А.Пагма
/УТБА-ийн багш-эрдэм шинжилгээний ажилтан/
Шинэ толь №21, 1998
Түлхүүр үг: Улс төрийн систем, Эрх ашиг, Нийгэмшилт, Ардчилал
Улс төрийн тогтвортой байдал нь тухайн нийгэм дэх улс төрийн голлох хүчнүүд нийгмийн хөгжлийн зорилго, түүнд хүрэх арга замуудын талаар харьцангуй санал нэгтэй байгаа нийгмийн байдлыг илэрхийлнэ. Энэхүү байдал нь нийгмийн социал бүлгүүдийн эрх ашиг, сонирхлын нийцэл болон солбицолын тэнцвэрийг зохицуулах, болзошгүй зөрчлийг зөвшилцлийн үндсэн дээр шийдвэрлэхэд тулгуурладаг билээ.
Улс төрийн тогтвортой байдлыг хангахад тодорхой нөхцлүүд зайлшгүй шаардлагатай нь ойлгомжтой. Үүнд юуны өмнө эдийн засгийн тогтвортой өсөлт, түүнийг дагалдан хүн амын дундаж давхараа нэмэгдэх, нийгмийн улс төрийн соёлд зохих өөрчлөлтүүд гарч, ялангуяа иргэдийн олонхи нь ардчилсан үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрөх, энэ үндсэн дээр эрх ашиг, зорилго, байр суурийн ялгаа, зөрчлийг зохицуулдаг байх, хуулийг дээдлэн үзэх үзэл төлөвших зэрэг хүчин зүйлүүд хамаарна.
Аливаа улс орны хувьд улс төрийн системийг тогтвортой бүхэл бүтэн нэгдэлтэй байлгах нь тухайн нийгмийн цаашдын хөгжлийн гол хүчин зүйлийн нэг юм. Учир нь нийгэм дотроо зөвшилтэй, хүмүүс тайван амьдрах нөхцөл бүрдсэн үед л улс орны өмнө тавигдсан зорилтуудыг нэгдсэн хүчин чармайлтаар шийдвэрлэх бололцоотой болно.
Иймд өнөөдөр манай орны туулж буй шилжилтийн хямралт энэ үед, нийгмийг ийм байдлаас гаргаж, цаашдын зорилтуудыг амжилттай шийдвэрлэхэд нөлөөлөх чухал нөхцөл болсон нийгмийн тогтвортой байдлыг хангах асуудал төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч гол улс төрийн хүчнүүдийн анхаарлын төвд зүй ёсоор тавигдах ёстой.
Тухайн нийгэмд нийтээр хүлээн зөвшөөрсөн, дагаж мөрдвөл зохих улс төрийн үйл байдлын хэм хэмжээ төрийн мэдлэг, үнэт зүйлс, чиг баримтлалд нийгмийн гишүүдийг сургахгүйгээр ямар ч улс төрийн систем тогтвортой, найдвартай хөгжиж чадахгүй гэж улс төр судлаачид үздэг билээ. Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, үнэт зүйлсийн систем нь тухайн нийгмийн улс төрийн соёлтой шууд холбоотой. Учир нь улс төрийн ямар ч систем нь нийгмийн гишүүдийн тодорхой сэтгэл зүйн орчинд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд хүмүүсийн улс төрийн оролцоо, үйл байдлын чиг баримжааг тодорхойлдог, зан байдал, сэтгэл санаа, үзэл бодол, уламжлал, үнэт зүйлийг агуулсан энэ орчинг судлаачид улс төрийн соёл гэж нэрлэдэг билээ. Тийм ч учраас нийгмийн тогтвортой хөгжлийг хангах иргэдийн улс төрийн оролцооны нэг чухал хүчин зүйл нь улс төрийн соёлын тухай асуудал байдаг.
Монголын нийгэм 70 жилийн туршид байгуулсан нийгмийн тогтолцооноосоо татгалзаж түүнийг үндсээр нь өөрчлөх үйл явц явагдаж байгаа энэ үед энэ жилүүдийн туршид хүмүүсийн үнэт зүйл болж ирсэн “социализм”, коммунизм”, “нийгмийн өмч”, “хамтач үзэл”, “нэг үзэл суртал”, “нийгэм, хамт олны эрх ашиг”, “гэрэлт ирээдүй”, “социализмын үеийн шинэ хүн”, “цул бат нэгдэл” зэрэг үнэт зүйлсийн тогтолцоо нурж, шинэ үнэт зүйлс, оюуны чиг баримжаа төлөвшөөгүй улс төрийн систем, улс төрийн институтууд, тэдгээрийн үйл ажиллагааны арга, зүй тогтлын талаар мэдлэг нимгэн, хуулийг дээдлэх, түүнд захирагдах уламжлал сул, одоогийнхоо байдалд сэтгэл хангалтгүй, ирээдүйдээ итгэлгүй байгаа байдал, түүнчлэн нийгмийн өмнө тавигдаж байгаа зорилтуудыг хэрэгжүүлэх арга замын талаар тодорхой төсөөлөлгүй байгаа зэрэг нь энэ шилжилтийн үеийн улс төрийн соёлыг тодорхойлж байна гэж хэлж болно.
Ийм байдал нь нийгмийн ардчилсан улс төрийн соёлыг төлөвшүүлэх асуудал өнөөдөр төр, засгийн бодлогын хэмжээнд тавигдах ёстой болохыг харуулж байна. Энэ нь юуны өмнө улс төрийн соёлыг төлөвшүүлэх гол “агентууд” болох төр, улс төрийн намууд, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, шинжлэх ухааны байгууллагуудын (оюун санааны үйлдвэрлэгчид) өмнө тавигдаж байгаа чухал зорилт юм.
Зах зээлийн эдийн засаг хөгжсөн орнуудад бизнес нь улс төрийн соёлыг төлөвшүүлэх нэг чухал агент болдог бөгөөд зах зээл нь нийгэм, улс төр, эдийн засгийн харилцааг зохицуулдаг гол механизм болдог нь ч ойлгомжтой. Ийм нөхцөлд зах зээлийн улс төрийн соёлын хэв маяг голлож ажил хэрэгч хүмүүс улс төрийн бодлого, улс төрийн соёлыг төлөвшүүлэхэд нэлээд зонхилох үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь “дүүрэн хэтэвчтэй хүмүүс ерөнхийлөгч, ерөнхий сайдын болон бүхэл бүтэн ард түмний хувь заяаг шийддэг гэдэгт Гол нь биш, улс төрийн үйл ажиллагаа, нийгмийн бүлгүүдийн бодит сонирхолд үндэслэгдэгт л чухал нь оршдог байна. Нэгэнт манай орон зах зээлийн эдийн засагт шилжих замыг сонгосон нөхцөлд энэ байдлыг ч гэсэн харгалзаж үзэх нь зайлшгүй юм.
Улс төрийн ардчилсан соёлыг төлөвшүүлэх явцад юуны өмнө ардчилал, эрх чөлөө, тэгш эрх, бие даасан байдал, хуулийг хүндэтгэн үзэх зэрэг ардчилсан үнэт зүйлийг иргэдийн үнэт зүйлийн системд оруулах, тэднийг тодорхой улс төрийн ролийг эзэмшүүлж сургах нь чухал юм. Энэ үйл явц зайлшгүй улс төрийн нийгэмшилтийн (political socialization) механизмаар дамжих бөгөөд энэ нь өөрөө нийгмийн үнэт зүйл, хэм хэмжээ, зарчим, үйл байдлын хэв маягийг нэг үеэс нөгөө үед дамжуулан өвлүүлэх үйл явц билээ. Өөрөөр хэлбэл, нийгмээс хувь хүнд улс төрийн соёл, нийгмийн үнэт зүйлийг дамжуулан өгөх үйл явцын дүнд хувь хүн тодорхой улс төрийн рольд суралцахыг улс төрийн нийгэмшилт гэж эрдэмтэд тодорхойлдог.
Улс төрийн нийгэмшилт нь гэр бүл, үе тэнгийнхний дунд, сургууль, улс төрийн байгууллага зэрэг амьдралын янз бүрийн хүрээнд хүмүүжлийн, мөн өөрийн нь улс төрийн үйл ажиллагааны туршлагын явцад хэрэгждэг.
Нийгэмшилт нь ихэнхдээ төрийн удирдлага, нөлөөллийн дүнд явагддаг боловч ардчилсан оронд гол төлөв өөрийнхөө жам ёсоор ямар нэг шахалтгүйгээр явагддаг байна. “Зөв” нийгэмшүүлэх гэж хатуу бодлого явуулдаг улс гүрэн байдаг ба үүнийг нийгэмшилт гэхээс илүү индокриноци буюу номлолд оруулах гэнэ.
Харин улс төрийн тогтолцоонд суурь өөрчлөлт гарах үед улс төрийн нийгэмшилтийн тухай асуудал онцгой чухлаар тавигддаг. Посткоммунист орнууд ардчилалд шилжиж буй үйл явцыг (political transformation) судалдаг өрнөдийн улс төр судлаачид шилжилтийн олон янзын загварыг санал болгодог бөгөөд тэд энэ шилжилтэд дахин нийгэмшилтийн (resocialization) үйл явц чухал ач холбогдолтой болохыг тодорхойлсон байна. Тухайлбал, америкийн Г.О’Доннел, Ф.Шмиттер нар ардчилалд и Шилжилтийг либералчлал, ардчилал, дахин нийгм.. гэсэн гурван үе шат болгон хувааж сүүлчийн шат во дахин нийгэмшилт нь иргэд улс төрийн ардчилсан vйл а болон зохион байгуулалттай дахин нийгэмшүүлэх у явцын дүнд улс төрийн шинэ соёл, үнэт зүйлс, үйл байдлын Шинэ хэв маяг, хэм хэмжээг эзэмшин харилцааны шина системд идэвхтэй оролцогчид болон төлөвших үе шат гэж үзжээ. Хүмүүс дахин нийгэмших буюу тэдэнд шинэ үнэт зүйл, байр суурь төлөвших, нийгэмд улс төрийн шинэ соёл бий болох үйл явц хялбар явагдахгүй нь тодорхой. Улс төрийн тоталитар тогтолцооноос ардчилсан тогтолцоонд Шилжиж буй манай орны хувьд иргэдэд ардчилсан үнэт зүйлийг төлөвшүүлэхэд бүх талын анхаарал тавьж, энэ талаар дорвитой арга хэмжээ авах нь шинээр үндэс суурь нь тавигдаж буй улс төрийн ардчилсан системийг бататган бэхжүүлэхэд шийдвэрлэх ач холбогдолтой.
Улс төрийн нийгэмшилтийн гол агентууд нь гэр бүл, үе тэнгийнхний хүрээлэл, сургууль, залуучуудын байгууллага, арми, нийгэм-улс төрийн байгууллага буюу намууд, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд, урлаг, утга зохиол болно.
Хувь хүний улс төрийн нийгэмшилтэд ялангуяа гэр бүл чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тэр нь гэр бүлд нийт хүмүүжлийн үйл явцын бүрэлдэхүүн хэсэг болон явагддаг. Эх, эцэг, гэр бүлийн ахмад гишүүд нь хүүхдэд анх удаа улс төрийн амьдралд оролцох болон үл оролцох тухай мэдээллийг өгч улс төрийн тодорхой үзэл бодол, үйл байдлын нөлөөллийг үзүүлдэг ба үүнийг гэр бүл дэх шууд улс төрийн нийгэмшилт гэж нэрлэдэг.
Үүний зэрэгцээ гэр бүлд шууд биш улс төрийн нийгэмшилтийн үйл явц явагддаг. Тухайлбал, гэр бүлд эх эцгээ гүн хүндэтгэдэг уур амьсгалыг бий болгох нь хожим тухайн хүүхэд нэр нөлөө бүхий хүмүүс, үүний дотор улс төрийн нэр хүндтэй хүмүүст хэрхэн хандах хандлага бий болдог. Гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцааны шинж төлөв нь бие даасан амьдралд хувь хүний улс төрийн үйл байдлын шинжүүдийн эхлэлийг тавьдаг. Жишээ нь, өөрийн үзэл бодолтой нийцэхгүй асуудлыг тайван хэлэлцэж, бусдын үзэл бодлыг хүндэтгэн үзэх, эсвэл ширүүн догшин зан авиртай, өөрийнхөөрөө зүтгэдэг зэрэг шинжүүд нь эхлээд л гэр бүлийн нөхцөлд бий болдог байна. Нэг үгээр хэлэхэд гэр бүлд иргэн хүний ирээдүйн улс төрийн төлөв байдлын гол шинжүүд бүрэлддэг гэж хэлж болно.
Гэхдээ мэдээж гэр бүлийн нөлөөлөл нь нийгмийн эзгүй хоосон орон зайд бус улс төрийн нийгэмшилтийн бусад хэрэгслүүдтэй нягт уялдаатай явагддаг юм. Хэрэв энэ харилцааны нөлөөлөл нь ижил байх юм бол улс төрийн нийгэмшилт жам ёсоор явагддаг. Харин эдгээр нөлөөллүүд нь эсрэг тэсрэг шинжтэй байвал энэ нь хожмын зөрчил бий болох үндэс болж тухайн хүн нийгмийн орчинтойгоо нийц муутай болох боломжийг агуулдаг.
Гэр бүлийн зэрэгцээ хувь хүний ирээдүйн улс төрийн үйл байдлын төлөвшилд үе тэнгийнхний хүрээлэн буюу бүлгийн нөлөөлөл чухал үүрэгтэй. Учир нь үе тэнгийнхний дунд хүүхэд анх удаа гэр бүлийн хүрээнд тусгаж авсан үзэл бодлоо бусдын үзэл бодолтой харьцуулж үзэх боломжтой болдог. Ингэснээр хүүхэд ахмад хүмүүсийн хяналтаас гадна өөрийн үзэл бодолтой байж түүнийгээ илэрхийлэх орчинтой болдог байна. Мөн үе тэнгийнхний бүлэг нь дотроо өөрийн үйл байдлын төлөв, хэм хэмжээ, үнэт зүйлсийн зарчимтай байдаг нь хүүхдийн улс төрийн нийгэмшилтэнд тодорхой үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлдэг.
Улс төрийн нийгэмшилтэнд гэр бүл болон, үе тэнгийнхний бүлгийн үзүүлэх нөлөөлөл нь улс төрийн системийн зүгээс нийгэмшилтийг явуулдаг байгууллагуудын үйл ажиллагаанаас гадуур явагддаг боловч тухайн хүний бүхий л амьдралын туршид чухал үүрэг рольтой байхуйц нөлөөллийг үзүүлдэг болох нь улс төр судлаачдын явуулсан олон эмпирик судалгаагаар нотлогджээ.
Залуу үеийн улс төрийн нийгэмшилтэнд дунд сургууль чухал үүрэг гүйцэтгэдэг болох нь тодорхой билээ. Чухам энд л хүүхэд ардчилсан нийгэм, тоталитар нийгмийн зарчмын ялгаа, улс төр гэж юу вэ?, ардчилсан үнэт зүйлс, ардчилсан нийгмийн гишүүдийн эрх, үүрэг, иргэн хүн төртэй хэрхэн харилцах вэ?, зах зээлийн эдийн засгийн үндсэн ойлголтууд, аж ахуй эрхлэхэд хэрхэх зэрэг улс төрийн боловсрол, зах зээлийн эдийн засгийн шинжлэх ухааны цэгцтэй суурь мэдлэг олж авах ёстой. Үүний тулд дунд сургуулийн нийгмийн ухааны хичээлүүд, ялангуяа нийгмийн тухай мэдлэг хичээлийн агуулгыг шинэчлэж, орох цагийг нэмэгдүүлэх, шаардлага хангахуйц сурах бичиг, гарын авлагаар хангах, багш нарыг нь зохих түвшинд бэлтгэх, давтан сургах асуудал нийгмийн ухааны салбарын шинэчлэх хүрээнд нэн даруй хийгдэх шаардлагатай болжаа
Нийгэмшилтийн үе шатны тухай эрдэмтэд олон янзаар үздэг боловч энэ нь хүний амьдралын бүхий л үеийг хамарсан урт удаан үйл явц гэж олонх нь үздэг байна Насанд хүрсэн хүний улс төрийн нийгэмшилт нь хэрхэн явагддаг нь одоогоор бага судлагдсан бөгөөд судлаачид ямар ч байсан 15 нас хүрснээр энэ үйл явц дуусахгүй, хүний амьдралын туршид нийгмийн янз бүрийн бүлгийн бүрэлдэхүүнд улс төрийн амьдралд оролцон туршлагажихын хэрээр үргэлжилдэг гэж үздэг.
Улс төрийн нийгэмшилтийн үйл явц нь нийгмийн харилцааны шинж чанар, улс төрийн соёлын түвшин, “тухайн үеийн онцлогоос” зөвхөн хамаараад зогсохгүй нийгэмшигдэж буй субъектын сэтгэл зүйн онцлогоос ихээхэн хэмжээгээр хамаардаг байна. Энэ хүчин зүйлийн улмаас тодорхой хүний нийгэмшилт эрт, орой дуусаж, үгүй бол нэлээд урт хугацаатай байж болдог бөгөөд үүний цаана оршиж байгаа зүй тогтлуудыг эрдэмтэд судлах ажил үргэлжилсээр байна.
Иймд иргэн хүний улс төрийн бодлогод татагдан орох үйл явц нь маш нарийн ээдрээтэй, олон үе шаттай механизм юм. Энэ нь нэг талаас улс төрийн нийгэмшилтийн явцад хүний нийгэмшилтийн олон хүчин зүйл, агентууд нөлөөлж, эдгээрээс ухамсарлагдсан ба ухамсарлагдаагүй байдлаар хүнд гаднаас нөлөөлөх тодорхой систем үүсдэг. Нөгөө талаас хүн эдгээр гаднын нөлөөлөлд харш үйлдэл үзүүлэх өөрийн дотоод механизмтай, өөрөөр хэлбэл тэдэнд санал болгож буй хэд хэдэн улс төрийн байр сууринаас өөрсдийнх нь итгэл үнэмшил, дотоод ертөнцөд нийцэх чиглэлийг сонгон авдаг.
Улс төрийн нийгэмшилтийн хямрал нь юуны өмнө нийгмийн улс төрийн систем, нам, байгууллагууд, улс төрийн институтуудын түвшинд төр, засагт итгэх итгэл алдрах, тэдгээрийг дэмжихээс татгалзах, улс төрийн амьдралд оролцохгүй байх, улс төрийн үйл явцад өөрийнх нь оролцоо нөлөөлнө гэдэгт үл итгэх зэрэг байдлаар болон хэт даварсан, хүчирхийлэл, аллага хядлагын хэлбэрээр ч илэрдэг юм.
Улс төрийн системийн хямрал нь хувь хүнд нөлөөлж тогтсон хүрээнд өөрийгөө авч явах нь хүндрэлтэй болдог бөгөөд нэг бол хувь хүн албан ёсны улс төрийн бодлогыг хүлээж авахгүй байх, эсвэл албан ёсны улс төрийн бодлого нь түүнийг үгүйсгэх байдалд хүргэдэг байна.
Энэ нь юуны өмнө иргэн хүнийг бий болгон төлөвшүүлсэн нийгэм улс төрийн орчин аж байдал эрс өөрчлөгдөж, ахмад үеийн мэдлэг туршлага, соёлын үнэт зүйлсийг залуу үед өвлүүлэн өгөх явдал төвөгтэй болох төдийгүй эдгээр үнэт зүйлс нь ч өөрчлөгдөх нийгмийн шаардлага бий болсон явдалтай шууд холбоотой юм.
Улс төрийн нийгэмшилтийн дүнд шийдвэр гаргадаг улс төрийн зүтгэлтнүүд болон тэдэнд өөрийн дэмжлэг, эсвэл үл итгэж байгаагаа илэрхийлдэг жирийн иргэдийн улс төрийн сэтгэлгээ, үйл байдлын логик төлөвшин тогтдог билээ.
Ийм ч учраас улс төрийн нийгэмшилт нь олон түмний улс төрийн үйл байдал, ухамсрын түгээмэл хэлбэрийн төлөө тэмцлийн нэг хэсэг бөгөөд олон түмнийг талдаа татах арга хэрэгсэл, эрэл хайж буй янз бүрийн чиглэлийн олон нам, хөдөлгөөний улс төрийн тодорхой хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэг болох ёстой юм.
Монгол улсад шинэ тутам хөгжиж байгаа ардчиллын үйл явц хүн амын улс төрийн нийгэмшилтэд улс төрийн намууд чухал үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Чухамдаа намуудын үйл ажиллагааны үр дүнд л олон ургальч үзэл, сэтгэлгээний чөлөөт байдал манайд бодитой болж хувирсан билээ.
Намууд өөрийнх нь нийгмийн нэг гол үүрэг болох улс төрийн нийгэмшилт, олон түмнийг зохион байгуулах (ялангуяа сонгуулийн өмнө) үүргээ биелүүлэхэд нь манай орны өнөөгийн онцлогийг тусган намууд мөн шилжилтийн шинжтэй байгаа явдал нөлөөлж байгаа нь ойлгомжтой юм.
Энэ үүднээс авч үзвэл өнөөдөр улс төрийн намууд юуны өмнө нийгмийн сонирхлын бүлгүүдийн ялгарал хүчтэй явагдаагүйтэй холбоотойгоор тулах байр суурь муутай, хүмүүсийн дэмжлэг найдвартай бус байгааг анхаарч, олон түмнийг улс төрийн талаар гэгээрүүлэх, тэдэнд улс төрийн боловсрол олгох, талдаа татах механизмыг эзэмших явдал хамгийн тэргүүнд тавигдаж байна.
Үүнээс гадна төр төвшин байх, улс орны нийтлэг эрх ашиг зохицуулан удирдлагын хэмжээг зохих түвшинд байлгах чадах эсэх нь намуудын хоорондын харилцаанаас ихээхэн шалтгаална.
Учир нь нийгмийн тогтвортой байдлыг хангах хамгийн гол нөхцөл бол улс төрийн хүчнүүд харьцангуй санал нэгтэй. нийгмийн бүлгүүдийн санал нийлж буй болон нийлэхгүй байгаа сонирхлууд нь тэнцвэртэй байж үүссэн зөрөлдөөнийг зөвшлийн замаар шийдвэрлэх явдал болохыг дээр өгүүлсэн билээ.
Улс төрийн харилцааны тасралтгүй үйл явц болох улс төрийн нийгэмшилтийн дүнд иргэн хүн нийтээр хүлээн зөвшөөрсөн дэг журмыг үйл байдлын хэм хэмжээ болгож, нийгмийн үнэт зүйлсийн системийг ухамсарлан эзэмшиж, улс төрийн бодлогод хандах өөрийн хандлага, үндсэн баримжаатай болдог. Энэ баримжаа хэдий чинээ ижил төстэй байх тусам, төдий чинээ системийн дотор зөвшилтэй, систем тогтвортой байдаг байна.
Гэхдээ энэ үйл явц нь аяндаа, урсгалаараа явагддаггүй, нийгмийн харилцааны олон хүчин зүйл, түүний дотор энэ талаар төрийн нэгдсэн зорилго, чиглэлтэй бодлого явуулах нь чухал бөгөөд энэ нь улс төрийн систем өөрийгөө хадгалах, дасан зохицох зорилгыг хэрэгжүүлэхийн тулд улс төрийн нийгэмшилтийг хангах үүрэгтэй байдаг гэдгээс ч тодорхой харагдаж байгаа юм.