Жеймс Ф.Мур
Шинэ толь №22, 1998
Түлхүүр үг: Бизнесийн экосистем, Стратеги боловсруулалт, Пүүс компаниуд, М-хэлбэрийн ЗБ, Е-хэлбэрийн ЗБ, нөөц дайчлах, Зах зээлд оролцогч, ирээдүйн хандалага
Үйлдвэрлэлийн дараах эдийн засгийн удирдагчдад бизнесийг бүрэлдүүлэх, зах зээлийг үүсгэн байгуулах өргөн их бололцоо нээгдэж байна. Дэлхийн гол гол зах зээлд туршлага хуримтлагдаж, технологийн болон удирдлагын мэдлэг өргөн тархаж, үйлдвэрлэлийн зохицуулалт эрс багассан буюу бүрмөсөн арилж, авъяаслаг олон хүн шинэ салбарт хүчээ сорих эрмэлзэл нь ихэсч байна. Ололт амжилт, алдагдал сүйрлийн ялгаа удирдагч хүний ухамсарт улам тодорхой болж байна. Зөвхөн өөрөө гэсэн ойлголтын ач холбогдол буурч, хэрэглэгчдэд шинэ үнэт баялгийг хамтран бий болгох, нөөц бололцоог эрж хайх нь чухал болж байна.
Өнөөгийн удирдагчдын ухамсарт орсон хамгийн том өөрчлөлт бол өөрийн эрхэлсэн бизнес нь ердөө шатлан захирах ёсны нэгэн хэсэг биш, харин тэд өөрсдийгөө иж бүрэн нэгдмэл системийн бүрэлдэхүүн хэсэг мөн болохыг улам сайн ойлгох болсон явдал юм. Стратегийн шинэ чиглэл бол хувь хүн болон байгууллагуудын тогтолцоог хянах биш харин тэдгээрийг удирдан чиглүүлэхэд орших болов. Үүнд зэргэлдээ буй хүмүүсийн чадвар, ухааныг хүндэтгэн ашиглах, шинэчлэлийг хамтран нэвтрүүлэх зэрэг ойлголт багтаж байгаа юм. Мөн нэгэнт өмнө нь бий болсон үйлдвэрлэлийн газруудыг зүгээр л хамгаалаад байх биш ирээдүйг нь төсөөлж байх ойлголт үүнд хамрагдана.
Өнөөгийн бизнесийн ертөнцөд зөвхөн шинэчлэл л хамгийн чухал хүчин зүйл болж байна. Шинэчлэл гэдэг бол зөвхөн бараа, үйлчилгээг үйлдвэрлэнэ гэсэн явцуу ойлголт биш юм. Шинэчлэл гэдэг бол хэрэглэгчдийн шинэ хэрэгцээ шаардлагыг барагдуулахын тулд урьд өмнө нь авцалдаагүй, нэгдэл нягтраагүй байсан нөөц бололцоог хамтран бий болгоно гэсэн өргөн ойлголт юм. Шинэчлэл гэдэг бол бага зүйлээр ихийг хийнэ гэсэн үг. Шинэчлэлийг дан ганцаараа биеэ даан хийх боломжгүйг пүүс компаниуд улам сайн ойлгох болов.
Хэрэглэгчдийн үйлчилгээг эрс сайжруулах, зах зээлийг шинээр бий болгож, улам боловсронгуй болгон өөрчлөх, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн газруудын бүтцийг өөрчлөхийн тулд бусад олон байгууллагын ажилд нийцэн тохирох шаардлагатай юм. Үүнийг нь хамтаар дэвшин хөгжих явц гэж тодорхойлж болох юм. Ингэж байж л олон пүүс компаниуд хүч бололцоогоо улам нэмэгдүүлэх боломжтой болох юм.
Пүүс компаниуд үйлдвэрлэлийн бууралтаас сэрэмжлэхийн тулд шинэчлэл хийх нь чухал юм. Өргөн хүрээтэй, мэдээллийн сүлжээ сайтай эдийн засаг тэлэн өргөжиж байгаа нөхцөлд дутагдал доголдол улам тод томруун илрэн харагддаг болов. Бидний тэргүүлэх гэж үздэг Майкрософт, Интел компаниудын жишээг ч энд дурьдаж болох юм. Бизнесийн ашиг өгч байгаа салбарууд өрсөлдөгчийн анхаарлыг төдий л удалгүй татдаг. Энэхүү анхаарал нь шинэ хөрөнгө оруулалт бий болгож өрсөлдөөнийг хурцатгана. Үүний улмаас үнэ, орлогын хэмжээнд эрс өөрчлөлтүүд гарцаагүй гарна. Ингээд өмнө нь ашиг өгч байсан бизнес нь компьютерын үйлдвэрлэлийнхний хэлдгээр “энгийн өргөн хэрэгцээний бараа” болж бусад төрлийн бараа, үйлчилгээнээс ялгагдахгүй болно. Өрсөлдөгч пүүс компаниуд шинэ технологи болон боловсронгуй арга хэлбэр нэвтрүүлснээр тухайн салбарт тэргүүн гэж тооцогдож байсан пүүс компанийг “хоцрогдсон” болгож хувиргана.
Шинэчлэл хийнэ гэсэн ойлголтод бусадтай түншлэл тогтоох, техникийн тодорхой стандартчлал бий болгох, нэмэлт нэгжүүдийн тогтолцоог хөгжүүлэх зэрэг зүйл орж байгаа юм. Одоо пүүс компаниуд бизнесийн чиглэлээ тодорхойлохдоо өөрсдийнхөө үйл ажиллагаанаас гадна ажил төрлийн холбоотой бусдыг хамруулах нь улам ихэсч байна. Пүүс компаниуд өөрсдийн ажлынхаа гол чиглэх үүргээс гадна нэмэлт чиглэлийг тогтоох болов. Өрсөлдөх арга барилын нууц эзэмших, бизнесийн зорилгодоо хүрэх чадвараа улам сайжруулж болох жинхэнэ уян хатан зохион байгуулалттай эрин үед бид өнөөдөр орж байна.
Өсөлт болон бизнесийн экосистем (орчин тойрны систем)
Хүчин чадлаа өсгөн нэмэгдүүлэх, шинэ зах зээл бий болгон хөгжүүлэхийн тулд пүүс компаниуд бусадтай хамтран нийлж хэрэглэгчдэд шинэ үнэт баялгийг нийлүүлж байна. Пүүс компаниуд чадавхи бололцоогоо нэмэгдүүлэхэд чиглэсэн эдийн засгийн цогцолборыг бий болгох ажлаа эрчимжүүлэх нь чухал юм. Харилцан дэмжих, түшиг болох зарчимд тулгуурлах системийг “бизнесийн экосистем” гэж нэрлэвэл илүү тохиромжтой юм. Бизнесийн экосистемд хэрэглэгч, материал нийлүүлэгч, гол үйлдвэрлэгч зэрэг бараа, үйлчилгээг бий болгогчийн харилцан уялдаатай бүх шатны нэгжүүд багтаж байгаа юм. Бизнесийн экосистемд бас санхүү, худалдаа, стандарчлал, үйлдвэрчний, засгийн газрын зэрэг байгууллагуудыг ч хамруулж болох юм. Эдгээр бүрэлдэхүүн хэсгүүд нь бүрэн биеэ даасан байхын сацуу зөвхөн өөрийн эрх мэдлийн ажлыг гүйцэтгэнэ. Харин тэдний энэхүү ажил нь бусдын үйл ажиллагаанд нэмэр хандив байх үндсэн зорилготой юм.
Бизнесийн экосистем нь биологийн экосистемийн адилаар бүрэлдэхүүн хэсгүүд нь бие биетэйгээ авцалдаатай байх учиртай. Жишээ нь, халаасны компьютер-Палм-Пайлотыг улам боловсронгуй болгох үүднээс олон пүүс компани шинэ бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн билээ. Ай-Би-Эм зэрэг компаниуд өөрийн худалдааны сүлжээгээр тэдгээрийг борлуулж байна. Үүнд, гарын цүнх, тэмдэглэлийн дэвтэр үйлдвэрлэгч пүүсүүд ч оролцох болов.
Үүний зэрэгцээ хоорондоо өрсөлдөгч бие даасан бизнесийн экосистемүүд бий болж байна. Тухайлбал, видеокассетын үйлдвэрлэлийн салбарт СОНИ удирдлагын доорхи Betamax, Matsushita, мөн JVC-ийн удирдлагын доорхи VHS-ийн өрсөлдөөнийг дурьдаж болох юм. Нэг үгээр хэлэхэд бизнесийн экосистем нь дотроо харилцан уялдаатай байгаль орчны системийн адил шинэ нутаг дэвсгэр эзэмших, бусдын дээр гарахын төлөө тэмцэж байна.
Стратеги боловсруулалт болон хамтын хөгжил дэвшил
Биологийг экосистемийн адилаар, үйлдвэрийн цогцолборын бүрэлдэхүүн хэсгүүд нь хүчин чадлаа хамтын чармайлтаар нэмэгдүүлэх юм. Тухайлбал, бүрэлдэхүүн хэсэг бүр нь сайжран өөрчлөгдөхдөө нягт холбоотой нөгөө бүрэлдэхүүн хэсэгтээ анхаарал хандуулж байх бөгөөд тэд бүгд хөрөнгө оруулалт хийж, шинэчлэн өөрчлөгдөх чиг шугам баримтлана. Энэхүү шинэчлэл нь хоёр төрлийн үр дүнд хүрэх зорилготой. Нэгдүгээрт, пүүс компаниуд өөрийн гол бүтээгдэхүүндээ анхаарал тавьж, ажлаа эрс сайжруулж байх шаардлагатай. Хоёрдугаарт, нэмэгдэл хүчин чадлын нөөцтэй байх үүднээс пүүс компаниуд бусадтай түншлэл, холбоо тогтоож байх ёстой. Пүүс компани бүр бие даан ганцаараа шинэчлэл хийх боломжгүй юм.
Шинэ зах зээл бий болгох нь хэрэглэгч, бөөний болон жижиглэн худалдаачид, үнэ нэмж дамлан худалдаачид гэх мэт олон хүчин зүйлээс хамаарна. Жишээ нь, Интел компани компьютерын хэрэглэх хүрээг өргөжүүлэх зорилгоор жилд олон арван сая доллар зарцуулахын сацуу өөрийн бүтээгдэхүүний чанарыг байнга өндөрт байлгахыг хичээж байна.
Өндөр технологийн үйлдвэрлэлээр дагнасан компаниуд материал нийлүүлэгч, хэрэглэгч, борлуулагч нарын ажлыг нэгэн зэрэг сайжруулахад анхаарч ихээхэн хөрөнгө зарцуулах болов. Энэ нь бизнесийн экосистемийг бий болгож, түүнийг өргөтгөх явцыг түргэтгэх боломж олгож байна. Үүнээс гадна ийнхүү хөрөнгө оруулсны үр дүнд бизнесийн экосистемийн бусад бүрэлдэхүүн хэсэг нь тэдний гол бүтээгдэхүүний чанар сайн байхад сонирхолтой байх нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Жишээ нь, Интел компани хэрэглэгчдийн боловсролыг байнга дээшлүүлж байхын зэрэгцээ тус компани нь төрөл бүрийн материал нийлүүлэгчдийн ажлыг сайжруулахад бас анхаарах тодорхой арга хэмжээ авдаг юм. Интел нь тэдэнд инженер, техникийн туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ шууд хөрөнгө ч оруулж байна. Өөрөөр хэлбэл, Интел компанийн бүтээгдэхүүн сайжрахтай шууд холбоотой юм.
Бизнесийн экосистемийн эдийн засгийн загварыг дорхи байдлаар тодорхойлж болох юм. Үүнд:
-Пүүс, компани нь нэг буюу хэд хэдэн гол бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үүнийхээ үндсэн дээр хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагыг улам нэмэгдүүлэн баяжуулах үндэс бий болгох учиртай. Жишээ нь, микропроцессор бий болгосноор электрон тооцоолон бодох шинэ хэлбэр өргөн дэлгэрсэн билээ. Интернетийн үндсэн дээр мөн адил телекоммуникаци дэлхийн хэмжээний болж хувирсаныг дурьдаж болох юм. Шинэ дэвшилт технологи үйлдвэрлэхэд үйлдвэрлэлийн шинэ арга нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. Жишээ нь, шинэ эм үйлдвэрлэхэд үйлдвэрлэлийн хуучин аргаа өөрчилж, бизнесийн шинэ экосистем бий болгох шаардлага гарна. Их хүчин чадлаар ажиллахын тулд түншлэлээ өргөтгөх нь хэрэгтэй болно.
-Өргөнөөр хэрэглэгдэх шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр худалдан борлуулах цар хүрээ ч өргөжинө. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн хүчин чадал худалдааны салбарт шууд нөлөөлнө.
-Шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэгчид ашиглаж сурах нь нэн чухал. Энэ нь тухайн бүтээгдэхүүнийг чухам ямар хэрэгцээнд ашиглаж болохоос ихэд шалтгаална. Жишээ нь, компьютерын сүлжээ бий болсноор зөвхөн тооцоолон бодох биш худалдаа, шинжлэх ухаан гэх мэт олон салбарын ажилд шинэ зүйл нэвтрүүлэх боломж олгож байна. Гол нь эдгээр боломжийг ашиглаж сурах нь чухал.
-Пүүс компаниуд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулж олсон орлогоо үйлдвэрлэлийн хүчин чадлаа улам нэмэгдүүлэх, шинэ технологи нэвтрүүлэхэд зарцуулдаг. Ингэснээр “шинэчлэлийн явц” тасралтгүй явагдана гэсэн үг. Үйлдвэрлэл зогсонги байдалд хэрхэвч орохгүй байж, ирээдүйг тэмүүлсэн байх учиртай.
-Пүүс компаниуд олсон орлогоо бизнесийн хүрээлэн буй орчноо дэмжин, боловсронгуй болгоход зориулах нь зүйн хэрэг. Бизнесийн түншүүд хөрөнгө оруулалтын ашиг тусыг ойлгон мэдэрч өөрсдөө ч энэ талаар идэвх санаачлагатай ажилладаг болох нөхцөл бүрдэнэ.
-Ингэснээр орлого, хөрөнгө оруулалт гэсэн тасралтгүй эргэлтийн мөчлөг бий болж, энэ нь гол үйлдвэрлэл болон түүнтэй холбоотой бүх салбар нэгэн зэрэг улам сайжирч, боловсронгуй болж байх явцыг хангана.
Үйлдвэрлэл дээр үндэслэгдсэн өрсөлдөөний нөхцөлд бараа үйлдвэрлэлийг зохион байгуулахад харьцангуй хялбар болоод байна. Үйлдвэрлэлд шинээр оролцогчид шинэ технологи худалдан авч, хөрөнгө оруулахад л хангалттай болжээ. Харин бизнесийн зөв зохистой экосистем бий болгох нь тийм ч хялбар биш. Харин түүнийг нэгэнт бий болгочихвол бизнес явуулах найдвартай нөхцөл бүрдэнэ. Үүнийг компьютерын салбарын пүүс компаниудын жишээн дээр тодорхой харж болох юм. Энэхүү бизнесийн экосистемийг бий болгосон пүүс компаниуд тэргүүлэх байр сууриа алддаггүй юм. Тэдний хөрөнгө зарцуулалт их байх нь мэдээж. Тэд бизнест шинээр оролцогчдоос ямагт давуу байдалтай байдаг. Харин ийм пүүс компаниудын бизнесийн экосистемд нэгдэн элсэхэд шинээр оролцогчдод эргэлзээ төрүүлэх явдал их гардаг. Энэ нь тийм ч амар биш. Ийм гашуун туршлага ч бий. Ийм нэгдмэл систем байгуулахыг тэргүүлэгч пүүс компаниуд санаачлан, бүрэлдэхүүнд элсэн орох нь бусдад ашиг тустайг сайтар ойлгуулах хэрэгтэй. Ийнхүү түншлэл тогтоож баймааж л ашиг орлоготой бизнесийн хаалга нээгдэнэ гэдгийг бүгд сайтар ухамсарлан ойлгох нь чухал.
Олон төрлийн бараа, үйлчилгээ ашиг өгч болохоор үйлдвэрлэгчдэд санагддаг билээ. Харин тэр бүгд зах зээлд амжилт олдоггүй. Бизнесийн экосистемээс авах сургамж бол хэрэглэгчдийн тухайн үеийн хэрэгцээ шаардлагыг хангах, өргөн далайцтай ажиллаж байнга шинэчлэгдэж, улам бүр өргөжих, түншүүдийн хүрээнд хөрөнгө оруулж байх явдал юм.
Уламжлалт М-хэлбэрийн зохион байгуулалтын ач холбогдол буурч байна
Дэлхийг хамарсан эдийн засгийн шинэчлэл, зах зээлийн тогтолцоонд үйлдвэрийн газруудын зохион байгуулалтыг өөрчлөх явдал хамгийн чухал болж байна. 1920-иод онд Дюпоны нэвтрүүлсэн М-хэлбэрийн зохион байгуулалтыг өнөө үед зарим томоохон компаниуд хэвээр нь ашигласаар байна. Энэ зохион байгуулалтаар тухайн пүүс компанийн салбар нэгжүүд төв захиргаандаа байнга тайлагнаж байдаг. Ийм зохион байгуулалтын дор зөвхөн гол бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түүнийг борлуулах зах зээлд анхаарахаас өөр зүйлд ач холбогдол өгдөггүй. Ийм нөхцөлд ирээдүйг хол харж, хүрээгээ тэлэх боломж хязгаарлагдмал байдаг. Чөлөөт хөрөнгийн их нөөцтэй шинэ технологи өргөн нэвтэрч буй өнөөгийн дэлхийг хамарсан эдийн засагт чухам хязгаарлагдмал байдлын цаана ихээхэн боломж нөөц байдаг. Одоогийн эрхэлж буй бизнесээ өргөжүүлэх үү эсхүл бизнесийн шинэ салбарт нэвтэрч орох уу гэдгийг пүүс компаниуд өөрсдөө шийдэх нь зүйн хэрэг юм. Микропроцессорын бизнесийн Интел компанийн туршлага үүнийг тод харуулж байна.
E-хэлбэрийн зохион байгуулалтын ач холбогдол өсөн нэмэгдэж байна
Зах зээл, үйлдвэрлэлтэй холбоотой корпорациуд үйлдвэрийн газруудаа өргөтгөх эсхүл шинэчлэн өөрчлөх үү гэдэг асуудалтай тулгардаг. Өнөөгийн нөхцөлд удирдлага, зохион байгуулалтын шинэ хэлбэрүүд бий болж, өргөжин хөгжиж байна. М-хэлбэрийн зохион байгуулалтын оронд E-хэлбэр өргөн нэвтрэх болов. E-хэлбэрийн зохион байгуулалт нь зөвхөн одоо байгаа зах зээлээр зогсохгүй, цаашид бий болж магадгүй зах зээлийг анхааралдаа байлгаж байдаг. М, Е-хэлбэрийн зохион байгуулалт зарчмын хоёр том ялгаатай. Нэгдүгээрт, E-хэлбэрийн зохион байгуулалт нь тухайн бизнесийн хүрээн дотор биш, түүнээс хальсан эрх ашгийг тооцоолон бодож байдаг бөгөөд түншлэлийн системтэй байхыг шаарддаг. E-хэлбэрийн зохион байгуулалт нь бизнесийн нэг хүрээгээр хязгаарлагдахгүй үйлдвэрлэл, үйлчилгээний ямар ч салбарт нэвтэрч орох боломжтой байдаг. Жишээ нь, Е-хэлбэрийн зохион байгуулалттай Интел компани нь зөвхөн микропроцессор, компьютер үйлдвэрлээд зогсдоггүй өөрийн бүтээгдэхүүнээрээ бизнесийн бусад төрлийн салбарт нэвтрэн ороод байна. Компьютер хэрэглэдэг бүх салбарт Интел хөрөнгө оруулдаг бөгөөд хариуд нь тэдгээр салбараас дэмжлэг, туслалцаа авч өөрийнхөө хүч чадлаа нэмэгдүүлэх боломжтой болж байна.
E-хэлбэрийн зохион байгуулалтын нэг онцлог бол бизнесийн чиглэлийн бүх ажлыг нэгтгэн удирдах боломж олгодог. Ийм зохион байгуулалтаар худалдаа, зах зээл, технологи, үйлдвэрлэл, санхүү тэр ч байтугай төр, засгийн газартай харилцах асуудлыг уялдуулан зохицуулах боломжтой болдог. Мөн удирдлага нь янз бүрийн салбаруудын үйл ажиллагааг авцалдаатай, хариуцлагатай зохион байгуулахад дөхөмтэй болгодог.
М-хэлбэрийн зохион байгуулалтанд ч ийм нөхцөл бүрдүүлж болно гэж зарим хүн үздэг. Гэвч М-хэлбэрт тухайн үеийн зах зээлийн шаардлага, үйлдвэрлэлийн хэрэгцээнээс хамт гарах боломж байдаггүй. Хэрэглэгчдийн хэрэгцээ, зах зээлийн шаардлагыг олон хүн судалж мэдрэхээс биш бараа үйлдвэрлэгчид тэр болгон олж мэддэггүй. E-хэлбэрийн зохион байгуулалтын дор шаардлагатай хүмүүсийг шаардлагатай цагт нэг газар төвлөрүүлэх боломж өгч байгаа хэрэг гэж хэлж болох юм.
E-хэлбэрийн зохион байгуулалт нь хөгжлийн янз бүрийн шатанд бизнесийг олон салбарт чиглүүлэх боломж олгодог. Майкрософтын туршлагаас авч үзье. Уг корпораци Компьютерээс гадна телекоммуникаци, санхүү, худалдааны хүрээлэн буй орчны систем (экосистем), хувь хүний гэрт мэдээлэл, цэнгээний программ ч хүргэх бизнесийн салбарт оролцож байна. Ингэхдээ Майкрософт нь нэг экосистемийг дангаар нь авч үздэггүй, нэгдмэл экосистемийн хүрээнд ажлаа явуулахыг эрмэлзэж байна. Майкрософт янз бүрийн экосистемийг хөгжүүлэхэд хөрөнгө зарцуулж, тухайн системд том, жижиг компани ямар үүрэг рольтой байхыг тодорхойлдог болов. Хяналтаа тавьж чадахгүй байгаа салбарт Майкрософт ирээдүйг харж үр нөлөөгөө нэмэгдүүлэхийг хичээж байна.
E-хэлбэрийн зохион байгуулалттай компаниуд хүрээлэн буй орчноос нөөц дайчлах бололцоотой байдаг
E-хэлбэрийн зохион байгуулалт нь уламжлалт холбоотой нэгж, пүүсүүдээс гадна байгаа нөөцийг эрж олох бололцоо олгодог. Экосистемийн урагшлах нэг нөхцөл бол тухайн зах зээл дээр өрсөлдөж буй буюу өрсөлдөж болох бусад Компанийг мэдэж байх явдал юм. Тэдгээрийг хязгаарлах, тэдэнтэй ярилцаж тохирох, улмаар харилцан хамтран ажиллах тохиолдол тулгарна. E-хэлбэрийн зохион байгуулалт нь эдгээр өрсөлдөгчдөд байнга анхаарал тавьж, боломжтой бол тухайн зах зээлд амжилттай оршин тогтнохыг хангах бололцоотой болгодог. E-хэлбэрийн зохион байгуулалттай компанийн нэгэн төлөөлөгчийн хэлснээр “Бидний эрх ашиг, зорилго, төлөвлөгөө үйл ажиллагааг тооцоолохгүйгээр ямар ч компани тухайн зах зээл дээр ямар нэгэн ажиллагаа явуулахгүй байдаг нөхцөл бүрдүүлэх явдал бидний зорилго юм” гэжээ.
М-хэлбэрийн зохион байгуулалттай компаниуд ямар ч салбарт 100 хувийн хяналтаа тогтоохыг хичээдэг бол E-хэлбэрийнх тэгдэггүй, зарим нөхцөлд гол чиг шугамаа хэрэгжүүлэх үүднээс бусдыг түлхүү оролцуулах, зарим хяналтаа сулруулах зэргээр уян хатан байх бололцоо байдаг.
Зах зээлд оролцогч бусад этгээдийн анхаарал дэмжлэгийг авах
E-хэлбэрийн зохион байгуулалттай компаниуд зах зээлд оролцогч бусад этгээдтэй санаа нийлэх, улмаар тэднийг үйл ажиллагаандаа татан оруулах бололцоо байдаг. М-хэлбэрийн зохион байгуулалттай компаниуд ноёрхож байсан үед өөрсдийгөө л хичээх үзэл давамгайлж байсан бол өнөөгийн бизнесийн экосистемийн тогтолцоонд тэргүүлэгч компаниуд анхаарлын төвд байж, бусад нь тэдэнд тус дөхөм болох үзэл нэвтэрч байна. Чөлөөт хөрөнгө, ухаалаг мэргэжилтнүүдийн нөөц ихтэй өнөөгийн эдийн засгийн ертөнцөд өнгөрснөө биш ирээдүйгээ харах нь чухал болж байна.
E-хэлбэрийн зохион байгуулалттай компаниуд зах зээл дэх замбараагүй байдлыг зохицуулж, өөрсдийн ашигтай гэж байгаа чиглэлд уян хатнаар хөрөнгө, нөөц бий болгох чадвартай болж байна. E-хэлбэрийн зохион байгуулалттай компаниудын хооронд өндөр технологийн хүрээнд “стандартчиллын дайн” гэсэн үзэгдэл ихэсч байна. Үүний нэг жишээ нь, Sun, Oracle Corporation, Netscape, IBM нэг талаас, Microsoft нөгөө талаасаа компьютерын системд хийж буй өрсөлдөөн юм. Бизнесийн экосистемд тэргүүлэх байр суурь эзлэх нь ялангуяа өндөр технологийн салбарт өрсөлдөөний шинэ хэлбэр болж хувирав.
E-хэлбэр М-хэлбэрийн эсрэг, Ирээдүй нь өнгөрсөн үеийн эсрэг
E-хэлбэрийн зохион байгуулалт нь өнөөгийн байдлаасаа илүү ирээдүйд чиглэсэн байдаг. Мөн олон чиглэлд өргөн цар хүрээтэй ханддагаар онцлогтой юм.
Ирээдүй тодорхой бус байвал бусдад хандах нь
Пүүс компаниуд зах зээл болон экосистемтэй харилцахаар ажлаа зохион байгуулах ёстой. Тэгэхдээ зах зээлд оролцогч бусад этгээд одоогоор үр нөлөөгүй хэрэглэгч нарт хандахгүйгээр үүнийг амжилттай хэрэгжүүлж чадахгүй юм, Ээдрээтэй дэлхий ертөнцийн ирээдүйг нэг пүүс компани дангаараа зөв оновчтой төсөөлөх боломжгүй.
Ирээдүй тодорхой бус байдгаас ухаалаг шинэ стратеги баримтлах шаардлага урган гарч ирдэг. Маргаашийн хэрэгцээ юу болохыг өнөөдөр төсөөлж байх нь чухал. Ингэхдээ бусадтай хамтран ирээдүйн нөхцөлд ажиллах зохион байгуулалт, түншлэл холбоотноо одооноос бүрдүүлж байх хэрэгтэй болдог. Шинээр бий болох нөхцөлд бизнес, санхүүгийн нөхцөл ямар болох, түүнд тохируулж ямар стратеги баримтлах зэргийг боловсруулдаг туршлага дэлгэрч байна.
Жишээ нь, Newlett-Packard’s ирээдүйн тээврийн хөгжлийг төсөөлөхөөр эдийн засгийн олон мэргэжилтэн, хэрэглэгчдийг оролцуулсан хэсэг байгуулж, судалгаа хийж байна. Ингэснээр уг компани ирээдүйнхээ стратегийг боловсруулах ажилдаа ороход бэлтгэж байна.
E-хэлбэрийн зохион байгуулалттай компанийн ирээдүйн загварын талаар олон байгууллага, хүмүүс судалгаа хийж байна. Зарим судлаачид харилцан үүрэг хүлээсэн японы компаниудын Кейрецу системийг олонтаа иш татах болов. Кейрецу-д багтдаг компаниуд туршлага, мэдлэг, мэдээлэл хоорондоо байнга солилцдог туршлагатай аж.
Цаашилбал, эдийн засгийн шинэ экосистем байгуулах оролдлого хийж буй Сингапур, Малайзын туршлага байна. Мөн Европт Валленберг, Азид Ли Кашин зэрэг баян чинээлэг хувь хүмүүс чирээдүйд зохицох үүднээс мөнгө хөрөнгөө уялдаа холбоогүй бизнесийн хүрээнээс гаргаж экосистем бий болгоход зориулан зарцуулж байна.
Дэлхийн хамгийн хурдан хөгжиж буй салбарууд ирээдүйн шинэ нөхцлийг ойлгож, тэр үед шаардагдах мэдлэг, ажлын арга барил зэргийг нэвтрүүлэхээр бэлтгэж байгаа нь чухал юм. Бусдаас түрүүнд эдийн засгийн шинэ бүтцийг ухамсарлан ойлгосон пүүс компаниудад өргөн сайхан боломж нээгдэж байна. E-хэлбэрийн зохион байгуулалттай компаниуд энэ чиглэлээр ажиллаж, цаашид дэлхийн эдийн засагт гүйцэтгэх гол үүрэг ролио одооноос бэлтгэн зэхэж байна.