С.Болд
/УТБА-ийн эрдэм шинжилгээний ажилтан/
Шинэ толь №21, 1998
Түлхүүр үг: Улс төрийн ухамсар, Ашиг сонирхол, Үзэл суртал
Түүхийн урт удаан хугацааны туршид хүн төрөлхтөн нийгмийн объектив бодит зүйлийг оюун санаандаа тусган авч ёс суртахуун, ухамсараараа илэрхийлж байсан бөгөөд судлаачид нийгмийн ухамсрыг дотор нь улс төрийн, эрх зүйн, гоо зүйн, ёс суртахууны, шашны, Шинжлэх ухааны, философийн ухамсар гэх мэтээр хувааж үздэг. Эдгээрээс зөвхөн улс төрийн ухамсрын талаар товч авч үзье.
Улс төрийн ухамсар нь улс төрийн субъектив талыг тодорхойлдог ерөнхий ухагдахуун бөгөөд энэ нь нийгэм болон төр, улсын хэргийг удирдахад иргэд хоорондоо болон эрх баригч субъектүүдтэй (улс төрийн зүтгэлтэн, удирдагч, төр, захиргааны байгууллагуудтай) Тогтоох объектив харилцааг нөхцөлдүүлдэг.
Өөрөөр хэлбэл, аливаа хүн улс төрийн орчинд амьдарч, улмаар тэрхүү орчинд тодорхой үүрэг гүйцэтгэж, удирдлагуудтай (эрх баригч субъектүүдтэй харилцаж, эрх, үүргээ хэрэгжүүлж хариуцлага хүлээх чадварыг тодорхойлдог оюуны чадамжийн бүрдэл цогц юм.
Хүн бүр хувийн ашиг сонирхлоо нийгмийн бусад бүлгүүдийн хэрэгцээ, шаардлагуудтай харьцуулсны үндсэн дээр төр, засаг, улс төрийн нам, улс төрийн зүтгэлтэн, эрх баригч нартай тодорхой харилцаанд оролцож харьцахгүйгээр ашиг сонирхлоо хэрэгжүүлэх боломжгүй юм байна! гэдгээ ухамсарладаг.
Хувь хүн өөрийгөө нийгмийн тодорхой сонирхлын бүлэгт хамааруулан, тодорхой улс төрийн үзэл бодол, чиг баримжаалалтай болсны үндсэн дээр хувь хүний улс төрийн ухамсар бүрэлддэг гэж үзэж болно. Улс төрийн ухамсар бүрэлдэн гүнзгийрч, улам баялаг агуулгатай болж хөгжих процесс нь хүний мэдлэг, боловсролоос хамаарахаас илүү, хувь хүний төрийг удирдахад оролцох оролцоо, уг оролцоогоо амьдралынхаа салшгүй хэсэг болгох чадвараас ихээхэн хамаардаг. Ийм ч учраас нийгмийн улс төрий харилцаа холбооны дутмаг хөгжил нь иргэдийн эрх, эрх чөлөөгөө хэрэгжүүлэх сонирхлыг бууруулж, улс төрийн ухамсрыг төрийн удирдлагын механизмаас хөндийрүүлэхэд хүргэдэг.
Улс төрийн ухамсарт нөлөөлөх нэг хүчин зүйл бол өөрийн сонирхол, хэрэгцээг болон улс төрийн байр сууриа ойлгон ухамсарлах хувь хүний онцлог, хүмүүжил, үзэл бодол юм.
Улс төрийн хүмүүжлийн гол зорилт бол тухайн тогтолцоонд ноёрхож буй улс төрийн үнэт зүйлс, хэм хэмжээг олон нийтэд төлөвшүүлэх, дагаж мөрдүүлэхэд чиглэдэг. Энэ нь уг тогтолцоонд хүлээн зөвшөөрөгдсөн хэв шинжийн улс төрийн соёлыг түгээн дэлгэрүүлэх үйл явцтай нягт холбоотой. Өөрөөр хэлбэл хатуу буюу тоталитар тогтолцоотой байсан Монгол болон хуучин социалист гэгдэж байсан улс орнуудад улс төрийн хүмүүжлийг иргэдэд ертөнцийг үзэх марксист-ленинист үзлийг бүрдүүлэн төлөвшүүлэх нь намын ажлын үндсэн чиглэл, улс төрийн сургалтын өргөн хүрээт ажлын гол цөм гэж үздэг байсан бол уян буюу ардчилсан хэв маягийн тогтолцоотой өрнөдийн оронд улс төрийн хүмүүжлийг дунд сургуулийн боловсролын хүрээнд Үндсэн хуулийн ба Хүний эрхийн түгээмэл тунхаглалын гол гол заалтуудтай танилцуулах зэргээр зохион байгуулдаг байна.
Улс төрийн ухамсрыг нээлттэй ба хаалттай гэсэн хоёр хэв шинжтэй байдаг гэж үзэж болох юм. Өөрөөр хэлбэл бусад улс орны туршлага, улс төрийн үнэт зүйлс, өв залгамжлалыг хүлээж авах чадвар бүхий үзэл бодлыг нээлттэй, харин орон нутаг, хэсэг бүлгийн ашиг сонирхлын үүднээс хязгаарлагдсан үзэл бодлыг хаалттай хэв шинжийг агуулсан гэж үзэж болно.
Монгол улсын иргэд бид ардчилсан үйл явц өрнөсөн 1990 оноос өмнө улс төрийн ухамсрыг марксизмын онолын дагуу тухайн ангийн, нэг намын үзэл сурталтнууд ард түмний уураг тархинд шингээдэг гэж ойлгодог байлаа. Энэ нь хэтэрхий бүдүүн тойм ойлголт байсан нь одоо нэгэнт тодорхой болжээ. Үнэн хэрэгтээ аливаа хувь хүний улс төрийн ухамсар нь нийгэмд учирч буй бэрхшээл, үйл явц, бодит байдлыг шүүмжлэлтэйгээр ухамсарласны үндсэн Дээр, эсвэл аливаа сонирхлын бүлэг, улс төрийн намуудын зорилго, үзэл бодлыг ухамсарласны үндсэн дээр бүрэлддэг. Өөрөөр хэлбэл хүний ардчилал, шударга ёсонд итгэх итгэл үнэмшил дээр ямар нэгэн улс төрийн үзэл бодол нэмэгдэх замаар бүрэлддэг гэсэн үг юм.
Улс төрийн ухамсрыг агуулагч субъект нь: хувь хүн, хэсэг бүлэг (сонирхлын бүлэг), олон нийт байдаг.
- Хувь хүний улс төрийн ухамсар нь улс төрийн тухай ойлголтыг ямар нэг хэлбэрээр хүлээн авч, дүгнэж цэгнэн улмаар улс төрийн хувьд тодорхой чиглэл зорилготойгоор үйл ажиллагаа явуулах зэргээр хүнд бүрэлдэж буй төсөөлөл, үнэлэмж юм. Хувь хүний ухамсар нь юуны өмнө сэдэл (улс төрийн хэрэгцээ, үнэт зүйлс, чиг баримжаа, сэтгэл хөдлөл Г.М.), нөгөө талаар танин мэдэхүй (мэдлэг, мэдээлэл, улс төрийг сонирхох итгэл үнэмшил г.м.)-н тусламжтайгаар явагддаг үйл явц юм.
- Үзэл суртал-номлол, гишүүнчлэл, бүтэц зохион байгуулалттай, тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн улс төрийн ухамсар гэж байдаг. Энэ нь том хэмжээний хэсэг бүлэг (нийгмийн бүлэг, давхарга, үндэстэн, ястан), жижиг хэмжээний хэсэг бүлэг (улс төрийн элит, эрх баригч намын байгууллага)-т хуваагддаг. Хэсэг бүлэг нь өөрийн улс төрийн талаархи байр суурь, үзэл бодлоо шаардлага, өргөх бичиг, уриа лоозон, нам, сонирхлын бүлгийн дүрэм, бусад баримт бичгээрээ дамжуулан илэрхийлдэг онцлогтой.
- Олон нийтийн улс төрийн ухамсар нь улс төртэй холбоотой асуудал, түүний үр дагавар, нөлөөг олон нийт хэрхэн ухамсарлан хүлээж авч буйгаар тодорхойлогддог. Олон нийтийн улс төрийн ухамсрын түвшинг нэг загварт оруулан системчлэх (өөрөөр хэлбэл ямар үзэл суртал, аль сонирхлын бүлэг, намыг дэмждэг зэргийг тогтоох ямар ч бололцоогүй байдаг. Харин тэдний дунд санал асуулга явуулж дүгнэх, эсвэл сонгуульд оролцсон оролцоогоор нь ерөнхий дүр зураг гаргаж дүгнэн үзэж болно.
Монгол орон өөрчлөлт шинэчлэлийн замд эргэлт буцалтгүй орж ардчилал, хүний эрх, эрх чөлөөг бататган төрийн удирдлагын шинэ тогтолцоог хэрэгжүүлж буй өнөөгийн нөхцөлд хүмүүсийн улс төрд оролцох оролцоог идэвхжүүлэх үүднээс улс төр судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх, энэ талаар сургалт байнга зохион байгуулах, мэдлэг түгээх явдлыг өргөтгөх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Үүний дүнд олон нийтийн улс төрийн ухамсрын түвшинг дээшлүүлэх, тэднийг төрийг удирдах хэрэгт өргөнөөр оролцуулах явдал чухал юм.
Өнөөдөр Монгол оронд олон намын тогтолцоо бодит зүйл болсон боловч эрх баригч болон сөрөг нам, бусад намуудын байр суурь тогтвортой бус, зөрөлдөөн (тодруулбал: хэт муулах, нэр хүндийг нь унагаж элдэв цуу тараах, дайрч давшлах, явуулж буй үйл ажиллагааг нь бүхэлд нь үгүйсгэн буруу, зөрүү мэдээлэл өгөх зэргээр) их байгаа зэргээс улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд ноцтой саад тотгор учруулж, улмаар олон нийтийн санаа бодолд сөрөг нөлөө үзүүлэхэд хүргэж буйг анхаарах шаардлагатай юм. “Нуур амгалан бол нугас амгалан” гэдэг монголын зүйр үг байдагтай ижил улс төрийн нам, хүчнүүд аливаа асуудлыг улс орны эрх ашгийн үүднээс харилцан зөвшилцөж, буулт хийж, хүлээцтэй хандах, бодлого, үйл ажиллагааг нь дэмжих замаар хамтран ажиллаж чадвал иргэдийнхээ улс төрийн ухамсарт зүйрлэбэл ардчиллын үнэт зүйлсийн үр суулгаж арвин их ургац хурааж чадах билээ.
Хянасан: Б. БАТ-ОРГИЛ/Ph.D/