Х.Гүндсамбуу
/Дэд доктор/
Шинэ толь №23, 1998
Хүүхэд бол өлзийт гэрлэлтийн ноён оргил. Нойберт
Өнөөгийн Монгол орныг хүүхэд, залуучуудынх гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрдөг ч, залуучуудын талаар түлхүү, хуухдүүдийн нийгмийн асуудалд дулимагхан анхаарч ирлээ. Захиргаадлын үеийн “хэцүү” хүүхдийн асуудал замхарч, харин оронд нь өнчин өрөөсөн, тэнэмэл, золбин, ядуу зүдүү хүүхдүүдийн асуудал үүсч, шийдвэрлэгдсэнээрээ бус, яригдсанаараа чихэнд дасал боллоо. Ийм болсны буруутныг эрэх утгаар биш, харин тэдний нийгмийн асуудлыг дэлгэн тавих утгаар уншигч Таны анхаарлыг түр сарниулж, санал бодлоо хуваалцая. Үүнд:
- Хүүхэд нас бол аливаа хүний амьдралын чухал мөчлөг бөгөөд тэр нь түүхэн цаг үед үргэлжлэх хугацаагаа ч, дотоод агуулга, багтаамжаараа ч, хуваагдах үечлэлээрээ ч харилцан адилгүй байсаар ирсэн. Соёл иргэншлийн хөгжил, хүн амын хотжилтыг дагалдан, хүмүүсийн эрүүл мэнд сайжирч, дундаж наслалт нь нэмэгдэж байна. Түүнийг дагалдан хүүхэд насны багтаамж, залуу нас руу түрэн орж байна. Өнчин өрөөсөн, тэнэмэл хүүхдүүд нийгмийн хувьд эрт байргашиж, хэрсүүжиж байгаа ч ихэнх хүүхэд нийгмийн хувьд хэнзэрч байна.
Зарим судлаачид хот байгуулалт, мэдээллийн нөлөөгөөр хүүхэд нас агшиж, ерөөсөө хүүхэд нас алга болж, хүүхдүүд болон насанд хүрэгчдийн дунд зарчмын ялгаа алга боллоо гэж байхад, зарим нь хүүхэд нас улам бүр сунжирч, залуу насыг шахан зайлуулах дэрээ тулсан хэмээн нотлох ч бий.
Ийм учраас хүүхдийн асуудлын судалгааг хийхдээ бүхэлд нь, хүүхдийн социологийг үүсгэн хөгжүүлэхдээ жичид нь гойд анхаарах зүйл бол арга зүйн асуудал, арга зүйн тавил юм.
Судлаачдын үзэж байгаагаар хүүхдийн асуудалд хандах гурван гол хандлага байгаа бөгөөд нэг дэх нь эцэг эхээсээ хүүхдүүд нь суралцан хүмүүжих (постфигуративный) хандлага, хоёрдох нь хүүхэд хүүхдээсээ сурч хүмүүжих (кодифигуративный), эцэст нь хүүхдээсээ суралцан, тэднийг нийгэмшүүлэх (префигуративный) гэсэн хандлага, арга зүйн тавил байна. Манай орон бол хүн амын залуужилтын улмаас эцэг эхээсээ үр хүүхэд нь бус, үе тэнгийнхнээсээ өөрсдөө суралцдаг, хүмүүждэг, нийгэмшдэг шатнаа огцом шилжиж, тэр нь өнөө хүртэл эрч нь харилгүй үргэлжилсээр байнам. Хүүхдүүд нэг талаас стандартын бус, нөгөө талаас бие хүнжих гэхээсээ улам бүр бодигалжиж байна.
Сүүлийн дөчин жилд “Монголын үрс” түм бумаар өссөөр, тооны хувьд хамгийн өнөр, хувийн жингийн хувьд хамгийн “хунд” нь болсныг дараах хүснэгт илэрхийлнэ.
Хүүхдүүдийн тооны болон хувийн жингийн өөрчлөлт
1956-1996 онд хүүхдүүдийн тоо 3,4 дахин өсч, нийт хүн амд эзлэх хувь нь 7,5 нэгжээр нэмэгдэв, үгээр илэрхийлбэл өнөөгийн Монгол орны таван хүний хоёр нь нярайгаас арван таван насны хүүхэд байна. Гэхдээ хүүхдүүдийн олон оронтой тооны цаана, тэдний нийгмийн асуудлууд халхлагдаж байгаа бөгөөд эдгээрээс заримыг нь сугалж дурьдвал:
- Суралцах хөдөлмөр бол хүүхдийн амин чухал асуудал билээ. Гэтэл үүний тоон үзүүлэлт тун базаахгүй байна. Ерөнхий боловсролын гарааны шугам дээр олон арван хүүхэд ирэхгүй, сургууль завсардав. Урьд нь тэдний хойноос нэхэл дагал болдог байсан бол одоо данс хараандаа бүртгээд, тэдний дутуу боловсролыг албан бус сургалтаар гүйцээхээр оролдож байна. Азаар сургууль завсардалт татарсан ч асуудал аанай л шийдэгдээгүй байна. Түүгээр ч зогсохгүй ерөнхий боловсролын сургуулийн гараан дээр төдийгүй бариан дээр ноцтой нөхцөл байдал үүсэв. 10 дугаар анги төгсөгчдөөс шинэ журмаар шалгалт авсан нь бодит байдлыг үнэнээр нь дурайтал үзүүлэв. Үүнийг хоёр жилийн жишээн дээр авч үзье.
Ноднин жил ерөнхий боловсролын арван жилийн 364 сургуулийн 22174 сурагчаас улсын шалгалт авахад 223 нь онц сайн, 1518 нь сайн, 7223 нь дунд, 11779 нь сонссон үнэлгээтэй, 1421 нь “цагаан хуудастай” шалгагдан төгсжээ. Сурлагын амжилт нь 40,5 хувь, чанар нь ердөө л 7,9 хувь байгаа нь багш, сурагчид, эцэг, эхчүүдийн аль алиныг цочирдуулав. х анги төгсөгчдийн сурлагын чанар илт буурсаар байхад, их дээд сургуульд элсэгчдийн тоо улам бүр өсч буй нь гайхалтай.
Тэгвэл өнөө жилийн хувьд бүр ч онцлог. Сургалтын хөтөлбөрийн өөрчлөлтийн дагуу анги алгассан, анги “үсэрсэн” гэгддэг хүүхдүүд сургууль төгсөж, VIII, ханги төгсөгчид, Их дээд сургууль, коллежид өрсөлдөгчдийн тоог огцом нэмэгдүүлэв. Шалгалтын журмыг дахин өөрчилж, нилээд “зөөлрүүлсэн” тул төгсөгчдийн сурлагын амжилт, шалтгалтын дүн гайгүй болсныг дараах хүснэгтээс харж болно.
Сурлагын амжилт 91.4-өөс 99.4-ийн хооронд хэлбэлзсэн байхад чанар нь 35.0-аас 81.0-ийн хооронд савлажээ. Зүй нь сурлагын чанараар нь баримжаалж элсэлтийн төлөвлөгөө”, Хяналтын тоо өгөх ёстой. Гэтэл урьдын адил орон нутгийн ашиг сонирхолд хөтлөгдөн, төгсөгчдөөр нь баримжаалж, хуваарь өгдгөөс хуваарь буцах, эсхүл дутах явдал гардаг. Ганцхан жишээ дурьдахад энэ жил Улаанбаатар хотод сурлагын чанар 35.7 хувь, Дорнод аймагт 16.8 буюу 2 дахин доогуур байхад “зөндөө” хуваарь өгчээ. Түүнээс болоод ХААИС-ийн 13 хуваарьт 13 сурагч өрсөлдөж, 11-хэн оноогоор элсэхийг биеэрээ үзлээ.
10 дугаар ангийн сурагчдын улсын шалгалтын дүн
ЕБС төгсөгчдийн амьдралын гарааны маршрут
Түрүүчийн тогтолцооны үед ЕБС төгсөгчдөд үргэлжлэн суралцах нь амархан, ажиллах нь хэцүү байсан бол одоо суралцахад төлбөртэй, ажиллах ажлын байр олдохгүй талтай болжээ. Үүнийг саармагжуулахын тулд Гэгээрлийн яам Х анги төгсөгчдөөс 15.6 мянгыг нь их, дээд сургууль, коллежид, 6.9 мянгыг нь мэргэжлийн анхан шатны болон дунд шатны сургуульд элсүүлэх, харин VIII анги төгсөгчдөөс 70 хувь буюу 14.1 мянгыг нь IX ангид дэвшүүлэн суралцуулахаар төлөвлөжээ. Мөн түүнчлэн аравдугаар анги төгсөөд, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд шинээр элсэгчдийн 60 хувийг төрийн сургалтын сангийн зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр суралцуулах, наймдугаар анги төгсөөд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд элсэгчдийн сургалтын зардлыг төр хариуцах ажээ.
Элсэлтийн хуваарийг хичнээн нэмэгдүүллээ ч гэсэн тодорхой хэмжээний залуучууд нэг хэсэгтээ гэр зуураа сууж, дараачийн жилийн уралдаант шалгалт хүлээх, дамжаанд суралцах, ойр зуурын ажил хийх, наймаа эргүүлэх гэх мэтчлэн “хүлээлгийн өрөөгөөр” дамжиж, ажил сургуулийн бараа хардаг бололтой. Мөн гадаадад явах, боловсролын үнэмлэх “худалдан авах”, гэртээ бүгэх, гадуур сэлгүүцэх мэтийн хувилбарууд байгаа нь лавтай. Гэсэн хэдий ч манай залуусын олонхийнх нь амьдралын төлөвлөгөөнд ажил хийх, боловсрол, мэргэжил эзэмших явдал баттай байр эзэлж буй нь сайшаалтай. Судалгаанд хамрагдсан 16-18 насны идэрчүүдийн амьдралын төлөвлөгөөг судлахад 53 хувь нь суралцах, 31 хувь нь ажиллаж, суралцах, аравхан хувь нь ажиллах, 6.0 хувь нь гэр зуураа суузнах бодолтой байв.
Монгол улс түүхэндээ энэ жил шиг олон оюутныг улсын болон хувийн их дээд сургуулиуддаа урилга, уралдаант шалгалт, бас хандив гэгдэх мөнгөөр элсүүлсэн тохиолдол үгүй.
Улсын төсвийн тавны нэг нь боловсрол, шинжлэх ухаанд зарцуулагдах хуультай ч сургуулийн зардлын нэлээд зүйл нь эцэг, эхийн халааснаас гарах болж, сургалтын элдэв төлбөрт баригдан, зүдэгхэн дээрээ ядуу болов. Өнгөрсөн жил оюутнууд жагсаал цуглаан хийж, сургалтын төлбөрөө жаал зугаа буулгасан. Тэглээ ч гэсэн сургалтын төлбөр төдийлөн хөнгөрөөгүй. Цагаан толгойд тайлагдахаас эхлээд сургууль төгсөх хүртэлх олон хонхны баяр, бусад арга хэмжээ хүлээж л байгаа. Эцэг эхийн тарчиг амьдралаар хүүхдийн нийгмийн асуудлыг шийдэхгүй, харин ч сэдрээн архагшуулна гэдгийг манайхан дээрээ ч, доороо ч сайн ойлгохгүй байх шигээ. Үнэн чанартаа бол хүүхдийн нийгмийн асуудлыг шийдэх түлхүүр нь сурлагын чанарыг ахиулж, сурах хөдөлмөрийн нийгмийн үнэлэмж, үнэлгээг дээшлүүлэх явдал мөн. Үүний тулд нэгт, одоо эхлээд байгаа боловсролын салбарын бүтцийн өөрчлөлтийг эргэлт буцалтгүй гүйцээх, хоёрт, сургалтын агуулга, стандартыг тогтоон мөрдөх, гуравт, сургуулиудад итгэмжлэл олгох, дөрөвт, багш нарын бүрэлдэхүүн, бүтцийг өөрчлөхүйц төрийн хэмжээний боловсон хүчний бодлого хэрэгжүүлэх, тавд албан ба албан бус боловсролын тогтолцоо бий болгох зэрэг болно.
- Хүүхдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хоёр дахь чиглэл бол айл гэрийг бэхжүүлэн, тэдгээрийн амьжиргааны түвшинг бодитойгоор дээшлүүлэх явдал мөн. Одоо манай улс 531.1 мянган өрхтэй. Тэдгээрийг нийгмийн үүднээс тольдоход олон онцлог бий. Харин хүүхдийн үүднээс үзвэл нэг л содон шинж бий. Тэр нь юу вэ гэвэл манай улс бол өнөр айл гэрийн орон юм. Дундчилж тооцоход 1956 онд манай нэг өрх 3,4 ам бүлтэй байсан бол одоо 4,5 ам бүлтэй байна. Гэхдээ өдгөө “хүн амын хэт өсөлтийн үед төрсөн залуус гэрлэлтийн насандаа дэвшсэн тул айл гэр өнөржихөөсөө жижгэрэх зүй тогтолдоо орсон юм. Гэтэл энэ хандлага, энэ зүй тогтол шилжилтийн өнөөгийн нөхцөлд зарим утгаараа тодорхой, зарим утгаараа бүдэг байгаа нь хүүхдийн хүмүүжил боловсрол хийгээд нийгэмшилтийн орчинд нөлөөтэй бас халгаатай байна.
Тэдгээрийн заримаас товчоолон дурьдвал:
а. Данс харааны тоо бөглөдөг хэрнээ нийгмийн хувьд согогтой, эрэмдэг зэрэмдэг айл гэр олон байгаа нь хүүхдийн нийгмийн асуудлыг хүндрүүлж байна. Гэтэл хүүхдийн нийгмийн асуудлыг гэр бүлээс гадуур бус, дотор нь шийдэхээс өөр аргагүй нь мэдээж. Тийм учраас цөөнгүй тохиолдолд төрөлх болон ар гэрээр нь дамжуулан хүүхдийн нийгмийн асуудлыг шийдэх Монголдоо тохирсон арга хэлбэр, механизм, тогтолцоо бид л олох ч ёстой, төвхнүүлэн зүгшрүүлэх ч учиртай.
Статистикийн мэдээнээс үзэхэд 1996 оны байдлаар хүүхэдтэй мөртлөө нөхөргүй эмэгтэй 36,2 мян. байгаагаас 43 хувь нь гурав хүртэл, 37 хувь нь гурваас тав, тавны нэг нь зургаа ба түүнээс дээш тооны 16 хүртэлх насны хүүхэдтэй байна. Харин эхнэргүй эцэг 5313 байгаагийн 2195 нь гурав хүртэл, 1969 нь гурваас тав, 1149 нь зургаа ба түүнээс дээш хүүхэдтэй байна. Ийнхүү социологчдын хэлдгээр сул хүйсэн дээр хүнд ачаа овоорсон нь манай айл өрхийн базаахгүй нэгэн шинж мөн. Гэтэл манай ард түмэн эртнээс янагш “эхгүй хүүхдийн бөгс, эцэггүй хүүхдийн толгой том” хэмээн сэрэмжлүүлсээр ирсэн билээ. Хожуу гэрлэлт, гэр бүл салалт, салангид амьдрал, бичил айл, “ухаалаг” өрх тусгаарлал, орон сууцны “хот айл” зэргийн цаана ч, наана нь ч хүүхдүүдийн асуудал бий.
- Улсын хэмжээнд 1996 оны байдлаар 16 хүртэлх насны бүтэн өнчин хүүхэд 4,2 мян. байгаагийн тавны нэг нь зургаа хүртэлх, үлдэх хувь нь долоогоос дээш насны хүүхдүүд болно. Мөн түүнчлэн хагас өнчин хүүхэд 57,4 мян.
байгаагийн 16.2 мян. нь Тэгээс зургаа, 41,2 мян. нь долоогоос арван таван насны хүүхдүүд байна. Эцэггүй өнчин өөдөө, эхгүй өнчин уруугаа гэдэг хэллэг ч байдаг.
Өвчин хууч, эхийн эндэгдэл, осол эндэл, хүн амины хэрэг, золгүй учрал мэт хар мөр татуулж, өнчрөлийн нулимс асгаруулж, амьдралын зовлон авчирч байна. Тэр бүхэн хүүхдийн бяцхан нуруун дээр ч, сэтгэл зүрхэнд ч хүндээр тусах нь тодорхой.
в. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн асуудал бол тэднийх гэхээсээ хүүхдийнх юм. 1996 оны байдлаар улсын хэмжээнд комянган эмэгтэйчүүд өрх толгойлж, гадаа гарч эр, гэрт
орж эм болон амьдарч байна. Тэдний тавны хоёр нь гурав хүртэлх, мөн төдий чинээ нь гурваас тав, хорин хувь нь зургаагаас дээш хүүхэдтэйг дурьдахад л асуудал ойлгомжтой.
Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн асуудлыг “Говийн үзэгдэл мэтээр төсөөлөх нь бий. Гэтэл өрх толгойлсон эмэгтэйн өрх Улаанбаатарт 12.0 мян., Хөвсгөлд 3.4 мян.. Увсад 2.5 мян..
Баянхонгорт 2.3 мян., Завханд 2.2 мян. байгааг бодоход хотын төдийгүй хангайн үзэгдэл юм.
Сүүлийн жилүүдэд өрх толгойлсон эмэгтэйчүүдийн асуудлыг босгон тавьж, төрийн болоод төрийн бус байгууллагууд сүрхий анхаарч, янз бүрийн төсөл хэрэгжүүлж байна. Тэгтэл тэдний эгнээ 1995 оныхоос 3,4 мянгаар өргөжив. Зүй нь нэмэгдэх бус хорогдох учиртайсан.
Иймэрхүү тонгоруу өөрчлөлт гарч буй нь нэг талаас тэдэнд зориулагдсан төслүүд нийгмийн өгөөж хүрэх түвшиндөө хүрээгүй нөгөө талаас төслүүдийг дагалдсан соёл иргэншлийн “өвчин” илэрч магадгүйгээр тайлбарлагдах бизээ.
г. Шилжилтийн энэхэн жилүүдэд товойн тодорч, шуугиан тарьсан асуудал бол тэнэмэл хүүхдийнх билээ. Тэнэмэл хүүхдүүдийн талаар зөрүүтэй тоо баримт нийтлэгдэж, яригдаж, кампаничилсан арга хэмжээ авагдаж, халамжийн төвүүд ажиллаж байна. Гэсэн ч гудамжинд, галт тэргэнд, орцны болон дулааны шугамын хонгилд хүүхдүүд орогносоор…
Ер нь гудамжинд гарахдаа амархан, буцаж ирэхдээ хэцүү бололтой. Тэнэмэл амьдрал тэдний хувьд хэвшмэл байдлын хам шинж, харин нийгмийн хувьд бол гутамшиг. Иймээс энэхүү өөдгүй үзэгдлийн эсрэг хотлоор тэмцэх учиртай байтал манайхан болохоор гадны өглөг буяны байгууллага, хүмүүс рүү түлхээд, сайндаа л сэргийлэхийн кампанит ажлаар аргацаагаад байна.
Тэнэмэл хүүхдийн асуудал тун нарийн, цаанаа нийгмийн учир шалтгаантай учир бодлоготойхон хандаж, буурьтайхан шийдэхгүй бол “хорт хавдраасаа” салахгүй. Энэ далиманд амбасын гэмээр нэгэн ишлэл татая. “Октябрийн туяа” сэтгүүлийн 1984 оны дөрөв дэх дугаарт Белоруссын технологийн дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан Филиппов “нэг хүүхдийг өсгөх амархан. Харин тэр маань эрэгтэй, эмэгтэй дүүгүй яаж байх вэ. Тиймээс эцэг эхийн санаа амар байдлыг хүүхдийн хувьд бэрхшээл болгож болохгүй. Ганцаараа бол уйтгартай, хоёулахнаа бол бие биенээ залхаана. Олон хүүхэдтэй байвал уриалагхан болж хүмүүжицгээнэ. Уриалагхан, аятайхан ааштай болно гэдэг хүнийг бишрүүлдэг чанар” гэж бичжээ.
Үнэхээрийн өнөр айл бүлийн бодит амьдралыг, цөөн хүүхэдтэй “соёлт” айлын хүслэнгээр шийдэх гэж өнөөдрийн бид оролдож байгаагаас болж бүтэх, бүтэхгүй олон зүйлтэй зууралдаж байна шүү дээ. Өнөр айл бол манай орны яахын аргагүй бодит байдал. Гэтэл түүнд хайхрамжгүй хандаж, ойшоохгүй болсноос л нийгэм маань тэнэмэл хүүхэд “төрүүлж” байна. Ингэж хүүхдийн адгаа бий болгосондоо гутаж, хүний дээдээ үр хөндүүлсэндээ баярлаж суугаа ч үзэгдэнэ.
д. Хүүхдүүд гэмт хэрэг үйлдэж, шүүхээр шийтгэгдэн, хүүхдийн шоронд сууж буй нь сэтгэл эмзэглүүлнэ. 1996 онд 1355 хүүхэд гэмт хэрэг үйлдсэн нь гэмт хэрэг үйлдэгчдийн 7 хувьтай тэнцэж байгаа юм. Ийнхүү тэдний эзлэх хувийн нэгжийн орноор илэрхийлэгдэж буйд тайвшрах хэрэггүй. Хүүхдийн үйлдсэн гэмт хэргийн статистик, насанд хүрэгчдийнхтэй тун төстэй, түүгээр ч зогсохгүй хүн амины хэрэг хүртэл бүртгэгдсэн байгаа. Насанд хүрээгүй охид биеэ үнэлж, тэднээр бизнес хийсэн ч удаатай.
Аливаа гэмт хэргийн адил хүүхдүүдийн дундах гэмт явдал цөөнгүй, түүнээс илрээгүйгээс илэрсэн нь, тэр тусмаа шүүхээр шийтгэгдсэн нь цөөхөн. Өнөөгийн хүүхдүүд боловсролын төдийгүй бас гэмт хэргийн орчинд өсөн бойжиж явна. Хүүхдүүд ядуу зүдүү аж төрж, алаан хядаан, садар самууны сурталчилгааны байнгын үзэгч болж, хийх юмгүй нь ажилгүйтэн сэлгүүцэж байхад нөгөө хэсэг нь ажилд нухлагдан, алагчлал гаруурхал, зодуурт өртөж байгаа нь хүүхдийн гэмт хэрэг тарих шим тэжээлтэй хөрс дэвсгэр болж байна.
Хүүхдийн нийгмийн бүх асуудлыг эх эцэгт нь, төрөлх гэрт нь тохож болохгүйтэй адил өөрсөд нь үүрүүлж болохгүй.
Хүүхэд хэзээ ямагт эцэг эхийн, насанд хүрэгчдийн, төрийн нийгмийн хараа хяналт, халамж өмгөөлөлд байдаг нийгэм хүн ам зүйн өвөрмөц бүлэг мөн. Тэд шилжилтийн болоод завсрын олон шинжтэй. “Хүүхдийн талаарх аливаа төр засгийн нийгмийн бодлого гэр бүлээр дамжин хүүхдэд хүрнэ. Гэтэл хүүхдэд хаягласан мөртлөө, эцэг эхийн ч юмуу насанд хүрэгчдийн зол болдог зүйл ч бий. Агуу их зохиолч Л.Н.Толстой “Аз жаргалтай айл бүр усны дусал шиг адилхан ч, аз жаргалгүй бүхэн нь өөр өөрийнхөөрөө зовлонтой” гэсэн билээ.
- Хүүхдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх урьдач нөхцөл бол хүүхдийг бөөцийлддөггүй, тэднийг гаргуунд нь хаядаггүй, алагчлан гадуурхаад байдаггүй жинхэнэ хүүхдийн, өөрсдийнх нь нийгмийн халамж, хамгааллын цоо шинэ тогтолцоог бүрдүүлэх явдал мөн. Тэр нь урьдынх шиг нийгмийн зоон дээр, эсхүл өнөөгийнх шиг эцэг эхийн нуруун дээр хазгай үүрэг дэх ёсгүй.
“Хүүхэд-эцэг эх-сургууль” гэсэн бичил гурвалжинд ч бай, “Хүүхэд-төр-Нийгэм” гэсэн том гурвалжинд ч бай, асуудлыг зохистой тавьж, арга зүйн зөв шийдэл, зөв тавилд тулгуурласан цагт л хүүхдийн нийгмийн бодлого амжилтад хүрнэ, өгөөж хишиг нь хүүхэддээ нялзана.
Монгол улсын ирээдүйн иргэд ямар нэгэн нөхцөл болзол, алагчлал гадуурхалгүйгээр нийгмийн баялгаас хүртэх ёстой. Түүнийг нь хүүгийн ёсоор л ариг гамтай эдэлж, үүргээ биелүүлэх учиртай. Төр засаг ч, нийгэм ч хүүхдийн өмнө, эргээд хүүхдүүд нь ч, эцэг эх нь хариуцлага хүлээдэг нийгмийн халамжийн болон хамгааллын тогтолцоог, мөн гацахгүй ажиллах механизмыг бий болгох, зүгшрүүлэх явдал тулгамдсан зорилт боллоо.
Сүүлийн жилүүдэд төр засгаас хүүхдүүддээ хойд эцэг, Эхийн гараар хандсан, хүүхдүүд нь зүггүйтэж, сургууль номондоо уруудсан юм бий. Бас өөдөлж дэгжсэн юм бий.
Тэр бүхнийг тоочилгүйгээр хүүхдийн нийгмийн асуудлыг шийдэхэд тус болно гэсэн зарим санал бодлоо төгсгөл болгон сийрүүлбээс:
- Хүүхдийг хөгжүүлэх, тэднийг нийгмээс халамжлах, хамгаалах талаар үндэсний үзэл баримтлал, номлол, суурь бодлоготой байх явдал хамгийн чухал санагдана. Түүний номлолыг “нэг улс-хоёр соёл иргэншил, үзэл баримтлалыг “хүний капитал”. бодлогыг “XXI зууны монгол хүн” гэж маш хураангуйлан томъёолбол болохгүй гэх газаргүй.
- Сүүлийн жилүүдэд, ялангуяа шинэ төр засгаас нийгмийн бодлогоо боловсруулах, тэр дундаас нийгмийн даатга халамжийн шинэ тогтолцоог бий болгох, төлөвшүүлэх талаар олон чухал шинэлэг бөгөөд зоримог арга хэмжээ угсруулах авсан, одоо авч байна, цаашдын зүйлээ ч зэхэж байна. Үүни зэрэгцээ нийгмийн чиг баримжаа алдагдсан, нийгмийн хөтөлбөр танагдсан, хүүхдийн эрх ашгийг хохироосон шулуухан хэлэхэд тэдний эсрэг хандсан алхмууд хүртэл бий .Тэдгээрээс одоохондоо татгалзаж чаддаггүй юм гэхэд даамжруулахгүй байх нь чухал юм.
- Манай нийгмийн хамгийн олонх нь хүүхдүүд болохоор хүүхдийн нийгмийн бодлого маань ерөнхий бөгөen тунхаглалын, удирдамжийн болоод хөтөлбөрийн шинжтэй байх нь эргэлзээгүй. Гэхдээ дээд зэргээр либеральчилж прагматчилж өгүүштэй. Хүүхдийн бодлого маань сургуулийн өмнөх, бага, дунд ангийн гэсэн боловсролын, эсхүл хөхний хүүхэд, балчир хүүхэд, шилжилтийн насны хүүхэд гэсэн анагаах ухаан, эрүүл мэндийн хэвшмэл томъёололтой баймааргүй байна. Болбол ууган ба отгон хүүхэд, дагавар ба сурс хүүхэд, хүү ба охин, өвөө эмээгийн ба аав ээжийн хүүхэд тууш болоод хөндлөн огтлол, зүсэлттэй, ирмэг талсттай байвал зүгээрсэн.
- Том болохыг, томчуулын эгнээнд хүрэхийг, ах эгчийнхээ, аав ээжийнхээ, тэрчлэн насанд хүрэгчдийн жишгээр амьдрахыг хүсдэггүй хүүхэд байдаггүй. Гэтэл хүсэл, хясал хоёр зөрчилдсөөр л байдаг шүү дээ. Иймд “хүүхдийн босго” насыг тогтоовол хэзээ нэгэн цагт хүүхэд насаа үдэх тэдэнд ч, “үүрэндээ” хоёулахнаа үлдэх эцэг эхэд ч тустай. Тухайлбал, уламжлалаа бодож, билгийн тооллоо түшиж тийм босго насыг 12 жилээр тогтоож болох бөгөөд тэр нь биологийн төдийгүй нийгэм-хүн, төр-иргэний агуулга, ёслол-хүндэтгэлтэй байвал зохино.
Эцэг эх нь үр хүүхэддээ ажил, нийгэм нь залгамж хойч үедээ ажлын байр, төр засаг нь цалин хөлс гаргах ёстой. Тэгсэн цагт л биднийг нүүрлэсэн залхуурлаас, ажилгүйтэх явдлаас чөлөөлөгдөнө. Засгийн газрын гишүүдийн ил далд оролцоо дэмжлэгтэй гэж шүүмжлэгддэг бус, харин хүүхдийн шударга хөдөлмөрийг хөхүүлсэн, урам хайрласан жинхэнэ “Голомт” банк хэрэгтэй байна.
Хянасан: Б. БАТ-ОРГИЛ/Ph.D/