Ц. Уртнасан
/Социологич, Дэд доктор, ШУА-ийн Социологийн секторын эрхлэгч/
Шинэ толь №5, 1994
Түлхүүр үг : нийтийн санаа бодол, нийгмийн зөрчил , нийгмийн анги , нийгэм , зөрчил тэмцэл , социологи , марксист онол , орчин нөхцөл
УТБА-ийн хамт олонд баяр хүргэе.
Ер нь манай орны нийгмийн амьдралд олон чухал асуудал хуримтлагдаж байгаагаас хамгийн суудлууштай, нэн түрүүнд анхаарвал зохих асуудлууд бол нийгмийн бүлэг, ялгавлын тухай асуудал байгаа юм. Энэ асуудлын талаар харьцангуйгаар бага анхаарч зөвхөн улс төрийн утга агуулгаар нь энэ асуудалд хандаж бэрхшээлийг даван туулахад энэ төрлийн судалгаа зайлшгүй ач холбогдолтой. Ер нь нийгэм гэдэг бол хүмүүсийн эмх замбраагүй нийлбэр төдий зүйл биш, нийгмийн гишүүд тодорхой бүлэг, хэсэг, ангид зайлшгүй хуваагддаг зүй тогтолтой. Зарим улс төрчид нийгэм ямар ч ангигүй, тэдний хооронд ямар ч зөрчил тэмцэл байхгүй, эрх ашгийн зөрөлдөөн байхгүй гэдэг. Улс төрийн судалгаанд ч, нийгмийн бүтцийн социологийн судалгаанд ингэж үзэж байсан. Харин нийгмийн зөрчил тэмцэл байхгүй, эрх ашгийн зөрөлдөөн байхгүй гэдэг. Улс төрийн судалгаанд ч, нийгмийн бүтцийн социологийн судалгаанд ингэж үзэж байсан. Харин нийгмийн зөрчил тэмцэл, улс төрийн зөрчилдөөн нь зөвхөн нийгмийн бүлгийн янз бүрийн ялгарлаас болоод байгааг гаргаж ирж, шинжлэх ухааны үндэстэй тавих нь нийгэм судлаачид, улс төрчдийн гол үүрэг байх ёстой. Энэ утгаараа монголын нийгмийн донсолгооны 2-3 жилийн хугацаанд нийгмийн анги, бүлэгт гарсан өөрчлөлтийг задлан шинжлэх арга зүйн асуултыг тогтоох нь чухал байна. Арга зүйд бид хуучин марксист онолыг баримталж байгаа арга зүйг шууд авахын бэрхшээл, энэ хоёрын хоорондын зөрчлийг оновчтойгоор шийдэх нь хамгийн зохижтой гэж санагдана. Ер нь нийгмийн анги, бүлгийн тухай асуудал бол философийн утгаараа ч тэр, түүхийн утгаараа ч тэр зайлшгүй байсан тийм зүй тогтол. Гэхдээ хамгийн систэмтэйгээр шинжлэх ухааны үүднээс нийгмийн анги бүлэгт анализ хийсэн судалгаа бол Марксын онол юм шиг санагддаг. Ингэж ч үздэг. Тэгэхдээ 2+1 гэсэн энэ хэлбэрээр нийгмийн анги бүтцийг авах нь утгагүй хэрэг. Марксын нийгмийн бүтцын онолоос одоогоор нийгмийн практикаар батлагдаагүй хоёр зүйл байх шиг байна. Энэ нь:
- Нийгмийн анги бүлгүүд материаллаг үйлдвэрлэл хөгжих тутам хоёр тийшээгээ туйлширч, ядуу,баян гэсэн хоёр анги бий болно, дундаж анги бий болохгүй гэсэн Марксын онолын гол үндэслэгээ байгаа. Аажимдаа энэ хоёрын хооронд улс төрийн тэмцэл гарна энэ нь нийгмийн практикаар батлагдсангүй, харин үүний эсрэг, өөрөөр хэлбэл, нийгэм хөгжих тусмаа хоёр тийшээгээ туйлшрахгүй, харин дундаж ангиуд бий болж нийгмийн зөвшилдөөн бүрэлдэн тогтох ийм онцлогтойг харуулж байгаа юм.
- Нийгмийн анги бүлгийг эдийн засгийн гол үндэс – өмчтэй холбон тайлбарласан. Нийгмийн ганцхан өмчөөр, өөрөөр хэлбэл социалист өмчөөр шинэ сайхан нийгмийг байгуулах тухай асуудал. Үүнтэй холбогдуулан өмчийн хэлбэр бүртэй ангиудыг, хэсэг бүлгүүдийг уяж холбож өгсөн энэ асуудал бол дэлхий нийтийн туршилгаар батлагдаагүй юм. Түүнээс биш нийгмийн анги бүлгүүд зайлшгүй эдийн засгийн сууртай, нийгмийн үйлдлэлтэй холбоотой гэдэг нь төдийлөн буруу биш юм. Өрнөдийн социологчид ч энэ үүднээс ханддаг. Ийм чухал нөхцөлд нийгмийн судалгаанд энэ хоёр арга зүйн алийг нь сонгож авах вэ гэдэг асуудал зөвхөн шинжлэх ухааны ач холбогдолтой. Харамсалтай нь ийм судалгаа шинжилгээг хийдэг байгууллага байсангүй. Энэ чухал асуудалд УТБА идэвх, санаачилга гаргаж нийгмийн бүтцийн судалгаа эхэлсэнд нь баяр хүргэмээр байна. Нийгмийн аливаа нэгэн тодорхой асуудлыг авч үзэхэд зайлшгүй анги бүлгийн асуудлыг авч үзэхгүй бол болохгүй гэж Лениний хэлсэн нь оргүй биш санагддаг. Энэ боломж байхгүй нөхцөлд манай хүрээлэнгээс 1990 оноос эхлэн юуны өмнө олон түмний сэтгэл зүй ямар байгаа, нийгмийн бүрэлдэн бий болсон орчин нөхцөлд хэр дасаж байгаа, нэгэнт бий болсон нөхцөл байдалд дасах нь зайлшгүй юм. Энэ байдлыг ямарваа нэгэн хэлбэрээр судлах үүднээс бид нар цуврал судалгаа явуулж байсан. Энэ маань улам багассаар байгаад 1994 онд явуулах боломжгүй байтал ХБНГУ-ын Конрад Аденаузрын сангийн ивээл дор өнөөдөр судалгаа явууллаа. Энэ судалгаандаа бид юуны өмнө дээр дурьдсан гол асуудлын талаар тодорхой асуудлууд оруулж тавьсныг би та бүхэнд товчхон танилцуулахыг бодож байна. Нийгмийн анги бүлгүүд бүрэлдэн бий болсон орчин нөхцөл байдалд хэр зэрэг дасаж байгаа асуудал бидний зорьж байгаа нийгмийн үндэс, хөрс юу байна вэ? гэдгийг харуулах ач холбогдолтой юм. Энэ утгаар нь бид нийгмийн хөгжилд итгэсэн, хувийнхаа амьдралд итгэсэн байдал гэсэн хоёр гол үзүүлэлтээр нийгмийн бүлэг тус бүрээр харуулахыг оролдсон юм. Одоо нэгэнт хэвшин тогтсон амьдралын хэв маяг, үзэл бодол, итгэл үнэмшил эвдэгдэн сарниад ирэхлээр нийгмийн гишүүд эмх замбраагүй байдалд ордог. Энэ байдлыг тодорхой судалгаагаар харуулна гэдэг бол тэр нийгмийн үндэс суурь ямар түвшинд, хэр мэднэ гэсэн үг юм. Манай судалгаа 1990 оноос явсан, эхний үед эргэлзсэн байдал харьцангуйгаар бага байсан ба одоо өндөржих хандлага гарч байна. Хэлэлцэн буй асуудалтай холбогдуулаад нийгмийн бүлэг болгоноор нь тодорхой жишээн дээр яръя. Бидний судалгаа бол яг энэ нийгмийн бүтцийг тодорхойлоход чиглэгдээгүй учраас тэр болгон манай орны нийгмийн бүлэг, анги давхаргаа болгоныг нарийвчлан гаргах бололцоо байсангүй. Бид тодорхой үзүүлэлтээр үзэж байна.
Нэгэнт хэвшиж тогтсон байдлаар нь(нийгмийн том бүлэг утгаар нь) биеийн хөдөлмөр эрхэлдэг ажилчид , Монгол орны онцлог байдалд тохирсон мачлдын хүрээнд, мөн оюуны хөдөлмөр эрхлэгчдийн хүрээнд ийм байдлаар судалгаа хийсэн. Үүний өмнө монголын нийгмийн бүтэц маань угаасаа маргиналь шинжтэй байсан. Маргиналь гэдэг маань монголын анги бүлэг нэг тодорхой бүлгийн шинжийг тусгаж авч чадаагүй, олон ангийн шинжийг саармагжуулан агуулсан шинжтэй гэсэн үг юм. Монголын нийгмийн хөгжлийн туршид ийм байсан. Ялангуяа, сүүлийн 70-аад жилийн турш ажилчин ангийг бий болголоо гээд байсан чинь уг анги маань ажилчин ангийн сонгодог шинжийг саармагжуулан агуулсан шинжтэй гэсэн үг юм. Монголын нийгмийн хөгжлийн туршид ийм байсан. Ялангуяа , сүүлийн 70-аад жилийн турш ажилчин ангийг бий болголоо гээд байсан чинь уг анги маань ажилчин ангийнг бий болголоо гээд байсан чинь уг анги маань ажилчин ангийн сонгодог шинжийг агуулж чадаагүй, маргиналь шинжтэй байжээ. 1990 оноос энэ маргиналь шинж нь улам давамгайлах янзтай байна. Яагаад гэвэл, нийгмийн анги бүлгүүд нь зайлшгүй нийгмийн эдийн засгийн үндэстэй холбоотой байдаг. Хөдөлмөрийн хуваарь өөрөө зарим нь сарнин бутарсан, нийгмийн эдийн засгийн үндэс нь төлөвшлөө олоогүй, хуучин нь буцаж шинэ нь дөнгөж үүсч байгаа үед ийм шинж байхаас өөр аргагүй юм.
Монголын нийгмийн малчин анги нь Монгол улс бий болсон цагаасаа хамгийн тогтвортой анги байсан. Одоо бол малчид маань үндсэндээ хувийн аж ахуйтан, компанийн малчид гэсэн 2 хэлбэрт хуваагдсан. Хэдийгээр ийм хэлбэрийн төдий нэр байлаа ч гэсэн чанарын ялгаа энд алга. Яагаад гэвэл нийгмийн баялагаас хүртдэг хэмжээний цалин орлого алга. Бидний судалгаагаар Монголын нийгмийн үндэс суурь болсон малчдын маань 27,8% нь нийгмийн ирээдүйд итгэсэн итгэлтэй байгаа. Энэ нь 1990 оноос ахиж байна. 5 хүн тутмын нэг нь эргэлзсэн байдалтай. Мөн төдий чинээ хувь нь улс орны амьдрал улам доройтож байна гэж зовиносон шинжтэй , 7 орчим хувь нь үндсэндээ бүр гутарсан шинжтэй. (Улс орон маань ерөөсөө аюулын ирмэгт тулж ирсэн байна гэж үзэж байна.) Нийгмийн бусад бүлгийнхээс эхний үзүүлэлтүүд нь харьцангуйгаар доогуур, өөрөөр хэлбэл судалгааны дундаж үзүүлэлтээс 7 орчим пунктээр доогуур байна. Судалгааны үзүүлэлт гэдэг нь : улс орны амьдралд итгэх итгэлийг 3 хүн тутмын нэг нь илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл, Монгол улс бол хөгжлийн зөв замд орлоо, харин бэрхшээл саад байна гэсэн үг. Нөгөө хоёр сөрөг хариулт нь бол нийгмийн бусад бүлгээс өндөр байна. Энэ нь малчдын амьдрал харьцангуйгаар амьжиргааны арга хэлбэр бага хөндөгдсөнийг харуулж байна гэсэн үг юм. Гэтэл малчид маань яагаад ийм байдалд хүрвээ. Энэ бас нэг сонирхолтой асуудал юм. Төр тогтвортой байх ёстой гэсэн малчдын сэтгэл зүйн уламжлалтай холбоотой болов уу гэж бодож байна. Сонирхолтой нь хувийн амьдрал идэвхжил нь малчдын хувьд нийгмийн бусад бүлгээс харьцангуй өндөр. Өөрөөр хэлбэл, миний амьдрал улам сайжраад байна, эсвэл миний амьдрал болоод байна гэсэн бодол юм. Үүнийг малчин хүний сэтгэл, малын буян хоёртой л холбож тайлбарлахгүй бол болохгүй юм. Нийгмийн хөгжилд итгэх итгэл, хувийн амьдралд итгэх итгэл хоёрт ялгаа байна.
Удаах үндсэн анги бол ажилчид юм. Нийгэм үйлдвэрлэл явуулж байгаа үед орчин үеийн үйлдвэртэй холбоотой ажилчид байх нь гарцаагүй. Тодорхой хэлбэрээр Монгол оронд ажилчин анги бүрэлдэн бий болсон. Өөрөөр хэлбэл, нийгмийн шинэ үйлдвэрлэл технологиор зөвхөн мал аж ахуйн төдийгүй улс орны олон салбарын үйлдвэрлэл бий болсон. Одоогийн нөхцөл байдалд нэгэнт нийгмийн суурьт гарсан өөрчлөлтөөс болоод нийгмийн үйлдвэрлэлтэй уягдсан хүмүүс маань сарнин бутарч байна. Гэхдээ энд улсын үйлдвэрийн ажилчид гэнэ үү, бүрэн бус хариуцлагатай компанийн ажилчин гэнэ үү ялгаагүй эд нарын ерөнхий тэр хөдөлмөрийн үйл ажиллагаанд нь чанарын өөрчлөлт гарч чадаагүй. Хөдөлмөр зохион байгуулалт юм уу , хөдөлмөрийн хуваарь өмчлөлийн хэлбэрт өөрчлөлт гарсан. Тэгэхээр нэгэнт ийм хэлбэрүүд гарч ирлээ ч гэсэн үйл ажиллагааны хувьд ажилчин ангид ноцтой өөрчлөлт гарч чадаагүй. Харин амьдралын хэв маяг, итгэл үнэмшил , үзэл бодолд нь өөрчлөлт гарч байгаа юм. Нийгмийн ирээдүйд итгэх итгэлийн тухай асуудалд ажилчид оюуны хөдөлмөр эрхлэгчдээс харьцангуй доогуур , малчдаас өндөр байгаа. Харин ажилчдын хувьд сонирхол татаж байгаа нэг зүйл бол өөрчлөлт хөгжилтийн энэ нөхцөл байдалд миний амьдрал улам сайжирна гэсэн ойлголт нийгмийн бусад бүлгээс бараг 20-иод шахам пунктээр өндөр байна. Энэ маань юу харуулж байна гэвэл , хэдийгээр нийгмийн үйлдвэрлэлийг зохион байгуулах хэлбэр сарниж бутарсан ч гэсэн тэр үйлдвэрлэл эрхэлдэг байсан хүмүүс маань энэ зах зээлтэй ямарваа нэгэн хэлбэрээр холбогдож чадаж байна. Энд нэг онцлог зүйлийг тэмдэглэн хэлэхгүй бол болохгүй. Нийгмийн янз бүрийн бүлэг, гишүүд, хэний ч хувьд үйлдэвэрээс гадна үйлдвэрлэлийн бус хүрээгээр ялангуяа , худалдаа гүйлгээний хэлбэрээр амьдралаа тэтгэхээс өөр аргагүй байдалд хүргэж байгаа тийм нийгмийн орчин бүрэлдэн тогтсоныг анхааралгүй орхиж болохгүй. Магадгүй тэр орчин нөхцөлд ажилчид маань илүү дассан учраас дээрх хариулт өгсөн байж болно. Энэ бол онцлог юм. Хүссэн хүсээгүй нийгмийн бүх гишүүд маань эрхэлж байгаа ажлаасаа гадна худалдаа гүйлгээнээс орлог олохоос арга байхгүй.
Үзэл суртал ч тэгж явагдаж байгаа, нийгмийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа ч тэгж явагдаж байгаа . Энэ нь нийгмийн анги бүлгүүдийн ерөнхий онцлог шинжүүдийг бүрхэгдүүлж байгаа тал байж болзошгүй.
Оюуны хөдөлмөр эрхлэгчид нийгмийн хөгжил дэвшлийг ямагт хамгийн түрүүнд соргогоор хүлээж авдаг.
Оюуны хөдөлмөр эрхлэгчдийн 35% нь улс орны амьдралд итгэлтэй байна. Ихэнх нь биш шүү. Мөн төдий чинээ нь эргэлзсэн байдалтай байна. Хамгийн сөрөг хариулт буюу амьдрал доройтно , эгзэгтэй байдалд байна, хувийн амьдралын хувьд би амьдарч чадахгүй гэсэн нь бусад бүлгийнхээс харьцангуй өндөр байна.
Гуравдах гол үзүүлэлт болох орлогыг бид сонирхож үзсэн. Нийгмийн анги бүлэг гарцаагүй эдийн засгийн үндэстэй холбоотой. Малчид орлогын хувьд хамгийн хүнд байдалтай байна. Өөрөөр хэлбэл, бид нар орлогыг хэмжиж үзэхдээ мөнгө төгрөгөөр хэмжиж төдийлөн үзсэнгүй. Өөрөөр хэлбэл, амьдралд нь хүрэлцэж байгаа эсэх тухай , мөнгө төгрөгөөр байнга гачигдаж байна уу , үгүй юу гэдгийг үзсэн. Тэгэхэд малчин хүний хоёр хүн тутмын нэг нь үндсэндээ байнга мөнгө төгрөгөөр гачигдаж байна. Ажилчдын хувьд бол 5 ажилчин 1 5000 хүртэл төгрөгийн цалин авч байна. Ганбатын судалгаагаар судалгаанд хамрагдагсдын 50% нь манай Засгийн газрын тогтоосон амьжиргааны доод түвшнээс доогуур байна гэж байна. Бидний бодлоор бараг 70-80-аад хувь нь байгаа байх. Бидний энд явуулсан судалгаанаас үзэхэд хүн амын 3-4%-д мөнгө төгрөг хуримтлагдаж байна. Энэ маань үйлдвэрлэлийн хөгжил бага байх тутам, Марксын онолоор бол эхний шатанд нийгмийн ялгавар үнэхээр хоёр тийшээ туйлшрах нь зайлшгүй юм шиг байна лээ. Тэрийг харуулж байгаа юм. Үнэхээр хоёр тийшээгээ туйлширч байгаа юм. Тэгж байгаад нэгдэхээс өөр аргагүй. Нэгдэхийн тулд сална гэдэг шиг хоёр туйлшрал байх асуудал. Ажилчдын маань бараг 3 хүн тутмын нэг нь 5000-10000 төгрөгийн цалинтай, энэ чинь юу гэсэн үг вэ бодоод үздээ. Зарим пүүс , хоршооллынх нь 20-30 мянган төгрөг авдаг л гэдэг. Уг нь юм хийсний төлөө өгч байгаа орлого шүү дээ. Энэ асуудал сэхээтний хувьд сонин байна. Сэхээтнүүдийн 52% нь мөнгө төгрөгөөр гачигдах талдаа байдаг. Бараг малчидтай ижилхэн. Тэгэхээр энэ маань оюуны хөдөлмөрийн үнэлгээ тогтож чадаагүй гэсэн үг.
Ийм хэдэн бүлэг үзүүлэлтээр бид өнөөгийн, яг энэ цаг хугацааны нийгмийн бүлгийн байдлыг харуулах гэж оролдсон юм. Ийм төрх байдлыг харна гэдэг нь бидэнд нэг юм хэлээд байгаа юм. Ер нь нийгмийн бүтцийн социологийн судалгааг үндсэндээ хоёр чиглэлээр явуулдаг. Нэг нийгмийн том бүлгийн нийтлэг шинжийг гол болгодог юм. Нийтлэг шинжийнхээ хажуугаар тэд маш олон жижиг бүлгүүдэд хуваагддаг. Манай өнөөгийн нөхцөлд нийтлэг шинжийг нь харахаасаа илүү тэр дотроо маш олон жижиг хэсгүүдээс бүрэлддэг тэр бүлгүүдийг харах нь илүү их учир холбогдолтой болоод байгаа мэт санагдаж байгаа юм.
Хянасан: Б. Бат-Оргил /Ph.D/