох.
- Олон түмэн өөрсдийн төр, засгаа сонгож бий болгох эрхтэй. (үүнд үг хэлэх, хэвлэн нийтлэх, хурж цугларах, мэдэгдэл гаргах, өөрийн үзэлтэй байх, сөрөг нам байгуулах зэрэг эрх орно.)
Төр нь :
- Хүний нэр төр, эрх чөлөө, өмч хөрөнгийг хамгаалах.
- Авъяас чадвараа хөгжүүлэх үүднээс хүн бүр тэгш бололцоотой гэсэн зарчмыг баримтлах.
- Хүний эрх бол хэнээс ч үл хамаарах жам ёсны зүйл мөн зэрэг үндсэн үзэл санааг дэвшүүлжээ.
Элитийн онол
Сонгодог ардчиллын үзэл санаа орчин үеийн нийгэмд хэрэгжих бололцоо бага юм. Сонгодог ардчиллын дэвшүүлж буй дээд эрмэлзэл нь нийгмийн зохион байгуулж, хувь хүний эрх чөлөөг хангахад чиглэсэн улс төр, эдийн засаг, эрх зүйн хэм хэмжээтэй зөрчилдөх нь цөөнгүй юм.
Учир нь нийгэм бол хоорондоо эсрэг тэсрэг сонирхол бүхий социал бүлгүүдээс бүрддэг бөгөөд нийгмийг олонхи биш харин цөөнх захирна гэж элитийн онолын талынхан үздэг байна.
Элитийн үзэл санааг үүсгэгчид сонгодог ардчиллын онолыг эсэргүүцэж гарч иржээ. Сонгодог ардчиллынхан олонхи захирах ёстой гэж үзэж байгаа бол элитийн талынхан олонхи захирах ёстой гэж үзэж байгаа бол элитийн талынхан олонхи гэдэг бол хэзээд идэвхгүй улцгар байдаг учраас тэд захирна гэвэл нийгэмд ашигтай байж чадахгүй. Гагцхүү бусдаас өөрийн онцгой шинжээрээ тодорч ялгарсан цөөнх уг үүргийг амжилттай гүйцэтгэж нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэдэг байна.
“Элит” хэмээх ойлголтын уг гарал нь Францын elite (дээд зэргийн, сонгомол) гэсэн үгнээс гаралтай юм.
Аливаа нийгэм захирагч-захирагдагч, удирдагч-удирдуулагч гэсэн хоёр анги бүлгээс бүрдэнэ. Олонхи нь засаглалыг гартаа барьж буй цөөнхийг дагаж амьдарна гэх мэт зарчмыг үндэс болгосон нийгмийн зохион байгуулалтын үзэл санаа эрт дээр үеэс уламжилж ирсэн түүхтэй юм. Эл үзэл санаа бүр Платоны зохиол бүтээлд тусгалаа олсон байдаг. Гагцхүү нийгэм-философийн цэгцтэй номлолын хувьд элитийн онол ХХ зууны эхэн үед бүрдсэн юм.
Дэлхийн II дайны өмнөх үед элитийн үзэл санаа Итали, Герман, Франц улсад түгээмэл байсан бөгөөд дайнаас хойшхи үед АНУ-д нэлээд хөгжлөө олжээ. Элитийн онол нь дотроо хэд хэдэн урсгалтай.
Тухайлбал,
– Элит бол нийгэмд гарцаагүй байх ёстой үзэгдэл мөн бөгөөд элит нь өөрсдийгөө эрх мэдэл бүхий давхарга гэж ойлгон ухамсарлаж, олон түмэн энэ байдлыг хүлээн зөвшөөрдөг гэж үздэг “максвеллийн” сургууль (Ж. Бёрнхэм, Б. Парето, Г. Москва);
– Нийгмийн хөгжил улам дээшилж, түүний өмнө тулгарч буй асуудлууд нарийсах тусам удирдах элитийн үүрэг улам бүр өсөж түүний шаардлага нэмэгдэх болно гэж үздэг чиглэл. Энэ үзэл санаа “элитийн ноёрхлын” тухай номлолд тусгалаа олсон юм. (О. Конт, М. Вебер, Р. Миллс);
– “Элитийн функционал” онолын гол санаа бол нийгмийн тодорхой нэг хэсэг болох элит нь ардчиллыг хэрэгжүүлэх гол хэлбэр гэж үздэгтэй холбоотой. Элит нь нэгдмэл нэг цул бүлэг биш. Нийгмийн социал бүлэг бүр өөрийн элиттэй. Энэ хэсэг нь өөрийн бүлгийн хөгжилд нөлөөлж, түүнийхээ эрх ашгийг илэрхийлнэ гэжээ. (С. Келлер, О. Штаммер)
Ямар ч байсан дээрх урсгалууд элитийн үзэл санааг өөр өөрийн чиглэлээр тодорхойлж, элитийн тухай ерөнхий ойлголт дээр нэгддэг байна. Элитийн онолын талынхан нийгмийн улс төрийн системд гарч буй засаглалын төвлөрөлтийн үйл явц бол зайлшгүй, иймд ард түмний засаглал зэрэг асуудал утга учраа алдана гэж үзжээ. Италийн социологич Вильфредо Парето, Гаэтано Моска нар засаглагч элитийн номлолыг ХХ зууны эхэнд анх боловсруулж энэ нь цаашид боловсронгуй болсон байна. Элитийн талынхан олон ургальч ардчиллын тухай ойлголт засаглалын талаарх харилцааг үндэслэлгүй дэвэргэж үздэг хэмээн шүүмжилсэн юм. Засаглагч цөөнх аль ч нийгэмд шийдвэр гаргах монополь эрх эдэлнэ. Эл цөөнхийн эзэлж буй байр суурь сонгуулиар бус улс төр, эдийн засаг зэрэг гол салбаруудад ноёрхож буй байдлаар тодорхойлогдоно. Сонгууль нь олон түмэнд хянагддаггүй, зөвхөн элитийн засаглалыг бататгаж л өгнө.
Элит бол дээд албан тушаалтнуудын энгийн нэгдэл биш харин нэгдмэл үзэл санаа бүхий органик дотоод зохион байгуулалттай бүлэг юм гэжээ. Элитийн амьдарч оршин тогтнох чадвар нь өөрсдийн бүрэлдэхүүнээ сэлбэх, бодит байдалд зохицох түүний чадвараас хамаарна.
Ганц хүн бол “бөөн” хүмүүсийн нэгэн адил засаглалыг явуулж чаддаггүй. Уг чадвар зөвхөн зохион байгуулагдсан цөөхөнд л байна. Цэгцлэгдсэн авсаархан “цөөнх” засаглалыг гартаа барьж нийгмийг удирдах улс төрийн чиг үүргийг гүйцэтгэж, бусдаас дээгүүр байдаг байдлынхаа ашиг шимийг хүртэнэ гэж элитийн онолын талынхан үздэг байна.
Элитийн хэсэг нь нийгмийн хөгжлийн үр дагавар биш. Буурай эсвэл өндөр хөгжсөн улсад элит байдаг нь нийгэм бүр өөрийн удирдагчдаа шаардлагтай холбоотой. Нийгмийн удирдлагыг хангах засаг төр бол хэсэг хүмүүс юмуу олонхийн нэрийн өмнөөс засаглал явуулдаг цөөнхөөс л бүрдэнэ. Эл цөөнх нь олон түмнээс ялгагдах өвөрмөц цөөнх юм. Наад зах нь өндөр боловсролтой нийгмийн дээд дэв зэрэгд хамаарах хүмүүс байх ёстой.
Гэхдээ доод давхаргад хамаарах хүмүүс элитийн зиндаанд багтаж орж болохыг элитийн онол хүлээн зөвшөөрдөг байна. Өөрөөр, элит бус хэсгээс элитэд багтаж орох нийгмийн хөдөлгөөнийг уг онолоор үгүйсгэдэггүй. Энэ хөдөлгөөн нь эцсийн дүндээ элитийн системийн тогтвортой байдлыг хангах нэгэн хүчин зүйл болно. Эл системийг нээлттэй хэмээн нэрлэх бөгөөд хэт радикал, хувьсгалч хүмүүсээс сэргийлж, гарцаагүй өөрийн оюун ухаан, авъяас чадвараараа элитэд багтаж болох хүмүүсийг элсүүлдэг механизмтай байдаг байна. Хэдий ийм боловч нийгмийн тогтвортой байдлыг хангах үүднээс эл хөдөлгөөн аль болох удаан үргэлжилсэн шинжтэй байвал сайн гэж үзнэ.
Элит нийгмийн системийн үндсэн хэм хэмжээг тогтвортой байлгахыг ямагт эрмэлздэг байна. Учир нь засаглалын харилцаанд бусдаас илүү нөлөөлөлтэй байдаг нь элитэд тодорхой эрх ямба эзлэх бололцоо олгоно. Энэ эрх ямбыг олгож буй тэр системийг элит тогтвортой хадгалахыг ямагт эрмэлздэг байна. Энэ үндсэн үзэл санааны талаар элитийн дотор зөрчил маргаан хэзээ ч гарахгүй нь ойлгомжтой. Гагцхүү илүү эрх ямба эдлэх үүднээс тэдгээрийн дотор тэмцэл ямагт явагддаг байна.
Орчин үеийн нийгэмд элитийн үзэл санааны нэгдэл нь хувийн өмчийн эрхийн халдашгүй байдал, төрийн засаглалын хязгаарлагдмал шинж болон хувь хүний эрх чөлөө зэрэг суурь ойлголт дээр тулгуурлаж бий болдог байна. Аль нэгэн асуудлаар санал зөрвөл тэр нь ерөнхий зорилго бус түүнд хүрэх арга замын асуудалтай л холбогдон үүсдэг ажээ. Тухайлбал, америкийн судлаач Ричард Хофстедерийн тэмдэглэсэчлэн, АНУ-ын улс төрийн тэмцэлд оролцож буй намуудын өрсөлдөөн нь нийгмийн хоёрдогч шинжийн асуудал дээр л төвлөрдөг учраас нэлээд “хуурамч” шинжтэй юм. Капиталист соёлын эдийн засгийн амжилт нь хүний хөгжилд зайлшгүй байх ёстой зүйл бөгөөд өрсөлдөөн, эдийн засгийн хувьд амиа борлуулах философи, өмчийн эрх зэрэг нь нийгмийн үнэт зүйлст тооцогдож тэдгээрийн талаар ямар нэгэн маргаан мэтгэлцэл гардаггүй юм.
Төрийн бодлого нь мөн чанартаа ард түмний бодлого биш, харин элитийн эрх ашиг сонирхлын тусгал болно. Элит нь өөрсдийн үнэт зүйлсийг хянаж өөрчилсөн тохиолдолд л төрийн бодлого шинэчлэгдэн өөрчлөгдөнө. Энэ утгаараа элитэд консерватив шинж давамгайлах нь угтаа учиртай юм. Элит нь нийгмийн тогтвортой байдлыг шүтэх бөгөөд төрийн бодлогод өөрчлөлт орох нь гадны хүчин зүйлсээс бус элитийн хүрээнд гарах дотоод өөрчлөлтөөс л хамаарах болно. Өөрөөр, төрийн бодлого өөрчлөгдөж болно, харин уг бодлогыг сольж болохгүй гэдэг нь элитийн хувьд чухал зарчим юм.
Энэ бүгдээс үзэхэд элит нь “амин хувиа хичээсэн” (эгоист) бүлэг гэж тооцогдож болох талтай. Гагцхүү, уг “хувиа хичээх” зарчим нь системээ болон түүнд эзэлж буй өөрсдийн байр сууриа хадгалан хамгаалахад чиглэгддэг байна. Амьдрал дээр элитийн бодлого зөвхөн өөрсдийн хэрэгцээг хангахад чиглэгддэггүй. “Нийгмийн хэрэгцээ, эрх ашиг” – элитийн баримталдаг бас нэгэн үнэт зүйлс болдог байна. “Олон түмний сайн сайхан амьдрал” нь төрийн хэмжээнд шийдвэр гаргахад ямагт баримтлах ёстой чиг баримжаа гэдгийг элит сайн ойлгоно. Энэ бүгдээ элитийн онолын талынхан тайлбарлахдаа хүн амын аж байдлын асуудлыг олон түмэн өөрсдөө хариуцах ёсгүй, энэ үүргийг зөвхөн элит л гүйцэтгэх жамтай хэмээн онцолдог байна. Олон түмнээс элитэд үзүүлэх нөлөөллөөс илүү элитээс эргэж тэдэнд үзүүлэх нөлөөлөл хүчтэй байдаг тул нийгмийн доторх холбоо хэлхээ нь гол төлөв дээрээс доошоо чиглэсэн чиглэлтэй байдаг байна.
Сонгууль, улс төрийн намуудаас дэвшүүлж буй альтернатив бодлого тэгвэл ямар үүрэгтэй юм бэ гэсэн асуулт гарч болно. Элитийн талынхан сонгууль, нам зэрэг “ардчилсан” институт нь зөвхөн хэлбэрийн төдий үнэт зүйлс ба гагцхүү олон түмнийг улс төрийн системтэй холбоход тус дөхөмтэй байдаг. Өөрөөр, зөвхөн сонгуулийн үед л жирийн иргэн улс төрийн бодлогод өөрийн “тоглох” ёстой үүргээ л гүйцэтгэдэг гэж үзнэ.
Элитаризмын үзлээр бол засаглалыг гартаа барьж буй цөөнх олон түмэнтэйгээ сөргөлддөггүй ба өөрийн зорилгодоо хүрэхдээ ард түмнийг хохироодоггүй ажээ. Элит гэдэг бол олон түмнийг дарангуйлах гэсэн бодлоготой хуйвалдаанаар гарч ирсэн бүлэг хүмүүс биш юм.
Элитийн онол нийгэм дэх засаглал өөрчлөгдөж, хуучин элиттэй өрсөлдөх шинэ элитийг гарч ирэх бололцоог үгүйсгэдэггүй. Элит нэгдмэл бат цул байхын зэрэгцээ олон ургальч өрсөлдөөний шинжтэй байх нь цөөнгүй
Элитийн онолын гол үзэл санаа :
- Нийгэм бол засаглалыг гартаа барьж буй цөөнх болон үндсэн бусад олонхи гэж хуваагддаг. Төрийн бодлогыг цөөн хүмүүс тодорхойлно.
- Элит нь улс орныг захирдаг аль нэг талаараа шалгарсан давуу талтай хүмүүсээс бүрдэж, ердийн олон түмнээс ялгагдана.
- Элитийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж болох бөгөөд энэ хөдөлгөөн нь удаан тайван явагдаж нийгмийн тогтвортой байдал хангагдана.
- Нийгмийн үнэт зүйлсийн талаар элит нэгдмэл үзэл санаатай байх хийгээд системээ хадгалан хамгаалахад зорилго бодлого нь чиглэгдэнэ.
- Төрийн бодлого олон түмний бус засаглагч элитийн сонирхлын тусгал болно. Харин элитийн бодлогод “олон түмний сайн сайхан байдал” зэрэг хэмжүүр үнэт зүйлсийн хэмжээнд ойлгогдоно.
Олон ургальч ардчилсан баримтлал
Дээр дурьдсанаас үзэхэд элитийн онолыг баримтлагчид ардчилал тууштай хэрэгжинэ гэхэд итгэдэггүйгээр үл барам элитийн засаглал бол зайлшгүй зүйл гэж үздэг байна. Тэгвэл олон ургальч ардчиллын баримтлал нь өөр хоорондоо өрсөлддөг олон янзын элитүүд бүхий нийгэмд ардчиллыг тодорхой хэмжээгээр хэрэгжүүлж болно гэдгийг иш үндэс болгодог. Энэ онолын талынхан асар их нутаг дэвсгэр, олон түмнийг хамарсан орчин үеийн нийгэмд хүн бүр шийдвэр гаргахад оролцох боломжгүй гэж үздэгээрээ сонгодог ардчиллын онолоос ялгаатай. Үүний сацуу нийгмийг үнэхээр элит захирдаг ч гэсэн тэр нь хаалттай, халаа солиогүй биш бөгөөд ардчиллын зарчмуудыг “цэвэр сонгодог” утгаар нь биш боловч бодитойгоор хэрэгжүүлж болно гэж үздэгээрээ элитийн онолыг баримтлагчдаас өөр юм.
Угтаа орчин үеийн нийгэмд засаглал нь өөр хоорондоо өрсөлдөн олон хүчнүүдийн элитийн дунд хуваагдаж байдаг бөгөөд элитэд олон түмэн санал хураалт, сонгууль зэрэг хэрэгслэлээр байнга нөлөөлөх бололцоотой ажээ. Энэ үүднээс авч үзвэл элитүүд өөр хоорондоо өрсөлдөж, олон түмний дэмжлэг авсан нь төрийн эрх барих ба дараачийн сонгуульд түүнээс илүү нөлөө, нэр хүндтэй болж чадсан нь ялах замаар төрийн засаглалыг хэрэгжүүлэх нь үйлдвэржсэн орчин үеийн нийгмийн мөн чанарт тохирсон ардчилал мөн гэж үздэг. Олон ургальч ардчиллын баримтлалд улс төрийн нам, бүлэглэлүүдийн ач холбогдлыг нэлээд үнэлдэг байна.
Сонгодог ардчиллын онол нь төрийн шийдвэрт нөлөөлдөг нам болон бусад бүлэглэлийг хүмүүсийн хоорондын улс төрийн харилцаанд хөндлөнгөөс оролцдог ёс бус хүчнүүд гэж үздэг. Тэгвэл олон ургальч ардчиллын баримтлал нь янз бүрийн нам бүлэглэлийг улс төрийн амьдралын зайлшгүй байх ёстой бүрдэл хэсэг гэдгийг онцолно. Улс төрийн бодлого, тэдгээрийн хамтын ажиллагаа, харилцан үйлчлэлийн үр дүн байвал зохино гэж үздэг. Түүгээр ч үл барам уг онолын ёсоор бол элит нь иргэдийн өмнө биш эдгээр нам бүлэглэлийн өмнө хариуцлага хүлээдэг байна. Өрсөлдөөний нөхцөлд нийгмийн дотор үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, бүлэглэлүүдийн нөлөөлөл, засаглалыг ойролцоогоор тэнцүү байлгаж болно. Ингэснээр хэн нэгний сонирхол бүрэн ялах, засаглал аль нэг хүчний онцгой эрх болох явдал гаргахгүй ажээ.
Сонгодог ардчиллын онолоор бол улс төрийн амьдралд оролцох явдал хувь хүний хөгжих, өөрийгөө боловсронгуй болгох гол арга гэж үздэг. Өөрийгөө хөтлөн жолоодож, оюун ухаанаа тэлэх, өөртөө итгэлтэй байх нь хүн хариуцлагаа ухамсарлахад чухал юм. Энэ бүгдийн эцэст төр, засаг нь ард түмнийхээ өмнө бүрэн хариуцлага хүлээх ёстой гэдэг нь сонгодог ардчиллын гол санаа нь билээ. Тэгвэл олон ургальч ардчиллын онолоор төр нь иргэдийн өмнө бус нам, бүлэглэл, лобби зэрэг “байгууллагын” өмнө хариуцлага хүлээнэ. Нийгмийн улс төрийн нам, бусад бүлэглэлүүдийн хооронд хэлцэл, тохиролцоо, буулт, харилцан үйлчлэлээр орчин үеийн нөхцөлд шийдвэр гардаг байна. Иргэдийн оролцоо тэр бүр шаардагдахгүй бөгөөд хувь хүн угаас шийдвэр гаргах үйл явцад өнөөгийн нөхцөлд оролцож бараг чадахгүй юм.
Улс төр судлаачдын үзэж байгаагаар олон ургальч ардчиллын онол нь амьдрал практик дээр хэрэгжихдээ хэд хэдэн зөрчилтэй тулгардаг.
Тухайлбал, хувь хүн аль нэг байгууллагад хамрагдаж буй нь улс төрийн бодлогод оролцох үр ашигтай хэлбэр болж чадах уу? зарим судлаачдын үзэж байгаагаар эдгээр “байгууллага” нь төрийн засаглалыг гартаа улам бүр авах тутам олигархи шинжтэй болж, уг хүний оролцоо улам боогддог байна. Эцсийн дүндээ аль ч бүлэглэлийн дотор удирдах хэсэг болох элит нь эцсийн хариуцлагыг хүлээж ямагт дээд түвшинд эргэлдэнэ. Амьдрал дээр хувь хүмүүс байгууллагынхаа хурал цуглаанд тэр болгон оролцдоггүй нь хэн бүхэнд ойлгомжтой.
Хоёрт: Элитийн өрсөлдөөний нөхцөлд хувь хүний нэр төр, эрх чөлөө бүрэн хангагдаж чадах уу? Олон ургальч ардчиллын талынхан нь үүнд хариулахдаа нийгэмд зонхилж буй гол гол байгууллагын нөлөөлөл хоорондоо тэнцэлтэй байдаг учраас аль нэгний монополь тогтох нь магадлал багатай юм гэдгийг онцолдог байна. Улс төрийн өрсөлдөөний нөхцөлд аль нэгний эрх ашиг бүрэн гүйцэд ялна гэж байдаггүй.
Олон ургальч онолыг баримтлагчид төрийн дээд түвшний хэмжээнд гардаг шийдвэрийг чухалчлан үздэг учраас түүнээс доод түвшнийг нэг их анхаардаггүй бөгөөд түүнийг явцуу асуудал хэмээн үзнэ. Ийм ч учраас төрийн дээд түвшинд олон элитийн оролцоо голлож, түүнээс доош тодорхой асуудлаар хувь хүн, иргэд илүү оролцох бололцоотой байдаг байна.
Сонгодог ба орчин үеийн ардчиллын үзэл санааны харьцуулалт
Сонгодог ойлголт | Орчин үеийн үзэл санаа |
1. Хүн ард дээд эрх мэдэлтэй гэсэн Ж. Локкоос эхтэй үзэл2. Удирдуулж буй хүмүүс хүлээн зөвшөөрснөөр хууль ёсны төрийн урьдчилсан нөхцөл бүрдэнэ. Цөөнх тодорхой хугацаанд хохирч болно3. “Бүх нийтийн сайн сайхан байдлын” санааг ихэнхдээ тунхаглана4. Хувь хүний эрх чөлөө, өөрийн эрх ашиг зорилгодоо ямар нэгэн хөндлөнгийн оролцоогүйгээр хүрэх явдлыг онцолно. Хуулийн хүрээг багасгах чиглэлтэй.5. Хувь хүн бол ардчилсан хэв загварын үндсэн нэгж; хувь хүн бол оюун ухаан, ёс зүйн өндөр түвшинтэй, идэвхитэй, хувийн сонирхолтой гэдгийг онцолно. Нийгмийн олонхи нь хүмүүжлээс бүрддэг учраас хувь хүний үйл ажиллагаа маш чухал юм.6. Улс төрийн тэгш байдал үндсэн үзэл санаа мөн. Магадгүй энэ нь энгийн олонхийн ардчиллын үед цөөнх нь хохирох утгаар шударга биш байдалд хүргэж болзошгүй.7. Эхэн үеийн ардчилсан онол радикал өөрчлөлт бололцоотой гэдгийг онцолдог. | 1. Системээ дээдлэх явдлыг онцолж системээ дэмжин тэтгэх нь гол зорилго мөн.2. “Хүлээн зөвшөөрөх” үзэл санаанаас татгалзаж, олон түмэнд төр засгаа ерөнхийд нь хянах бололцоо өгч буй зөвшилцлийн харьцангуй сул ойлголтыг бий болгосон.3. “Сайн сайхан байдал гэсэн нэгэн зүйл хэзээ ч байдаггүй. Сөргөлдөөн зөвшилцлийн тэнцэл нь улс төрийн бодлого, янз бүрийн сайн сайхан зүйлийг сонгох боломжийн сонголтыг бий болгоно.4. Хуулийн хамрах хүрээ бага байх ёстой гэсэн санаанаас татгалзсан. Системийг голлож, үндэсний аюулгүй байдал, аж байдлын асуудал харин ч хуулийн хүрээг өргөжүүлэхийг шаардана.5. Сонирхлын бүлэг бол улс төрийн идэвхтэй үндсэнүндсэнэйнхийгй аюулгүй байдл, аж нэгж мөн. Хувийн сонирхлоос бусад хувь хүний бүх шинжийг үл тооно. Олон нийтийн идэвхгүй, улцгар байдлыг шаардлагатай зүйл гэж үзнэ. Харин улс төрийн бодлоготон их үүрэг гүйцэтгэнэ.6. Улс төрийн тэгш байдлын үзэл “нэг хүн-нэг санал” гэсэн зарчим болон хувирав. Олон ургалч онол нь цөөнхөд тохиролцох эрх өгдөг учраас тэгш байдал илүү хангагдана.7. Орчин үеийн онол тогтвортой байдал, системийг хадгалан хамгаалах явдлыг дээдэлж өөрчлөлтийн боломж, үр ашгийг үгүйсгэнэ. |
Нийгмийн улс төрийн амьдралыг зохион байгуулах арга хэлбэрийн тухай гурван янзын баримтлалыг ерөнхий байдлаар нь авч үзлээ.
Элитийн болон олон ургальч ардчиллын онол дэлхий дахины орчин үеийн улс төрийн сэтгэлгээнд янз янзын хэлбэрээр их дэлгэрчээ.
Өнөөгийн улс төрийн сэтгэлгээнд ардчиллын зарчмуудыг элитийн онолд тусгах замаар уг баримтлалуудын үзэл санаа хосолсон байр суурь давамгайлах болсныг судлаачид тэмдэглэж байгаа юм. Үнэхээр олон ургалч үзэл дэлгэрсэн чөлөөт нийгэмд нэг талаас улс төрийн нам, бүлэглэл, эдийн засаг, цэргийн элитүүдийн гарт засаглалын эрх мэдэл төвлөрөх, нөгөө талаас тэдгээрийн онцгой эрх, давуу байдлыг ардчиллын янз бүрийн хэрэгслийн хүчээр хязгаарлах үйл явц хоёр зэрэгцэн явагддаг. Нийгмийн улс төрийн амьдралын энэхүү бодит байдлыг тунгаан ойлгох, түүнийг илүү оновчтой тодорхойлох оролдлого ч улс төрийн шинжлэх ухаанд цөөнгүй гарч байгаа юм.
Орчин үеийн ойлголтоор ардчилал – бол төрийн засаглалыг хэрэгжүүлэхэд нийгмийн янз бүрийн бүлгүүдийг тэгш оролцуулах тэдгээрийн ашиг сонирхлыг зөв зохицуулан улмаар үүссэн зөрчил, сөргөлдөөнийг нийгмийн нэгдмэл байдал, цаашдын хөгжилд хохирол учруулахгүйгээр шийдвэрлэх улс төрийн хэрэгсэл мөн.
Ардчилал нь төрийн засаглалыг улс төрийн аль нэг хүчний онцгой эрх мэдэл болгох замаар дарангуйллын дэглэм тогтоох боломжийг хаах, нийгэмд үүсэх зөрчил, өрсөлдөөнийг цаг алдалгүй зөв шийдвэрлэх нэн чухал нөхцөл мөн. Ардчиллын нөхцөлд нийгмийн гол гол үнэт зүйлсийг нийтээрээ ямар нэг хэмжээгээр хүлээн зөвшөөрч, харилцан зөвшилцөлд хүрэх бодит үндэс бий болдог.
Нийгэмд ардчиллыг хангахад нөлөөлөх гол гол нөхцөл, хүчин зүйлс юу вэ? Улс төр судлаачдын санал нэгтэй байгаа анхны чухал нөхцөл бол иргэний эрх, эрх чөлөөг улс орны хүн амд аль болохоор өргөн эдлүүлэх явдал юм. Иргэний эрхийг өргөн олон түмэнд эдлүүлэх нь ардчиллыг тогтооход үргэлжийн нөлөөтэй зүйл болох нийгмийн гишүүдийн сонирхлыг аль болохоор бүрэн илрүүлэх бололцоог бий болгодог.
Ийм бололцог бий болгодог механизм бол сонирхол, зохион байгуулалтын тодорхой хэлбэртэй болох, өөрөөр хэлбэл улс төрийн нам, байгууллагууд бий болж, эрх зүйн хэм хэмжээгээр зөвшөөрөгдөх явдал юм. Чухамхүү ингэж төрийн эрхийг барьж буй намын бодлого, үйл ажиллагаанд хяналт тавьж шүүмжилдэг, өөрсдийн боловсруулсан улс төрийн бодлогыг сөргүүлэн тавьж өрсөлддөг сөрөг нам, хөдөлгөөн байх явдал онцгой үүрэгтэй. Өөр нэг зүйл бол шаардлагатай үед засгийн газрыг тайван замаар огцруулах боломжийг төрийн хууль тогтоомжид тусгасан байх явдал юм. Энэ нь засгийн газрын үйл ажиллагаанд иргэдийн зүгээс хяналт тавих, тэдний сонирхолд нийцсэн бодлогыг төрөөс явуулахгүй тохиолдолд улс төрийн бусад хүчний дотроос сонголт хийх нөхцөл бүрдүүлдэг нэг гол хүчин зүйл юм.
Эдийн засгийн нөхцөл бас их үүрэгтэй билээ. Хувь хүн, нийгмийн бүлгүүд өөрийн өмчтэй, эдийн засгийн талаар бусдаас хараат биш, бие даасан үйл ажиллагаа явуулдаг байх нь улс төрийн салбарт ч бие даасан хүчин байх бусадтай өрсөлдөх, сонирхолоо үр нөлөөтэй хамгаалах бодит үндэс болно. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн ардчилал баттай байх нь улс төрийн ардчиллын тогтвортой байдлын урьдчилсан нөхцөл болно. Өмчийн олон хэлбэр, зах зээл байхгүй бол дарангуйлал аль нэг хэлбэрээр тогтох бололцоо илүү байдаг нь зүй тогтолт шинжтэй билээ.
Парламент, олон намын системийг зохион байгуулж зохих эрх зүйн хэм хэмжээ тогтоосноор ардчиллыг бүрэн бий болголоо гэх үзэх нь учир дутагдалтай юм. Эдгээр нь хэдийгээр их ач холбогдолтой боловч ардчиллын зөвхөн гаднах, нүдэнд харагдах хэсэг нь юм гэх үзэхэд хилсдэхгүй. Учир нь хүн улс төрийн нийгэмжилтийнхээ явцад ардчиллын хэм хэмжээг эзэмшдэг бөгөөд энэ нь нэлээд хугацааг шаардах болно. Ингэснээр ардчиллын хэм хэмжээ нийгэм, түүний гишүүдийн үнэт зүйлсийн системд багтан орх уламжлал болдог. Энэ нь чухамдаа улс төрийн соёл бүрэлдэж буй хэрэг юм. Ингэх төлөвшсөн улс төрийн соёлгүйгээр ардчилал нь нэн хэврэг бөгөөд түүнд улс төрийн элитийн болон олон түмний зүгээс санаатай буюу санамсаргүй байнгын заналхийлэл учирч байдаг байна.
Дундад эртний хамжлагын ёсноос сталинизмын дарангуйлын дэглэмд бараг завсаргүйгээр шилжих өдий хүрсэн манай орны хувьд ардчиллын мөн чанар, агуулга, түүний баталгаа зэрэг олон асуудал нэн чухлаар тавигдах ёстой билээ. Энэ утгаараа иргэдийн улс төрийн соёлыг дээшлүүлэх явдал нийгмийн ардчиллын хувь заяаг шийдэлцэх өнөөдрийн чухал хүчин зүйл болж байна.
Хянасан: Б. БАТ-ОРГИЛ