П. Очирбат
/Монгол Улсын Ерөнхийлөгч/
Шинэ толь №4, 1994
Түлхүүр үг: сонгуулийн тогтолцоо, улс төрийн хүчнүүд, сонгуулийн хууль, пропорционал, мажоритор, хөгжлийн төвшин, ерөнхийлөгч
Та бүгд өнөөдөр, маргааш хоёр өдөр <<Монгол дахь сонгуулийн тогтолцооо, хууль хэрэгжилт>> гэсэн сэдвээр санал бодлоо солилцож намуудын үзэл бодол, дүгнэлт, зарим улс төр судлаачдын хийсэн дүн шинжилгээ, гадаадын зарим хүмүүсийн судалгаа дүгнэлтүүдтэй танилцах болно. Ерөнхийлөгчийн санаачилгаар хийж буй уг Бага хурлын зорилго нь аливаа ардчиллын төрийг байгуулах гол түлхүүр болсон сонгууль, сонгуулийн тогтолцоо, хуулийн асуудлаар манай нийгэмд байгаа улс төрийн хүчнүүдийн үзэл баримтлалыг аль болох ойртуулах, тэдний харилцан итгэлцлийг бий болгож бэхжүүлэх, олон түмний ухамсартай сонголт хийж ардчиллыг улам баталгаатай болгоход тус дөхөм үзүүлэхэд оршиж байгаа юм.
Монгол улс 1990 оноос ардчиллын замд ороод дөрөвхөн жил болж байна.Энэхүү богино хугацаанд гурван ч удаа чөлөөт ардчилсан сонгууль боллоо. 1990 онд АИХ-ын сонгуультай хамт намын нэрсийн Улсын Бага Хурлыг бүрэлдүүлж байнгын ажиллагаатай парламентыг анх байгуулсан. 1992 онд Сонгуулийн шинэ хууль баталж олон мандаттай тойргуудад намуудаас нэр дэвшигчдийн төлөө сөнөл хурааж Улсын Их Хурлыг байгуулсан хийгээд 1993 онд бүх нийтээр анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль явагдсаныг та бүгд сайн санаж байгаа. Сонгууль тус бүр өөр өөрийн гэсэн сонгуулийн тогтолцоо, хуулиар явагдсан билээ. Сонгууль, түүний үр дүнг улс төрийн хүчнүүд янз бүрээр үзэж тайлбарлах нь олонтаа. Нэн ялангуяа, 1992 онд болсон Улсын Их Хурлын сонгуулийн дүнгийн талаар маргаан нэлээд байдаг. Гэвч анх удаагаа улс төрийн хүчний төлөөлөгчид, улс төр судлаачид өнгөрсөн сонгуулиудыг задлан шинжилж, сонгуулийн тогтолцоо, хуулийн асуудлаар нүүр тулан ярилцах гэж байна. Тэр тусмаа Улсын Их Хуралд суудал бүхий МАХН, МҮАН, МСДН энэ оны дөрөвдүгээр сард улс төрийн зөвшилцөлд хүрч түүнийг нь УИХ-аар хэлэлцэн Улсын Их Хурлын сонгуулийн хуулийг шинэчлэн боловсруулж, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх улс төрийн шийдвэр гаргасан бөгөөд үүнийхээ дагуу намуудыг оролцуулсан УИХ-ын ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй үед энэхүү Бага хурал болж байгаа нь чухал ач холбогдолтой юм.
Тус Бага хурал нь сонгуулийн тогтолцоо, хуулийн үзэл баримтлал, байр сууринд олон түмний эрх ашгийн үүднээс зайлшгүй бодолцох зүйлүүдийг тодруулж өгөх болов уу гэж бодож байна. Ардчилсан сонгууль бол эцсийн эцэст намуудын оршин тогтнохын төлөө тэмцэл биш ард түмэндээ илүү үйлчлэхийн төлөө өрсөлдөөн гэдгийг мартаж болохгүй юм. Улсын Их Хурлын сонгуулийн хуулийг шинэчлэн боловсруулах шаардлага байгаа эсэх талаар улс төрийн намуудад саналын зөрүү байхгүй.Шинэчлэн боловсруулах шаардлагатай болохыг УИХ-д суудал бүхий намууд улс төрийн зөвшилцлөөрөө, УИХ гаргасан шийдвэрээрээ илэрхийлсэн. Асуудлын гол нь сонгуулийн ямар тогтолцоо манай үндэсний эрх ашигт нийцэх вэ? Гэдэгт байгаа юм. Зарчмын хувьд сонгуулийн тогтолцооны мажоритар буюу олонхийг төлөөлөх пропорционал буюу хувь тэнцүүлэн сонгох гэсэн үндсэн хувилбарыг ялган намууд маргалддаг. Аль аль нь эерэг, сөрөг талуудтай гэдэг нь ойлгомжтой. 1990, 1992 оны парламентын сонгууль үндсэндээ сонгуулийн тогтолцооны пропорционал болон мажоритар хувилбарыг аль алиныг нь Монголд туршаад үзчихсэн юм болов уу гэж бодохоор байгаа юм. Сонгуулийн мажоритар, пропорционал тогтолцооны эерэг, сөрөг талууд болон тэдгээрийн үндэслэл нь зөвхөн Монголд маргааны бай болж байгаа юм биш ээ. Энэ асуудлаар ардчилсан бүх улс оронд маргасаар байгаа. Ийм ч учраас тус Бага хурлыг хэд хэдэн улсын сонирхогч талуудтай хамтарч хийж байгаа нь практикийн ач холбогдолтой юм.
Сонгуулийн тогтолцоо аливаа улс орны хөгжлийн төвшин, үндэсний онцлог, бусад хүчин зүйлээс шалтгаалан өөр өөр байх боловч иргэд нь саналаа өгч төрийнхөө бодлогыг бүрэлдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж чадахуйц хэмжээнд байхын хамт парламентын доторх хүчний харьцаа, хариуцлага харьцангуй тэнцвэртэй байх баталгаатай нөхцлийг бүрэлдүүлэх явдал монголын ардчиллын хөгжилд нэн чухал байна. Сонгуулийн хууль чухамхүү үүнд чиглэгдсэн байх ёстой.
Тус Бага хуралд хүрэлцэн ирсэн гадаадын болон манай улс төрийн намуудын төлөөлөгчид, урилгаар оролцож байгаа байгууллага, хувь хүмүүс, эрдэмтэн судлаачид бүтээлч маргаан орнүүлж Бага хурлын ажилд идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна.
Хянасан: Б. АРИУНБАЯР