Ph.D Д. Ганбат
/УТБА-ийн Удирдах зөвлөлийн дарга, МУ-аас ХБНГУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд /
Шинэ толь №1, 1993
ОРЧИН ҮЕИЙН УЛС ТӨРИЙН ҮНДСЭН НОМЛОЛУУД
Түлхүүр үг: Үзэл суртал, Либерализм, Социал-демократ, Консерватизм, Фашизм, Иррационализм, Милитаризм, Ардчиллын зарчим
Монголын улс сүүлийн хэдэн арван жилийн турш төвлөрсөн төлөвлөлт, хуваарилалтын зарчимд тулгуурласан эдийн засагтай, нэгдмэл улс төр, үзэл суртлын бодлогод захирагдаж ирсэн билээ. Энэ нь тухайн үеийн эрх баригч намын онол, номлолын үндэс болох марксизм-ленинизмын тулгуур зарчмын хэрэгжилтийн бүрэн илрэл болж байна.
Нийгмийн тодорхой заагтай анги, бүлгүүд байхыг коммунист номлол үгүйсгэдэггүй. Гагцхүү уг ялгарал нь зөвхөн үйлдвэрлэлийн хэрэгсэлтэй харьцах харьцаанд л илрэх учиртай бөгөөд үйлдвэрлэлийн харилцааг хувьсгалт аргаар үндсээр нь өөрчилснөөр социалист, коммунист нийгэмд зөрчил аяндаа арилна. Бүрэн гүйцэд арилах нь гарцаагүй зүйл бөгөөд үүнд зөвхөн цаг хугацаа л хэрэгтэй гэж сургаж байсныг бид бүхэн сайн мэднэ. Гэтэл хэдхэн жилийн дотор Монголын нийгмийн цаашдын хөгжлийн талаар хоорондоо ялгаатай үзэл баримтлалууд бүрэлдэж ирсэн нь хүмүүсийг нэг талаас “төөрөгдөлд” оруулж, “ер нь ямар нийгэм байгуулах гээл байна вэ” зэрэг асуудал ердийн ухамсрын түвшинд нэлээд яригдах зөвөөр таньж мэдье гэвэл уг онолыг л үзэх ёстой гэж бага наснаасаа өвгөрч бууралтатлаа нухлуулсан хүмүүс өөр сургааль номлол байдаг гэдгийг дуулсан боловч нэг л итгэл үнэмшил муутай байх нь аргагүй биз. Шинээр үүсэж гарч ирсэн нам, хөдөлгөөнүүд уг шинэ үзэл баримтлал, номлолыг дэвшүүлж гарч ирсэн билээ. Ийм ч учраас зарим хүмүүс шинэ номлолуудыг зөвхөн тухайн намуудын удирдагч нартай холбож, тэдгээрийн үзэл бодол мэт өрөөсгөлөөр ойлгон, хүлээж авахгүй байж болох юм.
Үнэхээр нийгмийн сэтгэлгээ нэгэн явцуу үзлээс ангижран задралд орж хүн бүр ( улс төрийн хүчнүүдийн нэгэн адил) өөр өөрсдийн баримтлалаа олохоос өөр аргагүй болжээ. Магадгүй зарим нь энэ талаар огт бодож санасан зүйлгүй, бусдын аясыг дагасхийгээд амьдарч байж ч болно. Нөгөө хэсэг нь ямар нэгэн гадны шахалт, дарамтгүйгээр өөрийн үзэл бодолтой болсоноор харьцангуй идэвхтэй улс төрийн байр суурь эзэлж байгаа нь бас жам ёсны үзэгдэл юм. Энэ бүгд нь тухайн хүний улс төрийн соёлын түвшинг илтгэх нэгэн чухал үзүүлэлт болдог.
Хүн төрөлхтний хөгжлийн явцад бүрэлдэж тогтсон үзэл баримтлал, номлолуудыг таньж мэдсэнээр өөрийн байр сууриа тодорхойлох, харьцуулж үзэх, сонгох бололцоотой болно. Аль нэг номлолыг муу, сайн, гэж ялгах нь харьцангуй зүйл бөгөөд гагцхүү юу нь сайн, юу нь муу, зөрчилтэй гэдгийг ухаж мэдэх нь гол юм. Энэ үүднээс та бүгдийн анхааралд дараах орчин үеийн номлолуудын агуулга, зарчмын талаар танилцуулахыг хүсч байна. Тодорхой номлолуудын талаар ярихын тулд ерөөс үзэл суртал, улс төрийн номлол гэж юу вэ гэдгийг тодорхойлохоос эхлэх ёстой.
ҮЗЭЛ СУРТАЛ, УЛС ТӨРИЙН НОМЛОЛ
“Үзэл суртал” гэсэн нэр томъёог XYVIII зуунд амьдарч байсан Францын эрдэмтэн Дэстют дэ Траси зохиол бүтээлдээ анх хэрэглэжээ. Тэр үед үзэл санааны үүсэл, хөгжлийг судалдаг шинжлэх ухааныг ингэж нэрлэдэг байлаа. Цаашдаа энэ нэр томъёоны анхны утга нь алдагдаж, үзэл суртлын тухай өөр ойлголттой болсон юм.
Үзэл суртлыг томъёолох маш олон томъёолол байдаг. Маш товчоор өгүүлбэл: үзэл суртал гэдэг нь нийгмийн тодорхой бүлгийн үйл ажиллагааны туршлага, амьдралын нөхцөлөөс үүдэн бий болдог онол, үзэл санаа, эдгээрт үндэслэсэн үйл ажиллагааны удирдамжийг багтаасан үзэл бодлын систем юм.
Нөгөө талаас нийгмийн бүлэг бүр өөрийн бие даасан үзэл суртлыг бий болгодоггүйн адил аливаа ашиг сонирхлыг тусгасан үзэл санаа болгоныг бас үзэл суртал гэж үзэж болохгүй.
Үзэл суртлын чухал нэг онцлог бол харьцангуй системчлэгдсэн байх явдал юм. Системт шинж нь үзэл суртлыг бүрдүүлэгч хэсгүүдийн зохион байгуулалт, хоорондын холбоо хамаарал, нэгдлийг харуулдаг. Үзэл суртлын бүрдэл хэсэг нь үзэл санаа, үзэл баримтлал, онол, үйл ажиллагааны үнэлэмж, зорилго, удирдамж зэрэг болно. Үзэл суртал бүхэлдээ энгийн ухамсраас гагцхүү онол баримтлалттай байдгаараа чанарын хувьд ялгагдана. Өөрөөр, онолын үндэс, номлол нь боловсруулагдсан нөхцөлд л тодорхой үзэл суртал бий болно.
Өндөр түвшинд системчлэгдэж, ихэвчлэн онолын дүгнэлтийн хэлбэртэй байгаа үзэл санааны цогцсыг номлол гэдэг. Гэхдээ үзэл суртал нь онолын хэлбэртэй байх явдал түүнийг заавал шинжлэх ухаан болгодог мэтээр ойлгож болохгүй. Учир нь аливаа үзэл суртал, номлол нь бодит байдлыг тухайн бүлгийн эрх ашигт нийцүүлэн ойлгож, илэрхийлдэг. Тэгвэл шинжлэх ухаан нь бодит байдлын тухай үнэнийг олох явдлыг танин мэдэхүйн гол зорилго болгодог. Өөрөөр хэлбэл, тухайн үзэл суртал, түүнийг илэрхийлж буй ойлголтоороо дамжуулан аль нэг бүлгийн хувьд үнэний утгаар баримтлагддаг. Ийм ч учраас үзэл сурталд субъектив нөлөөлөл их байдаг юм.
Нөгөө талаас үзэл суртал, шинжлэх ухаан хоёрт огт ангид зүйл бас биш. Аливаа үзэл суртал, улс төрийн номлол нь хүн төрөлхтний (ялангуяа нийгмийн шинжлэх ухааны) эрдэм мэдлэгийн өв сангаас тодорхой хэмжээгээр заавал эзэмшдэг. Үзэл суртал нь нийгмийн бодит амьдралд гарч буй хувьсгал, өөрчлөлт, шинжлэх ухааны ололт амжилтыг ашиглаж чадахынхаа хэрээр оршин тогтнож бэхжих чадвараа улам бүр хангаж байдаг.
Үзэл суртал нь улс төрийн, эрх зүйн, шашны, ёс суртахууны зэрэг нийгмийн ухамсрын аль нэг хэлбэрээр илэрч, оршиж байдаг. Эдгээрийн дотроос улс төрийн үзэл суртал нь улс төрийн харилцаа, юуны өмнө улс төрийн засаглалын харилцааг тусгаж, уг харилцаанд оролцогч хүчнүүдийн ашиг сонирхлыг илэрхийлж байдаг тул хамгийн чухал юм. Аль нэг улс төрийн номлол нь төрийн Үндсэн хууль, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр, улс төрийн хүчнүүдийн үйл ажиллагааны зорилго, арга замыг тодорхойлсон бусад баримт бичгүүдэд ямар нэг хэмжээгээр тусгагддаг.
Үзэл суртал ба улс төрийн бодлого хоёрын уялдаа холбоо дараах байдлаар илэрнэ.
- Улс төрийн хүчнүүд (ялангуяа нам) улс төрийн бодлогоо тодорхойлж, зорилгоо хэрэгжүүлэх арга замыг сонгож байдаг. Энэ үндсэн дээр улс төрийн хүчнүүдийн байр суурь төлөвшин тогтож, өөрийн дэмжигчдээ олж авахдаа ямагт шинжлэх ухаанд тулгуурлах бололцоо тэр бүр байдаггүй юм. Ийм нөхцөлд тодорхой үзэл сурталд үндэслэдэг.
- Үзэл суртал нь улс төрийн хүчнүүдийг нэгтгэгч чухал хүчин зүйл болдог. Ойролцоо үзэл бодол, онолын баримтлалтай хүмүүсийг холбон нэгтгэх явдал бол улс төрийн томоохон хөдөлгөөн, байгууллагын онцлог шинж юм.
- Хувь хүн болон нийгмийн бүлгийн улс төрийн үйл ажиллагаанд өрнөл, идэвхт чанарт үзэл суртал хүчтэй нөлөөлдөг. Тухайлбал, ардчилал, эх оронч үзэл эсвэл үндэсний үзэл зэрэг нь хүмүүсийн зоригийг идэвхжүүлэх чадвартай билээ.
Үзэл суртал нь улс төрийн бодлогод нөлөөлөхийн зэрэгцээ улс төрийн бодлого өөрийн зүгээс үзэл суртлын материаллаг урьдач нөхцөлийг бий болгож, нөлөөллийг нь зохион байгуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Харгис улс төрийн бодлого нь нийгмийн тухай өөртөө үйлчлүүлэх зорилго тавьдаг. Коммунист эсвэл фашист улс төрийн бодлого, үзэл суртал хоёрын холбоо үүний тод жишээ болох юм.
Харин дэвшилтэт улс төрийн бодлого нийгмийн тухай номлолыг үзэл суртлын хүлээснээс ангижруулж, хөндий байлгадаг нь түүнийг шинжлэх ухааны агуулгатайгаар хөгжүүлэх нэг чухал нөхцөл нь болдог.
Эцэст нь тэмдэглэхэд улс төрийн бодлого, үзэл суртал хоёрын харилцаа холбооны дотор улс төрийн бодлого эцсийн бүлэгтээ шийдвэрлэх нөлөө үзүүлдэг. Гэхдээ үзэл суртал нь улс төрийн бодлогодоо идэвхтэй, зарим үед онцгой ач холбогдолтой нөлөөллийг мөн үзүүлдэг.
ЛИБЕРАЛИЗМ
Дэлхийн олон орны улс төрийн систем, ардчиллын механизмыг либерализмгүйгээр төсөөлөх аргагүй билээ. Либерализмыг улс төрийн амьдралд хамгийн нөлөөтэй үзэл суртлын нэг нь гэж үзэх бүрэн үндэстэй юм. “Либерализм” гэдэг бол угтаа “эрх чөлөө” гэсэн утга бүхий латин гаралтай нэр томъёо. Гэхдээ нийгэм, улс төрийн ном зохиолд энэ нэр томъёог олон утгаар хэрэглэж ирсэн.
Саяхныг хүртэл манай олонхи хүмүүс либерал гэдэг бол “бөөрөнхий, шийдэмгий бус, өөрийн байр суурьгүй” хүнийг хэлнэ гэж ойлгож байсан. Өөрөөр хэлбэл, либерализм бол хэдэн зуун жилийн турш боловсрогдон хөгжиж ирсэн өөрийн өвөрмөц үзэл санаа, зарчимтай улс төрийн томоохон номлолын нэг юм гэж тэр болгон хүмүүс ойлгож байсангүй.
Либерализм өөртөө маш олон үзэл санааг багтаана. Үүнд: чөлөөт шүүмжлэл, сэтгэлгээний өөр хэв загварыг хүлээн зөвшөөрөх, олон янзын үзэл бодолд хүлээцтэй хандахыг дадал заншил болгон зан суртахууны зарчмын хэмжээнд үзэх, хувь хүнийг албадах аливаа хэлбэрийг эсэргүүцдэг чөлөөт өрсөлдөөний үзэл санаа зэрэг орно.
Түүхнээ либерал сэтгэлгээний чиглэл XYII-XYIII зууны үед хаант ёс, тэр үеийн нийгмийн дэг журмын эсрэг хүчнүүдийн тэмцлийн явцад үүсчээ. Түүний гарал, үүслийг нэн түрүүнд Английн эрдэмтэн Жон Локк, Адам Смит нарын үзэл санаатай холбон үздэг. Тэр үеийн либерал үзэл санааг Англид эдийн засгийн талаас нь үндэслэхэд илүүтэй анхаарч байжээ. Ийм ч учраас улс төрийн асуудалтай холбоотой чиглэлээс ялган эдийн засгийн либерализмыг онцолдог.
Хувь хүний эрх чөлөөг хангах үндэс бол хувийн өмчийн болон чөлөөт өрсөлдөөний эрх чөлөөг хүлээн зөвшөөрч, уг эрхийг хуулиар хамгаалах явдал мөн гэж либералууд үзнэ. Хувийн өмч гэдэгт :
– Өмчлөгч хүн өмчөө чөлөөтэй захиран зарцуулах;
– Түүнийгээ үйлдвэрлэлийн хэрэгсэл буюу капитал болгон хувиргах эрхтэй өмчийн ийм хэлбэрүүдийг багтаан ойлгож байлаа.
Үүний зэрэгцээ хөрөнгөө хэрхэн зарцуулж амжилт, үр дүнд хүрэхээ тухайн хүн бүрэн хариуцах ёстой хэмээн эдийн засгийн либералууд үзэж байсан юм.
Либерал ойлголтооор хүмүүсийн эдийн засгийн үйл ажиллагаа тэдний өөрсдийнх нь үйл хэрэг байж, хувь хүн аж ахуйн үйл ажиллагаа явуулахдаа хэнээс ч үл хамаарах ёстой ажээ. Эдийн засгийн либерализмын төлөөлөгчид чөлөөт зах зээлийн нөхцөлд амжилт олох эсэх нь гагцхүү хувь хүний авхаалж самбаанаас л шалтгаална гэдгийг иш үндэс болгож байв.
Нийгэм, эдийн засгийн үйл явцыг зохицуулах зах зээлийн ба төрийн зохицуулалтын харьцаа ямар байх ёстой вэ? Гэдэг асуудал XYIII-ХIX зууны туршид либерал болон консерватив үзэл суртлын маргааны төвд байсан юм. Либералууд эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагаанд төрийн зүгээс оролцох явдлыг эсэргүүцэн үзэж, эдийн эргэлтийн эсрэг үзэл санааны баримтлал болж консерватизм үүсчээ. Тэр үеийн Английн гүн ухаантан Э. Берк, Францын улс төрийн зүтгэлтэн Ф.Шатобриан нарын бүтээлд энэхүү баримтлал онолын хувьд цэгцтэй сургаал болсон байна.
Ердийн ухамсрын түвшинд консерватизмын талаар ихэнхдээ таатай үнэлгээ өгдөггүй. Консерватизм бол шинэ зүйл бүхнийг эсэргүүцэгч, ямар ч өөрчлөлтгүйгээр хуучин бүхнийг хадгалахыг эрмэлзэгч үзэл санаа хэмээн үзэх хандлага нэлээд дэлгэрсэн байдаг. Гэтэл консерватив үзэл баримтлал үүсэж бүрэлдсэн үеэсээ эхлэн нийгмийн өөрчлөлтийг үгүйсгэж байгаагүй. Харин явагдаж болох өөрчлөлт нь ёс суртахуун, соёл, шашны уламжлалт хэв заншлыг хөндөхгүйгээр хэрэгждэг байх ёстой гэж үзнэ.
Консерватизм ерөнхийдөө оршин буй нийгмээ бүрэн эвдэхийн эсрэг чиглэсэн үзэл санааны цогц гэж ойлгогдож ирсэн юм. Харин түүний үзэл санааны үндсийг тодруулж үзэх нь зүйтэй.
Консерватизм үзэхдээ:
– Хүмүүсийн хоорондын тэгш биш байдал зайлшгүй юм (бие бялдар оюун ухааны хөгжил, ерөнхий эдийн засгийн байдал),
– Нийгмийн зохион байгуулалт энэ тэгш биш байдалд зохицсон хэлбэрээр оршин тогтноно,
– Хүмүүс уг зохион байгуулалтанд захирагдаж улмаар нийгмийн уламжлалт байдал хадгалагдах болно гэжээ.
Энэ бүгдээс үндэслэн хүчтэй төр байх ёстой гэсэн асуудал дэвшигдэн, үүнд элитийн үүргийг онцгойлжээ. Консерватизм нь олонхийн засаглалын үед төр хүчтэй байж чаддагүй, өөрийн чадвараа алддаг гэж үзнэ. Үүний улмаас нийгмийн тогтворгүй байдал бий болж, эцэстээ тэр нь дарангуйлалд хүргэх аюул үүсгэдэг хэмээн болгоомжилдог юм.
Консерватизмын хувьд хувийн өмчийг хамгаалах нь шударга зүйл юм. Өмч нь хүний төрөлх эрхийн үр дүн, баталгаа мөн. Эдийн засгийн чөлөөт байдал ноёрхох үед орлогын хувьд ихээхэн ялгавар гардаг нь зүй тогтолт юм. Харин төр нь хувийн хувийн өмчид халдахгүйгээр өмчийн бусад хэлбэрүүдийн адил түүний бие даасан байдлыг хангана. Ингэснээр нийгмийн нэгдлийг бүрдүүлэх үүргийг гүйцэтгэнэ.
Хүн бол угаасаа нүгэлт амьтан, түүний үйл байдалд ухаалаг бус шинж байнга агуулагдаж байдаг гэх үзэх нь түгээмэл. Хүний оюун санааны хүч чадавхи хязгаарлагдмал байдаг учраас нийгмийн дэвшлийн тухай ямар ч үзэл санаанд консерватив үзэлтнүүд бүрэн дүүрэн итгэдэггүй. Нийгмийн өөрчлөлт хөдөлгөөний үр дүнд илүү сайн юм болно гэхээсээ илүү сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй гэж тэд үзнэ. Ийм учраас нийгмийн өөрчлөлтийн тухай ярихаасаа уламжлалт ёс заншил, амьдралын тогтсон хэв маягийг зөвхөн боловсронгуй болгох үзэл санааг илүү эрхэмлэн онцолдог байна.
Консерватив үзэл санааны үндэс:
– Хүн бүр өөрт ногдсон, хатуу чанд тогтоогдсон байраа эзэлдэг нийгмийн шаталсан бүтцийн тухай үзэл санаа,
– Чөлөөт зах зээл, чөлөөт өрсөлдөөний үзэл санаа,
– Дотоод төгөлдөр холбоо бүхий нэгдмэл нийгмийн тухай үзэл санаа.
Дээр өгүүлсэн зүйлс бол консерватив үзэл баримтлалын тулгуур санаа зарчмууд юм. Хөгжлийн эд тулгуур үзэл сананд нэлээд өөрчлөлт орж, консерватив үзэл баримтлал ихээхэн зөрчилтэй замыг туулж иржээ. Жишээлбэл, иргэн бүрийн хувийн эрх чөлөө, парламентат ёс зэргийг зөвшөөрдөггүй байсан бол одоо энэ нь үзэл санааны үнэт зүйл гэж тооцогдох болсон юм.
Консерватив үзэлтнүүд:
– Хувийн талыг илүү бодогч мөртлөө нийгмийн талыг хамгаална
– Дангаар захирах ёсыг талархагчид мөртлөө эрх чөлөөт байдлыг эрхэмлэнэ
– Далдын хүчинд итгэн бишрэгчид (иррационализм) мөртлөө ухаалаг практик үйл ажиллагааг илүүд үнэлнэ. Гэхчлэн консерватизмд зөрчил ихэд түгээмэл илэрнэ. Тийм ч учраас консерватив үзэлтнүүд юуны эсрэг байгаа юм бэ гэдгийг эхэлж тогтоосноор түүний гол зүйлийг олж болно.
Далаад оны үеэс хөгжингүй орнуудад неоконсерватизм нэлээд хүчтэй дэлгэрэх болсон юм. Америкийн эрдэмтэн Ф. Штейнфельц “неоконсерватизм бол дэвшилтэт зүйлсийг боловсруулж бий болгохоосоо илүү аливаа буруу ташаа гэгдэх юмсыг арилгахад л чиглэгдсэн шүүмжлэлт сөрөг үзэл” юм гэж тодорхойлжээ. Ингэснээр консерватизм нь :
– Улс төрийн хүрээнд неолиберализмын “нийгмийн төрийн” тухай онолын эсрэг хязгаарлагдмал эрхт төрийн үзэл баримтлалыг сэргээн тавьсан.
– Эдийн засгийн хүрээнд Кейнсийн онолын эсрэг Фридманы “монетаризмын” онолыг дэвшүүлсэн болно.
– Төр нь иргэний нийгмийн дээр байж болохгүй,
– Эдийн засгийн амьдралд оролцохдоо төр нь мөнгөний эргэлтийн хэмжээг зохицуулах, инфляцтай тэмцэх, бүтцийн бодлого баримтлах л үүрэгтэй.
– Монопольт хэвшлийг хязгаарлах, дахин хувьчлах, бага татварын бодлого явуулах
– Төрийн зүгээс явуулах нийгмийн бодлогыг аль болохоор багасгаж, хүнийг өөрөө өөрийнхөө төлөө зүтгэгч болгох бэлэнчлэх сэтгэлгээг халах,
– Нийгмийн тэгш биш байдал гэж байдаггүй, харин тэгш биш байдалтай байх эрх нь хүнд бий. Энэ нь түүний бусдаасаа ялгагдах үндэс болох ёстой.
Энэ бүгдээс үндэслэн нийгмийн зохион байгуулахдаа тэгш бус зарчмыг баримтлан, энэ нь шударга байдалтай нийцнэ гэж консерватизмын талынхан үздэг байна. Ингэснээрээ консерватизм нь либерализм, социал-реформизм, тэр тусмаа коммунизмын эсрэг байр суурь баримталж нийгмийн тэгшитгэлийн үзэл санаа, нийгмийн шинэтгэлийн хэт хувьсгалч хандлагын эсрэг байдаг байна.
СОЦИАЛ-ДЕМОКРАТ НОМЛОЛ
Социал-деократ номлол түүний субъектийн түүхэн хөгжлийн явцад ихээхэн хувьсан өөрчлөгдөж иржээ. Энэ номлол нь онолын уг сурвалжийн хувьд марксизмтай холбоотой.
XIX зууны эцэс, ХХ зууны эхэн үеэс социал-демократуудын зарим хэсэг нь марксизмд шүүмжлэлтэй хандах болжээ. Тухайлбал, Германы социал-демократ Эдуард Бернштэйн 1899 онд хэвлүүлсэн “Социализмын асуудлууд ба социал-демократын зорилт” номондоо энэ байр суурийг нэлээд тодорхой илэрхийлсэн юм. Тэрээр К. Марксын өртгийн онол, ангийн тэмцлийн тухай сургаал, коммунист нийгэм эдийн засгийн байгууллын тухай марксист үндэслэлүүд хөгжилтэй орнуудад бий болж буй бодит үйл явцтай зөрчилдөж, хэрэгжих чадваргүйгээ харууллаа гэж өгүүлжээ. Энэ үзэл санааны үндсэн дээр коммунист хөдөлгөөнөөс салсан хэсэг Э. Бернштейн, К. Каутский, Р. Гильфердинг нарын үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрч социал-демократ урсгалд нэгжээ.
Дэлхийн II дайнаас хойшхи үеийн социал-демократын хөгжил хувьсал нь нэн нарийн төвөгтэй зөрчилтэй юм. Социал-демократ номлолын хувьслыг гурван томоохон үед хувааж үзэх бололцоотой юм. 50-60-аад оныг хамрах нэгдүгээр үед Социал-демократ намууд программын баримт бичгүүдээ боловсруулжээ. Энэ үед Социал-демократ намууд (СДН) нэгдмэл ганц үзэл суртлын үндсээс татгалзаж, нийгэмд болж буй бүхий л үйл явдлыг жолоодож болно гэж үзэн холимог эдийн засгийн механизмыг ашиглах замаар эдийн засгийг хөгжүүлэх чиг бодлого баримтлах болжээ.
1951 онд Майн дахь Франкфуртэд болсон Соц интернийг зохион байгуулах их хурлаас баталсан тунхагт: социализм гагцхүү ардчилсан нийгэмд байх бөгөөд ардчилал нь нийгмийн амьдралын бүх хүрээг болон олон улсын харилцааг бас хамрах ёстой гэж заажээ. Энэ тунхагт нэгдмэл үзэл сурталтай байх шаардлагагүй гэдгийг онцолсон байна. Энэхүү прагматик шинжтэй бодлого нь, ялангуяа социал-демократын зүүн жигүүрийнхний зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. Үүний улмаас 60-аад оны сүүлчээс социал-демократ хөдөлгөөний дотор өргөн шүүмжлэл явагдаж онол, улс төрийн үйл ажиллагааны 2-р үе эхэлжээ. Зүүний төлөөлөгчид нийгмийг бүхэлд нь чанарын илүү түвшинд хүргэж, капитализмын хүрээнээс халин гаргах, шинэчлэлийн зорилго нь социализмын чиг баримжаатай байх нь чухал гэж үзжээ. Онолын энэ эрэл хайгуул янз бүрийн намын программд тусгалаа олсон байна.
Социaл-демократ улс төрийн номлолын өөрчлөлтийн 3-р үе 80-аад оны хоёрдугаар хагасаас эхлээд эдүгээ үргэлжилж байна гэж үзэж болно. Энэ чиглэлд 1989 онд Стокгольм хотноо хуралдсан томоохон Соц интерний ээлжит их хурал чухал үүрэг гүйцэтгэжээ. Их хурлын баримт бичгээс үзэхэд Социал-демократ хөдөлгөөний уламжлалт үнэт зүйлсийг хүндэтгэхийн зэрэгцээ, олон улсын харилцаа, нийгмийн дэвшлийн олон асуудлаар номлолоо нэлээд хянан үзэх болсон нь харагддаг.
Социал-демократ хөдөлгөөний үзэл суртал, улс төрийн номлол бол “Ардчилсан социализм” юм. Ардчилсан социализм-ыг нийгмийг өөрчлөх урт удаан хугацааны үйл явц, эдүгээ болон ирээдүйн нийгмийн нөхцөлд явуулах үйл ажиллагааны зарчим хэмээн үздэг байна. Ардчилсан социализмын тухай тогтсон нэг ойлголт байдаггүй, мөн түүнд хүрэх тодорхой цаг хугацаа ч тогтоодоггүй. Ардчилсан социалист нийгмийг нэг оронд байгуулж болохгүй, энэ нь хүн төрөлхтний соёл иргэншлийн шинэ үе шат юм гэдгийг социал-демократууд байнга онцолно. Эдүгээ нийгмийг шинэ төлөв байдалд хүргэх нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийн тасралтгүй үргэлжлэх үйл явц юм гэж ардчилсан социализмын үзэл санааг ойлгодог байна.
Ардчилсан социализм яаж бүрдэх вэ?
( Соц интерний гол баримт бичгүүдээс үзэхэд)
Үе шат :
– Улс төрийн ардчиллыг хэрэгжүүлэх,
– Эдийн засгийн ардчиллыг бий болгох,
– Сайн сайхан амьжиргааны улс байгуулах,
– Социал ардчиллыг тогтоох явдал юм.
Эдгээр ойлголтын агуулга, үзэл санааг авч үзье.
Улс төрийн ардчилал
Үүнд юуны өмнө олон намын системтэй байх, сөрөг үйл ажиллагаа явуулах эрх чөлөөг хангах, засгийн эрхэнд байгаа намууд халагдаж солигдох боломж зэргийг багтааж ойлгодог. Дарангуйллын аливаа хэлбэр, нэг намын засаглал улс төрийн ардчилалтай үл нийцнэ гэж үздэг.
Үүнээс гадна хүний эрх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөний бие даасан байдал, эрх зүйт төрийн тухай ойлголт улс төрийн арчдиллын бүрэлдэхүүн хэсэг хэмээн үздэг нь агуулгын хувьд улс төрийн бусад ойлголттой ойролцоо юм.
Эдийн засгийн ардчилал
Үүнд, орчин үеийн өрнөдөд тогтсон аж ахуйн бүхий л механизмыг ардчилах, ардчилсан зарчмуудыг нэвтрүүлэхийг ойлгодог юм. Энэхүү баримтлалыг Э. Бернштейн, 20-иод оны үед К. Реннер, Ф. Нафтали нар боловсруулж иржээ.
Эдийн засгийн ардчилал нь макро болон микро түвшинг хамрах ёстой. Микро түвшинд, хувийн болон улсын үйлдвэрийг удирдахад хөдөлмөрчдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг зорилтууд юм. Энэ бүгд нь “социал түншлэлийн” зарчимд тулгуурласан нийгмийн тухай ойлголтыг гаргаж ирсэн билээ.
Эдийн засгийн ардчиллыг функционал үүднээс авч үзвэл аж ахуйн үйл ажиллагааны ихэнх хүрээнд үйлдвэрлэлийн зөвлөлүүдийн тавих хяналтыг бий болгох ёстой гэж үзнэ. Хөдөлмөрчин хүнийг эдийн засгийн хүрээнд шийдвэр гаргахад оролцуулдаг болсоноор эдийн засгийн ардчилал нь зах зээлийн аж ахуйн нэгэн альтернатив болно гэж дүгнэдэг байна.
Сайн сайхан амьжиргааны улс
Энэ ойлголтоор орчин үеийн нийгмийн социал институтын цогцыг илэрхийлнэ. Энд, төрөөс эдийн засгийн хүрээ, нийгмийн бодлого, ангиудын харилцааг зохицуулж, амьжиргаа, хүн амын давхаргын нийгмийн болон материаллаг хангамжийг дээшлүүлэх тухай яригддаг байна. Төрийн үйл ажиллагаа юуны түрүүнд нийгмийн социал хүрээнд хамаатай гэж үздэг. (Үүнд: нийгмийн хангамж, баталгаа, орон сууц, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр хамгаалал, соёлын бодлого зэрэг орно) Эдийн засгийн хүрээнд төрийн зүгээс оролцох явдлыг зарим талаар багасгах боломжтой гэж үзэх боловч нийгмийн үндсэн асуудлыг шийдвэрлэхэд төрийн оролцоог чухлаар үздэг байна.
Социал ардчилал
Үүнийг ардчилсан социализмын синоним гэж ихэвчлэн ойлгодог. Нийгмийн бүх хүрээг ардчилсан байх энэ үе шат нь нийгмийн өөрчлөлтийн дээд шат юм гэж үздэг. Уг баримтлалын төвд бие хүний үндсэн эрх, эрх чөлөөг эргэлт буцалтгүй хангасан байх тухай асуудлыг тавьдаг байна. Үүгээрээ, тухайлбал консерватив үзлээс ялгагдана гэж социал-демократууд үздэг.
Эцэст нь тэмдэглэхэд, Социал-демократууд капиталист нийгмийг ардчилсан социализм болгон хувьсгах үндсэн арга нь реформ, шинэчлэл юм гэж үздэг. Нийгмийг өөрчлөх чухам энэ хэлбэр, аргыг түүхийн үүднээс тууштай баримталж, олон талаас боловсруулж ирсэнээрээ Социал-демократууд улс төрийн бусад чигэлүүдийн реформыг үзэх үзлээс ялгагдана.
Фашизм
Үзэл суртал дотроос өөрийн агуулга, үзэл санааны хувьд хэт туйлын байр суурь эзлэх фашизмын түүхэн ба философийн уг үндэс нь ХХ зууны эхэн үе буюу дэлхийн I дайны үед бүрэлджээ. Дайны уршгаар тухайн үеийн капиталист улс оронд үүссэн хямрал, үгүйрэл либерал ардчилалд нэлээд бэрхшээл учруулжээ. Энэ байдал болон үүний улмаас үүссэн зөрчил нь фашист үзэл санааг газар авахад түлхэц болсон гэж үздэг. 1920-1930-аад оны тэр бэрхшээлтэй үед олон түмний өмнө тулгамдсан асуудлыг шийдэх ямар нэгэн шийдвэр. Улс төрийн бодлогыг ардчилал гаргаж чадаагүй нь олон түмэн фашист үзэл санаанд автагдахад нөлөөлжээ.
Дэлхийн I дайны дараах үед эдийн засгийн тогтворгүй байдал өсөж, ажилгүйдэл, мөнгөний ханш уналт нэмэгдсэнээр хувь хүний аюулгүй байдал улам хурц болж ирэв. Иргэд төрийн зүгээс их зүйл хүлээж байсан боловч олигтой шийдвэр гаргаж чадахгүй, эцэс төсгөлгүй маргаан, үр ашиг муутай парламентын хуралдаан олон түмнийг залхаажээ. Эцэстээ энэ нь ардчиллын нэр хүндэд цохилт болж, ардчиллын замаар бүрэлдсэн төр засагтаа итгэх итгэл олон түмний дотор илт буурахад хүргэсэн юм.
Ийм нөхцөлд бүх юмыг амлаж ажилгүйдэл, өлсгөлөн зэрэг хүний бүхий л хэрэгцээг нэг мөр шийднэ гэж хуурмаглаж гарсан хэн нэгэнд олон түмэн бүрэн итгэхэд бэлэн байжээ. Дайн, үгүйрэл хоосрол, үндэсний доромжлол, ялагдал хүлээсэн улс орны хүн амын сэтгэл санааны уналтын үед үнэт зүйлс үгүй болж зөв бурууг ялгахаа больдог байна. Ингэснээр эцсийн үнэнийг би л мэднэ, би л бүх юмыг хийж чадна гэх амлаж буй хүнийг сохороор дагасныг ойлгож болох юм. Гагцхүү түүхэнд гаргасан энэ алдааны төлөө хүн төрөлхтөн хичнээн их үнэ төлсөнийг л хэзээ ч мартаж болохгүй болов уу.
Ийм учраас, фашизмыг судлах гол хоёр шалтгаан өнөөдөр хэвээр байгаа юм.
- Түүхэнд болсон энэхүү эмгэнэлт алдааг ирээдүйд дахин давтахгүй байхын тулд фашизмыг бүх талаас нь таньж мэдэж байх.
- Алсдаа улам төгөлдөржүүлэх үүднээс ардчилсан нийгмийн талаарх ойлгоц мэдлэгээ цаашид дээшлүүлэх явдал юм.
Фашизм нь аль нэгийгээ үгүйсгэсэн олон янзын үзэл санааны нийлмэл байдаг боловч, уг үзэл суртлын ямар нэгэн хэлбэрийг тогтоох нэлээд хүчтэй үзэл түүний дотор бий. Фашист системүүд аль нэг шинжээрээ нэг нэгнээсээ ялгагдана. Түүхнээ байсан Нацист Герман, Муссолинигийн Итали улсаас гадна фашист улс гэж хэд хэдэн орныг нэмж нэрлэж болох юм. 1930-1940 оны Япон, Франциско Франкогийн Испани, Антонио Салазарын Грек улс, Иди Амины Уганд, Маркосын Филлипин, Уругвай, Гватемал, Сальвадор, Пиночетийн Чили зэрэг улсуудыг энд дурдаж болно. Фашист өөрсдийгөө фашист гэж ил тод нэрлэхээс татгалздаг байсан. Үүний улмаас болон угаас фашизмын үзэл санаа нэлээд бүдэг байдаг учраас дээрх улс орныг фашист гэх шууд томъёолоход бас хэцүү. Нөгөө талаас Өмнөд Африкийн БНУ, Өмнөд Солонгос, Филлипин зэрэг улсад наяад оны үед ч фашист хандлага ямар нэгэн хэмжээгээр илэрч байсан гэдэг нь тодорхой юм.
Энэ бүгдээс үзэхэд угаас фашизм, түүний номлол, гол зарчим нь юу вэ гэдгийг ердийн ухамсрын түвшинд байдаг ойлголтоос илүү өргөн хүрээнд авч үзэх шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн түүхэнд илэрсэн тэр хэрцгий хэлбэрийнх нь хувьд биш уг номлолын агуулгыг судалж ойлгох нь өнөөдөр чухал болж байна. Фашист системийг бүхэлд нь нэгтгэдэг гурван гол түгээмэл шинж нь :
– Иррационализм (хүний оюунд итгэхгүй байх)
– Тоталитар (бүх нийтийн хяналт шүүлт)
– Үндсэрхэг милитарист үзэл юм.
ИРРАЦИОНАЛИЗМ
Фашизм бол реакционер (харгис) үзэл суртал юм. Тэрээр өрнөдийн соёл иргэншлийн тулгуур үзэл санааг үгүйсгэж, Реннесансын (сэргэн мандлын) өмнөх үеийн үнэт зүйлсийг сэргээх явдлыг гол болгодог байна. Өрнөдийн соёл иргэншил нь хүн бол өөрийн оюун ухаанаа өөрсдийн амьдралыг сайжруулахад чиглүүлж чадна гэсэн үзэлд тулгуурлан гарч ирсэн. Ийм ч учраас оюун ухаан бол хүнийг бусад амьтнаас ялгах үндсэн гол шинж гэж үзсэн билээ. Рационализмыг ингэж ойлгосны үр дагавар болж шинжлэх ухаан, технологи хөгжин, хүний амьдралд эерэгээр нөлөөлж эхэлсэн юм. Шинжлэх ухааны аргаар ертөнцийн нууцыг тайлах, бодит амьдралыг ухаж мэдэх, ингэснээр бодит үнэн гэж юу вэ гэдгийг ойлгох бололцоотой болжээ.
Фашизм бол бодит шинжлэх ухаан, оюун ухаан хоёрыг үгүйсгэдэг. Амьдрал бол маш нарийн бөгөөд тааж мэдэхэд маш хүнд учраас түүнийг жирийн хүмүүс ойлгож чадахгүй гэж фашистууд үзнэ. Бодит үнэн гэдэг бол хуурамч зүйл, учир нь амьдрал бол хоорондоо ямар нэгэн логик холбоо хэлхээгүй, цэгцтэй бус үзэгдлээс бүрдэнэ. Иймд оюун ухаанаар энэ бүгдийг тайлж мэднэ гэдэгт итгэдэг хүмүүс төөрөгдөж байгаа бөгөөд хуурамч үзэгдэлд хөтлөгддөг гэж тэд үздэг байна.
Үнэн гэдэг нь цэвэр субъектив ойлголт юм. Нөгөө талаас үнэн гэдгийг өөрийн ямар нэгэн онцгой чанараараа олон түмнээс дээгүүр байдаг “авъяас” бүхий хүмүүсийн ойлгож мэдэх л зүйл. Эдгээр хүмүүс өөрийн “зөн билгээрээ” зөв замыг тогтоож чадна, харин ийм авъяас заяагдаагүй бусад олонхи нь тэдгээрийг сонсож, тогтоогдсон дэглэмд захирагдах ёстой гэж үзнэ. Эдгээр авъяас бүхий хүмүүс бас тэр болгон өөрсдийн мэдлэгээрээ үнэнийг тогтоож чаддаггүй. Үнэнийг тогтоох явдал эцсийн дүндээ инстинкттэй л холбоотой.
Иррационализмыг өөрийн хөдөлгөөндөө нэвтрүүлэхдээ тухайлбал, Муссолини бол Жоржес Сорелийн (1847-1922) үзэл бодолд тулгуурласан юм. Сорел нь үлгэр домог бол улс төрийн маш их нөлөөлөл үзүүлж чадах хэрэгсэл болдог гэсэн онолыг дэвшүүлсэн юм. Үлгэр домгийн үзэл санааг баталж эсвэл үгүйсгэж болдоггүй. Үлгэр домог нь олон түмнийг нэгтгэж, хөдөлгөж чадах бөгөөд хувь хүмүүсийг хамтран ажиллах зорилгод итгэх итгэл өгсөнөөр нэгэн бүхэллэг үүсгэдэг байна. Үлгэр домгийг ашиглаж улс төрийн том амжилтанд хүрсэн хүмүүс бол Муссолини, Гитлер хоёр юм. Үлгэр домог нь олон түмнийг үйл ажиллагаа явуулах чиглэл рүү дайчлан залах зорилготой юм. Иррационализмыг гол болгосоноор үйл ажиллагааны зорилго чухал ач холбогдолгүй болно гэж Муссолини тунхаглаж байжээ. Тэмцэл бол олон түмнийг дайчлах үлгэр домогтой адил чухал зүйл юм. Тэмцлийн утга агуулга нь зорилгоос бус үйл ажиллагаанаас урган гарна. Муссолинигийн гол уриа бол “МЭДЭР, БҮҮ СЭТГЭ” хэмээх утгатай байжээ.
ТОТАЛИТАР ҮЗЭЛ
Тоталитар төрийг бий болгосон хүмүүсийн нэг нь гарцаагүй Муссолини юм. Тэрээр төр, тэр дотроо төрийн удирдагч нь хүмүүсийн амьдралыг бүрэн хянаж чадна гэдэгт итгэж байжээ. Ингэснээр Сталин, Гитлер, Маогийн нэгэн адил төрийн засаглалыг хүчтэй болгож жирийн иргэний хувийн амьдралын дийлэнх хэсэгт түүнийг шургуулах оролдлого хийсэн юм. Төрийн тухай ойлголтыг бүрдүүлэхдээ Муссолини Гегелийн онолд тулгуурласан юм. Гегель бол идеалист философч бөгөөд тэрээр түүх бол бурхны төлөвлөгөөний биелэл гэж үзэж байсан юм. Бурхны төлөвлөгөөний биелэлийн нэгэн үе төртэй холбоотой юм. Ийм учраас олон түмэн төрдөө захирагдаж түүнийг шүтэж байх учиртай.
Гэхдээ Гегель тоталитар төрийн санааг дэвшүүлж байгаагүй. Муссолини Гегелийн философоос өөртөө хэрэгтэй гэсэн хэсгийг л сугалж авсан. Католик голдуу шашинтай нийгэмд төрийн үүслийг Бурхантай холбох нь Муссолинид ашигтай байж. Иймээс ч төр бол “Хүслийн дээд хүсэл” гэсэн санааг гол уриа болгон, хувь хүн төрд хамаарч байж л амьдралаа дээшлүүлж чадна гэж сурталчилж байсан юм. “Бүх зүйл төрийн төлөө төрийн эсрэг юу ч байдаггүй, төрөөс гадна юу ч оршдоггүй” гэж Муссолини тунхаглажээ. Үзэл суртлыг ашиглан төрийн тухай дээрх ойлголтоор “олон түмнийг хүлцэнгүй болгох, төр, түүний удирдагчийн хэлсэн үг эцсийн үнэнийг тогтоодог” гэсэн үзлийг дэлгэрүүлснээр тоталитар системийг бүрэлдүүлэх нөхцөл бий болсон байна.
Муссолинигийн дээд зорилго нь нарийн дэв зэрэг, шаталсан зохион байгуулалт бүхий нийгэм байгуулах явдал байсан юм. Хүн бүр ногдсон байртай, хийх ажилтай, гүйцэтгэх үүрэгтэй. Аль ч нийгэмд төрийг удирдаж чадах цөөн тооны хүмүүс байдаг. Тэд л нийгмээ жолоодохоос биш олон түмнийг оролцуулах нь утга учиргүй. Иймд аливаа нийгэм “сонгомол элитээр” жолоодуулж байх ёстой. Тухайн удирдагчийн бусад олноос ялгагдаж үр ашигтай удирдлага явуулах чанар бол төр улсынхаа хүсэл эрмэлзлийг мэдрэх зөн билгийн мэдрэмж юм гэжээ. Ингэснээр удирдагч гэдэг бол өөрөө төр, төр бол удирдагч юм. Иймд хүн ам түүний тушаалыг үг дуугүй биелүүлэхээс өөр замгүй. Иймэрхүү байдлаар төрийн хяналт шүүлтийг хүчтэй болгохын зэрэгцээ төрийн эрх мэдлийг хязгааргүй өргөжүүлж тоталитар үзлийг хэрэгжүүлж байсан юм.
ҮНДСЭРХЭГ МИЛИТАРИСТ ҮЗЭЛ
Улс төрийн аливаа онол нийгмийн тодорхой нэг хэсэгт анхаарлаа илүү төвлөрүүлдэг. Ардчилсан онол хувь хүнийг онцолдог бол марксизм ангийн тэмцлийг, национал-социализм нь расизмыг анхаарлын төвд тавьдаг. Харин үндсэрхэг үзлийг фашистуудаас илүү онцлон үздэг номлол байхгүй юм. Фашист номлолоор бол аливаа нийгэм нэг нэгнээсээ дээр гарах гэсэн эрмэлзэлтэй хувь хүмүүсээс бүтсэн учраас нийгэм бол оройдоо өөрийн хувийн хүчтэй шинжээрээ тодорсон хувь хүн бүхий пирамид юм. Үүнтэй адил үндэстнүүд өөр өөрийн хүсэл сонирхлоороо ялгагдна. Үүгээрээ тэд тэгш биш юм. Аль нэг дээд шинжийн үндэстэн нь бусдаас дээгүүр байх учиртай. Энэ утгаараа фашист төрийн дээд зорилго империализмтай холбоотой юм. (Империализм гэдэг нь нэг үндэстэн бусдыг өөрсдийн эрхшээлд оруулах үзэл санааг илэрхийлнэ.)
Фашизмын империалист үзлийн гол хэрэгсэл нь милитаризм байсан юм. Дэлхий ертөнц бол угаасаа дайсагналцсан бүлэглэлүүдийн өрсөлдөөний илрэл болдог гэж үзэж нийгэм дотор хувь хүмүүс хоорондоо тэмцдэгтэй адил үндэстнүүд бас хоорондоо байнга тэмцдэг. Ийм учраас милитаризм бол аль ч төрийн мөн чанартай холбоотой бөгөөд дайнд байнгын бэлэн байдалтай байна гэдэг нь фашист төрийн үйл ажиллагааны томоохон чиглэл болж байжээ. Фашист үзэл сурталд дайн бол нийгмийн үндсэн зорилгын нэг нь гэж томьёологддог. Дайн бол амьдралыг бүтээх гол хүчин зүйлс. Нэг дээд үндэстэн бусдыг өөрийн эрхшээлд бүрэн оруулсан тохиолдолд л дайн дуусч болно. Энх тайван гэдэг бол тэмцэж буй үндэстнүүдийн хоорондын зөвхөн оршил эсвэл завсарлага юм гэж фашист номлол үздэг байна.
Дээр өгүүлэгдсэн үзэл санаа бол фашист номлолын агуулга, мөн чанарыг илэрхийлсэн үндсэн ойлголтууд юм. Орчин үеийн нөхцөлд эдгээр үзэл санаа тоталитар дэглэм бүхий аль нэг улс оронд бүрэн утгаараа биш боловч илэрсээр байгааг бид анхаарч байх ёстой билээ.
Хянасан: Б. АРИУНБАЯР