Ph.D Д. Ганбат
/УТБА-ийн Удирдах зөвлөлийн дарга, МУ-аас ХБНГУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд/
Шинэ толь №21, 1998
Түлхүүр үг: Ардчиллын загварууд, Элитийн ардчилал, Төлөөллийн ардчилал, Элитаризм, Плюрал ардчилал, Олон түмний ардчилал, Ардчиллын давалгаа, Ардчиллах үйл явц
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
1989-1990 оны үеэс монголын нийгэмд гарч эхэлсэн гүн гүнзгий өөрчлөлтийг ардчилсан хувьгал хэмээн үзэж болох билээ. Нийгмийн улс төр, эдийн засаг зэрэг бүхий л харилцааг эрс өөрчлөх болсон нь уг өөрчлөлтийн хувьсгалд шинжийг илэрхийлнэ. Дэлхийн түүхнээ нийгмийн харилцааг өөрчлөхөд чиглэсэн хувьсгал гарч байсан бөгөөд өөр өөрийн зорилго, чиглэлээрээ хоорондоо ихээхэн ялгагддаг юм. Эдгээрээс Франц, Америк, Оросын хувьсгалыг онцолж болно. XVIII зууны үеийн Франц. XX зууны эхэн үеийн Орос оронд гарсан хувьсгал нь тухайн үедээ ноёрхож байсан хуучин харилцааг халах ангийн тэмцлийн үр дагавар болж хаант засаглалыг өөрийн орондоо эцэс болгосон юм. Эдгээр хувьсгалыг радикал хүч толгойлсон бөгөөд гол хэрэгсэл нь хүчирхийлэл байжээ. Өөрөөр, эдгээр орны улс төрийн дэглэмийг өөрчлөхдөө хүч, зэвсэг хэрэглэсэн нь гол онцлог юм. XVIII зууны Америкийн Нэгдсэн Улсыг байгуулахын төлөө тэмцэл мөн хүчирхийллийн шинжтэй хувьсгал гэж тооцогддог. Гагцхүү Франц, Оросын хувьсгал нь үндэстний хүрээнд гарч байсан анги хоорондын тэмцэл байсан бол Америкийн хувьсгал Их Британийн хааны засаглалын хараат байдлаас ангижирч тусгаар улс байгуулах зорилготой байжээ.
Эндээс үзэхэд, нийгмийн улс төрийн дэглэм, засаглалын харилцааг үндсээр нь халж солиход хувьсгалт шинжтэй өөрчлөлтүүд зайлшгүй шаардагддаг байна.
Хувьсгал гарахад хүчирхийлэл ихэнх тохиолдолд илэрдэг нь нийгэмд тогтсон аль нэг дэглэмийг өөрчлөх цочрол богино хугацаанд явагдах, нийгмийг бүхэлд нь хамардаг учраас социал бүлгүүдийн сөргөлдөөнийг үүсэгдэгтэй холбоотой. Гэхдээ хүчирхийлэл нь нийгмийн хувьсгалын зайлшгүй шинж гэж үзэж болохгүй. Учир нь нийгмийн харилцааг эрс өөрчлөх шаардлагатай болсныг ойлгож үүний төлөө гарч ирсэн аль нэг хүчний дэвшүүлж буй зорилгыг олон түмэн дэмжих, засаглалыг гартаа барьж буй бүлэглэл ямар нэгэн хэмжээгээр буулт хийсэн тохиолдолд тайван замаа хувьсгал хийж болдог байна. Тухайлбал, Английн 1688 оны Бадрангуй Хувьсгал, Дундад эртний Сэргэн Мандалт нь нийгмийг үндсээр нь өөрчлөхөд хүргэсэн бөгөөд угтаа тайван шинжтэй хувьсгал байсан билээ.
Монгол улсад өрнөсөн өөрчлөлт нь хувьсгалт шинжтэй бөгөөд хүний түгээмэл эрх, эрх чөлөөг баталгаажуулахад чиглэж нийгмийн бүхий л харилцааг үндсээр нь сольж байгаа учраас ардчилсан агуулгатай юм.
Ардчилал, ардчилсан өөрчлөлт зэрэг нэр томъёо хуучин социалист орнуудын нэгэн адил Монгол улсад их хэрэглэгддэг боллоо. Уг ойлголтуудын утга агуулгыг ч янз бүрээр тайлбарлаж улс төрийн бодлогод хэрэглэж байна. Зүүн болон баруун чиглэлийн улс төрийн хүч “ардчилал” гэсэн нэр томъёог өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ адилхан харэглэж байгаа нь олон түмнийг төөрөгдөлд хүргэж болзошгүй юм. Ардчилал огт буруу гэж хатуу байр суурь эзэлж буй хүч Монголд байхгүй боловч ардчиллаас болж замбараагүй байдал, хулгай дээрэм, өлсгөлөн үүслээ гэж өнөөдрийн үйл явдлыг буруушааж буй зүтгэлтнүүд цөөнгүй байна. Харамсалтай нь эдгээр хүмүүс “ардчилал” хэмээх өргөн утгатай, өөрийн зарчим, хэм хэмжээ, хууль бүхий онолыг бүрэн дүүрэн таньж мэдээгүй, түүнийг зөвхөн лоозон тунхагийн хэмжээнд явцууруулж ойлгож байгаа нь нийгмийн сэтгэлгээнд сөрөг нөлөө үзүүлж байна.
Ардчиллын үзэл баримтлал эртний Грек, Ромын түүхээс уламжлалтай бөгөөд хүн төрөлхтний хөгжлийн явцад боловсронгуй болж ирсний зэрэгцээ өөр өөрийн онцлог бүхий урсгал цаашид хөгжлөө олон өнөөдрийг хүрчээ. Эдгээрийн дотроос засаглал, улс төрийн бодлогын асуудлын хүрээнд судлаачдын онцлон сонирхдог баримтлалууд бол
- Ардчиллын тухай сонгодог ойлголт
- Элитийн онол
- Олон ургальч ардчиллын онол юм
“Сонгодог” ардчилал
Ардчиллын тухай эртний Грек улсын тухайн үеийн ойлголт орчин үеийн үзэл бодлыг үүсч хөгжихөд нөлөөлсөн боловч үндсээрээ ялгаатай юм. Эртний Грекийн ардчилал нь хүсч байсан тэр үзэл санаанаас амьдрал дээр маш өөр байжээ. Уг гарлын хувьд ардчилал гэдэг нь “ард түмний олон түмний-demas засаглал, гэсэн утгатай бөгөөд язгууртан aristocracy, цөөнхийн (oligarchy) засаглалаас ялгагдах төрийн хэлбэрийг илэрхийлж байв. Гэхдээ “олон түмэн” нь хүн амын бусад хэсгээ, тухайлбал баян чинээлгээ элдэв татвараар шахах замаар өөрийн эрх ашгаа хангаж байсан нь тухайн үеийн ардчилал төрийн хэлбэрийн бүрэн илрэл болж чадаагүйг харуулна.
Орчин үед ардчиллын уг “популист” (шуугиулагч) тал болох ухваргүй олон түмний засаглал Францын хувьсгалаас хойш дахин сэргэх хандлагатай болсон юм.
Ийм учраас эртний Грекийн сэтгэгч Платон ардчилал бол төрийн уналтын хэлбэр, “боловсроогүй нийгэм” хэмээн үзжээ. Гэхдээ нэг хүний харгис засаглалаас (tyranny) дээр гэдгийг бас үндэслэсэн байна. Тэрээр, ардчилал бол “хүмүүс хоорондоо тэгш, тэгш бус гэдгийг огт харгалздаггүй, бүгдийг ижил тэгш гэж үздэг нийгмийн анархи хэлбэр” гэж нэрлэжээ. Ардчилал дор хувь хүн бүр эрх чөлөөтэй байдаг нь нийгмийг сулруулдаг хэмээн үзэж Платон түүнийг сайшаадаггүй байж.
Тухайн үеийн томоохон сэтгэгчийн нэг Аристотелес төрийн уг хэлбэрийг мөн нэг их сайшааж үзээгүй боловч ардчиллын ёс зүйн зарчмын асуудлыг дэвшүүлсэн юм. Эрх чөлөө бол ардчиллын зорилт мөн бөгөөд “өөрийн хүссэнээр амьдрах” зарчмыг нөхцөлдүүлнэ. Гэхдээ энэ зарчим нь зөрчлийг бий болгодог байна. Тухайлбал, бүгд тэгш байдалтай учраас захирах, захирагдах явдал аль болохоор бага байх учиртай, болж өгвөл хэнээр ч захируулахгүй байвал дээр. Шударга ёс нь тооны үзүүлэлтэн дээр тогтох бөгөөд үүнд ядуу, баян аль аль нь адил нөлөө үзүүлнэ. Гагцхүү, шударга ёс гэж юу вэ гэдгийг олонхиор тогтооход цөөнхийн (тухайлбал, баячуудын) хувьд шударга бус аюултай юм гэжээ.
Бүхэлдээ Аристотелийн хийсэн дүн шинжилгээ нь эрх чөлөө, тэгш байдлын үзэл баримтлалыг амьдралд хэрэгжүүлэхэд нийгэмд ямар аюул учирч болохыг хурцаар харуулсан байна.
Дундад эртний үед олон сүсэгтний сүм хийдийг хүрээлсэн төвлөрөлт хаад дээдсээр уламжлан бурхан тэнгэртэй харьцах тэгш харилцааны тухай номлол ардчиллын үзэл санааг амьдралд зохицохооргүй байдалд хүргэжээ. Хөгжлийн явцад хаант засаглал шашны хэргээс цаашид хөндийрч эхэлсэн нь угтаа ардчилсан үзэл санааг агуулж байсан бөгөөд хүн амыг бүхэлд нь захирах эрх хэмжээ нь хумигдаж эхэлжээ. Нийгмийн хэлцлийн онол (social contract theory) нь ардчиллыг цаашид хөгжүүлэхэд чиглэсэн суурийг бий болгоход шийдвэрлэх нөлөө үзүүлжээ. Энэ онолыг үндэслэгч Жон Локк (1632-1704) Английн Бадрангуй хувьсгал болон түүний үр дагавар болох хааны хэмжээгүй эрхийг хязгаарласан явдлын философийн үндэслэгээг хийхийг оролдсон юм. Хязгаарлагдмал төр, хувь хүний эрх чөлөөний тухай түүний үзэл санаа зөвхөн Британийн төрийн асуудалд нөлөөлөл үзүүлээд зогсоогүй бөгөөд Америкийн тусгаар тогтнолын Тунхаг болон Нэгдсэн улсын Үндсэн хуулийн зарчмуудад агуу их тусгалаа олжээ. Локкийн үзэл санааны дагуу төр нь “амьдрах эрх, эрх чөлөө болон өмч”-ийн эрхийг хамгаалах хийгээд нийгмийн хэлцлийн дагуу бий болох учиртай. Хүн бүр байгалийн жам ёсоор оюун ухаан, чадавхи болон өөрийн эрх ашигт сонирхолтой байдаг учраас хүний эрх гэдэг бол ариун зүйл юм. Ийм ч учраас уг эрхийг хүнд хэн ч олгоогүй, түүнийг хэн ч булааж авах ёсгүй. Төр нь ард түмнээс эх үүсвэртэй, тэдгээрийн сайн сайхны төлөө л зорьж үйл ажиллагаа явуулах учиртай. Олон түмэн төлөөлөгчөө сонгож төр, засгаа бий болгон олонхийн гаргасан шийдвэрийг дагана.
Ардчиллын тухай Локкийн үзэл бодол өөрийн онцлогтой. Засаглалын хуульчилсан үндэслэгээ бол зөвшилцөл мөн бөгөөд өөрсдийн зөвшилцлөөр бий болсон хуульд л бид захирагдана. Төрийн бодлоготой санаа бүрэн нийлээгүй хүмүүс уг хуулийн дагуу аж төрөх, түүний ивээлд багтах зөвшилцлийг хүлээн зөвшөөрнө. Зөвшилцлийн уг зарчим нь ардчилсан засаглалын онолын үндэс бөгөөд төрийн хамгийн чухал шинж нь хуулийн засаглал юм. Хууль хүний эрх чөлөөг хязгаарлаж болохгүй, харин хамгаална. Энэ бол либерал номлолын чухал зарчим юм. Хууль бол өмчийн хамгаалалт, баталгаа болгох гол хэрэгсэл гэж Локк үзэж, ардчилал бол хувийн өмчтний холбоо гэж хэмээн тэмдэглэжээ. Ардчиллын тухай Локкийн үзэл санааны гол ойлголт бол хүн бүр өөрийн эрх ашиг, сонирхлоо дээд зэргээр ухамсарлан ойлгодог учраас төрийн зүгээс үүнийг хянаж зохицуулах нь утга учиргүй гэдэгт оршино. Төрийн гол үүрэг бол зөвхөн хүн амын эрх ашгийг хамгаалах явдал юм. Төр уг үүргээсээ гажих тохиолдолд олон түмэн түүнийг түлхэн унагаах бүрэн эрхтэй. Энэ радикал арга хэмжээг, тухайлбал олон түминий өмчид халдаж, хөрөнгийг булаан авах зэрэг үйлдэл төрийн зүгээс илэрсэн тохиолдолд хэрэглэж болно. Гэхдээ олон түмнийг хувьсгалд уриалсан энэ санааг дэвшүүлэхдээ Локк маш их болгоомжилж байсан байна. Ард түмний дээд засаглал нь ардчилсан уламжлалын (эсхүл наад зах нь уг чиглэлийн онолд) гол баталгаа болох үндэслэгээ юм.
Локк зохиолууддаа төрийн байгууллагын зүгээс засаглалаа хэтрүүлэхээс урьдчилан сэргийлэх засаглалын тэмцэл, хуваарилалтын зарчмыг дэвшүүлсэн юм.
Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хуульд Локкийн үзэл санаа тусч, хуулийн зарчим болсон нь ардчиллын тухай онолын прагматик хөгжилд эхний том алхам болжээ. “Холбоотон” хэмээх (The Federalist) Үндсэн хуулийг бүтээгчдийн гаргаж байсан мэдээлэлд онолын асуудлыг хэлэлцүүлдэг байсан байна. Тухайлбал, АНУ-ыг үндэслэн байгуулагч (“founding fathers”)-дын нэг болох Хэмилтоны ухаангүй олон түмний засаглалаас ихэд болгоомжилж байсан нь Сенат ба улсын Ерөнхийлөгчийг Америкт шууд бус аргаар сонгох сонгуулийн зарчимд тусгалаа олжээ.
Хэдийгээр ийм ойлголт байсан боловч ардчиллын онолын логикоор бол ухаангүй олон түмнээс ардчилал айж эмээх ёсгүй. Учир нь уг онолын нэг гол суурь ойлголт бол иргэн хүн юмны учрыг тунгаан ойлгох чадвартай гэсэн (рационал) өөдрөг үзэл юм. Мэдисоны хувьд (АНУ-ыг бас нэгэн үндэслэгч байгуулагч) нийгмийн нэг төрлийн ардчиллын үед (Ж.Ж.Руссогийн хэлсэнчлэн) олонхийн дарангуйлал бий болох аюултай. Гэхдээ түүний үзсэнээр АНУ-ын нутаг дэвсгэрийн хэмжээ болон олон түмний эрх ашиг, сонирхлын ялгарал нь үүнээс сэрэмжлэх нөхцөл болно гэж тооцжээ. Тэрээр, олонхийн дарангуйлалд хүргэж болзошгүй ямарваа нэгэн улс төрийн намын төлөвшлийг урьдчилан таамаглахыг эрмэлзэж байсан байна. АНУ-ыг түүхийг үзэхэд ул төрийн намууд ард түмний олонхийг төлөөлж байсан явдал тун бага. Харин дэлхийн II дайны үед ард түмний олонхийн үзэл санаа нэг зүйл дээр төвлөрч байсан нь онцгой тохиолдол болжээ.
Орчин үеийн Америкийн нэрт улс төр судлаач Роберт Доол (R.Dahl) “олонхи хэзээч засагладаггүй, ийм учраас хэзээч дарангуйлж чадахгүй” гэжээ. АНУ дахь төрийн харьцангуй олонхийг бүрдүүлдэг бүрдэлд ямагт өөрчлөлт ордог нь байнгын шинжтэй олонхийг бий болгохоос объектив байдлаар сэрэмжилдэг байна. Энэ нь ардчиллын хөгжилд нийгмийн төрх байдал асар их нөлөөтэйг давхар нотолно.
АНУ-ыг үндэслэн байгуулагч нар хамтын ажиллагаа, хэлцэл зөвшилцлийг шийдвэр гаргах гол арга гэж үзэж байсан нь Английн парламентын ажиллагаанд хэрэглэгдэж байсан олонхийн шууд санал хураалт явуулдаг аргаас ялгагдана. Америкийн уг хандлага нь нийгмийн хүн бүр нэг нэгнийхээ үзэл бодол, ашиг сонирхлыг мэдэж ойлгож байх ёстой гэсэн Ж.Ж.Руссогийн санаатай төстэй юм. Ардчиллын дээд эрмэлзлийн тухай Америк, Британийн тайлбар хэдийгээр аль аль нь Локкийн үзэл санаанаас эх үүсвэртэй боловч хоорондоо эхнээсээ ялгаатай байсан бөгөөд Мэдисоны шинэчлэндсэн “олон ургальч” (Pluralist) ардчилал, Британийн “олонхийн (Populist) ардчиллын ялгаа өнөөдөр бүр ч их байна. АНУ-ын холбооны систем хамтын ажиллагаа, тохиролцоо зөвшилцлийг шаарддаг бол Британийн ардчиллын тухай үзэл баримтлал ямар нэгэн байдлаар дундыг баримтлахгүйгээр олонхийн хүчтэй төрийг эрхэмлэдэг байна. XVIII зууны ардчиллын тухай онолд цаашид өөрчлөлт орсон нь тэр үеийн томоохон сэтгэгчийн нэг Ж.С.Миллтэй холбоотой юм. Тэрээр уг онолын идеалист индивидуалист талыг товойлгож онцолжээ. Тухайлбал, “Төлөөллийн төр засаг” (1859) зохиолдоо ардчиллын дээд эрмэлзэлд хүрч болох төрийн практик зохион байгуулалтын асуудлыг дэвшүүлэхдээ ажилчин ангийн давамгайлах байдал зэрэг явдлаас яаж зайлж болох тухай өгүүлжээ. Мөн өмчийн ардчилалд шаардагдах хувь хүний эрхийн үндэслэгээг гаргасан байна. Миллын дэвшүүлж байсан төлөөний ардчиллын тухай ойлголт маш их индивидуалист (бие хүнийг товолгойсон ) шинжтэй юм. Ардчиллын хамгийн чухал шинж бол түүнийг бүрдүүлэгч бие хүмүүсийн онцгой чанар юм. Эдгээр хүмүүс өндөр боловсролтой, идэвхтэй, өндөр хүрээтэй байх шаардлагатай. Миллийн ойлгож байснаар олон түмэн улс төрийн тэмцэл, зөвшилцөлд оролцож, сонгож шилэхдээ улам боловсорч хөгжинө. Энэ нөхцөлд төрийн гол зорилго эдгээр хүмүүсийн оюуны сэтгэлгээг цаашид ахиулж хөгжүүлэхэд чиглэх ёстой байна. Энэ ойлголтоор хүн бол хэнээс ч илүү шалтгаалах, бүтээх чадвартай төлөөлөгч бөгөөд цаашдын хөгжилд дэм үзүүлэх бололцоотой юм. Ийм учраас эрх чөлөө, өөрийгөө хөгжүүлэх зэрэг хүний эрхийг Милл онцолжээ. Улс төрийн идэвх угаасаа дэмжигдэх ёстой зүйл бөгөөд ардчиллыг хамгаалах гол баталгаа болно гэжээ.
Ардчиллын тухай сонгодог үзэл баримтлалын гол зарчим бол хүн бүр өөрсдийн амьдралтай холбоотой шийдвэр гаргах үйл явцад оролцох ёстой гэсэн санаа юм. Ингэснээр хүн өөрөө хөгжин дэвшинэ. Хүний чадавхи цаашид боловсронгуй болох гол арга зам нь дээрх оролцоо болно.
Ардчиллын гол үнэт зүйлс бол хүний нэр төр юм. Хүн амьдрах, эрх чөлөө эдлэх, өмч хөрөнгөтэй байх нь түүний жам ёсны эрх. Хүний эрх төрийн зүгээс олгогддог зүйл биш бөгөөд төрөөс хэзээ ч хамаардаггүй. Аль ч төр ямар нэгэн хуулийн үндэслэгээ гаргаж уг эрхийг хязгаарлаж эсхүл булааж авч болдоггүй. “Хүн бүр тэгш байдалтай” гэсэн зарчим мөн сонгодог ойлголтын нэгэн гол санаа. Хүн бүр анх бий болохдоо тэгш байдалтай байсан ба нийгмийн эсхүл материаллаг байдал, үзэл бодол, арьсны өнгөнөөс үл хамааран хүн бүр хуулийн өмнө тэгш байна. Үүний үргэлжлэл болох “нэг хүн-нэг санал” гэсэн улс төрийн тэгш байдлын үзэл бий болжээ. Яваандаа тэгш байдал гэсэн ойлголт боловсрол, ажил эрхлэлт, орон байр, нийгмийн баялагаас хүртэх зэрэг өргөн асуудлыг хамрах болсон байна. Бүхэлд нь дүгнэхэд ардчиллын тухай сонгодог ойлголт нь:
- Ард түмний амьдралыг зохицуулахад чиглэсэн нийгэм дэх аливаа шийдвэрт хүн бүр тэгш оролцох
- Олон түмэн өөрсдийн төр, засгаа сонгож бий болгох эрхтэй. (Үүнд үг хэлэх, хэвлэн нийтлэх, хурж цугларах, мэдэгдэл гаргах, өөрийн үзэлтэй байх, сөрөг нам байгуулах зэрэг эрх орно)
Төр нь:
- Хүний нэр төр, эрх чөлөө, өмч хөрөнгийг хамгаалах
- Авъяас чадвараа хөгжүүлжх үүднээс хүн бүр тэгш бололцоотой гэсэн зарчмыг баримтлах
- Хүний эрх бол хэнээс ч үл хамаарах жам ёсны зүйл мөн зэрэг үндсэн үзэл санааг дэвшүүлжээ.
Элитийн онол
Сонгодог ардчиллын үзэл санаа орчин үеийн нийгэмд хэрэгжих бололцоо бага юм. Сонгодог ардчиллын дэвшүүлж буй дээд эрмэлзэл нь нийгмийг зохион байгуулж, хувь хүний эрх чөлөөг хангахад чиглэсэн улс төр, эдийн засаг, эрх зүйн хэм хэмжээтэй зөрчилдөх нь цөөнгүй юм.
Учир нь нийгэм бол хоорондоо эсрэг эсрэг сонирхол бүхий социал бүлгүүдээс бүрддэг бөгөөд нийгмийг олонхи биш харин цөөнх захирна гэж элитийн онолын талынхан үздэг байна.
Элитийн үзэл санааг үүсгэгчид сонгодог ардчиллын онолыг эсэргүүцэж гарч иржээ. Сонгодог ардчиллынхан олонхи захирах ёстой гэж үзэж байгаа бол элитийн талынхан олонхи гэдэг бол хэзээд идэвхгүй улцгар байдаг учраас тэд захирна гэвэл нийгэмд ашигтай байж чадахгүй. Гагцхүү бусдаас өөрийн онцгой шинжээрээ тодорч ялгарсан цөөнх уг үүргийг амжилттай гүйцэтгэж нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэдэг байна.
“Элит” хэмээх ойлголтын уг гарал нь Францын (elite-дээд зэргийн, сонгомол) гэсэн үгнээс гаралтай юм.
Аливаа нийгэм захирагч-захирагдагч, удирдагч-удирдуулагч гэсэн хоёр анги бүлгээс бүрдэнэ. Олонхи нь эрх мэдлийг барьж буй цөөнхийг дагаж амьдарна гэх мэт зарчмыг үндэс болгосон нийгмийн зохион байгуулалтын үзэл санаа эрт дээр үеэс уламжилж ирсэн түүхтэй юм. Эл үзэл санаа бүр Плато-гийн зохиол бүтээлд тусгалаа олсон байдаг. Гагцхүү нийгэм-философийн цэгцтэй номлолын хувьд элитийн онол ХХ зууны эхэн үед бүрдсэн юм.
Дэлхийн II дайны өмнөх үед элитийн үзэл санаа Итали, Герман, Франц улсад түгээмэл байсан бөгөөд дайнаас хойшхи үед АНУ-д нэлээд хөгжлөө олжээ. Элитийн онол нь дотроо хэд хэдэн урсгалтай. Тухайлбал,
- элит бол нийгэмд гарцаагүй байх ёстой үзэгдэл мөн бөгөөд элит нь өөрсдийгөө эрх мэдэл бүхий давхарга гэж ойлгон ухамсарлаж, олон түмэн энэ байдлыг хүлээн зөвшөөрдөг гэж үздэг “максвеллийн” сургууль (Ж.Бёрнхэм, Б.Парето, Г.Моска);
- нийгмийн хөгжил улам дээшилж, түүний өмнө тулгарч буй асуудлууд нарийсах тусам удирдах элитийн үүрэг улам бүр өсөж түүний шаардлага нэмэгдэх болно гэж үздэг чиглэл. Энэ үзэл санаа “Элитийн ноёрхлын” тухай номлолд тусгалаа олсон юм. (О.Конт, М. Вебэр, Р.Миллс);
- “Элитийн функционал” онолын гол санаа бол Нийгмийн тодорхой нэг хэсэг болох элит нь ардчиллыг хэрэгжүүлэх гол хэлбэр гэж үздэгтэй холбоотой. Элит нь нэгдмэл нэг бүлэг биш, Нийгмийн социал бүлэг бүр өөрийн элиттэй. Энэ хэсэг нь өөрийн бүлгийн хөгжилд нөлөөлж түүнийхээ эрх ашгийг илэрхийлнэ гэжээ. (С.Келлер, О.Штаммер)
Ямар ч байсан дээрх урсгалууд элитийн үзэл санааг өөр өөрийн чиглэлээр тодорхойлж, элитийн тухай ерөнхий ойлголт дээр нэгддэг байна. Элитийн онолын талынхан нийгмийн улс төрийн системд гарч буй эрх мэдлийн төвлөрөлтийн үйл явц бол зайлшгүй, иймд ард түмний засаглал зэрэг асуудал утга учраа алдана гэж үзжээ. Италийн социологич Вильфредо Парето, Гаэтано Моска нар засаглагч элитийн номлолыг XX зууны эхэнд анх боловсруулж энэ нь цаашид боловсронгуй болсон байна. Элитийн талынхан олон ургальч ардчиллын тухай ойлголт засаглалын талаарх харилцааг үндэслэлгүй дэвэргэж үздэг хэмээн шүүмжилсэн юм. Засаглагч цөөнх аль ч нийгэмд шийдвэр гаргах монополь эрх эдэлнэ. Эл цөөнхийн эзэлж буй байр суурь сонгуулиар бус улс төр, эдийн засаг зэрэг гол салбаруудад ноёрхож буй байдлаар тодорхойлогдоно. Сонгууль нь олон түмэнд хянагддаггүй, зөвхөн элитийн засаглалыг бататгаж л өгнө.
Элит бол дээд албан тушаалтнуудын энгийн нэгдэл биш, харин нэгдмэл үзэл санаа бүхий органик дотоод зохион байгуулалттай бүлэг юм гэжээ. Элитийн амьдарч оршин тогтнох чадвар нь өөрсдийн бүрэлдэхүүнээ сэлбэх, бодит байдалд зохицох түүний чадвараас хамаарна. Ганц хүн бол “бөөн” хүмүүсийн нэгэн адил эрх мэдлийг хэрэгжүүлж чаддаггүй. Уг чадвар зөвхөн зохион байгуулагдсан цөөнхөд л байна. Цэгцлэгдсэн авсаархан “цөөнх” эрх мэдлийг гартаа барьж нийгмийг удирдах улс төрийн чиг үүргийг гүйцэтгэж, бусдаас дээгүүр байдаг байдлынхаа ашиг шимийг хүртээнэ гэж элитийн онолын талынхан үздэг байна.
Элитийн хэсэг нь нийгмийн хөгжлийн үр дагавар биш. Буурай эсхүл өндөр хөгжсөн улсад элит байдаг нь нийгэм бүр өөрийн удирдагчдаа шаарддагтай холбоотой. Нийгмийн удирдлагыг хангах засаг төр бол хэсэг хүмүүс юмуу олонхийн нэрийн өмнөөс эрх мэдлийг хэрэгжүүлдэг цөөнхөөс л бүрдэнэ. Эл цөөнх нь олон түмнээс ялгагдах өвөрмөц цөөнх юм. Наад зах нь өндөр боловсролтой нийгмийн дээд дэв зэргэд хамаарах хүмүүс байх ёстой.
Гэхдээ доод давхаргад хамаарах хүмүүс элитийн зиндаанд багтаж орж болохыг элитийн онол хүлээн зөвшөөрдөг байна. Өөрөөр, элит бус хэсгээс элитэд багтаж орох нийгмийн хөдөлгөөнийг уг онолоор үгүйсгэдэггүй. Энэ хөдөлгөөн нь эцсийн дүндээ элитийн системийн тогтвортой байдлыг хангах нэгэн хүчин зүйл болно. Эл системийг нээлттэй хэмээн нэрлэх бөгөөд хэт радикал хувьсгалч хүмүүсээс сэргийлж, гарцаагүй өөрийн оюун ухаан, авъяас чадвараараа элитэд багтаж болох хүмүүсийн элсүүлдэг механизмтай байдаг байна. Хэдий ийм боловч нийгмийн тогтвортой байдлыг хангах үүднээс эл хөдөлгөөн аль болох удаан үргэлжилсэн шинжтэй байвал сайн гэж үзнэ.
Элит нийгмийн системийн үндсэн хэм хэмжээг тогтвортой байлгахыг ямагт эрмэлздэг байна. Учир нь засаглалын харилцаанд бусдаас илүү нөлөөлөлтэй байдаг нь элитэд тодорхой эрх ямба эзлэх бололцоо олгоно. Энэ эрх ямбыг олгож буй тэр системийг элит тогтвортой хадгалахыг ямагт эрмэлздэг байна. Энэ үндсэн үзэл санааны талаар элитийн дотор зөрчил маргаан хэзээ ч гарахгүй нь ойлгомжтой. Гагцхүү илүү эрх ямба эдлэх үүднээс тэдгээрийн дотор тэмцэл ямагт явагддаг байна.
Орчин үеийн нийгэмд элитийн үзэл санааны нэгдэл нь хувийн өмчийн эрхийн халдашгүй байдал, төрийн эрх мэдлийн хязгаарлагдмал шинж болон хувь хүний эрх чөлөө зэрэг суурь ойлголт дээр тулгуурлаж бий болдог байна. Аль нэгэн асуудлаар санал зөрвөл тэр нь ерөнхий зорилго бус түүнд хүрэх арга замын асуудалтай л холбогдон үүсдэг ажээ. Тухайлбал, америкийн судлаач Ричард Хофстедтерийн тэмдэглэсэнчлэн, АНУ-ын улс төрийн тэмцэлд оролцож буй намуудын өрсөлдөөн нь нийгмийн хоёрдогч шинжийн асуудал дээр л төвлөрдөг учраас нэлээд “хуурамч” шинжтэй юм. Капиталист соёлын эдийн засгийн амжилт нь хүний хөгжилд зайлшгүй байх ёстой зүйл бөгөөд өрсөлдөөн, эдийн засгийн хувьд амиа борлуулах зүйл философи, өмчийн талаар ямар нэгэн маргаан мэтгэлцэл гаргадаггүй юм.
Төрийн бодлого нь мөн чанартаа ард түмний бодлого биш, харин элитийн эрх ашиг сонирхлын тусгал болно. Элит нь өөрсдийн үнэт зүйлсийг хянаж өөрчилсөн тохиолдолд л төрийн бодлого шинэчлэгдэн өөрчлөгдөнө. Энэ утгаараа элитэд консерватив шинж давамгайлах нь угтаа учиртай юм. Элит нь нийгмийн тогтворт байдлыг шүтэх бөгөөд төрийн бодлогод өөрчлөлт орох нь гадны хүчин зүйлсээс бус элитийн хүрээнд гарах дотоод өөрчлөлтөөс л хамаарах болно. Өөрөөр, төрийн бодлого өөрчлөгдөж болно, харин уг бодлогыг сольж болохгүй гэдэг нь элитийн хувьд чухал зарчим юм.
Энэ бүгдээс үзэхэд элит нь “амин хувиа хичээсэн” (эгоист) бүлэг гэж тооцогдож болох талтай. Гагцхүү, уг “хувиа хичээх” зарчим нь системээ болон түүнд эзэлж буй өөрсдийн байр сууриа хадгалан хамгаалахад чиглэгддэг байна. Амьдрал дээр элитийн бодлого зөвхөн өөрсдийн хэрэгцээг хангахад чиглэгдэггүй. “Нийгмийн хэрэгцээ, эрх ашиг” элитийн баримталдаг бас нэгэн үнэт зүйл болдог байна. “Олон түмний сайн сайхан амьдрал” нь төрийн хэмжээнд шийдвэр гаргахад ямагт баримтлах ёстой чиг баримжаа гэдгийг элит сайн ойлгоно. Энэ бүгдээ элитийн онолын талынхан тайлбарлахдаа хүн амын аж байдлын асуудлыг олон түмэн өөрсдөө хариуцах ёсгүй, энэ үүргийг зөвхөн элит л гүйцэтгэх жамтай хэмээн онцолдог байна. Олон түмнээс элитэд үзүүлэх нөлөөллөөс илүү элитээс эргэж тэдэнд үзүүлэх нөлөөлөл хүчтэй байдаг тул нийгмийн доторх холбоо хэлхээ нь гол төлөв дээрээс доошоо чиглэсэн чиглэлтэй байдаг байна.
Сонгууль, улс төрийн намуудаас дэвшүүлж буй альтернатив бодлого тэгвэл ямар үүрэгтэй юм бэ гэсэн асуулт гарч болно. Элитийн талынхан сонгууль, нам зэрэг “ардчилсан” институт нь зөвхөн хэлбэрийн төдий үнэт зүйлс ба гагцхүү олон түмнийг улс төрийн системтэй холбоход тус дөхөмтэй байдаг. Өөрөөр, зөвхөн сонгуулийн үед л жирийн иргэн улс төрийн бодлогод өөрийн “тоглох” ёстой үүргээ л гүйцэтгэдэг гэж үзнэ.
Элитаризмын үзлээр бол эрх мэдлийг гартаа барьж буй цөөнх олон түмэнтэйгээ сөргөлддөггүй ба өөрийн зорилгодоо хүрэхдээ ард түмнийг хохироодоггүй ажээ. Элит гэдэг бол олон түмнийг дарангуйлах гэсэн бодлоготой хуйвалдаанаар гарч ирсэн бүлэг хүмүүс биш юм.
Элитийн онол нийгэм дэх засаглал өөрчлөгдөж, хуучин элиттэй өрсөлдөх шинэ элитийг гарч ирэх бололцоог үгүйсгэдэггүй. Элит нэгдмэл бат цул байхын зэрэгцээ олон урьгалч өрсөлдөөний шинжтэй байх нь цөөнгүй.
Элитийн онолын гол үзэл санаа:
- Нийгэм бол эрх мэдлийг гартаа барьж буй цөөнх болон үлдсэн бусад нь олонхи гэж хуваагддаг. Төрийн бодлогыг цөөн хүмүүс тодорхойлно.
- Элит нь улс орныг захирдаг аль нэг талаараа шалгарсан давуу талтай хүмүүсээс бүрдэж, ердийн олон түмнээс ялгагдана.
- Элитийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж болох бөгөөд энэ хөдөлгөөн нь удаан тайван явагдаж нийгмийн тогтвортой байдал хангагдана.
- Нийгмийн үнэт зүйлсийн талаар элит нэгдмэл үзэл санаатай байх хийгээд системээ хадгалан хамгаалахад зорилго бодлого нь чиглэгдэнэ.
- Төрийн бодлого олон түмний бус засаглагч элитийн сонирхлын тусгал болно. Харин элитийн бодлогод “олон түмний сайн сайхан байдал” зэрэг хэмжүүр үнэт зүйлсийн хэмжээнд ойлгогдоно.
Олон ургальч ардчиллын баримтлал
Дээр дурьдсанаас үзэхэд элитийн онолыг баримтлагчид ардчилал тууштай хэрэгжинэ гэхэд итгэдэггүйгээр үл барам элитийн засаглал бол зайлшгүй зүйл гэж үздэг байна. Тэгвэл олон ургальч ардчиллын баримтлал нь өөр хоорондоо өрсөлддөг олон янзын элитүүд бүхий нийгэмд ардчиллыг тодорхой хэмжээгээр хэрэгжүүлж болно гэдгийг иш үндэс болгодог. Энэ онолын талынхан асар их нутаг дэвсгэр, олон түмнийг хамарсан орчин үеийн нийгэмд хүн бүр шийдвэр гаргахад оролцох боломжгүй гэж үздэгээрээ сонгодог ардчиллын онолоос ялгаатай. Үүний сацуу нийгмийг үнэхээр элит захирдаг ч гэсэн тэр нь их хаалттай, халаа солиогүй биш бөгөөд ардчиллын зарчмуудыг “цэвэр, сонгодог” утгаар нь биш боловч бодитойгоор хэрэгжүүлж болно гэж үздэгээрээ элитийн онолыг баримтлагчдаас өөр юм.
Угтаа орчин үеийн нийгэмд эрх мэдэл нь өөр хоорондоо өрсөлдсөн олон хүчнүүдийн элитийн дунд хуваагдаж байдаг бөгөөд элитүүд санал хураалт, сонгууль зэрэг хэрэгслэлээр өөр хоорондоо өрсөлдөж, олон түмний дэмжлэг авсан нь төрийн эрх барих ба дараагийн сонгуульд түүнээс илүү нөлөө, нэр хүндтэй болж чадсан нь ялах замаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх нь аж үйлдвэржсэн орчин үеийн нийгмийн мөн чанарт тохирсон ардчилал мөн гэж үздэг. Олон ургальч ардчиллын баримтлалд улс төрийн нам, бүлэглэлүүдийн ач холбогдлыг нэлээд үнэлдэг байна.
Сонгодог ардчиллын онол нь төрийн шийдвэрт нөлөөлдөг нам болон бусад бүлэглэлийг хүмүүсийн хоорондын улс төрийн харилцаанд хөндлөнгөөс оролцдог ёс бус хүчнүүд гэж үздэг. Тэгээд олон ургальч ардчиллын баримтлал нь янз бүрийн нам бүлэглэлийг улс төрийн амьдралын зайлшгүй байх ёстой бүрдэл хэсэг гэдгийг онцолно. Улс төрийн бодлого, тэдгээрийн хамтын ажиллагаа, харилцан үйлчлэлийн үр дүн байвал зохино гэж үздэг. Түүгээр ч үл барам уг онолын ёсоор бол элит нь иргэдийн өмнө биш эдгээр нам бүлэглэлийн өмнө хариуцлага хүлээдэг байна. Өрсөлдөөний нөхцөлд нийгмийн дотор үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, бүлэглэлүүдийн нөлөөлөл, эрх мэдлийг ойролцоогоор, тэнцүү байлгаж болно. Ингэснээр хэн нэгний сонирхол бүрэн ялах, эрх мэдэл аль нэг хүчний онцгой эрх болох явдал гарахгүй ажээ.
Сонгодог ардчиллын онолоор бол улс төрийн амьдралд оролцох явдал хувь хүний хөгжих, өөрийгөө боловсронгуй болгох гол арга гэж үздэг. Өөрийгөө хөтлөн жолоодож, оюун ухаанаа тэлэх, өөртөө итгэлтэй байх нь хүн хариуцлагаа ухамсарлахад чухал юм. Энэ бүгдийн эцэст төр, засаг нь ард түмнийхээ өмнө бүрэн хариуцлага хүлээх ёстой гэдэг нь сонгодог ардчиллын гол санаа нь билээ. Тэгвэл олон ургальч ардчиллын онолоор төр нь иргэдийн өмнө бус нам, бүлэглэл, лобби зэрэг “байгууллагын” өмнө хариуцлага хүлээнэ. Нийгмийн улс төрийн нам, бусад бүлэглэлүүдийн хооронд хэлцэл, тохиролцоо, буулт, харилцан үйлчлэлээр орчин үеийн нөхцөлд шийдвэр гардаг байна. Иргэдийн оролцоо тэр бүр шаардагдахгүй бөгөөд хувь хүн угаас шийдвэр гаргах үйл явцад өнөөгийн нөхцөлд оролцож бараг чадахгүй юм.
Улс төр судлаачдын үзэж байгаагаар олон ургальч ардчиллын онол нь амьдрал практик дээр хэрэгжихдээ хэд хэдэн зөрчилтэй тулгардаг.
Тухайлбал, хувь хүн аль нэг байгууллагад хамрагдаж буй нь улс төрийн бодлогод оролцох үр ашигтай хэлбэр болж чадах уу? Зарим судлаачдын үзэж байгаагаар эдгээр “байгууллага” нь төрийн эрх мэдлийг гартаа улам бүр авах тутам олигархи шинжтэй болж, уг хүний оролцоо улам боогддог байна. Эцсийн дүндээ аль ч бүлэглэлийн дотор удирдах хэсэг болох элит нь эцсийн хариуцлагыг хүлээж ямагт дээд түвшинд эргэлдэнэ. Амьдрал дээр хувь хүмүүс байгууллагынхаа хурал цуглаанд тэр болгон оролцдоггүй нь хэн бүхэнд ойлгомжтой. Элитийн өрсөлдөөний нөхцөлд хувь хүний нэр төр, эрх чөлөө бүрэн хангагдаж чадах уу? Олон ургальч ардчиллын талынхан нь үүнд хариулахдаа нийгэмд зонхилж буй гол гол байгууллагын нөлөөлөл хоорондоо тэнцэлтэй байдаг учраас аль нэгний монополь тогтох нь магадлал багатай юм гэдгийг онцолдог байна.
Улс төрийн өрсөлдөөний нөхцөлд аль нэгний эрх ашиг бүрэн гүйцэд ялна гэж байдаггүй. Олон ургальч онолыг баримтлагчид төрийн дээд түвшинд гардаг шийдвэрийг чухалчлан үздэг учраас түүнээс доод түвшнийг нэг их анхаардаггүй бөгөөд түүнийг явцуу асуудал хэмээн үзнэ. Ийм ч учраас төрийн дээд түвшинд олон элитийн оролцоо голлож, түүнээс доош тодорхой асуудлаар хувь хүн, иргэд илүү оролцох бололцоотой байдаг байна.
Сонгодог ба орчин үеийн ардчиллын үзэл санааны харьцуулалт
Сонгодог ойлголт
1. Хүн ард дээд эрх мэдэлтэй гэсэн Ж.Локкоос эхтэй үзэл.
2. Удирдуулж буй хүмүүс хүлээн зөвшөөрснөөр хууль ёсны төрийн урьдчилсан нөхцөл бүрдэнэ. Цөөнх тодорхой хугацаанд хохирч болно.
3. “Бүх нийтийн сайн сайхан байдлын” санааг ихэнхдээ тунхаглана.
4. Хувь хүний эрх чөлөө,
5. Хуулийн хамрах хүрээ бага өөрийн эрх ашиг зорилгодоо байх ёстой гэсэн санаанаас ямар нэгэн хөндлөнгийн системийг оролцоогүйгээр хүрэх явдлыг голлож, үндэсний аюулгүй байдлыг онцолно. Хуулийн хүрээг байдал, аж байдлын асуудал багасгах чиглэлтэй.
6. Хувь хүн бол ардчилсан хэв загварын үндсэн нэгж, хувь хүн бол оюун ухаан, ёс зүйн өндөр түвшинтэй, идэвхитэй, хувийн сонирхолтой гэдгийг тооно. Олон нийтийн онцолно
7. Улс төрийн тэгш байдал- үндсэн үзэл санаа мөн. Магадгүй энэ нь энгийн олонхийн ардчиллын үед цөөнх нь хохирох утгаар шударга биш байдалд хүргэж болзошгүй.
8. Эхэн үеийн ардчилсан онол радикал өөрчлөлт бололцоотой гэдгийг онцолдог.
Орчин үеийн үзэл санаа
1. Системээ дээдлэх явдлыг онцолж, системээ дэмжин тэтгэх нь гол зорилго мөн.
2.”Хүлээн зөвшөөрөх” үзэл санаанаас татгалзаж, олон түмэнд төр засгаа ерөнхийд нь хянах бололцоо өгч буй зөвшилцлийн харьцангуй сул ойлголтыг бий болгосон.
3. “Сайн сайхан байдал” гэсэн нэгэн зүйл хэзээ ч байдаггүй. Сөргөлдөөн зөвшилцлийн тэнцэл нь улс төрийн бодлого, янз бүрийн сайн сайхан зүйлийг сонгох боломжийн сонголтыг бий болгоно.
4. Хуулийн хамрах хүрээ бага байх ёстой гэсэн санаанаас татгалзсан. Системийг голлож, үндэсний аюулгүй байдал, аж байдлын асуудал харин ч хуулийн хүрээг өргөжүүлэхийг шаардана.
5. Сонирхлын бүлэг бол улс төрийн идэвхитэй үндсэн нэгж мөн. Хувийн сонирхлоос бусад хүний бүх шинжийг үл тооно. Олон нийтийн идэвхигүй, улцгар байдлыг шаардлагатай зүйл гэж үзнэ. Харин улс төрийн бодлоготон их үүрэг гүйцэтгэнэ.
6. Улс төрийн тэгш байдлын үзэл “нэг хүн- нэг санал” гэсэн зарчим аль нэг сонирхлын бүлэгт багтах ижил эрхтэй гэсэн зарчим болон хувирав. Олон ургальч онол нь цөөнхөд тохирох эрх өгдөг учраас тэгш байдал илүү хангагдана.
7.Орчин үеийн онол тогтвортой байдал, системийг хадгалан хамгаалах явдлыг дээдэлж өөрчлөлтийн боломж, үр ашгийг үгүйсгэнэ.
Нийгмийн улс төрийн амьдралыг зохион байгуулах арга хэлбэрийн тухай гурван янзын баримтлалыг ерөнхий байдлаар нь авч үзлээ. Элитийн болон олон ургальч ардчиллын онол дэлхий дахины орчин үеийн улс төрийн сэтгэлгээнд янз янзын хэлбэрээр их дэлгэрчээ.
Өнөөгийн улс төрийн сэтгэлгээнд ардчиллын зарчмуудыг элитийн онолд тусгах замаар уг баримтлалуудын үзэл санаа хосолсон юм. Үнэхээр олон ургальч үзэл дэлгэрсэн чөлөөт нийгэмд нэг талаас улс төрийн нам, бүлэглэл, эдийн засаг, цэргийн элитүүдийн гарт эрх мэдэл төвлөрөх, нөгөө талаас тэдгээрийн онцгой эрх, давуу байдлыг ардчиллын янз бүрийн хэрэгслийн хүчээр хязгаарлах үйл явц хоёр зэрэгцэн явагддаг. Нийгмийн улс төрийн амьдралын энэхүү бодит байдлыг ардчиллын янз бүрийн хэрэгслийн хүчээр хязгаарлах үйл явц хоёр зэрэгцэн явагддаг. Нийгмийн улс төрийн амьдралын энэхүү бодит байдлыг тунгаан ойлгох, түүнийг илүү оновчтой тодорхойлох оролдлого ч улс төрийн шинжлэх ухаанд цөөнгүй гарч байгаа юм.
Орчин үеийн ойлголтоор ардчилал бол төрийн засаглалыг хэрэгжүүлэхэд нийгмийн янз бүрийн бүлгүүдийг тэгш оролцуулах, тэдгээрийн ашиг сонирхлыг зөв зохицуулан улмаар үүссэн зөрчил, сөргөлдөөнийг нийгмийн нэгдмэл байдал, цаашдын хөгжилд хохирол учруулахгүйгээр шийдвэрлэх улс төрийн хэрэгсэл мөн.
Ардчилал нь төрийн эрх мэдлийг улс төрийн аль нэг хүчний онцгой эрх мэдэл болгох замаар дарангуйллын дэглэм тогтоох боломжийг хаах, нийгэмд үүсэх зөрчил, өрсөлдөөнийг цаг алдалгүй зөв шийдвэрлэх нэн чухал нөхцөл мөн. Ардчиллын нөхцөлд нийгмийн гол гол үнэт зүйлсийг нийтээрээ ямар нэг хэмжээгээр хүлээн зөвшөөрч, харилцан зөвшилцөлд хүрэх бодит үндэс бий болдог.
Нийгэмд ардчиллыг хангахад нөлөөлөх гол гол нөхцөл, хүчин зүйлс юу вэ? Улс төр судлаачдын санал нэгтэй байгаа анхны чухал нөхцөл бол иргэний эрх, эрх чөлөөг улс орны хүн амд аль болохоор өргөн эдлүүлэх явдал юм. Иргэний эрхийг өргөн олон түмэнд эдлүүлэх нь ардчиллыг тогтооход үргэлжийн нөлөөтэй зүйл болох нийгмийн гишүүдийн сонирхлыг аль болохоор бүрэн илрүүлэх бололцоог бий болгодог. Ийм бололцоог бий болгодог механизм бол сонирхол, зохион байгуулалтын тодорхой хэлбэртэй болох, өөрөөр хэлбэл улс төрийн нам, байгууллагууд бий болж, эрх зүйн хэм хэмжээгээр зөвшөөрөгдөх явдал юм. Чухамхүү ингэж төрийн эрхийг барьж буй намын бодлого, үйл ажиллагаанд хяналт тавьж шүүмжилдэг, өөрсдийн боловсруулсан улс төрийн бодлогыг сөргүүлэн тавьж өрсөлддөг сөрөг нам, хөдөлгөөн байх явдал онцгой үүрэгтэй. Өөр нэг зүйл бол шаардлагатай үед засгийн газрыг тайван замаар огцруулах боломжийг төрийн хууль тогтоомжид тусгасан байх явдал юм. Энэ нь засгийн газрын үйл ажиллагаанд иргэдийн зүгээс хяналт тавих, тэдний сонирхолд нийцсэн бодлогыг төрөөс явуулахгүй тохиолдолд улс төрийн бусад хүчний дотроос сонголт хийх нөхцөл бүрдүүлдэг нэг гол хүчин зүйл юм.
Эдийн засгийн нөхцөл бас их үүрэгтэй билээ. Хувь хүн, нийгмийн бүлгүүд өөрийн өмчтэй, эдийн засгийн талаар бусдаас хараат биш, бие даасан үйл ажиллагаа явуулдаг байх нь улс төрийн салбарт ч бие даасан хүчин байж бусадтай өрсөлдөх, сонирхолоо үр нөлөөтэй хамгаалах бодит үндэс болно. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн ардчилал баттай байх нь улс төрийн ардчиллын тогтвортой байдлын урьдчилсан нөхцөл болно. Өмчийн олон хэлбэр, зах зээл байхгүй бол дарангуйлал аль нэг хэлбэрээр тогтох бололцоо илүү байдаг нь зүй тогтолт шинжтэй билээ.
Парламент, олон намын системийг зохион байгуулж зохих эрх зүйн хэм хэмжээ тогтоосноор ардчиллыг бүрэн бий болголоо гэж үзэх нь учир дутагдалтай юм. Эдгээр нь хэдийгээр их ач холбогдолтой боловч ардчиллын зөвхөн гаднах, нүдэнд харагдах хэсэг нь юм гэж үзэхэд хилсдэхгүй. Учир нь хүн улс төрийн нийгэмшилтийнхээ явцад ардчиллын хэм хэмжээг эзэмшдэг бөгөөд энэ нь нэлээд хугацааг шаардах болно. Ингэснээр ардчиллын хэм хэмжээ нийгэм, түүний гишүүдийн үнэт зүйлсийн системд багтан орж уламжлал болдог. Энэ нь чухамдаа улс төрийн соёл бүрэлдэж буй хэрэг юм. Ингэж төлөвшсөн улс төрийн соёлгүйгээр ардчилал нь нэн хэврэг бөгөөд түүнд улс төрийн элитийн болон олон түмний зүгээс санаатай буюу санамсаргүй байнгын заналхийлэл учруулж байдаг байна.
Дундад эртний хамжлагын ёсноос сталинизмын дарангуйллын дэглэмд бараг завсаргүйгээр шилжиж өдий хүрсэн манай орны хувьд ардчиллын мөн чанар, агуулга, түүний баталгаа зэрэг олон асуудал нэн чухлаар тавигдах ёстой билээ. Энэ утгаараа иргэдийн улс төрийн соёлыг дээшлүүлэх явдал нийгмийн ардчиллын хувь заяаг шийдэлцэх өнөөдрийн чухал хүчин зүйл болж байна.
АРДЧИЛЛЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН АСУУДАЛ
Ардчиллыг эрт дээр үеэс танин мэдэхийг оролдож, уг асуудлын зүй тогтлыг судлаж ирсэн хэдий ч ардчиллын хөгжлийн үйл явц болон шинээр олон улс орон ардчиллын замд орох тутам түүнийг танин мэдэх асуудал ач холбогдолтой хэвээр байгааг харуулсаар байна. Өнөөдөр ч ардчиллын асуудал, түүнийг тодорхойлогч хүчин зүйлс судлаачдын анхаарлыг татсан хэвээр байгаа билээ. Дэлхийн янз бүрийн бүс нутаг, түүний дотор хуучин социалист улсад болж буй үйл явц ардчиллын өмнөх хөгжилд илрээгүй шинэ онцлогийг харууллаа. Энэ нь ардчиллын “нөхцөлийн” тухай ойлголтонд өөрөөр хандахыг шаардсан юм. Судлаачид ардчиллын хөгжлийн уг үйл явцыг 1970 оны үеэс эхлэн судлахдаа түүнийг “ардчиллын гурав дахь давалгаа” хэмээн нэрийджээ.
Энэхүү үзэл баримтлалд хувь нэмрээ оруулсан эрдэмтэдийн дотроос А.Тоффлер[1], С. Хантингтон[2] нарыг юуны түрүүнд дурьдах хэрэгтэй. Тэрээр, 1970-1990 оны үеийн ардчиллын үйл явцыг түүхэн хөгжил талаас нь өргөн хүрээтэй авч үзсэн билээ.
Энэхүү үзэл баримтлал нь дараах гол угтвар нөхцөлд тулгуурлана.
- Ардчилалд шилжих нь глобал үйл явц юм. Өөрөөр, ардчиллын янз бүрийн хэлбэр, түүнд шилжих үйл явц нь түгээмэл шинжтэй хийгээд энэ бүгд нь дэлхийн нийтийн улс төрийн үйл явцын тодорхой илрэл болно. Ардчилалд шилжих үйл явцын хэлбэр, эрч болон бусад шинж чанарт түүх, эдийн засаг, социал ба соёлын зэрэг зөвхөн үндэсний бус мөн олон улсын хүчин зүйлс нөлөөлдөг байна. Өнөөдөр аль ч улс орон, ардчилсан бус улс төрийн дэглэмтэй ч гэсэн нийтийн ардчилсан хөдөлгөөний нөлөөллөөс ангид байж чадахгүйд ардчилсан үйл явцын глобаль шинж илэрч байна. Ардчиллын гурав дахь давалгаа нь олон улсын харилцааны хүрээг мөн хамраж илүү ардчилсан агуулгатай болгож байна.
- Ардчиллын энэхүү үзэл баримтлал нь ардчиллыг тодорхой үнэт зүйлс хэмээн үзэж байна. Өөрөөр, ардчиллыг тогтоох асуудлыг зөвхөн түүнд хүрэх прагматик, хэрэгслийн талаас бус харин байх ёстой хэрэгцээ гэдэг талаас нь илүү тодорхойлжээ. Ардчилсан байгууллыг практик дээр эдийн засаг, социал асуудлыг шийдвэрлэх явдалтай холбодог. Гэтэл өнөөдөр ардчиллыг өнөөгийн нөхцөл байдалд илүү тохирсон улс төрийн дэглэм гэхээсээ илүү хүмүүсийн хэрэгцээ юм гэж үзжээ. Тийм ч учраас эдийн засгийн хямралын нөхцөлд ч гэсэн ардчилал харьцангуй тогтвортой байдаг нь батлагдсан билээ.
- Уг үзэл баримтлал нь ардчилсан дэглэмийн хэлбэр олон хувилбартай байж болно гэдэгт тулгуурладаг. Үүнтэй холбоотой дараах асуудал гарч ирсэн. Эдүгээ дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, баримтлаж ирсэн ардчиллын либерал загварын давуу ба сул талыг шүүн тунгаах. Хоёрт, ардчиллын бусад хэлбэрийн илрэлийг судлаж, тэдгээрт хүлээцтэй хандах.
- 20-р зууны эцэст болж буй улс төрийн өөрчлөлт нь ардчиллах үйл явцаар дуусаж байгаа биш бөгөөд ардчиллын түүх үүгээр эцэслэхгүй. Энэ утгаараа, уг үзэл баримтлал нь ардчиллын үйл явц бол уналт сэxэлтийг хосолсон үзэгдэл гэдэгт тулгуурлана. Өөрөөр, зарим улс ардчилалд шилжиж байхад, зарим улс ардчиллаас ухарч болох бөгөөд 21-р зуунд ардчиллын дөрөв дэх давалгаа илэрч болох юм. Тийм ч учраас, улс төрийн онолд ардчиллын шинэ хэлбэрийн хөгжлийг урьдчилан харах хандлага илэрч байна.
- Ардчилалд хүрэх хөдөлгөөн эргэж буцалтгүй үзэгдэл болсон гэдэгт бүрэн итгэлтэй байна. Энэ үүднээс хүний ардчилсан мөн чанар, агуулгын тухай үзэл санааг гаргаж тавьжээ.
Дэлхий дээрхи орчин үеийн ардчилал нь улс орон, бүс нутгийн хувьд жигд биш байдлаар тогтож иржээ. Бүхэлдээ ардчиллын хөгжлийн гурван удаагийн давалгааг тэмдэглэдэг. Тус бүр нь өөрийн түүхэн нөхцөл байдал, онцлог, ардчилал бэхжсэн учир шалтгаан болон ардчиллыг тогтоох нэг ёсны туршилтаараа өөр өөр юм. Судлаачид эдгээр давалгааны цаг хугацааны зааг, ардчилал тогтсон хийгээд тогтоогүй улс орны тоо зэргийг өөр өөрөөр гаргадаг. Энэ нь ардчиллын талаархи үзэл баримтлал, ардчилсан хөгжлийн үзүүлэлт зэрэг асуудалд өөр өөрийн байр сууринаас ханддагтай холбоотой. С.Хантингтоны судалгааг жишээ болгож үзье.
Жил | Ардчилал тогтсон улс | Авторитар дэглэм буцаж тогтсон улс |
1-р давалгаа1820-19261926-1942 | 29 | 12 |
2-р давалгаа1942-19621960-1975 | 36 | 6 |
3-р давалгаа1975-……… | 40 орчим | 4-5 орчим |
Ардчиллын эхний давалгааны үед парламентат ёс, намын систем, сонгох эрх зэрэг нь бий болжээ. Ардчиллын ололтоо алдсан улсад болсон үйл явдал нь фашизм тогтож, улс төрийн хувьд шинэ үзэгдэл болсон тоталитаризм бий болсонтой холбоотой. Ардчиллын хоёр дахь давалгаа нь дэлхийн хоёр дугаар дайны үед эхэлжээ. Энэ нь фашизмыг ялсан болон колонийн эсрэг хөдөлгөөнтэй холбоотой. Ингэснээр, 1960-аад он гэхэд 36 улс энэ тоонд нэмэгдсэн юм. Энэ үед Грек, Чили зэрэг зарим улсад цэргийнхний дэглэм тогтож ардчиллаас ухрах хандлага бий болжээ.
Ардчиллын гурав дахь давалгаан нь Грек (1974), Португал (1975), Испанид (1977) авторитар дэглэмийг устгаснаар эхэлжээ. Үүний дараа Латин америкд Доминиканы БНУ (1975), Гондурас (1982), Перу (1988), Ази тивд Турк (1983), Филиппин (1986), Өмнөд Солонгос (1988) зэрэг улсыг хамраж, эцэст нь социалист гэгдэж байсан улсуудад ардчиллын салхи хүчтэй үлээсэн билээ.
Судлаачдын тэмдэглэснээр, ардчиллын гурав дахь давалгаа нь дараах нөхцөл байдалтай холбоотой.
- Авторитар дэглэмийн хууль ёсны болох гэсэн оролдлого бүтэлгүй болж, улс төрийн бодлого нь эдийн засгийн, цэргийн бодлогоос шалтгаалан амжилтанд хүрээгүй явдал.
- 60-аад оны эдийн засгийн хүчтэй өсөлтийн улмаас амьдралын түвшин зарим улсад өсөж, боловсролын түвшин дээшилсэн хийгээд хотын дунд ангийн эзлэх жин нэмэгдсэн явдал.
- Католик шашны номлол, үйл ажиллагаанд 1963-1965 онд гарсан гүн гүнзгий өөрчлөлтийн дагуу сүм хийдээс авторитар дэглэмийг эсэргүүцэх болсон явдал.
- Олон улсын тавцан дээр Европын нийгэмлэг, АНУ, ЗХУ-ын бодлого дахь өөрчлөлт.
- Энэ үед ардчилалд шилжиж эхэлсэн улсын нөлөөлөл нь ардчилсан үйл явцад өөрийн загварыг дэвшүүлж харуулсан явдлаар хүчтэй илэрсэн.
Мэдээж хэрэг, энд яригдаж буй нөхцөлүүд ардчиллах үйл явцын хамгийн ерөнхий утгыг илэрхийлэх бөгөөд үүнийг бүс нутаг эсвэл тодорхой нэг улсын хувьд үзвэл өөрийн онцлог байдлаар илрэх билээ. Энд уг нөхцлүүдийн харьцангуй шинж нь илэрч, ардчиллын гурав дахь давалгааны онцлог нь тодрох юм. Эл давалгааны хүчин зүйлсийг судлахдаа судлаачид дараах асуудлыг голлож байна.
- Ардчилал ба эдийн засаг
Ардчилал хөгжиж бэхжихтэй холбоотой нийтлэг хүчин зүйлсийг судлахдаа судлаачид тухайн улсын түүхэн эсвэл соёлын агуулгын нөлөөг нэг их анхаардаггүй тал байдаг. Нийтлэг хүчин зүйлс нь голлох үүрэгтэй гэснээр ардчилалд шилжих тухайн онцлогийг анзаарахгүй байх явдал гардаг. Жишээлэхэд, ардчиллын хөгжил эдийн засгийн хөгжилтэй хэрхэн уялддаг вэ? Эдийн засгийн өсөлтийн дүнд ардчилал бий болох уу? Ардчилал эдийн засгийн өсөлтөнд хүргэх үү? зэрэг асуудал үүнтэй холбоотой.
Ардчиллын түвшин эдийн засгийн хөгжлийн түвшний хооронд маш хүчтэй хамааралтай байдгийг бүгд онцлоно. Газрын тосоор баян улсыг оролцуулалгүй үзэхэд дэлхийн чинээлэг бүх улс ардчилсан улс бөгөөд Энэтхэг зэрэг ганц хоёр улсаас бусад бүх ядуу улс ардчилсан бус хэвээр байна. Эдийн засгийн дундаж хөгжилтэй улсууд гэхэд зарим нь ардчилсан зарим нь ардчилсан бус байх жишээтэй.
Зарим судлаачдын үзэж байгаагаар эдийн засгийн хөгжил ардчиллах үйл явцад хүчтэй эерэг нөлөө үзүүлдэг. Товчоор үүнийг илэрхийлбэл, ардчиллыг бий болгохын тулд эдийн засгийн хөгжлийг хангах хэрэгтэй. Учир нь, эдийн засгийн өсөлт хотжих, бичиг үсэг тайлагдах, боловсролын түвшин нэмэгдэх зэрэг нөлөөлнө. Ингэснээр ажил мэргэжлийн бүтцэд өөрчлөлт орж, дунд анги эсвэл хотын ажилчин ангийн шинж чанарт нөлөөлнө. Эдгээр анги нь тэдгээрт хандаж буй улс төрийн бодлогод оролцох, нөлөөлөл үзүүлэхийг илүү сонирхох болно. Боловсролын өндөр түвшинтэй үед тэд өөрсдийн үйлдвэрчний эвлэл, улс төрийн нам, бусад Иргэний сонирхлын байгууллага байгуулах боломжтой болно. Нөгөө талаас, эдийн засгийн өсөлт нь эдийн засгийг зохицуулахад хүндрэлтэй болгодог бөгөөд захиран тушаах системийн жишээгээс үзэхэд түүнд төр хяналт тавьж чадахаа бүр больдог байна. Төр хяналтаа сулруулж эхлэхэд санхүү, технологи, харилцаа холбоо зэрэг асуудлыг хянадаг бие даасан засаглалын төвүүд үүсдэг. Энэ байдлыг мэдэрсэн эдийн засгийн бүлэглэл улс төрийн системд өөрийн нөлөөллийг нэмэгдүүлж, цэргийн, нэг намын эсвэл нэг дарангуйлагчийн нөлөөлийг сулруулахыг эрмэлзэж эхлэнэ. Энэ замаар явахад эхний үед орлогын тэгш бус байдал бий болдог ч алсдаа энэ байдалд өөрчлөлт орон тэгш байдал руу чиглэх хандлага ихэнхи тохиолдолд ажиглагдсан байна. Ардчилал эдийн засгийн бүрэн төгс тэгш байдлыг хангах боломжгүйн адил аж байдал, орлогын хувьд тэгш бус их зөрүүг бий болгодоггүй. Эдийн засгийн өсөлт нь өөрөө энэ тэгш бус байдлыг багасгаж ардчилалд нөлөөлөх аюулыг багасгана.
Энд тодорхой зүй тогтол ажиглагдана. Эдийн засгийн өсөлт дундаж түвшинд ойртох тусам улс төрийн системийг илүү нээлттэй, ардчилсан болгоход нөлөөлдөг. Судлаачдын үзэж байгаагаар энэ хандлагын үүднээс ирээдүйд Зүүн болон Зүүн Өмнөд Ази зэрэг эдийн засгийн хөгжлийн хурдац ажиглагдаж байгаа бүс нутагт ардчилалд шилжих явц илүү байна.
- Ардчилал ба соёл
Орчин үеийн ардчилал нь өрнөдийн соёлоос улбаатай. Энэ нь хэдэн зууны түүхтэй социал олон урьгалч байдал, ангийн систем, иргэний нийгэм, хуулийн зохицуулалт, төлөөллийн байгууллага, хүний бие даасан байдал зэрэгтэй холбоотой. XVII-XVIII зууны үед энэ бүгд нь язгууртны улс төрийн оролцоог нэмэгдүүлэх тэмцэл, дунд ангийн өсөлттэй уялдаж XIX зууны ардчиллын хөгжилд нөлөөлжээ. Дээр дурьдагдсан соёлын шинж бусад иргэншилд илэрсэн боловч нэгдмэл байдлаар зөвхөн Өрнөдөд илэрсэн гэж үздэг бөгөөд энэ нь орчин үеийн ардчилал Өрнөдийн соёлтой шууд холбоотойг тайлбарладаг. Ардчиллын гурав дахь давалгааны нэг том амжилт бол өрнөдийн иргэншлийн ардчилал өөрийн түгээмэл шинжээ батлаж чадсанд орших бөгөөд энэ давалгааны ачаар ардчилал одоо Өрнөдийн бус нийгмүүдэд илүү түгэх болно гэж үздэг байна.
- Ардчилал ба сонгууль
Ардчилал бол засаглалыг бүрдүүлэх, тэдгээрт хариуцлага хүлээлгэх нэгэн хэрэгсэл юм. Бусад системд олон түмэнд заяах удирдагчид нь гарал үүсэл, томилолт зэргээр бий болдог. Ардчиллын үед удирдагч удирдуулагч хоёр аль аль нь ижил эрхтэй. Шийдвэр гаргагчид өрсөлдөж олон түмний шудрага сонголтын дунд засаглах эрхээ тодорхой хязгаар бүхий хугацаанд олж авдаг. Энэ утгаараа сонгууль бол ардчиллын мөн чанар юм. Гэвч сонгууль бүр ардчиллыг бий болгох уу? “Journal of Democracy” сэтгүүлд бичсэн нэгэн өгүүлэлд[3] либерал ардчилал, сонгуулийн ардчиллын ялгааны асуудлыг хөнджээ. Либерал ардчилалд сонгуулиас гадна гүйцэтгэх эрх мэдлийн өндөрлөг, бие даасан шүүх, хувь хүний эрхийн хамгаалалт, цөөнхийн эрхийн баталгаа, засгийн эрх барьж буй намын сонгуульд нөлөөлөх боломжийн хязгаар, цагдаагийнхний мөрдлөгийн хүрээг хуулиар тогтоосон, цензургүй байдал, хэвлэл мэдээллийг төрөөс хамгийн бага хянадаг зэрэг асуудал хүчтэй тавигддаг. Сонгуулийн ардчилалд засгийн газар тодорхой чөлөөт, шудрага сонгуулиар бий болдог боловч либерал ардчилалд байдаг шиг эрх, эрх чөлөөний олон баталгаа байдаггүй байна. Зохиогчийн тооцоолсноор сонгуулийн ардчилалтай улсын тоо сүүлийн жилүүдэд өсөж харин либерал ардчилалтай улсын тоо тогтмол хэвээр байгаа ажээ. Эдүүгээ 118 орон сонгуулийн ардчилалтай байгаа хэдий ч тэдгээрийн зөвхөн 79 нь чөлөөт буюу либерал ардчилалтай гэжээ. Сонгогддог засаглалтай боловч “хагас чөлөөт” гэгдэх 39 орны дотор Орос, Энэтхэг, Украин, Турк, Бразил, Пакистан зэрэг том улс багтаж байна.
Ингэснээр сонгуулийн ач холбогдлыг янз бүрээр үзэх хандлага ч ажиглагддаг. Тухайлбал, хүмүүс засгийн эрх баригчдыг эсэргүүцэх, шүүмжлэх, зохион байгуулах, лоббидох зэрэг эрх чөлөөтэй бол сонгууль нэг их шаардлагатай зүйл биш юм гэнэ. Нөгөө нэг нь нийгмийг ардчиллах үйл явцад чөлөөт сонгуулиас чөлөөт хэвлар илүү гэдгийг нотлоно. Сонгуультай холбоотой бидний анхаарлыг татах ёстой асуудлын нэг бол өрнөдийн болон өрнөдийн бус улсад явагддаг сонгуулийн онцлог юм.
Өрнөдийн бус улсад сонгуулиар гарсан улс төрийн удирдагч эсвэл бүлэглэл эргээд ардчилалд сөргөөр нөлөөлөх хандлага гардаг. Латин Америкийн, хуучин ЗХУ-ын зарим улсуудад цөөн тохиолдолд засгийн эрх баригчид ардчилсан бус арга замыг сонгож захиран тушаах механизмыг ашигласаар байна. Тэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулан өөрсдийн засгийн эрхэнд байх хугацаагаа сунгах зэрэг үйлдэл хийж байгаа нь жишээ болно. Өрнөдийн бус улсад либерализмын уламжлал тогтоогүйн улмаас хувь хүний эрхэд бага анхаарал хандуулах, цөөнхийг дарамтлах, хэвлэлийн эрх чөлөөнд халдах зэрэг явдал илэрдэг.
Үүнээс гадна сонгуулийн явцад яс угсаа, манайхаар нутгархах, шашин, үндсэрхэг үзэл зэрэгт илүү анхаарлаа хандуулдаг нь их байна. Ингэснээр хачирхалтай үзэгдэл ажиглагддаг гэжээ. Өрнөдийн соёл иргэншлийн нэг том ололт болох ардчилсан тогтолцоог өөртөө бүрэлдүүлэх явцдаа өрнөдийн эсрэг чиглэсэн хүчнийхнийг сонгуулиар гаргаад ирэх нь цөөнгүй байна. Энэ нь лалын ертөнцөд хүчтэй илэрдэг нь нууц биш юм.
Либерал бус улс төрийн системд сонгууль өөрийн тодорхой үүргээ гүйцэтгэдгийг социалист гэгдэж байсан улсын түүх болон өнөөдрийн Иран улсын жишээ харуулсаар байгааг бас анхаарах хэрэгтэй.
Энэ бүгдээс үзэхэд ардчилал хөгжин тогтох үйл явцыг дэлхий нийтийн үзэгдэл болон хувирсан нь нэгэнт тодорхой болжээ. Энэ явцад ардчиллын өөрийн түгээмэл зүй тогтолын зэрэгцээ тухайн улс, бүс нутгийн онцлогийг илэрхийлсэн байдлаар ардчиллын хөгжил өөрөө улам баялаг шинжтэй болсоор байна. Ардчиллын хөгжлийг сонгож авсан улс бүр хэдийгээр өөрийн гэсэн “хувилбарыг” илүүд үзэж байгаа боловч либерал ардчиллын чиглэлийг сонгож авах нь илүү магадлалтай байна гэдэгт судлаачид санал нэгтэй байсаар байна.
[1] Toffler A. The Third Wave. NY, 1980
[2] Huntington S. Democracy’s third wave (Journal of Democracy. Spring 1991, The Future of the Third Wave) Journal of Democracy. Oct.1997
[3] Larry Diamond, “Is the Third Wave Over” Journal of Democracy 7 (Jun 1996) 20-37