С.Гантулга
/Цэргийн их сургуулийн багш, Феникс групп/
Шинэ толь №22, 1998
Түлхүүр үг: Технологи, Шинжлэх ухаан технологийн дэвшил (ШУТД), ТЭЗХ зүй тогтол, үйлдвэрлэл, шинэчлэлт, хөгжилт, технологийн хоцрогдол
Орчин үеийн дэлхийн техник эдийн засгийн хөгжлийг гайхмаар ч, хачирхмаар нь түүний зүй тогтол нь дэлхийн өнцөг булан бүрт адилхан байдагт оршино. “Аж үйлдвэрийн соёлын” шахалтын дор дэлхийн улсуудын эдийн засгийн бүтэц тогтолцоо “будаа” болж байгааг нэг хэсэг нь их шүүмжилж байлаа. Гэсэн хэдий ч аж үйлдвэр хөгжсөн улсуудын тохируулж хийдэг (G7-гийн уулзалтаар) дэлхийн техник эдийн засгийн нөхөн үйлдвэрлэлийн ерөнхий зүй тогтлыг улс бүхэн л амсч байна. Эдгээр ерөнхий зүй тогтлууд нь янз бүрийн улсуудад инвариант байна. Нөгөө талаас эдгээр нь техник эдийн засгийн системийн ил тод хэсэгт янз бүрээр илэрдэг. Эдийн засгийн өсөлтийн харилцан адилгүй байдал, Коньюктурын өөрчлөлт, бүтцийн диспропорц, хуримтлал, тэдгээрийг шийдэж буй арга замууд нь Техник-эдийн засгийн хөгжлийн ерөнхий зүй тогтлын уг аж ахуйн системийн онцлогтой холбоотой шинж чанарууд юм. Монгол ухаан, Монгол арга гэх мэт нь түүхийн зарим тодорхой үед хөгжлөөс хоцрох шалтгаан болж мэдэх юм. Эдийн засгийн “Космополитизм”-ыг бид томруулдаг шилээр харья.
- Технологийн өөрчлөлтийн зүй тогтол
Техник-эдийн засгийн хөгжлийн гол хүчин зүйл нь Шинжлэх ухаан, техникийн дэвшил (ШУТД) юм. Саяхан болтол олон түмэнд ШУТД-ийн тухай хялбаршуулсан ойлголт ноёрхож байлаа. Үйлдвэрлэлийн хэрэгсэл сайжирч, материал техникийн бааз өснө, үйлдвэрлэлийн ашиг нэмэгдэнэ, Хоцрогдсон технологи нь халагдаж, шинэ технологи нь нэвтэрнэ гэсэн гол санаатай. Ер нь ШУТД-ийг стационар процесс гэж үзэх нь элбэг байв. Балансын, оптимизаци загвар, үйлдвэрлэлийн функц (тэр дотроо Кобб-Дугласын функц), хамаарлын тухай статик ойлголт, загвар болон бусад уламжлалт аргууд маань ШУТД-ийн динамик, тасралтгүй процессын хамгийн гол агуулгыг нь гаргаж ирэхэд учир дутагдалтай байлаа. Харилцан үйлчлэлийн бүтэц, түүний элементүүдийг уламжлалт судалгааны дээрх аргуудад өөрчлөгдөхгүй (сеtеruѕ раrіbus) гэж үздэг. ШУТд энэ загварт үйлдвэрлэлийн бусад хүчин зүйлүүдийн нэгэн адил хүчин зүйл гэж үзэгдэх бөгөөд системийн параметрүүдийн дискрет (тасралттай) өөрчлөлт хэлбэртэй экзоген хувьсагч болж ордо ийм учраас ШУТД-ийн онол бодлогын оршиж буй зүй тогтлыг судлах загварчлах боломж алдагддаг. ШУТД нь нэгэн төрлийн биш, тодорхойгүй процесс бөгөөд дээрх загварт ямар нэгэн ид шидийн “хар хайрцаг” ч юмуу эсхүл онолын загварын гадна тодорхойлогддог. Олон төрлийн шинэ ололтууд нь хэдийгээр тусгаар мэт боловч нэгэн зүйлд зангиддаг болохыг ч эдгээр загвар үзүүлж чадахгүй байгаа юм.
Энэхүү анализын хэсэгт ШУТД-ийн нөлөөгөөр дэлхийн бүх хөгжилтэй улсад явагдсан технологийн өөрчлөлтөд түлхүү анхаарсан болно. ШУТД-ийн хурдасгал нь энэ зууны 2 дугаар хагаст гарсан ШУТ-ийн хувьсгалтай холбоотой гэж үзэх үзэл ноёрхож байлаа. Улс хоорондын харьцуулсан судалгааны үр дүнд ШУТД-ийг зөвхөн нэг талыг харсан, тухайлбал, нийгэм эдийн засгийн байдал дахь нөлөөллийг хэт дөвийлгөн үздэг байжээ. ТЭЗХ-ийн бүтэц, технологийн эдийн засгийн, нийгмийн, улс төрийн, өөрчлөлтүүдийн харилцан уялдаа, холбоог судалгааны гадна талд авч үздэг. Гэвч сүүлийн 10 жилийн ТЭЗХ-ийн уламжлалт онолоор тайлбарлахын аргагүй аномал үзэгдлүүд хуримтлагдсаар энэ асуудал эдийн засгийн судалгааны анхаарлын төвд байх асуудал боллоо.
Эдийн засгийн динамик бол жигд биш, тодорхойгүй процесс болох тухай шинэ ойлголт, санаанууд бий болов. ШУТД-ийг аливаа институтын орчинд хамтрах эсхүл өрсөлдөж буй объектуудын хэрэгжүүлж буй технологийн альтернативуудын нарийн төвөгтэй харилцан хамаарал гэж үзэх болжээ. ТЭЗХ-ийн альтернатив сонголт ба тэдгээрийн технологийн шилжилт нь бүтцийн өөрчлөлт хэлбэрээр шинэ технологийг практикт нэвтрүүлэх үйл явц, нийгмийн технологийн шинэ бололцоог ашиглаад сургах, дадлагажуулах төвөгтэй үйл явцын үр дүнд бий болж байна. Эдгээр үйл явц технологи ба нийгмийн өөрчлөлтийн харилцааны шугаман биш эерэг, сөрөг буцах холбоогоор хэрэгждэг.
Эдийн засгийн динамик шугаман биш, тодорхойгүй, байнга өөрчлөгддөг үйл явц болох нь тодорхой болмогц ТЭЗХ ба ШУТ-ийн удирдлагын асуудлыг цоо шинээр үзэхээс өөр аргагүй байдлыг бий болгов. ТЭЗХ-ийн үйл явцыг судлахад нийгмийн үйлдвэрлэлийн хөгжлийн хурд, янз бүрийн элементүүдийн хоорондох харилцан хамаарлыг үзүүлдэг буцах урвуу холбоонуудыг судлах нь тэргүүн зэргийн ач холбогдолтой болж байгаа юм.
ТЭЗХ-ийн зүй тогтлыг судлах шинэ хандлага нь эдийн засгийн бүтцийн тухай шинэ сэтгэлгээг тодорхойлж өгнө. Эдийн засгийн бүтцийн уламжлалт, бүтээгдэхүүн-салбарын системийн маягаар сэтгэхтэй холбоотойгоор шинэ сэтгэлгээнд бэрхшээл үүсдэг. Тодорхой ангийн бүтээгдэхүүний гаргалтаар (судлахад) хөдөлмөрийн хуваарь нь статик байдлын анализэд их тохиромжтой. Гэсэн хэдий ч энэ хандлага ШУТД-ийн технологийн өөрчлөлтийг харуулахад адекват биш. Орчин үеийн үйлдвэрлэлийн салбарууд уг үйлдвэрлэлийг бүрдүүлэгч техникийн түвшингээр харилцан адилгүй. Технологийн шилжилтийн явцад энэ нь өөрийн бүтэн нэгдмэл байдлаа алдаж эдийн засгийн технологийн бүтцийг бүрэн дүүрэн ашиглахад хүндрэл учруулдаг (Монголын өнөөгийн шилжилт, Европын технологийн “хоцрогдол”). ТЭХЗ-ийн урт хугацааны хандлагыг судлахдаа эдийн засгийн бүтцийг судлах шинэ хандлага, технологийн шилжилтийн шинэ загвар хэрэгтэй болж байна. Технологийн хөгжлийн явцад эдийн засгийг бүрдүүлэгч элементүүд, тэдгээрийн харилцан хамаарлыг тогтвортой “үзүүлдэг” “цэгийг” олох нь чухал. Энэ зорилт технологийн шилжилтэд бүхэллэг байдлаа хадгалдаг төдийгүй, технологийн зөөгч болдог тэрхүү элементийг олохтой холбоотой.
Технологийн хувьд харилцан нягт сүлжилдсэн (нөхцөлдсөн), өөрийн хөгжлийн явцад бүхэллэг шинжээ хадгалдаг үйлдвэрлэлийн нэгдлийг тийм элемент болгон авч болно. Нэгэн төрлийн технологийн шинж болох техникийн ойролцоо түвшинтэй, технологийн нэгэн парадигмтэй эрчим хүчний эх үүсвэр, хэрэглэх материал, түүхий эд, дэд бүтэц, харгалзах үйлдвэрлэлийн биш хэрэглээний хэв шинж битүү нэгдэл нь тогтвортой нөхөн үйлдвэрлэлийн бүхэллэг-Техникийн хэв шинжийг бүрдүүлнэ. Техникийн хэв нь байгалийн түүхий эд олборлохоос авахуулаад мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, үйлдвэрлэлийн биш хэрэглээ хүртэл битүү эргэлтэт систем юм. Эдийн засгийн бүтцийн дээр дурдсан технологийн бүтцээр Төлөөлж болох ба түүний динамикийн техникийн хэвийн дэс дараалсан өөрчлөлт гэж үзэж болно.
Нийгмийн үйлдвэрлэл дэх технологийн бүтцийн үүсэл, хөгжлийн зүй тогтлыг дээрх байр сууринаас гаргаж болно.
Ер нь дурын технологийн системийн хөгжил суурь болсон шинэлэг зүйлийг нэвтрүүлэхээс эхлэх ба бусад гүйцээгч нь Үүний үр дүнд дагалдаж гарна.
Суурь шинэ эхлэл нь уламжлалт технологийн орчноос эрс ялгагдах бөгөөд үүний үндсэн дээр үүсэх технологийн систем нь харгалзах шинэ холимог үйлдвэрлэлийг бий болгоно. Түүний үр дүнтэй үйл ажиллагаа нь зөвхөн адекват технологийн гинжинд л хангагдана. Шинэ технологийн системийг уламжлалт технологийн гинжинд оруулсан холимог нь өөрийн давуу талыг эзэмших чадваргүйгээс болж мэдэгдэхүйц дэвшилд хүрэхгүй байж болно. Шинэ техникийн хэвэнд нэгдсэн, харилцан тохиолдсон технологийн суурь шинэ эхлэлүүдийг бий болгох замаар бодит ТЭЗХ бий болно
Шинэ технологийн бүтэц бий болох зүй тогтол нь тэгш биш ТЭЗХ ийг тодорхойлно. Тээх нь зөвхөн шинийг нэвтрүүлж, хуучин технологийг устгах замаар төдийгүй үйдвэрлэлийн Техникийн түвшингийн байнгын осолтоор явагддаг. Энэ нь бодит байдалд тохникийн хэвийн хувьсан өөрчлөгдөх урт хугацааны дараалсан процесс юм. Аль нэг зонхилсон техникийн хэвийг ногоогоор солих нь технологийн олон үйл явцыг устгах, оорчлохоос ангид байж чадахгүй. Уламжлалт холбооны задрал нь шинэ техникийн хэвийн түгээлттэй давхцах ёстой. Гэхдээ, техникийн хэвийн бүх генезист гол хөдөлгөгч хүчин зүйл нь технологийн буюу нийгмийн хэрэглээ, хөдөлмөрийн багаж гэдгийг хэт дөвийлгөх хэрэггүй. Судалгаанаас үзвэл шинэ эхлэл ба эдийн засаг техникийн бүтцийн үндсэн хэсгүүд болох машины үйлдвэр, материал түүхий эд, эрчим хүчний эх үүсвэр, зохион бүтээмжийн гол материал, тээврийн хэрэгсэл ба холбоо нь харилцан бие биенээ нөхцөлдүүлнэ. Эдгээр нь бие биедээ урамшуулал өгнө. Радикал нээлт ба зохион бүтээлт дэлгэрэх тодорхой нөхцөлгүй бусад шинэлэг эхлэл гараагүй нөхцөлдүүлэх үйлдвэрлэлийн бүхэллэг систем байхгүй үед дэлгэрч чадахгүй (Англи, Францын “Конкорд” нисэх онгоцны төсөл г.м).
Эдийн засгийн бүтэц дэхь техникийн хэвийн аль нэг нь давамгайлах үе шинжлэх ухаан мэдээллийн дэвшлийн нэгэн үеийг төлөөлнө. Энэ үе бүхэн суурь үйлдвэрлэлийн нэгдэл, манлай салбарын, үйлдвэрлэлийн биш хэрэглээний хэв шинж ажилчдын мэргэжил зэргээр ялгаатай ба тээвэр холбооны тодорхой хэлбэрт тулгуурлана. Өөрөөр хэлбэл, ШУТД-ийн үе шатуудын хооронд залгамж холбоо бий. Аль нэг үе шат хөгжлийн явцад дараагийн шатны ШУТД-ийн үйлдвэрлэлийг бий болгоно. Хүмүүсийн шинэ хэрэглээ бий болж, тэрхүү техникийн үйл явцын түлхэгч хүч нь болно. ТЭЗХ-ийн урт хугацааны судалгаанаас үзвэл (хөгжингүй улсуудын түүхэн замнал) манай зууны эхнээс хойш ТЭЗХ-ийг гурван үе шат, түүнд харгалзах гурван техникийн хэв байсан (Аж үйлдвэрийн Нэгдүгээр хувьсгалаас хойш таван ТЭЗХ үе, мөн таван ТХ).
Нэгдүгээр үе нь XIX зууны сүүлчээс хөгжсөн. Цөм нь цахилгаан эрчим хүч, цахилгаан техникийн машины үйлдвэрлэл байлаа. Бүрдүүлэгч шинэ технологийн тархалтад үйлдвэрлэлийн процессийн механикжилт, ажилчдын мэргэжлийн боловсролд орсон өөрчлөлт (бүх нийтийн анхан шатны боловсрол) нөлөөлсөн. Үйлдвэрлэлийн гол материал нь ган, эрчим хүчний эх үүсвэр нь нүүрс, гол тээврийн хэрэгсэл нь төмөр зам байлаа. Үүний зэрэгцээ телефон, телеграфын сүлжээ бий болжээ. Уг техникийн хэвийн үйлдвэрлэл нь бөөнөөр үйлдвэрлэхэд тулгуурласан. Аж үйлдвэр нь универсал тоног төхөөрөмжтэй. Энэ техникийн хэвийн хөгжлийг хотжилт дагав. Хүн амын хэрэглээнд эрс өөрчлөлт оруулснаар үл барам амьдралын хэв маягийг өөрчилсөн. Мөн үйлдвэрлэлийн бүтэц, зохион байгуулалтын системд өөрчлөлт орсон (Форд-Тейлор-ийн систем). Өрсөлдөгч фирмүүдийн оронд том аж үйлдвэрийн трест, картелиуд гарч иржээ. Зах зээлийн өрсөлдөөний гол хүчин зүйл нь хувьцаа эзэмшигчдийн хуримтлалд тулгуурласан капитал болов.
Дээрх техникийн хэвийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны идэвхжилттэй хамт шинэ хурдан тархалттай нийгмийн үйлдвэрлэлийн салбарууд: автомашин, телекоммуникац, пластмас, шинэ тээвэр (авто зам), мэдээлэл (радио), эрчим хүч (нефть боловсруулах, зөөх, үйлдвэрлэх) шинэ дэд бүтцүүд бий болов.
Шинэ технологуудын комплексийн тархалт нь уламжлалт үйлдвэрлэлийн бүтэц, хэрэглээ, уламжлалт техникийн хэвд оруулж буй нөөцүүд (хөрөнгө, хүч гэх мэт) зэргээс болж саатаж байлаа.
30-аад оны капитал үнэгүй болж радикал бүтцийн өөрчлөлтөд хүргэсэн их хямрал уламжлалт техникийн хэвийн гинжнээс болсон. Энэ хямралын үр дүнд шинэ техникийн хэв түгэх өргөн боломж олжээ. Тейлор-Фордын удирдлагын суурин дээр тулгуурласан бөөний үйлдвэрлэлийн шинэ зохион байгуулалтыг хэрэгжүүлсэн, урт хугацааны эдэлгээтэй барааны эрэлт ихэсч, түүнд харгалзах дэд бүтэц, хэрэглээний хэв шинж бий болсон нь 1945-60 оны үед капиталист улсуудын эдийн засгийн түргэн өсөлтийн нөхцөл болсон юм.
Нэгдүгээр техникийн хэвд харгалзах бүтцийн элементүүд (үйлдвэрлэлийн материал гэх мэт) капиталист орнуудад 60-аад оны дунд үе хүртэл хадгалагдаж байсан. Гэвч ТЭЗХ-ийн хөдөлгүүр нь шинэ техникийн хэв шинж болоод байлаа. Түүний цөм нь хими ба нефть боловсруулах машины үйлдвэр боллоо. Тээвэрт автомашин ноёрхож байв. Механикжуулалт, автоматжуулалт, чанартай түүхий эд, тусгай төхөөрөмж зэрэгт техникийн хэв суурилаж байв. Цахилгаан эрчим хүчний хөгжил түлхүү явагдаж, түлш эрчим хүчний эх үүсвэр нь нефть байв. Зохион бүтээлтийн материалд шинэ материалууд (пластмас, титин гэх мэт) эзлэх хувь өслөө. Чанартай гангийн хувь өсөв. Үйлчилгээ урт хугацааны эдэлгээтэй техникийн нарийн бүтээгдэхүүнүүд (гэр ахуйн төхөөрөмж, автомашин)-д зарцуулах зардал өндөртэй шинэ хэрэглээний орчин бүрэлджээ. Бүх нийтийн дунд боловсролтой болж, ажилчдын мэргэжил, үйлдвэрлэлийн соёл шинэ түвшинд гарсан.
70-аад оны дунд үеэс энэ техникийн хэв хөгжилтэй орнуудад верийн өсөлтийн хязгаартаа тулав. Уг техникийн хэвийн үндсэн хэрэглээ тогтворжиж, суурь технологийн процессийн тархалт дуусав. Үүнээс цааших ТЭЗХ нь ШУТД-ийн шинж үетэй холбоотой.
ІII техникийн хэвийн суурь нь электроник, механотроник, микропроцессорын техникийн эрчимтэй хөгжилтөд суурилсан үйлдвэрлэлийн иж бүрэн автоматжуулалт, харилцаа холбооны шинэ систем, тооцоолон бодох техникийн мэдээллийн сүлжээ, агаар сансрын холбооны хэрэгсэл болно.
Шинэ техникийн хэвийн үйлдвэрлэлийн тархалт нь бараг бүх улсад харгалзах мэдээллийн сүлжээ, тээврийн (агаар сансрын), энергийн (хий олзворлох, заах, ашиглах, ашиглалт (юуны түрүүн үйлчилгээний салбар) дэд бүтцийн хөгжлөөс шалтгаалан саатаж байна. Хөдөлмөрийн өндөр соёл шаардагдах болсон түүнийг зохион байгуулах уламжлалт биш менежмент нь энэхүү техникийн хэвийн хөгжлийг урамшуулахад зохих бэрхшээл бий болгов. Нийгмийн үйлдвэрлэлийн зохион байгуулалтад бүтцийн эрс өөрчлөлт шаардлагатай, мөн шинэ техникийн хэвийн технологийн гинжинд өргөн хэмжээний нөөц дахин хувиарлах зайлшгүй шаардлагатай.
Өмнөх техникийн хэвийн ноёрхох нөхцөлд тооцоолох техник, автомат техникийг нэмэгдүүлэх бололцоо хязгаартаа тулснаар энэ илэрдэг.
Техникийн хэв бүрийн хөгжил хоёр удаагийн түлхэлтийн хэлбэртэй (схемчлэн үзүүлбэл)
Эхний түлхэлт нь өмнөх техникийн хэв давамгайлсан эдийн засаг ба нийгмийн таатай бус нөхцөлд тохирно.
2 дахь хэсэг нь бүтцийн өөрчлөлтийн дүнд нийгэм эдийн засгийн заагийг давсан үед техникийн хэвийн хурдтай тархалтыг үзүүлнэ.
Нөхөн үйлдвэрлэлийн бүрдүүлэгчийн техникийн сайжруулалтын нөөц шавхагдаж давамгайлагч техникийн хэвийн хэрэгцээ хангагдах үед уг техникийн хэв үр дүнгүй болж бутцийн өөрчлөлт шаардлагатай болно. Давамгайлагч техникийн хэвийн дэс дараалсан ээлж нь дэлхийн эдийн засгийн коньюктурын давтамжаар илэрнэ. 50 жилийн хугацаатай үргэлжлэх эдийн засгийн идэвхжилт бараг бүх хөгжингүй улсад илэрсэн. Үүнийг Н.Д.Кондратьевийн урт долгион гэнэ. Үнэ, хөрөнгө оруулалт, ҮНБ, үндэсний орлого, дэд бүтэц зэрэг макро эдийн засгийн үзүүлэлтэнд харагдаж байна.
Урт долгионы ихэнх судалгаа хөгжилтэй капиталист орнуудын эмпирик материал дээр үндэслэгдсэн байна. Үүнд: Капиталын нөхөн үйлдвэрлэлийн мөчлөгөөс гадна эдийн засгийн хөрөнгө оруулалтын идэвхжилт, хүн амын үе солигдолт, цэрэг дайны идэвхжил гэх мэт. Эмпирик анализ ярихын өмнө ТЭХЗ-ийн ерөнхий зүй тогтол илрэх тухайн нөхцлүүдийг авч үзэх нь зүйтэй. Эдийн засгийн технологийн бүтцийн зүй тогтол нь аж ахуйн харилцааны системд янз бүрээр үйлчлэх тодорхой нөхцөлд л болж байгааг анхаарах хэрэгтэй.
- Дэлхийн улс орнууд дахь технологийн өөрчлөлт
Зах зээлийн эдийн засагт технологийн хэвшлийн өөрчлөлт бэхжилт нь Коньюктурын урт долгионоор илэрнэ. Ийм хөдөлгөөний гол шалтгаан нийгмийн капиталын нөхөн үйлдвэрлэлийн зүй тогтолд байгаа юм. Нийгмийн хэрэглээний хяналт, технологийн шинэчлэлийн өсөлтийн хязгаарын үр дүнд техникийн хэвийн уналтын үе ирэх бөгөөд, үйлдвэрлэлд оруулж буй хөрөнгө оруулалтын эцсийн үр дүн огцом унана.
Нийгмийн хэрэглээний үйлдвэрлэлийн цаашдын өсөлт, үйлдвэрлэлийн ашиг хадгалагдахын тулд чөлөөлөгдөж буй капиталыг дараагийн техникийн хэвийн эрс шинэ технологид хөрөнгө оруулахыг шаардана. Энэ техникийн хэвийн эхлэл туршилтын үйлдвэр, загвар, нээлт, зохион бүтээлт хэлбэрт орших бөгөөд нийгэм, эдийн засгийн тохиромжгүй нөхцлөөс болж түгэн дэлгэрэх нь хязгаарлагдмал байна. Ажил эрхлэлтийн өндөр хувийг хадгалах сонирхол, корпорацуудын үүсэн бий болсон холбоо харилцаагаа хадгалах сонирхол шинэ техникийн хэвийн түгээлтэд хүчтэй сөрөг хүчин зүйл болно.
Хуучирсан үйлдвэрлэл нийгмийн системийн тогтвортой байдлыг ханган, эдийн засгийн зохицуулалттай институцийн бүтцийн хүчээр хангалттай удаан хадгалагддаг. Нийгэм, эдийн засгийн бүтцийн инерцит чанар, урт хугацааны депрест хүргэж техникийн хэв өөрчлөх нөхцөл болно.
Чөлөөлөгдөн гарсан капитал үйлдвэрлэлийн зориулалтаар биш харин улс орны нэр хүндийг өргөх зорилготой янз бүрийн “механизмууд”-ын үр дүнд үгүй болно. Хүн амын орлогыг оролцуулан бүх макро түвшний үзүүлэлтийн өсөлтийн макро эрчим унана. Зохион байгуулалтын ба нийгмийн шинэ ололтуудыг мэдрэхэд зохих цаг хугацаа орно. Энэ бүхний дунд бүтцийн өөрчлөлт хийгддэг бөгөөд шинэ техникийн хэвийн үйлдвэрлэлийн түргэн өсөлтийн үе эхэлнэ. Илүүдэл капитал аажим үгүй болж, шинээр нөөцөө хувиарладаг. Эдийн засгийн өсөлтийн үе эхэлнэ.
Шинэ техникийн хэвийн өргөжилт нийгмийн шинэ төрлийн хэрэглээг бий болгоно. Үйлдвэрлэлийн хоорондох зай уг техникийн хэвийн үйлдвэрлэлийг өргөтгөх, уламжлалт техникийн хэвийн илүүдэл капиталыг хөрөнгө оруулалтад шилжүүлэхэд түлхэц өгнө. Эдийн засгийн идэвхжилт унах, ашиглагдаагүй нөөц, ихээхэн ажилгүйдэл зэргээс эдийн засаг унана.
Нийгмийн хурцадмал байдал эдийн засгийн шинэ чиглэлийг хайхад хүргэх болно. Төр ба корпорацууд зохион байгуулалт ба технологийн шинэ ололт хэрэгжүүлэх, шинэ техникийн хэвийн замыг засна. Мөчлөг анхнаасаа эхэлнэ.
Дээрх механизм дэлхийн түвшинд “ажиллана”. Дотоод зах зээлд эрэлт унана, бүтээгдэхүүн, капитал гадагшаа гаргаж, энэ нь уг техникийн хэв дэлхий дахинд түгэхэд нөлөөлнө. Товчхондоо “галуун цуваа”-ны онол гэсэн үг.
Дэлхийн зах зээлийн систем дэх бүх улсад тус бүрийн техникийн хэв өсөлтийн хязгаартаа тулмагц, дэлхийн аж ахуйд капиталын хэт хуримтлал бий болно. Дараагийн нийгэм Шинэ онолыг түрүүлж хэрэгжүүлсэн дараагийн техникийн хэвд урьдчилсан шинэ урт долгионы өсөлтийг бий болгож чаддаг. Үүний үр дүнд дэлхийн ТЭЗХ-ийн тэргүүлэгч болно.
Орчин үед эдийн засаг, технологийн тэргүүлэгч улс АНУ боллоо. АНУ-ын ТЭЗХ-ийг авч үзвэл дээрх зүй тогтол харагдана. Гуравдугаар үеийн технологийн хэвийг бий болгох зорилт тавигдаж байна. Технологийн хувьд Япон, Европын холбоо тун ч ойролцоо түвшинд очжээ. АНУ-ын шинжлэх ухаан техникийн хөгжил 1960-аад оноос эрчимтэй хөгжсөн. Үүнд Засгийн газраас санхүүжүүлдэг Пентагон, НАСА-ын томоохон төслүүд үлэмж нөлөөлсөн гэдэг. Япон улсын өмнө хуулбарлан дууриагчаас бүтээгчийн шинэ дүрд хувилан гарах шаардлага гарлаа. Европын холбоо технологийн хоцрогдлоо нөхөх гэж EUREKA, JESSI, MEDEA зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Энэ бүхний цаад мөн чанар, зорилго нь гуравдугаар технологийн хэвийн суурь бүтцийг бий болгоход чиглэдэг. Мөн Японы “Japanese tasks 90” хөтөлбөрийг үзвэл энэхүү гуравдугаар технологийн хэв ноёрхсон нийгмийн бүтцийг бий болгох зорилго илт харагддаг.
ТЭЗХ-ийн илрэх байдал нь улс бүрд өөр байна. Япон улсад хөгжингүй бусад улсаас технологийн хэвийн өөрчлөлтийн хурд их байсан. Дэлхийн хоёрдугаар дайны дараа нэгдүгээр технологийн хэвийн үйлдвэрлэлийг маш түргэн байгуулсан ба хоёрдугаар технологийн хэвийн үйлдвэрлэлийн бүтцийн амьдрах давтамжийг 25 жилд “багтаав”. Хоёрдугаар технологийн хэвийн өсөлтийн ид үед Японы төр ба корпорацууд гуравдугаар технологийн хэвийн үйлдвэрлэлийг бий болгох зорилт тавьж энэ үйлдвэрлэлд их хэмжээний нөөцийг хуваарилжээ. Үүний үр дүнд Япон улс уг технологийн хэв шинж дэлхийд тархах үед техник технологийн тэргүүлэгч гүрний тоонд орсон билээ. Магадгүй дээрх шалтгаанаас болж Япон улсын хөдөлмөрийн бүтээмж АНУ болон бусад улсыг гүйцдэггүй байж болох юм.
Технологийн хэвийн үйлдвэрлэлийн манлайлагч чухам аль үйлдвэрлэлийг сонгох, улс бүрийн газар зүй, эдийн засгийн онцлогоос шалтгаална. Тэр ч бүү хэл тээврийн дэд бүтцэд улсын онцлог нөлөөлдөг. Жишээ нь, АНУ-д зорчигч тээврийн ихэнхийг агаарын тээвэр, авто тээвэр эзэлдэг бол Францад төмөр замын тээвэрт ач холбогдол өгдөг.
ТЭЗХ-ийн тэргүүлэгч улсын хувьд араасаа явж буй улсаас уг үйлдвэрлэлийн салбар нь хэд дахин том байх нь бий. Энэ нь Дэлхийн эдийн засагт эзлэх хувь их түүнд харгалзан, үйлдвэрлэлийн салбарууд нь том байдагтай холбоотой. Урт хугацааны явцад энэ нь ашигтай байж чадахгүй. Бүтцийн өөрчлөлт хийхэд энэ бүтэц инерцит чанараа хадгалан шинэ технологийн хэв шинжит хөгжлийг саатуулдаг бөгөөд чухам эдгээр шалтгаан “хоцрогдсон” давуу талыг бий болгож чадахгүйд хүргэнэ.
“Хоцрогдол”-ын давуу тал нь тэргүүний улсын туршлага ашиглан, тэдгээрийн ТЭЗХ-ийн цаашдын таамаг дэвшүүлэн, технологийн хоцрогдлыг арилгах, хамгийн ашигтай стратегийг боловсруулахад оршино. Дэлхийн аж ахуйн тогтолцоон дахь макро өөрчлөлтүүдийн үед энэ нь тэргүүний улсуудыг гүйцэх боломж олгодог. Технологийн хөгжлийн гол чиглэлийг мэдэж Нөөцөө хуримтлуулан, шинэ технологийн хэв шинжийг түргэн байгуулбал хоцронгуй улс эрчимтэй хөгжинө. Өмнөх бүтцийн инерц бага ажлын байрыг устгах, хуучны хүчирхэг үйлдвэрлэлийн тогтолцоог буулгахад хүч зарцуулах шаардлагагүй нь үүний давуу тал билээ. Чухамхүү энэ давуу талыг ашиглан сүүлийн 20-30 жилд Зүүн ба Зүүн өмнөд Азийн улсууд толгой эргэм хөгжилд хүрэв. Тэдгээр улсууд технологийн нэг ба хоёр хэв шинжийг бүрэн байгуулалгүй зөвхөн гурав хэв шинжид шаардлагатай доод суурийг бий болгосон. 5-10 жилийн дотор сууриа байгуулмагц бүх нөөцеө гуравдугаар технологийн хэвийн үйлдвэрлэлд шилжүүлнэ. Энэ үед нөөц маш их хэрэгтэй тул гадаад хөрөнгө оруулалтад анхаарчээ. Энэ бол микро эдийн засгийн хувьд бараг аксиом болсон зүйл. Үүний тод жишээ нь, Сингапур, Малайз улсууд болно. Гэвч тэргүүний улсуудын гуравдугаар технологийн хэвийн үйдвэрлэл Зүүн өмнөд азийн улсуудын зарим давуу талыг үгүй болгож болзошгүй байна. Тухайлбал, хямд төсөр оёдлын автомат үйлдвэр Хонконг, Өмнөд Солонгос дахь хямд ажиллах хүч гэсэн давуу талыг үгүй болгож магадгүй юм.
- Монгол улс ба технологийн хэв шинж
Манай улс хойд хөршөөс хамааралтай эдийн засгийн бүтэцтэй байлаа. 1930-аад онд аж үйлдвэрийн үндэс суурь тавигдаж, нэгдүгээр технологийн хэвийн үйлдвэрүүд байгуулагдсан. 1960-аад оноос хүнд аж үйлдвэрийн суурь тавигдсан ба 1970-аад оны сүүлч 1980-аад оны эхэн гэхэд л гуравдугаар технологийн хэвийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх суурь бүрэлдсэн. Үүнд үйлдвэрлэл явуулахад хангалттай эрчим хүч боловсруулж эхэлсэн, хүн амын өсөлт, боловсролын түвшин зэрэг хүчин зүйлүүд орно. Гэсэн хэдий ч нөөцийн хуваарилалт Нэгдүгээр хэв шинжийн үйлдвэрлэлд орж байсан нь манай улсын эдийн засаг хавсарга “колони”-ийн шинжтэйгээс болсон болов уу. Хоцрогдлын давуу талыг ашиглах бололцоог “эзэнт гүрний” нөлөө хүнд суртал үгүй болгожээ. Социалист систем нуран унаснаар хоёр, гуравдугаар технологийн хэв шинжийг үйлдвэрлэлийн эх үүсвэр тавиуллаа (”Монел”. Биотехнологийн жижиг үйлдвэрүүд Г.М). Гэвч уг үйлдвэрлэлийн хэв шинжүүдийн бүхэллэг шинж бүрэлдэж хараахан амжаагүй тул өрнүүн их өсөлт харагдахгүй байна.
Хүмүүсийн үнэт зүйлийн хандлага, хэрэглээ, амьдралын хэв маяг өөрчлөгдөж шинэ технологийн бүтцийн үйлчилгээний эрэлт бий болов. Хамгийн тод жишээ нь, тооцоолох техник, албан тасалгааны электрон төхөөрөмж, интернетийн сүлжээний эрэлт өссөнөөр харагддаг.
Гуравдугаар технологийн хэвийн үйлдвэрлэлийг бий болгох хүн амын хэрэгцээг тооцвол гаднаас авах импорт ихсэх төлөвтэй. Нэгдүгээр технологийн хэв бүхий түүхий эд, боловсруулалт багатай бүтээгдэхүүн экспортлодог манай улсын хувьд валютын нөөцөө тэнцвэргүй солилцоод дуусгах нөхцөл бий болж байна.
Hөгөө талаас хүн амын боловсрол, хэрэгцээ, үнэт зүйлийн хандлагын өөрчлөлт шинэ технологийн хэв шинжийг нутагшуулах түгэн дэлгэрэх таатай нөхцөл болж буйг дурдах хэрэгтэй.
Хоцрогдлын давуу талыг ашиглах бололцоо одоо л бүрэлдэж байна. Манай улс технологийн хувьд хоцрогдолд орохгүйн тулд дараах зүйлүүдийг анхаарах нь зүйтэй. Үүнд:
- гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжин хүний хөгжилд хөрөнгө оруулах,
- гуравдугаар технологийн хэвийн үйлдвэрлэлийг өөртөө тохирох чиглэлийг тодорхойлох, түүний хөгжих суурь болсон нэг, хоёрдугаар технологийн хэвийг батлуулах,
- олон улсын харилцаа холбооны шинэ системүүдэд нэгдэх сансарын холбооны суваг ашиглах, буюу түрээслэхэд анхаарах, дэд бүтцээ хөгжүүлэх зэрэг болно.
Мөн олон улсын яармаг, үзэсгэлэн худалдаа, бирж технологийн худалдаанд анхаарал тавьж, одоогийн технологийн маань (зэс ноолуур гм) давуу талыг үгүй болгож болзошгүй технологи, шинжлэх ухааны нээлт зэргийг судлах нь зүйтэй. Дэлхийн гуравдугаар технологийн хэвтэй холбогдон Монгол улсад экспортын ямар шинэ бололцоо нээгдэж болох, ямар улсууд өрсөлдөж болохыг судлах шаардлагатай байна. Одоогийн технологийн давуу талыг алга болгох аюул заналхийлбэл ямар арга хэмжээ авахыг ч тооцвол зохино. 70-аад онд Япончууд Швейцарийн цагны үйлдвэрлэлд аюул учруулахад Швейцарийн үйлдвэрүүд өөрийн маркетинг, менежментын арга хэмжээ авч эзлэх хувь, үйлдвэрлэлийн хэмжээгээ бууруулаагүй баримт сургамжтай.
Хянасан: Б. БАТ-ОРГИЛ/Ph.D/