М.Болормаа
/УИХ-ын гишүүний туслаx/
Шинэ толь №24, 1998
Дэлхийн хамтын нийгэмлэг анх байгуулагдахдаа “Эдийн засаг нийгэм, соёл ба энэрэнгүй ёсны шинжтэй олон улсын асуудлыг шийдвэрлэх болон арьсны өнгө, эрэгтэй эмэгтэй, хэл шашин шүтлэгээр үл ялгаварлан хүний эрх ба үндсэн эрх чөлөөг хүндэтгэх явдлыг сайшаан хөгжүүлэх талаар олон улсын хамтын ажиллагаа хэрэгжүүлэх явдал гэж” нэг үндсэн зорилгоо тодорхойлсон билээ. НҮБ энэхүү зорилгоо хэрэгжүүлэх үүднээс 1948 онд Ерөнхий Ассамблейн ээлжит чуулганаараа Хүний эрхийн түгээмэл тунхаглал баталжээ. Хүний эрх, үндсэн эрх чөлөө гэж юу болох тухай нэгдмэл тодорхойлолт өгсөн энэхуу баримт бичиг нь НҮБ-ын гишүүн бүх орны хүний эрхийн салбарт баримтлах үндсэн удирдамж болсон юм. НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдаж бусад дагалдах актууд гарсны дараа хүний эрхийн асуудал Өрнө-Дорнын харилцааны нэг маргаантай асуудал болсон билээ. 1989 онд хүйтэн дайны цайз бэхлэлт – Берлиний хана нурсны дараа дэлхий дахин хөгжлийнхөө шинэ эрин үетэй золгосон юм.
Энэ шинэ үеийг 1990 оны Парисын Хартид “Ардчилал, энх тайван, эв нэгдлийн шинэ эрин” гэж тодорхойлсон бөгөөд уг баримт бичгийн эхний дэд бүлэг “Хүний эрх, ардчилал, хууль ёсыг дээдлэх нь” гэсэн агуулгатай билээ.
Хүний эрхийн асуудал маань өөрөө Өрнө-Дорнын харилцаанаас халиад аажмаар Умард-Өмнөдийн харилцааны асуудал болчихоод байна. Ийм бодит үндэслэлийг харгалзан хүний эрхийн асуудлыг авч үзэх ёстой. Үүний сацуу хүний эрхийн асуудлыг улс төрийн ардчиллаас салгаж үзэж болохгүй юм. Энэ бол нэг юмны хоёр тал бөгөөд бие биеэ нөхвөрлөж байх цогц зүйл билээ.
Улс төрийн ардчилал төгс боловсроогүй газар хүний эрх хамгаалах, хангах тухай ярих нь агаарт үг хийсэхтэй адил юм.
Хүний эрхийг баталгаажуулья гэвэл улс төрийн ардчила тогтолцоо бүрдүүлж, түүнийг хуульчилж байж энэ зорилт хангана. НҮБ-ын дүрэм батлагдан гарсан явдал нь хүний эрхийн салбарт улс хоорондын хамтын ажиллагаа өргөсөх үндэс тавигдсан билээ. Хүний эрхийн дүрэм батлагдснаар нэгдүгээр үе эхэлж, 1980-аад он хүртэл үргэлжилсэн гэж олон улсын хуульчид үзэж байна.
Хүний эрхийн хамтын ажиллагааны дараахь үе шат нь хүний эрхийн талаархи дэлхийн хамтын нийгэмлэг хүний эрхийн хяналтын олон улсын механизм бий болгоход шилжин орсон үе билээ. Одоо бүрдээд байгаа хүний эрхийн хяналтын механизм нь хоёр янзаар үйл ажиллагаагаа явуулж байна.
- Нийтийн тохиролцооны хэлбэр
- Тохиролцооны бус
Нийтийн тохиролцооны хэлбэр гэдэг маань оролцогч орнуудын хамтын тохиролцооны үндсэн дээр хэрэгждэг. Харин тохиролцооны бус гэдэг нь олон улсын байгууллагын тогтоолын үндсэн дээр хэрэгждэг хэлбэр юм. Хүний эрхийн асуудлаархи үйл ажиллагааны хэлбэрт нь энэ салбарт хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж буй талаар улс орны илтгэлийг авч үзэх, хүний эрх зөрчсөн шалтгаар улс орнуудын гомдлыг авч хэлэлцэх, тодорхой бие хүн, эсвэл төрийн бус аль нэг байгууллагаас хүний эрхийг төр улсын зүгээс зөрчсөн тухай гомдлыг авч хэлэлцэх, хүний эрх зөрчсөн нь тогтоогдсон бол нөхцөл байдлыг судлан шалгах явдал байж болно.
Орчин үед хүний эрхийн асуудлаар ажилладаг олон улсын байгууллагуудын бүхэл бүтэн систем бүрджээ. Энэ системийг дотор нь бүх дэлхийн ба бүс нутгийн гэж ангилдаг. Дэлхийн хэмжээнд НҮБ, ЮНЕСКО, Дэлхийн хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллага зэрэг ордог. Бүс нутгийн гэдэгт Европын Зөвлөл, Африкийн нэгдлийн байгууллага, Америкийн улсуудын байгууллага, Ази-Номхон далайн бүс гэх мэт байгууллагууд орно.
НҮБ, түүний Ерөнхий Ассамблей хүний эрхийн асуудлаар голлох үүрэгтэй. Гэхдээ Ерөнхий Ассамблей нь хүний эрхийн асуудлыг салбар хороодод шилжүүлэн хэлэлцдэг.
- Улс төр, олон улсын аюулгүй байдал, зэвсэглэлийг хорогдуулах асуудлыг хороонд,
- Эдийн засгийн асуудлыг II хороонд,
- Нийгэм, хүмүүнлэг ёс болон соёлын асуудлыг III хороонд (НҮБ-ын эдийн засаг, нийгмийн зөвлөл нь хүний эрхийн асуудлаар өдөр тутмын ажлыг хариуцан хэлэлцэн зөвлөмж боловсруулж тус хороонд шилжүүлнэ).
- Колончлолыг устгах асуудлыг IV хороонд
- Засаг захиргаа, санхүүгийн асуудлыг V хороонд
- Эрх зүйн асуудлыг VI хороонд тус тус хэлэлцдэг.
Хүний эрх, эрх чөлөөний асуудал хариуцсан НҮБ-ын тус байгууллагад:
- Колончлолыг устгах тусгай хороо,
- Намибийн асуудал хариуцсан зөвлөл,
- Апартеидын эсрэг тусгай хороо,
- Эзлэгдсэн орон нутгийн оршин суугчдын хүний эрхийг хөндсөн Израилийн үйл ажиллагааг мөрдөн байцаах тусгай хороо,
- Палестины ард түмний салшгүй эрхийг хэрэгжүүлэх хороо зэрэг нь тус тус хамаарна.
Мөн хүний эрхийн асуудлыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогчоор ахлуулсан Хүний эрхийн төв давхар хариуцдаг. Энэ төв Ерөнхий Ассамблей болон эдийн засаг, нийгмийн зөвлөл, Хүний эрхийн комисст хүний эрхийн асуудлаар туслах үүрэгтэй. Хүний эрхийн комиссыг 53 орны төлөөлөгчдөөс бүрдүүлэн гурван жилийн хугацаатайгаар сонгон Хүний эрхийн комисс байгуулсан. Энэ Комисс нь тодорхой асуудлыг тодорхой оронд судлан илтгэл бэлтгэх, олон улсын шинж чанартай бичиг баримтын төсөл болон тэдгээрт оруулах саналыг боловсруулах мөн Ерөнхий Ассамблей, Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн тусгай даалгаврыг гүйцэтгэнэ.
Хүний эрхийн комисс дотроо гурван хэсэгтэй:
- Албан ёсны бус ажлын бүлгүүд. Энэ нь олон улсын шинж чанартай тунхаглал, конвенци бэлтгэхэд туслах зорилготой,
- Албан ёсны ажлын бүлгүүд. Энэ нь Африкийн өмнөд хэсэг дэх хүний эрхийн асуудал хариуцсан шинжээчдийн ажлын тусгай бүлэг, Хүний эрхийг байнга ноцтой зөрчих явдлыг судлах ажлын бүлэг, хөгжих эрхийн асуудал хариуцсан засгийн газрын шинжээчдийн ажлын бүлэг гэх мэт хэд хэдэн албатай.
- Ялгаварлан гадуурхах явдлаас сэргийлэх, цөөнхийг хамгаалах дэд комисс. Энэ нь мэдээллийн ажлын бүлэг, уугуул нутгийнхний асуудал хариуцсан ажлын бүлэг гэж хуваагддаг.
НҮБ-д эмэгтэйчүүдийн байдлыг судлах комисс, ялгаварлан гадуурхах явдлаас сэргийлэх, цөөнхийг хамгаалах дэд комисс тус тус ажилладаг.
Эмэгтэйчүүдийн байдлыг судлах комисс нь НҮБ-ын 32 орны төлөөлөгчдөөс бүрдэх ба тэднийг зөвлөл 4 жилийн хугацаагаар сонгоно. Уг комиссын үйл ажиллагаа нь улс төр, эдийн засаг, боловсрол, иргэний болон нийгмийн салбарт эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих талаар илтгэл, зөвлөмж бэлтгэн зөвлөлд танилцуулахад чиглэнэ.
НҮБ-ын хүний эрхийн төрөлжсөн дээрх байгууллагуудаас гадна хүний эрхийн олон улсын конвенцтай уялдуулан байгуулагдсан байгууллагууд мөн байдаг. Тухайлбал:
- Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг устгах хороо
- Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах явдлыг устгах хороо
- Тарчлан зовоох, эрүү шүүлттэй тэмцэх хороо
Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах явдлын бүх хэлбэрийг устгах олон улсын конвенцийн 8 дугаар заалтын дагуу Тус хороо 1970 онд байгуулагдсан. 18 шинжээчдээс бүрдэх ба тэднийг конвенцийн гишүүн орнуудын зөвлөлгөөн дээр өөрийн иргэдийнхээ дундаас нууц санал хураалтаар 4 жилийн хугацаатай сонгодог. Хороо нь:
- Конвенцийг хэрэгжүүлэх зорилгоор гишүүн орнуудад хэрэгжүүлсэн хууль тогтоох, шүүх, засаг захиргааны бусад арга хэмжээний талаарх илтгэлийг авч хэлэлцэх,
- Дээрх илтгэл, бусад мэдээллийг судалсны үндсэн дээр ерөнхий зөвлөмж, санал гаргах,
- Конвенцийн заалтыг хэрэгжүүлэх талаар гишүүн орнуудын дунд гарсан маргааныг шийдвэрлэхэд тус дөхөм болох,
- Уг хороог хувь хүн буюу бүлэг хүмүүсээс мэдээлэл хүлээн авч хэлэлцэн үйл ажиллагаа явуулдаг.
Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах явдлыг устгах Конвенцийн 17 дугаар заалтын дагуу гишүүн орнууд иргэдийнхээ дотроос дөрвөн жилийн хугацаатайгаар 23 шинжээчийг нууцаар санал хурааж сонгодог. Энэ хороо нь 1982 онд байгуулагдсан билээ.
Тарчлан зовоох, эрүү шүүлттэй тэмцэх хороо нь эрүү шүүлт болон хэрцгийлэх, хүний нэр төрийг гутаасан харьцаа, ял шийтгэлтэй тэмцэх Конвенцийн 17 дугаар заалтын дагуу гишүүн орнуудын зөвлөлгөөн дээр нууц санал хураалтаар дөрвөн жилийн хугацаатай, 10 шинжээчийн бүрэлдэхүүнтэй сонгодог.
Энэхүү бичсэн зүйл маань уншигч та бүхэнд ойлгогдон, бага боловч хүний эрхийн асуудлаар НҮБ-аас явуулж байгаа үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын тухай мэдээлэл авсан байх гэж итгэж байна.