Д. Баттөмөр
/Математикч, Философич, Философийн ухааны дэд доктор, дэд проффессор, МУҮИС-ийн Философийн тэнхэмийн багш/
Шинэ толь №3, 1994
Түлхүүр үг : эпистемологи, сингуляр бодомж, фальсификаци, синтетик бодомж, конъюнкц, Хатуу универсал бодомж, Тоон универсал бодомж, верификаци, экзистенциал бодомж, Аксиомын систем
Гурав дахь ертөнцийн оршин суугчдын дотор “онол” их өндөр нэр хүндтэй” гэдгийг бид өмнө ажигласан билээ. Үнэхээр шинжлэх ухааны арга зүйн тухай Попперийн үзэл гол ойлголт нь онол, түүний логик-эпистемологийн бүтцийн тухай ойлголт юм. Ийм учраас тэрээр онолын тухай ямар сургаал дэвшүүлснийг авч үзье.
Шинжлэх ухааны онолыг универсал (түгээмэл) бодомжуудаас бүрэлдэн тогтсон гэж үзжээ. Ийм бодомжуудтай эрэгцүүлэн сингуляр бодомж хэмээх ойлголтыг авч үзжээ.
Бидний ертөнц гэж нэрлэдэг тэр зүйлийг ухамсарлах, тайлбарлах, эзэмшихэд зориулагдсан тор гэсэн онолыг К.Поппер тодорхойлсон. Энэхүү торны сүлжээсийн зай хайрцгуудыг аль болох бага хэмжээтэй хийхийг эрмэлзэх ёстой гэж нэмж тэмдэглэсэн байна.
Ямар нэг үзэгдлийн шалтгаант чанарьг тайлбарлах гэдэг нь нөхцөл болгон авч байгаа универсал хуулиуд мөн анхны нөхцөл гэж нэрлэгдэж байгаа сингуляр бодомжуудын системээс уг үзэгдлийг тайлбарлаж илэрхийлсэн бодомжийг дедукцийн аргаар гаргана гэсэн үг гэжээ. Жишээ нь, Ямар нэгэн утас тасрах шалтгааныг бид өгсөн гэж үзвэл энэ утасны бөх батын хязгаар нь нэг нэгж, уг утсанд хоёр нэгж жинтэй ачаа дүүжиллээ гэдгийг бид мэдэх ёстой. Энэ шалтгаант холбоог тогтоохдоо бид түүний бүрэлдэхүүн хэсгийг ухамсартай болон ухамсаргүй замаар мэдэж байгаа юм.
Тухайлбал, аливаа утас бол бөх батынх нь хязгаараас давсан хүчинд тасрах ёстой гэсэн таамаглал энд зайлшгүй оролцож байна. Энэ таамаглал бол байгалийн, универсал хуулийн шинжтэй илэрхийлэгдэж байдаг. Өөрөөр хэлбэл ерөнхий бодомжоор илэрхийлэгдэж байгаа юм. Мөн тухайн утасны “бөх батын хязгаар нь 1 нэгж”, “энэ утсанд дүүжилсэн ачаа 2 нэгж жинтэй гэсэн сингуляр бодомжууд бол тухайн энэ тодорхой үзэгдлийн хувьд нэмж хэрэглэгдэж байгаа юм. Эдгээр нь тухайн зүйлд хамаарч байгаа учраас сингуляр дүгнэлт болж байгаа юм. Бидний ярьдгаар бол хэсгийн дүгнэлт болж байгаа юм. К.Поппер дээрх маягийн жишээн дээр анализ
хийх үндсэн дээр бүрэн гүйцэд тайлбарт дараах хоёр төрлийн бодомж зайлшгүй оролцоно гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Үүнд:
- Универсал бодомж буюу байгалийн хуулийн хэм хэмжээг илэрхийлсэн таамаглал
- Тухайн тодорхой үзэгдэлд хамаарах сингуляр бодомж. Үүнийг К.Поппер анхдагч нөхцөлүүд гэж нэрлэсэн. Универсал нөхцөлийг анхдагч нөхцөлүүдтэй холбосон конъюнкцээс “энэ тухайн утас” тасрана гэсэн тодорхой сингуляр дүгнэлтийг К.Поппер өвөрмөц буюу сингуляр урьдчилан хэлэхүй гэж нэрлэсэн байна. Анхдагч нөхцөлүүд бол тухайн өгөгдсөн нөхцөлийн шалтгаанд хамаарч байна. Урьдчилан хэлэхүй нь мөрдөлгөөнд хамаарч байна гэж үзжээ. Ийнхүү К.Поппер Шалтгаан, Үр дагавар гэсэн ойлголтуудыг дээрх утгаар тодорхойлсон байна.
К.Попперийн эдгээр үзлийг онолын тухай түүний дүгнэлттэй харьцуулан үзвэл онол нь универсал болон сингуляр хэллэгүүдээр хийгдсэн эпистемологийн чухал хэрэгцээтэй нэгэн төрлийн тор юм байна гэж үзэж болно. Энэ торны дотроос хатуу универсал ба тоон универсал хэсгүүдийг нь ялгаж авч үзэх нь фальсификацийн зарчмыг тодорхойлоход шийдвэрлэх ач холбогдолтой гэж К.Поппер үзэж байгаа юм. Ийм учраас бид эдгээр ойлголтыг К.Попперийн тайлбарласны дагуу тодорхой авч үзье.
Универсал синтетик бодомжуудыг К.Поппер хоёр төрөлд хувааж үзсэн. Үүнд: Нэгдүгээрт, Хатуу универсал бодомж буюу нарийн чанд универсал бодомж Хоёрдугаарт, Тоон унивеварсал бодомж
К.Поппер энэ хоёр төрлийн ялгааг гаргаж хатуу универсал бодомжийг, өмнө ярьсан, универсал бодомж буюу байгалийн хууль, онолуудтай харин тухайн тодорхой үзэгдэлд хамаарах сингуляр бодомж нь тоон универсал бодомжтой үндсэндээ адил юм гэсэн. Үүнийгээ дараах хоёр жишээн дээр харьцуулж авч үзсэн байна.
- Бүх төрлийн гармоник осцилляторын хувьд тэдний энерги нь тодорхой түвшингээс хэзээ ч буудаггүй
- Одоо дэлхий дээр аньдарч байгаа бүх хүмүүсийн өндөр нь зарим тодорхой хэмжээнээс давж гарахгүй
Формал логикт бол зөвхөн дедукцийн онолыг гол болгодог учраас энэ хоёр бодомж нь хоёулаа универсал бодомжид ордог. Харин К.Поппер энэ хоёр бодомжийн ялгааг онцлон авч үзсэн байна. I буюу (а) бодомж бол ямар ч тохиолдолд ямар ч цаг хугацаанд ямагт үнэн байхыг тогтоож байдаг. II (б) бодомж нь орон зай, цаг хугацааны төгсгөлөг хүрээнд, нэгж ба тусгаар элементүүдийн тодорхой хязгаар дотор үнэн байна. Энэхүү (б) бодомжийг зарчмын хувьд сингуляр бодомжийн конъюнкцээр сольж болно гэж үзсэн. Энэ тохиолдолд бид тоон универсап бодомжийг илэрхийлж байна. Тэгвэп (а) бодомжийг төгсгөлөг тооны сингуляр бодомжийн конъюнкцээр сольж болохгүй. Өөрөөр хэлбэл. хатуу универсал бодомж нь конъюнкцэд ордоггүй гэж К.Поппер үзсэн. Эндээс К.Поппер байгалийн хуулийг илэрхийлсэн ямар ч синтетик универсал бодомж бол төгсгөлөг тооны сингуляр хэлбэртэй гэсэн зарчмыг буруу үзсэн байна. Хэрэв ингэж ойлгох юм бол универсал болон сингуляр бодомжуудын ялгаа арилж индукцийн асуудал шийдэгдэхэд хүрнэ. Яагаад гэвэл ийм үзлийн үүднээс тоон универсал бодомжид сингуляр бодомжоос шилжих явдал бүрэн чөлөөтэй байх ёстой. Гэтэл индукцийн асуудал одоо хүртэл шийдэгдээгүй. Ийм учраас синтетик универсал бодомжуудыг төгсгөлөг ширхэг сингуляр бодомжуудын конъюнкци хэлбэртэй тавигдана гэдэг эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, байгалийн хуулийг эмпирик шалгуурын замаар верификацид оруулах нь биелэгдэхгүй зорилт юм гэж үзсэн.
Шинжлэх ухааны хуулиуд нь хатуу болон тоон универсал бодомж мөн эсэхийг зөвхөн формал логикийн хэрэгслээр шийдвэрлэж болохгүй. Энэ нь зөвхөн хэлцлээр, конвенцийн үндсэн дээр шийдвэрлэгддэг асуудлын нэг мөн гэж К.Поппер онцлон тэмдэглэсэн байна. Энэ тохиолдолд тэрээр байгалийн хуулиудыг синтетик ба хатуу универсал бодомж гэж үзэхийг үр ашигтай хашир явдал гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, синтетик хатуу универсал бодомж нь верификацид орохгүй. Ингэж үзсэнээрээ К.Поппер верификаци бол үнэний универсал шалгуур болно гэдгийг няцааж байна.
Мөн цааш нь К. Поппер универсал ба сингуляр бодомжуудын ялгааг тодруулан авч үзсэн байна.
Универсал ба сингуляр бодомжуудын хоорондын ялгаа нь универсал ба индивидуал ойлголтуудтай салшгүй холбоотой. Үүнийг дараах жишээгээр авч үзье.
Дарангуйлан захирагч”, “гариг”, H2O эдгээр нь универсал ойлголт буюу нэрүүд, “Наполеон”, “дэлхий”, “Атлантын далай” эдгээр нь сингуляр ойлголт ба индивидуал нэр юм. Энэ жишээ нь индивидуал ойлголт, нэр нь тухайн юмны өөрийнх нь жинхэнэ нэр байх буюу тусгаар нэрээр тодорхойлогддог болохыг, универсал ойлголт ба нэр нь уг тусгаар нэрийг хэрэглэхгүйгээр тодорхойлогддог болохыг харуулж байна.
Универсал ба индивидуал ойлголтуудын ялгааг гаргаж тавих нь тулгуур ач холбогдолтой. Аливаа салбарын шинжлэх ухааны судалгаа нь шинжлэх ухааны универсал буюу ерөнхий таамаглалаас хэсгийн тохиолдол, өөрөөр хэлбэл, сингуляр таамаглалуудад дэс дарааллын явдалд тулгуурладаг бөгөөд тухайн сингуляр дүгнэлт бүр индивидуал ойлголтонд шилждэг.
Шинжлэх ухааны сингуляр боломжинд хэрэглэгддэг индивидуал нэрүүд нь ямагт орон зай, цаг хугацааны координат байдлаар илэрдэг.Энэ нь орон зай, цаг хугацааны координатын хэрэглээ нь үргэлж индивидуал нэр рүү хандах хандлагыг агуулдаг болохыг харуулдаг.
Зарим тодорхойгүй ерөнхий илэрхийлэлүүд нь тухайлбал, “Энэ юм”, “тэнд байгаа юм” гэх мэт ойлголт нь оноосон нэрийн байдлаар хэрэглэгддэг. Иймд яг тусгаар, оноосон нэр биш ойлголтууд нь оноосон нэрийн байдлаар хэрэглэгдэж болдог. Мөн универсал ойлголтуудыг заримдаа тусгаар зүйлүүдэд авч хэрэглэдэг. Индивидуал ойлголтууд нь зөвхөн элементийн тухай ойлголт байдаг төдийгүй мөн анги, хэсэг, бүлгийн тухай ойлголтыг багтаадаг. Жишээлбэл, миний нохой “люкс” бол венийн нохой ангийн элемент буюу индивидуал ойлголт. Мөн сүүн тэжээлтний анги буюу универсал ойпголт. Харин венийн нохой нь юуны өмнө австрийн нохойн ангийн доторхи бүлэг төдийгүй сүүн тэжээлтний бүлэг болдог. Энэ бүхнээс К.Поппер индивидуал ойлголт гэдэг бол заавал оноосон нэр буюу түүнтэй тэнцүү хэлбэрээр илэрдэг ойлголт юм.Харин ут нэрийг нь орхивол тухайн ойлголт универсал ойлголт болно гэж үзсэн. Иймд универсал ба индивидуал нэрүүдийн ялгаа нь анги, бүлэг ба элементийн хоорондын ялгаагаар тодорхойлогдож байна. Түүнчлэн универсал ба индивидуал нэрүүд нь зарим анги, бүлгийн төдийгүй тухайн ба өөрийн ангийн элементүүд байж болдогийг анхаарах хэрэгтэй.
К.Поппер индивидуал нэрийг агуулаагүй бодомжийг универсал бодомж гэж тодорхойлох явдал нь хангалттай биш гэж үзээд тэдгээрийи ялгааг нарийвчлан авч үзсэн. Хэрвээ “хэрээ’ гэдэг үгийг универсал нэрийн байдлаар хэрэглэх юм бол “бүх хэрээ хар” гэдэг бодомж нь хатуу универсал бодомж болно. Тэгвэл зарим хэрээ бол хар байдаг,
ихэнх хэрээ хар байдаг,ихэнхи хэрээ хар байдаг ,хар хэрээнүүд байдаг гэх мэт бодомжуудыг универсал бодомж гэж тооцохгүй байхад хүрнэ. Иймд универсал нэрийг өөртөө багтаадаг, индивидуал нэргүй тийм бодомжуудыг хатуу ба цэвэр универсал бодомжууд гэж нэрлэсэн. Үүнээс хатуу универсал бодомж нь их чухал байдаг гэж үзсэн байна.
Хар хэрээнүүд оршиж байдаг гэсэн энэ бодомжийг хар хэрээ ядаж нэг байгаа гэдэг бодомжтой адилхан гэж болно. Иймэрхүү хэлбэрийн бодомжийг тэр хатуу буюу цэвэр экзистенциал бодомж гэж нэрлэсэн өөрөөр хэлбэл оршихуйн тухай бодомж юм.
Хатуу универсал бодомжийн няцаалт нь ямагт хатуу экзистенциал боломжтой байдаг. Жишээлбэл. “бүх хэрээ хар” гэдэг бол худал, энэ нь хар биш хэрээ байдаг’ гэсэн бодомжтой адил утгатай.
Байгаль шинжлэлийн онолууд, түүний дотор байгалийн хуулиуд гэж бидний нэрлэдэг хуулиуд нь логик хэлбэрээрээ хатуу экзистенциал универсал бодомжийн шинжтэй байдаг. Ийм учраас тэдгээр хуулиуд нь хатуу бодомжийн үгүйсгэл хэлбэртэй байдаг. Жишээлбэл, энерги хадгалагдах хуулийг мөнхийн хөдөлгүүр оршин байдаггүй гэсэн хэлбэрээр илэрхийлж болно.
Хатуу экзистенцал бодомжууд нь фальсификацид ордоггүй мөн нэг ч сингуляр бодомж нь экзистенциал бодомжид зөрчилгүи байж чаддаггүй. Жишээ нь, цагаан хэрээ оршин байдаг гэсэн сингуляр бодомж нь экзистенциал бодомжид зөрчилдөж байна. Харим универсал бодомж нь экзистенциал бодомжид зөрчилдөхгүй.
Хатуу буюу цэвэр универсал экзистенциал бодомжууд нь орон зай, цаг хугацааны хязгаарлалгүй байдаг. Тэдгээр нь орон зай цаг хугацааны хүрээнд оршин байдаггүй. Ийм учраас хатуу универсал боломжууд нь фельсификацид ордоггүи. Бид бүх ертөнцийн тогтоц бүтэц гэдэг юу ч оршин байдаггүй, хэзээ ч оршин байгаагүй бөгөөд оршин байх ч ёсгүй гэж судалж болдоггүй. Тиймээс ч хатуу универсал бодомжууд нь верификацид ордоггүй.
К. Поппер цааш нь онолын систем гэдэг ойлголтыг авч үзсэн байна.
Шинжлэх ухааны онолууд нь байнга өөрчлөгдөж байдаг. Эмпирик шинжлэх ухаануудын хувьд энэ нь энгийн, зүй зохистой зайлшгүй үзэгдэл, ч ухамхүү энэ баримт шинжлэх ухаан зарим тусгаар салаа мөчир нь хэсэг хугацаанд онолын өндөр хөгжил боловсронгуй логик системийн хэлбэрийг хадгалдаг дүрмийг харуулсан байж болох юм. Энэхүү системий их нарийи шалгалтанд оруулахад зарим үед бүрэн тодорхойлогдсон ямар нэгэн шинэ зүйл гаднаас нэмж оруулах бололцоогүй болтлоо төгс хэлбэрийг олсон байдаг. Өөрөөр хэлбэл, систем нь ямар нэгэн зүйл уг системийг шинэчлэх гэж байгаа, түүнийг өөрчлөх гэж байгаа зүйл мөн үү биш үү гэдгийг тогтоох хүртлээ боловсрогдсон байх ёстой.
Чухамхүү үүнд л эрдэмтдийн шинжлэх ухааны нарийн чанд системийг байгуулах гэсэн эрмэлзлэлийн шалтгаан оршдог гэсэн. Ийм систем бол аксиомчлогдсон систем гэж К.Поппер нэрлэсэн байна. Энэхүү системийн үндсийг тавихад зайлшгүй хэрэгтэй аксиомуудыг К.Поппер логик ба математик хувиргалтын тусламжтайгаар гаргаж авч болно гэж үзэн доор дөрвөн үндсэн шаардлагыг хангах олон тооны (аксиом- бодомжоос бүрдсэн онолын системийг аксиомчлогдсон систем гэж нэрлэж болно.
- Аксиомын систем нь зөрчилгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл тэнд аксиомуудын хооронд ба аксиом өөрөө зөрчилгүй байх ёстой. Энэ нь аливаа зохиомол бодомжууд энэхүү системд орохгүй байх шаардлагатай тэнцүү юм.
- Тухайн системийн аксиомууд нь бие даасан шинжтэй байх ёстой бөгөөд бусад аксиомоос гарсан аксиомыг агуулахгүй байх ёстой..
Дээрх хоёр шаардлага нь аксиомынхоо системд хамаарна.
- Аксиомчлогдсон онол хамаарах бүх боломжийг дедукцлэхэд хангалттай байх ёстой.
- Систем нь зайлшгүй байх ёстой. Энэ нь илүүц хэрэггүй таамаглалыг агуулахгүй байх шаардлагатай тэнцүү.
Дээрх маягаар аксиомчлогдсон онолд системийм янз бүрийн хэсгүүдийн харилцаа хамаарлыг судалж болно гэж К.Поппер үзсэн. Жишээлбэл, аксиомын тодорхой олонлогоос онолын зарим хэсэг гарч болох үгүйг судалж болно. Ийм төрлийн судалгаа нь фальсификацийн асуудалд чухал ач холбогдолтой. Эдгээр судалгаа логик гаргалгааны бодомжийн фальсификаци нь ялгаад заримдаа бүх системийг биш зөвхөн фальсификацичлагдсан хэсгүүдийг хөнддөг вэ? гэсэн асуултанд тодорхой хариулт өгдөг.
К.Поппер аксиомын системийг дараахь байдлаар авч үзсэн. Аксиомын дурыэ системийг тайлбарлах хоёр төрлийн тайлбарыг зөв гэж тэрээр үзжээ. Үүнд:
- Аксиомуудыг конвенц (тохиролцол хэлцэл) гэж үздэг.
- Аксиомын системийг эмпирик бүюу шинжлэх ухааны таамаглал гэж үздэг.
Аксиомуудыг конвенц гэж үзэх юм бол оруулж буй аксиомуудын (тулгуур санааны) утга ба хэрэглээний хүрээг хязгаарладаг гэж үзсэн бөгөөд тэрээр хоёрдахь тайлбарыг илүү онцлон авч үзжээ.
Аксиомын системийн эмпирик буюу шинжлэх ухааны таамаглал гэж яагаад үздэг вэ? гэсэн асуудлыг К.Поппер авч үзсэн. Энэ асуултын ерөнхий хариулт нь аксиомын системийн анхдагч ойлголтуудыг (нэр томъёог) бүрэн тодорхой биш гэж үздэг. Жишээ нь, шулуун ба цэг гэсэн ойлголт нь геометрийн аксиомын систем бүрт тохиолдох бөгөөд түүнийг “гэрлийн туяа”, “гэрлийн туяаны хугарал” гэх мэтээр тайлбарладаг. Энэ тохиолдолд аксиомын системийн боломж нь эмпирик объектын тухай бодомж ба синтетек бодомж болдог. Өнгөц харахад энэ нь хангалттай мэт санагдаж болно. Гэхдээ энэ нь эмпирик суурийн асуудалтай холбоотойгоор бэрхшээлтэй тулгардаг. Ойлголтыг туршлагын үүднээс яаж тодорхойлох нь огт тодорхойгүй байгаа юм. Тодорхой эмпирик утга нь ойлголтоор илрэхдээ бодит ертөнцийн зарим объектуудтай харьцсаны үр дүнд хэрэгждэг. Энэ үед ойлголт нь эдгээр объектын дүр, тэмдэг байдлаар хэрэглэгддэг. Гэхдээ ингэж бодит объектыг тодорхойлохдоо зөвхөн индивидуал нэр буюу ойлголтоор тэмдэглэж болно. Гэтэл аксиоматик системийн ойлголтууд нь эмпирик шинж тэмдгүүдийн тусламжтайгаар тодорхойлогдох бололцоогүй тийм уневирсал нэрүүд байх ёстой. Хэрэв тэдгээр ойлголтыг бүхэлд нь тодорхойлж болно гэж үзэх юм бол бусад универсал нэрийи тусламжтайгаар хийгдэх болно. Нөгөө тохиолдолд тэдгээр нь тодорхойлогдохгүй үлддэг. Ийм маягаар зарим универсал нэр нь тодорхойлогдохгүй үлдэж, бэрхшээл учруулдаг. Энэхүү тодорхойлогдоогүй ойлголтууд нь эмпирик биш утга агуулгаар хэрэглэгдэх ёстой. Өөрөөр хэлбэл илэрхий тодорхойлогдоогүй ойлголт байдлаар хэрэглэгдэх ёстой. Ойлголтыг ингэж хэрэглэх явдал нь тухайн системийн эмпирик шинжийг зайлшгүй эвддэг. Энэ бэрхшээлийг гагцхүү зарим арга зүйн шийдлийн тусламжтайгаар даван туулах хэрэгтэй гэж үзсэн байна. Тухайлбал, тодорхойлогдохгүй ойлголтуудыг хэрэглэхгүй байх гэсэн дүрмийг гаргасан (Энэ асуудал нь түүний методологийн дүрмүүдтэй холбоотой яригдана)
Зарим аксиоматик системийн анхдагч ойлголтууд, тухайлбал, геометрийн ойлголтууд өөр шинжлэх ухааны аксиомуудаар (жишээ нь, физикийн) тайлбарлагддаг. Энэ нь шинжлэх ухааны нэг системийн төдийгүй бусад системийн бодомжуудад дедукци хийж болдог шинэ ба илүү ерөнхий системийн тусламжтайгаар тайлбарладагддаг. Энэ тохиолдолд шинэ системийн тулгуур ойлголт нь хуучин системд анх хэрэглэгдэж байсан ойлголтуудын тусламжтайгаар тайлбарлагдаж болно.
К.Поппер онолын системийн хүрээнд бодомжуудыг универсалийн янз бүрийн түвшинд хувааж үзсэн байна. Универсалийн дээд түвшингийн эмпирик бодомжууд нь тэдгээрээс гарсан арай доод түвшингийн бодомжуудаас харьцангуй таамаглалт шинжтэй байдаг. Тэдгээрийг энэхүү доод түвшингийн универсал бодомжуудын фальсификацичлах замаар фальсификацид оруулдаг. Гэхдээ аливаа таамаглалт дедуктив системд доод түвшингийн универсал бодомжууд нь хатуу универсал бодомжийн шинжтэй байж болдог. Ийм маягаар, тэдгээрийн таамаглалт шинжтэй болохыг арай дээд түвшингийн универсал бодомжид анализ хийх үедээ тооцдоггүй байна.
Түүнчлэн зарим сингуляр бодомж бол таамаглалт шинжтэй байдаг гэж үзсэн. Учир нь, онолын системийн тусламжтайгаар тэдгээрээс мөрдлөгөөг гаргаж болдог. Ийнхүү эдгээр мөрдлөгөөний фальсификаци нь сингуляр бодомжуудыг фальсификацид оруулж чаддаг гэж К.Поппер үзжээ.
Ийнхүү К.Поппер шинжлэх ухааны онол, түүний бүтцэд дээрх зүйлийг хамруулан үзжээ. Дараа нь К.Поппер фальсификацийн зарчмаа тодорхойлох алхамд шилжиж байна.
Хянасан: Б. БАТ-ОРГИЛ