Ж.Үнэнбат
/Монголбанкны ерөнхийлөгч/
Шинэ толь №22, 1998
Түлхүүр үг: Үнийн өсөлт, Эдийн засгийн бодлого, Эдийн засгийн шинэчлэл, Ил тод байдал
Юуны өмнө та бүхний үдшийн амрыг эрж, чухал асуудлаар бодлоо хуваалцах бололцоо гарсанд талархаж байгаагаа илэрхийлье.
Саяхан миний уншсан нэгэн номонд өгүүлсэнчлэн заримдаа эдийн засгийг цаг агаартай зүйрлэж болох мэт санагддаг. Хүмүүс цаг агаарын тухай маш их ярих боловч түүнийг яаж ч чаддаггүйтэй адил хүмүүс эдийн засгийн тухай ихэд хэлэлцэх боловч үнэн хэрэгтээ түүний тухай мэдлэг хомс билээ.
Мэдээж хэрэг, үүний гол шалтгаан нь эдийн засаг гэдэг зүйлийг эдийн засагчид гэдэг мэргэшсэн хүмүүс судалж, энэ шинжлэх ухаан нь асуудлыг ойлгомжтой болгохоосоо хэцүү болгоход нөлөөлсөн математикийн томъёо, дүрс, график, тусгай нэр томъёогоор арвин байдгаас болдог биз ээ.
Түүнээс гадна олон түмэн маань эдийн засаг хэрхэн ажилладгийг сонирхохоос илүү эдийн засаг өөрсдийн амьдралд хэрхэн тусахыг сонирхдог учраас бодит зүй тогтлыг нь бус харин яаж эдийн засгийг сайн ажиллуулах вэ гэдэг асуудлыг илүү анхаардаг гэхэд хилсдэхгүй байх аа.
Иймд эдийн засгийг яаж сайн ажиллуулах вэ буюу эдийн засгийн өөрчлөлт хөгжлийн үр дүнг жирийн хүмүүсийн амьдралд яаж бодитойгоор, яаж аль болох түргэн хугацаанд хүргэх вэ гэдэг нь орчин үеийн улс төр-эдийн засгийн ухааны гол сэдэв болжээ.
Ер нь иргэд маань төрөөс эдийн засгийн талаар юу хүлээж байна вэ?
Бид энэ талаар системтэй явуулсан санал асуулт, судалгаа хомс байна. Гэхдээ ямар ч өргөн агуулгатай статистик байсан түүний цаана, хүний өдөр тутмын, хамгийн энгийн хэрэгцээ, шаардлага тусгагдаж байдаг гэж үзээд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, түүгээр дамжуулж байгаа олон нийтийн сэтгэгдлийн илэрхийллийг ерөнхийд нь харгалзвал бид дараах 2 чиглэлээр иргэд маань төрөөс тодорхой үр дүнг хүлээдэг гэж үзэж болох байна.
Нэгдүгээрт, үнийн өсөлт, валютын ханшны өөрчлөлт түүнээс үүдсэн амьжиргааны өртгийн өсөлт нь сүүлийн хаn жилд хамгийн их анхаарал татсан улс төрийн асуудал болжээ
Хоёрдугаарт, иргэд маань төрөөс, засгийн газраас тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлснээр, дотоодын үйлдвэрлэлийг сэргээн эдийн засгийн бодит өсөлтийг хангах боломжтой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хүмүүс эдийн засаг гэгч зүйлийг төрөөс идэвхитэй удирдаж, зохицуулж болно гэж үздэг бололтой.
Үүнээс үүдэн эдийн засгийн бодлого нь нийгмийн сэтгэл зүйн шаардлагаар өөр хоорондоо заавал харилцан зохицолдох албагүй хэд хэдэн зорилтыг нэгэн зэрэг хангахаас өөр аргагүйд хүрч байна. Эдгээр нь эдийн засгийн өсөлт, үнийн тогтворгүй байдал, ажилгүйдлийн бууралт, цаашилбал, гадаад төлбөрийн тэнцэл ашигтай байх явдал юм.
Эдийн засгийн бодлого нь зөвхөн эдгээр үндсэн зорилтуудаас гадна түүнийг хангахад чиглэсэн эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, орлогын хуваарилалтын салбар зорилтуудыг мөн анхаарах ёстой. Гэхдээ орлогын хуваарилалтын салбар зорилтыг хангах нийтээр хүлээн зөвшөөрсөн, цэгцтэй, эдийн засгийн бодлого манайд байхгүй гэхэд хилсдэхгүй бөгөөд энэ нь ч өөрөө онол, практикийн ихээхэн ярвигтай асуудал гэдэг нь тодорхой.
Нэгэнт зорилт аливаа хэлбэрээр тодорхой гэж үзвэл төрд эдийн засгийн бодлого явуулах ямар хэрэгслүүд байна вэ?
Найман жилийн өмнөхтэй харьцуулахад төрийн эдийн засгийн бодлого явуулах хэрэгслүүдийн хэлбэр, агуулга, үйлчлэлийн шинж төрх үндсээрээ өөрчлөгдсөн, төрөөс эдийн засагт тогтоодог байсан захиргааны үлэмж хяналт үгүй болсон бөгөөд одоо манай төрд дээр дурдсан өөр хоорондоо харилцан зөрчилдсөн эдийн засгийн зорилтыг хангахад чиглэгдсэн сангийн бодлого, мөнгөний бодлого, зохицуулалтын бодлого гэсэн 3 үндсэн хэрэгсэл байна.
- Сангийн бодлого буюу Засгийн газраас татвар ногдуулах, зарцуулахтай холбогдсон энэ бодлого нь нэгдүгээрт, хэдийгээр жил тутам буурч байгаа боловч хувийн жин өндөр хэвээр байгаа улсын сектороор дамжуулан нийт хөрөнгө оруулалт, бүтээгдэхүүний өсөлт, ажилгүйдлийн түвшинд нөлөөлөх, хоёрдугаарт, татвар ногдуулалтын бааз, хэлбэрийг өөрчлөх аргаар орлогын хуваарилалтад зарцуулалтыг өөрчлөх аргаар эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөд ч нөлөөлөх боломжтой юм.
Сүүлийн хэдэн жилд манай эдийн засгийн нийт хөрөнгө оруулалтыг үндсэндээ улсын сектор бүрэн дааж ирсэн, үүн дотроо дэд бүтцийн салбарт хийсэн хөрөнгө оруулалтыг төр 100 хувь хариуцаж ирсэн гэдгийг хэлэхэд хангалттай. Үүнд миний бие өнөөгийн гадаадын зээл бол ирээдүйн төсвийн хэмнэлт буюу татварын орлогын өсөлт байх ёстой гэдэг утгаар ярьж байгааг ойлгоно бизээ.
- Эдийн засагт байгаа мөнгөний нийлүүлэлт буюу нийт төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг зохицуулснаар үнийн өсөлтийг бууруулахад чиглэсэн бодлогыг мөнгөний бодлого гэж нэрлэж болно.
Нийтээр хүлээн зөвшөөрсөн жишгээр энэхүү бодлогыг үйл ажиллагаагаараа Засгийн газраас бүрэн бие даасан Төв банк хариуцан явуулж байна. Төв банк зөвхөн мөнгөний бодлого төдийгүй түүнийг хэрэгжүүлэх суурь хөрс болсон банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах санхүүгийн зуучлалыг гүнзгийрүүлснээр эдийн засгийн өсөлт бий болгох нөхцөл бүрдүүлэхийг зорьдог юм аа.
- Төрийн эдийн засгийн бодлогын өөр нэг гол хэрэгсэл бол зохицуулалтын бодлого буюу зах зээлд оролцогч хувь хүн, компани, бизнесийн байгууллагын шийдэл, үйл ажиллагааг өөрчлөх оролдлого юм.
Зохицуулалтын бодлого маань өөртөө 2 зорилтыг агуулж байгаа бөгөөд энэ нь нэгдүгээрт, зах зээлийн эдийн засаг ажиллах зайлшгүй шаардлагатай бөгөөд үр ашигтай нөхцөл бололцоог бүрдүүлэх, хоёрдугаарт, зах зээлийн хэвийн үйл ажиллагаагаар буй болох боловч нийгмийн хувьд хүлээн зөвшөөрч үл болом үр дагавраас урьдчилан сэргийлэх явдал юм.
Бидний сонгож авсан зах зээлийн эдийн засаг бол хэтдээ үйлдвэрлэлийн хэрэгсэл дээр хувийн өмчийн ноёрхол тогтож эдийн засгийн шийдлийн дийлэнхи хувийг өөрийн гэсэн ашиг сонирхолтой хувь хүмүүс гаргадаг тогтолцоо мөн. Тэгэхдээ ийм тогтолцоонд ч гэсэн төрөөс гүйцэтгэх үүрэг багагүй.
Төрөөс эдийн засгийг зохицуулж байгаа үйл явцын цар хүрээ нь үндсэндээ
- хувийн өмчийн эрхийг хамгаалах, гэрээний и биелэлтийг хангуулах төдийгөөр хязгаарлага laissez faire буюу зах зээлд ихэнхийг даат хэлбэрээс
- засгийн газар нь хувийн секторын үйл ажиллага идэвхитэй орлон гүйцэтгэж, нийгмийн таашаа нийцсэн үр дүнд хүрэхийг оролдох хэлбэрийн хооронд хэлбэлзэж байна.
Гэвч бидэнд эдийн засагт төрөөс оролцох туйлын эдгээр хэлбэрүүдээс илүү, эдийн засгийн сонгодог онолуудын аль алинаас нь тодорхой элементийг өөртөө шингээсэн, амьдралд илүү нийцтэй, илүү дэвшилттэй, орчин үеийн эдийн засгийн бодлогын чиг баримжаа хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой.
Төрийн эдийн засгийн бодлогыг боловсруулагч, тодорхойлогч, хэрэгжүүлэгч нь хэн бэ?
Парламентын засаглалтай манай орны хувьд хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүрэг, зорилтын зааг ялгааны үүднээс авч үзвэл энэ асуултад хариулахад хялбар боловч улс орны өдөр тутмын амьдралд гарч ирэх асуудлыг шуурхай шийдвэрлэх, маневарлахын тулд гүйцэтгэх эрх мэдлээс бодлогыг боловсруулж, тодорхойлж, хэрэгжүүлэх үйл явцыг нэгэн зэрэг гүйцэтгэх шаардлага цаашдаа ч байсаар байхыг үгүйсгэх аргагүй.
Гагцхүү өдөр тутам ашиглаж байгаа бодлогын хэрэгслүүд нь ардчилсан сонгуулиар бүрэлдэн тогтсон хууль тогтоох байгууллагын тодорхойлсон урт ба дунд хугацааны зорилтод нийцэж ерөнхий чиг хандлагыг хэлбэрэлтгүй хадгалж байх нь чухал юм.
Энд бидний авч ашиглаж байгаа гол хийсвэрлэл бол харин, хууль тогтоогчид тухайн цаг үеийн эдийн засгийн бодит нөхцөл байдал, боломжийг зөв мэдрээд эдийн засаг яаж ажилладаг зүй тогтлыг нь сайн ойлгохын дээр олон нийтийн өнөөгийн болон ирээдүйн эрх ашгийг зөв тэнцвэржүүлж чадах тухай асуудал юм.
Эдийн засгийн бодлогыг явуулагч засаглалын сонгодог хэлбэрүүдээс гадна мөнгөний бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, санхүүгийн зах зээлийг зохицуулах үүрэг бүхий Төв банк, үнэт цаасны зах зээлийг зохицуулах Хороо зэргийн бие даасан байгууллагууд нэгэн зэрэг үйл ажиллагаа явуулж байгаа учраас эдийн засгийн бодлогуудын харилцан уялдаа, ерөнхий зохицуулалтыг хангах Парламентын үүрэг, хариуцлага улам нэмэгдэж байна.
Цаашилбал, эдийн засгийн бодлогыг боловсруулах, тодорхойлох, хэрэгжүүлэх түүнд зохицуулалт хийхдээ олон нийтийн ерөнхий санал бодлыг харгалзах шаардлагатай бөгөөд ийм статистикийг байнга цуглуулж байдаг тогтсон системтэй болох цаг ирсэн.
Төрөөс олон нийтийн хүсэлд нийцсэн эдийн засгийн бодлого явуулах гэдэг нь туйлын ярвигтай гэдэг нь ойлгомжтой. Энэ нь юуны өмнө улс төрчдөөс ихээхэн тэвчээр зориг шаардана. Өөрөөр хэлбэл, тэд маань олон нийтэд төр Эдийн засгийн талаар юуг хийж чадах, юуг нь эс хийж чадах талаар нэрэлхэлгүй тайлбарлах хэрэгтэй болно. Мэдээж энэ нь өнгөц хандвал богино хугацаанд улс төрийн эрсдэлтэй мэт боловч гашуун ч гэсэн бодит үнэнийг нүүр тулж хэлснээр авах дэмжлэг, дээр нь зөвхөн чадах зүйл дээрээ илүү анхаарлаа хандуулснаар хүрч болох үр дүнтэй харьцуулахад үл ялим зүйл гэж бодож байна.
Төрийн эдийн засгийн бодлогыг олон түмний хүсэл таашаалд нийцүүлэх, итгэлийг хүлээж дэмжлэгийг авах орчин үеийн чухал арга бол төрийн бодлого үйл ажиллагааг тодорхой түвшинд ил тод болгож олон түмэндээ үйл ажиллагаагаа тайлагнадаг, гаргасан үр дүнгээ хариуцдаг тогтолцоог бүрдүүлэх асуудал юм.
Ялангуяа, ил тод байдаг гэдэг нь:
- нэгдүгээрт, төрийн эдийн засгийн бодлогын зорилт, үр дүнгийн таамаглалын талаархи найдваргүй мэдээллийг олон нийтэд урьдчилан хүргэх,
- хоёрдугаарт, эдийн засгийн бодлогын үр дүнг хангахад болон зах зээлд оролцогчдын эрх ашгийг тэнцвэртэй хангахад учрах эрсдлийг хязгаарлах хүрээнд төрийн эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, бодит үр дүнгийн талаархи мэдээллийг нээлттэй болгох,
- гуравдугаарт, зөвхөн эдийн засгийн бодлогоор үл хязгаарлагдах, төр өөрөө ил тод байх асуудал буюу сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудын ашиг сонирхлын зөрчлийг арилгасан журмыг нэвтрүүлэх, явуулж байгаа бодлого, зохицуулалт нь нийтэд ойлгомжтой, хялбар байх, төрөөс ажиллах хүчний болон материалын нөөцийг ашиглаж байгаа арга нь нээлттэй байх зарчмууд зэрэг юм.
Эдийн засгийн шинэчлэлийн талаар
Эдийн засгийн шийдлийг 100 хувь төрөөс гаргаж, зохицуулдаг байсан үе нэгэнт түүх болон үлдэж, хувийн секторын оролцоо цаг өнгөрөх тутам мэдэгдэхүйц ач холбогдолтой болж байна.
Зах зээл гэдэг бол юуны өмнө хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн байгууламж, тиймээс зах зээлд шилжих шилжилт бол хувийн сектор шинээр өсч хөгжих, өрсөлдөх эрүүл нөхцлийг бий болгох, төрийн мэдэлд буюу эдийн засгийн сонирхолд тулгуурласан хяналтгүй байгаа өмчийг хувьчлах замаар хувийн хэвшлийн эдийн засгийг бий болгох явдал юм.
Одоо бодоход зарим талаар чамлалттай мэт санагдавч өнгөрсөн 8 жилд төрөөс зах зээл үүсч хөгжих шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар маш их зүйл хийсэн. Юуны өмнө зах зээл өөрөө гол дохиоллоо авч ажиллаж байдаг үнэ, ханшийг чөлөөлөхийн хамт, дээр дурдсан өмч хувьчлалыг далайцтай өрнүүлж, гадаад худалдааг чөлөөтэй болгон, банк санхүүгийн тогтолцоог өөрчлөх арга хэмжээ авлаа. Үүнтэй нэгэн зэрэг төрөөс эдийн засгийн талаар явуулах бодлого ч үндсээрээ өөрчлөгдөв.
Гэхдээ энэ шилжилт амар байгаагүй. Эдийн засгийн агуулгаас нь авч үзвэл угаасаа үр ашиг муутайн дээр нийгмийн хамгааллаа өөрөө санхүүжүүлэх бололцоогүй эдийн засгийг сууриар нь өөрчлөх явцад гарсан нийгмийн зайлшгүй зардлын зэрэгцээ гадаад эдийн засгийн орчны таагүй байдал нь бэрхшээлийг улам хүндрүүлж байв.
Эдийн засгийн уналт, үнийн хроник есөлт, ажилгүйдэл, санхүүгийн системийн хямрал энэ бүгдийг бид туулсан, одоо ч туулж байна.
Эдгээрийн зарим нь түүнээс илүү, зайлшгүй учрах ёстой байсан хохирлыг багасгах, нийгмийн уур амьсгалыг зөөллөхөд чиглэгдэж байв.
Нэгэнт бодит эрэлт дээр ажиллаж байгаагүй эдийн засаг буурахаас өөр аргагүй байсан. Үүнээс үүдэн ажилгүйдэл бий болсон, эдийн засгийг бүр унагахгүйн тулд мөнгөний бодлого тийм ч хатуу байгаагүй. Ингэснээр үнийн өсөлтийг бий болгосон. Хэдийгээр банкны систем дараа нь өөрөө хямралд автсан ч хуримтлалгүй шахам байсан хувийн сектор банкны зээл дээр тогтож өсөж өндийж ирсэн, төр нь банкны дотоод үйл ажиллагаанд илэрхий хутгалдан оролцдог байсан гэх мэт зүйлсийг дурдвал дээр дурдсан макро эдийн засгийн үзүүлэлт бол олон талтай, түүнээс илүү хүндэрч болох байсан огцом шокыг өөртөө шингээсэн шинж төрхтэй гэж үзэх үндэстэй.
Аливаа шинэчлэлийн үр дүнг тооцохдоо. Тэгвэл альтернатив нь юу байсан юм бэ гэдэг асуултыг заавал тавих ёстой.
Өмнө нь тулгарч байсан тоо томшгүй их зовлон бэрхшээлийг зоригтой туулан эдийн засгийн шинэчлэлийн чиг хандлагыг хэлбэрэлтгүй хадгалж ирсэндээ бид одоо биш юм аа гэхэд хэзээ нэгэн цагт бахархах болно гэдэгт би эргэлзэхгүй байна.
Эдийн засгийн шинэчлэл дуусаагүй байна. Цаашид ч эдийн засагт бүтцийн өөрчлөлт, шинэчлэл тасралтгүй явагдана гэж үзэж байна.
Эдийн засгийн шинэчлэлийн гол параметр нь түүний үр өгөөжийг олон нийт хүртэх тухай асуудал. Энэ бол зөвхөн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн гэх мэт макро статистикийн үзүүлэлтээр тодорхойлогддог зүйл биш, илүү нарийн төвөгтэй эд юм. Иймд бид шилжилтийн гол зорилго нь хүн бүрийн хэрэгцээ шаардлагыг хангана гэхээс илүү хүн бүр өөрийнхөө хэрэгцээ, шаардлагыг хангаж чадах эдийн засгийн чөлөөтэй бөгөөд адил тэгш боломжийг бүрдүүлэхэд оршино гэвэл илүү ойлгомжтой болох биз ээ.
Шинэчлэлийн өөр нэг параметр бол цаг хугацаа. Цаг хугацаа бол алдагдсан боломж, тиймээс түүнийг мөнгөөр хэмжиж болно. Ганцхан жишээ татахад хэрэв эрх зүйн бололцоог зөв бүрдүүлэн банкны систем дэх бүтцийн өөрчлөлтийг жилийн өмнө эхлүүлж чадсан бол нийгэмд учирсан зардлыг олон тэрбум төгрөгөөр хэмнэж болох байв.
Эцэст нь, эдийн засгийн шинэчлэлийн бас нэг параметр бөгөөд өнөөдрийн миний ярьсан зүйлтэй салшгүй холбогдолтой асуудал бол төр өөрөө зах зээлд итгэх, түүний хязгаарлашгүй боломжийг оновчтой ашиглах, төр нь өөрөө зах зээлийн итгэлийг олж авах, түүнийг алдахгүй байх тухай асуудал юм.
Өөрөөр хэлбэл, төр эдийн засагт тавих шууд хяналтаасаа татгалзаж эдийн засгийн суурийг зөв тэнцвэртэй байлгахад илүү анхаарах ёстой.
Энэ нь бид зөвхөн юмыг зөв хийгээд зогсохгүй, зөв юмыг олж хийх хэрэгтэй гэсэн үг ээ.