Д.Дашпүрэв
/Доктор, УИХ-ын гишүүн/
Шинэ толь №21, 1998
Түдхүүр үг: Үндсэн хууль, Бүрэн эрхт байдал
Өнөөдрийн эрдэм шинжилгээний бага хурлаар гол судлагдахуун болгон авч үзэж мэргэжлийн эрдэмтэд, судлагчид санал бодлоо илэрхийлж байгаа Монгол Улсын 1992 оны Үндсэн хууль нь тус улсын төрийн түүхнээ “Үндсэн хууль” хэмээн нэрлэгдэж байсан буюу эсвэл Үндсэн хуулийн утгатайгаар ойлгогдож агсан хуулиудаас нэлээд олон онцлогтой юм.
Тэрхүү онцлогийн зарим талыг тухайлан “Монгол Улсын бүрэн эрхт байдал” гэдэг ухагдахууны үүднээс харуулахыг илтгэгч энэхүү товч материалын хүрээнд хичээж байна. Чингэхдээ ХХ зууны Монгол улсын түүхэнд тохиосон 19131918 (Зарлигаар тогтоосон “Монгол улсын хууль зүйлийн бичиг”-т бидний энд хөндөн үзэж бүхий асуудал зохих хэмжээгээр тусгагдсан байдаг), 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиудтай энд хөндөгдөн бүхий асуудлыг харьцуулан шинжлэх оролдлого хийлээ. Гэхдээ илтгэгч Их эзэн Чингисийн “Их засаг хууль” Бага хаадын үеийн “Их цааз”, “Халх журам” зэрэгтэй харьцуулан үзээгүйг дурдъя[1]. Түүнчлэн тэдгээр болоод “Зарлигаар тогтсон монгол улсын хууль зүйлийн бичиг” /1913-1918/-ч тухайлан “Үндсэн хууль” гэх аргагүй гэдгийг хүлээн зөвшөөрөх авч энэхүү илтгэлд асуудлын үзэл баримтлал тусгагдсан байгаа гэж миний бие үзэж байна. Харин 1911 оны “Хаант Монгол Улсын” болоод бүр дундад зууны Чингисийн эзэнт гүрний хууль цаазын бичгүүдэд “Улсын бүрэн эрхт байдал” гэсэн ухагдахуун ямар байдлаар тавигдаж байсан нь цаашдын судалгааны бие даасан асуудал юм гэж үзэж байна.
Дээр томъёолсон хүрээнд асуудлыг авч үзэхдээ уг судлагдахуунд “хууль зүйн философи”-ийн буюу гадаад улсын ном зохиолд “Jurisprudence” (philosophy of law) гэж хэлдэг тэр аспектаар хандаж байгааг дашрамд сонордуулах нь зүйтэй болов уу гэж үзнэ[2]. Учир нь “Улсын бүрэн эрхт байдал” гэсэн ухагдахууныг хууль зүйн, улс төр судлалын, түүхийн, улс төрийн философийн хүрээнд судлан үздэг нийтийн жишиг тогтсон байна. Чингэхдээ улс төр судлалын ухаанд “Улсын бүрэн эрхт байдал”-ыг дотоод, гадаад гэсэн хоёр талтай авч үздэг[3]. Түүний дотоод илэрхийллийг түүхэн цаг үе бүрт өөр өөр боловч тодорхой нэгэн төлөөллөөр гаргаж байсан ажээ. Жишээлбэл: илтгэгчийн харьцуулан үзсэний үндсэн дээр нэн эртний монголчуудын төр улсын тогтнолын үед “эзэн хаан”, “хааны тамга”, “сүлд” зэргийг “Улсын бүрэн эрхт байдал”-ын биет төлөөлөл гэж үзэж байсан баримт бүр “Хүннү” гүрний үеэс ажиглагддаг юм[4]. Энэ нь ерөөсөө төрийн түүхэн уламжлалтай улс үндэстэнд “Улсын бүрэн эрхт байдал”-ын ухагдахуун ямар нэгэн хэлбэрээр тавигдаж байсныг гэрчлэх баримт болой. Гэвч энэ асуудал түүхэн цаг үеийн эрхээр хувьсан өөрчлөгдөж ирсэн бөгөөд улс төрийн ардчилсан тогтолцоотой улс оронд “Улсын бүрэн эрхт байдал” гэдэг нь тухайн үндэстний дотоод амьдралын үүднээс авч үзвэл “… төр нь ард түмнээс үүсэлтэй хүчин дээр оршин тогтнож, үйлчилж байгаа …[5] байдлыг илтгэх болжээ. Энэ үзэл дэлхий нийтийн түүхийн шинэ үеэс эхлэлтэй юм. Иймд “Улсын бүрэн эрхт байдал” гэдэг ухагдахуун бол орчин үеийн улс төрийн онолын үзэл баримтлал юм гэж хэлэхдээ бид эртний герегд, тухайлбал Аристотелес төр улсын “supreme power” (дээд хүч) гэдгийг номлож байсан нь өнөөдөр энд хэрэглэж байгаа ” Улсын бүрэн эрхт байдал” гэдгээс өөрөөр ойлгогдож байжээ гэсэн үг. Дундад зууны үед өрнө зүгийн хуульчид “summa potestas” (төр улсын дээд эрх мэдэл=hіghеѕt power of the state), эсвэл “plenitudo potestatis” (төр улсын дээд эрх мэдэлтэн=supreme authority of the state) гэж бичихдээ мөн л эдүгээгийн “Улсын бүрэн эрхт байдал” гэдгээс өөрөөр төсөөлж байжээ. Харин 1576 онд Францын сэтгэгч Жан Бодин (Jean Bodin) “Бүгд Найрамдах Улсын тухай зургаан ном”-доо анх ѕоuvеrаinеtе (энэ үгний англи эквивалент нь “soveregnty” юм) гэсэн нэр томъёог хэрэглэсэн агаад утга нь үндсэндээ шинэ үед “Улсын бүрэн эрхт байдал” гэж юуг ойлгох болсонтой дүйцэж очсон байжээ[6]. Энэ бүхнээс үзвэл аливаа төрт улсад “төр улсын бүрэн эрхт байдал” гэж нэгэн зүйл үзэгдэл байсан амой. Гагцхүү түүнд хандах үзэл баримтлал л түүхийн аясыг дагасан ажгуу.
Чухам ийм үзэл бодлоор иш хийж асуудалд хандваас XX зууны монголын түүхэнд тус улсын бүрэн эрхт байдлын асуудал монголчуудаас төр улсынхаа тусгаар тогтнолын төлөө эрс шийдэмгийгээр тэмцэж эхэлсэн 1911 оны хувьсгалтай зэрэг тодорхой нэгэн утгаар тавигдаж эхэлсэн гэж хэлэх үндэстэй болдог юм. Гэвч Богд хаант Монгол улсаас 1912 онд Орос улстай хийсэн гэрээ хэлэлцээр, мөн Монгол, Орос, Хятад гурван гүрний 1915 оны хэлэлцээр, “Зарлигаар тогтоосон монгол улсын хууль зүйлийн бичиг” (1913-1918 онд боловсрогдсон) зэргийн агуулгаас үзэхэд тэр үеийн монголын төр нь өөрийн бүрэн эрхт байдлын дотоод агуулгад уламжлалт сонгодог монист байр сууринаас асуудалд хандаж байсан нь тодорхой харагддаг[7].
Харин 1924, 1940, 1960 оны Монгол улсын Үндсэн хуулиуд-д тусгагдсан улсын бүрэн эрхт байдлын үзэл баримтлал нь өмнөх үеэс илүү тодорхой байдлаар томъёологдсон боловч тэдгээрт нарийвчлан анализ хийж үзвээс жинхэнэ дүр зураг нь тодордог юм. Тухайлбал: Улсын бүрэн эрхт байдлыг улс орны дотоодод хамаарах агуулгаар нь “… улсын дээд эрхийг жинхэнэ ардад эзлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүслэн дагаваас зохино[8] эсвэл “Бүгд Найрамдах Монгол Ард Улсад засгийн бүх эрх, хөдөлмөрчдийн депутатын хурлаар уламжлагдан, хот, хөдөөгийн хөдөлмөрчдийн мэдэлд байна[9], “… улсын засгийн бүх эрх хөдөлмөрчин ард түмний мэдэлд байна. Хөдөлмөрчин ард түмэн өөрийгөө төлөөлсөн ардын депутатуудын хурлаар уламжлан засгийн эрх барина… Сонгогчид депутатаа хуулиар тогтоосон журмын дагуу хэзээ ч огцруулж болно”[10] гэх зэргээр тодорхойлсон ба боловч хэрэг дээрээ ард түмэн засаглалын эрх мэдр. хэрхэн хэрэгжүүлэх, төлөөлөгчдөө төрийн дээд байгууллагад хэрхэн чөлөөтэй сонгох, яаж ил тодоо чөлөөтэй эгүүлэн татах зэрэг механизмууд нь тодорхойгүй бүрэн дүүрэн хуульчлагдан тогтоогдоогүй байсан юм. Дээрх байдлыг “Улсын бүрэн эрхт байдлын ангиллын”[11] үүднээс авч үзвэл “олон түмний” (popular), “нэрийдсэн” (nominal), “улс төрийн” (political) бүрэн эрхт байдал байсан бөгөөд De Facto бүрэн эрх нь гадаад орны дэмжлэгтэйгээр дан ганцаараа ноёрхож агсан коммунист төрлийн МАХН-ын дээд удирдлагад төвлөрч байв. Хэрвээ Монгол улс дахь коммунист тоталитар дэглэмийн үеийн үндсэн хуулиуд дахь тус улсын бүрэн эрхт байдлын үзэл баримтлалыг бүхэлд нь дүгнэж үзвэл энэ асуудлаарх монист сургаалын хүрээнд багтаж байв. Энэ чиглэлийн үзэл баримтлалыг дээр нэгэнт дурдсан Жан Бодин эхлэн дэвшүүлсэн боловч Т.Гоббс, Ж.Руссо, Ж.Локк нар гүнзгийрүүлэн хөгжүүлсэн ба Ялангуяа В.Ф.Гегелийн бүтээлүүдэд энэ сургааль хамгийн хийсвэр, метафизик тайлбарлалаа олсон болой. Практик амьдрал дээрх энэ сургаалын орчин үеийн биелэл нь хуучин коммунист орнуудад илэрч байсан бөгөөд Ф.Х.Хенсл “… зүүн Европын коммунист орнууд бол хагас бүрэн эрхт байдлыг хамгаалсан улсууд юм[12]” гэж тодорхойлсон нь 1990-ээд оны өмнөх Монгол орны тухайд ч нэгэн адил холбогдох юм. Харин 1992 оны “Монгол Улсын Үндсэн хууль”-д улсын бүрэн эрхт байдлыг нийгмийн дотоодод холбогдуулан тодорхойлсон нь зарчмын эрс ялгаатай байна. Үүнийг бид “Улсын бүрэн эрхт байдал”-д өгсөн тодорхойлолтонд хамаарах агуулгын үндсэн шинжүүдэд тулгуурлан хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, монизмын зарчимд тулгуурласан, “Улсын бүрэн эрхт байдал”-ын үндсэн шинжүүдийг 1832 онд хэвлүүлсэн The Province of Jurisprudence Determined гэдэг бүтээлдээ английн хуульч Жон Августин тодорхойлсон нь ХХ зууны Монгол улсад үйлчилж байсан 1992 оноос өмнөх Үндсэн хуулиудад үндсэндээ бүрэн туссан байлаа[13]. Харин 1992 оны монголын ардчилсан шинэ Үндсэн хуульд тэрхүү зарчим ихээхэн өөрчлөгдсөн байна. Энэ нь 1990-ээд оноос Монгол оронд ардчилсан үйл явц эхэлж, улмаар улс орон ардчиллын замаар хөгжиж эхэлсэнтэй холбоотой юм.
Монгол улсын шинэ Үндсэн хуулинд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”[14] гэж заасан үндэслэлийн үзэл санааг бусад бүлэг, зүйлд хэрхэн яаж дэлгэрүүлсэн хийгээд энэхүү заалтыг улс орны дотоод амьдралд хэрэгжүүлэх механизмыг хэрхэн тодорхойлсноос бид “Улсын бүрэн эрхт байдал”-ын тухай үзэл баримтлалын шинэ агуулгыг ойлгож байгаа юм. Тухайлбал, “Улсын бүрэн эрхт байдал”-ын тухай монизмын баримтлалд холбогдох үндсэн таван шинжийн нэг болох “үл шилжих чанар” (inalienability) коммунист дэглэмийн үеийн үндсэн хуулиудад “Ардын Депутатуудын Хурал”-д байна гэж заагдаад хэрэг дээрээ тэр нь бүрэн эрхээсээ ямарч байгууллагад юуг ч шилжүүлдэггүй “Намын Улс Төрийн Товчоо”-нд захирагдаж байлаа. Тэгвэл шинэ Үндсэн хуульд энэхүү “үл шилжих чанар” ард түмний “сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллага”-д байх ба тэр нь шинэ Үндсэн хуулийн “арванзургадугаар зүйл”-ийн есөд зааснаар ард түмэн “төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй”[15] гэж дэлгэрүүлэн тодорхойлогдсон байна. Мөн хууль тогтоох “Улсын бүрэн эрх” халдашгүй бөгөөд уламжлалт монизмын баримтлалаар бол тэр нь “үл хуваагдах чанартай байх ёстой боловч Монгол улсын шинэ Үндсэн хуулинд зааснаар Улсын Их Хурлаас батлан гаргасан хуулинд тодорхой хугацааны дотор Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь ба хэсэгчлэн хориг тавих эрхтэй (тэр нь Улсын Их Хурлын гишүүдийн гуравны нэг нь хүлээж авснаар хүчин төгөлдөр болдог) бас иргэдийн гаргасан санаачилга, хүсэлтээр Үндсэн хуулийн Цэц нь Улсын Их Хурлаас батлан гаргасан хууль Үндсэн хуулийг зөрчиж байгаа бол уг хуулийнх нь үйлчлэх бүрэн эрхэд халдаж шийдвэр гаргах бололцоотой зэрэг хэлбэрээр дээрх “бүрэн эрхт байдал” хуваагдаж байгаа юм. Энэчлэн “Улсын бүрэн эрхт байдал”-ын талаарх уламжлалт монизмын зарчмуудыг эвдсэн олон шинэлэг үзэл санаа нь Монгол улсын 1992 оны шинэ Үндсэн хуулинд заасан дээрх асуудлаар үндсэндээ улс төрийн ардчилсан дэглэмтэй улс орнуудын үндсэн хуулинд нийтлэг байдаг плюрализмын баримтлалыг дурдан бүхий асуудлаар баримталжээ гэдгийг харуулж байгаа юм.
Улс төр судлалын шинжлэх ухаанд “Улсын бүрэн эрхт байдал”-ын тухай плюрализмын баримтлал нь:
- Хувь хүний эрх чөлөөг чухалчилдаг,
- Улс төрийн сэтгэлгээнд бүлгийн ач холбогдлыг чухалчлан оруулж нийгмийн нийтийн байгууллагуудын ач холбогдлыг товойлгон гаргадаг.
- Улс төрийн үйл явцад зөвхөн засаг төр, хуулийн байр суурийг чухалчлах төдийгүй, мөн ёс зүйн олон талтай хүмүүсийн хоорондох харилцааг ихэд чухалчилдаг.
- Улс төрийн амьдралд патернализм ба абсолютизм байхыг эсэргүүцдэг зэрэг зарчмуудыг багтааж байдгаараа монизмын баримтлалаас ялгаатай юм гэж судлаачид бичсэн байдаг[16]. Гэхдээ “Улсын бүрэн эрхт байдал”-ын улс орны дотоод амьдралд холбогдох талаарх монизмын баримтлалд хязгаарлагдмал тал байдгийн адил бас орчин үеийн плюрализмын баримтлалд ч зарим сул тал байдгийг судлагчид тэмдэглэсэн байна. Тухайлбал, “бүрэн эрхт байдал”-ын монизмын баримтлал шиг нийгмийн олон янз үзэгдэл, ар үйл явцад плюрализмын хүчтэй нэвтрэн орох нөлөөлөл тэр бүр байдаггүй ажээ[17]. Нөгөө талаар тус улсын шинэ Үндсэн хуульд “Улсын бүрэн эрхт байдал” гэсэн энэ ухагдахууныг орчин үеийн “хуулийн философи”, улс терийн шинжлэх ухааны түвшинд бүрэн дүүрэн тодорхойлсон гэж илтгэгч үзэхгүй байна.
Тухайлбал, Монгол улсын 1992 оны шинэ Үндсэн хуулийн “Монгол улсын бүрэн эрхт байдал” гэсэн нэгдүгээр бүлэгт уг ухагдахууны агуулгыг задлан илэрхийлэхдээ уламжлалт монизмын баримтлалын хэлбэршүүлэлтийн аргыг зонхилон баримталсан байдал ажиглагдаж байгаа юм. Гэтэл орчин үеийн улс төрийн ардчилсан тогтолцоот улс орнуудын үндсэн хуулинд голлох анхаарлаа хандуулсан байдаг “Улсын бүрэн эрхт байдал”-ын туйлын чанар, үл шилжих чанар, үл хуваагдах чанар зэргийг хэрхэн плюралист байр сууринд шилжүүлж байгаа механизм[18] энэ бүлэгтээ биш, харин өөр харилцаануудыг зохицуулсан томъёоллуудаар дамжиж илэрсэн байна.
“Улсын бүрэн эрхт байдал”-ын үзэл баримтлал нь дээр авч үзсэн дотоод талтайгаас гадна бас тухайн улсын гадаад олон улсын нөхцөл байдалтай холбоо бүхий чухал аспектыг өөртөө агуулж байдаг. Энэ нь тусгаар тогтносон улс орнууд бие биетэйгээ олон улсын түвшинд эрх тэгш харилцах (vis-avis) зарчмыг агуулна гэсэн үг юм.
Бага буурай ард түмэн, улс орноос өөрийн тусгаар тогтнол, гадаад өртөнц дэх “Улсын бүрэн эрхт байдал”-аа тэмцэн олж авна гэдэг ямар их бэрхшээл зовлонтой байдгийг ХХ зууны монголын шинэхэн түүхийн баримтууд бэлхнээ нотлон харуулдаг юм. Үүнийг илтгэгч хэдэн жилээр хийсэн болоод хийж байгаа судалгааныхаа ажлаас гүнээ ухаж ойлгосон юм[19] Энэхүү нарийн төвөгтэй асуудлыг өөрөөр хэлбэл “Улсын бүрэн эрхт байдал”-ын гадаад талд холбогдох аспектыг шинэ Үндсэн хуулинд ихэд нухацтай Нягтлан боловсруулсан юм байна. Тухайлбал, Монгол улсын бүрэн эрхт байдлыг гадаад талдаа найдвартай, бат бэхээр хадгалж байх нь хөрш зэргэлдээ гүрнүүд, мөн дэлхийн хамтын нөхөрлөлийн орнуудтай нягт найрсаг хамтын ажиллагаатай байх явдал мөн гэдэг зарчмыг тод томруунаар Үндсэн хуулинд баримталсан ажгуу.
“Улсын бүрэн эрхт байдал”-ын ухагдахуун нь бас тухайн улс орны өөрийнх нь дотоод нийгэм, улс төр, эдийн засгийн нөхцөл байдлын баталгааг зүй ёсоор шаардаж байдаг. Энэ нь Монгол орны тухайд бол илтгэгчийн ойлгож байгаагаар эдийн засгийн салбарт либерал өөрчлөлтүүдийг шийдвэртэй хийж, орчин үеийн аж үйлдвэржүүлэлт, хотжуулалтыг эрчимжүүлэх явдал, улс төрийн салбарт өнөөгийн ардчилсан дэглэмийн үнэт зүйлсийг цогцолбороор нь тууштай хэрэгжүүлэх, нийгмийн салбарт хүний эрх чөлөө, хувь хүний чөлөөт байдал, чөлөөт сонголтыг зонхилох үнэт зүйл, нийгмийн эрхэмлэл болгох, Оюуны амьдралын салбарт чөлөөт сэтгэлгээ, олон ургальч үзлийг гол хандлага болгох зэрэг болно. Чухам ингэж чадаж гэмээнэ тусгаар тогтносон Монгол орон гадаад орчин тойрондоо болоод дэлхий нийтэд “Улсын бүрэн эрхт байдал”-аа улам бодитойгоор баталгаажуулах болно. Эдгээр чухал асуудлууд Монгол улсын 1992 оны шинэ Үндсэн хуульд цогцолбороор боловсрогдсон агаад тэр нь “Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал” зэрэг баримт бичгүүдэд цааш дэлгэрэнгүй тодорхойлогджээ[20].
Энэхүү товч илтгэлийн эцэст тэмдэглэхэд 1992 оны Монгол Улсын Үндсэн хууль дахь “Улс орны бүрэн эрхт байдал”-ын үзэл баримтлалыг улам нарийвчлан судалж, орчин үеийн улс төр судлал, улс төрийн ба хуулийн философийн үүднээс цаашид дэвшүүлэн тавих олон чухал асуудал байгаа нь тодорхой байна.
[1] Энд дурдагдан: бүхий Чингисийн Их засаг хууль гадаадын түүхч, хуульч, нийгэм судлаач эрдэмтдийн зохиол бүтээлд нэлээд өргөн судлагдсан байдаг юм. Жишээлбэл: Mansura Haider. “The Yasai Chingizi (Tura) in the Medival Indian Sourses”. See: Mongolia (Culture, economy and politics), New Delhi. 1992. Pp. 53-66.
[2] Philosophy of law. An Introduction to Jurisprudence. By Jeffrie G.Murphy and Jules L.Coleman. Westview Press. Boulder, San Francisco, and London. 1990. Pp. 1-5.
[3] Dictionary of political science and law. By Rudolph Heimanson. Oceana publications, Inc. Dobbs Ferry, New York, 1967. Pp. 164-165.
[4] Д.Наваан, Б.Сумъяабаатар. Өвөг монгол хэл, бичгийн чухаг дурсгал. Улаанбаатар, 1987. 44-46 дахь талд үзнэ үү.
[5] Dictionary of political science and law. 164.
[6] Ј.С.Johari: Principles of modern political science. New Delhi, 1989 and reprint 1992, 1994, 1995. P.142.
[7] Жишээлбэл: “Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичиг” Чойжил пүүсийн хэвлэл, УБ., 1995, 126-127 ба 133-134 талуудыг үз. БНМАУ-ын Үндсэн хууль. УБ., 1957, 4 дүгээр тал.
[8] Улсын түүхийн төв архив. Ф.11, Т.5, ХН. З.
[9] БНМАУ-ын Үндсэн хууль. УБ., 1957, 4 дүгээр тал.
[10] БНМАУ-ын Үндсэн хууль. УБ., 1978. 5 ба 6 дугаар талууд.
[11] “Улсын бүрэн эрхт байдал”-ыг төрлөөр нь орчин үеийн улс төр судлалд поminаl ба Real, Legal ба Political De Jure бa De Facto, Popular гэж ангилдаг.
[12] F.H. Hinsley: Sovereignty. London, Cambridge Univ. Press, 1985. II Ed, P.224
[13] Улсын бүрэн эрхт байдлын тухай монизмын сургаалд а) туйлын чанар (absoluteness), 6) түгээмэл чанар (allcomprehensiveness), в) тогтворт чанар (permanence), г) үл шилжих чанар (inalienability), д) үл хуваагдах чанар (indivisibility) гэж таван зүйлийг авч үздэг.
[14] Монгол Улсын Үндсэн хууль. УБ., 1992. 3-4 дүгээр талд
[15] Монгол Улсын Үндсэн хууль. УБ., 1992. 8 дугаар талд
[16] K.C.Hsiao: Political Pluralism, P.8
[17] J.C.Johari: Principles of modern political science. P.165
[18] Comparative politics today. A world View Third Edition. Part three.
[19] D.Dashpurev and Usha Prasad: Mongolia, Revolution and Independence, 19111992. New Delhi, 1993.
[20] Resolution of the State Great Hural. Concept of National Security of Mongolia Concerp of Mongolia’s Foreign Policy. The Fundamentals of the Military Doctrine of Mongolia Ulaanbaatar 1995.