О.Баттулга
/УТБА-ийн багш/
Шинэ толь №24, 1998
Түлхүүр үг:
Харанхуй бүдүүлэг, мэдлэг боловсролгүй байх нь дарангуйллыг бэхжүүлж, ардчиллын эрч хүчийг сулруулдаг.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар:- Монгол улсын иргэн сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгоно. Сурч боловсрох эрх нь 1948 оны Хүний эрхийн түгээмэл Тунхаглалын хорин зургадугаар зүйл, 1966 оны Нийгэм, эдийн засаг, соёлын эрхийн тухай олон улсын пактын арван гуравдугаар зүйл, 1989 ОНЫ Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хорин наймдугаар зүйлд тусгагдсан байна. Хүний сурч боловсрох эрх бол Үндсэн хуулийн төдийгүй, хүний төрөлхийн, салшгүй эрхэд тооцогддог.
“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ын хавсралтад “Монгол улсын оршин тогтнох, хөгжин дэвших эх сурвалж бол монгол хүний тасралтгүй хөгжиж байх, оюун ухааны чадавхи, боловсрол мөн. Боловсрол нь Монгол улсын иргэн бүрийг бүх талаар хөгжүүлэх, шинжлэх ухаан, технологийн дэвшил, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгах, материаллаг болон оюуны баялгийг бүтээх чухал эх сурвалж, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа мөн. Үүнийг үндэслэн боловсролыг төрөөс нийгмийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ” гэж тодорхойлсон байна.
Социологичид “Боловсрол нь хувь хүн, бүлгээс бусад хүмүүст үнэт зүйлсийн үнэлэмж, мэдлэг, дадлыг шилжүүлэх нийгмийн үйл явц”[1] гэж үздэг. Боловсрол бол зөвхөн материаллаг хэрэгцээ бус, хүний амьдралд эрүүл мэнд, нийгмийн амьдралд оролцох оролцоо, орон гэр, ус, агаар зайлшгүй шаардлагатайн адил тийм зүйл юм. Нийгмийн зохион байгуулалтын үндэс боловсрол. Боловсролгүйгээр соёл, түүний институт болох театр, хөгжим, уран зохиол, шинжлэх ухаан нийгмийн шударга бус, тэгш бус байдлыг арилгахад нөлөөлөхүйц, хүмүүжлийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэх боломжгүй. Хүний төрөлхийн, салшгүй эрх-сурч боловсрох эрхийн зорилго нь мэдээлэл хайх, хүлээн авах хэрэгцээг хангахад оршино. Мэдээлэл, боловсролын хэрэгцээ нь хүний анхдагч хэрэгцээ-физиологийн, аюулгүй байдлын, хамгаалагдсан байх хэрэгцээтэй нэгэн түвшинд тавигдана. Хэрэгцээ нь нийгмийн хөгжил дэвшил, хүний амьдралын явцад зайлшгүй болох нь нотлогдсон хэрэглээ юм. Бид хэрэгцээг материалын, оюун санааны, нийгмийн гэж ангилан, оюун ухаан чанарт хүний хувьд боловсрол, мэдээллийг хамруулдаг. И.Кант “Зайлшгүй хүмүүжүүлэх цорын ганц амьтан бол хүн” гэж тодорхойлж, хүмүүжлийн хүрээнд боловсролд хүрэх арга замаа тодорхойлох, сахилга бат, ухамсартай байх, харилцан бие биенээ дэмжих болон суралцах, сургах үйл явцыг хамруулан ойлгож байсан.[2]
ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал сурч боловсрох эрх зөвхөн бүх Нийтийн ерөнхий боловсролоор хязгаарлагдахгүй, хүний амьдралын туршид тасралтгүй үргэлжлэх үйл явц бөгөөд нэг талаас эрх, нөгөө талаас үүрэг гэдгийг онцлон тэмдэглэжээ. Боловсролын тусламжтайгаар л хүн оюуны эрчим хүчээ дээд зэргээр нээн ашиглаж, шинэ бүтээл туурвиж, шинэ техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ. Цөөн тооны хүмүүсийн хувьд энэ зорилт шийдвэрлэгдэж, олонхийн хувьд учир дутагдалтай байна. Гэхдээ тэдний хувьд боловсрол гэхээсээ илүүтэй ядуурал, өлсгөлөн гуйланчлал, өвчин зовлонгоос ангижрах нь эн тэргүүний зорилт болон тавигдсаныг үгүйсгэхгүй. Суут философчид боловсролын асуудалд ихээхэн анхаарч, ач холбогдол өгч байсныг Хегелийн үзэл бодол нотолно. Тэрээр “Хүн зөнгөөрөө мэдлэг, боловсрол эзэмшихээсээ илүү өөрийн оршин буйг бодитой мэдрэх тусам аливаа юмс үзэгдлийн учир шалтгааныг олох, их зүйлийг сурч мэдэхийн төлөө тэмүүлдэг”[3] гэсэн дүгнэлт хийж, сурч боловсрох эрхийн талаарх өөрийн байр суурийг тодорхойлжээ. Хүүхдийн хүмүүжилд сахилга, дэг журам зайлшгүй чухал ч аливаа юмс үзэгдлийн учир шалтгааныг тэдэнд тайлбарлан таниулах явцад тэр талаархи онолыг утга учиргүй, үндэслэлгүй няцаах, үгүйсгэх байдал гаргах нь хүүхдүүдэд “бид бол үг дуугүй, дуулгавартай дагах боолчууд” гэсэн сэтгэгдэл төрүүлж болно. Иймээс хүмүүжлийн гол зорилго ёс суртахууныг тэдний шууд мэдрэхүйд хүргэх явдал. Ингэснээр хүүхдийн сэтгэл зүрх нь өөрийн амьдралын утга учир, хайр энхрийлэл, сахилга баттай байх нь ёс суртахуунд үндэслэдгийг ойлгон ухаарч, энэ л мэдрэхүйгээр амьдралын замаа туулах ёстой. Үүний үр дүнд хүүхэд аливаа асуудалд шулуун шударга, зарчимч байр сууринаас ханддаг бие даасан, чөлөөт хувь хүн болон хүмүүжинэ гэдгийг Хегель онцлон үзжээ…
Төрөөс боловсрол, мэдээллийн хэрэгцээг хангах эрх аук. үндсийг бүрдүүлэх зорилгоор “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг тодорхойлж, “Боловсролын тухай, “Бага, дунд боловсролын тухай”, “Дээд боловсролын тухай хуулиудыг батлан мөрдүүллээ. Ингэснээр хууль зүйн шинжлэх ухааны цоо шинэ, бие даасан “Боловсролын эрх зүй”-н үндэс тавигдаж, олон улсын боловсролын эрх зүйн салбартай холбогдож байна. Үндсэн хуулиар баталгаажсан сурч боловсрох эрх нь:
- Сургуулийн өмнөх боловсрол
- Бага боловсрол
- Суурь боловсрол
- Бүрэн дунд ерөнхий боловсрол
- Техникийн болон мэргэжлийн анхан, дунд шатны боловсрол
- Дээд боловсрол эзэмших эрхүүдээс бүрдэнэ.
Сурч боловсрох эрхийн агуулга нь боловсролын тогтолцоо, үндсэн зарчим, агуулга, боловсролын харилцаанд оролцогчдын эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг хэр тодорхойлж, иргэдийн сурч боловсрох эрхийг хангахтай холбогдсон нийтлэг харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг хэрхэн боловсронгуй болгон, мөрдүүлснээр тодорхойлогдоно. Боловсролыг хөгжүүлэх үйл хэрэгт төр, олон нийтийн болон мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хүлээх үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, тэдний хувь нэмрийг хөхүүлэн дэмжих, төрийн өмчийн сургалтын байгууллагын эдийн засгийн баталгааг ивээн, дэмжих, өмчийн бусад хэлбэрийн сургалтын байгууллагад материаллаг баазыг бэхжүүлэх, багшлах боловсон хүчнээр хангахад зохих дэмжлэг үзүүлэх нь төрийн үүрэг мөн.
Боловсрол эзэмших боломж, нөхцөл Сурч боловсрох эрхийг хэрэгжүүлэх үндсэн баталгаа бол түүнийг бодитойгоор эдлэх боломж, бололцоог бүрдүүлэх асуудал байдаг. Дэлхийн улс орнуудын хувьд энэ байдлыг бий болгоход нийтлэг хэдэн хүчин зүйл сөрөг нөлөө үзүүлж байна.
Үүнд:
а. Нийт суралцагчдын тоо жилээс жилд өсөхийн зэрэгцээ, тухайн улсын боловсролын салбар дахь төсвийн орлого буурах хандлага ажиглагдаж байна.
б. Сурч боловсрох эрхийг хуулиар баталгаажуулан тунхаглах боловч, хэрэг дээрээ энэ нь бодит амьдралд боловсрол эзэмших, сурах боломж, бололцооны тэгш бус байдалтай зөрчилдөж байна.
төрийн боловсролын талаар баримтлах бодлого, нөгөө талаас тухайн иргэний материал баялгийн түвшин гэсэн үндсэн хоёр хүчин зүйлээр тодорхойлогдоно. Энэ нь:
- Боловсролын байгууллага нь өмчийн аль ч хэлбэрт үндэслэсэн байж болох бөгөөд тэдгээр нь ашгийн төлөө бус байгууллага байна.
- Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр багш, сурагчдад зохих журмын дагуу хөнгөлөлт үзүүлэх, нөхөх төлбөр, тэтгэлэг тэтгэмж, шагнал урамшил олгох.
- Суралцагчдын сурлагын амжилт, авъяас, чадварыг хөхүүлэн дэмжих, тахир дутуу, өнчин болон амьдралын түвшин доогуур оюутан, сурагчдад төрөөс хөнгөлөлт, халамж үзүүлэх.
- Суралцагчдад төрийн сангаас сургалтын төлбөрийн зардалд зориулан зээл олгох, замын зардал, орон байрны хөнгөлөлт үзүүлэх зэрэг байдлаар нөхцөлдөж байна.
Боловсролын зорилго, агуулга
Төрөөс нийгэм, эдийн засгийн хөгжил, иргэдийнхээ мэдлэг боловсролын шаардлагатай түвшинг баталгаажуулах зорилгоор хувь хүнийг хөгжүүлэхэд хангалттай гэж тогтоосон боловсролын хүрээ, багтаамжаар боловсролын үүрэг тодорхойлогдоно. Боловсролын тухай хуулиар “Монгол улсын иргэн суурь боловсрол заавал эзэмших үүрэгтэй гэдгийг тогтоосон ч энэ нь төр засаг, иргэдийн хувьд хангалттай гэж үү? гэсэн асуудал тавигдана. Хөгжлийн ерөнхий зүй тогтлын үүднээс бол иргэдийн боловсролын түвшин өндөр байх тусам, шинэ шинэ мэргэжил эзэмшиж, тэр хэрээр улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшин дээшилдэг. Боловсролын зорилго нь иргэнийг бүх талаар нь хөгжүүлэн оюуны зохих чадавхитай, эрүүл чийрэг, шударга ёс, хуулийг дээдлэн сахидаг, эх орон, байгаль орчноо хайрлан хамгаалдаг, гоо зүйн мэдрэмж таашаалтай, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд чиглэнэ. Агуулгын хувьд суралцагчдын нас бие, сэтгэхүйн онцлог, авъяас сонирхол, хувийн болон нийгмийн хэрэгцээнд шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн боловсролын зорилгыг хэрэгжүүлэх явдал юм. Боловсролын агуулгыг түвшингээр нь сургуулийн өмнөх болон бага, дунд, дээд гэж ангилна.
Сурч боловсрох эрхийн ангилал
Боловсролын тухай хуулиудыг судалж, задлан шинжлэх нь бидэнд сурч боловсрох эрхийг ангилах бололцоо олгож байна.
Үүнд:
- Сургуулийн өмнөх боловсрол эзэмших эрх. Энэ төрлийн боловсролыг гэр бүлдээ болон ясли, цэцэрлэгт олж авна. Энэ нь бие бялдрын хувьд эрүүл чийрэг, хэл яриа, хараа, сонсгол хэвийн, үндсэн хөдөлгөөн (алхах, гүйх, харайх)үүдийг зөв гүйцэтгэдэг, ариун цэвэр, эрүүл ахуйн анхны хэвшилтэй болгох, хүмүүсийг хүндэтгэх, сайн, мууг ялгах чадвартай болгох, хүрээлэн байгаа байгаль орчин, ан амьтан, эд юмс, үйл явдлыг дүрслэн зурах, урлан бүтээх, дуулах, хөгжимдөх, бүжиглэх талаархи анхны төсөөлөлтэй болгох байдлаар илэрнэ.
- Бага боловсрол эзэмших
- Суурь боловсрол эзэмших
- Бүрэн дунд ерөнхий боловсрол эзэмших эрх
- Анхан шатны мэргэжлийн боловсрол
- Дунд мэргэжлийн боловсрол
- Бүрэн бус дээд боловсрол
- Бакалаврын ангиллаар дээд мэргэжлийн боловсрол эзэмших
- Магистрын боловсрол
- Дээд сургуулийн дараахь тусгай хөтөлбөрт боловсрол
- Кандидатын боловсрол
- Докторын боловсрол
- Нэмэлт боловсрол эзэмших эрх.
Сургуулийн өмнөх боловсролын тухайд
Хүүхэд нь гэр бүлийнхээ дотор аз жаргалтай, хайр халамжтай, бие биенээ ойлгодог нөхцөлд өсч бойжиж гэмээж нь бүрэн төгс, өв тэгш хөгжиж чадна. Өөрөөр хэлбэл, хайр сэтгэл, итгэлцлийн үндсэн дээр бий болсон гэр бүлд хүүхэд өсөн торних ёстой. Хүүхдийн амьдралын эхний он жилүүдэд тэдэнд ёс суртахууныг танин мэдүүлэхэд эхийн хүмүүжил шийдвэрлэх үүрэгтэйг В.Хегель онцлон дурьдсан. Сэтгэл зүйчид, хүүхдийн амьдралын анхны гурван жил бол түүний дараа дараачийн амьдралын суурь үндэс болно гэсэн дүгнэлтэд хүрчээ. Зарим сэтгэл зүйчид 2-5 насны хүүхдийн хувьд цэцэрлэг, яслид болон гэртээ хүмүүжих нь онцын ялгаагүй гэж дүгнэх нь ч бий. Сургуулийн өмнөх боловсролын гол зорилго нь хүүхдийг эцэг, эх, ах, дүү, бусад хүмүүсийг хүндэтгэх, эелдэг харьцах, сайн мууг ялгах чадвартай болгох, хамтач үзлээр хүмүүжүүлэх, бие даасан чанарыг нь хөгжүүлэх явдал юм. Энэ үүднээс үзвэл сургуулийн өмнөх боловсрол, хүмүүжлийг гэрт нь хэрэгжүүлэх нь илүү ач холбогдолтой мэт. Асуудалд ийм байдлаар хандвал сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудыг байгуулах, санхүүжүүлэх, хөгжүүлэх нь нийгэм, төрийн үүргийн хувьд зайлшгүй зүйл биш гэсэн дүгнэлт хийж болно. Гэхдээ энэ бол харьцангуй дүгнэлт. Үүнд улс орны хөгжлийн түвшин, иргэдийн амьжиргааны болон боловсролын түвшин нөлөөлөх нь мэдээж. Дээрх дүгнэлт нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын түүхэн замнал, ач холбогдлыг үгүйсгэж байгаа юм биш. Философчид тухайлбал И.Кант “нийгэм, хамт олны хүмүүжил гэрийнхээс илүү давуутай, үр дүнтэй”[4] гэж үзсэн нь бий.
1989 оны Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн 27 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар: “Хүүхэд бүр өөрийнхөө бие бялдрын, оюун ухааны, оюуны, ёс суртахууны болон нийгмийн хөгжлийг хангахуйц түвшинд амьдрах эрхтэй”. Мөн эрх зүйн харилцаанд ч тодорхой эрх, үүрэгтэйгээр оролцдог. Сүүлийн үед хүүхдийн эрх зүйн хүмүүжил тулгамдсан асуудал болж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 10 дугаар зүйлд зааснаар[5]:
- Бага насны буюу арван дөрвөн насанд хүрээгүй хүмүүсийн хийх хэлцлийг түүний нэрийн өмнөөс хууль ёсны төлөөлөгч-эцэг эх, асран хамгаалагч хийнэ.
- Бага насны хүмүүс өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцэл хийж болно.
- Бага насны хүмүүсийн бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч-эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана. Бага насны хүмүүс сургууль, хүүхэд хүмүүжүүлэх болон эрүүл мэндийн байгууллагын шууд хяналтын дор байхдаа бусдад учруулсан гэм хорыг эдгээр байгууллага хариуцан арилгана.
Дээрхээс үзвэл хүүхдийн энэ л насанд тэдэнд эрх, үүрэг, хариуцлага, хэлцлийн талаарх ойлголт, төсөөлөл тогтсон, өөрөөр хэлбэл, эрх зүйн ухамсар төлөвших эхлэл тавигдах нь байна.
Манай улсын сургуулийн өмнөх боловсролын байгууллагад цогцолбор болон захиалгат гэсэн үндсэн хоёр төрлийн хөтөлбөрөөр үйл ажиллагаа явуулж байна. Цогцолбор хөтөлбөр нь хүүхдийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төрлөөр, харин захиалгат хөтөлбөр нь хүүхдийн авъяас, чадварыг тодорхой нэг чиглэлээр дагнан хөгжүүлэх байдлаар хэрэгжиж байна.
Дүгнэлт
Энэхүү сэдвийн хүрээнд хөндөгдсөн асуудлыг ерөнхийд нь дүгнэвэл Монгол улсад “Боловсролын эрх зүй” нь үндэсний эрх зүйн бие даасан салбар эрх зүй болон хөгжих суурь тавигдсан байна. Эрдэмтэн судлаачдын хувьд Үндэсний боловсролын эрх зүй болон Олон улсын боловсролын эрх зүйн уялдаа холбоо, харилцан хамаарлыг онолын үндэслэл, судалгаатайгаар судлах асуудал тулгарч байна гэж хэлж болно.
Хянасан: Б. БАТ-ОРГИЛ/Ph.D/
[1] 20 Смелзер Н. Социология. М., 1994, с.427
[2] Кант И. Сочинения. В 8-ми. Т. 8. Чоро, 1994, с. 399
[3] “ Гегель Г.В.Ф. Философия права. М., 1990, с.220
[4] Кант и, Сочинения. В8-ми Т.8, с.412
[5] Монгол Улсын Иргэний хууль 1995 он