А.Пороховский
/Эдийн засгийн ухааны доктор, профессор/
Шинэ толь №22, 1998
Түлхүүр үг: Эдийн засгийн аюулгүй байдал, АНУ, зах зээл, тоглоомын дүрэм, төрийн нөлөө, Ф.Рузвельт
Америкийн төр, чөлөөт эдийн засаг хоёрын хоорондын харилцаа дахин давтагдашгүй баялаг түүхтэй юм. Зөвхөн ХХ зууны эхний хагаст л төрийн эдийн засгийн үүрэг асар их өссөн хэдий ч АНУ-д төр, зах зээл хоёр нэгэн зэрэг өсөж, хөгжиж иржээ.
Америкийг өнөөдрийн баян чинээлэг байдалд хүрэхэд нөлөөлсөн олон хүчин зүйлийн дотроос төрийн үүрэг ролийг онцлон авч америкийн нийгмийн хөгжлийн эргэлтийн үеүдэд төр идэвхтэй байр суурь баримтлан хүчтэй нөлөө үзүүлж байсны уг сурвалжыг тандаж илрүүлэхийг оролдьё.
Үндэсний эдийн засгийн аюулгүй байдал
Нэгдсэн улс байгуулахын төлөө тэмцэл нь зөвхөн улс төрийн талаар бие даасан байх төдийгүй АНУ-ын бүх нутаг дэвсгэр дээр эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах таатай нөхцлийг бий болгохын төлөө тэмцэл байсныг түүхийн баримт нотолж байна. 19 дүгээр зууны эдийн засгийн хямралууд нь Тийм ч их сүйтгэлтэй биш байсан ба төрийн эдийн засгийн үүрэг нь энэ үед аж үйлдвэрийг бэхжүүлэх, төмөр зам барих, том корпорацууд байгуулах, үндэсний бизнесийг дэмжих зэрэг улс орны аж ахуйн хөгжлийн үндсэн логикоор тодорхойлогдож байлаа. Энэ үед төрийн зүгээс хувийн хэвшилд зориуд дэмжлэг үзүүлэх замаар түүнийг санаачлагатай байж чөлөөтэй хөгжих олон янзын арга хэрэглэн үндэсний эдийн засгийн хөгжлийг дэмжих бодлого явуулж байв. XIX зууны сүүлчээр эдийн засгийн хямрал бус харин аж үйлдвэр, банкны “аварга том” нэгтгэлүүдийн залуургүй, эрчимтэй хөгжил нь, үндэсний эдийн засагт өрсөлдөөний эрүүл саруул механизмыг бий болгох, түүний аюулгүй байдлыг хангах үүднээс төрөөс трестийн (монополийн эсрэг эрх зүйн актуудыг боловсруулж, хэрэгжүүлэх нь зайлшгүй болохыг харуулж байлаа.
Хэрэг дээрээ Холбооны Засгийн газар нийгмийн эдийн засгийн амьдралд янз бүрийн хэлбэрээр оролцсоор байсан боловч төрийн зүгээс эдийн засагт оролцох хэмжээ, хязгаарын талаарх маргаан үргэлжилсээр л байлаа. Нэг ч бизнес эрхлэгч, Холбооны Засгийн газрын ямар нэг нөлөөлөлгүйгээр ажил хэргээ явуулах боломжгүй байсан хэдий ч бизнесийн болон улс орны бүхий л бүтэлгүй, амжилтгүй болгоныг төр рүү чихэх нь хэвийн, зөв үзэгдэлд тооцогдох болжээ.
Харин Их сүйрлийн жилүүд нь хүмүүсийг өөрөөр бодоход хүргэж эдийн засгийн бэрхшээлүүд төдийгүй бүх үндэстний, улс орны хувь заяаны төлөө асуудлууд америкчуудийн санааг зовоох болсон байна. Ф.Рузвельт тэргүүтэй америкийн төр захиргаа улс орноо хямралаас гарган, эдийн засгаа сэргээн босгож тогтворжуулах, америкийн нийгэм-сэтгэл зүйн уур амьсгалыг хэвийн болгох бүх хариуцлагыг өөртөө хүлээлээ. Холбооны Засгийн газрын “шинэ бодлого” гэж нэрлэгдсэн иж бүрэн арга хэмжээ нь тэр үед үйлчилж байсан эрх зүйн зохицуулалт болон зах зээлийн хэнд ч үл хүчрэгдэгч “үл үзэгдэгч гар”-ын тухай онолын үзэл баримтлалын аль алинд ч нийцэхгүй байв. 1929-1933 оны эдийн засгийн хямрал болон “шинэ бодлого”-ын хэрэгжилт нь эдийн засаг дахь төрийн үүргийг өөрөөр үнэлж, ойлгоход эргэлтийн үе болсон гэж хэлж болно. АНУ-ын түүхэнд анх удаа ерөнхийлөгч Ф.Рузвельтийн дэргэд Үндэсний эдийн засгийн аюулгүй байдлын зөвлөл байгуулагдан “шинэ бодлого”-ын хүрээнд бүх ажлыг зохион байгуулж байлаа.
АНУ-ын ерөнхийлөгчөөр Ф.Рузвельт сонгогдсоноос хойш 60 жилийн дараа Цагаан ордонд Б.Клинтон ирсэн бөгөөд тэрээр мөн л өөрийн засаг захиргааны бүтцэд Үндэсний эдийн засгийн аюулгүй байдлын зөвлөлийг байгуулжээ. Америкийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар одоо дэлхийн эдийн засгийн олон улсын өрсөлдөөн нь америкийн эдийн засгийн аюулгүй байдлын гадаад уг сурвалж болж буй ажээ. Дотоод, гадаадын зах зээл дээр америкийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх явдлыг Б.Клинтоны эдийн засгийн “баг” өөрийн зорилтоо болгосон юм.
Дэлхийн тэргүүлэх гүрэн болсон АНУ ямар нэг хэмжээгээр өөрийн “маргаашийн өдөрт итгэлгүй” хандаж, эдийн засгийнхаа аюулгүй байдлын төлөө санаа зовж байгаа нь хачирхалтай мэт санагдаж болох боловч үнэхээр XXI зууны босгон дээр олон улсын эдийн засгийн өрсөлдөөн нь АНУ болон бусад бүх улс орны хувьд улам бүр хөгжлийн дотоод хүчин зүйл болсоор байгаа билээ.
Ганц нэг корпораци бүү хэл, улс үндэстэн дамнасан корпораци ч гэсэн ийм өрсөлдөөнийг давж гарахад хэцүү, харин улс орноороо бүхэлдээ бэлэн байх явдал чухал учраас л үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад америкийн төрийн ур ашигтай үйл ажиллагаа илэрхийлэгддэг байна.
Эдийн засгийн үр ашигтай төрийг тодорхойлох оролдлого хийвэл өөрийн үндэсний эрх ашгийг дээдлэн олон улсын хязгааргүй өрсөлдөөний нөхцөлд өөрийн үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангадаг төрийг хэлнэ. Ийм төр нээлттэй эдийн засгийн бодлого явуулахын зэрэгцээ дотоодын болон гадаадын зах зээлд өөрийн үйлдвэрчлэгдийг дэмжих бодлого явуулдаг байна. Өөрөөр хэлбэл, эдийн засаг үр ашигтай байсан нөхцөлд л эдийн засгийн үр ашигтай төр байх бөгөөд “тааруухан” төртэй байж зах зээлийн зарчимд тулгуурласан үндэсний “сайн” эдийн засаг байж таарахгүй гэсэн үзэл нь төрийн эдийн засгийн ролийг шинээр тодорхойлох болжээ.
Зах зээлийн аж ахуйд үндэсний эдийн засгийн бүтэц байнга өөрчлөгдөж зарим салбарууд суларч, бүр үгүй болж байхад зарим нь бэхжин улмаар тэргүүлэх үүрэгтэй болдог. Ээлжит эдийн засгийн хямралын жилүүдэд л эргэлтийн шинжтэй өөрчлөлтүүд гардаг бөгөөд ялангуяа мэдээлэл, холбооны салбарт шинэ технологи нэвтэрч АНУ болон бусад орнуудын аж ахуйд хувьсгал гарсан энэ зууны хоёрдугаар хагаст маш их өөрчлөлт гарчээ.
Америкийн эдийн засаг хувийн өмчийн янз бүрийн хэлбэрт тулгуурлан өөрийн баазыг байнга өргөжүүлж ирсэн бөгөөд олон янзын хэвшлийн өмчид үндэслэдэг нь түүний тогтвортой байдлын гол нөхцөл болдог байна. Үйлчилж буй эрх зүйн орчинд үр ашигтайгаар аж ахуй эрхлэн хөтлөх бүрэн боломж, таатай нөхцлийг хангаж өгч байгаа учраас л ийм төрийг эдийн засгийн үр ашигтай төр хэмээн нэрлэж байгаа болно.
Зах зээлийн нөхцөл дэх “тоглоомын дүрэм”
Америкт зах зээлийн эдийн засаг үсэж хөгжсөн түүхийн өвөрмөц нөхцөл байдал нь зах зээлийн тогтолцооны чухал шинжүүд бүрэлдэхэд муугаар нөлөөлөөгүй, харин ч америк тивд зах зээлийн сонгодог “тоглоомын дүрэм”, “үйл байдлын хэв маяг” тогтсон бөгөөд эдгээрээс зах зээлийн эдийн засгийн нэг гол үндсэн шинж нь өрсөлдөөн юм.
Өрсөлдөөн бол урагшлах хөдөлгөөн, хөгжил бөгөөд өрсөлдөөнгүй бол монополчлолын буюу бусад хэлбэрээр зогсонги байдал зайлшгүй бий болно. Иймд өрсөлдөөний механизм хаана ч, ямар ч хязгаарлалтгүй ажиллаж байх нь чухал юм.
Үүнтэй холбоотой зах зээлийн орчныг газар зүйн талаас нь авч үзэх нь бас ач холбогдолтой ба зах зээлийн газар зүйн хүчин зvйл нь өөрөө зөвхөн газар зүйн төдийгүй, тухайн газар орчинд амьдран суугаа хүн амын болон бизнесийн үйл ажиллагааны үндэсний, соёлын, цаг уурын, түүхэн болон бусад нөхцлүүдтэй шууд холбоотой билээ. Үндэсний зах зээлийн эдийн засгийн онцлог нь түүний бүхэл бүтэн нэгдмэл байдалд оршино.
Тухайлсан нэг улсын доторхи эдийн засгийн нэгдмэл орон зай нь хүн амын хувьд ч, бизнесийн хувьд нэг ижил “тоглоомын дүрэм”, ижил нөхцөлтэй байх боломжийг бүрдүүлдэг. Ийм учраас америкийн түүхэнд ч гэсэн нийт үндэсний хэмжээний зах зээлд онцгой ач холбогдол өгч ирсэн ба Холбооны Засгийн газар улс орондоо дэд бүтцийг хөгжүүлэхэд идэвхтэй оролцож ирсэн нь мөн л үүнтэй холбоотой юм. Бүр XIX зуунд засгийн газар энэ асуудалд анхаарч суваг, далан барих хөрөнгөний 70%, зам барихад зориулагдах хөрөнгөний 30%-ийг5, төмөр зам барих хөрөнгөний 75%-ийг6 улсын төсвөөс гаргаж байжээ.
Зах зээлийн орчинд ямар ч бизнесийн ашиг нь үр ашгийн шалгуур болдог. Харин америкийн нийгэм, түүний эдийн засаг хөгжих тусам ашиг нь үр ашгийн цорын ганц шалгуур болох боломжгүй салбарууд улам бүр бий болсоор байна.
Тухайлбал, зарим тохиолдолд орчин үеийн нийгмийн чухал салбарууд болсон боловсрол, суурь шинжлэх ухаан, байгаль орчны хамгаалал зэрэг салбаруудын ашгаар хэмжигдэх үр ашгийн талаар ярихад төвөгтэй бөгөөд энд зах зээлийн “үл үзэгдэгч гар” ч эдгээр салбарын үр ашгийг тодорхойлж үл чадах хийгээд, XXI зуунд америкийн нийгмийн хөгжилд “зах зээлийн бус” салбарын үүрэг өсөн нэмэгдэх боловч зах зээлийн эдийн засгийн “тоглоомын дүрэм” нь урьдынхаараа л голлох үүргийг гүйцэтгэх болно.[1]
Ийм нөхцөлд төрийн үүрэг роль нь улам өсч тэрээр нэг талаар зах зээлийн тогтолцооны баталгаа болж, нөгөө талаар зах зээлийн сэдэл үйлчлэхгүй байгаа нийгмийн салбаруудыг дэмжих шаардлага нэмэгдэж буй бөгөөд эндээс төр нь эдийн засгийн үйл ажиллагааныхаа шинж чанараар зах зээлийн механизмын нэг бүрэлдэхүүн ба нийгмийн хөгжлийг бүхэлд нь зохицуулагчийн үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэж байгаа болно.[2]
Энд зах зээлийн эдийн засагт төрийн оролцооны” тухай дахин ярих хэрэгтэй болж байгаа бөгөөд үнэхээр хэрэв төр нь зах зээлийн харилцаа, өрсөлдөөний механизмыг “орлох” гэж оролдож буй тохиолдолд төрийн зүгээс хэт хутгалдан оролцож байгаа тухай ярьж болох ба харин төр нь “тоглоомын дүрэм” зах зээл, өрсөлдөөний баталгаа болж буй тохиолдолд энэ нь зах зээлийн зарчимд нийцэж байгаа хэрэг юм.
Төрийн нөлөөлөл – тоон үзүүлэлт
Төрийн нийгэм, эдийн засгийн үүрэг ролийг тодорхойлоход дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх улсын зардлын хэмжээ, төрийн өмчийн хэмжээ гэсэн хоёр үзүүлэлт чухал байдаг. АНУ-д төрийн өмч нь аж ахуйн үйл ажиллагаатай төдийлөн холбоогүй тул эдийн засгийн ном зохиолд ДНБ-ний үйлдвэрлэлд зарцуулах улсын зардлын хэмжээг ихэвчлэн авч үздэг.
Хэдэн харьцуулсан тоо баримтыг дурьдая. ХХI зууны сүүлчээр ДНБ-ний үйлдвэрлэлд зарцуулагдах улсын хөрөнгөний хэмжээ дэлхийн дунджаар 8.3% байсан бол энэ үед АНУ-д энэ тоо 4% байв. Харин 20-иод он гэхэд хөгжингүй орнуудын дундаж үзүүлэлт 15.4% болон өсч, 60-аад онд 27.9, 80-аад оны эхээр 42.6% хүрчээ. Ер нь сүүлийн үед хөгжингүй улсуудад энэ тоо 30% доош бууж байгаагүй бөгөөд 1993 онд АНУ-д л гэхэд холбооны муж улсуудын ДНБ-ний үйлдвэрлэлд зарцуулсан хөрөнгөний 38.7%-ийг эзэлж байв. Хэдийгээр энэ үзүүлэлтээр АНУ нь Европын улсуудаас хоцрогдож байгаа ч гэсэн дэлхийн ерөнхий хандлагын түвшинд байгаа нь төр нь нийгмийн хөгжлийн тогтвортой, дэвших хөгжлийн баталгаа болж буйг харуулж байна.
Лондоны “Эдийн засагч” сэтгүүлд хэвлэгдсэн “Төрийн ирээдүй” гэсэн судалгааны дүнгээс хийсэн урьдчилсан дүгнэлтээс үзвэл ДНБ-ний үйлдвэрлэлд зарцуулсан хөрөнгөнд эзлэх улсын зардлын хэмжээ тийм ч эрчимтэй өсөхгүй бөгөөд дундаж үзүүлэлт нь ойролцоогоор 50% байх ажээ[3].
Нийт зардлын бүтцийг авч үзвэл ямар зориулалтаар зарцуулагдсаныг харж болно. 1996 онд зөвхөн Холбооны Засгийн газрын ДНБ-д зарцуулсан хөрөнгөний эзлэх хувь 20.8% байсан ба үүнээс 12.8% нь нийгмийн даатгал, боловсрол, эрүүл мэндийн салбарт, 0.9% нь эдийн засгийн бүтцийг сайжруулахад 3.6% нь батлан хамгаалах зардалд зориулагджээ[4].
8 Budget of the United States Government. Fiscal Year 1998. Wash., GPO, 1997, р.42-49.
Эндээс үзэхэд холбооны засаг захиргааны зардлын ихэнх хэсэг нь нийгмийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн нийгмийн шинж чанартай зардлууд болох нь харагдаж байна. Дэлхийн банкны хөгжлийн тухай “Өөрчлөгдөн буй дэлхий ертөнц дэх төр” гэсэн тайлан илтгэлд (1997 он) “Төрийн нөлөөлөл өсөн нэмэгдсэн явдал нь тооны хүчин зүйлээс чанарын хүчин зүйлийг чухалчилж үзэхэд хүргэлээ. Өөрөөр хэлбэл, төр болон түүний оролцогчийн хэмжээ, хязгаарын тухай бус энэ оролцооны үр ашиг, хүн амын хэрэгцээг хангах түвшингийн тухай асуудлыг анхаарах болжээ”9 гэж тэмдэглэсэн байна.
Муж улсууд болон Холбооны Засгийн газрын төсвийн орлогын эх сурвалж нь иргэдээс төлж буй татвар учраас иргэд нэгдүгээрт, татварын хэмжээг бага байлгах, хоёрдугаарт, татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулах сонирхолтой байх нь ойлгомжтой. Америкийн сонгогчдын дунд “Бидэнд аварга том засгийн газар хэрэггүй!”, “Засгийн газар бага тусмаа сайн” зэрэг уриа лоозон их түгээмэл байдаг. Ийм учраас Б.Клинтон АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдохдоо “Аварга том засгийн газар хэрэггүй, хүнд суртал хэрэггүй” гэж дахин давтан хэлж байлаа.
Эдийн засгийн зөвлөгчдийн зөвлөлөөс АНУ-ын Ерөнхийлөгчид ирүүлсэн илтгэлд “АНУ-ын зах зээлийн эдийн засагт засгийн газрын үүргийн тухай” гэсэн тусгай бүлэг оруулж Холбооны засаг захиргааны зардлыг аль болох багасгаж, түүний үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх талаар анхаарах нь зүйтэй болохыг тодорхойлсон ч үүнтэй холбоотой юм. Ер нь шийдвэр гаргах үйл ажиллагаанд субъектив хүчин зүйлийн нөлөө аль болох бага байх тусам, төрийн институцийн ажлын бодит байдал, үр нөлөө өндөр байдаг болохыг америкийн туршлага харуулж байгаа юм.
Зах зээл, төр, ардчилал
Америкийн түүхэнд холбооны засаг захиргаа нь хөгжлийн өгсөж, буурсан бартаат замыг туулсан бөгөөд энэ түүх нь зөвхөн улс төр, эдийн засгийн талаар хүчтэй төр л иргэдийнхээ эрхийг болон өрсөлдөөн, зах зээлийг найдвартай хамгаалж чадна гэдгийг харуулсан юм. Ф.Рузвельт “Хүчтэй, эрчтэй засгийн газар хэзээ ч дарангуйлалд хүргэдэггүй. Арчаагүй, сул дорой засгийн газар л дарангуйлалаар солигддог”[5] гэжээ.
Америкийн түүхэнд янз бүрээр хандаж болох боловч зах зээлийн эдийн засгийн ардчилсан шинж чанарыг өөртөө шингээсэн төрийн засаглалын систем тогтсон нь хөдлөшгүй үнэн юм. Үүний дүнд улс төр, эдийн засгийн талаар хүчтэй төр зайлшгүй шаардлагатай гэдэгт өөрсдийн эрхийг төрөөс баталгаатай хангуулж байдаг хүн амын өргөн давхарга ч тэр, гадаад болон дотоод орчинд нь тогтвортой, тодорхой “Тоглоомын дүрэм” хэрэгтэй бизнесийнхэн ч тэр итгэлтэй байдаг. Эдийн засгийн үр ашигтай төр гэдэг бол мөн хүчтэй ардчилсан төр бөгөөд үр ашгийн шалгуур нь энд нийгмийн ардчилсан дэг журмыг сахих, эдийн засгийн зах зээлийн зарчмыг мөрдлөг болгох зэрэг болно. Ардчилсан, зах зээлийн систем нь эргээд түүнд тохирсон төрийн институци тогтож хөгжих үндэс болдог.
Гэхдээ бид АНУ-д эдийн засгийн үр ашигтай төгс төр тогтож, ялангуяа түүний аж ахуйн үүрэг роль байнга өсөн нэмэгдэж байгаа гэсэн эцсийн дүгнэлт хийхгээгүй, харин орчин үеийн дэлхийн эрчимтэй хөгжил нь шинэ шинэ нөхцөл байдлуудыг бий болгож, түүнд хурдан шуурхай зохицож ажиллах шаардлага байнга тавигдаж байгаа билээ.
Хэрэв төрийн эдийн засгийн бодлого нь эдийн засгийн өсөлтийн бүхий л хүчин зүйлийг ашиглах боломж олгож байвал ийм төр өөрөө үндэсний эдийн засгийн хөгжлийн шийдвэрлэгч элемент болдог бөгөөд эдийн засгийн өсөлт тогтвортой бол төр эдийн засгийн үүргээ үр ашигтай биелүүлж байгаа хэрэг гэсэн эцсийн дүнэлтийг хийж болно.
[1] The Government and the Economy: 1783-1861. Ed.By.C.Goodrich. Indianapolis, 1967, p.XVI, XVII
[2] Health M., Lively R. The American System. Business History Review, 1955, March, р.86.
[3] IMF Survey, 1996, February 19, p.68.
[4] Вопросы экономики, 1997, №7, с.7.
[5] Franklin D.Roosevelt. Fireside Chat. N.Y., 1938.April 14.