Х.Пүрэвтогтох
/УТБА-ийн багш/
Шинэ толь №23, 1998
Түлхүүр үг: төр улс, Мондональд Корнфордын онол, Агуйн тухай ёгт үлгэр
Өмнөх үг
Эдүүгээгээс 2500 жилийн өмнө амьдарч байсан Плато хэмээх тэр нэгэн агуу их ухаантны бичиж үлдээсэн сэтгэлийн дуулал буюу түмэн олноо зүгээр л “Эх зохиол” хэмээн даруухан нэрлэгддэг хэдэн шаргалтсан хуудсыг миний өчүүхэн бие алдан онон үзэнгээ айх, баярлахын зэрэгцээ, бишрэх сэтгэгдэл өөрийн эрхгүй зэрэгцэн төрсний дотроос эх зохиол хэмээгч ийм их агуу атлаа, мөн түүн лүүгээ адил энгийн байх ажээ хэмээн дуу алдаж билээ. Эх зохиол, сонгодог бүтээл хэмээх ийм байх ажгуу.
Яагаад гэвэл Плато хэмээх тэнгэрийн хөвгүүн, одоогоос 2500 жилийн өмнө бус харин дөнгөж очигдөр, магадгүй өнөө өглөө үүнийг биччихсэн юм шиг нэг л дотнохон, нэг л мөнхийн мэт санагдсан юм. За ингээд өөрийн зүгээс хүлцэл өчих нэгэн зүйл хэмээвээс Их сэтгэгчийн “Төр улс” зохиолын XXY бүлэг 7 дугаар номны 514-А буюу “Агуйн тухай ёгт үлгэр”-ийн маань эхний өгүүлбэр нь “Бидний амьдралын төлөв байдал, зан төрх нь оор оорийн гэсэн хэм хэмжүүртэй байх агаад, магадгүй үүнийг нэг талаар зүйрлэн хэлбэл их номын далайд сэтгэлээн уусгаж гэгээрхүй мөрд шунасан хүн төрөлхтний ертөнц, нөгөө хэсэг нь хүн нэрээр дуудагдан нэрлэгдэгч адгуус мал буюу мунхагийн хүлээсэнд баригдсан эгэл иргэдийн ертөнц болгоо”… хэмээсэн байх учир их сэтгэгчийн бүтээлийг үг бүрчлэн орчуулахыг гол болголгүй, харин бидний сэтгэхүйд, тэр тусмаа өрнө дорнын гүн ухааныг сонирхогчдын түвшинд тааруулахын үүднээс маш энгийн хэлээр хялбарчлан буулгасныг минь мэргэн уншигч та бээр оорийн оюундаа болгоон үзэх ажаамуу.
Ингээд үлгэрээ эхэлье
Эртээ урьдын цагт нэгэн их агуй байж гэнэ дээ. Тэр агуй нь болбоос нарны гэрэл өчүүхэн ч болтугай үл нэвтрэх тул хав харанхуй агаад дотроо асар их өргөн уудам юмсанжээ. Тэнд хэсэг хоригдлууд амьдран суух агаад тэдний гар хөлийг нь тeдийгүй, хүзүү толгойг нь хүртэл хүнд төмөр гинжээр гинжилсэн тул тэд челоетэй хөдлох, босож сэлгүүцэх нь битгий хэл толгойгоо ч хөдөлгож чадахгүй тул тэд өөрсдөө ч ингэхийг хүссэнгүй, учир нь тэд энд төрсөн, өссен, бас үхэх ёстой мэт, яагаад гэвэл тэдний өвөг эцэг, удам судар нь ч гэсэн энд төрсөн, оссен, бас үхсэн юм. Гэвч тэд ганцаараа энэ агуйд амьдардаг уу гэвэл үгүй! Тэдний хойхон талд галын дөл ноцож, эргэн тойронд түгсэн түнэр харанхуй дор бүдчин энд ч нэг, тэнд ч нэг тусан ядна. Хөдөлгөөнгүй суух түмэн хоригдолууд хийгээд тэдний хойно нь асах галын дөл хоёрын дунд шавар шороогоор босгосон далан үзэгдэнэ.
Шороон далангийн ард цөөн тооны хүмүүс гартаа янз бүрийн материалаар үйлдсэн хүүхэлдэйнүүд барин нуугдан сууцгаах бөгөөд өнөөх хүүхэлдэйнүүдээ далангийн дээгүүр цухуйлгаж ямар нэг жүжиг тавих нь нэн сонин. Тэд мод, чулуу болон өөр бусад материалаар үйлдсэн олон дүрс хэрэглэх төдийгүй мал адгуус, ан амьтан тэрч бүү хэл хүнийг ч хүртэл дууриалган хийсэн байх бөгөөд тэдний нэг хэсэг нь чухамдаа дуу авиа, яриа хөөрөө гарган, уг жүжгээ амилуулах агаад нөгөө хэсэг нь нам гүмийг сахин зөвхөн өөрт ноогдсон хүүхэлдэйгээрээ уг жүжигт оролцсоор өдөр хоногийг нөгцөөн амьдарна…
Гав гинжинд хүлэгдсэн хоригдлууд маань өчүүхэн төдий ч үл хедлөх хийгээд гагцхүү урагшаа харан сууцгаах тул өнөөх хүүхэлдэйн жүжгийн маань сүүдэр өмнөх ханан дээр хэрхэн өрнөхийг, бас юу өгүүлэхийг чимээгүй л харж сууна…
Тэдний хойно нь оршигчид буюу далангийн ард нуугдсан хэсэг хүмүүсээс гаргаж буй дуу хоолой, агуйн хананд цоргин цуурайтах нь нэн сүртэй агаад чухам эндээс, тэндээс гарлаа гэхийн аргагүй учир хоригдлууд маань амьдралдаа үзсэн цорын ганц бодит зүйлс, үнэн байдал болох өнөөх ханан дээрх сүүдрээс л гарч байна даа хэмээн бүрэн итгэх ажгуу… Энгэхээс ч өөр алга, яагаад гэвэл тэд зөвхөн урагшаа харан сууцгаах тул амьдралдаа үзсэн цорын ганц, тиймээ цорын ганц үнэн хэмээх итгэл нь ханан дахь сүүдрэн жүжиг бөгөөд тэд өөрөө өөрсдийгөө би чухам хэн юм бэ? хэмээн таних нь бүү хэл хажуудаа суугаа нэгнийгээ ч харж үл чадах ажээ. Энэ бол тэдний алдаа биш зүгээр л амьдрал өөрөө ийм мэт хэмээн даалаш аллаи болох биз ээ.
Мэдээж тэд дуу гаргаж үг хэл ярьж чадах нь чадна л даа гэвч, тэд өөр өөрсдийгөө хийгээд өөрөөс бусдыгаа өмнө нь хэзээ ч хараагүй, бас мэдэхгүй тул хэн нэгнийхээ гаргасан дуу хоолойг тэдний өмнө үзэгдэх сүүдэрнүүд л гаргаж байна хэмээн төсөөлөхөд хүрэх тул тэд ч мөн адил нам гүмийг сахин чимээгүйхэн гөлрөн сууцгаах ажээ. Тэдэнд үнэн бодит байдал юу ч биш бөгөөд харин хиймлээр хийгдсэн зүйлс болох өнөөх хүүхэлдэйнүүдийн сүүдэр маань бодит зүйл мэт төсөөлөгдөх агаад, тэдний ч буруу биш юм. Яагаад гэвэл, тэдний аав ээж, өвөө эмээ, элэнц өвөг, удам судар нь ч гэсэн ийм л байсан, байх ч болно шүү дээ.
За тэгвэл одоо, тэдний хэн нэг нь уг гав гинжнээсээ мултраад улмаар үл мэдэх хийгээд, тэдэнд өөрсөд нь үл мэдэгдэх мунхагийн харанхуйгаас эмчлэн бодит байдлыг танин мэдэх үнэний зам руу орно гэвэл юу болох бол. Төсөөлөөд үзье л дээ.
Санаанд ч үгүй тэдний хэн нэгнийх нь гинж яагаад ч юм бүү мэд, тасарчихсан ч юм уу аль эсхүл тайлагдчихсан гэж саная.Уг хоригдол маань аажуухан толгойгоо эргүүлж хажууд суугаа хэн нэгнийгээ хараад мэл гайхаж, цэл хөхрөв. Улмаар хөл дээрээ босож эргэн тойрныхоо үзэгдэл юмсыг тэр ч бүү хэл хойно нь асаж буй галын дөл, түүний гэрэл гэгээг үзэх болно…
Түүний бүхий л хөдөлгөөн нь (хүзүүгээ эргүүлэх, нүдээ хөдөлгөх, босон зогсох, эргэж харах гэх мэт) удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суусны улмаас шаналал зовлонг мэдрүүлэхийн зэрэгцээ анх галын дөлийг хараад нүд нь сохрох мэт харанхуйлан чинэрэн өвдөх ажээ. Арга ч үгүй биз ээ, тэрээр урьд нь хэзээ ч галын дөл шиг ийм хурц гэрлийг амьдралдаа үзээгүй юм чинь. Гэвч тэрээр айн хулчийсангүй, бас шантарч зовсонгүй, яагаад гэвэл түүний шинээр үзэж буй бүх юм гэрэл гэгээ мэт, далдын хүчтэй агаад бас агуу мэт санагдаж байв.
Хэсэг хугацааны дараагаар түүний нүд нь галын хурц гэрэлд гялбаж харанхуйлахаа нэгэнт болив. Тиймээ, түүний нүд галын гэрэлд нэгэнтээ дасчихаж. Одоо түүнд галын гэрэл нэг их хурц бус агаад эргэн тойрных нь бүхий л юмс нүднээ илхэн мэт тод харагдах нь нэн сонин. Өөртэй нь адил түмэн олон гагцхүү урагшаа харцгаан цомцойн суух аж, тэд үл хөдөлнө…
Өмнөх ханан дээр нь харагдах олон дүрс тэртээх галын гэрэлд үзэгдэх хүүхэлдэйн дүрсүүдийн сүүдэр ажээ…
Далангийн цаана хэсэг хүмүүс зохион байгуулалттайгаар уг жүжгийг эсгэнэ. Нэг хэсэг нь ярьж (жүжигт дуу оруулж), нөгөө хэсэг нь нам гүмийг барина. Энэ бүхнийг ухаж ойлгосныхоо дараа бүх юм, тиймээ бүх юм яг жүжиг мэт хуурмаг ажээ хэмээн хөвгүүн маань дуун алдан сэтгэлээр унав…
Тээр тэнд нэгэн гэрэл үзэгдэх шиг, галын гэрэл түүний дэргэд юу ч биш ажээ… Өөрийн эрхгүй түүнийг зорив. Arуйгаас гарлаа… Тэнд мод чулуу, ус агаар, ургамал амьтан… бодит ертөнцийг, тэр битгий хэл нар сар, од тэнгэрийг харав. Одоо тэрээр нэгэнт нарны гэрлийг үзэж чадах болсон тул нүд нь ч түүнд аль хэдийнээ дасчээ.
Тэрээр энэ бүгдийг танин мэдэж явахдаа хязгааргүй их баяр баясгаланг мэдэрч бас амсаж явсан болохоор бүхнийг мартсан байж л дээ. Гэвч гэнэт тэрээр өнгөрсөн амьдарлаа нэхэн санах тэрхэн агшинд өөртэйн нь адил түмэн олон өмнөхийн адил газар доорх гүн харанхуй агуйд хоригдол мэт сууцгааж байгаа шүү дээ гэдгийг эргэн санахуйяа, тэдний өмнө ямар нэгэн том гэмт хэрэг хийчихсэн юм шиг, нэгэн их зүйлийн өртэй юм шиг санагдан өөрийн эрхгүй санаа алдан намайг уучлаарай, тиймээ уучлаарай хэмээн сэтгэл гаслав… Эргээд агуй руугаа орлоо, чухам яах гэж орж байгаагаа өөрөө ч мэдсэнгүй, чухам л тэгэх ёстой мэт санагдаж байв. Агуй өмнөхийн адил хав харанхуй тул тэрээр сохор мэт бүдчив…
Тээр тэнд бүдэг гэрэл улалзах ажээ. Энэ бол өнөөх галын гэрэл гэдгийг тэрээр сайн санаж байв…
Хэсэг хугацааны дараа түүний нүд харанхуйд дасаж бүхнийг үзэж чадах болов… Тэрээр энд маш олон жилээр сууж байсан боловч энэ удаа өмнөхөөсөө мянга дахин илүүгээр энэ бүхнийг үзэж байв. Тэрээр бусаддаа жинхэнэ үнэнийг ойлгуулахыг хүсэх нь мэдээж. Гэвч тэд түүнийг элэглэн шоолж, өвчтэй гажигаар нь дуудан шоолцгоох болно. Хэрвээ тэрээр энэ бүхнийг тэвчин тэдэнд үнэнийг ойлгуулахын төлөө, эрх чөлөөний төлөө тэмцэхэд хүрвэл тэд зүгээр л түүнийг Сократ шиг алчихна шүү дээ… хэмээн ёгт үлгэр маань жаргах нь тэр…
Мондональд Корнфордын онолоор тайлбарлая
Платогийн авсан энэхүү жишээ нь хэн хүнд энгийн, ойлгомжтой, сонирхолтой мэт атлаа, өгүүлбэр бүхэндээ гүн утгыг багтаан оруулсан буй тул эрдэмтэн судлаачид үүнийг маш олон хувилбараар тайлбарладаг юм. Гэвч дээрх олон хувилбаруудад анализ хийж системчлэх аргыг хэрэглэвээс Платогийн “THE GOOD” “THE FORM”-ийг илүү түлхүүгээр гарган тайлбарлах буюу философийн үүднээс авч үзэх хандлага, Платогийн улс төрийн үзэл баримтлалыг түлхүүгээр гарган тайлбарлах хандлага хэмээн хоёр ангилж болох хэдий боловч хоёр хязгаарыг тэвчин голчийг барьсугай хэмээн олон улсын Плато судлалын хүрээнд ихэд нэрд гарсан Франсис МакДональд Конфордын онолоор тайлбарлая.
Аливаа эх зохиолтой танилцахад хамгийн чухал байр суурийг эзлэх асуудал бол текстийн эхний өгүүлбэр хэрхэн эхэлж байна вэ? Түүний утга санаа, агуулга нь чухам юу вэ? Улмаар төгсгөлийн өгүүлбэртэй хэрхэн холбогдож байна вэ? гэдэг асуудал байдаг тул “Агуйн тухай ёгт үлгэр”-ийнхээ эхний өгүүлбэр дээр ярилцъя. “Бидний амьдралын төлөв байдал, зан төрх өөр өөрийн гэсэн хэм хэмжүүртэй байх агаад магадгүй түүнийг нэг талаар зүйрлэн хэлбэл их номын далайд өөрийн сэтгэлээ уусган гэгээрэхүйн мөрд шунасан хүн төрөлхтний ертөнц, нөгөө хэсэг нь хүн нэрээр дуудагдан нэрлэгдэгч адгуус мал буюу мунхагийн хүлээсэнд баригдсан эгэл иргэдийн ертөнц бөлгөө” хэмээгээд хүн төрөлхтний хэв шинжийг хоёр хэсэгт хувааж байгаа юм. Агуйд сууж буй олон хоригдол гэдэг нь ард иргэд юм. Агуйгаас гарч үнэн бодит ертөнцтэй танилцагч нь гүн ухаантан болно. Үүнд нэгэн сонирхолтой зүйл нь гэвэл шороон далангийн ард нуугдан сууцгаах жүжигчид нь Нэгдүгээрт, багтаж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тэд ч мөн адил нэгэн төрлийн хоригдлууд болох юм.
Нарны гэрэл үл нэвтрэх гүн агуй… харанхуй орчин… шороон далан… түүний хойно асах галын гэрэл буюу амьдралын үнэн… гартаа хүүхэлдэй барьсан хэсэг хүмүүс… гагцхүү урагшаа харан сууцгаах гинжлэгдсэн хоригдлууд… өмнөх ханан дээр тусах хүүхэлдэйн сүүдрүүд… тэндээс гарах дуу авиа… энэ бүхэн бидний амьдралын дүр зураг юм.
Нарны гэрэл үл нэвтрэх гүн их харанхуй агуй гэдэг нь аливаа субъектийн оршин тогтнохуйн үндэс болсон орон зай, орчин юм. Энэ нь аливаа хувь хүний хувьд бол орон гэр, амьдрал ахуй… Бие хүний хувьд бол хамт олон, найз нөхөд… Улс үндэстний хувьд… газар шороо, яс үндэс, хэл… гээд юу ч байж болох юм л даа, та үүнийг юу гэж санана түүгээрээ бол.
Хамгийн гол нь бид үүн дээрээс чухам юуг нь онцлон үзэх ёстой вэ? гэвэл, бид Платог объектив идеалист хэмээн үздэг гэтэл Платогийн энэ зохиолд “Хэрвээ агуй үгүй байсан бол агуй доторх орчин, хэв шинж, агуйн амьдрал оршин тогтнож чадахгүй” гэсэн санааг агуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэн оршин тогтнохыг хүснэ вэ? тэрээр эхлээд өөрийнхөө орчинг бий болгоно гэсэн үг юм. Ер нь мэргэжлийн философид материалист, идеалист гэсэн ойлголт байдаггүй гэдгийг бид эндээс харж байна шүү дээ. Үүнийг маш энгийнээр тайлбарлаж болох юм. Би өөрийгөө зураач хүн гэж бодъё. Бүх өнгийг дулаан, хүйтэн мөн завсрын өнгө хэмээн гурав хуваагаад хуваасан өнгөнийхөө дулааныг материалист, хүйтэн өнгөө идеалист, завсарын өнгөө дуалист хэмээн төсөөлье. Магадгүй зураач хүн ямар нэгэн өнгийг (улбар шарыг) илүү түлхүүгээр ашигладаг бөгөөд энэ нь түүнд таалагддаг байж болох юм л даа. Гэвч би л улаан шар өнгөнд дуртай гээд бүхнийг түүгээр будчихгүй шүү дээ, надад хүйтэн өнгүүд мөн завсрын өнгүүд ч амин чухал хэрэгцээтэй бөгөөд би түүнийг өөрийн хэрэглэх ёстой газраа ашиглах эрхтэй шүү дээ. Гүн ухаантнууд ч яг тийм байдаг юм. Үүнээс үзвэл мэргэжлийн түвшинд авч үзвэл (оюутны түвшинд бус) философид материалист, идеалист, дуалист гэсэн ойлголтууд байдаггүй бөгөөд гагцхүү оюутан сурагчдад болон эхлэн суралцагчдад ойлгуулахын үүднээс дээрх томьёололыг хэрэглэдэг гэдгийг бид эндээс мэдэх боллоо.
Гав гинжинд баригдсан хоригдлууд гэдэг нь ард иргэд гэдгийг Дээр өгүүлсэн шүү дээ. Харин тэдний гав гинж гэдэг нь нийгмээс тогтоосон хууль, зан заншил, шорон гяндан, ёс суртахуун, хэвшил дадал… зэрэг биднийг тогтоон барьж буй дадал зуршил, хууль дүрэм, итгэл үнэмшил юм. Угтаа дээрх бүхэн төмөр гинж мэт ил үзэгдэхгүй л дээ гэвч утга нь ижил юм.
Үүгээрээ Плато хууль цааз, хэвшил дадлыг үгүйсгэж буй хэрэг бус харин улс төрийн хувьд илүү дэвшилтэд зүйл байж болох эсэх тухай, философийн сэтгэлгээний түвшинд гэвэл бидний үнэн хэмээн итгэсэн итгэлийн хүлээсний тухай ярьж буй хэрэг.
Шороогоор босгосон далан түүний ард нуугдацгаасан хэсэг хүмүүс, янз бүрийн материалаар үйлдсэн хүүхэлдэйнүүдийн жүжиг, тэдний нэг хэсэг нь нам гүмийг сахих, нөгөө хэсэг нь элдэв янзын дуу хоолой гаргаж уг жүжгийг санаачлах, энэ бүхэн нь улс төрийн системийн ёгт зураглал юм.
Далангийн цаана сууцгааж буй хоригдлуудад өмнөхийн адил гав гинж алга, гэвч босоод явчихгүй байгаа шүү дээ… Яагаад?… Үүнийг хариулахад тун амархан. Яагаад гэвэл нэгд, Тэд нар хоригдлууд, өөрөөр хэлбэл, тэдэнд хэдий төмөр гинж байхгүй боловч (угтаа байсныг хэрэггүй болоод тэр) сэтгэл нь Гинжлэгдчихсэнд хамаг хэрэг оршино. Хоёрт, тэд чухамдаа нэг юмны төлөө, нэг эрх ашгийн төлөө нэгдэн сууцгааж байгаа болно. Энэ нэгдмэл зүйл нь гэвэл зүгээр л өөр өөрсдийнхөө төлөө гэсэн үзэл юм, дээрхи хоёрын аль алин ч байлаа гэсэн хамаагүй тэд бусад хоригдлуудыг бодвол арай дээр орчинд амьдарч байгаа биз дээ. Энэ л түүний уг үндэс нь болоод тэр.
Ханан дээр үзэгдэх хүүхэлдэйнүүдийн сүүдрэн жүжиг нь улс төрийн бодлого, түүний илрэн гарах үзэгдэл нь бөгөөд асах галын дөл нь амьдралын үнэнг ёгтлон гаргасан ажээ.
Өөрийн гав гинжээс алдууран босох хөвгүүн нь үнэнийг хайгч ирээдүйн гүн ухаантан болно. Түүний анхны хийх хөдөлгөөн бүр нь өвчин шаналалыг авчирна гэдэг нь он удаан жилийн турш хэвшиж тогтсон зан үйлдэл, итгэл үнэмшил бүрийг сөрөн зогсоход тийм ч таатай бус байх болно гээд хэрвээ энэ хүн энэ бүхнийг тэсвэрлэн, улам ихийг мэдэхийг хүсэх аваас энэ нь зөвхөн цаг зуурын зүйл байх болно.
Тэрээр гэнэт галын дөлийг үзээд сохорчихсон мэт нүд нь юм харахаа байж гэрэлд гялбадаг. Энэ бол амьдралын үнэнг харж буй анхны агшин юм. Гэвч удалгүй нүд нь гэрэлд дасахад тэрээр өмнөхөөсөө илүүгээр агуй доторх бүх юмсыг ялган харах чадвартай болдог…
Уг ёгт үлгэр дээр гарсан бас нэг сонирхолтой зүйл бол, суллагдсан хөвгүүн маань өөрийн өмнөх итгэл үнэмшил бүхэн нь, жинхэнэ бодит үнэн бус харин үнэн хэмээн итгэж явсан бүхэн нь худал хуурмаг агаад бодит үзэгдлийн тусгал мэт зүйл байжээ гэдгийг ухаарах агшинд ихэд уйтгарлан гуньж өөрийн итгэл үнэмшил, үзэл бодолд хамгийн хурц мэт санагдаж байсан галын дөлөөс илүү тод, зүйл агуйд тусаж байхыг үздэг. Улмаар тэрээр гадагш гаран жинхэнэ мод чулуу, ус ургамал, хүн амьтаныг үзсэнээр зогсохгүй нар сар, од мичидийг үзэн хязгааргүй их баяр баясгаланг амсаж нар, нарны гэрэл гэдэг нь нүдэнд үзэгдэгч бүх үзэгдэл, юмсын үзэгдэх шалтгаан, утга учир нь болдог юм байна гэдгийг ухаарч, яг энэ үеэс эхлэн гүн ухаантан болон гэгээрч улмаар, тэрээр өмнөх өмнөхөөсөө илүү баяр баясгаланг амсах тэр агшинд өөрийн урьд нь өнгөрүүлсэн амьдралаа хийгээд, мөн өөрийн нь адилхан олон хүмүүс агуйд хоригдол болон сууж байгаа шүү дээ гэдгийг гэнэт санаад (урьд нь шинэ юмс үзэгдэл бүхнийг олж харах гэж хөөцөлдөж явсаар эс бөгөөс худал хуурмагийн далайд гутарч явсаар тэднийг мартчихсан байж л дээ) учиргүй ихээр гэмшин тэднээс өөрийн эрхгүй уучлалт гуйгаад зогсохгүй буцаад өнөөх хуучин агуй руугаа ордог.
Энэ бол гүн ухаан ёс суртахуун хоёр ямагт цуг байдаг гэсэн санаа бөгөөд үүнийг маш энгийнээр хэлбэл хүн хэдий чинээ өндөр мэдлэг боловсролыг олно, мөн тийм хэмжээний өндөр ёс суртахууны түвшинд хүрнэ гэсэн алтан шугам юм.
Ёгт үлгэр дээр гарах төгсгөлийн буюу агуй руу буцаж ороод хэсэг хугацаанд юу ч харж чаддахгүй болдог нь аажмаар нүд харанхуйд дасахын хирээр тэртээ тэнд байгаа бүдэгхээн гэрэл улалзаж буйг үздэг…
Тэрээр өмнө нь энд олон жил амьдарсан боловч одоо мянга ахин илүүгээр харж байв…
Одоо чухам тэрээр юу хийх болоо гэдэг асуудал бидний өмнө тулгараад байна. Үүнийг би тайлбарлахаа больё. Уншигч авхай та “Агуйн тухай ёгт үлгэр”-ийнхээ сүүлчийн өгүүлбэрийг дахиад нэг уншина уу!
Гал хэмээгч нь гэрэл гэгээ юм. Гэрэл гэгээ гэдэг нь нар юм, нар бол бас мэдлэг боловсрол, энэ бол хүч юм.
Платон