Ж.Золмаа
/УТБА-ийн Хэвлэлийн ажилтан/
Шинэ толь №21, 1998
Түлхүүр үг:
1 Түхэн хөгжлөөс нь товч дурдваас
Бундестаг төлөөллөө олсон, нэр нөлөө бүхий улс төрийн таван намд ойр байдаг дараах таван улс төрийн сан ХБНГУд үйл ажиллагаагаа явуулж байна. Германы Социал Демократ Намтай Фридрих Эбертийн сан, Христосийн Ардчилсан Холбоотой Конрад Аденауэрын Сан, Христосийн Нийгмийн Холбоотой Ханс Зайделийн Сан, Чөлөөт Ардчилсан Намтай Фридрих Науманны Сан, түүнчлэн Ногооны Намтай Регенбогeн нэртэй Сангуудын Холбоо тус тус холбоотой байдаг.
Эдгээрээс хамгийн ахмад нь Фридрих Эбертийн сан юм. Эл санг Германы эзэнт гүрний анхны Ерөнхийлөгч Ф.Эбертийн нас барсан жил буюу 1925 онд социал демократ үзэлтэй энэхүү улс төрчийн өв хөрөнгөөр байгуулжээ. 1933 онд национал социалистууд (фашистууд) засгийн эрхэнд гарч уг сангийн үйл ажиллагааг хориглосон ба дэлхийн хоёрдугаар дайн дууссан 1945 онд түүнийг дахин сэргээжээ.
Түүний жишээгээр 1958 онд Фридрих Науманны Сан байгуулагдсан ажээ. Конрад Аденауэрын Сан 1964 онд, Ханс Зайделийн сан 1967 онд тус тус бий болжээ. Улс төрийн сангуудаас хамгийн залуу нь 1988 онд байгуулагдсан Регенбоген Сангуудын холбоо юм.
1989 оны сүүлээр БНАГУ-д улс төрийн өөрчлөлт гармагц эдгээр улс төрийн сангууд тэнд өөрсдийн салбар байгууллагыг үндэслэж үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Энэ хугацаанд улс төрийн сангууд шинэ муж улсуудад ч ХБНГУ-ын бусад хэсгээс ялгаагүй өөр өөрсдийн салбар, түшиц байгууллагуудын сүлжээг бүрдүүлжээ.
- Улс төрийн сангуудын зохион байгуулалт
Хэдийгээр бүх таван байгууллага “Сан” нэртэй боловч эрх зүйн байдлын хувьд гагцхүү Фридрих Науманны Сан уг нэрэндээ нийцдэг юм. Энэхүү сан нь хувийн эрх зүйн хүрээнд хамаардаг. Бусад улс төрийн сангууд нь эрх зүйн хувьд “албан ёсны бүртгэлтэй байгууллагын статустай байдаг.
Регенбоген Сангуудын Холбоо нь “Бунтштифт”, “Эмэгтэйчүүдийн сан” болон “Хайнрих Бёль Сан”-г эгнээндээ нэгтгэдэг. Эдгээрээс “Бунтштифт” нь мөн муж улсуудын түвшинд үйл ажиллагаагаа явуулдаг Ногоонтны үзлийг дэмжигч есөн сан, байгууллагаас бүрддэг.
Дурдагдсан бүх сангийн удирдах дээд байгууллага нь тэргүүлэгчдээс бүрддэг. Тэргүүлэгчдийг тухайн байгууллагын гишүүдийн хурлаас сонгодог. Удирдах бүрэлдэхүүнд орох гишүүдийн тооны дээд хязгаарыг сангууд ихэвчлэн дүрэмдээ тогтоосон байдаг. Тухайлбал, Конрад Аденауэрын Сангийн хувьд 40, Ханс Зайделийн Сангийнх 25, Регенбоген Сангуудын Холбооны хувьд 15 гэж заажээ. Фридрих Эбертийн Сан дүрэмдээ энэхүү хязгаарыг заагаагүй боловч тэргүүлэгчдийнх нь тоо үндсэндээ 90-ээс хэтэрдэггүй байна.
Эрх зүйн онцлог байдлынхаа улмаас Фридрих Науманны Сан гишүүдийн хурал байдаггүй. Түүний удирдах дээд байгууллага нь дээд тал нь 24 санал өгөх эрх бүхий гишүүнээс бүрддэг Хяналтын зөвлөл байдаг.
Сангуудын удирдах байгууллагын бүрэлдэхүүнд тэдгээртэй ойр ажилладаг намынх нь гишүүд, тухайлбал парламентын гишүүд, засгийн газрын гишүүн буюу урьд нь уг албыг хашиж байсан, түүнчлэн тухайн намын сонгуультан зэрэг хүмүүс зонхилдог. Үүний зэрэгцээ тухайн намыг дэмжигч цөөн тооны зарим байгууллага, эвсэл холбоо буюу аж ахуйн нэгжийн төлөөлөгчид болон сэтгүүлчид, соёл урлагийн зүтгэлтэн, эрдэмтэд зэрэг олон нийтийн зүтгэлтнууд удирдах байгууллагын бүрэлдэхүүнд ордог.
- Улс төрийн сангуудын чиг үүрэг, үйл ажиллагаа
Дээрх таван сан үндэснийхээ болон олон улсын хэмжээнд явуулах үйл ажиллагааныхаа хүрээг хэдийнээ тодорхойлжээ. Нийт үндэснийхээ хэмжээнд тэдгээр нь улс
төрийн боловсрол олгох, суралцагсдыг дэмжин тэтгэх болон судалгаа шинжилгээний ажил эрхлэх гэсэн үндсэн он чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бол улс хоорондын түвшинд гуравдагч ертөнцийн орнуудтай хөгжлийн хамтын ажиллагааны салбарт, түүнчлэн бусад оронтой өргөн хүрээтэй харилцаа холбоо хөгжүүлэхэд анхаардаг.
- Улс төрийн боловсрол олгох чиглэлийн үйл ажиллагаа
Улс төрийн сангуудаас улс орныхоо хүрээнд явуулдаг үйл ажиллагааных нь үндсэн чиглэлийн нэг нь улс төрийн боловсрол олгох ажил юм. Уг үйл ажиллагааг тэд дараах хоёр хэлбэрээр хэрэгжүүлдэг: Нэгдүгээрт, сургалтынхаа арга хэмжээг тус тусынхаа харъяалалд байдаг насанд хүрэгчдэд зориулсан оройн сургуулиудаар, нөгөө талаас эдгээр сургуулиас гадуур зохион байгуулдаг.
Сургалтын талаар сангуудын хооронд үзэл баримтлалын ялгаа байдаггүй. Бүх таван сан үйл ажиллагааныхаа зорилтыг “ирээдүйг цогцлон байгуулахад иргэдийн хүлээх хариуцлагыг дээшлүүлэх”, “иргэдийг ардчиллын үйл явцад идэвхтэй оролцох чадвартай болгох, түүнд оролцох хүсэл эрмэлзлийг төрүүлэх”, түүнчлэн “улам бүр ээдрээтэй болж буй орчинд улс төрийн соёлыг түгээх” үйлст хувь нэмрээ оруулах явдал хэмээн үздэг (Фридрих Эбертийн Сангийн 1990 онд хийсэн ажлын тайлангаас). Улс төрийн боловсрол олгоход чиглэсэн сургалт нь “дунд хугацааны хувьд авч үзвэл” улс төрд оролцох сонирхол, чадварыг дээшлүүлж, бодит мэдлэг түгээх замаар орон нутаг, муж улс, Холбоо хийгээд Европын хэмжээний улс төрийн асуудлыг сонирхох сонирхлыг төрүүлэх ёстой” (Ханс Зайделийн сангийн 1988 оны ажлын тайлангаас). Семинар болон бусад арга хэмжээ нь, улс төрийн чадвартай болгож, нийгмийн амьдралд өөртөө итгэлтэйгээр оролцох боломжийг бүрдүүлэх (Фридрих Науманны Сангийн 1990 оны тайлангаас), түүнчлэн “улс төрийн үйл явдлын нөлөөлөх хүчин зүйл, хоорондын уялдаа холбооны талаар бодит мэдээлэл түгээх үүрэгтэй (Конрад Аденауэрын Сангийн 1988 оны ажлын тайлангаас).
Улс төрийн сангуудаас олон янзын хэлбэрийн арга хэмжээ зохион байгуулдаг. Энд тухайлбал, нэг өдрийн болон амралтын 2 өдрийн, долоо хоногийн семинар, түүнчлэн илтгэл, бага хурал, өдөрлөг, ярилцлага зэргийг дурдаж болох юм. Үүний зэрэгцээ улс төрийн сангууд нь хэвлэн нийтлэх ажил эрхэлдэг.
3.2. Суралцагсдад үзүүлэх дэмжлэг
Улс төрийн дээрх таван сангаас үндэснийхээ хэмжаа явуулдаг ажлын өөр нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг суралцагсдад үзүүлэх дэмжлэг юм. Ингэхдээ тэд шинжла ухааны бүх чиглэлээр суралцаж буй залуусыг оюутан дипломын дараах сургалтад хамрагдагсад гэж ялгалгүй аль алинд нь дэмжлэг үзүүлдэг. Сангууд үйл ажиллагаандаа дараах хоёр зорилтыг дэвшүүлэн тавьдаг: нэг талаас “эрх зүйт, нийгмийн баримжаатай төрийг бүтээн байгуулахад шүүмжлэлтэй бөгөөд ажил хэрэгч байр сууринаас хувь нэмрээ оруулах эрмэлзэлтэй дээд боловсролтой, бие хүний хувьд төлөвшсөн бөгөөд шинжлэх ухааны зохих түвшинд бэлтгэгдсэн залуу мэргэжилтнийг дэмжих” (Ханс Зайделийн сангийн 1989 оны ажлын. тайлангаас), нөгөөтэйгүүр хөгжиж буй орнуудаас Гөрманд суралцагсдад тэтгэлэг олгохдоо тэднийг “сургуулиа төгсөөд эх орондоо улс төрийн удирдах албан тушаалд ажиллах, эдийн засаг, боловсрол, судалгаа, захиргааны салбарт хариуцлагатай үүрэг гүйцэтгэх чадвартай болгох”ыг зорьдог (Фридрих Эбертийн сан, 1995 он).
Тухайн хүнд суралцах хугацаанд нь тэтгэлэг олгох асуудлыг сангуудын дэргэдэх сонгон шалгаруулах комиссууд шийдвэрлэдэг. Тэтгэлэг олгон санхүүгийн хувьд тусламж үзүүлэхийн зэрэгцээ санхүүгийн бус, өргөн хүрээний оюун санааны дэмжлэг ихээхэн үзүүлдэг. Энд тухайлбал, юуны өмнө сургалтын хөтөлбөрөөс гадуурх төрөл бүрийн семинар, зөвлөгөөг нэрлэж болох юм.
Германы хамгийн том сан болох Фридрих Эбөртийн Сан тухайлбал, 1990 онд суралцагсдад үзүүлэх дэмжлэгийнхээ хүрээнд 2000 гаруй хүнд тэтгэлэг олгожээ. Эл хөтөлбөрийн хүрээнд 1600 орчим Герман улсын иргэн, 431 өөр улс орны иргэн тэтгэлэг авчээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа үйл ажиллагаагаа сэргээснээс хойшхи хугацаанд Фридрих Эбертийн Сан Нийтдээ 8500 хүнд, үүнээс 2200 гадаадын иргэнд тэтгэлэг олгож дэмжлэг үзүүлсэн байна (Фридрих Эбертийн сангийн ажлын тайлангаас, 1990 он).
3.3. Судалгааны ажил
Улс төрийн сангуудын үйл ажиллагааных нь өөр нэгэн чиглэл нь нийгмийн шинжлэх ухааны салбарт явуулдаг судалгаа шинжилгээний ажил юм. Хамгийн томоохонд тооцогдох Фридрих Эбертийн болон Конрад Аденауэрын сангууд нь энэхүү чиглэлээр ажилладаг тус тусын судалгааны байгууллагатай ажээ. Эдгээр хүрээлэнгүүд нь улс төрийн салбарт янз бүрийн судалгаа бие даан хийхээс гадна судалгаа шинжилгээний бусад байгууллагатай хамтран ажилладаг. Үүнээс гадна захиалга даалгавар өгч судалгаа хийлгэх, бусад байгууллагын судалгааны ажлыг нэмжих, үр дүнгий нь мөн хэвлэн нийтлэх ажил эрхэлдэг.
Дээр өгүүлсэн үйл ажиллагаа явуулахаас гадна сангууд нь дэргэдээ архив, номын сан ажиллуулдаг.
3.4. Гадаад харилцаа
Улс төрийн сангууд нь гадаадын улс оронтой харилцаа холбоогоо хөгжүүлэх үүднээс эл асуудлыг хариуцсан тус тусын хэлтэстэй байдаг. Сангуудын бүтцэд багтдаг эдгээр нэгж нь байгууллага бүрт өөр өөрөөр нэрлэгддэг хэдий ч зохион байгуулалт хийгээд практик үйл ажиллагааныхаа үндсэн агуулга, зарчмын хувьд хоорондоо ихээхэн төстэй байдаг.
Сангаас олон улсын хэмжээнд явуулдаг үйл ажиллагаа нь гуравдагч ертөнцийн орнуудыг төдийгүй Европ тив болон далайн чанадын орнуудыг ч мөн хамардаг.
1973 онд Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагааны яамнаас өнөөг хүртэл мөрдөгдөж буй Холбооны засгийн газар болон улс төрийн сангуудын хооронд хөгжлийн бодлогын чиглэлээр хамтран ажиллах үндсэн зарчмыг тодорхойлсон билээ. Түүнд нь Герман улсаас хөгжлийн бодлогын салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд улс төрийн сангууд ямар чиг үүрэгтэй оролцохыг тодорхойлохдоо: “Улс төрийн сангууд нь Нэгдсэн Үндэстний Байгууллагаас баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын хүрээнд тодорхойлсон зорилтын үүднээс улс орондоо нийгмийн шударга ёсыг хэрэгжүүлэх, улс төрийн оролцоог дээшлүүлэх болон эдийн засгийнхаа тусгаар тогтнолоо бэхжүүлэхэд дорвитой хувь нэмрээ оруулж буй хөгжиж буй орнуудын түншдээ тус дэмжлэг үзүүлнэ” гэжээ. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд тухайн нийгмийн хэсэг, бүлэг, хувь хүний хариуцлага, идэвхи санаачлагыг дээшлүүлэхэд ихээхэн анхаарал хандуулдаг. Энд ялангуяа нийгмийн доод давхаргын хүмүүсийн дунд өөрөө өөртөө туслах хөдөлгөөнийг өрнүүлэх, зохион байгуулах нь чухал байдаг.
Улс төрийн сангууд төсөл хэрэгжүүлэхдээ ихэвчлэн бусад байгууллагатай хамтран ажилладаг. Өөрөөр хэлбэл, хамтарч ажиллах улс оронд дээр дурдсан үйл ажиллагааных нь үндсэн зорилгод нийцсэн, тухайн үед чадахгүй байгаа ч хэтдээ нийгэмд нөлөөтэй болох боломжтой түнш олсон баймааж л үйл ажиллагаагаа явуулах боломжтой болдог.
Ийнхүү улс төрийн намууд, үйлдвэрчний болон хөдөө аж ахуйд ажиллагсадын байгууллага, үйлдвэрийн эзэд, залуучууд болон эмэгтэйчүүдийн эвлэл холбоод, тариачдын болон нөхөрлөлүүдийн холбоо, түүнчлэн иргэдийн өөрөө өөртөө туслах бусад байгууллагыг хамтран ажиллах боломжтой байгууллага хэмээн үзэж болох юм. Үүний зэрэгцээ хувийн болон төрийн мэдлийн нийгмийн салбарт судалгаа явуулдаг, насанд хүрэгчдэд зориулсан сургалт, түүний дотор хэвлэл мэдээллийн салбарын сургалт эрхэлдэг байгууллага, нийгэм хангамжийн хүрээний ажилчдын сургууль, тэнд ажиллагсдын холбоо зэрэг нийгэм улс төрийн чухал нөлөө бүхий байгууллагатай харилцаа холбоо, хамтран ажиллахыг чухалчлан үздэг.
- Санхүүжилт
Таван улс төрийн сангийн төсөв 1990 оны байдлаар нийтдээ 550 сая орчим ДМаркт хүрч байв. Үүнээс Фридрих Эбертийн Санд 177 сая ДМарк (Фридрих Эбертийн сангийн 1990 оны тайлангаас), Конрад Аденауэрын санд 170 орчим сая ДМарк (Конрад Аденауэрын Сангийн 1989 оны тайлангаас), Фридрих Науманны Санд 97,1 сая ДМарк (Фридрих Науманны Сангийн 1990 оны тайлан), Ханс Зайделийн Санд 95 сая Д марк, түүнчлэн Pеrенбоген Сангуудын Холбоонд 20 орчим сая ДМарк тус тус ногджээ.
Улс төрийн сангууд үндсэндээ улсын төсвөөс (90% нь Холбооны төсвөөс хуваарилдаг хөрөнгөсанхүүждэг. Хандив, хөрөнгө бүх сангийн төсөвт өчүүхэн бага хувийг эзэлдэг.
Төсвийн хөрөнгийн дийлэнх хэсгийг Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагааны яамнаас сангуудаас хэрэгжүүлдэг төслүүдийг санхүүжүүлэх хэлбэрээр бүрдүүлдэг. Суралцагсдыг дэмжих хөтөлбөрт шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг сангуудад Холбооны Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас гоц авъяастныг ивээн тэтгэх хөтөлбөрийнхөө хөрөнгөнөөс олгодог. Гадаадын улс орноос Германд ирж суралцагсдын тэтгэлэгийг гадаад харилцааны яамны төсвөөс гаргадаг. Иргэдэд улс төрийн боловсрол олгох чиглэлээр явуулж буй үйл ажиллагааг Холбооны Дотоод яамнаас санхүүжүүлдэг.
Түүнчлэн Гадаад харилцааны яам энд мөн тодорхой хэмжээгээр оролцдог. Холбооны муж улсууд болон орон нутгийн засаг захиргаанаас зарим нэгэн боловсролын чиглэлийн төсөлд тусгай зориулалтын хөрөнгөнөөсөө зарцуулдаг. Энэхүү эх үүсвэр болон сангуудын үйл ажиллагаанаас бүрдүүлсэн хөрөнгө тэдний судалгаа шинжилгээний ажлыг санхүүжүүлэх үндсийг бүрдүүлдэг.