Ж.Амарсанаа
/Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, хууль зүйн ухааны дэд доктор/
Шинэ толь №24, 1998
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, хууль зүйн ухааны дэд доктор
Монгол улсын хөгжлийн түүхэнд анх удаа 1992 онд хүний эрхийн тухай асуудлыг улс орны дотоод амьдралын хүрээнд тавьж, түүнийг хүлээн зөвшөөрсөн нь ардчиллын төлөөх тэмцлийн том ололт юм. Чухамхүү Үндсэн хуульд Хүний эрх, эрх чөлөөний асуудал бие даасан асуудал болж орсноор гадаад ертөнцийн зүгээс Монголын хөгжилд дэмжлэг үзүүлэх, найрсгаар хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх хууль зүйн нэн чухал үндэс бүрэлдсэн гэж хэлж болно.
Хүний эрхийг Үндсэн хуулийн хэмжээнд ийнхүү анх удаа хуульчлан баталгаажуулсан нь санамсаргүй хэрэг биш байв. Энэ сэдэв бол зөвхөн төрд хамаатай зүйл юм. Өөрөөр хэлбэл, хүний эрх гэдэг энэхүү хураангуйлан томъёолсон цогцолбор асуудал нь төрийн үүрэг, төрийн анхааралд байх зүйл юм.
Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд: “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэний өмнө хариуцна” гэж заасан.
Үндсэн хуульд заасан иргэний нийгмийг аажимдаа байгуулах, эрх зүйт төрийг төлөвшүүлэх нийт зорилтын нэг бүрэлдэхүүн хэсэг нь төр, иргэн хоёр харилцан үүрэг, хариуцлага хүлээх, төрөөс хүний эрхийг хангах явдал юм.
Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөг хангах нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэж тодорхойлсон. Энэ бол үндэсний аюулгүй байдлын бодлого, боловсролын бодлого, татварын бодлогын адил төрийн бие даасан томоохон хэсэг болж хэрэгжих учиртай гэсэн үг юм.
Энэ бодлогын хүрээнд төрийн зүгээс хүний эрхийг хангах, баталгаажуулах ажлын эхлэл байгааг үгүйсгэж болохгүй.
Монгол улсын нийгэм, улс төр, эдийн засгийн чадавхийн хэрээр хүний эрх жинхэнэ утга агуулгаараа хэрэгжих нь дамжиггүй.
Бидний явуулсан хэсэгчилсэн судалгааны дүнгээс үзвэл хүний аль нэг эрхийн хэрэгжилтийн байдал дээрдэх, доордох нь өөр бусад эрхийн хэрэгжилттэй нягт уялдаатайгаас гадна хамгийн гол нь хүний эрх хэрэгжих эдийн засаг, нийгэм хууль зүйн үндэс хэр зэрэг бүрэлдэж, төрөөс энэ талаар хэрхэн анхаардгаас ихээхэн хамаардаг байна.
Таны бодлоор хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлд төрөөс хүлээх үүргийн аль нь хамгийн чухал вэ? гэсэн асуултад судалгаанд оролцогчдын дийлэнх нь эдийн засгийн баталгаа бүрдүүлэх явдал гэж хариулсан байна. Дараагаар нь хууль, шүүхийн өмнө хүн бүр адил тэгш байх нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн баталгаа бий болгох, хүний эрхийг хуулиар нарийвчлан зааж тодорхойлох асуудал орж байна. Үүнээс үзвэл хүний эрх бодитой хэрэгжих хамгийн чухал үндэс суурь нь эдийн засгийн бололцоо нөхцөл болдог байна. Энэ утгаараа хөгжлийн хувьд хоцрогдсон буюу ядуу буурай оронд хүний эрхийн асуудал нь зөвхөн цаасан дээрх яриа, хоосон тунхаг болон хувирч болох аюултай байна. Иймд хүний эрхийг баталгаажуулахын тулд төрийн зүгээс хийх нэг чухал ажил бол үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн технологийг боловсронгуй болгохын зэрэгцээ хөгжингүй орнууд, олон улсын байгууллагаас ядуу буурай оронд үзүүлэх эдийн засгийн дэмжлэг тусламжийг бодитой ашиглах явдал мөн.
Хүний эрхийг хангах хүрээнд төрөөс анхаарах нэг чухал асуудал бол эрх зүйн мэдээллийн тогтолцоо юм. Хүн өөрийн эрхийн талаар олж авсан эрх зүйн болон бусад мэдээллийн цаг хэмжээг баримжаалан энэ асуудалд хандах нь мэдээж. Ийм хуулийг олон түмний сонорт шуурхай хүргэх, түүнийг хэвлэн нийтлэх, тараан түгээх, задлан тайлбарлах, ойлгуулах их ажил хийх хэрэгтэй байна. Наад захын жишээ хэлэхэд л архи муухай гэчихээд худалдаад байвал хэн ч ойлгохгүй. Үүнд ухаалаг хэрэглээг төлөвшүүлэх, хэрэглэх орчин, хэн, хэзээ хэрэглэх тухай хуулийн заалтыг л таниулах учиртай байх. Хуулиа мэдсэн хүн л эрхээ хамгаалах “дархлал” тогтох учир төрийн үүрэг бол хууль мэдээлэх бололцоо, нөхцөлийг нь бүх талаар бүрдүүлэх явдал мөн. Гэхдээ хууль мэдүүлэх, таниулах явдлыг хэт улс төржүүлэх, үзэл сурталжуулах хандлага байсаар байгааг анхаарах хэрэгтэй юм.
Хүний эрхийг хангах хууль зүйн баталгааны гол хэсэг нь хүний эрхийг хангахад шууд холбогдох хууль гаргах явдал юм. Энэ нь хэд хэдэн асуудлыг өнөө үед өөртөө багтааж байна. Юуны өмнө хууль, төр, хүний харилцааны зарчмыг хуулиар зөв тогтоох шаардлагатай. Өнөө үед эсхүл төрийг дээдлэх хүнийг дээдлэх туйлшрах үзэл оршиж байна. Үндсэн хуульд хууль дээдлэх зарчмыг нэгэнт тунхагласан. Ийм нөхцөлд төрийг дээдлэх тухай яривал хүний эрхийн эсрэг дарангуйллын тухай л ярьж байгаа хэрэг болно. Нөгөө талаар хүнийг дээдлэх, хүний хязгааргүй хэрэгцээг анхдагч болгож тавих их хөгжлийн өнөөгийн шатанд ч, цаашдын хандлагад ч нийцэхгүй юм.
Иймд хууль дээдлэж, төрийг хүндэтгэх, хүнийг эрхэмлэх арчмыг төрийн хууль тогтоох бодлогод баримтлах ёстой болов уу. Энэ зарчмыг Монголд хэрэгжүүлэхдээ эрх зүйн шинэчлэлийн хувьд дэлхийн сонгомол жишиг загвараас алиныг нь түлхүү авч хэрэглэх вэ? гэдгийг парламентын түвшинд шийдэж тогтох шаардлагатай. Өөрөөр хэлбэл, аль нэг буюу хэсэг улсын эрх зүйн тогтолцоо Монголын нөхцөлд шууд төлжих бололцоогүй нь тодорхой боловч, аль нь илүү нутагших вэ? гэдгийг парламентын түвшинд шийдэж тогтох шаардлагатай. Мэдээж тусгаар тогтносон улс бүр дэлхий нийтийн жишгээр харгалзан өөрийн өвөрмөц онцлог, аж ахуйн хэвшмэл уламжлал, заншилд тулгуурласан тогтолцоог бий болгодог.
Монгол улс Ром-Германы системийг түлхүү авах нь аль ч утгаараа ойлгомжтой зүйл юм. Энэ системийн нэг онцлог нь нийгмийн харилцааг бүхэлд нь хуулиар зохицуулах явдал байдаг. Энэ үүднээс хүний эрхийг бодитойгоор хамгаалах тухай асуудлыг хууль гаргаж байж л ярих юм. Гэтэл бид Үндсэн хуулийн хүрээнд хийх ажлаа ч хийж амжихгүй хугацаа алдаж байна.
Хүний эрхтэй холбогдсон Үндсэн хуулийн нэлээд заалт өнөөдөр тодорхойгүй байна. Тухайлбал, онц байдал зарлах үед хүний эрхийг яаж хангах хууль зүйн асуудал бүрхэг байна.
Хүний эрхийг хуулиар хамгаалах утгаар нь үзвэл энэ үйл хэрэгт парламентын үүрэг их байна. Юуны өмнө парламент хүний эрхийг хангах хууль зүйн баталгааг бий болгохдоо хуулийн үг, үсэг, санаа нэг бүрийг Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлэх шаардлагатай. Хууль бол утга зохиолын бүтээл. Энэ утгаараа тухайн орон зай, цаг хугацаанд амьдарч байгаа хүмүүсийн оюуны бүтээл, үр дүн. Нэгэнт хүн хуулийг үйлдвэрлэн бүтээдэг болохоор хүн амын ерөнхий соёлын түвшин, улс төр, эрх зүйн соёл, ухамсрын түвшинд шууд хамааралтай хууль гаргах тухайд алдаа гаргахыг үгүйсгэхгүй.
Үндсэн хууль зөрчсөн хууль гарч болох тухай “шүүх Үндсэн хууль зөрчсөн хууль хэрэглэх эрхгүй” гэж заасан заалт ч бий.
Гэхдээ төр хүний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, хүний эрхийг хангахдаа гаргах алдааны магадлал маш бага байх учиртай. Хүний эрхийг шууд хөндсөн орон нутгийн удирдлагын татварын, эрүүл мэндийн даатгалын, эрүүгийн байцаан шийтгэх, шашны зэрэг хэд хэдэн хуулийн зарим заалт Үндсэн хуульд харшилж байгааг хэлэх хэрэгтэй.
Монгол улс хүний эрхийн тухай 30 шахам гэрээнд нэгдэн орсон боловч одоо болтол дотооддоо хэрэгжүүлэх механизм бий болгож чадаагүй байна. Наад зах нь л гэхэд Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд “Монгол улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэсэн заалтыг амьдралд хэрэгжүүлж чадахгүй байна. Олон улсын гэрээний биелэлтийг (хүний эрхийн тухайд) хянадаг механизм үнэхээр үгүйлэгдэж байна. Гадаад харилцааны яам нэг талаар гэрээний хэрэгжилтийн талаар хуулиар олгосон эрх, үүрэгтэй боловч нөгөө талаар хүний эсрэг талд байдаг төрийн байгууллага. Иймд би энд бие даасан, хараат бус механизмын талаар өгүүлж байгаа юм. Энэ талаар 1998 онд Улсын Их Хурлаас баталсан эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрт хүний эрхийн үндэсний байгууллага байгуулах талаар чухал заалт орсон билээ.
Монгол улсад хүний эрхийг хангах нэг чухал бололцоо бол бүс нутгийн механизм бий болгох, нэгэнт бий болсон янз бүрийн механизмд оролцох боломжийг дээшлүүлэх явдал юм. Энэ талаар 1993 онд Зүүн- Өмнөд Азийн орнуудын холбоо (АСЕАН)ноос гаргасан хүний эрхийн тухай мэдэгдэл болон Хүний эрхийн тухай Европын конвенц бидэнд туршлага болох байх. Яагаад би олон улсын гэрээ, дэлхийн жишиг яриад байна вэ гэвэл сүүлийн үед уламжлалыг хөгжүүлэх (мэдээж энэ нь ялангуяа монголчууд бидний хувьд болох ёстой зүйл), сэргээх нэрийн дор хүний эрхийг зөрчих, үл хүндэтгэх явдал цөөнгүй гарч байгаад хэргийн учир оршиж байгаа юм.
Хууль тогтоох хүрээнд дараах асуудалд парламентын анхаарлыг хандуулах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Хүний эрхийн асуудлыг хавтгайруулан ерөнхийлж авч үзэх нь төрийн хөгжлийн аль ч шатанд зохимжтой зүйл биш. Иймд хүний эрхээс аль нь илүүд тавигдах, тухайн шатанд алийг нь түлхүү анхаарах вэ? гэдгийг тооцох учиртай.
Ардчилал хөгжсөн орнууд хүний эрхийг үндсэн (суурь), үүсмэл (хоёрдогч) гэж ангилан үздэг байна. Үндсэн эрхэд нэгд, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хоёрт, шашин шүтэх, гуравт, эвлэлдэн нэгдэх, дөрөвт, хуулиар тэгш хамгаалуулах, тавд, шударга шүүхээр шүүлгэх эрхийг хамааруулж байна. Үүнээс үзсэн ч манай төрт ёсны үндэс нь төвлөн удирдах ёс байснаа олон ургальч байдал болсныг харж байна. Олон ургальч байдалд юуны өмнө намын тогтолцоо, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, шашин шүтэх эрх хамаарагддаг.
Бидний явуулсан судалгаанаас үзвэл (Хүний эрхийг ач холбогдлоор нь жагсаавал):
- амьд явах
- хөдөлмөрлөх
- суралцах
- тав тухтай амьдрах
- эмнэлгийн тусламж авах
- хуулийн өмнө адил тэгш байх
- халдашгүй чөлөөтэй байх
- Соёл үндэс угсаагаа дээдлэх
- санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх шударга
- шүүхээр шүүлгэх
- чөлөөтэй зорчих
- сонгох, сонгогдох
- шүтэх
- эвлэлдэн нэгдэх
- жагсаал цуглаан хийх гэсэн дараалалтай байна.
Хууль тогтоох байгууллага ч үйл ажиллагаандаа дэлхийн нийтлэг зарчим, олон нийтийн санаа бодлыг харгалзан үзэх нь зүйтэй юм. Ардчиллын ойлголтоор бол хүний бүх эрхийн үндэс нь хувийн өмчийн эрх юм. Энд татвар, дотоодын хөрөнгө оруулалт, зээл, хувьчлал, орон сууцны халдашгүй байдал зэрэг олон асуудал хамаарагдах боловч хамгийн чухал нь газар өмчлөл юм. Монгол улсад ардчиллыг хөгжүүлэх, хүний эрхийг хангах, зах зээлийн харилцааг төлөвшүүлэх тулгуур хууль нь иргэний, газрын хууль юм. Аль аль нь Үндсэн хуулийн утгаараа алга байна. Газрын асуудлыг үзэл суртлын жижиг маргаан болгохгүйгээр, үл хөдлөх эд хөрөнгө гэсэн зах зээлийн сонгодог утгаар нь Монгол улсын иргэнд өмчлүүлнэ гэдгийг Үндсэн хуульд хоёрдмол утгагүй заасан байгаа.
Хүний эрхийг хангахад хууль зүйн талаас анхаарах нэг зүйл нь төрийн эрх мэдлийг зөв хуваарилах асуудал юм. Хүн эрхээ хамгаалахын тулд хуулиар дамжуулан “бүхэл бүтэн” асар том хүч бүхий төрийг “эрх мэдэл” гэдэг шалгуур үзүүлэлтээр хөдөлмөрийн хуваарь хийж хүчийг нь “зохицуулсан байна. Төр хүчтэй байвал дарангуйлал үүснэ, төр сул байвал хүн өөрөө оршин амьдарч чадахгүй. Төрийн хүчийг хүн зохицуулж байдаг. хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хооронд нь зөв тэнцвэртэй ажиллуулах, харилцан хяналт тавих зөв механизм бүрэлдүүлэхгүй бол хүний эрхийг баталгаатай хангах бололцоогүй. Цэцийн хяналт, ерөнхийлөгчийн хориг, засгийн газрын гүйцэтгэлийн шалгалт, дотоодын хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгож төлөвшүүлэх шаардлагатай байгаа юм.
Хүний эрхийг хангах хууль зүйн нэг чухал баталгаа бол хууль сахиулах байгууллагын зөв тогтолцоог бий болгох явдал юм. Одоогийн тогтолцоо нь өмнөхөөс мэдээж их урагш ахисан боловч хүний эрхийг хангах шаардлага, Үндсэн хуулийн шаардлагад тэр бүр нийцэхгүй байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Хянасан: Б.БАТ-ОРГИЛ/Ph.D/