Г.Чулуунбаатар
/Философич, Дэд доктор, УИХ-ын дэрэгдэх судалгааны төвд эрдэм шинжилгээний ажилтан/
Шинэ толь №23, 1998
Түлхүүр үг: өөрчлөлт,баялаг,нийгмийн хүрээ, нийтлэг үнэлэмж, үнэлэмж ба ардчилсан өөрчлөлт
Орос хэлний “ценность”, англи хэлний “Value” гэдэг нэр томьёог манайхан “үнэт зүйлс”, “үнэлэмж”, “үнэт чанар” гэх мэтээр орчуулдаг. Зүгээр нэг энгийн үгийг бол янз бүрээр орчуулж хэрэглээд байж болно. Шинжлэх ухааны нэр томъёо ойлголт, категорийн тухайд бол оносон нэг л орчуулга байх нь чухал. Бидний хувьд сүүлийн үед Ц.Гомбосүрэн, Ц.Баатартогтох нарын зарим судлаачийн санал болгож буй “Үнэлэмж” гэсэн орчуулгыг илүү оновчтой гэж үзэж байгаа болно.
Өнөөдөр шинжлэх ухаанд “Үнэлэмжийг” судалдаг бие даасан “Аксеологи” гэдэг чиглэл нэгэнт бий болжээ. Үүний зэрэгцээ түүнийг нийгмийн гүн ухаан, улс төрийн шинжлэх ухаан, социологийн үүднээс өргөн судалж байна.
Байгаль, нийгэм, хүний амьдралын үй түмэн үзэгдэлд сэтгэн үйлдэгч тодорхой субъектийн зүгээс хандаж буй хандлага, үзэл бодол, үйл ажиллагааны нийлбэр цогцсыг хамгийн ерөнхий байдлаар нь үнэлэмж хэмээх ойлголтоор илэрхийлж болно. Нийгмийн хөгжлийн тодорхой үе шат бүрд үнэлэмжийн бие даасан тогтолцоо үйлчилдэг. Хөгжлийнхээ эрэн үеийг ерөнхий агуулгаар түүнийг тодотгон нэрлэдэг. ХХ зууны шувтрага үеийг тодорхой утгаар ардчиллын эрэн гэж нэрлэдэг учраас энэ үеийн нийгмийн үнэлэмжийг “ардчилсан” хэмээн тодотгож болох юм. Үнэлэмжийн тогтолцоо гэдэг бол нийгмийн гишүүдийн дийлэнх олонхийн оюуны ертөнцөд итгэл үнэмшил болон тогтож, улмаар амьдрал, үйл ажиллагааны өдөр тутмын хэм хэмжээ болгон мөрдөж буй үзэл ойлголт, зарчим механизмын нийлбэр цогц юм.
Нийгмийн ардчилсан үнэлэмж нь хөгжлийн ямар ч шатанд нийгэмд зуршмал байдаг үзэгдэл. Харин ардчилсан үнэлэмж нь бодит амьдралын хэм хэмжээ болж нийгмийн харилцаанд биежин хэрэгжих хэр хэмжээний хувьд цаг хугацаа, орон зай, тухайн нийгмийн ардчилсан шинж зэрэг олон хүчин зүйлээс хамаарч байдаг. Нийгэм-иргэншлийн ерөнхий орчин нөхцөл нь ямар байгаагаас шалтгаалж ардчилсан үнэлэмжийн агуулга шинж чанар тодорхой болно. Нийгмийн амьдралд хувьсгалт шинжтэй огцом өөрчлөлт хэрэгжиж буй үед нийгмийн үнэлэмжийн тогтолцоо үндсээрээ эргэж байдаг. Ийм ерөнхий үзэгдэл орчин үеийн өөрчлөлт, ялангуяа постсоциалист орнуудад хэрэгжиж буй өөрчлөлтийн явцад түгээмэл ажиглагдах боллоо. Дэлхий нийтийн хэмжээнд хэрэгжиж буй энэхүү томоохон өөрчлөлтийн ерөнхий чиг хандлагыг нийгэмд буй болж шинэ үнэлэмжийн тогтолцооны үүднээс орчлон ертөнцийн макро түвшинд нэгтгэн томъёолбол:
- Ардчилсан гурав дахь их давалгаа дэлхийн шинэ шинэ бус нутаг, улс орныг хамран дэлгэрч байгаа байдал;
- Эдийн засгийн амьдралд зах зээлийн нийгмийн өмчлөлийн харилцаа, бизнесийн эрх чөлөөний либераль үнэлэмжийн илэрхий давамгайлал;
- Нийгмийн амьдралд социал бүлгүүдийн давхраажлын хүрээнд дундачлагдах үйл явцын эрчимтэй өрнөлт;
- Нийгмийн, оюуны, соёлын бүх хүрээнд чөлөөт сэтгэлгээний плюраль хандлагын давамгайлал;
- Үйлдвэрлэл, эдийн засгийн өсөлтийн нийгэм, экологийн баримжааллын хэлбэрэлтгүй өсөлт;
- Олон улсын болон бус нутгийн улс түмний нээлттэй харилцааны шинэ дэг журам
гэсэн үндсэн параметрүүд тодорхойлж байна. Үүнийг бүхэлд нь Нэгтгээд нийгмийн хөгжлийн либераль үнэлэмж гэж нэрлэж болно.
Нийгмийн шинэ үнэлэмжийн тогтолцооны энэ ерөнхий дүр зураг дэлхийн янз бүрийн бүс нутаг, улс орон бүрд өөр өөрийн Өвөрмөц онцлогтойгоор бүрэлдэн бий болж байна. Тухайлбал, БНХАУ-д “нэг улс-хоёр систем” гэсэн өвөрмөц үзэл баримтлалын хүрээнд эдийн засгийн либераль үнэлэмж хүчтэй хөгжиж байхад улс төрийн хувьд коммунист үнэлэмж үргэлжилсээр байна. Ийм хандлага Куба, Хойт Солонгос, Вьетнам зэрэг улс оронд нийтлэг жишгийн шинжтэй байна. ОХУ болон Зүүн Европын постсоциалист орнуудад нийгмийн ардчилсан өөрчлөлт нарийн төвөгтэй замаар хэрэгжиж байгаа боловч нийгмийн амьдралын бараг бүх салаа мөчирт нь орчин үеийн либераль үнэлэмжийн элементүүд зонхилох хандлагатайгаар хөгжиж байгаа билээ.
1980-аад оны эцсээр Монгол Улсад эхэлсэн нийгмийн ардчилсан өөрчлөлтийн үйл явц нь “нэг улс-хоёр иргэншил” гэж нэрлэж болох нийгэм-иргэншлийн бие даасан өвөрмөц орчин нөхцөлд хэрэгжиж байна. Энэ хугацаанд ололт амжилт, дутагдал, доголдлын аль алиныг нь амьдрал дээрээ туршиж эцсийн эцэст орчин үеийн ардчилсан нийгмийн үнэлэмжийг үндэснийхээ уламжлалт хөрс сууринд нэлээд оновчтой хувилбараар хэрэгжүүлж, бүс нутагтаа болон постсоциалист орнуудын сонирхолд өртөхүйц амжилтанд хүрснээрээ дэлхийн олон нийтийн анхаарлыг ямар нэг хэмжээгээр татсаар байгаа билээ.
Монгол улсын ардчилсан өөрчлөлтийн үйл явц социалист гэгдэж байсан бусад орнуудад өрнөсөн өөрчлөлттэй нийтлэг шинжтэй байсны зэрэгцээ үндэсний онцлогийг тусган илэрхийлсэн онцлог шинжтэй байсан юм.
Монгол улсын ардчилсан шинэчлэлийн туршлага, сургамжийн онцлог нь:
- Нийгмийн амьдралыг бүхэлд нь хамарсан хувьсгалын шинжтэй өөрчлөлт хэрэгжихдээ зэвсэгт тэмцэл, хүч хэрэглэсэн мөргөлдөөнд хүрэхгүйгээр үндэсний эв нэгдэл, нийгмийн зөвшлийн тайван замаар хэрэгжсэн.
- Улс төрийн өөрчлөлт, эдийн засгийн өөрчлөлтийг өөр хооронд нь уялдуулан нэлээд оновчтой хэлбэрээр харьцангуй цогцолбор шинжтэй өрнүүлж чадсан.
- Нүүдлийн болон суурин иргэншлийн өвөрмөц хослолд суурилсан иргэншлийн шинэ тогтолцоог ардчилал, зах зээлийн эдийн засгийн нийтлэг үнэлэмжтэй зохистой уялдуулж, хүмүүнлэг ардчилсан, иргэний нийгмийг цогцлон хөгжүүлэх анхны алхмыг хийсэн.
- Парламентын засаглалын хэлбэрийг Ерөнхийлөгчийн институттэй өвөрмөц байдлаар хосолсон төрийн байгууллагын бие даасан тогтолцоог буй болгон төлөвшүүлж байгаа зэрэг зангилаа асуудлаар тодорхойлогдож байгаа болно.
Монгол улсын ардчилсан өөрчлөлтийн үйл явц нь 1980-аад оны хоёрдугаар хагасаас эхлэн 10 гаруй жил өрнөхдөө шинж чанар, үр дүнгийн хувьд өөр хоорондоо ялгаатай дараах үндсэн үе шатыг дамжсан болно.
- 1980-аад оны хоёрдугаар хагасаас 1989 оны арванхоёрдугаар
сарын 10-ыг хамарсан өөрчлөлтийн угтал үе.
- 1989 оны арванхоёрдугаар сарын 10-аас 1992 оны зургаадугаар
сар хүртэл эрс өөрчлөлт буюу огцом шилжилтийн үе.
- 1992 оны зургаадугаар сараас эдүгээ хүртэл үргэлжилж буй
цогцолбор өөрчлөлтийг хэрэгжүүлэх үе.
дээр дурдсан онцлог нь өөрчлөлтийн үе шат, зурвас үе болгонд өвөрмөц байдлаар илэрч байсан билээ.
Ардчилсан өөрчлөлтийн энэхүү дүр зураг, чиг хандлага нь нийгэмд шинээр үүсэн нэрлэж буй ардчилсан үнэлэмжийн тогтолцооны ерөнхий орчин, суурь дэвсгэр нь болж өгсөн гэж үзэж болно.
- Үнэлэмжийн тогтолцооны өөрчлөлтийн агуулга
Нийгмийн нэг тогтолцоо нөгөөгөөр солигдсоны эцсийн томоохон үр дүнгийн нэг бол үнэлэмжийн тогтолцооны бодит өөрчлөлт мөн.
Монгол оронд 70 шахам жилийн турш тогтнон үйлчилсэн захиргаа-хүнд суртлын тоталитари дэглэм нь өөрийнхөө язгуур мөн чанарт нийцсэн үнэлэмжийн тогтолцоог нийгэмд бий болгосон байв. Үнэлэмжийн энэ тогтолцооны үндсэн бүрдэл хэсэг нь нэг талаар тоталитари дэглэмийн дотоод мөн чанараас төрөн гарсан, нөгөө талаар уг дэглэмийг хамгаалж баталгаажуулсан шинжтэй байлаа. Ийм маягийн үнэлэмж нь их төлөв үзэл суртлын хүчирхийллийн аргаар олон нийтэд тулган хүлээлгэж, тэдний оюуны амьдралын салшгүй хэсэг болгон хэвшүүлсэн үзэл санаа, зарчим механизмын нийлбэр цогц хэлбэртэй байдаг. Тийм учраас тогтолцоо задарч, үзэл суртлын хавчилт, хязгаарлалт сулармагц богино хугацаанд задран сарниж, нийгмийн хэмжээнд оршин үйлчлэх чадвараа алддаг байна. Гагцхүү хүн амын тодорхой хэсгийн дотор инерцийнхээ хүчээр хэсэг хугацаанд хадгалагддаг.
Тоталитари дэглэмийн үеийн Монголын нийгмийн үнэлэмжийн тогтолцооны өөрчлөлтийг дараах хүснэгтээр бүдүүвчлэн оруулж болох юм.
Тоталитаризмын үеийн үнэлэмжийн агуулга
- Баялгийг нийгмээрээ хамтран бүтээж, тэгшитгэж хуваарилах
- Төвлөрсөн төлөвлөлтөөр нийгмээ хөгжүүлэх
- Улс, хоршооллын өмчийг шүтэж амьдрах
- Хуулийг биш нам, төрийг дээдэлж захирагдах
- Сонгох, сонгогдох ардчилсан зарчмыг улс төр, үзэл суртлын кампани болгож төлөвлөх
- Хүний эрхийн түгээмэл зарчмуудыг ёс төдий тунхаглах
- Үг хэлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх, эрх ашгаа хамгаалах, эрх чөлөөний цензурт ёс
Ардчилсан тогтолцооны үед өөрчлөгдөж буй агуулга
- Чадал боломжоороо баялгийг бүтээж, оролцсон хэмжээгээр түүнээс хүртэх
- Бизнесийн тодорхой төлөвлөгөөгөөр нийгмээ болон өөрийгөө хөгжүүлэх
- Хувийн өмчөө арвижуулж түүнийхээ үр дүнгээр амьдрах
- Хуулийг дээдэлж, түүнд захирагдан амьдрах
- Сонгох, сонгогдох ардчилсан эрхээ бодитойгоор эдэлж хэрэгжүүлэх
- Хүний эрхийн түгээмэл зарчмуудыг амьдрал, үйл ажиллагаандаа бодитой хэрэгжүүлэх
- Аливаа цензур, хяналтгүйгээр эрх чөлөөгөө хуулийн хүрээнд эдэлж хэрэгжүүлэх
Нийгмийн үнэлэмжийн тогтолцооны өөрчлөлтийн агуулгыг харуулсан ийм жагсаалтыг ихээхэн үргэлжлүүлж болно. Гэхдээ
- Нэг намын үзэл суртлыг үнэний дээд болгон тунхаглах
- Нэг үзэл суртлыг бурханчлан шүтсэн нийгмийн сэтгэлгээний явцуу
- Нийгмийн социал ялгарлын хатуу шаталсан зохиомол бүтцийн хамаарал
- Коммунист ёс суртахууны хатуу хууль зарчмын зохицуулалт
- Социализм, коммунизмын гэрэлт ирээдүйд найдсан чин эрмэлзэл
- ЗХУ тэргүүтэй ах дүү Социалист орнуудын найрамдал, пролетарийн интернационализмд үнэнч байх
- Шашингүйн үзлийн сурталчилгаа, ноёрхол
- Олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрч, нэг намын үзэл суртлын ноёрхлоос чөлөөлөгдсөн
- Үзэл бодол, итгэл үнэлэмжийн чөлөөт сонголт
- Нийгмийн социал ялгарлын бодит давхраажил
- Хүн төрөлхтний ёс суртахууны түгээмэл ололтыг баримжаалсан Шинэ үнэлэмж
- Эрх чөлөө, ая тухтай амьдралыг чухалчилсан прагматик чин эрмэлзэл
- Улс түмний харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ дэг журмыг эрхэмлэх
- Шүтэх, эс шүтэх эрх чөлөөний бодит баталгаа
Нийгмийн үнэлэмжийн тогтолцооны агуулгын өөрчлөлтийн асуудалд дараах хоёр зарчмын үзэл санааг ямагт анхаарах шаардлагатай. Нэгд, аль ч ард түмэнд нийгмийн байгуулал, улс төрийн дэглэм, үзэл суртлаас үл хамааран үе дамжин уламжлагдаж байдаг үндэсний үнэлэмжийн өвөрмөц тогтолцоо бий. Тэр нь ямар ч нөхцөлд үндэсний хийгээд нийт хүн төрөлхтний дэвшилт үнэлэмжийг ямар нэг хэмжээгээр өөртөө агуулж байдаг. Үнэлэмжийн тогтолцооны тийм тогтвортой бүрдлүүд нь цагийн өнгө дагаж үндсээрээ өөрчлөгдөхгүй. Зөвхөн нэг баяжилт, тодотгол хийгддэг байна. Монголын ард түмний эх оронч үзэл, үндэсний бахархал, энх тайванч үзэл санаа, эрх чөлөө, шударга ёс зэрэг үнэлэмжийн суурь элементүүд эдүгээ уламжлагдан байгааг үгүйсгэж болохгүй. Хоёрт, үнэлэмжийн хуучин тогтолцоо шинээр солигдох үйл явц тийм ч амар хялбар, ахар богино хугацаанд хэрэгждэг зүйл биш юм. Ялангуяа нийгмийг бүхэлд нь амархан огцом өөрчлөлтийн үед үнэлэмжийн хуучин тогтолцоо задарч, шинэ нь үүсч бий болох завсрын зааг үед үнэлэмжийн ихэнх элементүүд зүй зохист байдлаа алдаж ойлгомжгүй буюу зарим талаар урьдынхаасаа бүр дордсон гэмээр нөхцөл байдал бий болдог (Бид дээрх хүснэгтийг гаргахдаа завсрын зурвас үеийнхийг биш хоёр туйлын үр дүнгийн шатыг баримжаалсан болно). Одоогийн байдлаар манай нийгэмд бодитой үйлчилж буй үнэлэмжийн тогтолцоо нь чухам л тийм завсрын үеийнхээ дүр төрхтэй байна.
- Өнөөгийн үнэлэмжийн тогтолцоо, түүний чиг хандлага
Өнөөгийн монголчуудын үнэлэмжийн тогтолцооны дүр зураг нь уламжлалт ба орчин үеийн үнэлэмжийн аль алиныг алаг цоог байдлаар багтаасан завсрын шинжтэй байна. Завсрын шинжтэй үнэлэмжийн тогтолцоо нь нэг талаас өнгөрсөн үеийн уламжлал, ул мөрийг нөгөө талаас ирээдүйн үр хөврөл, үндэс суурийг агуулж байдгаараа нэлээд зөрчилтэй байдаг. Гэхдээ уламжлалын ул мөр бүхнийг үеэ өнгөрөөсөн, хэрэггүй зүйл, ирээдүйн үр хөврөл бүхнийг дэвшил, ололт хэмээн механикаар үнэлвэл дэндүү туйлширсан хэрэг болно.
Өнөөгийн Монголчуудын үнэлэмжийн тогтолцоог эдийн засаг, улс төр, нийгэм, оюуны, экологийн, гадаад харилцааны гэх мэтээр ангилан тодруулж болох юм.
Эдийн засгийн амьдралд үндсэндээ либераль үнэлэмж давамгайлж байгаа боловч тэр нь сонгодог утгандаа дүйсэн агуулгатай болж чадаагүй байна. Өмчийн эрх чөлөө, бизнесийн эрх чөлөөг эрхэмлэх үнэлэмж нэлээд зохистой хэмжээгээр төлөвшиж байгаа боловч мөнгө, хөрөнгө бүхнийг шийднэ хэмээн ойлгож, ямар ч аргаар хамаагүй мөнгөний төлөө улайран хөөцөлдөх явдал ихээхэн хавтгайрч байгаа нь олон сөрөг үзэгдлийн үндэс суурь болох завсрын шинжтэй сөрөг үнэлэмж юм. Энэ нь цаашдаа мөнгөний үнэ цэнийг зөв ойлгож түүнийг шударга хөдөлмөрөөрөө олохын төлөө тэмцлийн үнэлэмж болох учиртай.
Улс төрийн хувьд ардчилсан үнэлэмжийн ерөнхий агуулга Тэрлэж байна. Харин ардчиллын хэм хэмжээг хуулийн хүрээнд ухаалгаар баримтлах улс төрийн соёлын үнэлэмж гүйцэт төлөвшөөгүй байгаа бөгөөд энд наад зах нь хоёр сөрөг шинжтэй завсрын үзэгдэл ажиглагдаж байна. Нэгд, ардчилал гэдгийг юу санаснаа ямар ч хэм хэмжээ, хязгааргүйгээр хийж гүйцэлдүүлэх туйлын эрх чөлөө мэтээр төсөөлөх явдал хоёрт, ардчиллыг эрх мэдэл албан тушаалд хүрэх арга эсхүл эрх мэдэл албан тушаалаас нь зайлуулах эрх мэтээр төсөөлөх явдал юм.
Нийгмийн хүрээнд социал ялгарлыг зүй ёсны үзэгдэл хэмээн ойлгож тэр ялгарлын үйл явцад өөрийн байр сууриа олж авахын төлөө чармайх явдал шинэ үнэлэмж болж байна. Үүний зэрэгцээ өөрийнхөө нийгэмд эзэлж буй байр суурийг чамлах, хүсч буй байр сууриа олж авахад нь зөвхөн төр л дэмжиж тэтгэх ёстой гэсэн тэжээлгэх сэтгэлгээний үзэгдэл бүрэн арилаагүй байна. Нийгмийн шударга ёс үлэмж хэмжээгээр зөрчигдөж байгаагаас шалтгаалж зах зээлийн эдийн засгийн нөхцөлд шударга ёсны үзэл санаа хэрэгжих боломж хязгаарлагдмал байдаг мэтээр төсөөлөх явдал нийгмийн социал үнэлэмжид тодорхой байр суурийг эзэлж байна.
Оюуны амьдралын хүрээнд ерөнхийдөө плюраль үнэлэмжийн үндэс тавигдсан. Чөлөөтэй ярьж, сэтгэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл эрж хайх, дамжуулах эрх чөлөө үндсэндээ хангагдаад байна. Харин энэ явцад оюуны хөдөлмөр, оюуны бүтээлийн үнэлэмж ихээхэн буурч байсан бөгөөд сүүлийн нэг жилээс энэ байдалд зарим нэг нааштай ахиц гарч эхэллээ.
Экологи үнэлэмж нь монголчуудын хувьд нэлээд өвөрмөц бөгөөд уламжлалын хувьд их сонин юм. Уул ус, ургамал амьтан, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэлгээ урьд үеэ бодвол сэргэж байгаа боловч нийт хүн амын хэмжээнд жигд төлөвшөөгүй байна. Ялангуяа бизнесийн ашгийн төлөө уламжлалт энэ үнэлэмжээ үл тоомсорлох явдал ихээхэн гарч буй нь сөрөг хандлага юм.
Гадаад харилцааны хүрээ тэлж гадаад ертөнцөд үүд хаалга нээлттэй болсноор Өрнө, дорнын өндөр хөгжилтэй орнуудын хүн амын амьдралын хэв маягт тэмүүлэх эрмэлзлэлийг дагасан шинэ үнэлэмж нийт хүн амд, ялангуяа төв суурин газрынханд ихээхэн хүчтэй дэлгэрч байна. Энэ нь уламжлалт ёс заншил, ялангуяа нүүдлийн иргэншлийн уламжлалтай ямар нэг хэмжээгээр зөрчилд орох явдал айл гэрээс эхлээд хүн ам зүйн бүтцийн янз бүрийн шатанд нэлээд тод илэрч байгаа нь анхаарал татах боллоо.