Ц. Бадрах
/Улсын Статистикийн газар Нийгмийн статискийн хэлтсийн дарга/
Шинэ толь №8, 1995
Түлхүүр үг:
Монгол улсын хүн амын жилийн дундаж өсөлт 1979-1988 онд 2.6% байсан нь өмнөх арван жилийнхээсээ 0.2 пунктээр бага байв. Гэтэл энэ үзүүлэлт 1990-1994
онд 1.8% болж Дорнот Азийн орнуудын дунджаас 0.6 функтээр өндөр, Зүүн өмнөт Азийн орнуудын дундажтай ижил хэмжээтэй боллоо. Хүн амын өсөлтийн хурд саарах гол хүчин зүйл нь мэдээжээр төрөлт буурсан явдал. 1989 онд 73.6 мянган хүүхэд төрж байсан бол 1993 онд 47.8 мянга, 1994 онд урьдчилсан байдлаар 53.9 мянган хүүхэд төрж, төрөлтийн ерөнхий коэффициент 1990 онд 37.3 байснаа 1993 онд 21.6 болов. Манай улсад 1990 оны улс төр, нийгмийн эрс эргэлттэй зэрэгцэн гарч ирсэн хүн амын энэхүү өөрчлөлтийн учир шалтгааныг хүн ам зүйчид, энэ асуудлыг эрхэлдэг, сонирхдог хүмүүс янз бүрээр тайлбарлаж, зарим үед ч бүр улс төржүүлж, ихээхэн маргаантай байснаа нэг үеийг бодвол арай цэгцрэх тийшээ хандаж байгаа боловч нэг мөр ойлголттой болж бас чадаагүй байх шиг.
Эл асуудалд өөрийн санал болгож бодлыг тус сэтгүүлээр дамжуулан уншигч олон түмэнтэйгээ хуваалцахыг хичээв.
Юуны өмнө 1990 оны өөрчлөлт хүртэлх Монголын хүн амын төрөлтийн нэгэн түүхэн зурвас үеийн талаар товч дурьдвал яагаад хүн амын төрөлт огцом буурсны учир шалтгаан тодорхой болох биз.
Монгол улсын хүн амын төрөлтийн оргил үе 1960-аад онд тохиолдож (1960-1969 онд төрөлтийн ерөнхий коэффициент 39-43) байв. Төрөлтийн түвшин ийнхүү өндөрлөсөн нь улс орны эдийн засаг нийгмийн хөгжлийн олон хүчин зүйлтэй холбоотой байсан нь мэдээж. Дэлхийн 2-р дайн дуусч, энх амгалан амьдрал эхэлж, дэлхий нийтээр ялангуяа шинэ тулгар хөгжиж байгаа орнуудад хүн амын өсөлт бүр Тэсрэлт хэлбэртэй болж байсан үетэй манай хүн амын төрөлтийн оргил үе давхцаж байгаа нь тохиолдлын зүйл биш. Монгол улс ч гэсэн эдийн засаг, нийгмийн хөгжлийн тайван замд шилжин, хүн амын эрүүл мэндийг сайжруулах талаар дорвитой арга хэмжээнүүд, үүний дотор 1950-1960-аад онд бүх нийтийг арьс өнгө, сүрьегийн үзлэгт хамруулж, өвчтэй хүмүүсийг эмчлэн эдгэрүүлэх зэрэг арга хэмжээ авагдсан нь хүн амын төрөлт эрс нэмэгдэх гол хүчин зүйл болсон билээ. Гэхдээ манай улсын хүн амын төрөлтийн хэт өндөр түвшин 10 гаруйхан жил үргэлжилж, 1970-аад оны дунд үеэс харьцангуй өндөр түвшинд тогтворжиж, 1980-аад оны дунд үеэс буурах хандлага илт ажиглагдах болсон билээ. Үүний учир шалтгаан нь хүн амын ялангуяа эмэгтэйчүүдийн боловсролын түвшин эрс дээшилж нийгмийн үйлдвэрлэлд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх дутам төрөлтийн түвшин буурдаг нь олонхи улс орны нийтлэг хандлага билээ. Хүн амын 1989 оны тооллогоор 10-аас дээш настай мянган хүний 882 нь ямар нэг шатны боловсролтой байсны дотор эмэгтэйчүүд 862, тэдгээрийн 59 нь дээд, 96 нь тусгай мэргэжлийн дунд 154 нь бүрэн дунд боловсролтой байв. Бүр 1980-аад оны дунд үед нийт ажиллагчдын 50 орчим хувь нь эмэгтэйчүүд үүний дотор үйлчилгээ, боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагчдын 66-70% илүү хувь нь эмэгтэйчүүд эзэлж байлаа. Тэр үед гэр бүл ялангуяа залуучууд олон хүүхдэд дарагдах нь нийгмийн үйлдвэрлэлээс эмэгтэйчүүдийг удаан хугацаагаар хөндийрүүлэхийн зэрэгцээгээр тэд боловсрол мэдлэгээ дээшлүүлэх чөлөөт цөгийг хорогдуулж гэр орон үр хүүхэдтэй зууралдаж насны залууг өнгөрөөх сонирхол багасахын хамт өрхийн амьжиргааныи түвшинг нэмэгдүүлэх нөхцөл боломж хязгаарлагддаг гэдгийг ойлгож, аль болох цөөн хүүхэд төрүүлэх сонирхол давамгайлж байсан үе билээ. Чухам тэр үед олон түмний санаа бодлыг ухаалгаар тусган холбогдох арга хэмжээ авахгүй бол элдэв сөрөг үр дагавар тухайлбал хүний цахнар доройтож нууц үр хөндөлт ихэссэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд ноцтой хор урших тарих нь тодорхой болсон үе байв.
Энэ үед эмэгтэйчүүд эх болох асуудлаа өөрөө шийдэх үр хөндөлтийг чөлөөтэй болгосон нь хүн амын төрөлт цөөн жилийн дотор эрс буурахад нөлөөлсөн боловч гол нь биш. Хөрин үр хөндөлтийг чөлөөтэй болгохоос өмнө гэр бүл төлөвлөлтийг эрчимтэй явуулж жирэмслэхээс урьдчилан сэргийлэх арга хэрэгслэлийг чөлөөтэй нэвтэрүүлэхийн зэрэгцээгээр залуучуудад хүссэн цагтаа жирэмслэх арга ухаанд сургасан бол илүү үр дүнтэй байх байв. Ийм арга хэмжээг бүр 1980-аад оны дунд үеэс хэрэгжүүлсэн бол сүүлийн 5 жилд төрөлт их огцом буурч, хүн амын өсөлтөд нугаралт гарахгүй байсан. Гэтэл тэр үеийн нам, төрийн байгууллага ийм арга хэмжээ авахыг эрс эсэргүүцсэнээр байсан билээ. Хөдөлмөрчид ялангуяа залуучууд цөөн хүүхэд төрүүлэх сонирхол нөхцөл бүрэлдсэн тэр цаг үед монгол орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн нь төрөлт эрчимтэй буурах хүчин зүйл болсон байж магад. Учир юу вэ гэвэл дэлхийн хөгжсөн улс орнуудын хүн амын хөгжлийн түүхийг ажиглаваас зах зээлийн эдийн засгийн харилцаа эрчимтэй хөгжиж эхэлсэн тэр үеэс тухайн орны хүн амынх нь төрөлт эрс багассан байдаг билээ. Манайд зах зээлийн эдийн засгийн харилцаа дөнгөж эхлэнгүүт төрөлт багассан нь хүн амын боловсрол, ялангуяа эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн түвшин өндөр байсан нөхцөлд зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж энэ үед цөөн хүүхэдтэй байх нь илүү ашигтайг хөдөлмөрчид түргэн мэдэрсэн зэрэг хүчин зүйлүүд нөлөөлсөн болов уу.
Гэр бүл хэдий олон хүүхэд төрүүлэх нь төдий чинээ сайн жил тутам төрж байгаа хүүхдийн тоо нэмэгдсэнээр хүн амын өсөлт хурдасч хүүхэд залуучуудын ордон болсон нь социализмын нэг том ололт хэмээн тунхаглаж цөөн жилийн дотор олон хүн амтай болох нь цаашид эдийн засгийн хөгжлийг түргэтгэх гол хүчин зүйл гэж үзсээр ирсэн хуучны үзэлтэн одоо ч байсаар байгаагаар барахгүй өөрсдийн үзэл бодлыг улайран хамгаалж, Төр, засгийн бодлогод шургуулах, НҮБ-ийн хүн амын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа гэр бүл төлөвшилтийг үндэслэлгүйгээр хараан зүхэх тэр ч байтугай хүн амын сангийн шугамаар хэрэгжүүлж байгаа төслийн суурин төлөөлөгчдийг хэл амаар дайрч давшилах үзэгдэл Хүн судлалын үндэсний төвийн хүн ам зүйчид удаа дараа гаргаж тэдний үзэл бодлыг хэвлэл мэдээллээр өрөөсгөлөөр сурталчилж байгаа нь хөдөлмөрчдийг төөрөгдүүлсэн явдал төдийгүй хэтэрхий соёлгүй бөгөөд улс орны нэр хүндэд харш үзэгдэл юм.
Хүн амын өсөлтийн хурд нэмэгдэх тутам хүн амын насны бүтэц залуужин хөдөлмөрийн насны нэг хүнд ногдох тэжээвэр хүний тоо эрс өсөхийн хамт боловсрол эрүүл мэнд нийгмийн халамжын болон үйлчилгээний байгууллагын ажиллагчдын тоо, зардлыг жилээс жилд эрс нэмэгдүүлэх шаардлага нэмэгддэг. Манай улс хийж бүтээснээ тэр жилдээ эргүүлэн зарцуулж цаашиж өргөжин хөгжих чадваргүй, бусдын зээл тусламжинд дулдуйдах болсны учир шалтгааныг бүгдийг хүн амын хүчин зүйлтэй холбон үзэж яахан болох билээ. Гэхдээ улс орны эдийн засгийн хөгжилд хүн амын хүчин зүйлийн нөлөө нилээд байдаг гэдгийг үгүйсгэж болохгүй нь мэдээж.
Монгол орон социалист хөгжлийн замаар замнасан 70 жилд олсон ололт амжилт байвч, алдаж эндэж байсны нэг нь хүн амынхаа хөгжлийг цаг үетэй нь зөв зохицулан жолоодож чадаагүй гэж хэлбэл хэтрүүлэг болохгүй. Энэ нь цаанаа бас учир шалтгаантай. Байгалийн төрөл бүрийн баялаг ашигт малтмал арвинтай өргөн уудам нутагтай, нэг хүнд ногдох мал эдэлбэр газрынхаа хэмжээгээр дэлхийд тэргүүлэх байранд байдаг гэдэг нь гарцаагүй үнэн боловч, энэ байдалд дулдуйдаж хүн амынхаа тоог аль болох богино хугацаанд дахин дахинаар өсгөж наад зах нь 4 сая түүнээс олон болгох гэж улайран хөөцөлдөх хүн амын өсөлтийг эдийн засаг нийгмийн хүчин зүйлээс хэт тасархай авч үзэх нь хүний чанар хүн амын бүтэц амьжиргаанд сөрөг нөлөөлдгийг анхаарахгүй байж яахан болох билээ.
Хүн амынхаа тоогоор дэлхийд тэргүүлэх улс гүрнүүд эдийн засгийнхаа хөгжлөөр хэзээ ч тэргүүлж байгаагүй. Хүн амынх нь өсөлт хурдан, олон арваас олон зуун сая хүн амтай Ази, Африк, өмнөт Америкийн улс гүрнүүдийн хүн амын насны бүтэц зауужих дутам тэднийг хоол хүнс орон сууцаар хангах боловсрол олгох эрүүл мэндийг хамгаалахад хүндрэл бэрхшээл учирсаар байна. Тэдгээр орнууд цөмөөрөө газрын доор болон дээрээ баялаггүй, нэг хүн амд ногдох ма; амьтан баялаг хомс учраас хүндрэлтэй тулгарч байна уу гэвэл огт тийм биш билээ. Тэгэхээр эдийн засгийн хөгжил нь хүн амын тооноос бус харин байгаа баялгаа үр ашигтай ашиглах хөрөнгө мөнгө тэргүүний арга технологийг нэвтрүүлэх нэг үгээр хэлэхэд үйлдвэрлэх хүчээ хөгжүүлэх явдал юм. Үүнд хүн амын өсөлтийг багавтар түвшинд тогтвортой байлгаж улмаар бүх хүн амд хөдөлмөрийн чадвартай хүн амын эзлэх хувийн жинг өндөр тэжээвэр хүний эзлэх хувийн жинг бага байхаар удаан хугацааны бодлого хөтөлбөртэй байх явдал билээ. Ийм бодлого боловсруулах нь улсынхаа хүн амыг хороож цөөрүүлэх хорон муу санаа биш бөгөөд харин өсгөж олон болгох эд баялгаа зүй зохистой эдлэж хэрэглэн ард түмнийхээ хангалуун сайхан амьдрайийг цогцлон бүрдүүлэх гэсэн чин санаа гэдгийг ойлгож ядах юмгүй мэт санагдах юм.
Сүүлийн хэдэн жилд төрөлт буурсанд хий бухимдан монголчууд сөнөж мөхөх тийшээ хандаж байна хэмээн сүржигнэх ажил алба хашиж байгаа албан тушаалтныг өөлж муулахын оронд уужуу тайван хандан хүн амынхаа хөгжлийг яавал зүй зохистой жолоодох вэ? Гэдгийг ухаалаг эрүүл саруулаар сэтгэх нь энэ асуудалд анхаарал тавидаг хэн хүний бодох асуудал юм.
Монгол улсын хүн амын бодлогын үзэл баримтлалыг боловсруулж дуусч байна. Гэхдээ тэр үзэл баримтлалын сүүлчийн хувилбаруудаас үзэхэд хүн амын бодлогын асуудлыг “Хүн ам ба хөгжил”-ийн хүрээнд авч үзэж байгаа нь уул асуудлын хүрээг хэт өргөжүүлж байгаагийн хамт, түүнд дэлхий нийтээр олон арван жилийн турш анхаарч ирсэн цаашид ч удаан хугацаанд анхаарвал зохих гол гол багц асуудлыг Монголын ойрын ирээдүйн нөхцөл боломжыг харгалзахгүйгээр чихэж оруулах, хүн амын тодорхой бүлгийн нийгмийн асуудалд хэт анхаарсан нь голоос хөндийрч улсынхаа хүн амыг ямар хугацаанд яаж хөгжүүлэх (өсгөх) вэ?гэдэг хариу олоогүй юм шиг санагдсан. Нөгөөтэйгүүр хүн ам ба хөгжил хүн амын бодлог нь хоорондоо нилээд ялгаатай билээ. Монголын хүн амын бодлогын үзэл баримтлалын төсөлд дээрх хоёр цогц ойлголтыг нэгтгэн тусгасан нь арга үйн хувьд ямаршуухан үндэслэлтэй бол. Уул үзэл баримтлалын төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх явцад эл асуудалд олон нийтийн санаа бодлыг төвлөрүүлэхэд өчүүхэн ч болов дэм болох төдий ганц нэг санаа дэвшүүлье.
- Хүн амын бодлогын үндсэн агуулга нь хүн амын хөгжлийн асуудал тухайлбал төрөлт нас баралт цэвэр өсөлт байршил шилжих хөдөлгөөнийг хүний чанар амьдрах чадвартай нь хамтад нь эдийн засаг нийгмийн нөхцөлтэй нь уялдуулан авч үздэг юм.
- Монгол орон дэлхийн нийтийн жишгийг дагаж зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих замд эргэлт буцалтгүй орсон л бол хүн амын хөгжил нь тухайн нийгмийнхээ нөхцөлтэй уялдан дагалдан хувьсдаг болохоос хүн амын өсөлт хөгжилд эдийн засаг нийгмийн харилцааг зохицуулдаггүй юм. Орчин үед зах зээл өндөр хөгжсөн хөгжиж байгаа орнууд хүн амын хоёрдахь их хувьсгалд шилжин оржээ. Энэ хувьсгалд ороход монголын хүн амын өнөөгийн нөхцөл байдал дөхөж байгааг анхаарахгүй байж боломгүй.
- Монгол улсын эдийн засаг нийгмийн хөгжил үзэл баримтлал “Хүн” төвтэй байх нь зүйн асуудал боловч хүний хөгжлийн асуудал хүн амын асуудал нь зарчмын ялгаатай нь хэн бүхэнд илэрхий боловч эдгээр асуудлын уялдаа холбоог зөх олохгүй хутгаж, “Холимог хуурга” болгож болохгүй байх.
- Монгол улсын хүн амын бодлогын үзэл баримтлаллын гол цөм нь хүн амын өсөлтийн асуудал. Манай хүн ам ойрын нэг хоёр үедээ өсөх бүрэн боломжтой төрөх насны эмэгтэйчүүдийн тооны өсөлт тэдгээрийн хүүхэд төрүүлэх чадавхи зэргийг харгалзан үзвэл дээрх дүгнэлт хийж болох биз. Ер нь хүн амын төрөлтийн өндөр түвшин буурснаар хүн амын өсөлт шууд зогсдоггүй.
- “Иргэн баян бол улс баян” гэсэн зарчимд тулгуурлан өрх гэр бүл өөрийн эдийн засгийн нөөц боломжинд тулгаарлан төрүүлж, өсгөх хүүхдийнхээ тоог сайн дураараа сонгох боломж нөхцөлийг бүрэлдүүлэх. Хөдөлмөрчид ялангуяа залуучуудаад ийм талын мэдлэг олгох арга хэмжээг Төрийн бодлогын хэмжээнд өөрөөр хэлбэл хүн амын бодлогын нэг гол асуудал болгон дэвшүүлэх ингэснээрээ бид нийгмийн эмзэг хэсгийн дотор нилээд жин дарж буй өнчин өрөөсөн өвчтэй тэнэмэл боловсролгүй гэмт хэрэг зөрчилд амархан өртөх хүүхэд, багачуудгүй орон болох нөхцөлийг бүрдүүлнэ.
- Нэг ам бүлд ногдох орлогоо ямагт нэмэгдүүлж байхаар өрх гэр бүл (эхнэр, нөхөр) ам бүлийнхээ тоог зохиццуулах нөхцөлийг бүрэлдүүлэхэд төр засгаас анхаарах. Ийм арга бол өөрийн орны нөхцөлд зохицсон гэр бүл төлөвлөлт явуулах явдал юм.
- Хүн амын нас баралтыг бууруулах ялангуяа нялхсын эндэгдлийг эрс багасгахад онцгой анхаарч улсын хүн нөөц боломжыг цаг ямагт дайчлах төрсөн хүүхдийг гаднын хүчин зүйлийн нөлөөгөөр нас барахаас хамгаалах зэрэг арга хэмжээг хүн амын бодлогын үзэл баримтлалд дэлгэрэнгүй тусгах нь зүйтэй болов уу. Энэ нь хүн амын өсөлтийг нэмэгдүүлэхэд төрөлтөөс ялгаагүй анхаарах асуудал НҮБ-ын хүн амын сангаас 170 шахам улсын хүн амын бодлогын үндсэн асуудлыг 3 боть болгон 1989 онд хэвлэн гаргажээ. Энд улс орон бүрийн хүн амын бодлогыг хүн амын өсөлт насны бүтцийн өөрчлөлт нас баралт төрөлт ба гэр бүл олон улсын шилжих хөдөлгөөн хотжилт хүн ам ба эмэгтэйчүүдийн статус гэсэн цөөн үзүүлэлтээр тодорхойлсоныг анзаарахгүй өнгөрч боломгүй мэт.
Хянасан: Б. БАТ-ОРГИЛ/Ph.D/