Ph.D Б. Дэлгэрмаа
/Шинэ толь сэтгүүлийн Ерөнхий редактор (1993-2017), Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд асан/
Шинэ толь №21, 1998
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Өнөөдөр энэхүү семинарын сэдвийн хүрээнд шууд хамааралтай ойлголт болох геоэдийн засгийн асуудлыг хөндөж тавих нь зүйтэй болов уу. Учир нь манайд төдийгүй бусад оронд ч геоэдийн засаг хэмээх нэр томъёо улс төр, шинжлэх ухааны хэрэглээнд төдийлөн нэвтэрч хэвшээгүй байгаа билээ. 80-аад оны сүүлчээр АНУ-ын Төрийн зөвлөлийн зөвлөх Эдвард Лютвак нэгэн зохиолдоо “Америкийн мөрөөдөлд аюул учирч байна: геоэдийн засгийн өрсөлдөөнд эдийн засгийн давамгай байдлыг хэрхэн бий болгож ялах вэ, яаж АНУ-ыг гуравдагч ертөнцийн орон болгохгүй байх вэ?” гэсэн санааг анх дэвшүүлснээр энэ нэр томъёо үүссэн түүхтэй. Ийнхүү өнөөдөр эдийн засаг, улс төрийн явцыг тайлбарлахдаа дэлхийн зах зээл дээрх улс хоорондын өрсөлдөөний үүднээс хандахыг геоэдийн засаг гэх болжээ. Үүсч хэрэглэгдэх болсон цагаасаа эхлэн түүнийг халуунаар дэмжигчид болон эсэргүүцэгчид төрөн гарч талцан хуваагджээ. Өөрсдийн үндэсний эдийн засгийн өрсөлдөх чадварт эргэлзэгчид түүнийг дэмжигчид болон хувирч олон улсын өрсөлдөөнд амьд үлдэхийн тулд төрийн дэмжлэгт дулдуйдахаас өөр аргагүй гэж үздэг бол түүнийг эсэргүүцэгчид нэгэнт үндэсний эдийн засаг хүчтэй тул төрийн дэмжлэг шаардлагагүй хэмээдэг. Манайд үүнийг судлаж асуудал болгон дэвшүүлж бодлого болгон хэрэгжүүлэх явдал учир дутагдалтай байна.
Монголын төрөөс дэлхийн тавцанд үндэсний эдийн засгийн сонирхлоо хамгаалж чадаж байна уу, гадаад эдийн засгийн нэгдмэл бодлого явагдаж байна уу, төрийн өндөрлөг, яамд, салбарууд хоорондоо үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулж байна уу Шинэ эдийн засгийн нөхцөлд ажиллах чадвар бүхий боловсон хүчин хангалттай бий юу, түшмэдээ сургаж чадсан уу зэрэг асуудал амин чухлаар тавигдаж байна. Манайд нэгэн зүйл ажиглагддаг нь геоэдийн засгийн асуудлыг шинжлэх ухааны үүднээс тайлбарлахаас илүү манай орныг гадаадын аль нэг улсаас колоничлох зорилго агуулж буй мэтээр ухуулан сурталчилдаг зарим нэг улстөрчдийн байр суурь давамгайлдаг нь нэн харамсалтай. Зүй нь эдийн засгийн батлан хамгаалалт нь улс орныг түгжигдмэл байдал бус ухаалаг нээлттэй бодлогод тулгуурлах, дэлхийн хөгжлийн сүүлийн гучин жилийн хөгжлийн хандлагад задлан шинжилгээ хийхэд нийгмийн баримжаатай улс орнууд өрсөлдөөнд ялагдаж буйг анхаарах, улс төржсөн парламентийн дарамтаас харьцангуй ангижирсан гүйцэтгэх эрх мэдлийг буюу ерөнхийлөгчийн засаглалыг бий болгох нь илүү чухал гэж хувьдаа үзэж байна. Мэдээж эдгээр дэвшүүлж буй санаа абсолют үнэн, зөв зүйтэй гэж би хэлэхгүй, хамгийн гол нь эрдэмтэн та бүгдийн зүгээс анхаарч судлах ёстой гэсэн үүднээс санал болгож байгаа юм.
Нөгөө талаар геоэдийн засгийн хүчин зүйлийг гадаад дотоод бодлогодоо тооцож байх нь манайх шиг геоэдийн засгийн хувьд сул дорой орны хувьд нэн чухал юм. Мөн өнөө үед улам бүр хурцдаж буй олон улсын эдийн засгийн өрсөлдөөнд хамгаалалтын бус давшилтын байр суурьтай байх нь илүү чухал бөгөөд үүнд геоэдийн засгийн стратеги, түүнийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн төрийн аппарат байх ёстой.
Улс орны дэв зэрэглэл улам бүр тэдгээрийн эдийн засгаас хамаарч байна. Орчин үеийн улс XVI-XVII зуунд үүсэхдээ гол төлөв цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийг эрмэлзэж байсан бол одоо эдийн засгийн өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийг анхаарч байна.
Глобальчлал ба харилцан хамаарал, макробүс нутгийн интеграцчлал ба улам бүр жижигрэх процесс нэгэн зэрэг явагдаж буй нь өнөөдөр олон улсын байдал ямар шүү дотоод зөрчилтэй хандлагаар тодорхойлогдож буйг илэрхийлэх бизээ. Саяхан хүртэл зах зээл улс орны тоотой ижил байсан бол одоо нэг зах зээл бий болж харин улс орны тоо нэмэгдэж байна. Өнөөдөр ялангуяа коммунизм либерализмын хоорондох үзэл суртлын сөргөлдөөн үгүй болсноор төр идэвхжиж байна. Төрөөс хуучин чиг үүргээсээ татгалзаж бодит байдалд зохицох хэрэгтэй болж байна. Дэлхийн эдийн засагт гүн гүнзгий өөрчлөлт явагдаж байна. Одоо эдийн засгийн ноёрхогч салбарт анхдагч тэр байтугай хоёрдогч бус өндөр хөгжсөн үйлчилгээний салбар хамаарч байна. Энэ салбарт хамгийн баян орнуудын үндэсний бүтээгдэхүүний 70 орчим хувь бий болж байна. Иймд баялаг материаллаг чанараа алдсан. Технологи улам бүр боловсронгуй болж, мэдээлэл дэх хувьсгал, шинэ харилцаа холбоо нь улс орны баялагийг харьцангуй болгож байна. Хуучин давамгайлж байсан орон зайн геополитик өнөөдөр урсгалын геополитикаар солигдож байна. Амьдралын орон зайн тухай ойлголт нэгэнт үеэ өнгөрөөсөн. Улс орны хүчин чадлыг хэвтээ шугаманд оршдог нутаг дэвсгэр, хүн ам гэхээсээ босоо шугаман дахь өгөгдөхүүнээр хэмжиж улмаар үйлдвэрийн бүтээмж, өрсөлдөх чадварыг тооцдог болсон. Капитал олон улсын шинжтэй болсон тул үйлдвэрлэгчид тодорхой нэг улсын зүгээс татварт өртөх нь утга учраа алдаж байна. Учир нь хөрөнгөө ал орта байршуулж, татвараа хэнд төлөхөө тэд өөрсдөө сонгол боломжтой болсон. Тийм ч учраас өнөөдөр геоэдийн засгийг эдийн засгийн геополитик гэж хэлж болох бөгөөд түүний судалснаар бид манай оронд явагдаж буй шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж аутсайдер-орон болохоос урьдчилан сэргийлж чадна гэж бодож байна.