Д.Шүрхүү
/ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн тэргүүлэх эрдэмтэн, доктор/
Шинэ толь №21, 1998
ЗХУ задарсны дараа түүний бүрэлдэхүүнд байсан БНУ-ууд тусгаар тогтнолын замд орсноор зөвлөлтийн нөлөөний хүрээнд багтаж байсан орон зайд Дорнод Европ, Кавказ, Төв Ази гэх мэт хэд хэдэн шинэ бүс нутаг үүссэн. Эдгээр бүсээс дэлхий дахины сонирхлыг хамгийн их татаж буй бүс бол улс төр-эдийн засаг, цэрэг-стратегийн нөлөө, ач холбогдол нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй Төв Азийн бүс нутаг юм.
Шинээр тусгаар тогтносон 5 орон Узбекистан, Казахстан, Киргиз, Туркменистан, Тажикистаны төрийн тэргүүн нар 1993 оны эхээр Ташкентад уулзан, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Тунхаглал гаргасны дараа Төв Азийн бүс гэсэн нэр томъёо дахин гарч ирсэн юм. Харин “Дундад Ази”-ийн эдгээр орнууд бүс нутгаа “Төв Ази” гэж нэрлэсэн нь нэгдүгээрт, “Дундад Ази” гэдэг бол оросын эзэмшил нутгийг заасан орос нэр томьёо, хоёрдугаарт, уг нэр нь газар зүйн талаасаа ч нэлээд явцуу ойлголт байсантай холбоотой юм. Зөвлөлтийн их нэвтэрхий тольд баруун тийшээ Каспийн тэнгис, зүүн тийшээ Хятад, урагшаа Иран, Афганистан, хойшоо Арал-Эрчисийн усны хагалбар хүртэлх нутгийг Дундад Азид хамааруулсан байдаг. Харин түүнд Казахстаны ихэнх нутаг ордоггүй байсан тул өнөөгийн Төв Азийн орнууд (TAO) гэдгийг “Дундад Ази ба Казахстан” хэмээн ойлговол зүйд нийцнэ. Харин Ази тивийн эх газрын гүн дэх Каспийн тэнгисээс Их Хянганы нуруу хүртэлх өргөн уудам нутгийг, ялангуяа өрнөдөд Төв Ази хэмээн үздэг нь хамаагүй өргөн хүрээтэй ойлголт.
Нефть, хий зэрэг стратегийн чухал түүхий эдийн баялаг нөөц болон түүнийг ашиглахтай холбогдон олон улсын зүгээс улс төр, эдийн засаг, дипломатын чиглэлээр гаргаж буй идэвхи, өрсөлдөөнөөс харахад ирэх зуунд TAO нь олон улсын улс төр, эдийн засгийн томоохон төв болох хэтийн төлөв ажиглагдаж байна.
Төв Ази ба их гүрнүүдийн ашиг сонирхол
ОХУ
ЗХУ-ын задралын дараа ТАО-нууд олон улсын харилцааны объект төдий бус бүрэн эрхт субъект болсон нь ОХУ-ын улс төр, эдийн засаг, цэрэг-стратегийн бодлогод эрс өөрчлөлт оруулсан юм. Оросын шинжээчид Төв Азийн талаар янз бүрийн үзэл бодол, байр суурьтай байгаа боловч Төв Ази бол геополитикийн хувьд Орос улсын амин чухал эрх ашгийн бүс бөгөөд тэнд өөр улс орнуудын оролцоо, өрсөлдөөнийг гаргуулахгүй байх талаар санал нэг байна.
ТАО-ын хувьд дөнгөж харьяаллаас нь гарсан, хүч чадал буурсан боловч их гүрэн хэвээр байгаа Орос улстай харилцах асуудал шийдвэрлэх ач холбогдолтой.
Орос улсын тус бүс нутаг дахь эдийн засгийн ашиг сонирхол Төв Ази болон Каспийн тэнгис хавийн нефть, хийн нөөц баялгийг ашиглах, тээвэрлэхэд урьдын нөлөө, зам тээврийн сүлжээ гэх мэт давуу талаа түшиглэн зонхилох байр сууриа хадгалахад чиглэж байна. 1997 оны 5 дугаар сард байгуулсан Каспийн хоолойн тээврийн консорциумд ОХУ (24%), Казахстан (19%), Оман (7%) болон хувийн 10 компани оролцох болжээ. 4 тэрбум долл-ын өртөгтэй Тенгиз-Новороссийскийн хооронд 1500 км хоолой тавих энэ төслийн эхний ээлж 1999 онд жилд 28 сая т. нефть дамжуулах хүчин чадалтайгаар ашиглалтанд орох юм. Бүрэн хүчин чадлаар (67 сая т.) 40 жил ажиллах уг нефтийн хоолой ОХУ-ын төсөвт зөвхөн тээврийн татварын байдлаар 23.3 тэрбум долларын орлого оруулах ажээ.
ТАО дахь орос иргэдийн эрх ашгийг хамгаалах явдал ОХУ-ын бас нэг чухал асуудал юм. Одоо Казахстаны хүн амын 35%, Киргизийн 16%, Узбекистаны 7,4% нь орос иргэд байна.
Цэрэг-улс төрийн хүрээнд ОХУ-аас Төв Азид явуулж буй бодлого нь юуны өмнө гуравдагч орны цэргийн оролцоог багасгах үүднээс бүс нутгийн хамтын аюулгүй байдлын системийг Орост түшиглэн байгуулах, ТАО, ялангуяа Казахстан дахь цэргийн объектуудын статусыг хэвээр хадгалахад чиглэж байна. 1994 онд ОХУ, Казахстаны ерөнхийлөгч нар Байконурын сансрын буудлыг 20 жилийн хугацаагаар түрээслэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан. ОХУ уг буудлыг дахин 10 жил сунгах эрхтэй бөгөөд жилийн 115 сая долларын түрээс төлөх юм.
Орос-TAO-уудын харилцаа өнгөрсөн 5-6 жилд нилээд хувьсал өөрчлөлт, сорилтыг даван туулав. Эхэн үед 1991 оны 8 дугаар сараас 1993 оны хавар хүртэлх хугацаанд шинэ тусгаар тогтносон орнууд ба Орос улсын аль аль нь түүхэн шинэ нөхцөл байдалтай гэнэт тулгарсан тул ямар ч бэлтгэлгүй, гадаад бодлогын стратеги, тактикийн хувьд дөнгөж төлөвлөгөө боловсруулалтын шатанд байсан тул бие биеэ хүлээн зөвшөөрөх, эрх тэгш найрсаг хөршийн харилцаатай байв.
Гэвч 1995 он хүртэлх хугацаанд харилцаа төвөөс зугатах, холдон тусгаарлах чиглэлээр өрнөв. Ялангуяа эдийн засгийн дезинтеграцийн үйл явц хүчтэй явагдсан бөгөөд энэ нь гол төлөв төвлөрсөн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын болон хангалт нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоо нурсантай холбоотой. Аж ахуйн хуучин системийг тогтоон барих зорилгоор ТУ ХН-ийн хүрээнд гааль, мөнгөний нэгдмэл орчин байгуулсан нь сөрөг үр дагаварт хүргэв. Хил гаалийн хяналтгүй байдлыг ашиглан хар тамхи, дамын наймаа эрхэлдэг зохион байгуулалттай бүлгүүдийн үйл ажиллагаа идэвхжин, бараа материал нууцаар хил давах явдал нэмэгдсэний улмаас улс орнууд гадаад худалдаанд татвар, хяналт тавихад хүрэв. Гадаадын шинжээчдийн тооцоогоор ОХУ рублийн бүсийг хадгалахын тулд ДНБ-ий 10%-тай тэнцэх алдагдал хүлээж байв. Энэ нь ОХУмөнгө, зээлийн бодлогоо чангатгахад хүргэв. Үйлдвэрлэлийн эрс уналт, инфляцийн огцом өсөлт, ард түмний аж байдлын доройтол салан тусгаарлах хандлагыг түргэтгэв. 1991-1994 онд ТУ ХН-ийн орнууд 500 гаруй баримт бичиг батлан гаргаж, олон арван зөвлөл, комисс байгуулж, төр засгийн өндөр түвшинд хамтын ажиллагаа хөгжүүлэхийг дэмжсэн мэдэгдэл олныг хийж байсан боловч интеграцичлах Одоогийн механизм үр нөлөө муутай байна.
АНУ ба өрнөдийн орнууд
Төв Азид өрнөдийн амин чухал эрх ашиг эргэлт буцалтгүй үүсч бүрэлдэж байна. Өрнөдийн зонхилох орон АНУ-ын хувьд өнгөц харахад Төв Ази дахь эрх ашиг хуучин ЗХУ-ын зэвсэглэлийг тус бүсэд хурааснаар үндсэндээ шийдэгдсэн мэт харагдаж болох юм. Гэвч өрнөдийн амин чухал эрх ашиг (хар тамхины наймаа, Тажик дахь иргэний дайнаас гадна) дараах хоёр зүйлд илэрч байна. Үүний нэг нь цөмийн зэвсэглэлийг үл дэлгэрүүлэх, нөгөө нь эрчим хүчний аюулгүй байдал юм. Казахстан улс Азид итгэлцлийн арга хэмжээг тогтоох олон улсын бага хурлыг санаачилсан бөгөөд 1995 оны зун Алматы хотод болсон бага хурлын бэлтгэл хуралдаанаас Ази тивд цөмийн зэвсэглэлийг үл дэлгэрүүлэх механизм бүрдүүлэх нь нэг гол зарчим гэдгийг санал нэгтэй баталсан юм. Харин АНУ уг бага хурлыг хоёр талын түвшинд сайхан санаачлага хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд төдийлөн идэвхитэй дэмжээгүй. Тэр ч байтугай АНУ бага хурлын зохион байгуулах хороонд оролцолгүй, олон улсын энэ үйл явцыг хөндлөнгөөс анхааралтай ажигласаар байна. Бага хурлын талаарх АНУ-ын хүлээзнэх байр суурийг дараах байдлаар тайлбарлаж болох юм. АНУ эрх ашгаа шууд илэрхийлэн бүс нутгийн аюулгүй байдлын тогтолцоонд татагдан оролцбол үр дагаврыг тааварлахын аргагүй болон хүсүүштэй бус үүрэг хүлээхэд хүргэнэ хэмээн болгоомжилж байна. Америкийн энэ болгоомжлол олон улсын байгууллагыг шууд сэжиглэхгүй ч гэсэн үл итгэх байдлаар хандахад аяндаа хүргэх болно. Гэхдээ ХХ зууны сүүлчээс олон улс байгууллагыг бусдын зорилгодоо хүрэх аян шалтаг, ар хэрэгсэл байдлаар ашиглуулж болох үндэсний эрх ашиг гэдэг үзэл бодлоос илүү дээгүүрт тавьж чадах эсэх нь харагдах ёстой. Үүнийг Персийн булангийн дайны түүхэн сургамж тодорхой харуулж байна. Энэ дайн их гүрний эрх ашигт эрчим хүчний аюулгүй байдал хичнээн чухал болохыг харуулав. ТАО-ууд нефть, байгалийн хийн баялгаа түшиглэх нь нэг талаас тэдэнд хүн амаа хоол хүнс, орон байраар хангах, эрүүл мэндийг хамгаалахад шаардагдах хөрөнгө мөнгө олох гол амин зуулга болох боловч нөгөө талаас геополитикийн болон геоэдийн засгийн өрсөлдөөн, зөрчил тэмцлийн эх үүсвэр болох талтай.
Төв Азийн бүсийн нефть, хийн гол нөөц Казахстан, Туркменистан болон Каспийн тэнгисийн сав газарт оршиж байна. Казахстаны одоогоор судлан тогтоогдсон нефть, хийн конденсатын нөөц-3 тэрбум орчим т., байгалийн хийн нөөц-2,5 трлн м3 байгаа нь дэлхийн нийт нөөцийн 2 хувь болж байна. Казахстаны нефть олборлолт хөрөнгө оруулалт, борлуулалтын саад бэрхшээлийн улмаас одоогоор дорвитой нэмэгдэхгүй байгаа боловч 2010 оноос хойш дэлхийн томоохон олборлогч болох төлөвтэй байна. Ирэх 10 жилд Казахстаны нефть олборлох, зөөвөрлөхөд нийт 40 тэрбум долл, хөрөнгө оруулалт хийх гэрээ хэлцэл хийгээд байгаа нь үүний гол үндэслэл юм.
Казахстанд хамгийн томд тооцогдох Тенгизийн (нөөц-800 сая т.) орд газрыг Казахстан АНУ-ын “Шеврон” компанитай хамтран ашиглах тухай 20 тэрбум долларын өртөгтэй гэрээ байгуулаад байна. 40 жилийн хугацаатай 80,6:19,4 харьцаагаар бүтээгдэхүүн хувааж авах энэхүү гэрээ ёсоор 2010 онд олборлолтын хэмжээ 30 сая т.-д хүрч Казахстаны төсөвт 60 тэрбум доллар оруулах ажээ.
Казахстанд хоёрт орох Карачаганакийн нефть, хийн конденсатын томоохон ордыг хамтран ашиглах тухай олон улсын хэлэлцээрийг энэ онд байгуулав. Уг хэлэлцээрээр Английн “Бритиш ГЭС”, Италийн “Ажип” компаниуд тус бүр 325 хувь, АНУ-ын “Тексако” 20 хувь, ОХУ-ын “ЛУКойл” 15 хувиар оролцох болжээ. 1979 онд нээгдсэн, нефть, хийн конденсатын 300 сая т., байгалийн хийн 500 тэрбум шоо м, нөөц бүхий энэ ордыг ашиглах төслийг хэрэгжүүлэхэд 6 тэрбум долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Бүрэн хүчин чадлаар ажиллаж эхлэх 2001 онд 12 сая т. нефть, хийн конденсатыг олборлох юм.
Төв Азийн бүс нутгийн хөгжил болон тогтвортой байдал нь нөөцөөрөө (200 тэрбум баррель) Персийн булангийн дараа орж буй Каспийн нефтийн олборлолт, тээвэрлэлтээс үлэмж хамаарна. Каспийн тэнгисээр ОХУ, Казахстан, Азербайжан, Туркменистан, Иран хиллэдэг бөгөөд урьд зөвхөн ЗХУ-Ираны хооронд тэнгисийн усыг ашиглах тухай гэрээ байгуулсан байв. Харин шинэ тусгаар орнууд үүсч, нефтийн нөөцийг ашиглах асуудал сөхөгдөх үед түүний статус, нефть дамжуулах хоолойг тойрсон зөрчил, өрсөлдөөн хурцдах болов. ОХУ, Туркменистан хоёр Каспийг эх газрын том нуур гэж үзэн түүний баялгийг эрэг хавийн орнууд хуваан эзэмших хэрэгтэй гэж үзэж байгаа бол Казахстан, Азербайжан хоёр түүнийг Тэнгис хэмээн үзэх тул өөрийн эрэг хавийн баялгийг тухайн улс эзэмших хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Капазийн томоохон орд газрын улмаас Азербайжан, Туркменистаны харилцаа Нэн түвэгтэй байдалд орсон бөгөөд Азербайжаны ерөнхийлөгч Г.Алиев 1997 оны 8 дугаар сард АНУ-д айлчлан 10 тэрбум долларын гэрээ хэлцлүүд байгуулсан нь өрсөлдөөнийг улам ширүүсгэв. ОХУ-ын ЛУКойл, Роснефть компаниуд мөн оны 7 дугаар сард Азербайжантай 1 тэрбум долларын гэрээ байгуулсан боловч Туркменистан эрс эсэргүүцсэний улмаас оросын тал хүлээзнэх байр сууринд шилжжээ. ОХУ-ын Түлш эрчим хүчний яамны мэдэгдсэнээр тус улс “үйл ажиллагаа ба эрх ашиг” гэсэн зарчмын дагуу Каспийн “Kяпаз” орд газрын талаарх концепцийг яаралтай боловсруулах хэрэгтэй байна. Хэрэв бид энэ асуудалд хүлээх байр сууринаас хандвал өрсөлдөгч нараас хол хоцроход хүрнэ. Одоо бүс нутаг дахь АНУ-ын компаниудын оролцоо 26 хувь, оросынх 19-хөн хувьтай байна гэжээ.
Дэлхийн банкны мэдээгээр Туркменистан байгалийн хийн олборлолтоор дэлхийд 4-рт орох болсон байна. Одоогоор нийт газар нутгийн 30 хувьд хийсэн судалгаагаар байгалийн хийн нөөц-21 трлн м“, нефтийн нөөц-12 тэрбум т. болохыг тогтоожээ.
1997 оны 5 дугаар сард Ашхабадад Туркменистаны санаачилгаар бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх талаар ЭКОгийн дээд хэмжээний ээлжит бус уулзалт болох үеэр Туркменистан өөрийн байгалийн хийг Европ руу гаргах зорилгоор 3500 км хий дамжуулах хоолой тавих талаар Иран, Турктай Меморандум байгуулсан. 1992 оноос барьж эхэлсэн уг хоолойны 8 тэрбум шоо м. xий дамжуулах эхний ээлж энэ оны эцсээр ашиглалтанд орох ажээ. Уг хоолойгоор Туркменистан 30 жилийн турш жил бүр 30 тэрбум шоо м. байгалийн хий дамжуулах юм.
Төв Азиас нефть, хийг гадагш гаргах бас нэг төсөл Турк – менистанд бэлтгэгдэж байна. Энэ бол АНУ-ын Юнокал компани Туркменистанаас Афганистанаар дайруулан Пакистан руу нефть, хийн хоолойнууд тавих төсөл юм. Одоогоор 2 тэрбум долларын өртөгтэй буй энэ төсөлд Казахстан ч нефтээ дамжуулах талаар оролцож болох юм.
Тус бүс нутгийг ирэх зууны эрчим хүчний аюулгүй байдлыг хангах чухал эх сурвалж хэмээн үзэж буй өрнөдийн орнууд ТАО-уудын тогтвортой байдал эдийн засгийн хөгжлийг сонирхох нь зүй ёсны зүйл юм. Хэрэв эдгээр орнууд байгалиас заяасан нөөц баялгаа оновчтой ашиглаж, дэлхийн зах зээлд амжилттай хүргэж чадвал олон арван жилийн турш дэлхийн эрчим хүчний баланс тэнцвэржин, үнэ ханш илүү тогтвортой, хяналттай байхаас гадна бүх нийтийн энх тайванд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг Өрнөдийн орнуудын Ойрхи Дорнодын нефтээс хараат байдаг байдлыг бууруулах юм. Энэ үүднээс авч үзвэл TAO-ын тогтвортой хөгжил, эрчим хүчний томоохон эх сурвалжийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангах нь зөвхөн бүс нутгийн төдийгүй Өрнөдийн ч, Оросын ч эрх ашигт нийцэх болно.
БНХАУ
Хятад улсын хувьд Төв Азийн бүс нутгийн хөгжилд маш их найдлага тавьж буй орны нэг юм. 1993 оноос эхлэн нефть импортлогч орон болсон (1997 онд 34 сая т-д хүрнэ) тус улсын хувьд түлш эрчим хүчний шинэ эх сурвалж олж авах стратегийн зорилтоо хамгийн тогтворгүй байгаа цөөнх үндэстний район болох СиньЗЯНД ТАО-ын үзүүлэх нөлөөнөөс илүүд чухалчилж байна. Тийм ч учраас ТУХН-ийн орнуудаас Төв Азийн орнуудыг БНХАУ хамгийн түрүүнд нэгэн зэрэг 1992 оны 1 дүгээр сарын эхээр хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоосон юм.
ТАО-ууд цэрэг, эдийн засгийн талаар хүчирхэг хөршөөсөө сэтгэл санааны хувьд айн болгоомжилдгийн зэрэгцээ бүс нутгийн аюулгүй байдлын нэг чухал хүчин зүйл гэж үздэг тул сайн хөршийн найрсаг харилцаа хөгжүүлэхийг эрмэлзэж байна.
1997 оны 4 дүгээр сард Москва хотноо хуучин Зөвлөлтийн хилийн дагуу байрлаж байсан зэвсэгт хүчнийг харилцан хорогдуулах тухай хэлэлцээрт ОХУ, Казахстан, Киргиз, Тажикистан, БНХАУ-ын төрийн тэргүүн нар гарын үсэг зурав. Энэхүү 5 талт хэлэлцээр нь бүс нутгийн аюулгүй байдал, итгэлцлийн түвшинг эрс дээшлүүлсний дотор Хятад улс бус нутгийн зах зээлд нэвтрэх чухал алхам болов.
Хятад улс 1997 онд баруун Казахстаны Актюбинскийн нефтийн орд газарт 3 тэрбум долларын хөрөнгө оруулахаар хэлэлцээр байгуулж, улмаар нефть, хий дамжуулах 3000 км хоолойг Синьзян хүртэл тавих талаар Япон, Өмнөд Солонгостой хэлэлцээ хийж байна.
Хятадын нефтийн эрэлт маш их байгаа тул 5 жилийн дотор барих уг хоолойг хүлээлгүй энэ жилийн 11 дүгээр сараас эхлэн Казахстанаас төмөр замаар авах болжээ.
Монгол улс ба Төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагаа, хэтийн төлөв
Төв Азийн бүс нутаг дэлхий нийтийн анхаарлыг татсан улс төр, аюулгүй байдлын, юуны өмнө эдийн засгийн хамтын ажиллагааны идэвхитэй бүс бий болох нь аль ч талаасаа Монгол улсад чухал ач холбогдолтой юм.
Одоогоор Монгол улс Казахстанаас бусад Төв Азийн орнуудтай хоёр талын харилцааг хөгжүүлж чадаагүй байна. Энэ нь алс хол орших газарзүйн байрлал, зам тээвэр, харилцаа холбоо хөгжөөгүй, хамгийн гол нь бүс нутгийн эдийн засгийн интеграц дөнгөж эхлэл төдий байгаагаас гадна нефть, хийг түшиглэж буй тул одоохондоо Монгол улсын зүгээс түүнд оролцох боломж ихээхэн хязгаарлагдмал байгаатай холбоотой юм.
Монгол улс Төв Азийн орнуудыг байгуулагдсан цагаас нь анхааран дэмжиж, тэдний тусгаар тогтнолыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн бөгөөд 1992 оны 1 дүгээр сарын 22-нд Казахстантай, мөн сарын 25-нд Узбекистантай, 4 дүгээр сарын 22-нд Киргизтэй, 23-нд Туркменистантай дипломат харилцаа тогтоосон билээ.
Монгол улсын Ерөнхийлөгчийн урилгаар 1993 оны 7 дугаар сард Киргиз улсын Ерөнхийлөгч А.Акаев, 10 дугаар сард Казахстан улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев нар манай оронд албан ёсны найрсаг айлчлал хийж, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээнүүдэд гарын үсэн зурсан.
Монгол улсын Төв Ази дахь гадаад бодлого улс орны аюулгүй байдлыг хангах, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах, улс орны баруун бүсийг хөгжүүлэхэд ТАО-ын хамтын ажиллагааг ашиглах, түүх, соёлын уламжлалт харилцааг сэргээхэд чиглэж байна.
Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Монгол улсын оршин тогнохын аюулгүй байдлыг хангахдаа Ази, Номхон далайн бүс нутаг, ялангуяа Зүүн-хойд Ази, Төв Азид стратегийн тогтвортой байдлыг хангах, энх тайвныг бэхжүүлэх, аюулгүй байдлын найдвартай тогтолцоог бий болгох бодлого явуулна” хэмээн заажээ. Монгол улсын аюулгүй байдалд Төв Азийн зүгээс цэргийн шууд аюул учрахгүй боловч, Экологийн түүний дотор цөмийн зэвсгийн туршилт, цөмийн хаягдлаас үүсэх цацраг идэвхийн аюул болзошгүй. Энэ нь манай нутгийн ойролцоо байрладаг Хятад, Оросын цөмийн зэвсгийн туршилтын талбайнуудтай холбоотой юм.
Төв Ази нь Монголын геоэдийн засгийн бодлогод ач холбогдлоороо Зүүн-хойд Азид хүрэхгүй боловч баруун бүсийн ирээдүйн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. БаянӨлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгуудыг хамарсан эдийн засгийн баруун бүс нь 415 орчим мян.км нутаг дэвсгэр, 450 гаруй мянган хүн ам, 9 сая гаруй толгой мал сүргээс гадна алт, мөнгө, нүүрс, фосфорит, барилгын материал зэрэг байгалийн баялаг ихтэй. Сүүлийн жилүүдэд тус бүсийн дэд бүтцийн хөгжилд тодорхой ахиц дэвшил гарлаа. ОХУ-аас Улаангом-Өмнөговь-Ховд-Өлгий хүртэл 500 гаруй км өндөр хүчдэлийн шугам тавьж дуусган, Дөргөний усан цахилгаан станцыг барьж эхэлсэн нь эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэв. Бүсийн авто замын сүлжээг хойд урд чиглэл, төвийн бүстэй холбох ажил үргэлжлэн, тус бүсийн нутаг дэвсгэр дээгүүр олон улсын агаарын шинэ шугам дайран өнгөрөх тул Баян-Өлгий, Ховд аймгийн төвийн нисэх буудлуудыг олон улсын нислэгийн нөөц буудлын хэмжээнд хүртэл өргөтгөн шинэчлэх судалгаа, төслийн ажлыг хийж байна. Мөн баруун аймгийн төвүүдийн АТС, кабелийг тоон технологид шилжүүлэн өргөтгөх, Улаанбаатар хоттой холбох радио релейний шугамыг шинэчлэх ажил 2000 онд дуусах Төлөвтэй байна.
Цаашдаа ОХУ, Хятад, Казахстаны оролцоотой хил орчмын нутаг эдийн засаг, худалдааны чөлөөт бүсүүдийг байгуулж Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих нь манай улсын ТАО-тай харилцах чухал гарц байж болох юм.