А.Энхбаатар
/МУИС. Улс төр судлалын III дамжааны оюутан/
Шинэ толь №31, 2000
Түлхүүр үг: Корреляци, УТ-ийн шийдвэр, Үндсэн асуудлууд, Статистик, Функционал хамаарал
Улс төрийн үйл ажилллагаанд гол байрыг улс төрийн шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх үйл явдал эзэлдэг. Үүнтэй холбогдуулан улс төр судлаачдын дотор улс төрийн үйл ажиллагаа, улс төрийн үйл явдал бол шийдвэр гаргах асуудлыг голлон анхаардаг хандлага ч бий.
Польшийн улс төр судлаач А.Боднар хэлэхдээ: Улс төрийн шийдвэр бол “нийгмийн агуулгын хувьд сөргөлдөөнтэй ба ялгаатай сонирхлуудыг зохицуулах юм уу арбитрын журмаар таслах үйл ажиллагаа” юм гэжээ. Энэ мэт олон янзын тодорхойлолтоос үндэслэн дараахь тодорхойлтыг хэлж болох юм. Шийдвэр гаргах гэдэг нь үйл ажиллагааны боломжит хувилбарууд дотроос илүү оновчтой гэж үзсэнээ сугалааны бус аргаар сонгох үйлдэл юм. Энэ нь үйл ажиллагааны хувилбаруудыг тавьсан зорилгод хүргэх чадвар, зарцуулах хугацаа, нөөц, арга хэрэгсэлийн талаас үнэлэх явдалд тулгуурлана.
Бодит байдалд, тухайн үеийн улс төрийн нөхцөлд субъектийн боломжоос шалтгаалан дээрх үзүүлэлтүүд их бага ямар нэг хэмжээний хязгаарлалттай байдаг. Үүнээс шалтгаалан харьцангуй бага хүч, зардал гаргаад зорилгоо хэрэгжүүлж болох боломж байлаа ч нөхцөл байдал аль болохоор яаравчлахыг шаардаж байж болно. Тийм тохиолдолд хугацааг богиносгохын тулд хүч, зардлын хэмжээ их байхтай эвлэрсэн шийдвэрийг гаргах хэрэгтэй. Тийнхүү шийдвэр гаргах нь ихэвчлэн олон янзын хязгаарлалтын нөхцөл нэг юм уу, цөөн хэдэн үзүүлэлтийг эрхэм зорилгодоо хүрэх арга замыг сонгох үйл ажиллагаа юм. Гэвч энэ нь гарах үр дүнг ямар ч алдаагүй урьдчилан харна гэсэн хэрэг биш. Гэхдээ бас сугалаа сугалж байгаа юм шиг ямар ч баримтгүй сонголт бас биш. Улс төрийн шийдвэрийн нэг онцлог бол хамтын шинжтэй байдаг явдал юм.
Улс төрийн шийдвэрийн оновчтой байдал
Улс төрийн шийдвэрийн оновчтой байдлыг нэг талаас үр ашгийн шалгуураар, нөгөө талаас олон түмнийг дайчлах чадвараар тодорхойлдог. Үүнд улс төрийн шийдвэрийн бусад, тухайлбал аж ахуйн удирдлагын шийдвэрээс ялгагдах ялгаа оршино. Улс төрийн шийдвэрийн үр ашгийн шалгуурт дараахь зүйлийг оруулж болно. Үүнд:
- Эдийн засаг, улс төрийн ашиг (баялаг, мэдээлэл, эрх мэдэл, нөлөөлөл олж авах гэх мэт)
- Зардал (хүч, хөрөнгө гэх мэт)
- Зарцуулах цаг
- Зорилгод хүрэх магадлал
- Эрсдэлийн түвшин (зорилгод хүрэхэд хортойгоор нөлөөлөх хүчин зүйлсийг тооцоогүй юм уу эсхүл шинээр гарч ирэх боломжийн хэмжээ)
Улс төрийн шийдвэрийн олон түмний дайчлах чадварт:
- Шийдвэр нь нийгмийн үнэт зүйлсийн системд тохирч байх
- Гарч байгаа шийдвэрийг олон нийт хүлээн авахаар байх
- Олон түмэнд дэвшигдэж буй зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн эерэг оролцооны баримтлалыг төлөвшүүлэхэд тус дөхөм үзүүлэх зэргийг оруулж болно.
Эдгээр хоёр бүлэг шалгуурт нийцсэн шийдвэрийг оновчтой гэж үзэх ба шийдвэрийн хувилбарыг сонгоход энэ шалгууруудаар баримжаа болгох ёстой. Гэхдээ эдгээр шалгуур болгоноор хамгийн дээд түвшинд байх тийм шийдвэр гаргах боломжгүй юм. Тэрчлэн, оролцогч бүрийн байр сууринаас аваад үзэхэд ч тухайн шийдвэр бүх шалгуурыг зохих хэмжээгээр хангахгүй байж болох юм. Тийм учраас онцлог нэг шалгуур, хамгийн дээд үнэлгээтэй, бусад нь тодорхой хязгаарт байхаар бодож сонголт хийх хэрэгтэй болдог. Нөгөө талаас, илүү ач холбогдол өгч болох нийтлэг шинжтэй сонирхлын үүднээс шалгууруудыг авч үздэг. Тухайлбал, тухайн улсын хууль тогтоох дээд байгууллагаас гарч байгаа шийдвэр нь дээрх шалгууруудаар авч үзэхэд зарим оролцогчын сонирхлыг төдийлөн харгалзаагүй байж болох боловч нийгмийн олонхи хэсгийн эрх ашигт илүү нийцэж байвал түүнийг оновчтой гэж үзнэ.
Дээрхээс үзэхэд нэг зүйлийг томъёолж болох юм. Хамгийн оновчтой улс төрийн шийдвэр гэдэг бол хамгийн дээд үнэлгээ бүхий шалгуурыг олж тогтоож, бусад шалгуурыг ямар хэмжээ хязгаарт үнэлэх вэ? гэдгийг үнэн зөвөөр үнэлж цэгнэхээс шалтгаалдаг зүйл гзж хэлж болох юм. Энэхүү асуудалд хариу өгөх үүднээс энэхүү илтгэлийг бичсэн юм. Асуудлыг авч үзэхийн өмнө дараахь хэдэн ойлголтын талаар нэмэлт тодруулга хийх нь зүйтэй юм.
Шинж. Юмсын харилцан үйлчлэлээр илэрч нэг юм нөгөөгөөсөө ялгаатай буюу төсөөтэй болохыг нөхцөлдүүлдэг тал. Аливаа шинж харьцангуй. Төмрийг модтой харьцуулахад хатуу атал алмаазтай харьцуулахад зөөлөн байна.
Илүү ойлгомжтой болгох үүднээс илжигний тухай нэгэн үлгэрийг авч үзье. Илжиг давс, өвс ачин гол гаталдаг үлгэрийг бид мэддэг. Илжигний оронд хүн байсан бол алийг нь үүрэх вэ? гэдэг асуудал тодорхой. Мэдээж хэрэг хүн давсыг нь л үүрэх шийдвэр гаргаж таарна. Үүний учрыг төвөггүй тайлж болох юм. Учир нь хүн УС – ДАВС, ӨВС – УС хоёрын шинж хоорондын хамаарлыг эмпирик төвшний мэдлэгийн хүрээнд мэддэгт оршино. Тэгвэл энэхүү зарчмыг масштабаар нь томсгох, өөрөөр хэлбэл шинж хоорондын хамаарлын асуудлыг шинжлэх ухааны мэдлэгийн түвшинд таньж мэдэж чадсанаар аливаа шийдвэрийн оновчтой хэв маягт, тодруулж хэлбэл улс төрийн шийдвэрийн оновчтой хэв маягт хүрч болно гэсэн дүгнэлтийг хийж болох юм.
Үндсэн асуудал. Аливаа судалгаа таамаглал дэвшүүлэхээс ажлаа эхэлдэг. Нэг хүчин зүйл нөгөөтэйгөө шалтгаалцлын хамааралтай байх тухай урьдчилан хэлснийг таамаглал гэнэ. “Таамаглалыг судалгаагаар нотлох буюу няцаах боломжтой байх ёстой” гэж Н.Смелзэр хэлжээ. Ингэхлээр социологийн судалгаагаар нийгмийн үйл явцуудын холбоо хамаарлыг судалдаг гэж хэлж болох юм. Ер нь нийгмийн үзэгдлүүдийн хооронд шалтгаалцлын холбоо хамаарал байх эсэх талаар янз бүрийн үзэл онолууд бий. Энэ нь одоо болтол маргаантай асуудал хэвээр байна.
Нэг хэсэг эрдэмтэд судлаачид нийгэмд түгээмэл зүй тогтол ноёрхдог гэж үздэг бол нөгөө хэсэг эрдэмтэд нийгэмд тохиолдол, санамсаргүй чанар ноёрхдог гэж үздэг байна. Тухайлбал, нийгмийг тайлбарладаг волюнтарист үзэл нь аливаа бүхний анхдагч үндэс нь “дур зориг” мөн гэж үздэг бөгөөд нийгэмд шалтгаалцал байдаг боловч энд зүй тогтол бус харин тохиолдлын зүйл голлодог гэж үздэг. Ингэснээрээ волюнтаристууд “нийгэмд түгээмэл зүй тогтол ноёрхдог” гэдгийг үгүйсгэдэг.
Харин фаталистуудын хувьд нийгэмд зайлшгүй шалтгаалцлал, зүй тогтол ноёрхдог гэсэн байхад марксист чиглэлийн төлөөлөгчид нийгэмд зүй тогтол ноёрхож, тохиолдол нь зүй тогтолдоо захирагдмал байна гэж үздэг байна.
Нийгэмд зүй тогтол зайлшгүй бөгөөд тэрхүү зүй тогтол нь хандлага маягаар илэрдэг гэж хэлж болох юм. Ийнхүү хандлагаар илэрч буй нийгмийн үзэгдлийн зүй тогтол буюу шалтгаант холбоо хамаарлыг санамсаргүй үзэгдлийн магадлалт чанарт тулгуурладаг статистик аргуудаар судалдаг байна.
Нийгмийн аливаа үзэгдлийн хооронд бодит холбоо хамаарал бий. Энэ бодит холбоо хамаарлыг шинжлэх явдал үзэгдлийн зүй тогтлыг илрүүлэхэд тусална. Ямар нэг хэмжигдэхүүн өөр нэг буюу хэд хэдэн хэмжигдэхүүний нөлөөн дор бүрэлдэн тогтож байвал тэдгээрийн хооронд холбоо хамаарал байна гэж үздэг.
Үзэгдлийн шинж чанаруудын тоо хэмжээний өөрчлөлтөд нөлөөлж байгаа шинж тэмдгүүд болоод, түүний үр дүнгийн шинж тэмдгүүдийн хоорондын хамаарал чанарын шинжилгээгээр судлагддаг. Үзэгдэл чанарын шинжилгээг үйлдэхийн тулд юуны өмнө судлагдаж байгаа үзэгдлийн мөн чанар, утга агуулгыг тодорхой мэдэж байх шаардлагатай.
Нэг үзэгдэл нөгөөгөөсөө шалтгаалах хэр хэмжээний байдлаар функционал ба статистик хамаарал гэж ялгагддаг.
Функционал хамаарал гэж ямар нэг шинж тэмдгийн хэмжигдэхүүн нэг буюу бусад шинж тэмдгүүдээр бүхэлдээ тодорхойлогдохыг хэлнэ. Жишээ нь, талбай ба тойргийн радиусуудын хоорондын холбоо функционал хамааралтай. Тойргийн талбай нь түүний радиусын хэмжээнээс нийтдээ шалтгаалах нь тодорхой бөгөөд тэр нь радиусын квадратад шууд пропорционал байна. Өөрөөр хэлбэл, нэг шинж тэмдгийн тодорхой утганд нөгөө шинж тэмдгийн нэг буюу хэд хэдэн тодорхой утга харгалзбал функционал хамаарал болно. Харин статистикийн холбоо хамаарал өөр шинж чанартай. Холбоо хамаарлын энэ хэлбэрийн үед еөр хоорондоо холбогдолтой шинж тэмдгүүдийн хооронд хатуу зохицол байдаггүй. Статистик хамааралд гол төлөв шинж тэмдгийн адил холбогдолд өөр, өөр шинж тэмдгийн нэлээд холбогдлууд зохицсон байдаг. Жишээ нь, ажилчдын хөлс, ажилчдын зэрэг дугаарын хооронд байх холбоо нь статистикийн хамаарал мен. Ажилчны зэрэг дугаар ажлын хөлсөнд нөлөөлөх нь зайлшгүй юм Гэвч тэр нь түүнийг нийтэд нь тодорхойлдоггүй. Нэг адил зэрэгтэй ажилчид янз бүрийн хэмжээтэй ажлын хелс авах нь бий. Энэ нь ажилчдын ажлын хөлсөнд тэдний зэргээс гадна бусад олон хүчин зүйлсүүд, үүний дотср ажилчны хувийн авъяас, ажлын чадвар, ажлын нехцөл зэрэг хүчин зүйлсүүд шалтгаалснаас болно. Өөрөөр хэлбэл, нэг үзэгдэл түүний тухайн шинж тэмдгийн утга бүхэнд өөр үзэгдэл тодорхой магадлалтайгаар харгалзаж байвал тэр нь статистик хамаарал юм.
Статистик зүй тогтол гэдэг бол системийн тухайн байдал түүний хойших бүх байдлыг дангаар бус харин өнгөрсөнд оршин байсан хувьсах хандлага хэрэгжих бололцоог магадлалтайгаа тогтоож буй шалтгаант холбооны илрэл мөн. Тогтмол хувирагч гадаад нөхцөлөөс шалтгаалдаг асар олон тооны элемент бүхий автономит бус бүх тогтолцоонд статистик зүй тогтол үйлчилдэг. Знэхүү зүй тогтлыг танин мэдэх нь арга зүйн болоод практик ач холбогдол бүхий зүйл болохыг доорх жишээнээс төвөггүй харж болох юм. Европын орнууд далай тэнгисээр аялж Ази Африкийн олон орныг эзлэн захирсан колоничлолд өртөхгүй үлдэхэд нөлөөлсөн нэг зүйл яахын аргагүй манай орны газар зүйн шинж мөн гэдэгтэй санал зөрөх хүн гарахгүй биз.
18 дугаар зууны үеийн эрдэмтэн Шарль Луи Монтескье, 19 дүгээр зууны Фредерик Ратцел, Р.Уилер нар уур амьсгалын байдлыг зан чанартай холбогдуулан, Английн судлаач Х.Маккиндер эх газар, далай тэнгис, тэдгээрийн баялаг зэрэг нь улсын хөгжилд онцгой үүрэгтэй гэж үззж байсан гэх мэт олон жишээг дурьдаж болох ба эдгээр нь уг чанартаа нөгөө л шинж хоорондын холбоо хамаарлын тухай асуудал юм. Ач холбогдолтой, харгалзах ёстой, онцгой авч үзүүштэй, нөлөөтэй холбоотой гэх мэт үг хэллэг нь холбоо хамаарлын асуудлыг хөнддөг ч гэсэн түүнийг харьцуулах, үнэлэх асуудлыг шийдэхэд хүчин мөхөсддөг төдийгүй энэ чанар нь өөрөө алдааг төрүүлдөг байна. Алдаанаас зайлахын тулд өөрөөр хэлбэл, хамгийн оновчтой шийдвэр гаргахын тулд ямар шинж голлох хамааралтай, ямар шинж нь ямар хязгаарт хүртэл нөлөөтэй байгааг харахын тулд ижил интервалаар илэрхийлэх шаардлагатай болдог. Энэхүү шаардлагыг буюу статистик холбоо хамаарлыг нэг интервалаар илэрхийлэхийг корреляцын шинжилгээний арга хангаж чаддаг.